| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03782/И |
| Дугаар | 312/ШШ2026/01303 |
| Огноо | 2026-04-09 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 312/ШШ2026/01303
2026 04 09 312/ШШ2026/01303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Найрамдал талбай, ********** байрлах ******* /РД:******, утас:******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 10-р баг, Наран ****** тоотод байрлах, ****** ХХК / РД:*******, утас:*******/-д холбогдох,
“********** төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Б.*******, хариуцагчийн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн өмгөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “ЭБСЗ” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Плазмаар зүсэгч суурь машин” худалдах, худалдан авах 2/270-22 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан. Тухайн компани нь тус гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр барааг бүрэн нийлүүлж, тус үйлдвэрийн газраас гэрээний төлбөр 1,064,400,000 төгрөгийг тухайн компанийн дансанд шилжүүлсэн. Гэвч “ЭБСЗ” ХХК-ийн тус үйлдвэрийн газарт тендерт шалгарч, гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байсан тул тус компанийн төлөөлөгч Б.Батзориг болон холбогдох мэргэжлийн төлөөллийг байлцуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар “ЭБСЗ” ХХК-ийн зүгээс техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн өөр суурь машин санал болгож, техникийн үзүүлэлтүүд болон холбогдох техникийн баримт бичгүүдийг монгол хэл рүү орчуулж, тус үйлдвэрийн газрын захиалагч бүтцийн нэгж болох Засвар механикийн заводын холбогдох ажилтнуудад танилцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тухайн компанийн шинээр санал болгосон суурь машины үзүүлэлтүүд техникийн тодорхойлолтын шаардлагыг дахин хангаагүй тул 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн талуудын хамтарсан хурлаар “ЭБСЗ” ХХК-д тендерт оролцохдоо санал болгосон суурь машиныг дахин судалж, техникийн үзүүлэлтийг танилцуулах шийдвэрийг гаргаж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болно. Энэ хугацаанд (2025.04.28-аас нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх) тус компанийн төлөөлөлтэй удаа дараалан холбогдсон боловч тодорхой шийдэлд хүрэлгүй өнөөдрийг хүрлээ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй”, 261 дүгээр зүйлийн 261.1-т “Худалдах-худалдан авах гэрээний нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана” гэж тус тус заасан. Иймд худалдагч “ЭБСЗ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эд хөрөнгийн доголдол бүхий бараа нийлүүлж, түүнийгээ сайн дураар буцаан авч солих тохиролцоогоо зөрчсөн тул харилцан өгсөн, авсан зүйлээ буцааж, тухайн компаниас 1,064,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд: “...Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болон ЭБСЗ ХХК-ийн хооронд тендер зарлагдсан, тендерээр компани орж ирсэн, гэрээ байгуулагдсан гэдэг асуудал дээр талууд ямар нэгэн маргаан байдаггүй. Гэрээний дагуу нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүн маань стандартын шаардлага хангаж байна уу? яаж хүлээж авсан бэ? ямар нөхцөл байдалтай байгаа вэ? гэдэг дээр л асуудал байгаа юм. Байгуулагдсан гэрээний хугацаанд 100% тоног төхөөрөмжийг нийлүүлэх байсан. Гэвч 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлээд туршилт тохируулгын ажлууд явагдсан. Гэрээний 3.1-д зааснаар худалдан авагч барааг бүрэн хүлээн авагч талуудад одоо баримт үйлдсэнээр барааг хүлээж авсанд тооцно гээд гэрээний 3.1.1 дэх заалтын дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гэрээнд дүгнэсэн акт үйлдэгдсэн учраас бараа материалыг хүлээж авсан гэж үзэж байгаа. Хүлээж аваад энэ асуудал дуусчихгүй, та бүгд мэдэж байгаа. Плазмаар зүсэгч суурь машиныг юунд зориулж, ямар нөхцөлөөр авах гээд байгаа юм, цаашдын үр дүн нь юу юм бэ гэдэг зүйлүүдийг л маш сайн харгалзаж үзэх ёстой гэж бодож байна. Жишээлбэл кофений машин авлаа гэж бодоход тухайн кофений машин нь ассан хэр нь кофе гаргахгүй байна гэдгийг доголдолтой бүтээгдэхүүн л гэж үзнэ. Шүүгч хэмжээсүүдийн зөрүүтэй байдал нь нүдээр харагдахад илт мэдэгдэх юм уу, үгүй юм уу гэж асуусан. Нүдээр харахад ширээ байна гэдгийг хэн ч хараад ширээ байна гэдгийг мэднэ. Гэхдээ ширээний хэмжээс нь ямар байна гэдгийг бид тааж мэдэхгүй. Жишээлбэл, энэ ширээ 1м 20см байна даа гээд нүдээрээ хараад хэллээ гэж бодоход хэмжээд үзэхэд ондоо байгаа. Үүнтэй адилхнаар хэмжээсүүдийн хувьд 50, 60см-ийн зөрүүтэй 20,30мм зөрүүтэй байна гэдэг бол өөр асуудал. Техникийн нарийн тоног төхөөрөмж зүсэж байгаа суурь машинуудын хувьд хэмжээс маш чухал. Яагаад гэвэл ширээн дээрээ хэдэн миллиметрийн юм тавьж байгаад зүссэн, тэр хэмжээснээсээ үүдэлтэй нааш цаашхи хэмжээ зөрөх асуудлууд байдаг. Техникийн есөн үзүүлэлт, өөрөөр хэлбэл ширээний өндөр өргөн, тоон удирдлагын систем, удирдлагын системийн бүх юмнууд нь зөрүүтэй байна гэдэг нь хүссэн бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна гэсэн үг. Бид өгсөн авсан зүйлээ буцаая гэж ярьж байгаа болохоос биш алдагдсан боломж гээд ярих юм бол гэм хорын хохирлын асуудал яригдана. Гэрээний 5.2.1 дэх хэсэгт ашигласнаас хойш 12 сарын хугацаанд чанарын баталгаа гаргана. Аливаа доголдлын худалдан авагчийн тогтоосон хугацаанд арилгана гэж заасан. Худалдан авах ажиллагааны газраараа дамжуулаад 3 удаагийн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Техникийн нарийн үзүүлэлтүүдийг нь манай мэргэжилтнүүд дутуу шалгасан асуудлын тухайд эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болчихсон учраас нөлөөлсөн нөлөөлөөгүй гэж хэлж болохгүй байна. Гэхдээ ямарваа нэгэн байдлаар хувийн ашиг сонирхол байсан уу? ажил албан тушаалын байдалдаа хайхрамжгүй хандсан гэх нөхцөл байдлуудаас шалтгаалаад гэрээ хянана гэдэг байдлаар дүгнэчихсэн. Гэхдээ гэрээний дагуу баталгаат хугацаа тогтоочихсон. Өөрөөр хэлбэл худалдагч талаас баталгаат хугацаа 12 сар, ашиглалтын хугацаанд баталгаат хугацаа 72 сар. Манай зүгээс 12 сарын дотор буюу 2024 оны 03 дугаар сард техникийн шаардлагыг хангахгүй байна гээд мэдэгдэл хүргүүлсэн. Хэрэв хүлээгээд авчихсан гэж үзэж байгаа бол чанарын баталгаат хугацаандаа асуудлаа зохицуулаад, техникийн үзүүлэлтүүдээ засаад засварлаад өгчих. Бид шинэ бүтээгдэхүүн авна гэж анхнаасаа яриагүй. Засаад засварлаад хэвийн ажиллагаанд нь оруулаад өгчих. Одоо ажиллаж байгаа юу гэвэл ажиллаж байгаа. Гэхдээ хүссэн үр дүн, бүтээгдэхүүн гаргаж чадахгүй болохоор ажиллуулаад яах юм, тог цахилгаан л үрнэ. Утаа, тоос гараад хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлага хангахгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гээд ярихад маш их асуудал яригдана. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах байх. 2022 оны 06 дугаар сард гэрээ байгуулагдсан. Гэрээний эрх зүйн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 3 жил. Гэхдээ бид нарын гэрээний нөхцөл байдал арай өөр байсан гэж үзэж байгаа юм. Гэрээний дагуу баталгаат хугацаанд шаардлага гаргах эрх нээлттэй байсан. Гэрээний дагуу 1 сарын дотор хариу өгөх үүрэгтэй байсан. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар ямарваа нэгэн байдлаар 1 сарын дотор хариу өгсөн гэх нотлох баримт харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн биелэлт хангагдсан гэж үзэх үндэслэлгүй тул гэрээ цуцлах мэдэгдлийг удаа дараа хүргүүлж байсан. Хэрэв энэ шаардлагыг хүлээж авахгүй бол бид нар гэрээгээ цуцлах гэж байна шүү гэдэг мэдэгдлийг хүргүүлж байсан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, бид нар гомдлын шаардлага гаргах хугацаанд хуулийн дагуу, гэрээнд заасан заалтын дагуу шаардлагаа гаргасан байна. Шаардлага гаргасаар байтал ЭБСЗ ХХК хариу мэдэгдээгүй эс үйлдэхүй гаргасан. Батзориг гэдэг хүнийг төлөөлөх эрхгүй этгээд гэж байна. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх ёстой. Нэхэмжлэгч, хариуцагчаас гаргаж байгаа тайлбар, нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ. Хариуцагчийн төлөөлөгч 2024 оны 6 сард томилогдсон. Томилогдохоосоо өмнө болон дараа нь Батзоригт ямар асуудал болоод байгаа юм судлаад ир гэдэг чиглэлийг өгч байсан гэж тайлбарлаж байна. Тэгэхээр Батзориг гэдэг хүнд чиглэл өгч байсан юм байна. Өөрөөр хэлбэл огт холбоогүй гэдэг тайлбар үгүйсгэгдэж байна. Гэрээ хүчин төгөлдөр болох, хэлцэл хэзээ хүчин төгөлдөр болох вэ гэдэг асуудал байдаг. Нөгөө тал буюу эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрснөөр хэлцэл хэзээ хүчин төгөлдөр болно. Хэдий төлөөлөх бичиг гаргаагүй ч гэсэн үйлдлээрээ зөвшөөрч байгаа тохиолдолд гэрээ хэлцэл хүчин төгөлдөр болно гэх хуулийн заалтууд байдаг. ЭБСЗ ХХК асуудлыг хүлээж аваад шийдвэрлэх ёстой байтал шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн боломжтой. Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг хүлээж авах үедээ уг доголдлын талаар мэдэх, бүрэн мэдэх боломжтой гэж тайлбарладаг. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхэлдэг хүлээн авагч уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгө шилжүүлэн авах үедээ нэн тэргүүнд шалган авах үүргээ биелүүлээгүй гэдэг асуудал яригдаж байна. Шалган авах үүргээ биелүүлэх нөхцөл байдал нь хүсэл зоригийн илэрхийллээс хамаарах ёстой. Хүсэл зоригийн илэрхийлэл гэдэг нь худалдан авагч талын хүсэл сонирхолд нийцэж байна уу гэдгийг харах ёстой. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дах хэсэгт эд хөрөнгийг шилжүүлэх үедээ түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол 255.1 дэх хэсэгт заасан нөхцөл хамаарахгүй гэж заасан. ЭБСЗ ХХК-г бүх нөхцөл байдлаа мэдэж байсан гэж үзэж байгаа. Батзоригийн хувьд ийм асуудалтай юм байна, тэрийг нь зөвшөөрье, нийлүүлье, гэхдээ цаад Хятад компанитайгаа ярьж байна, уулзаж байна, хятад компанитайгаа ярьсан, уулзсан, нийлүүлье гэсэн чинь мэргэжлийн ажилтнаа явуулаагүйгээс үүдэлтэйгээр асуудал гарчихлаа гэдэг тайлбаруудыг өгсөн байна. Гэрчээр хууль сануулж өгсөн мэдүүлгүүд дээр ямар нөхцөл байдал болсон бэ гэдэг нь тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн доголдолтой байсан гэдгийг нь зориуд санаатай нуун далдалж худалдан авах нөхцөл байдал үүсгэсэн байхыг үгүйсгэхгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.7 дах хэсэгт эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж заасан. 9 төрлийн зөрчлийг гол доголдол гэж үзнэ. Яагаад гэвэл хүссэн үр дүнгээ гаргаж авч чадахгүй байгаа нөхцөл байдал үүссэн. Ийм учраас Иргэний хуулийн 254.7-д заасны дагуу гол доголдлыг баталгаат хугацаанд илрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал үүсэж байна. Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө бол төрийн өмч. Төрийн өмч гэдэг нь ард түмний өмч. Ард түмний өмчийг ингэж үнэгүйдүүлж, хаяж болохгүй. Өөрөөр хэлбэл 1,000,000,000 төгрөгөөр авсан ч бай 100,000,000 төгрөгөөр худалдан авсан байсан ч үр дүнгээ өгөөд бодит бүтээгдэхүүн гарах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар ямар ч үр дүн гаргахгүй, тоосонд дарагдаж байгаа нөхцөл байдалд 1,064,000,000 төгрөгийг салхинд хийсгэж чадахгүй. Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын хувьд гэм хорын хохирлын үр дагаврыг шаардахгүй байгаа. Мөн алдагдсан боломжийн талаар шаардлага гаргаагүй. Зөвхөн авсан өгсөн зүйлсээ буцаая гэдэг асуудал яригдаж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд: “...Суурь машины техникийн тодорхойлолтын зарим нэг шаардлага зөрж байгаа. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль зөрчигдөж байгаа. Зөрчөөд байгаа гэдгийг хамгийн энгийнээр тайлбарлавал үзүүлэлт доогуур гэж хэлж болно. Бид нарын тавьсан шаардлагаас “ЭБСЗ” ХХК-ийн нийлүүлсэн суурь машины үзүүлэлт доогуур. За хамгийн энгийн жишээ нь суурь машин дээр ган хуудас зүсдэг ширээ байгаа. Тухайн ширээний хэмжээ зөрсөн байдаг. Айби систем буюу командаар зүсэлт хийх ёстой байтал гар удирдлагаар тохируулдаг системтэй болсон. Дараагийн нэг асуудал нь хосолмол ажиллагаатай байна гэж заасан. Өөрөөр хэлбэл үндсэн толгой нь плазмаар зүсдэг, хосолсон толгой нь уламжлалт технологиор зүсдэг толгойтой байх ёстой гэдэг шаардлага тавьсан боловч зөрсөн байдаг. Дараа нь дотор зайлуулах систем нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх ёстой байтал энэ машиныг анх ирэхэд энэ систем байхгүй байсан. Манай засвар механикийн заводод 2011 онд суурилуулсан суурь машинаас санаа авч, зураг гаргаж гар хийцийн ийм систем бий болгосон. Мэдээж шаардлагатай электроникийн тоноглолуудыг худалдаж авч хийсэн байдаг. Зайлшгүй байх ёстой үзүүлэлтүүд нь байхгүй буюу доогуур ийм нөхцөл байдал үүссэн. Үндсэн зүсдэг хошуу нь 3D буюу эргэлдэж өнцгөөр зүсдэг. Өөрөөр хэлбэл 45 градус, 60 градус 90 градус гэх мэт өнцгөөр зүсдэг толгой байх ёстой байсан. Хариуцагч компанийн нийлүүлсэн машины тухайд тийм зүйл байхгүй зөвхөн нэг байрлалаар буюу перпендикуляр байрлалаар зүсдэг толгойтой. Уг плазмаар зүсэгч суурь машины тухайд Эрдэнэт үйлдвэрийн өмчлөл буюу үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй машин юм. Өөрөөр хэлбэл зөвхөн чанар хяналтын акт, дүгнэлт гараад гарын үсэг зурагдсан, мөнгө нь шилжчихсэн болохоос биш яг албан ёсоор Эрдэнэт үйлдвэрийн өмчлөлд байхгүй гэсэн үг. Тэгэхлээр Эрдэнэт үйлдвэрийн өмч биш юм чинь ЭБСЗ компанитай бас холбоотой гэсэн ойлголт байгаад байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэв.
2. Хариуцагч “ЭБСЗ” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тус шүүхэд манай компанид холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр тайлбар гаргаж байна. Үүнд манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оны 03 сарын 30-ны өдөр зарласан 1,282,500,000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ЭҮТӨҮГ/202201230 дугаартай “Плазмаар зүсэгч суурь машин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад оролцож, тендерийн үнэлгээний хорооны шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу хянан үзэж тус хуулийн 26-р зүйлийн 26.9 дэх хэсэгт “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу тендерийг үнэлэх үе шатанд шилжүүлж тус хуулийн 28.1.1-т заасны дагуу хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл өгч, 2022 оны 06 сарын 02-ны өдөр “Плазмаар зүсэгч суурь машин худалдах, худалдан авах 2022/09-21-304 дугаартай гэрээ байгуулсан. Тодруулбал манай компани уг тендерт санал болгосон плазмаар зүсэгч суурь машиныг захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендерийн үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл өгч, улмаар гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани уг тендерт санал болгосон “Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B” загварын машиныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гэрээний дагуу нийлүүлсэн. Дээрх гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул 2024 оны 01 сарын 12-ны өдөр “2022/09-21-304 дугаар худалдах, худалдан авах гэрээ дүгнэсэн тухай” актыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг төлөөлж Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах, Бараа, материал худалдан авах хэлтсийн дарга Д.Батхишиг, Бараа, материал худалдан авах хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Амарбаясгалан нар гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг актад “барааг /тоног төхөөрөмж/ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн хүлээлгэж өгсөн”, “талууд гэрээний гүйцэтгэлийг бүрэн биелэгдсэн гэж үзэв”, “Худалдаа хөгжлийн банк дахь 53,220,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг энэхүү актыг үндэслэн хүчингүй болгох”-оор тус тус заасан тул манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Барааг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх явцад тухайн гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байгаа талаар огт худалдан авагч тал ямар нэгэн гомдол, шаардлага гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэл дээр энэ талаар дурьдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүйг тодотгож байна. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанар хяналтын хэлтсийн 2023 оны 12 сарын 22-ны өдрийн 1497 дугаартай “Хяналтын акт”-д металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B 1 ширхэгийг эвдрэл гэмтэлгүй, иж бүрдэл бүрэн, техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн, шаардлага хангасан гэж үзэж хүлээн авсан. Иргэний хуулийн 255-р зүйлийн 255.1. Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255.1.1. “эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”, 255.1.2. “аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй” гэж заасан бөгөөд манай компани ямар нэгэн доголдолгүй барааг хүлээлгэн өгсөн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн эрх бүхий албан тушаалтнууд барааг хүлээн авч, бараа хүлээлцсэн, гэрээ дүгнэсэн акт үйлдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
2.1. Хариуцагчийн өмгөөлөгч Э.******* шүүх хуралдаанд: “...Талуудын хооронд ямар гэрээ хийгдсэн юм юу худалдаж авахаар тохиролцсон юм бэ гэдэг асуудал яригдана. 2022 онд байгуулсан гэрээнд яг ямар бараа бүтээгдэхүүн худалдаж авахаар тохиролцсон бэ гэхээр металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин ширээний хэмжээ 2500:6000 мм-ийн машин худалдан авахаар гэрээ хийсэн. Энэ машинаа нийлүүлсэн үү нийлүүлсэн. Яг доторх техникийн үзүүлэлт, тоо чанартай холбоотой нарийвчилсан зохицуулалт энэ гэрээн дээр байхгүй. Тэгэхээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гээд 251.2 дах хэсэгт хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан. Тэгэхээр ажиллаж байгаа гэдгийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Харин ширээний хэмжээ нь бага зэрэг өөр, утаа гараад байгаа гэх мэт ашиглалттай холбоотой хүндрэлүүд байгаа тухай асуудлыг ярьж байна. Тэгэхээр гэрээний хавсралтад зааснаар ийм машин л авъя гэж байна. Гэрээнд заасан машинаа нийлүүлсэн үү? гэвэл нийлүүлсэн. Гэрээ дүгнэсэн акт болон чанар хяналтын хэлтсийн хяналтын акт дээр ийм машин нийлүүлсэн гээд гэрээний хавсралтад дурдсан машины марк дугаар адилхан байна. Гэрээгээр нарийвчилсан үзүүлэлт заагаад үзүүлэлтүүд нь хүрэхгүй байвал доголдолтой гэж үзнэ. Гэтэл Иргэний хуулийн 251.2-т зааснаар чанарын талаар нарийвчилж заагаагүй. Гэрээний зориулалтын дагуу ашиглах боломжтой юу? гэвэл боломжтой. Талуудын хооронд байгуулсан болон гэрээ дүгнэсэн хяналтын акт дээр байгаа энэ тоног төхөөрөмжийг л нийлүүлсэн. Гэрээн дээрээ зааж өгчхөөд гэрээнээс өөр тоног төхөөрөмж нийлүүлсэнгүй гэж гомдоод байгаа юм уу? Доголдолтой байсан гэж тайлбарлаж байгаа бол хүлээж авахгүй байх эрх нь худалдан авагч талд байсан. Худалдан авагч талыг төлөөлсөн Чанар хяналтын хэлтэс гээд хэлтсийн дарга нь гарын үсэг зураад чанарын мэргэжилтэн, засвар механикийн заводыг тэргүүлэх механикч нь гарын үсгээ зураад хүлээгээд авчихсан байна. Хэвийн гэмтэлгүй, үйлдэл нь бүрэн байна, техникийн тодорхойлолтод заасан шаардлага нийцэж байна гээд хүлээгээд авчихсан. Хүлээж авсныг нь үндэслээд гэрээ дүгнэгдээд төлбөр шилжигдчихсэн. Өлзийбаяр, Байгальмаа, Эрдэнэбат нар хайнга хандсан эд нарын буруутай үйл ажиллагаа. Бараг хүлээж авах эрхгүй этгээдүүд байсан гээд байна. Тэгвэл хүлээж авах эрхгүй этгээдүүд байсан юм бол хүлээж авах эрхгүй этгээдүүдийн гарын үсэг зурсан хяналтын актыг үндэслээд гэрээ дүгнээд, төлбөрийг нь шилжүүлчхэж байгаа юм. Тэгэхээр хүлээж авах эрхгүй этгээд гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 255.1.2-т заасан нөхцөл байдал, ялангуяа 255.1.2 т заасан аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг хүлээн авах үедээ нэн даруй шалган хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэж байна. Шалгасан уу? шалгасан. Нэгнийхээ амаар ажилдаа хайнга хандаад хүлээгээд авчихжээ гэх тайлбар үндэслэлгүй. Өлзийбаяр, Байгальмаа, Эрдэнэбат нарт нөлөөлөөд магадгүй хээл хахууль, авлига өгчихсөн гэдэг нь тогтоогдвол энэ хариуцлагыг ЭБСЗ ХХК хүлээж болно. Гэтэл энэ байгууллагын албан ёсны ажилчид, энэ бараа бүтээгдэхүүнийг шалгах, хүлээж авах эрх үүрэг бүхий хүмүүс хүлээгээд авчихсан гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Доголдлын талаар гомдлын шаардлага гаргах эрхээ нэхэмжлэгч алдсан байна. Утаа гарч байсан, ширээний хэмжээ нь өөр байсан гэх мэтчилнээр нөхцөл байдал яриад байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар мэдсэн буюу мэдэх боломжтой байсан. Нуун дарагдуулсан гэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Тэнд аваачиж суурилуулаад, ажиллуулж үзүүлээд, тохируулга хийгээд, Хятад ард улсын болон Монгол Улсын мэргэжилтнүүдийг оруулаад тохируулга хийлгээд байгаа энэ процесс чинь баталгаат хугацааны дотор хийж буй сервис үйлчилгээ юм. Баталгаат хугацаа дуусчхаад байхад шалгаж хүлээж авах ёстой үүргээ хэрэгжүүлээгүй хэр нь нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй. Эрдэнэт Үйлдвэрийн хувьд халаасны ч гэдэг юм уу тийм компани биш. Төрийн өмчит үйлдвэрийн газар буюу мэргэжлийн уул уурхайн чиглэлийн байгууллага. Тийм учраас мэдээгүй байна, мэдэх боломжгүй байсан гэдэг тайлбар хэлж буй нь үндэслэлгүй. Ажилтнуудын хайнга хандсан асуудал яригдаж байна. Тухайн ажилтнуудад хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу хохирлоо нэхэмжлэх эрх нь нээлттэй. ЭБСЗ ХХК-ийн хувьд Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т гэрээн дээр байгаа тоног төхөөрөмжийг л нийлүүлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 05 сарын 16-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, 2022 оны 09 сарын 21-ний өдрийн “Плазмаар зүсэгч суурь машин худалдах худалдан авах” гэрээ, уг гэрээний хавсралт, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2022/09-21-304 дугаар худалдах, худалдан авах гэрээг дүгнэсэн тухай акт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, 2025 оны 03 сарын 28-ны өдрийн 02 дугаартай Засвар, механикийн заводын техникийн хурлын тэмдэглэл, техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн мэдээлэл, 2025 оны 04 сарын 28-ны өдрийн 03 дугаартай Засвар, механикийн заводын техникийн хурлын тэмдэглэл, техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн мэдээлэл, төлбөрийн даалгавар, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, Б.Баасансүрэн, М.Өлзийбаяр, Д.Галбямба, Ш.Наранбаатар, М.Байгалмаа, Б.Бат-Эрдэнэ нарыг гэрчээр асуусан тэмдэглэлүүд, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн удирдлагын 2023 оны 01 сарын 09-ний өдрийн А/02 дугаартай Бараа материал хүлээж авах комисс байгуулах тухай тушаал, уг тушаалын Бараа, материал, ажил үйлчилгээ хүлээн авах комиссын бүрэлдэхүүн гэсэн хавсралт, техникийн тодорхойлолт, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 10 сарын 29-ний өдрийн 293 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай тогтоол зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар, ”ЭБСЗ” ХХК-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүд, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компаний үүсгэн байгуулагчийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хяналтын акт №1497 нотлох баримтыг бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хариуцагч “ЭБСЗ” ХХК-д холбогдуулан 1,064,400,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь нэхэмжлэлийн шаардлагаа “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “ЭБСЗ” ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Плазмаар зүсэгч суурь машин” худалдах, худалдан авах 2/270-22 бүртгэлийн дугаартай гэрээг байгуулсан. Тухайн компани нь тус гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр барааг бүрэн нийлүүлж, тус үйлдвэрийн газраас гэрээний төлбөр дагуу 1,064,400,000 төгрөгийг тухайн компанийн дансанд шилжүүлсэн. Гэвч “ЭБСЗ” ХХК-ийн тус үйлдвэрийн газарт тендерт шалгарч, гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байсан тул тус компанийн төлөөлөгч Б.Батзориг болон холбогдох мэргэжлийн төлөөллийг байлцуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр уулзалт зохион байгуулсан. Уулзалтаар “ЭБСЗ” ХХК-ийн зүгээс техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн өөр суурь машин санал болгож, техникийн үзүүлэлтүүд болон холбогдох техникийн баримт бичгүүдийг монгол хэл рүү орчуулж, тус үйлдвэрийн газрын захиалагч бүтцийн нэгж болох Засвар механикийн заводын холбогдох ажилтнуудад танилцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тухайн компанийн шинээр санал болгосон суурь машины үзүүлэлтүүд техникийн тодорхойлолтын шаардлагыг дахин хангаагүй тул 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн талуудын хамтарсан хурлаар “ЭБСЗ” ХХК-д тендерт оролцохдоо санал болгосон суурь машиныг дахин судалж, техникийн үзүүлэлтийг танилцуулах шийдвэрийг гаргаж баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй болно. Иймд худалдагч “ЭБСЗ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, эд хөрөнгийн доголдол бүхий бараа нийлүүлж, түүнийгээ сайн дураар буцаан авч солих тохиролцоогоо зөрчсөн тул харилцан өгсөн, авсан зүйлээ буцааж, тухайн компаниас 1,064,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон.
3. Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2022 оны 06 сарын 02-ны өдөр “Плазмаар зүсэгч суурь машин худалдах, худалдан авах 2022/09-21-304 дугаартай гэрээ байгуулсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу манай компани уг тендерт санал болгосон “Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь машин Gantry CNC Cutting machine YCLM-4000B” загварын машиныг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т гэрээний дагуу нийлүүлсэн. Дээрх гэрээний заасан үүргээ бүрэн биелүүлсэн тул 2024 оны 01 сарын 12-ны өдөр “2022/09-21-304 дугаар худалдах, худалдан авах гэрээ дүгнэсэн тухай” актыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийг төлөөлж Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах, Бараа, материал худалдан авах хэлтсийн дарга Д.Батхишиг, Бараа, материал худалдан авах хэлтсийн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Ч.Амарбаясгалан нар гарын үсгээ зурж баталгаажуулсан. Уг актад “барааг /тоног төхөөрөмж/ ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, бүрэн хүлээлгэж өгсөн”, “талууд гэрээний гүйцэтгэлийг бүрэн биелэгдэн гэж үзэв”, “Худалдаа хөгжлийн банк дахь 53,220,000 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг энэхүү актыг үндэслэн хүчингүй болгох”-оор тус тус заасан тул манай компани гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Барааг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх явцад тухайн гэрээний дагуу нийлүүлсэн суурь машины техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос доогуур үзүүлэлттэй байгаа талаар огт худалдан авагч тал ямар нэгэн гомдол, шаардлага гаргаж байгаагүй бөгөөд нэхэмжлэл дээр энэ талаар дурьдсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй...” гэж маргасан.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нэхэмжлэгч ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “ЭБСЗ” ХХК-тай 2022 оны 06 сарын 02-ны өдөр 2022/09-21- дугаартай гэрээг байгуулан, “Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь Gantry CNC Cutting machine YCLM-4000B” загварын “ширээний 2500х6000мм хэмжээтэй машин”-ыг 1,064,400,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, ”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “ЭБСЗ” ХХК-нд плазмаар зүсэгч суурь машины үнэ 1,064,400,000 төгрөгийг шилжүүлсэн, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс машиныг суурилуулан туршилт тохируулгын ажлууд явагдсан, ”ЭБСЗ” ХХК машиныг хүлээлгэн өгч талууд 2024 оны 01 сарын 12-ны өдөр 24/40 дугаартай акт үйлдэж хүлээн авсан үйл баримт болсон байна.
6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7. Гэрээний дагуу хариуцагч нь “Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь Gantry CNC Cutting machine YCLM-4000B” машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь машины үнэ 1,064,400,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй. Харин хариуцагч нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө буюу техникийн үзүүлэлтүүд нь санал болгосон техникийн тодорхойлолтоос 9 төрлийн доогуур үзүүлэлттэй машиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, доголдлыг арилгах талаар удаа дараа шаардаж, уулзаж байсан боловч арилгаагүй гэж нэхэмжлэгч маргасан. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй.
8. Хэрэгт хавагдсан худалдах худалдан авах гэрээ, гэрээний хавсралтад зааснаар хариуцагч нэхэмжлэгчид “Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь Gantry CNC Cutting machine YCLM-4000B” загварын “ширээний 2500х6000мм хэмжээтэй машин”-ыг нийлүүлэхээр тохиролцсон байх бөгөөд хариуцагч гэрээнд заасан загварын машиныг нийлүүлсэн боловч тухайн машины ширээ нь 2370х5900мм хэмжээтэй байсан болох нь тогтоогдож байна.
9. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д “Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ” гэж заасан бөгөөд хуульд зааснаар хариуцагч “ЭБСЗ” ХХК нь гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ бүхий эд хөрөнгө буюу “Металлыг плазмаар зүсэгч тоон удирдлагатай суурь Gantry CNC Cutting machine YCLM-4000B” маркийн ширээний 2500х6000мм хэмжээтэй машиныг шилжүүлээгүй байгааг биет байдлын хувьд доголдолтой гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хариуцагч “ЭБСЗ” ХХК-иас доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
10. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т “Худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцоно.”, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-т “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.
11. Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь маргааны зүйл болох плазмаар зүсэгч суурь машиныг хүлээн авч, хариуцагч “ЭБСЗ” ХХК нь хүлээлгэн өгч талууд 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 24/40 тоот акт үйлдэж, хэн аль нь актанд гарын үсэг зурсан, нэхэмжлэгч нь хүлээн авсан эд хөрөнгийн доголдолыг мэдсэн болох нь хэрэгт авагдсан 2024 оны 03 сарын 21-ний өдрийн 131/218, 2024 оны 08 сарын 19-ний өдрийн 0131/425, 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 0131/451 дугаартай албан бичгүүдээр тогтоогдож байна.
12. Дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь плазмаар зүсэгч суурь машиныг 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өмчлөлдөө шилжүүлэн авсан байх тул энэ өдөр эд хөрөнгийг хүлээн авсанд тооцох ба талууд худалдах худалдан авах гэрээндээ эд хөрөнгийн баталгаат хугацааг ашигласнаас хойш 12 сар байхаар тогтоосон байх бөгөөд эд хөрөнгийг шилжүүлэн авснаас хойш 12 сар буюу 2025 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дотор эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээгээ цуцлах талаар хариуцагчаас шаардах эрхтэй байна. Гэтэл 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
13. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1., 255.1.1.-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан, 255.1.2.-д аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь эд хөрөнгийг хүлээн аваад доголдлыг мэдсэн атлаа баталгаат хугацаандаа буюу 12 сарын хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, мөн нэн даруй шалгах үүргээ биелүүлээгүй байх тул шаардах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
14. Нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь шаардлага гаргах эрхийн хугацааг хэтрүүлсэн, эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчаас худалдан авсан эд хөрөнгийг үнийг гаргуулахаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.
15. Мөн хариуцагч “ЭБСЗ” ХХК-ийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т зааснаар эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлгүй хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
16. Иймд нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь хариуцагч “ЭБСЗ” ХХК-иас 1,064,400,000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хуульд зааснаар нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,479,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 255 дугаар зүйлийн 255.1, 255.1.1, 255.1.2-д зааснаар хариуцагч “ЭБСЗ” ХХК-иас 1,064,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,479,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ