Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1008

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Ганзориг (томилолтоор), шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 03501 0927 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Р.М, Монгол Улсын иргэн, ..... өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг, эх, хүүхдийн хамт ..... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ......, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарьд караокены үүдэнд П.Н-гийн гэдэс рүү жийж, нүүр лүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Шүүгдэгч Б овогт Р.М нь 2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гарьд караокены үүдэнд П.Н-ийн гэдэс рүү жийж, нүүр лүү нь гараараа цохиж, түүний бие махбодод “баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, зүүн дээд хоёрдугаар шүдний хүзүү хэсгийн хугарал, доод уруулын дотор салтын язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Р.М шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч П.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 21 цагийн үед хамаатан Энхсайхантай хамт Баянхошууны хуучин эцэс орчимд байрлах нэг караокед ороод, тус бүр 4 ширхэг шар айраг авч уусан. Гэтэл хамт явсан Энхсайхан гадна байсан хоёр залуугийн нэгэнтэй нь маргалдаад байж байсан. Юунаас болж маргалдсан гэдгийг сайн мэдэхгүй байна. Миний бодлоор тамхи асуусан байх, гэтэл нөгөө залуутай Энхсайхан зууралдаад байхаар нь би салгах гэтэл нөгөө хоёр залуугийн нэг нь эргэж хараад шууд миний гэдэс рүү жийгээд унагасан. Босоод ирэхэд нүүр лүү өшиглөсөн. Тэгтэл миний амнаас цус гарсан юм. Намайг цохисон залуу зугтаасан. Тэгээд би цагдаа дуудсан. Би шүдний эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгэж байгаа, нийт гарах зардлыг одоогоор сайн мэдэхгүй байна. Цаашид эмчилгээний зардлын баримтаа гаргаж өгнө…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-19 дүгээр хуудас),

“...Одоо надад эмчилгээний зардалтай холбогдуулж баримт бичиг байхгүй. Миний бие одоо зүгээр болсон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 85-87 дугаар хуудас);

3. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 21-нээс 22-нд шилжиж шөнө 01 цагийн үед найз маагаа буюу М руу залгаад Баянхошууны тойргийн орчим гэрт нь такситай очоод “ганц архи ууя, онгорхой газар байна уу” гэтэл манай найз Маагаа намайг дагуулаад Баянхошууны тойргийн тэнд байдаг караоке бааранд орсон юм. Би найз дээрээ ирэхээсээ өмнө архи уусан байсан. Тэгээд бид хоёр бааранд ороод нэг шил архи хоёр ширхэг ус авч уугаад 03 цагийн үед  явахаар болоод гарсан. Нэг мэдсэн чинь баарны гадна нэг хүүхэн намайг заамдсан байсан. Би нэг хэсэг ухаан баларсан байсан юм. Гэтэл манай найз алга болсон байсан. Харин нөгөө хүүхэн цагдаа дуудсан байсан бөгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 09-10 дугаар хуудас);

4. Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг гарсан өдөр буюу 2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би найз Н-тай хамт 22 цагийн үед Баянхошууны хуучин эцэс орчимд нэг бааранд ороод тус бүр 4 лонх буюу нийт 8 лонх шар айраг аваад хувааж ууцгаасан. Тэгээд бид хоёр харих гээд баарнаас гарахад ойролцоогоор 03 цаг болж байсан. Баарны үүдэнд 2 залуу зогсож байхаар нь очоод “тамхи байна уу” гэж асуусан чинь “байхгүй” гээд уурлах шиг болсон. Тэгээд нэг мэдэхэд нөгөө залуутай маргалдаад зууралдаад эхэлсэн байсан. Миний хувьд нэлээд согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ огт санахгүй байна аа. Ямар ч байсан би өөрөө очиж байснаа санаад байгаа юм, нэг харахад Н-ийн амнаас цус гарсан байхыг хараад би эрүүл болоод эхэлсэн. Тэгээд цагдаа дуудсан юм...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 20-21 дүгээр хуудас);

5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 9020 дугаартай “...П.Н-ийн биед баруун дээд нэгдүгээр шүдний булгарал, зүүн дээд хоёрдугаар шүдний хүзүү хэсгийн хугарал, доод уруулын дотор салтын язрал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 23 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Р.М иргэний бүртгэлийн нэгдсэн лавлагаа (хх-ийн 44 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 33 дугаар хуудас);

7. Шүүгдэгч Р.М мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороонд байх Гарьд бааранд өөрийн найз болох Б-тэй хамт 0.5 литрийн Соёрхол архи хувааж уучихаад шөнө 03:00 цагийн үед гарцгаасан. Тэгээд харих гээд зам дагаад алхтал тэр бааранд сууж байсан 2 хүүхэн гарч ирээд нэг нь надаас тамхи нэхэхээр нь би “байхгүй” гэтэл тэр хүүхэн миний гарт байсан цэвэр усыг булааж авч уучихаад буцаагаад өгсөн. Би савтай усаа бариад зогсож байсан чинь нөгөө хүүхэн “чи миний уусан уснаас сэжиглээд байгаа юм уу, хаашаа юм бэ, наад усаа уул даа” гэхээр нь би хараад зогсож байтал дахин булааж авчихаад усыг маань газарт асгачихсан. Тэгснээ “муусайн зайсангийн баячууд, энэ Баянхошуунд юу хийж явдаг юм бэ” гээд агсамнаад, хэрүүл өдөөд дайрахаар нь би тэр хүүхнийг түлхтэл цаана зогсож байсан энэ хэргийн хохирогч болох Н гүйгээд ирэхээр нь “намайг элбэж байгаад зодох нь” гэж бодоод би гараараа савсан чинь нүүр лүү нь цохисон. Тэгээд би гэдэс рүү нь байхаа бас нэг өшиглөчихсөн юм аа. Тэгтэл Н-ийн амнаас нь цус гарахаар нь би айгаад зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52-58 дугаар хуудас);

“...Би хохирогч Н гэдэс рүү нь гуталтай хөлөөрөө жийж, нүүр лүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Харин нүүр лүү нь өшиглөөгүй. Гэхдээ би хохирогч Н-ийн биед гэмтэл учруулсан нь үнэн, миний буруу, гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарлаж байна. Би хохирогч Н-д эмчилгээний зардал болох 1,300,000 төгрөгийг төлж барагдуулсан. Би шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 9020 дугаартай дүгнэлттэй нэг бүрчлэн танилцсан бөгөөд хүлээн зөвшөөрч байна. Тийм учраас би гэм буруугаа ойлгон ухамсарлаж эмчилгээний зардал мөнгийг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 88-89 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч П.Н-ийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Р.М-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч П.Н-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.М-гхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч П.Н нь гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд гарсан эмчилгээний зардлаа авсан талаар бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Р.М бусдад төлөх төлбөргүй гэж үзэн  тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Р.М нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн учирсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Шүүгдэгч Р.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Р.М-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч Р.М торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.М-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА