Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00218

 

 

 

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00218

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03977 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох, тус бүр 1,000 м.кв талбай бүхий халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагчийн төлөөлөгч ***, хариуцагчийн өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: 2017 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээгээр *** ХХК-аас 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулах, *** ХХК нь тус бүр 1,000 м.кв талбай бүхий халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны 4 ширхэг хүлэмжийг буулган *** гарамын урд байршилтай газарт нүүлгэн шилжүүлэх, барих, 2017 оны 05 сарын 31-ний өдрийн дотор өргөст хэмх тарих, даршлах, борлуулах, ашиг хуваарилах үүргийг хүлээж, олсон ашгийн 51 хувийг *** ХХК, 49 хувийг *** ХХК авахаар тохиролцож, гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан. Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч 108,672,000 төгрөгийн хөрөнгө оруулалт оруулсан. Харин *** ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан ба мөн хүлэмж байршуулсан газрыг гэрээний хугацаа дуусгавар болох хүртэлх хугацаанд хэн нэгэнд худалдах, барьцаалахыг хориглосон байхад *** ХХК-ийн барьцаанд тавьсан, барьцаа хөрөнгийг хураах асуудал гарч ирсэн. Иймд хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, оруулсан хөрөнгө оруулалт 108,672,000 төгрөгийг буцааж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь хамтран ажиллах гэрээг үргэлжлүүлэх, дуусгавар болгох буюу цуцлахад саад болохгүй, түүнтэй холбоотой гарах үр дагаврыг шийдвэрлүүлэхэд саад болохгүй болохыг дурдсан. Үүнээс хойш гэрээг үргэлжлүүлэх эсэх асуудлаар *** ХХК-д удаа дараа хандсан, уулзалт хийсэн боловч ямар ч үр өгөөж өгөөгүй, тайлан мэдээ ирүүлээгүй, харин дахин хөрөнгө оруулалт хийвэл хамтран ажиллах боломжтой гэсэн тул гэрээг цааш үргэлжлүүлээгүй. Мөн гэрээний хугацаа дуусч, гэрээ дуусгавар болсонтой холбогдуулан 4,000 м.кв талбайтай хүлэмжийн 51 хувийг *** ХХК-ийн өмчлөлд шилжинэ гэж тохиролцсоноор шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд тус түр нь 1,000 м.кв талбайтай халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмжийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хамтран ажиллахаар болж, 4 хүлэмжийг буулгаж, Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо руу нүүлгэн шилжүүлсэн. Тухайн үед хариуцагч компанийг *** ХХК-аас зээлтэй гэдгийг *** ХХК-ийн захирал *** мэдэж байсан бөгөөд манайхыг хариуцсан зээлийн эдийн засагчтай очиж уулзсан. Үүнийг нуун дарагдуулснаас гэрээнээс татгалзсан гэж худлаа ярьж байна. Энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн. Гэрээний дагуу нэхэмжлэгч тал 100,000,000 төгрөгөө л өгсөн, гэтэл манайх ус, дулаан, тог цахилгаан, ажилчдын цалин гээд бүх зардлыг гаргасан. Дээрээс нь хураасан ногоогоо 100 хувь нэхэмжлэгч тал надаар гарын үсэг зуруулаад бүгдийг авсан атлаа шүүхэд баримт гаргаж өгдөггүй. Би агрономич мэргэжилтэй бөгөөд дахин боловсруулах цех байгуулж ногоогоо даршилж байсан, эднийх даршилсан ногоог бүгдийг авсан. Хамтран ажиллаж байгаа тохиолдолд талууд бүх зардлаа хасаад үлдсэн ашгийг хувь тэнцүүлж хуваарилах ёстой байтал нэхэмжлэгч тал оруулсан 100,000,000 төгрөгөө авна гэж нэхэмжилсэн. Гэтэл ямар ч зардал хариуцахгүй, хураасан бүх нарийн ногоог авсан нөхцөл байдал шүүхээр тогтоогдож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Хамтран ажиллах гэрээгээр *** ХХК нь оруулсан хөрөнгө оруулалт 100,000,000 төгрөгөө авна, бас ашгийн 51 хувийг авна, дээрээс нь хүлэмжийн 51 хувийг авна гэсэн нь хэт нэг талыг барьсан, тэгш бус гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээтэй холбоотой асуудлыг өмнө шийдвэрлэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3, 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-д холбогдох тус бүр 1,000 м.кв талбай бүхий халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 701,310 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэн зөв үнэлж чадаагүй ба хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргасан. *** ХХК-тай 2017 оны 05 сарын 01-нд *** тоот хамтран ажиллах гэрээ байгуулсан ба гэрээний 1.2-т ямар хэлбэрээр талууд хамтран ажиллах талаар тусгасан. Гэрээний гол нөхцөл болох хүлэмжийг нүүлгэн шилжүүлж одоо байгаа байрлалд байршуулсан ба гялгар гадаргууг /плёнк/ шинээр авч бүрсэн бөгөөд бусад шаардлагатай дутуу эд зүйлсийг худалдан авах санхүүгийн төлбөрийг төлснөөр хүлэмж бүрэн бүтэн болсон болно. Гэрээнд зааснаар 5 жилийн хугацаа дууссан, хамтын ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлсэн тал ашиг, алдагдал хуваах болон нөгөө талынхаа мэдээлэл авах эрх, гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхийг хангаагүй. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээний үүргээ огт биелүүлээгүйгээс шүүхэд хандсан болно.

4.б. Анхан шатны шүүх 4 ширхэг халаалт, усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл зуны хүлэмжийг талуудын хамтын ажиллагааны хөрөнгө буюу хураамжид хамааруулаагүй гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдлыг ойлгоогүй, хэрэгт авагдсан зураг, талуудын тайлбар зэргийг огт үнэлж дүгнээгүй. Хамтран ажиллах гэрээ болон, бизнесийн ёс зүйн зарчмаа зөрчсөн, бусадтай харилцан ашигтай хамтран ажиллах зорилгогүйгээр зөвхөн хөрөнгө мөнгийг шилжүүлэн авсан болох нь тодорхой болсон. Гэрээний хариуцлагаас зориуд санаатайгаар зайлсхийсэн нь тайлбар, албан бичиг, шуудан зэргээр нотлогдож байгаа. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, гэрээний 1.1-д зааснаар хоёр этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээсэн. Тийм учраас хамтын хөрөнгийг дундаа өмчлөх хэлбэрээр өмчлөхөөр шийдвэрлэсэн. Хамтын ажиллагаагаар талууд хураамж төлж, энэхүү төлсөн хураамж нь дундаа өмчлөх хөрөнгийг бий болгохоор Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дахь хэсэгт заасан. Нэхэмжлэгчийн оруулсан хураамж буюу хөрөнгө оруулалт нь гэрээний зорилгыг биелүүлэхийн тулд гэрээнд заасны дагуу хүлэмж барих, шинэ бүрээс хийх, зөөх, ногоо тарих ажилд зарцуулагдсан. *** ХХК-ийн хураамж буюу хөрөнгө болох хүлэмж шилжүүлэн барих газар, хүлэмжийн төмөр карказ, тарилтад шаардлагатай бүх тоног хэрэгсэл байсан. Хамтын хөрөнгө бий болох үндсэн хэлбэр нь гэрээний талуудын төлсөн хураамж байдаг. Хамтын хөрөнгө нь гэрээний үндсэн дээр бий болсон буюу гэрээний 3,2-д зааснаар 4,000 м.кв хүлэмжийн 51% нь А талын өмчлөлд үлдэхээр тодорхой зааж тохирсон байхад анхан шатны шүүх дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэхгүй гэж хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талаас 100,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн боловч 25,000,000 төгрөгөөр нь хөрөнгө оруулалтын биш хамтарч ажиллах гэрээ гэх үндэслэлээр шүүхэд хандаж, 68,000,000 төгрөгийг манай талаас гаргуулан авсан. Энэ нь 1,150 м.кв газрыг зарж, гаргуулсан гэх баримтыг хэрэгт хавсаргасан. Гэтэл нэхэмжлэгч талаас дахин гомдол гаргаж, 4,000 м.кв хүлэмжийг шүүхийн шийдвэр гараагүй байхад хамтарч манай хүлэмжийг лацдуулах гэж байсан. *** ХХК нь манай байгууллагад их хэмжээний хохирол учруулж байгаа бөгөөд манай 10 га газрыг ухаж эвдсэн. Мөн оршин суугчдын гомдлоор манай газрыг татаж авсан бөгөөд 335 дугаар зөрлөгт 60 га газрыг авч, үйл ажиллагаа явуулж, манай технологийг хэрэгжүүлж байна. Мөн 51 хувийг А талын өмчлөлд үлдээхээр тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн. Анхан шатны шүүх нь хэргийг хуульд заасан журмын дагуу үндэслэл бүхий шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчтэй хамтран ажиллахын тулд *** ХХК нь өөрийн байсан хүлэмжээ зөөвөрлөж барьсан. *** ХХК-тай хамтран ажиллахгүй байсан тохиолдолд хүлэмжээ зөөвөрлөх шаардлагагүй байсан. Мөн тухайн хүлэмж нь *** ХХК-ийн өмч бөгөөд хүлэмжийг зөөвөрлөхөд гарсан зардал 108,672,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэхэмжлэгчээс авсан. Тухайн хөрөнгө оруулалтыг хийхдээ 25,000,000 төгрөгийг зээлсэн боловч шүүх хүү, алдангийн хамт 63,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг *** ХХК төлсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. Мөн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэл тогтоогдсон тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан тус бүр 1,000 м.кв талбай бүхий халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /1хх 80-81, 2хх 25-31/

 

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний 3.2-т энэхүү хүлэмжүүд баригдаж дуусгавар болсны дараагаар 4,000 м.кв хүлэмжний 51 хувь нь А талын өмчлөлд үлдэхээр заасны дагуу шаардах эрхтэй... гэж, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...хамтран ажиллах гэрээний маргаан өмнө нь шүүхээр шийдвэрлэгдсэн, шүүхийн шийдвэрийн дагуу 63,375,000 төгрөгийг төлсөн... гэж тус тус тайлбарлан маргасан байна. /1хх 80-81, 2хх 25-31/

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.1.3-т зааснаар хэргийн оролцогч нь үзлэг хийлгэх ажиллагааг гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч тал нь маргааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, 347-р гарамын урд байрлах тус бүр 1,000 м.кв талбай бүхий 4 ширхэг өвөл, зуны хүлэмжид үзлэг хийлгэх тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ...хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тогтоох зорилгоор, юунд үзлэг хийлгэх гэж байгаагаа тодорхойлоогүй... гэсэн үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. /1хх 78, 79/

 

Учир нь, нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ...хамтран эзэмшиж буй хүлэмжтэй танилцахаар очсон боловч хариуцагч гадаа хаалгаа онгойлгохгүй энд хүлэмж байхгүй гэж хэлсэн... тухай, мөн шүүхэд гаргасан хүсэлтдээ ...нийт 4,000 м.кв талбайтай 4 ширхэг усалгааны төхөөрөмжөөр тоноглогдсон өвөл, зуны хүлэмжид үзлэг хийлгэх хүсэлтэй байгаа... тухай тус тус тодорхой дурдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн зүгээс маргааны зүйл болсон 4 ширхэг хүлэмжид үзлэг хийснээр эдгээр хүлэмж нь тус бүр 1,000 м.кв эсэх, усалгааны болон халаалтын төхөөрөмжөөр тоноглогдсон эсэх, тэдгээр нь ажиллагаатай эсэх, 4 ширхэг хүлэмж нь бүрэн бүтэн эсэх зэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодорхой болгох юм. Мөн маргааны зүйлийн шинж байдал, эд анги, иж бүрдэл зэргийг тодорхой болгосноор бодит байдалд нийцсэн, биелэгдэх боломжтой шийдвэр гаргах ач холбогдолтой.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.2-т зааснаар эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно.

 

Нэхэмжлэгч нь тус бүр 1,000 м.кв бүхий халаалт, усалгааны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон 2 ширхэг өвөл, зуны хүлэмж гаргуулахаар шаардсан. Анхан шатны шүүх тухайн шаардаж буй эд хөрөнгийн үнийн дүн буюу нэхэмжлэлийн үнийн дүнг тодруулаагүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй байна.

 

Нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхой болгосноор нэхэмжлэгч ямар үнийн дүнтэй эд хөрөнгийн өмчлөгч болохоор шаардаж байгаа нь тодорхой болохоос гадна уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг тодорхойлох нь талууд тухайн асуудлаар мэтгэлцэхэд ач холбогдолтой.

 

5.   Хариуцагч тал ...уг маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, уг шийдвэрийн дагуу 63,375,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн учир шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой... гэсэн агуулгатай тайлбар гаргасан нь үндэслэлгүй, анхан шатны шүүх маргааныг шийдвэрээр хянан шийдвэрлэснийг буруутгахгүй. Учир нь:

 

5.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/02946 дугаар шийдвэрээр хариуцагч *** ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 63,375,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** д олгож шийдвэрлэсэн буюу ...*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, 2017 оны 05 сарын 01-ний өдрийн хамтран ажиллах гэрээний үүрэг бус харин ...*** гийн нэхэмжлэлтэй 2017 оны 06 сарын 08-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг-ийг гаргуулан шийдвэрлэсэн байна. /1хх 46-54/

 

5.б. Дээр шийдвэрийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 165 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба уг магадлалын хянавал хэсэгт ...Энэ шийдвэр нь талуудын хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу үүсэх бусад үр дагавар буюу хамтын үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, эсхүл хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохтой холбоотой зохих ажиллагааг хийхэд саад болохгүй... талаар дурдсан байна. /1хх 37-45/

 

6.   Уг магадлалд дурдсан ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 102/ШШ2022/03977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 701,310 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР