Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00217

 

 

 

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00217

 

 

*** ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02818 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ын нэхэмжлэлтэй, хариуцагч *** т холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 84 дугаар захирамжаар *** аас 39,350,085 төгрөгийг гаргуулж *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу *** *** ын эзэмшлийн нэгж талбарын *** дугаартай *** байрлах 700 м.кв талбай бүхий газрыг шинжээч томилон 2022 оны 01 сарын 28-ны өдөр "*** " ХХК-ийн *** дугаартай үнэлгээний тайлангаар 10,976,560 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн үнээс багаар үнэлсэн гэж үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч нар хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 84 дугаар захирамжаар *** аас 39,350,085 төгрөгийг гаргуулж *** ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид төлбөр төлөх талаар мэдэгдлийг хүлээлгэн өгөхөд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй. Төлбөр төлөгчийн эзэмшил, өмчлөлд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагааг холбогдох бүртгэлийн байгууллагаас тодруулахад төлбөр төлөгч *** ын эзэмшилд *** байршилтай 700 м.кв талбай бүхий газар бүртгэлтэй байсныг битүүмжлэн хурааж, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал авахад үнийн саналаа ирүүлээгүй. Төлбөр авагч *** ХХК-аас хураагдсан хөрөнгөд шинжээч томилуулж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу *** ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход зах зээлийн бодит үнэлгээг 10,976,560 төгрөгөөр үнэлж, үнэлгээ тогтоосон нь хууль зөрчөөгүй. Иймд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан *** т холбогдох, *** гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй газрыг үнэлсэн *** ХХК-ийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай *** ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. *** ын өмчлөлийн *** гудамжинд байрлах нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй газрыг *** ХХК-аас 10,976,560 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн ханшаас хэт доогуур байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд *** ХХК-ийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн *** дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч *** ХХК-ийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргаагүй гэж анхан шатны шүүхээс үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг онцлог, байршлыг гаргаж дүгнэсэн. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч *** нь хариуцагч *** т холбогдуулан нэгж талбарын *** дугаарт бүртгэлтэй, *** -д байрлах 700 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 10,976,560 төгрөгөөр үнэлсэн *** ХХК-ийн 2022 оны 01 сарын 28-ны өдрийн *** тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргажээ. /хх 1/

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...тус газар нь зам дагуу, автобусны буудалтай ойр байршилтай, зах зээлийн үнэ ханш нь 45-70 сая төгрөг байгаа... гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан... гэж тайлбарлан маргажээ. /хх 1, 31, 121-129/

 

3.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 сарын 05-ны өдрийн 181/ШШ2017/00084 дугаар захирамжаар нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжилсэн 39,168,000 төгрөгийг хариуцагч *** 2017 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 6-8/

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллага 2017 оны 04 сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэлд дурдагдсан 700 м м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг 2021 оны 09 сарын 16-ны өдөр битүүмжилж, 2021 оны 12 сарын 28-ны өдөр хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд тус тус заасан зохицуулалтад нийцжээ. /хх 32, 58-59, 64/

 

4.   Улмаар хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч *** аас үнийн санал авахаар албан бичиг хүргүүлсэн боловч үнийн санал ирүүлээгүй үндэслэлээр төлбөр авагч *** ХХК-ийн хүсэлтийн дагуу 2022 оны 01 сарын 24-ний өдөр *** ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ. /хх 67, 68, 70/

*** ХХК-ийн үнэлгээчин *** нь Сангийн сайдаас олгосон Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх ба шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээчид хуульд заасан эрх, үүргийг нь 2022 оны 01 сарын 24-ний өдөр тайлбарлан, танилцуулсан байна. /хх 72, 82-83/

4.а. Шинжээчээр томилогдсон *** ХХК, үнэлгээчин *** нь Үнэлгээний тайлан-даа үнэлэгдэж буй эзэмших эрхтэй газрын талаарх мэдээллийг бүрэн тусгаж /зориулалт, байршил, хэмжээ, шинж байдал г.м/, үнэлгээг хийсэн арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан байх тул үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ. /хх 73-80/

4.б. Шинжээч нь Үнэлгээний тайлан-гийн 4-т ...үнэлэгдэж буй газар нь 700 м.кв талбайтай, зуслангийн зориулалттай, Сэлбийн аманд төв замын хойд зүг талд байршилтай, харьцангуй тэгш гадаргуутай... гэж тусгасан байх тул ...шинжээч газрын байршил, шинж байдал... зэргийг харгалзан үзээгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.   Нэхэмжлэгч *** нь ...миний хөрөнгийг зах зээлийн үнэ ханшаас хэт багаар үнэлсэн, ийм газар 45-70 сая төгрөгийн үнэ ханштай... гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргийг хүлээдэг бөгөөд нэхэмжлэгч уг үүргээ биелүүлээгүй байна.

 

6.   Маргаан бүхий эзэмших эрхтэй газрыг шинжээч 10,976,560 төгрөгөөр үнэлснийг шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч *** ад 2022 оны 01 сарын 28-ны өдөр утсаар мэдэгдэж, энэ тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж, 2022 оны 02 сарын 01-ний өдөр мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн байна. /хх 85-арын нүүр, 86/

Нэхэмжлэгч *** нь үнэлгээний тайланг эс зөвшөөрч 2022 оны 03 сарын 14-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан болох нь нэхэмжлэлийн ард дарсан шүүхийн дардсаар тогтоогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *** ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02818 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 30-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР