Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 497

 

Н.Н, “ӨТО” нөхөрлөлд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар магадлалтай, Н.Н, “ӨТО” нөхөрлөлд тус тус холбогдох 1914006360003 дугаартай эрүүгийн хэргийг Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын хуулийн этгээдийн 000138817 дугаарын бүртгэлтэй, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулах эрхтэй, “ӨТО” нөхөрлөл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэмт хэрэгт,

 

2. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ӨТО” нөхөрлөлийн ахлагч ажилтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Н.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... Шүүгдэгч Н.Н-г “тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Монгол Улсын хуулийн этгээд “ӨТО” нөхөрлөлийг “тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Н-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Н.Нт тэнссэн хугацаанд ашигт малтмалыг эрж, хайхтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 5.7 дугаар зүйлийн 1, 9.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ӨТО” нөхөрлөлийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах газрын хэвлий нөхөн сэргээлт эвдэрсэн газрын болон нөхөн сэргээлт хийх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 2 жил 1 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 800.000 төгрөг төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч хуулийн этгээд “ӨТО” нөхөрлөлийн тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс хугацааг тоолж,

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Наас гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хохирол болох 520.125 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөр 67.038, нийт 587.163 төгрөгийг гаргуулж Их Богд байгалийн цогцолбор газар хамгаалалтын захиргаанд олгож,

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох “Hovo” маркийн 98-42 БНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 15.000.000 төгрөг, экскаватор машины үнэ 13.000.000 төгрөг, нийт 28.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож” шийдвэрлэсэн байна.

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаа бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь хуульд заасан үндэслэл бүхий болж чадаагүй. Учир нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалтад "газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи- эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” нөхөн төлөхөөр хуульчилсан байх бөгөөд хэрэгт хохирлыг хэмжээг тодорхой ойлгомжтой болгох үүднээс нэмэлт дүгнэлт гаргуулсан. “Нуман Алтай” ХХК-ны шинжээчийн 1/01 дугаартай дүгнэлтэд “тус нөхөрлөлийн эвдсэн талбайд учирсан байгаль орчны хохирлын үнэлгээ нь 209м2 буюу 0,02 га талбай бүхий 2 дугаар талбайд 173,375 төгрөг болсон байна. Тухайн эвдэгдсэн газруудыг нөхөн сэргээх зардлын хэмжээ нь 1 дүгээр талбайд 43 580 төгрөг, 2 дугаар талбайд 67,038 төгрөг болж байна. Нөхөн сэргээлтийн зардлыг тооцохдоо өмнөх дүгнэлтэд нийт талбайгаар нэг цаг хугацаанд нөхөн сэргэхээр тооцоод 83,269 төгрөг гарч байсан бөгөөд энэ удаад 2 талбайд тус тусад нь нөхөн сэргээх зардал тооцоход хоног хугацаа гэх мэт шаардагдах зардал тусдаа бодогдож нийлбэр дүнгээр 110,546 төгрөг болж байна." гэж тогтоосон нь үндэслэлтэй. Тиймээс байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ 173,375 төгрөг болох тогтоосны дагуу хохирлын хэмжээг прокуророос яллах дүгнэлтэд бичсэн бөгөөд шүүхэд гаргасан дүгнэлтдээ байгаль орчинд учруулсан хохирлыг 3 нугалж буюу нийт 520,125 төгрөгийг гаргуулахаар дурдсан бөгөөд шүүхээс Байгаль орчныг хамгаапах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5 дахь заалтад газарт учирсан хохирлыг тухайн ангиллын газрын экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ болох 520,125 төгрөгийг, мөн нөхөн сэргээх зардал 67,038 төгрөг нийт 587,163 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн үндэслэлтэй харин тухайн хохирлыг нөхөн төлөх газрыг буруу заасан хэдий ч дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс хуульд заасан эрхийнхээ хүрээнд зөвтгөх боломжтой. Нөгөөтэйгүүр хэргийг хянан хэлэлцэх явцдаа ямар нэгэн байдлаар хохиролтой холбоотой асуудлыг хэлэлцээгүй хэр нь магадлалд тусгасан хууль зөрчсөн гэж үзэж байна. Дээрх байдал нь шүүх хуралдааны бичлэгийн явцаас харагдах болно. Мөн яллах дүгнэлтэд “яллагдагч хуулийн этгээд “ӨТО” нөхөрлөлийн эрх бүхий албан тушаалтан Н.Нын үйлдсэн хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, яллагдагч хуулийн этгээд “ӨТО” нөхөрлөлийн үйлдсэн хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр тус тус зүйлчлэхээр тогтоосугай” гэж тогтоосон нь хуулийн хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд бичсэн Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх боломжгүй юм. Мөн давж заалдах шатны шүүх О.Б-г хохирогчоор тоггоосон буруу гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Байгаль орчныг хамгаалах тухай 15 дугаар зүйлд Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг заахдаа 1 дэх хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчныг хамгаалах эрхийг дэлгэрэнгүй хуульчилж өгсөн байдаг. Дээрх эрхэд байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх, тоггвортой ашиглах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тодорхой асуудлаар төлөөлөх эрхтэй байх тул тухайн хэрэгт хохирогчийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох этгээдийг томилуулах санал, хүсэлтийг холбогдох байгууллагад хүргүүлснээр эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр хохирогч, иргэний нэхэмжлэгчээр О.Б-г томилж оролцуулсан нь хууль ноцтой зөрчиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч этгээдийг буруу тогтоосон гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор А.Оюунгэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан Б.Н болон “ӨТО” нөхөрлөлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хавтаст хэрэгт авагдсан. “ӨТО” нөхөрлөлийг 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 03 дугаартай тогтоолоор яллагдагчаар татсан боловч Б.Н-г холбогдуулан бичсэн нь техникийн шинжтэй алдаа гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Н-н эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүнд буцаан олгосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хяналтын шатны шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн Н.Н, “ӨТО” нөхөрлөлд тус тус холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.

 

Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хуулиуд болон ашигт малтмал олборлох, ашиглахтай холбоотой Засгийн газраас баталсан хүчин төгөлдөр үйлчилж буй журам, тогтоолын холбогдох зүйл, заалтуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэрэгт тооцох үндсэн шалгуур, мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийн шинж, бүрэлдэхүүнтэй харьцуулан судалсны үндсэн дээр аливаа хууль бус үйлдлийг гэмт хэрэгт эсхүл зөрчилд хамаатуулан үзэж, зохих хуулиар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэж байх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Ашигт малтмалын тухай хуульд “ашигт малтмал” гэдэг нь “геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг хэлнэ” гэж заасан бол Газрын хэвлийн тухай хуульд “газрын хэвлий” гэж “газрын хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс, тухайлбал бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламжийг хэлнэ” хэмээн тус тус томъёолжээ.

 

Газрын гадаргуу, түүний хэвлий дэх эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоож, ашигт малтмалын агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор эрэл хайгуул хийн олборлолт хийх явцдаа хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүйгээр дээрх үйл ажиллагааг явуулсан эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийд халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчилсан.

 

Харин тусгай зөвшөөрөлтэй боловч ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа хуульд заасан нийтлэг үүргээ биелүүлээгүй, хуульд заасан мэдээ, тайлан, төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж өгөөгүй, ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах шаардлагыг зөрчсөн эсхүл бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн бол Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх учиртай.

 

Дэлхийн хувьсал өөрчлөлтийн үр дүнд тогтсон экологийн тулгуур объект болох газар, түүний хэвлийд өмнө хэн нэгэн нэвтрээгүй, хайгуул судалгаа, тандалт туршилт хийгдээгүй, ашигт малтмал олборлогдоогүй газарт аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдийн төлөөлөгч, хувь хүн нь шунахайн сэдэлтээр төрийн захиргааны холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авахгүйгээр хууль, журмыг санаатай зөрчиж ашигт малтмал эрэн хайсан, олборлосон, зориулалтын бусаар ашигласан үйлдэл нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбай буюу урьд өмнө ухагдаж эвдэрсэн талбайд бичил уурхайн ашигт малтмалыг зүй зохистойгоор байгаль экологид хал багатай аргаар олборлох, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа эрхлэхээр нэгдсэн хэсэг бүлэг хүмүүс /нөхөрлөл/-ийн хууль бус үйлдлээс байгаль экологид учрах эрсдэлийн түвшин, нийгмийн аюулын шинж чанар нь харьцуулашгүй их байдаг.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас харахад Н.Н нь “ӨТО” нөхөрлөлийг үүсгэн байгуулж Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Засаг даргатай Бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох 11/г022 дугаартай гэрээ байгуулж, тус сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөр толгой” гэх газар ашигт малтмал олборлох явцдаа гэрээнд заасан газраас өөр газар нөхөн сэргээлт явуулах явцад ашигт малтмал олборлож, байгаль орчинд бага хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Н.Н-т болоод “ӨТО” нөхөрлөлд эрүүгийн хариуцлага бус Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор В.Дэлгэрмаагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

             1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 48 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН