Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 109/2019/0001/з |
Дугаар | 001/ХТ2020/0018 |
Огноо | 2020-01-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2020/0018
П.Ч-ын нэхэмжлэлтэй, А аймгийн
Ц сумын ЗД-д холбогдох захиргааны
хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Б.Мөнхтуяа
Д.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Б.Уранзаяа
Нэхэмжлэлийн шаардлага: “А аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгуулж, А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох”
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0528 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П-г оролцуулж,
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5, 27.6, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 4 дүгээр зүйлийн 4.2.4, 4.2.6 дахь заалт, 17 дугаар зүйлийн 17.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын дарга П.Ч-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/19 дүгээр захирамжийг хүчингүй болгож, П.Ч-ыг А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0528 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2, 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр тушаалыг хүчингүй болгож, П.Ч-ыг А аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газрын даргаар эгүүлэн тогтоосугай” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. ...Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
4. Тухайлбал, А аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/19 дүгээр захирамжид дурдсан “...төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй...” тухай анхан шатны шүүхээс “...Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4.15, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч буюу тус аймгийн Ц сумын Засаг дарга нь нэхэмжлэгчид холбогдуулан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж ажиллах бүрэн эрхтэй байсан байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь, дээр дурдсан хуулиудад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн үйлдэлд хяналт шалгалт хийх эрхтэй бөгөөд энэ эрх, үүргийнхээ дагуу шалгаж тогтоон хариуцлага тооцож, ажлаас чөлөөлж байгаа нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсний зэрэгцээ нэхэмжлэгчийн зүгээс санхүүгийн зөрчлүүд гаргасан болохоо үгүйсгэж маргадаггүй.
5. Үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүх дүгнэхдээ аудитын байгууллагаар шалгаж тогтоогоогүй, бүрэн нотлогдоогүй гэх дүгнэлтийг хийсэн байгаа нь мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь, А аймгийн Ц суманд албан ёсоор байгуулагдсан аудитын алба байдаггүй тул нэхэмжлэгчид зориулан уг албыг байгуулах боломжгүйн зэрэгцээ хариуцагчийн зүгээс Төсвийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулиудад заасан эрх хэмжээний хүрээнд шалгаж тогтоон хариуцлага хүлээлгэсэн, түүнчлэн нэхэмжлэгч өөрөө ийнхүү зөрчил гаргасан болохоо үгүйсгэж маргахгүй, няцааж баримт гаргахгүй байгаа асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбарыг буруу үнэлж дүгнэлт хийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
6. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн. Тухайлбал "...нэхэмжлэгчтэй үр дүнгийн гэрээ байгуулаагүй, дүгнээгүй, хууль тогтоомжид заасан зорилго, зорилт, зарчмуудыг хариуцагч тал хэрэгжүүлж ажиллаагүй..." гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэгч П.Ч-ыг ажлаас чөлөөлсөн үндэслэл болон маргаан бүхий актыг хянан шийдвэрлэхэд огт хамааралгүй, маргаагүй асуудал болно.
7. Маргаан бүхий актад дурдсан "...ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан..." гэх үндэслэлийн талаар анхан шатны шүүхээс дүгнэхдээ “...зөрчлийн шинж байдлыг нотолж тогтоогоогүй, зөрчил давтан гаргасан талаар шалгаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй, шийдвэр гаргахын өмнө нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж, тайлбар, саналаа гаргах боломжийг олгоогүй ...” гэсэн нь хуульд нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэж үзэх үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч ажлын цагаар, албан үүргээ гүйцэтгэх явцдаа архидан согтуурч, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан болохыг гэрчүүд нотолдог ба хөдөө сумын төвд согтолтын хэмжээ тогтоох багаж төхөөрөмж хүртээмжтэй бус байдлыг далимдуулан нэхэмжлэгчийн шалгаж тогтоогоогүй гэх тайлбарыг үндэслэл болгож байгаа нь хуульд нийцэхгүй.
8. Мөн архи ууж согтсон үедээ бусадтай маргалдаж, согтуу байсан гэдгийг нь мэдэж болохоор дүрс бичлэг хэрэгт авагдсан байхад ямар үндэслэлээр согтууруулах ундаа хэрэглэсэн гэдэг нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс энэ үйлдэлтэй нь холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу сонсох ажиллагаа явуулах үед тэрээр хүлээн зөвшөөрч, ажлаас; халахгүй өөр шийтгэл оноож өгөөч гэж гуйж байсан нь тогтоогддог бөгөөд нэг өдрийн дараа дахин уулзсан баримт ч хэрэгт авагдсан. Саналаа амаар хэлж, бичгээр тайлбар гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад урьдчилан мэдэгдээгүй, сонсох ажиллагаа явуулаагүй гэж дүгнэсэн нь хуулийг ноцтой зөрчиж байна.
9. Хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуульд заасан процессыг зөрчсөн болон Монгол Улсын Үндсэн хуульд заасныг зөрчиж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх CD бичлэгт байгаа бичлэг нь хууль бус аргаар буюу далд аргаар хийсэн дүрс бичлэг тул хууль бус гэж үзэж үнэлэх боломжгүй, гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй талаар дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй.
10. Учир нь CD дэх бичлэг нь нэхэмжлэгчийг хууль бусаар мөрдөж, мөшгөх замаар цуглуулсан баримт биш бөгөөд тухайн өдрийн нэхэмжлэгчийн согтууруулах ундааны зүйлийг ажлын цагаар хэрэглэсэн байсан бодит нөхцөл байдлыг баримтжуулсан зүйл болохын зэрэгцээ давхар гэрчийн мэдүүлгээр үнэн бодит болох нь нотлогддог тул гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй ч CD бичлэгээр давхар нотлогдож байгаа байдлыг буруу үнэлж дүгнэн, хуулийг буруу тайлбарласан.
11. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч П.Ч өмнө нь сануулах сахилгын шийтгэл хүлээж байсан бөгөөд сахилгын шийтгэлгүйд тооцох хуулийн хугацаа дуусаагүй, мөн нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан ёс зүйн ноцтой зөрчил, бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь нотлогдон тогтоогдож байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус байна.
12. Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 109/ШШ2019/0012 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0528 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
13. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
14. Нэхэмжлэгч П.Ч-д “ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” А аймгийн Ц сумын Засаг даргын 2018 оны Б/19 дүгээр захирамжид заасан үндэслэл нь бодит байдалд бүрэн тогтоогдоогүй, тодруулбал, П.Ч нь “өөрийн эрхэлсэн ажилдаа идэвх, зүтгэл гаргадаггүй, өгсөн үүрэг, даалгаврыг хангалтгүй биелүүлж, төрийн ажил үйлчилгээг удаа дараа цалгардуулж, төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй, Засаг даргын Тамгын газрын ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагыг хангахгүй, ажлын цагаар удаа дараа архидан согтуурч байгаа зэрэг ноцтой зөрчил илэрч, ажлаас халах үндэслэл бүрдсэн” гэх үндэслэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй, энэ утгаараа маргаан бүхий акт нь Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг зөрчсөн, хууль бус тул анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
15. Маргаан бүхий актад заасан нэхэмжлэгч П.Ч нь “...төсвийн хөрөнгийг хувьдаа шамшигдуулсан, төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй...” гэсэн үндэслэлийн тухайд анхан шатны шүүхээс “...Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17, 14.2, 16 дугаар зүйлийн 16.4.15, 69 дүгээр зүйлийн 69.1-ийн дагуу төсвийн шууд захирагч буюу сумын Засаг дарга нь төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж ажиллах бүрэн эрхтэй” гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзэхгүй, мөн давж заалдах шатны шүүхээс “...тухайн зөрчлийг аудитын байгууллагаар шалгаж тогтоогоогүй, санхүүгийн албаны дүгнэлт гараагүй...” гэсэн үндэслэлээр үгүйсгэснийг буруутгах боломжгүй тул энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-5-д заасан хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.
16. Тодруулбал, шүүхүүдийн хийсэн дээрх дүгнэлтүүд нь хариуцагчийг төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд хяналт шалгалт хийх эрхгүй гэж дүгнээгүй, харин хуулиар олгогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийг буруутгаж байгаа /санхүүгийн гэх/ зөрчил тус бүрийг цаг тухайд нь хуульд заасан журмын дагуу бүрэн дүүрэн шалгаж тогтоолгүйгээр хариуцлага ногдуулсан нь буруу гэж үзжээ.
17. Мөн, анхан шатны шүүхээс актын дээрх үндэслэл буюу зөрчилтэй холбогдуулан “...үр дүнгийн гэрээ, түүнийг үнэлж дүгнэхийн зорилго нь төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, ...хяналт тавих, ... үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн нь түвшинг үнэлэхэд нэгдсэн стандарт тогтоож мөрдүүлэх, ...төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөж, хэрэгжүүлэхэд орших бөгөөд дээрх хуулийн зорилго, зорилт зарчмуудыг хариуцагч тал хэрэгжүүлж ажиллаагүй байна...” гэж дүгнэснийг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн гэж үзэхгүй, иймд энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-д заасан хяналтын гомдлыг хангах боломжгүй.
18. Түүнчлэн, маргаан бүхий актад заасан “...ажлын цагаар удаа дараа архидан согтуурсан...” гэх үндэслэлийн тухайд шүүхүүдийн дүгнэсэнчлэн, хариуцагч зөрчлийн шинж байдлыг нотолж тогтоогоогүй, хэрэв зөрчил гаргасан гэж үзсэн бол тухайн цаг хугацаанд зөрчил тус бүрт нь зохих арга хэмжээ авах ёстой байсан боловч аваагүй, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй, мөн зөрчлийг нотолж буй гэх СD бичлэг нь хуульд заасан журмыг зөрчиж авсан баримт тул шүүх үнэлэхгүй, гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй... “ гэсэн дүгнэлтүүд үндэслэлтэй байх тул “...шүүх нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн” гэх агуулгатай /Тодорхойлох хэсгийн 7-11/ хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
19. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2019/0528 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ