| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2018/0205/Э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Машлай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Р.Машлай,
шүүгдэгч Б.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Б. П ид холбогдох эрүүгийн 1807005800205 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Налайх дүүрэг 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух,
урьд Сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, регистрийн ******* дугаартай, ******* овогт Б. П .
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.П нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13 цагийн орчимд ******* ******* тоот иргэн Т.Цын хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт архи ууж байсан О.Гтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүний толгойн тус газарт нь модоор цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.П ийн өгсөн: “...Манай хамар хашааны хаалга онгорхой Г, Ц нар архи ууж байсан. Намайг гудамжаар явж байхад дуудаж, бид гурав 1 жил архи уугаад айлд очиж дахин 1 шил архи уусан. Тухайн үед хэрүүл маргаан хийх ямар ч зүйл болоогүй. Хүүхэд униар тоглож байхаар нь би унийг авч гар дээрээ эргүүлж байгаад хохирогчийн толгой руу цохисон. Г “намайг цохилоо” гэж уурлаж, цагдаа дуудсан. Би хашаанаас ум хумгүй гарч явсан.” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч О.Гын өгсөн: “ ...2О18 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед би найз Цгийн гэрт архи уугаад сууж байхад таньдаг ах П орж ирээд суусан. П ахтай юм яриад сууж байтал хоёулаа нэг айл руу яваад ирье гээд гандан аманд байдаг *******ийн гэрт очиж *******тэй нэг шил архи 3-лаа хувааж уугаад бид 2 буцаж Цгийн хашаанд ирж сууж байхад Б.П ах гэнэт миний толгой руу араас униар цохиод авсан. Та яаж байгаа юм зүгээр байгаа хүн зодоод гэхэд юм дуугараагүй. Тэр үед Ц хажууд сууж байснаа Б.П ахыг хорьж болиулаад би уурандаа цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг
/хх-ийн 6-7 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрчээр Б.П ийн өгсөн: “...Г миний биед хүрсэн цохиж зодсон асуудал байхгүй. Цтой юм яриад гэрийн гадна байхад нь би хашаанд байсан гэрийн унины хугархайг авч Гын толгой руу цохьсон юм.” гэх мэдүүлэг
/хх-ийн 10-11 дүгээр тал/,
Мөрдөн байцаалтад гэрч Т.Цын өгсөн: “...Гыг П гэнэтхэн гэрийн хугархай багана толгой руу нь цохиод авахаар нь би П ийг хорьж болиулаад байхад Г цагдаа руу залгаж мэдэгдсэн байх. Г П ийг цохиж зодсон асуудал байхгүй. Цохиулсаны дараа харахад толгойн орой баруун хэсэгт жаахан овойсон байсан, өөр ямар нэг гэмтэлгүй” гэх мэдүүлэг
/хх-ийн 12 дугаар тал/,
Шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Төгсбуянгын 2018 оны 10 дугаар сарын
17-ны өдрийн №08шэ/528 дугаартай
1. О.Гын биед тархи доргилт, баруун зулай чамархай хэсгийн хуйхан доорх цусан хураа, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт
/хх-ийн 17 дугаар тал/,
Нийслэлийн *******ны засаг даргын тодорхойлолт
/хх-ийн 54 дүгээр тал/,
Гэрлэлтийн гэрчилгээ
/хх-ийн 55 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа
/хх-ийн 59 дүгээр тал/,
Дансны хуулга /хх-ийн 60-61 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.П нь 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ******* ******* тоотод иргэн Цгийн хашаанд 13 цагийн орчимд хамт архи ууж байсан О.Гыг ямар нэгэн үгийн зөрүүгүй унины модоор толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун зулай чамархай хэсгийн хуйхан доорх цусан хураа, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан шүүгдэгч Б.П ийн үйлдсэн хэргээ хүлээж өгсөн “гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрч байна... “ гэх,
хохирогч О.Гын “...Цгийн хашаанд ирж сууж байхад Б.П ах гэнэт миний толгой руу араас униар цохиод авсан” гэх
гэрч Б.П ийн “...би хашаанд байсан гэрийн унины хугархайг авч Гын толгой руу цохьсон” гэх
гэрч Т.Цын “...П гэнэтхэн гэрийн хугархай баганагаар Гын толгой руу нь цохиод авсан” гэх мэдүүлгээд, Шүүх эмнэлэгийн шинжээч эмч С.Төгсбуянгын 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №08шэ/528 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэх,
Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчийн тайлбарт: Гэм буруугийн талаар маргахгүй, архи ууж ухамсараа алдсанаас болж ийм үйлдэл хийсэн, би мал маллаж байгаа, би 2 ойтой хүүхэдтэй бас хоёр оюутан хүүхэдтэй тул торгох ял оноох бол хугацааг уртасгаж өгнө үү гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.П ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үзэх нь зүйтэй байна.
Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.П ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг улсын яллагч гаргасан нь хууль зүйн шаардлагад нийцэж байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
III. Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь ямар нэгэн хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Наран овогт Б. овогт П ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.П ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.П ид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.П ид мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Г нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа бичгээр хүсэлт ирүүлсэн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.П ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ