Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 181/2022/01282/И |
Дугаар | 210/МА2023/00196 |
Огноо | 2023-01-20 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2023/00196
Төсөл 2023.01.20 Магадлал №0196
*** -ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02474 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** -ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК, *** нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 439,937,868 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Зээлдэгч *** ХХК, түүнийг төлөөлж захирал *** нь *** гаас 2018 оны 09 сарын 10-ны өдөр *** тоот зээлийн болон *** тоот барьцааны гэрээ байгуулан 300,000,000 төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, агуулахын зориулалтаар зээлдэн авч, зээлийн барьцаанд *** гийн өмчлөлийн *** тоотод байрлах *** улсын бүртгэлийн дугаартай, 21.98 м.кв талбайтай хувийн сууц, *** улсын бүртгэлийн дугаартай, 473.04 м.кв талбайтай хувийн сууц, *** а тоотод байрлах, *** улсын бүртгэлийн дугаартай, 88 м.кв талбайтай хувийн сууц гараж, *** гийн эзэмшлийн *** тоотод байрлах, *** нэгж талбарын дугаартай газрыг тус тус барьцаалуулсан. Зээлдэгч нь хүүгийн төлбөрт нийт 8,680,496 төгрөг төлсөн. Харин зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн хугацаа 914 хоног хугацаа хэтэрсэн. Зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Гуравдагч этгээдийн хувьд *** гээс 2018 оны 09 сарын 05-ны өдөр *** ХХК, түүнийг төлөөлж захирал *** д итгэмжлэл олгосон. Итгэмжлэлээр *** гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад барьцаанд тавих, зээлтэй холбоотой бүхий л үйлдлийг төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, уг гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, чөлөөлүүлэх, лавлагаа авах, хүсэх бүх үйлдлийг хийх эрх олгосон тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах бүрэн эрхтэй гэж үзэж байна. Иймд 2018 оны 09 сарын 10-ны өдрийн *** тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, 2022 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 300,000,000 төгрөг, хүү 17,610,115 төгрөг, алданги 122,327,753 төгрөг, нийт 439,937,868 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нар хариу тайлбартаа: Манай байгууллага 2018 оны 09 сард *** гаас 300,000,000 төгрөгийн зээл аваад төсөл хэрэгжүүлсэн. Хүүгээ төлж байсан боловч Ковид-19 цар тахлаас болоод Хятад болон Орос улс руу гаргах нийлүүлэлт зогсож, байгууллагын үйл ажиллагаа доголдсон. *** гаас 1 жил, 6 сарын өмнө гэрээг цуцлах хүсэлт гаргасан. Манай байгууллага гэрээг цуцалсныг хүлээн зөвшөөрч байна. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан үзээд алдангиас чөлөөлөөд өгвөл үндсэн зээл 300,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай байгууллага *** гийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүйгээр зээлээ төлж барагдуулах боломжтой гэжээ.
3. Гуравдагч этгээд хариу тайлбартаа: Шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргах юм бол гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөхөөр байна. Зээлдэгч *** ХХК нь 2018 оны 09 сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 2020 оны 05 сарын 05-ны өдрийг хүртэл зээл төлсөн байдаг. Нэхэмжлэл гаргасан 2022 оны 03 сарын 24-ний өдөр хүртэл буюу 1 жил, 10 сарын хугацаанд зээлдэгч үүргээ биелүүлээгүй байхад зээлдүүлэгч зээлийн гэрээний үүргийг дангаар цуцлах үүргээ хэрэгжүүлээгүй алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 222 дугаар зүйлийн 222.1.1, 224 дүгээр зүйлийн 224.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч талыг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж анз авах эрхээ алдсан гэж үзэж байна. Зээлийн гэрээний 9.3-т зааснаар зээлдэгч гэрээг санаатай болон болгоомжгүйгээр зөрчвөл зээлдүүлэгч гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж заасан. Зээлийн төлөлт хуваарийн дагуу төлөгдөхгүй байхад гэрээг дангаараа цуцлах боломж байсан боловч зээлийн гэрээг цуцлаагүй нь үндэслэлгүй гэжээ.
4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК, *** нараас зээлийн гэрээний үүрэгт 396,056,292 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** -т олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,881,394 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан *** гийн өмчлөлийн *** тоотод байрлах, *** улсын бүртгэлийн дугаартай, *** гэрчилгээний дугаартай, 21.98 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** тоотод байрлах, *** улсын бүртгэлийн дугаартай, *** гэрчилгээний дугаартай, 473.04 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** а тоотод байрлах, *** улсын бүртгэлийн дугаартай, *** гэрчилгээний дугаартай, 88 м.кв талбайтай хувийн сууц гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, *** гийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20-р хороонд байрлах, *** нэгж талбарын дугаартай, *** гэрчилгээний дугаартай, *** тоотод байрлах газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас 2,138,231 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
5.а. *** гийн *** ХХК, *** нартай байгуулсан 2018 оны 09 сарын 10-ны өдрийн *** тоот зээлийн гэрээний 1.3-т зээлийн гэрээний хугацаа 60 сар байхаар заасан бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 09 сарын 10-ны өдөр дуусахаар зохицуулсан. Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тухай хариуцагчид мэдэгдээгүй буюу гэрээг шүүхийн журмаар цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал шүүх нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг цуцалсанд тооцон, тус өдрөөс хойш үүссэн хүү, алдангийн төлбөрийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдөр хүртэлх хугацаанд гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гагцхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөр гэрээг цуцалсанд тооцохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр эцэслэн гарах өдөр хүртэл хугацаанд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй буюу хүчин төгөлдөр үйлчилж байсан.
5.б. *** гээс *** ХХК-д, түүний төлөөлж *** д *** , *** , *** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд, *** гэрчилгээний дугаартай, *** нэгж талбарын дугаартай газрыг *** гийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцааны гэрээ байгуулах, уг гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх, чөлөөлүүлэх болон лавлагаа хүсэх зэрэг бусад бүхий л үйлдлийг хийх бүрэн эрхийг итгэмжлэлээр олгосныг хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Төлөөлүүлэгч *** нь *** ХХК-д итгэмжлэлээр дээрх эрхүүдийг олгон, *** ХХК тухайн эрхүүдийг хэрэгжүүлсэн байхад шүүх *** г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргаагүй гэх үндэслэлээр тус шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Хэдийгээр *** гээс *** ХХК-д итгэмжлэл олгосон боловч шүүх хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байгаа бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт "Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, буюу хамтран хариуцагчаар татан оролцуулж болно. гэж заасны дагуу хамтран хариуцагчаар татан оролцуулах боломжтой байсан гэж үзэж байна.
5.в. *** нь Тусгай сангийн тухай хуулиар зохицуулагддаг, эргүүлэн төлөх нөхцөлтэй Засгийн газрын бонд болон дотоод эх үүсвэрээс бүрдэж, дараа оны хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг тухайн жилийн эргэн төлөлтөөс бүрдүүлэхээр төлөвлөж, улсын төсвөөс санхүүждэг засгийн газрын тусгай сан юм. Монгол улсын Засгийн газрын 49 дүгээр тогтоолын дагуу *** гийн ажлын албыг татан буулгаж, чиг үүргийг *** т шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, *** гийн зөвхөн ажлын албыг *** т шилжүүлснээс биш *** д зээлийн эргэн төлөлт болон зээлийн эх үүсвэрүүд төвлөрдөг хэвээр байгаа юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт 2022 оны 10 сарын 12-ны өдрийн байдлаар үндсэн зээл 300,000,000 төгрөг, хүү 17,610,115 төгрөг, алданги 122,327,753 төгрөг, нийт 439,937,868 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, дээрх төлбөрийг *** д олгох, төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд *** гийн өмчлөлийн *** , *** , *** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүд, *** гэрчилгээний дугаартай, *** нэгж талбарын дугаартай газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулах өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
6. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Гуравдагч этгээдтэй ижил байр суурьтай байна гэжээ.
7. Гуравдагч этгээд давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хохирол учруулсан, үүргээ биелүүлээгүй, эрхийг нь зөрчсөн этгээдээс хууль ёсны ашиг сонирхлыг хангуулах эрхтэй. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу *** г хамтран хариуцагчаар татах боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах буюу зээлийг төлж барагдуулах боломжтой гэж тайлбарласан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ гэж заасан. *** нь өмнө хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *** хариуцагч *** ХХК, *** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 17,610,115 төгрөг, алданги 122,327,753 төгрөг, нийт 439,937,868 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх 1-3/
Хариуцагч *** ХХК, *** нар дээрх шаардлагаас 300,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг ...Ковид-19 цар тахлын улмаас бизнесийн хувийн үйл ажиллагаа алдагдсан, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллага нь анз хэрэглэхгүй... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 43-44, 165/
Гуравдагч этгээд *** ...шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргах юм бол гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөнө, зээлдүүлэгч зээлийн гэрээг дангаар цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй учир алданги шаардах эрхээ алдсан... гэсэн байр суурийг илэрхийлжээ. /хх 165/
3. *** болон *** ХХК, *** нар 2018 оны 09 сарын 10-ны өдөр *** тоот Зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр *** нь 300,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлэх, *** ХХК, *** нар тохирсон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамтаар буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алданги тооцох нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /6-12, 20-21/
Мөн *** болон *** ХХК, *** нар 2018 оны 09 сарын 10-ны өдөр *** тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээ-г байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор *** гийн өмчлөлд бүртгэлтэй *** тоот хаягт байршилтай 21.98 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 473.04 м.кв талбайтай хувийн сууц, *** а тоот хаягт байршилтай 88 м.кв талбайтай хувийн сууц, гараж, *** гийн эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20-р хороо, *** тоот хаягт байршилтай 700 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах нөхцөлийг харилцан тохиролцжээ. /хх 13-19, 22, 23, 24, 28/
Барьцаа хөрөнгийн өмчлөгч *** нь 2018 оны 09 сарын 05-ны өдөр *** ХХК, захирал *** д өмнө дурдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг ...зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаанд тавих, барьцаалбар үйлдэх, зээлтэй холбоотой бүхий л үйлдэлд төлөөлөх, барьцааны гэрээ байгуулах, уг гэрээнд гарын үсэг зурах, улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэх... бүрэн эрхийг олгож, итгэмжлэл үйлдсэн нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ. /хх 29/
4. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний харилцаа тус тус үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Эдгээр гэрээнүүд нь хуульд заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээнд хамаарч байна.
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 сарын 21-ний өдрийн *** дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг *** байгуулагдсантай холбогдуулан *** -гийн ажлын албыг татан буулгаж, ажлын албаны өр авлага, үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг *** -т шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. /хх 34-35/
Иймд *** -гийн бусадтай байгуулсан зээлийн гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээний үүргийг нэхэмжлэгч *** шаардах эрхтэй гэж үзнэ.
Түүнчлэн, зээлдэгч тал зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул зээлдүүлэгч тал Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй. Энэ талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.
5. Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт зээл 300,000,000 төгрөг, зээлийн хүү 16,004,842 төгрөг, алданги 80,051,450 төгрөг, нийт 396,056,292 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хариуцагч тал энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй байна.
6. Нэхэмжлэгч талын гаргасан ...Гэрээг шүүхийн журмаар цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байтал шүүх нэхэмжлэл гаргасан өдрөөр гэрээг цуцалсанд тооцож нэхэмжлэлийн шаардлагаас 43,881,394 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу... гэх гомдлыг хангах үндэслэлгүй. Учир нь:
6.а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэйн нэгэн адил гэрээний талууд гэрээг цуцлах эрхийг өөрсдөө хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, шүүх гэрээний талын өмнөөс гэрээг цуцлахгүй бөгөөд харин гэрээг цуцлах хууль зүйн үндэслэл байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлтийг өгнө.
6.б. Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардаж шүүхэд хандсанаар гэрээг цуцлах хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзнэ.
7. Нэхэмжлэгч талын гаргасан ...төлбөрийг *** д олгох ёстой... гэх давж заалдах гомдлыг мөн адил хангах үндэслэлгүй.
Учир нь, хариуцагч *** ХХК, *** нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь *** байх тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас гаргуулан *** -д олгох боломжгүй. Хэргийн оролцогч биш этгээдэд холбогдуулан шүүх шийдвэр гаргадаггүй болно.
8. Харин анхан шатны шүүх ...барьцаа хөрөнгүүдийн өмчлөгч *** г хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй... үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
8.а. Барьцаа хөрөнгийн өмчлөгч *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн хувиар оролцож, тайлбар гарган мэтгэлцсэн;
8.б. Өмнө дурдсанчлан барьцаа хөрөнгийн өмчлөгч *** гээс олгосон итгэмжлэлийн дагуу *** ХХК, захирал *** нь нэхэмжлэгч талтай Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээ-г байгуулсан;
8.в. Барьцаа хөрөнгийн өмчлөгч *** нь *** болон *** ХХК, *** нарын хооронд байгуулагдсан 2018 оны 09 сарын 10-ны өдөр *** тоот Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны гэрээ-тэй холбоотой бие даасан шаардлагыг шүүхэд гаргах боломжтой байсан боловч гаргаагүй.
9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/02474 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *** ХХК, *** нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд *** гийн өмчлөлд бүртгэлтэй *** тоот хаягт байршилтай 21.98 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байршилтай 473.04 м.кв талбайтай хувийн сууц, *** а тоот хаягт байршилтай 88 м.кв талбайтай хувийн сууц, гараж, *** гийн эзэмшилд бүртгэлтэй Баянзүрх дүүрэг, 20-р хороо, *** тоот хаягт байршилтай 700 м.кв газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...2,138,231 төгрөг... гэснийг ...2,208,431 төгрөг... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл давж заалдах гомдлын улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг тайлбарласугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.НЯМБАЗАР