Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 202

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюун-Эрдэнэ,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:                                                             

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б. А т холбогдох эрүүгийн 1807005930195 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Нийслэлийн *******т төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 3, ээж дүүгийн хамтаар ******* ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Б. А .

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө ******* *******инд согтуугаар Д.Г ийн нүүрэн тус газар нь цохиж зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А ын өгсөн: “Тухайн үед найз маань гадаадаас ирсэн учраас найзтайгаа хамт тэмдэглэхээр гарсан. 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шөнийн 11 цаг 30 минутын орчимд би кароакеноос найзаараа таксинд суулгуулсан ын автобусны буудал дээрээс таксинд суусан. Би хохирогч Г ийн ард нь сууж явж байгаад түүнийг арагшаа харахад нь нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохьсон. Машинд ******* гэх Г ийн найз нь сууж явсан. Явах замдаа юу болсоныг сайн санахгүй байж байгаад намайг таксинаас гэрийн гадаа буулгах үед ухаан орсон бөгөөд машинд сууж явсан 2 хүн цагдаа дуудсан” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Г ийн өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой би өөрийн Приус 20 маркийн машинтай найз *******ы хамт  ын автобусны буудал зогсож байхад машины урд хүн гар өргөхөөр нь очоод зогстол нэг залуу нь 1500 төгрөг өгч “гэрт нь хүргээд өгөөрэй” гээд ******* гэж хаягийг нь хэлж согтуу залуу ард сууж хөдөлсөн. Замдаа “тамхи өгчих, утсаараа яриулчих” гэхээр нь “байхгүй” гэхэд “та нарт байхгүй л дээ, та нар цэрэгт явсан уу, муу бацаанууд” гэх мэтээр хэрүүл өдөөд явж байгаад  *******инд ирж зогсоод “ирчихлээ” гээд эргээд харахад ард суусан согтуу залуу зүүн хөмсөг рүү гараараа цохьчихоод буугаад явчихсан, бид 2 араас нь бууж очоод уг согтуу залууг барьж аваад цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг,

/хх-ийн 04-05 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ы өгсөн “...Тэгээд ******* ын гадна ирээд Г  “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэж хэлээд хойшоо харсан чинь тэр залуу шууд Г ийн нүүр хэсэгт гараараа цохиод шууд машинаас буугаад зугтаасан бөгөөд тэр үед Г ийн хөмсөг хэсгээс цус гарч байгаа харагдсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 08-09 дүгээр тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №08шэ/535 дугаар:

  1. “Д.Г ийн биед зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх зүүн дээд зовхинд шарх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 17 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, 

/хх-ийн 30 дугаар тал/

 

Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл,

/хх-ийн 33-35 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 39 дүгээр тал/

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт,

/хх-ийн 42 дугаар тал/

 

Нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар,

/хх-ийн 44-46 дугаар тал/

 

Хохирол төлсөн баримт,

/хх-ийн 50 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч,  хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

  1. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчим ын автобусны буудлаас Д.Г  жолоочтой Приус  маркийн улсын дугаартай таксинд согтуугаар үйлчлүүлж явахдаа “та хоёр цэрэгт явсан уу,  муу бацаанууд” гэх мэтээр хэрүүл маргаан үүсгэж ******* ******* хашааны орчим Д.Г ийг “ирчихлээ” гээд түүн рүү эргэж харахад нь баруун гараараа нүүрэн тус газарт цохиж зүүн дээд зовхинд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Б.А ын үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “...Би хохирогч Г ийн ард нь сууж явж байгаад түүнийг арагшаа харахад нь нүүрэн тус газарт нь баруун гараараа нэг удаа цохьсон...” гэх,

мөрдөн байцаалтад өгсөн хохирогч Д.Г ийн “...*******инд ирж зогсоод “ирчихлээ” гээд эргээд харахад ард суусан согтуу залуу зүүн хөмсөг рүү гараараа цохьчихоод буугаад явчихсан...” гэх,

гэрч Б.*******ы “...******* ын гадна ирээд Г  “гэрийн чинь гадаа ирчихлээ” гэж хэлээд хойшоо харсан чинь тэр залуу шууд Г ийн нүүр хэсэгт гараараа цохиод шууд машинаас буугаад зугтаасан...”  гэх мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №08шэ/535 дугаар дүгнэлт /хх-17/  зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналтай байна гэх дүгнэлтийг гаргажээ.

Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэжээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

                                

Иймд Б.А ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөг торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх нь зүйтэй  гэж шүүх үзэв.  

 

III. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүгдэгч нь бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Б. А ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.А ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А т оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.А т мэдэгдсүгэй.

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ