Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 002

 

С.Гүлзатад  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч М.Нямбаяр, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай  шүүгчийн захирамжтай, С.Гүлзатад холбогдох эрүүгийн 201604000208 дугаартай хэргийг  прокурорын эсэргүүцлийг  үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл, прокурор М.Отгонжаргал нар оролцов.

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1978 оны 3 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, БГ78032505 регистрийн дугаартай, Узынмылтых овогт Сайндолдагийн Гүлзат нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 5 дугаар багийн иргэн Ш.Хуанганыг 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 12 цагийн үед хэрүүл маргааны улмаас маргалдаж, эрх чөлөөнд нь халдаж, зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн Сайндолдагийн Гүлзатад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасугай.” гэж шийдвэрлэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Тус шүүхээс Сайндолдагийн Гүлзатад холбогдох эрүүгийн 201604000208 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн биш хийсэн, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасныг ХЯНАВАЛ:

Шүүгдэгч С.Гүзатад холбогдох хэрэгт нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид "1. Хохирогч Ш.Хуанганы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт" ...Асуулт: Таныг цохиж зодоход хэн хэн байсан вэ? Үзэж харсан хүн байсан уу?, хариулт: Манай сургуулийн эмч С.Жархынгүл, нөхөр болох н.Хойшыбай нар үзэж харсан болно" гэж мэдүүлсэн боловч гэрч С.Жархынгүл хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт " ...яг цохиж зодсоныг хараагүй юм байна." гэсэн мэдүүлэг зөрж байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах" гэсэн заалт бүхэлдээ үндэслэлгүй бөгөөд шүүгч нотлох баримтыг үнэлэхдээ алдаа гаргаж өрөөсгөл дүгнэлт хийсэн байна. Гэрч С.Жархынгүл мэдүүлэхдээ  "2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр сургуулийн захирал С.Гүлзатад дотуур байрны хүүхдийн хоолны талоныг батлуулахаар очсон ба хурал хийж дуусч байсан. Би өрөөнд байхад гаднаас дотуур байрны багш Ш.Хуанган орж ирсэн ба тэд хоорондоо маргалдан улмаар ширээн дээр байсан С.Гүлзатын түлхүүрийг Ш.Хуанган аваад гадаа гарсан ба би өрөөний дотор үлдсэн байсан. Тэгээд хаалга онгойлгоод гадаа гарсан ба С.Гүлзат нь гараа хойшоо татаж байсан. Цохиж зодсоныг хараагүй ба цамцны ханцуй нь урагдсан байсан" гэсэн мэдүүлэг өгсөн байгаа. Мөн шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч миний бие энэ асуудлыг хохирогч Ш.Хуанганаас тодруулж асуухад “С.Жархынгүл захирлын өрөөн дотор байсан, харин захирал намайг өрөөнөөс гараад үүдэнд гараа нударгалаад шанаа руу минь нэг цохиод, цамцнаас минь татаж ханцуйг нь урсан” талаар мэдүүлсэн. Хохирогч Ш.Хуанганыг С.Гүлзат гараараа зодох тэр агшинд С.Жархынгүл өрөөний дотор үлдсэн хаалга хаалттай байсан тул яг цохиж зодсоныг хараагүй ба харин С.Жархынгүл өрөөний хаалгыг онгойлгоод гадаа гарах үед Ш.Хуанганы цамц урагдсан байсан байна. Энэ мэдүүлэгт зөрүү байхгүй юм.

            2.Шүүгчийн захирамжид "2.Хохирогч Ш.Хуанган нь шүүх хуралдаан дээр зодуулснаасаа хойш 1  хоногийн дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 07-нд Баяннуур сумын их эмч н.Ахмаралд үзүүлсэн, ажлаас чөлөөлөх бичиг өгсөн" гэж мэдүүлдэг. Харин 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулсан буюу үйл явдал болсноос 7 хоногийн дараа үзсэн байна. Иймд анх үзсэн эмч н.Ахмаралаас гэрчээр мэдүүлэг авах" гэжээ.

Гэтэл шүүх хуралдаан дээр хохирогч Ш.Хуанган нь " ....С.Гүлзатад зодуулсны улмаас миний биед гэмтэл учирсан. ...С.Гүлзатад зодуулсныхаа дараа сумын их эмчид үзүүлэх гээд очиход та хүнд зодуулсан бол бид үзэхгүй, та шүүх эмчид үзүүл гэж хэлээд үзээгүй. ...Тэгээд хэд хоног бие өвдөөд гэртээ байсан болохгүй болохоор цагдаад мэдэгдэж, шүүх эмчид үзүүлсэн" гэж мэдүүлдэг. Шүүх хохирогчийн мэдүүлгийн зарим хэсгийг бусдаас нь илүүд үнэлээд зарим хэсгийг нь үнэлэхгүй орхигдуулж байгаа нь ойгомжгүй байна. Хохирогч хэрэг бүртгэлтийн шатанд н.Ахмарал эмчид үзүүлж байсан талаараа огт мэдүүлж байгаагүй байна. Нөгөө талаас н.Ахмарал бол хэрэг гарах үед хэргийн газарт байгаагүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-т "Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ." гэж заасан байдаг. Гэтэл шүүгч н.Ахмарал гэгч хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүн гэдгийг яаж мэдэж байгаа нь бас л ойлгомжгүй байна. н.Ахмарал гэдэг хүн байдаг эсэх ч тодорхой бус байхад энэ хүнийг гэрчээр асуу гэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.Хэрэв н.Ахмарал гэгчийг гэрчээр байцаасан тохиодолд энэ хэргийн нотолгоо, гэмтлийн зэрэг улмаар зүйлчлэлд өөрчлөлт орох уу, хэргийг шийдвэрлэхэд чухам ямар ач холбогдолтой талаар үндэслэлээ захирамжид дурдах учиртай байсан.

3.Шүүгчийн захирамжид "Шүүх гэмт хэрэг хэдийд, хаана яаж үйлдэгдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэмжээ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар  нотолбол  зохих  асуудлуудыг  хэрэг  бүртгэлтээр  бүрэн   шалгаж тогтоох шаардлагатай, хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэт нэг талыг барьж явуулсан байна гэж үзлээ." гэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Дээрх нөхцөл байдлууд нь хэрэг бүртгэлтийн болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд бүрэн нотлогдон тогтоогдсон.

4.Шүүгчийн захирамжид "Хавтаст хэргийн 50 дугаар хуудсанд хэсгийн төлөөлөгч, ахлагч Ш.Нурлан нь хохирлын хэмжээг 60000 төгрөг гэж тогтоосон ба хэсгийн    төлөөлөгч    Ш.Нурлантай    холбогдуулан    мөрдөн    шалгах    ажиллагаа явуулахад хохирогчоос хэсгийн төлөөлөгч Ш.Нурланд өгсөн хохирлын баримтуудыг хавтаст   хэрэгт   хавсаргаагүй   байсан   нь  тогтоогдсон.   Мөн   хэсгийн   төлөөлөгч, цагдаагийн    ахлагч    Ш.Нурланы    үйлдсэн    "Сайндолда    овогтой    Гүзлат   хэрэг бүртгэлтийн үед хийсэн тодорхойлолт"-ын 18 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа" гэжээ. С.Гүлзатын    сэжигтэн яллагдагчаар өгсөн мэдүүлгээс эрс зөрүүтэй дүгнэлт гаргасан байна." гэжээ.  Шүүх уг заалтаараа чухам ямар нөхцөл байдлыг нэмэлт хэрэг бүртгэлтээр тогтоолгох, ямар ажиллагаа хийлгүүлэх гэсэн нь ойлгомжгүй байна. Энэ хэрэгт хохирогчийн гомдлын дагуу прокуророос мөрдөн шалгах ажиллагаа явуулахад хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой зарим баримтуудыг хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан нь гаргаж өгснийг тэмдэглэл үйлдэж хэрэгт хавсаргасан байгаа.

Хэсгийн төлөөлөгч Ш.Нурлан нь энэ хэрэгт ямар нэгэн дүгнэлт гаргаагүй байдаг. Захирамжид дурдсан тодорхойлолт гэдэг нь хэргийн нотлох баримт биш, хэрэгт нотлох баримтаар хавсаргагдаагүй, харин эрүүгийн хэргийн хөдөлгөөний дагалдах баримт бичиг байна.

5. Захирамжид "Хавтаст хэрэгт авагдсан материалуудыг бүхэлд нь судлаж үзэхэд хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд хэдэн хуудас материал хэзээ шилжүүлсэн нь тодорхой бус, гомдол мэдээллийг 2016 оны 9 дүгээр сарын 20-нд бүртгэсэн атлаа 2016 оны 09 сарын 12-нд шинжээч томилсноос харахад хэзээ анх цагдаад очиж гомдол гаргасан нь тодорхой бус, /хх-ийн 3,5,19,27,29,30 дугаар хуудас/ зэрэг бичиг баримтууд нь засвартай, уг засварыг хэн, хэзээ, яах гэж хийсэн талаар тайлбар байхгүй, бичгийн хэв ойлгомжгүй, тодорхой бус зэрэг хэлбэрийн хувьд хуульд нийцсэн байх, хууль журмын дагуу бэхжүүлэн авах гэсэн шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрж байна. Мөн хавтаст хэргийн дугаарлалт тодорхой бус. Жишээ нь: хх-ийн 11, 12, 14, 32 дугаар хуудас зэрэг зөрчлүүд байгааг дурдах нь зүйтэй байна." гэснийг хүлээн авах үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ хэргийн бүх нотлох баримтыг шинжлэн судлах арга хэмжээ авах тухай хуульд заасан байгаа. Гэтэл шүүгч захирамждаа шүүх хуралдааны явцад огт хэлэлцэгдэж судлагдаагүй асуудлыг гэнэт цоо шинээр гаргаж ирж нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрж байна гэсэн нь шүүгч өөрөө шүүх хуралдаанд оролцогч талуудын эрхийг зөрчсөн явдал гэж үзэж байна.

Шүүгч өөрөө энэ хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзэж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн захирамж гаргасан мөртлөө шүүх хуралдааны явцад хэлэлцэгдээгүй асуудлаар буюу өөрийнхөө өмнө нь гаргасан захирамжаа өөрөө үгүйсгэж хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны зорилт, зарчимд нийцэхгүй юм.

Хэрэв шүүх хэрэг бүртгэлтийн шатанд шүүх хуралдааныг явуулж болохгүй байдалд хүргэх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн явдал байсан бол яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах байсан. Гэтэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн явдал байхгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд саад болох зүйл байхгүй гэж үзээд яллагдагчийг шүүхэд шилжүүлээд шүүх хуралдаан явуулчихаад шүүх хуралдааны явцад хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан нь үндэслэлгүй юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд шүүх хуралдааны явцад шүүгчийн захирамжаар хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад буцаах заалт байхгүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Зулхаш давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: Өмгөөлөгч К.Зулхаш миний бие МУ-ын Эрүүгийн хуулийн 99  дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдсон С.Гүлзатын хууль ёсны өмгөөлөгчийн хувьд Улсын яллагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5/09 тоот эсэргүүцэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

1.Хохирогч Ш.Хуанган нь С.Гүлзатын зодсоныг эмч н.Жархынгүл үзэж байсан гэж мэдүүлсэн байх ба харин С.Жархынгүл  нь зодсоныг үзээгүй  гэж мэдүүлсэн мэдүүлгийн   зөрүүг  арилгах,   энэ  талаар   гэрч  н.Хойшыбайгаас  тодруулах шаардлагатай байгаа.

2. Хохирогч Ш.Хуанган нь 2016 оны 9 дүгээр сарын 07-нд сумын их эмч н.Ахамаралд үзүүлсэн гэж байх тул түүнийг гэрчээр огт асуугаагүй явдал нь хэргийг нэг талыг баримталж хэрэг бүртгэлт явуулсаныг илтгэж байна.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийг тогтоож чадаагүй гэж 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 110 тоот захирамж үндэслэлтэй байна.

Иймд   Улсын   яллагчийн   2016   оны   12 дугаар   сарын   09-ний   өдрийн   5/09 эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Гүлзат нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын ахлах сургуулийн захирлын өрөөнд хувийн таарамжгүй харьцааны улмаас Ш.Хуанганыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Энэ хэргийг 2016  оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэрэг бүртгэлтийн ажиллагааг бүрэн биш хийсэн ба үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт хэрэг бүртгэлд хийлгэхээр прокурорт буцаасан. Хэргийн талаар нотлогдвол зохих асуудлууд бүрэн гүйцэд нотлогдсон байхад хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах тухай шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй бөгөөд анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтуудын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Шүүгдэгч С.Гүлзатад Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 110 дугаартай “Хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах” тухай шүүгчийн захирамжаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хохирогч Ш.Хуанган гэрч С.Жархангүл нарын мэдүүлэг зөрүүтэй, хэсгийн төлөөлөгч Ш.Нурланд өгсөн хохирлын баримтууд хавтаст хэрэгт хавсаргаагүй, гэмт хэрэг хэдийд хаана яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэмжээ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хэрэг бүртгэлтээр бүрэн шалгаж тогтоох, хэзээ анх цагдаад гомдол гаргасан нь тодорхойгүй, /хх-ийн 3,5,19,27,29,30/ бичиг баримтууд засвартай, хавтаст хэргийн дугаар засвартай, бичгийн хэв ойлгомжгүй, тодорхой бус зэрэг нь хэлбэрийн хувьд хуульд нийцсэн байх, хууль журмын дагуу бэхжүүлэн авах гэсэн шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээ төрж байна гэх үндэслэлээр хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжид хохирогч Ш.Хуанган, гэрч С.Жархангүл нарын мэдүүлэг зөрж байх тул мэдүүлгийн зөрүүг арилгахаар заасан боловч хохирогч болон гэрчийн мэдүүлэгт зөрөө байхгүй байна гэж үзлээ. Хэсгийн төлөөлөгч Ш.Нурланд өгсөн хохирлын баримтууд хавтаст хэрэгт хавсаргаагүй гэсэн боловч хавтаст хэргийн /61-66 тал/ хохирогчоос гаргаж өгсөн 6 ширхэг баримт авагдсан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг хэрэг бүртгэлтээр бүрэн шалгаж тогтоох гэсэн боловч, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэмжээ зэргийг шалгаж тогтоосон мөн хуулийн 80 дугаар зүйлд заасан үндэслэлүүдийн аль үндэслэл хангагдаагүй эсэх талаар шүүгчийн захирамжид үндэслэлүүдээ тодорхой дурдаагүй, хэзээ анх цагдаад гомдол гаргасан нь тодорхойгүй, хавтаст хэргийн дугаар засвартай, бичгийн хэв ойлгомжгүй, тодорхой бус гэх боловч /хх-ийн 3,5,19,27,29,30/ бичиг баримтуудын ямар үг засвартай юу нь эргэлзээтэй байгаа нь тодорхойгүй байна.  

Иймд хэргийг буцаасан үндэслэл нь тодорхойгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, С.Гүлзатад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2.-т заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 110 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, С.Гүлзатад холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Хэрэг анхан шатны шүүхэд очтол С.Гүлзатад урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлсүгэй.

 

3. Энэхүү магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                      

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      С.ӨМИРБЕК

 

 

                        ШҮҮГЧИД                                                       М.НЯМБАЯР

 

 

                                                                                                Д.КӨБЕШ