Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1006

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Ганзориг (томилолтоор), хохирогч Л.Д, шүүгдэгч Д.Ю, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Д.Ю-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04135 1093 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Д.Ю, Монгол Улсын иргэн, .... өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, ээж, дүү нарын хамт ..... тоотод оршин суудаг, .... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Ю нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 2-18 тоотод байхдаа гэр бүлийн хамаарал бүхий хүн болох төрсөн ээж Л.Д-ыг сандлаар цохиж гарыг нь хугалж, түлээний мод шидэж толгойг нь хагалж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч О овогт Д.Ю нь 2018 оны 9 дүгээр сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 2-18 тоот гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Л.Д-ын гарыг сандлаар цохиж, толгой руу нь түлээний мод шидэж, түүний бие махбодод “шуу ясны битүү хугарал, зүүн, баруун гарын бугалга тохой, шуунд цус хуралт, зүүн зулайд шарх” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Ю шүүх хуралдаанд өгсөн: “...Би мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Би хэргийн үйл баримт, зүйлчлэл, хор уршгийн талаар маргахгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Л.Д шүүх хуралдаанд өгсөн: “...Ю нь миний төрсөн хүү бөгөөд би Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баянцагааны 2-18 тоотод төрсөн дүү Д, хүү Ю, бага хүү М нарын хамт оршин суудаг. 2018 оны 9 дүгээр сарын 05-ны оройн 18 цагийн үед хүү Ю гаднаас архи уучихсан согтуу байдалтай орж ирсэн бөгөөд унтаж байгаад 21 цагийн үед боссон. Тэгээд миний дүү болох Д (нагац ах нь)-т хандаж “Дандар ахаа хоёулаа хамтдаа 1 лонх архи хуваагаад уучихъя” гэж хэлээд, гаднаас 0.5 литрийн хэмжээтэй архи авч ирээд, бид гурав хувааж уусан юм. Ю, Д-т “ахаа хоёулаа хамт явж байр түрээсэлж амьдаръя” гэтэл Дандар “би явахгүй” гэж хэлсэн бөгөөд би хажуунаас нь “чи битгий хүн уруу татаад бай” гэж хэлээд хүү бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгтэл Ю дөрвөн хөлтэй, улаан өнгийн даавуун тавцантай, бор өнгөтэй жижиг модон сандал над руу шидэхээр нь би гараараа хаатал миний гарыг оносон юм. Тэгээд гар маш их янгинаж өвдөж байсан бөгөөд Ю над руу дахиад жижиг мод шидсэн чинь миний толгойг онож хагалсан юм. Дандар Ю-г түлхэж холдуулаад гэрээс гарч хөрш айлын Ц-ыг дуудаж цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 дугаар хуудас);

4. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөрш айлын эмээ Ц утасдаад “танай гэрт бөөн юм болоод байна, хурдан ир” гэж хэлэхээр нь гэртээ иртэл цагдаа нар ирчихсэн байсан. Тухайн үед шөнийн 01 цаг болж байсан. Гэрт орж ирэхэд ээж Д орон дээр хэвтэж байсан бөгөөд ор зөндөө их цус болчихсон байсан. Д ах гэрт байсан бөгөөд түүнээс “юу болсон юм бэ” гэж асуухад “Ю ээжийг чинь сандлаар, модоор гэмтээчихсэн” гэж хариулсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 39 дүгээр хуудас);

5. Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д хаалга нүдээд “Д эгчийн хүү Ю ээжийгээ зодчихлоо” гэж хэлэхээр нь би гэрээсээ гарч урд айлд ороход гэрийн шалаар нэг цус болсон, Д гэрийнхээ баруун орон дээр толгойгоо алчуураар боочихсон, нүүр гар нь битүү цус болчихсон байхаар нь би түргэн тусламж дуудсан юм. Тэгээд “юу болсон юм бэ” гэхэд “хүү Ю сандлаар зодоод ийм болгочихлоо” гэж хэлж байсан. Д зүүн гар нь хавдсан, толгойноос нь цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);

6. Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ю эхтэйгээ маргалдаж байгаад 3 давхарласан түлээний мод аваад шидтэл Д-ын толгойг оносон бөгөөд толгой нь хагарч цус гарсан. Улаан тавцантай суудлын сандал аваад дахиад шидтэл гараараа хаасан. Гэтэл эгчийн гарыг нь оносон юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас);

7. Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр өдөр цагдаа Мөнгөнболдын хамтаар үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд “манай хөрш айлын хүү эхийгээ сандлаар цохиод ээж нь цус алдаад байна” гэсэн дуудлагын дагуу очиход хохирогч болох Д-ын толгой нь хагарсан, гар нь гэмтсэн байдалтай орон дээр хэвтэж байсан юм. Түүнчлэн дуудлага өгсөн Ц гэх эмэгтэй, Д-ын дүү гэх Дандар эрэгтэй нар хамт байсан бөгөөд Дандар нь архи уучихсан байсан болно. Харин Ю гэгч нь гараад зугтсан гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-48 дугаар хуудас);

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хэлтсийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 11072 дугаартай “...Л.Д-ын биед шуу ясны битүү хугарал, зүүн гар, баруун гар бугалга тохой, шуунд цус хуралт, зүүн зулайд шарх гэмтэл тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 16 дугаар хуудас);

9. Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Д-ын биед учирсан зүүн шуу ясны битүү хугарал нь хүндэвтэр гэмтэлд хамаарна. Зүүн зулайн шарх нь модоор цохиулах үед үүсэх боломжтой...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 5325 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон хавтанд гарсан хугарсан гэмтлүүд нь дээрх модон хавтангуудыг хөших, хатуу мохоо зүйлээр уг модыг цохих, эсхүл уг модоор хатуу мохоо зүйлийг цохих үед тус тус гарсан гэмтлүүд байж болно. Дээрх модон хавтангийн 5 дугаарласан талын хугарсан гэмтлийн зах ирмэг өнгөө алдаж гандсан байх хуучин, бусад гэмтлүүдийн зах ирмэг өнгөө алдаж гандаагүй байх тул шинэ гэмтэл байна” гэсэн дүгнэлт (хх-ийн 22 дугаар хуудас);

11. Шүүгдэгч Д.Ю иргэний үнэмлэхийн дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 55 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 56 дугаар хуудас);

12. Шүүгдэгч Д.Ю мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би эхийгээ зодож гэмтээсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 93-94 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Л.Д-ын бие махбодод хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.Ю, хохирогч Л.Д нар нэг гэрт хамт амьдардаг бөгөөд төрсөн эх, хүүхдийн холбоотой гэр бүлийн гишүүд байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Д.Ю-г “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Д.Ю-гийн үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.Д-ын биед халдаж, хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Д.Ю нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Ю “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Л.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.Ю-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ю нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Шүүгдэгч Д.Ю-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэрээр энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сандал, гурван хэсэг бүхий хугарсан хоёр ширхэг хадаастай хавтан, эрээн өнгийн дэр, ногоон өнгийн алчуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “....Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа ойлгож байгаа бөгөөд гэмт хэргийн хохирогч болох Д нь түүний төрсөн эх юм. Тиймээс тэрээр ажил хийж, эхдээ эмчилгээ хийлгэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан шүүгдэгч Д.Ю-д мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоох албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэв.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн аваагүй болно. Нэг талаас, өмгөөлөгчийн санал нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирогчид бий болсон өвчин шаналал, түүний эрүүл мэндийг сарниулсан хугацаа зэрэг нөхцөл байдалд тохирохгүй байна. Нөгөө талаас, шүүгдэгч нь төрүүлж, өсгөсөн эхийнхээ эсрэг амь насанд нь аюултай байдлаар халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Ю-ийн эрх чөлөөг хуульд заасан богино хугацаагаар хязгаарлаж, нийгмээс тусгаарлан цээрлүүлэх нь зүйтэй юм.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Ю-д зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хор уршгийн хэр хэмжээ, хохирол төлбөр, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сандал, гурван хэсэг бүхий хугарсан хоёр ширхэг хадаастай хавтан, эрээн өнгийн дэр, ногоон өнгийн алчуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О овогт Д.Ю-г “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Д.Ю-д зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ю-д оногдуулсан зургаан сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сандал, гурван хэсэг бүхий хугарсан хоёр ширхэг хадаастай хавтан, эрээн өнгийн дэр, ногоон өнгийн алчуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Ю цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Д.Ю-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хорих ялын хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Ю-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА