Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 312/ШШ2025/02600

 

 

 

 

 

2025 12 09 312/ШШ2025/02600

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Г.Жаргалтуяа, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Орхон сум, 1-р баг, Цагаан овооны 8-802 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******, утас:***********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг, 6-27 тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* /РД:*******, утас:*********/-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагч Ц.*******, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, иргэдийн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: ...2024 оны 08 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутын орчимд халтар азаргатай адуугаа өөрийн малчин Ц.Гүрнанжидын хамт Сант сум талаас Орхон голын гүүрийг гаргах явцад Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан Hyundai starex загварын 74-09ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирж, сартай халтар зүсмийн 12 настай зүүн гуяндаа ширээтэй дэгрээ тамгатай азаргыг маань мөргөсөн. Мөргөсний улмаас зүүн талын сүүжний яс, сүвэйний хавиргууд хугарч улмаар шөнийн 01 цаг 30 минутын орчимд үхсэн. Тус азаргыг 2022 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Ариунболд гэх хүнээс 30,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний бие нь өөрийн аав аймгийн алдарт уяач Т.*******ийн өсгөн үржүүлж байсан хурдан удмын адуун сүргийг өвлөн авч, өөрийн боломжоороо хурдан удмын азаргуудаар сайжруулалт хийж шинэ цагийн хурдан адуутай болох зорилт тавин өсгөж үржүүлж, маллаж байсан. Тус сартай халтар зүсмийн, 12 настай, зүүн гуяндаа ширээтэй дэгрээ тамгатай азарга маань Төв аймгийн Цээл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач ийнгийн ОХУ-аас оруулж ирсэн англи халтар азарганы төл болно. Энэ халтар азарганы төлүүд нь улс бүсийн чанартай наадамд 30 гаруй айраг түрүү авсан байдаг. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтэс уг зам тээврийн ослоор 2433000249 дугаартай зөрчлийн хэрэг нээн шалгасан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн ахмад Х.*******ын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан Эрх бүхий албан тушаалтны магадлагааны 2.1 дэх хэсэгт Hyundai starex загварын 74-09ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-т тээврийн хэрэгслийн хурд, 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзсэн. Иймд шинжээчийн дүгнэлтийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ашид билгүүн ХХК-иар гаргуулсан. Тухайн шинжээчийн дүгнэлтээр сартай халтар зүсмийн, 12 настай, зүүн гуяндаа ширээтэй дэгрээ тамгатай азарга нь Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн газар, улсын байцаагчийн дүгнэлт-ийг үндэслэн хурдан удмын Английн 75-тай азарга гэж үзэн хохирлын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 08 дугаар сарын байдлаар 25,000,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээг 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Цагдаагийн байгууллагаас Hyundai starex загварын 74-09ОРБ тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.******* бид хоёрт танилцуулсан. Ц.******* нь адууны үнэлгээтэй танилцлаа, санал хүсэлт алга гэж үнэлгээг зөвшөөрсөн. Гэвч одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байх тул 25,000,000 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү... гэв.

2. Хариуцагч Ц.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд: ...Иргэн Г.*******гийн шүүхэд ирүүлсэн Ц.******* надаас азарган адууны үнэ 25,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Намайг 2025 оны 08 сарын 11-ний өдөр эхнэр Ц.гийн хамт Улаанбаатар хотоос гарч Дарханаас Орхоны чиглэлд Huyndai Starex 7409 ОРБ дугаарын автомашин жолоодон явж байхад 21 цаг орчимд бүрэнхий болж байхад Орхоны гүүрэн дээгүүр гартал зам дээр адуу харагдсан ба үргэж хөдлөхгүй байсан тул тормос гишгэж хурдаа хасан бөгсөн хэсгээр нь тойрон гарах үйлдэл хийтэл уг адуу буцаж эргэн миний машины урд гуфер хэсгээр бөгсөн хэсэг нь мөргөгдсөн үйл явдал болсон нь үнэн. Энэ осол дээр Сэлэнгэ аймгийн сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ажилтан Х.******* Зөрчлийн хэрэг бүртгэлт хийж малын эзэн Г.******* болон жолооч Ц.******* биднийг аль алийг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж үзэж зохих торгууль ногдуулсан. Энэ Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад миний бие малын эзнийг буруутай гэж үзэж байгаа талаар тайлбар мэдүүлгээ өгсөн ба "Ашид билгүүн" ХХК-ийн гаргасан азаргыг 25,000,000 сая төгрөгөөр үнэлсэн үнэлгээг надад танилцуулсан. Үүнээс хойш нэг жил болсны дараа Г.******* нь намайг дангаар буруутай гэж үзэж дээрх нэхэмжлэл ирүүлснийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ түүний үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч Б.Бүрэнбаярын дүгнэлт нь бодит байдалд болон зохих хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Уг азарга миний машинд мөргүүлсэн гэх асуудалд малын эзэн болон малчин нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг илт зөрчсөн, мал зам дээр байснаас нилээд цаана /ертөнцийн зүгээр хойно/ мал зам гарах замын тэмдэглэгээ байгаа бөгөөд тэд дүрмийг биелүүлж тэрхүү тэмдэглэгээгээр малаа бөөнөөр тууж гарсан бол жолоочид тэмдэглэгээ болон мал сайтар харагдан осол гаргахгүй байх бүрэн боломжтой байсан. Миний бие нь тормоз гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Би буруугүй 60 км цагийн хурдтай явж байсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, бараан зүсмийн адуу гэнэт гарч ирээд чигээрээ яваад эргээд буцахдаа унасан, уначихаад босож чадахгүй байсан тэгээд би очоод мөргөсөн. Г.*******гийн буруу, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.... гэв.

4. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:гэм буруугүй үнэлгээ өндөр байна. Гэм буруугийн байдал эргэлзээтэй байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2433000249 дугаартай зөрчлийн хэргийн материал, эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах хугацааг сунгах тухай тогтоол, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Г.*******гийн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Г.*******гийн мэдүүлэг, Ц.*******ын мэдүүлэг, гэрч Д.гийн мэдүүлэг, гэрч Э.Ариунболдын мэдүүлэг, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас, Ц.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Сэлэнгэ аймгийн мал эмнэлгийн улсын байцаагчийн дүгнэлт, Г.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шийтгэлийн хуудас, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зөрчлийн хэргийг прокурорт хүргүүлэх тухай тогтоол, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагчаас тээврийн хэрэгслийн фото зураг, хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хийх журам, Малын удам зүйн үнэлгээний бүртгэлийн журам зэрэг баримтуудыг хэрэгт тус тус гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчын тайлбарыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан гэм хорын хохиролд 25,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2024 оны 08 дугаар сарын 11-ний орой 20 цаг 30 минутын орчимд халтар азаргатай адуугаа өөрийн малчин Ц.Гүрнанжидын хамт Сант сум талаас Орхон голын гүүрийг гаргах явцад Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан Hyundai starex загварын 74-09ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирж, сартай халтар зүсмийн 12 настай зүүн гуяндаа ширээтэй дэгрээ тамгатай азаргыг маань мөргөсөн. Мөргөсний улмаас зүүн талын сүүжний яс, сүвэйний хавиргууд хугарч улмаар шөнийн 01 цаг 30 минутын орчимд үхсэн. Ц.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12-т тээврийн хэрэгслийн хурд, 12.3-т заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн, шинжээчийн дүгнэлтийг Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг Ашид билгүүн ХХК-иар гаргуулсан, 25,000,000 төгрөгийн хохирлыг маань барагдуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч У.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр эхнэр Ц.гийн хамт Улаанбаатар хотоос гарч Дарханаас Орхоны чиглэлд Huyndai Starex 7409 ОРБ дугаарын автомашин жолоодон явж байхад 21 цаг орчимд бүрэнхий болж байхад Орхоны гүүрэн дээгүүр гартал зам дээр адуу харагдсан ба үргэж хөдлөхгүй байсан тул тормос гишгэж хурдаа хасан бөгсөн хэсгээр нь тойрон гарах үйлдэл хийтэл уг адуу буцаж эргэн миний машины урд гуфер хэсгээр бөгсөн хэсэг нь мөргөгдсөн үйл явдал болсон нь үнэн. Энэ осол дээр Сэлэнгэ аймгийн сайхан сумын Цагдаагийн хэлтсийн ажилтан Х.******* Зөрчлийн хэрэг бүртгэлт хийж малын эзэн Г.******* болон жолооч Ц.******* биднийг аль алийг нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай гэж үзэж зохих торгууль ногдуулсан. Энэ Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад миний бие малын эзнийг буруутай гэж үзэж байгаа талаар тайлбар мэдүүлгээ өгсөн ба "Ашид билгүүн" ХХК-ийн гаргасан азаргыг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг надад танилцуулсан. Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ түүний үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагч Б.Бүрэнбаярын дүгнэлт нь бодит байдалд болон зохих хууль тогтоомжид нийцээгүй үндэслэлгүй гэж үзэж байна. Уг азарга миний машинд мөргүүлсэн гэх асуудалд малын эзэн болон малчин нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг илт зөрчсөн, мал зам дээр байснаас нилээд цаана /ертөнцийн зүгээр хойно/ мал зам гарах замын тэмдэглэгээ байгаа бөгөөд тэд дүрмийг биелүүлж тэрхүү тэмдэглэгээгээр малаа бөөнөөр тууж гарсан бол жолоочид тэмдэглэгээ болон мал сайтар харагдан осол гаргахгүй байх бүрэн боломжтой байсан. Миний бие нь тормоз гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй... гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар хариуцагч Ц.******* нь 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Huyndai Starex маркийн 74-09 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Орхон аймаг руу явах замдаа Орхон голын гүүрийг гарах явцад нэхэмжлэгч Г.*******гийн сартай халтар зүсмийн азаргыг мөргөснөөс азарга үрэгдсэн, хариуцагч Ц.*******ын жолоодож явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл үүссэн, нэхэмжлэгч Г.*******, Ц.Гүрнанжидын хамт азарга болон адуугаа тууж явсан үйл баримт тогтоогдсон, зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй. Харин зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн жолооч Ц.*******, азарганы өмчлөгч Г.******* нарын гэм буруутэй эсэх болон азаргыг үнэлсэн үнэлгээний талаар маргасан.

 

5. Зохигч тээврийн хэрэгсэл болон азаргын өмчлөлийн талаар маргаагүй тул нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Ц.*******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж үзнэ.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эрх бүхий албан тушаалтны 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн магадлагаагаар малчин Г.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27. Замын хөдөлгөөнд оролцогчдоос бусад иргэн, хуулийн этгээдийн үүрэг з/ хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулгагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй, Huyndai Starex маркийн 74-09 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолооч Ц.******* нь замын хөдөлгөөний дүрмийн 12. Тээврийн хэрэгслийн хурд 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэн, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шийтгэлийн хуудсаар Ц.*******ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-т зааснаар 100,000 төгрөгөөр, Г.*******г Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 52.1-т зааснаар 20,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх ба зохигчийн хэн аль нь эрх бүхий албан тушаалтны магадлагаа болон шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсанд гомдол гаргаагүй, шийтгэлийг зохигч биелүүлсэн байна. /24х, 61-64х/

 

7. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Г.*******гийн азарганы үнэлгээг тогтоолгохоор Ашид Билгүүн ХХК-ийг шинжээч томилж, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ТХҮ-924/10676 дугаартай шинжээчийн дүгнэлтээр азаргыг 25,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд зохигч үнэлгээтэй танилцаад гомдол санал гаргаагүй байна. /25-32х/

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, мөн зүйлийн 497.2-т Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж тус тус заасан. 

 

9. Гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд гэм хор учирсан байх, тухайн үйлдэл эсхүл эс үйлдэхүй болон учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо байх, гэм хор учруулагч нь гэм буруутай байх гэсэн нөхцөл бүрдсэн үед гэм хорыг арилгах үүрэг үүсэх үндэслэлтэй. Харин гэм буруу нь санаатай эсхүл болгоомжгүй гэсэн хоёр хэлбэртэй байх бөгөөд гэм хор учруулагчийн санаа зориг, сэтгэхүйн үйлдэлтэй холбоотойгоор гэм буруугийн санаатай хэлбэрийг шууд, шууд бус гэж, харин болгоомжгүй хэлбэрийг нь хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэх байдлаар ялган авч үздэг. 

 

10. Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчийн хэн аль нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хэн алиндаа хохирол учруулсан байна.

 

11. Хариуцагч Ц.*******, түүний өмгөөлөгч нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг илт зөрчсөн, мал зам дээр байснаас нэлээд цаана /ертөнцийн зүгээр хойно/ мал зам гарах замын тэмдэглэгээ байгаа бөгөөд тэд дүрмийг биелүүлж тэрхүү тэмдэглэгээгээр малаа бөөнөөр тууж гарсан бол жолоочид тэмдэглэгээ болон мал сайтар харагдан осол гаргахгүй байх бүрэн боломжтой байсан. Миний бие нь тормоз гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хурд хэтрүүлсэн нь тогтоогдоогүй, зогсоох арга хэмжээ авсан, Сэлэнгэ аймгийн Мал эмнэлгийн газрын улсын байцаагчийн албан бичгийн үндэслэн үнэлгээ тогтоосон, Ашид билгүүн ХХК мал амьтны үнэлгээ хийх эрхгүй...гэж маргасан.

 

12. Замын хөдөлгөөний дүрэмд Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих бөгөөд дүрмийн өөрт хамаарах заалтыг сахин биелүүлэх үүрэгтэй. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явах, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж тус тус заасан байна.

 

13. Хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбараар зам тээврийн осол нь хатуу хучилттай засмал зам дээр орой 20 цаг 30 минутын үед гарсан байх бөгөөд жолооч Ц.*******ыг хурд хэтрүүлсэн эсхүл хэтрүүлээгүй явсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй боловч тээврийн хэрэгслийн жолооч нь өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийг зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн жолооч Ц.******* нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэж үзсэн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шинжээчийн дүгнэлт, шийтгэлийн хуудсанд гомдол гаргах эрхтэй байсан атал гомдол гаргаагүй, шийтгэлийг биелүүлснээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дахин үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу дээрх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

14. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар тээврийн хэрэгслийн жолооч бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд жолооч болон малчны хэн аль нь зам тээврийн осол гарахад гэм буруутай байх тул хохирлыг тус тус 50 хувиар хариуцуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

15. Иймд хариуцагч Ц.*******аас 25,000,000 төгрөгийн тавин хувь болох 12,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,500,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

16. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Э.******* нь гэм буруугүй үнэлгээ өндөр байна, гэм буруугийн байдал эргэлзээтэй гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

17. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,500,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 214,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч Ц.*******аас 12,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олдож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12,500,000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Г.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 283,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Г.ЖАРГАЛТУЯА

 

Г.ЭНХТУНГАЛАГ