| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 142/2024/02133/И |
| Дугаар | 312/ШШ2025/02383 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 312/ШШ2025/02383
2025 11 18 312/ШШ2025/02383
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 103 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүл гудамжны ****-р байр, ... тоотод оршин суух, Д........../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг Дээдэс **** хороолол, *** байрны **** тоотод оршин суух, ......../-д холбогдох
“127,192,050 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”...Хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Б.*******тай 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай зээлэх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 0.15 хувийн алданги төлөхөөр тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, мөнгө хүлээн авсан баримтыг үйлдсэн. Үүний дараа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр тус зээлд нэмж 16,000,000 төгрөгийг нэмж зээлж, мөнгийг бэлнээр хүлээж авснаар нийт зээлийн хэмжээ 26,000,000 төгрөг болсон. Үүнээс 3,000,000 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл 23,000,000 төгрөг болсон. Үүнд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, 55А-505 тоот орон сууцыг худалдаж авах урьдчилгаанд нь нэмж 32,997,000 төгрөгийг өгч нийт зээлийн хэмжээ 55,997,000 төгрөг болсон. О.******* нь дээрх 55,997,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бөөнөөр нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн сар тутамд 5 хувийн хүү төлөх тухай хүсэлтийг Б.*******д бичгээр гаргаж өгч, үүнээс хойш 2021.11.14-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2021.12.22-нд 2,500,000 төгрөгийг, 2022.01.31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, нийт 8,000,000 төгрөгийг төлж, үлдэх 47,997,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй байна. Б.******* нь О.*******тай түүний Эркэ Садо гэх фэйсбүүк мессэнжер хаягаар холбогдож зээлсэн мөнгийг өгөхийг шаардахад 2021 оны 11 сараас эхлээд сар бүр 5,000,000 төгрөгөөр төлнө гэж байсан боловч төлөөгүй байна. Иймд хариуцагч О.*******аас бичгээр гаргасан хүсэлтийн дагуу сарын 5 хувийн хүүг дээрх дүнгээс 2022 оны 02 сараас эхэлж тооцоход 1 сарын 2,399,850 төгрөгийн хүү, нийт 33 сарын хүү 79,195,050 төгрөг болж байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 47,997,000 төгрөг, зээлийн хүү 79,195,050 төгрөг, нийт 127,192,050 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулж өгнө үү…” гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд: “…Эхний зээл буюу 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээг 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг, сарын 1,5 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 0,15 хувийн алданги төлөхөөр тохиролцсон. Энэ гэрээний үнэн зөвийг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн нотариатч Б.Энхээ гэрчилсэн. Энэ нь өнөөдрийн хуралдаанд өгсөн зээлийн гэрээний эх хувиас харагдана. Өөрөөр хэлбэл хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийм гэрээ байгуулж байгаагүй, би байгууллуу гэсэн ийм байдал гаргаад байгаа нөхцөл байдал нь нотариатч дээр өөрөө биеэрээ очсон нь гэрээг үнэн зөв гэдгийг харуулаад байна. Нотлох баримтаас юу харж байна гэхээр эдгээрийн хооронд байгуулагдаад байгаа гэрээ 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулж байгаа. Ингээд харах юм бол 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр энэ гэрээг нотариатчаар гэрчлүүлсэн байгаа. 10,000,000 төгрөг хүлээж авсан баримт 2015 оны 12 сарын 30-ны өдөр байгаа. Тэгэхээр 10,000,000 төгрөг хүлээж авсан баримтад 2015 оны 12 сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу энэ мөнгийг хүлээж авч байна гээд тодорхой бичиж байгаа юм. Тэгэхээр хариуцагч энэ зээлийн гэрээний талаар өнөөдөр маргасангүй. Зөвхөн энэ зээлийн мөнгийг юунд зарцуулсан талаар тайлбар гаргаад байна гэж харагдаад байгаа. 2 дугаарт нь хариуцагч ******* нь 2016 оны 12 сарын 9-ний өдөр иргэн Б.*******д бичгээр өргөдөл гаргаад, үүнд дээрх 10,000,000 төгрөгийг зээлж авсан тухай дурдаад байгаа. Нэмж 16,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байна, нийт 26,000,000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулъя гэж бичээд байгаа. Ингээд энэ өдөртөө 16,000,000 төгрөг хүлээж авсан тухай кассын зарлагын хувь үйлдээд гарын үсгийг нь зурчихаж байгаа юм. Нийт зээлийн хэмжээ 26,000,000 төгрөг болоод үүнээс 3,000,000 төгрөгийг төлсөн гэдэгтээ талууд маргахгүй. Ингээд нийт зээлийн хэмжээ 23,000,000 төгрөг болсон, дараа нь О.Эрдэнэтбат нь Актив групп ХХК-д албан бичиг бичээд орон сууцын 30 хувийн урьдчилгааг барилгын захиалагч Нүрзэдийн Төрийн банкны тоот дансанд шилжүүлж өгнө үү гэж хүсэлт гаргаад байгаа. Тэгэхээр ямар орон сууц яригдаад байна гэхээр *******ын худалдан авч байсан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 1 дүгээр хороо Токиогийн гудамж 55а-550 тоот орон сууцны асуудал яригдаад байгаа. Хүсэлтийн дагуу Бямбадоржийн *******ын Хаан банкны 5009759337 тоот хугацаагүй хадгаламжийн данснаас 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 32,993,100 төгрөгийн зарлага хийгдсэн. Зарлагын утга юу вэ гэхээр О.******* 55-56 тоот урьдчилгаа Актив групп гэсэн зарлагын утгатай гүйлгээ хийгдсэн. Ингэж гүйлгээ хийснээр нийт зээлийн хэмжээ 55,997,000 төгрөг болоод үүнээс 8,000,000 төгрөг төлж үлдсэн 47,997,000 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагад үндсэн зээлийн үлдэгдлийг дурдаад байгаа. Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд энэхүү зээлийн гэрээний харилцааны талаар фэйсбүүк мессенжер хаягаар холбогдоод, нэхэмжлэгчийн тайлбарласнаар ******* энэ компанид гүйцэтгэх захирал хийгээд, санхүү, нягтлантайгаа холбогдоод удирдаж явж байгаад удаан хугацаанд хамтран ажиллана гэдэг энэ амлалтаа биелүүлээгүй гараад явчихсан. Компани нь өөрөө Айди чиглэлийн компани. Тэгэхээр Айди чиглэлийн компаний айди инженер нь байхгүй болохоор энэ компанийн үйл ажиллагаа явах боломжгүй, энэ компанийн үйл ажиллагаа зогссон. Цаашид хоорондоо фэйсбүүк мессенжерээр харилцаж эхлээд байгаа юм. Тэгэхээр хариуцагч О.******* нь Эркэ садо гэх фэйсбүүк хаягнаас түүний мессенжер рүү 2021 оны 11 сараас эхлээд сар бүр 5,000,000 төгрөг төлье гэдэг тайлбарыг хэлээд яваад байгаа. Хүүгийн тухайд хавтаст хэргийн 59 дүгээр талд авагдсан ******* захиралд гэсэн бичигт хугацаа хоцорсон сар тутамд 5 хувийн алданги төлнө гэж үүрэг хүлээсэн байдал харагдаад байгаа. Хариуцагчийн маргаад байгаа 5 хувийн алданги төлнө гэдэг нь яагаад энэ бичгийн доор нь байгаад би эргэлзээд байна гэдэг зүйл яриад байдаг. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгчээс тодруулж үзсэн, тэгэхэд би зээлсэн мөнгөө ингэж ингэж төлнө гэдгээ бичгээр илэрхийлж байгаа. Төлөхгүй бол яах юм бэ гэдэг асуудал ярихаар тэгвэл ийм алданги төлье гээд өөрөө доор нь нэмж бичээд байсан. Тэгэхээр сар тутам 5 хувь алданги гэж гарч ирж байна. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2-т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасан. Энэ зохицуулалтын дагуу харахад зохигч нарын хооронд анх зээлийн харилцаа үүсвэл сар тутам хүү төлөхөөр тохиролцож байсан байна. Иргэний хуульд зааснаар алданги гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд тооцогддог тул энэ бол алданги биш юм байна, сар тутамд 5 хувийн хүү төлнө гэсэн зөвшөөрөл юм байна гэж нэхэмжлэгч ойлгоод байгаа. Тэгэхээр хариуцагчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу 5 хувийн хүүгээр тооцоод 79,195,050 төгрөгийн хүүг нэхэмжлээд байгаа. Анх 10,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүсээд хүү тохирсон, цаашаа зээлийн харилцаа үргэлжлээд хэмжээ нэмэгдэж яваад байсан учраас нийт үнийн дүнгийн үлдэгдлээс 2022 оны 2 сарын 1-нээс гэж тооцоод байгаа юм. Яагаад гэвэл хамгийн сүүлийн хугацааны төлөлт хэзээ вэ гэхээр 2022 оны 1 сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг төлөөд байгаа юм. Тэгэхээр нэгэнт зээлийн харилцаа нь үргэлжилж, дүн нь нэгтгэгдэж явсан учраас сүүлийн төлөлт хийгээгүй хугацаанаас 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хойш 5 хувийн алдангиа тооцож гаргасан. Мэдээж энэ асуудалд хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг нягтлах шаардлагатай болно. ******* захиралд гэсэн бичиг дээр хариуцагч би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлнө гэж эцсийн хугацаагаа өөрөө тодорхойлолж байсан. 2 дугаарт 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийн төлбөрийн үүргийг өөрөө гүйцэтгэсэн. Энэ 2 хугацааны аль ч утгаас гэрээний хуульд заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход нэхэмжлэлийг 2024 оны 10 сарын 24-ний өдөр гаргасан. Тэгэхээр хуульд заасан шаардлагуудыг бүхэлд нь хангаж байгаа...” гэв.
2. Хариуцагч О.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие О.******* нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Технологийн Их сургуульд (хуучин нэрээр) програм зохиогчоор ажиллаж байх үедээ өөрийн найз Ц.Нацагдоржоор дамжуулан Б.*******тай танилцаж, түр хугацаанд зайнаас хамтран ажиллах болсон. Түр ажил дууссаны дараа Б.******* нь 2015 оны өвөл шинээр байгуулах гэж байгаа програм хангамжийн компанид хамтран ажиллах саналыг надад тавихдаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай (хуучин нэрээр) хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгоод надтай хамтарч ажиллавал байрны урьдчилгаа өгнө, мөн шинэ байгуулагдах компанийн хувьцааг үнэгүй эзэмшүүлнэ гэж ятгасан. Миний бие залуу хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараа ашиглаж, хувийн салбарт амжилт бүтээл гаргая гэсэн хүсэл, мөрөөдлөөр Б.*******ын гаргасан саналыг хүлээн авч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, Б.*******тай хамтран ажилласан. 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд “Скайсис Солюшнс” ХХК-д өглөө 9 цагаас орой 21 цаг хүртэл амжилт, бүтээл гаргахын тулд ажиллаж, тус компанийн нэвтрүүлдэг ERP системийн техникийн бүх судалгаа, шийдэл, хөгжүүлэлтийг удирдаж ажилласнаар Odoo 10 ERP платформ дээр 100 гаруй дэд програмууд болон Odoo 12 ERP платформ дээр 40 гаруй дэд програмуудын кодыг бичиж серверийн иж бүрдэл, найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлын бүх архитектурыг гаргасан. Одоог хүртэл миний гүйцэтгэсэн архитектурын дагуу бүх серверүүд нь ажиллаж байгаа. 2015 оны 11 дүгээр сараас Б.******* захирал анх хэлэлцэж, тохирсноосоо буцаж, О.******* миний бие болон Ц.Нацагдорж, П.Батсайхан, У.Үүрдмөнх бид 4-ийг компанид санхүүгийн хөрөнгө оруулалт хийх шаардлага тавьсан бөгөөд тэрээр хэлэхдээ “...надаас мөнгө зээлээд компанид хөрөнгө оруулчих, компанийн ашгаас мөнгөө буцааж авч болно. Энэ бол илүү сайн ажиллах хөшүүрэг” гэж тайлбарлаж, бид нарт уг шаардлагаа хүчээр тулгасан. Энэ нь хожим зээлийн асуудал үүсэж, дарамтлуулах хэрэгсэл болно гэдгийг бид тухайн үед огт мэдээгүй. Б.*******ын нэхэмжлэлд дурдсан болон нэхэмжлэлд хавсаргасан 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ болон 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бэлэн мөнгө хүлээн авсан баримт, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16,000,000 төгрөг нь тухайн компанийн хөрөнгө оруулалт гэх шалтгаанаар компанид зориулагддаг байсан бөгөөд миний бие үүнээс нэг төгрөг ч аваагүй болно. Энэ талаар Ц.Нацагдорж, П.Батсайхан, У.Үүрдмөнх нар гэрчлэх бөгөөд эдгээр хүмүүс Б.*******аас мөн адил нэг төгрөг ч аваагүй боловч түүний гаргасан шаардлагаар надтай ижил баримт үйлдсэн. Байрны урьдчилгааны 32,997,000 төгрөгийг Б.******* нь анх хамтарч ажиллах санал гаргасны дагуу амлалтаа биелүүлж өгсөн бөгөөд миний бие зээлээр тохиролцож аваагүй, өөрийн ажил үүргийг “Скайсис Солюшнс” ХХК-д гүйцэтгэсэн учраас зээлийн үүрэг хүлээхгүй болно. Байрны урьдчилгаа өгөхдөө Б.******* нь компанид тогтвор суурьшилтай ажиллах шаардлага тавьсан тул Б.******* нь уг агуулгаар баримт үйлдэн өөртөө авсан. Уг баримтыг Б.*******аас гаргуулах хүсэлтэй байна. Миний бие Б.*******ын гаргасан санал болон түүнтэй хэлэлцэж, тохиролцсондоо ихээхэн итгэж, найдаж өөрийгөө бүрэн дайчилж, хүчин чармайлт гарган ажиллаж байсан боловч энэ 4 жилийн хугацаанд хамтарч ажиллахад маш бэрх, хэлэлцэж ярьснаасаа байнга буцдаг, маш их дарамттай, үргэлж өр зээлэнд оруулж байсан тул 2019 онд ажлаасаа гарсан. Ингээд Б.******* нь тус компанид үргэлжлүүлэн ажиллахгүй бол бүх мөнгийг буцааж өг гэж дарамталсан тул Ковидын цар тахлын хүнд хэцүү үед Б.*******ын дарамтаас айж, түүнтэй маргахгүйгээр хэлсэн үгээр нь бичиж өгдөг байсан. Түүний хэлснээр миний бие Б.*******д нийтдээ 11,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч Б.*******ын өгсөн гэх 10,000,000 төгрөг болон 16,000,000 төгрөгийг О.******* миний бие өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, нэг ч төгрөг хэрэглэсэн удаа байхгүй тул уг төлбөрүүдийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Байрны урьдчилгаа төлбөрт 32,997,000 төгрөгийг Б.******* нь зээлийн гэрээгээр шилжүүлээгүй бөгөөд “Скайсис Солюшнс” ХХК-д үр бүтээл гарган ажиллуулах, тогтвортой ажиллуулах зорилготой байсан тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй болно. Иймд нэхэмжлэгч Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 47,997,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд нийцэхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн хүү 79,195,050 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан. Дээр дурдсанаар О.******* миний бие нэхэмжлэгч Б.*******аас компанийн хөрөнгө оруулалт гэх 26,000,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч байгаагүй, 32,997,000 төгрөгийг зээлээр өгөөгүй тул бидний хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Тиймээс дээрх хуулийн зохицуулалтын дагуу зээлийн хүү төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.*******ын шүүхэд ирүүлсэн миний гараар бичсэн гэх зарим баримтуудад алданги төлөх тухай заалтыг миний бие бичиж байгаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж, уг асуудлыг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна. Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* шүүх хуралдаанд: “...О.******* анх Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Технологийн их сургуульд ажиллаж байгаад тухайн үед Нацагдорж буюу өөрийнхөө найзаар дамжуулж танилцсан байгаа. Тухайн үед Б.******* захиралтай анх танилцаад, 2015 оны өвөл шинээр компани байгуулаад бүгдээрээ хамтран ажиллая гэдэг саналыг тавиад тухайн үед Эрдэнэт үйлдвэр ХХК-аас ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд Б.******* захиралтай хамтран ажилласан. Архивын мэргэжилтэй хүн учраас техник технологийн дэвшил болж байгаа цаг үед хамтраад өөрийн бие даасан бизнестэй болно гэсэн зорилго тавьж хамтарч ажилласан байгаа. Хариуцагч *******ын нийгмийн даатгалын шимтгэлийн хуулбарыг харах юм бол 2015 оноос эхлээд Актив групп ХХК буюу Б.******* гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан компанид 2019 он хүртэл ажилласан байдаг. Ингэж ажиллахдаа залуу хүн учраас 9-өөс 21 цаг хүртэл цаг наргүй ажилладаг байсан. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн өгч байсан цалинг Б.******* захирал өгөөгүй ч гэсэн тодорхой хэмжээнд үр бүтээл гаргаад 4-5 жилийн дараа бид нарын хамтын ажиллагаанд амжилт гарах байх гэж бодоод Б.******* захирал Батсайхан, Үүрдмөнх, Нацагдорж гэсэн хүмүүс хамтарч ажиллаж байсан. Ингээд 2015 оны 12 дугаар сарын 25-нд буюу ажилд ороод тун удаагүй байтал 10,000,000 төгрөгийн асуудал гарч ирсэн. Б.******* захирал тухайн үед юу гэж тайлбарлаж байсан гэхээр залуучууд бол тодорхой хэмжээнд шинэ компани байгуулж байгаа бол хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай. Тийм учраас хөрөнгө оруулчих, компани амжилттай болсны дараа мөнгөнийхөө асуудлыг шийдэцгээе гэдэг байдлаар анх баримт үйлдээд компанидаа оруулсан хөрөнгө шүү гэдэг тайлбарыг хэлээд гэрээний асуудлыг гаргаж ирж байсан. Энэ зөвхөн О.*******тай байгуулагдаагүй бусад 3 этгээдтэй ч гэсэн адилхан байгуулагдаж байсан. Гэрээн дээр нэг асуудал дурдагддаг. Иргэний хуулийн 282.1, 282.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 13 дугаар зүйл гэдэг байдлаар яригддаг. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан уу гээд энэ гэрээн дээр үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан шинжтэй харагддаг. Барьцааны гэрээ тухайн үед хийж байсан, тэгэхээр энэ гэрээ бол надад байхгүй гэдгийг О.******* тайлбарлаж байсан. Энэ зээлийн гэрээ үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ байдаг, хавтаст хэргийн 8 дугаар талд авагдсан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн О.*******ын гараар бичсэн тайлбар байгаа. Б.******* захиралд гэж байгаад ээжийнхээ үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэдэг агуулгыг дурдсан. Тэгэхээр энэ гэрээ үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байсан. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, хүүгийн хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, хүүгийн байгаа газар үүний заавраар, 156.3-т энэ хуулийн 156.1, 56.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заасан байдаг. Тэгэхээр энэ гэрээ барьцааны гэрээ боловч улсын бүртгэлд бүртгүүлээгүй байгаа нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулаагүй Иргэний хуулийн 56.1.8-д заасан шинжийг хангаж байна гэж үзэж байгаа. Тийм учраас 10,000,000 төгрөгийн асуудлыг гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. О.*******ад үүнтэй холбоотой баримт байхгүй, гэхдээ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримт дээр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааг дурдсан хавтаст хэргийн 8 дугаар талд ээжийнхээ хөрөнгийг барьцаалчихсан, Японоос ирэхээр нь тодорхой хэмжээгээр төлнө гэдэг асуудлыг дурдсан байгаа. Тэгэхээр энэ гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэдэг нь үүгээр батлагдаж байгаа. 16,000,000 төгрөгийн асуудлыг ярьдаг, кассын зарлагын ордер гэдэг баримтын асуудал байдаг. Хувь иргэн 2-ын хоорондын тохиролцохдоо амаар болон бичгээр байгуулж болно. Зээлийн гэрээний харилцаа бичгээр байгуулсан байж хүү авах шинжээ хангадаг. Кассын зарлагын ордер гэхээр байгууллагаас үйлдэгдээд байгаа юм шиг харагдаж байгаа. Энэ баримтыг цааш нь харахаар Б.******* иргэнээрээ зээлээд байгаа юм уу? Актив групп гэх компаниар зээлээд байгаа юм уу? хавтаст хэргийн 62 дугаар талд Актив групп ХХК Б.******* захиралд гээд. Б.******* гэдэг хүн шүүх дээр нэхэмжлэл гаргаад явж байгаа, энэ хүн өөрөө хөрөнгө олж авах юм уу? эсхүл компани нь хохирсон тэрийгээ гаргуулна гээд яваад байгаа юм уу?. 16,000,000 төгрөгийн кассын зарлагын ордер үйлдсэн, мөн л энэ мөнгийг О.******* гараараа тоолж аваагүй, мөн компани руу орсон гээд байдаг. Дараагийн асуудал нь 32,997,000 төгрөгийн байрны урьдчилгааны асуудал ярьдаг. Нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна, анх хүсэлт ярьж байхад иргэн хооронд зээлийн гэрээний харилцаа, нэг нэгнээсээ мөнгө зээлсэн асуудал байгаа гэж ярьсан. Тэгэхээр 32,000,000 төгрөг нь компанитай холбоотой асуудал, компанид үр бүтээлтэй ажиллана гэсэн асуудал. Тэгэхээр үүний уг суурь нь мөн компанитай холбоотой асуудал байгаа. Компанид тогтвор суурьшилтай ажиллана гэж зохих хэмжээний бүтээл гаргана гэж ярилцсан боловч Б.******* гэж хүний дарамт шахалт байсан учраас хамтран ажиллах боломжгүй гэж 2019 онд О.******* ажлаасаа гарсан байгаа. 2016 оны баримтуудаар Хаан банкны дэлгэрэнгүй дансны хуулга байгаа, энэ нь өөрөө дансны гүйлгээний баримт яг Б.*******ын дансны гүйлгээний баримт мөн үү гээд хараад үзэхээр Б.*******, У.Үүрдмөнх нарын хамтарсан хадгаламжийн дансны гүйлгээ байгаа. Хадгаламжийн данс нь 2016 оны 12 дугаар сард нээхдээ санхүүжилт, компанитай холбоотой үйл ажиллагаанд зориулж нээсэн байгаа. Б.******* 32,000,000 төгрөгийг байрны урьдчилгаанд өгсөн гэж тайлбарлаад байгаа боловч хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан баримтаас харахад дансны хамтран эзэмшигч нь Үүрдмөнх байгаа. Үүрдмөнх энэ компанийн холбогдолтой хүн байна. Тэгвэл нэхэмжлэгч ганцаараа энэ мөнгийг нэхэмжилж авах эрхтэй субъект мөн үү? 32,993,100 төгрөгийг Б.******* нэхэмжлэх эрх байхгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Яагаад гэхээр ганцхан Б.*******ын дансны гүйлгээний баримт биш У.Үүрдмөнх нарын хамтарсан дансны гүйлгээний баримт байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болоод Иргэний хуулийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрх бүхий субъект нь Б.******* дангаараа биш. Ийм үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 47,997,000 төгрөгийг үндэслэлгүй гэж үзэж байна. Алдангийн хувьд анх тэр баримтаар 5 хувь гэсэн байгаа, үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийгэх хүсэлт гаргасан ч шүүгч хүлээж аваагүй. Нөгөө талаас харах юм бол нэхэмжлэгч тал алдангиасаа эвлэрүүлэн зуучлал дээр ч тэр, өнөөдрийн хувьд ч тэр татгалзаж байгаа. Тэгэхээр бид 33 сарын алданги 79,000,000 төгрөгийг төлөх үндэслэл байхгүй, ийм баримт үйлдээгүй. Нэхэмжлэгч өнөөдөр Иргэний хуулийн 282.1-д заасан иргэд хоорондын зээлийн харилцаа байсан гэж үндэслэлээ ярихдаа компанид тогтвор суурьшилтай ажиллана гэчихээд 2019 оноос хойш хаяад явсан гэж хэлээд байна. Ингээд харахаар компаниас У.Үүрдмөнхтэй хамтарч гаргасан мөнгө байгаа. У.Үүрдмөнх нь хаана байгаа, нэхэмжлэгч мөн юм уу? одоо шүүхийн шийдвэр гараад тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг Б.*******д олгохоор шийдлээ гэхэд нэхэмжлэлийн үндэслэл болгож байгаа баримтууд нь компани болчихоод байгаа. Тэгэхээр компани авах ёстой юм уу? нэхэмжлэгч У.Үүрдмөнх нь хайчсан юм, Б.******* дангаараа энэ мөнгөний эзэмшигч болж чадах юм уу? өгсөн гэж баримтыг үйлдээд чат гаргаж ирээд байгаа боловч иргэд хооронд биш, Б.******* захирал, Актив групп ХХК-д хандсан асуудал яригдаад байгаа. Тиймээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна... 2015, 2016 онд үндсэн зээлүүдийг авсан гээд байгаа. Цаасаар хэрэгт авагдсан чатнуудыг харахаар 2021 оны 11 дүгээр сараас эхэлсэн чат байна. 2015 оноос хойш 2021 он хүртэл зээлийн гэрээтэй байсан юм бол яагаад мөнгөө нэхэмжлээгүй юм бэ?. Иргэний хуулийн 75.2-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ гээд 75.2.1.гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гээд заасан. Магадгүй хамтран ажиллах гэрээ байгуулаад, эсхүл хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байхдаа байрны урьдчилгааг дэмжлэг болгох зорилгоор өгсөн, гэхдээ ажлаа хаяад явсан гэж хэлж байна. Ажлаа хаяад явсан байсан бол яагаад 8 жилийн дараа нэхэмжлэл гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудал гаргаж ирж байгаа юм бэ?. Энэ асуудлыг шүүх зайлшгүй харж байж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна...зээлийн гэрээний харилцаа байсан гэдгийг шүүх хуралдаанд тайлбарлаж байна. 2015 оны 12 дугаар сарын 25, 30-ны өдөр үйлдэгдсэн зээлийн гэрээний асуудал дээр Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл байна. 16,000,000 төгрөгийн кассын зарлагын ордер гэдэг баримтыг үйлдэж мөнгө авсан гэж тайлбарлаад байгаа боловч өнөөдөр 10,000,000 төгрөг, 16,000,000 төгрөгийг ямар зорилгоор өгөөд байгааг нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж чадахгүй, баримт байгаа гэж тайлбарлаж байна. Тэгэхээр зорилго нь өөрөө бид нарын зүгээс тайлбарлаж байгаа компанид хөрөнгө оруулж байсан, би хувьдаа аваагүй гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар өмчлөлдөө би тэр мөнгийг шилжүүлж аваагүй учраас хүлээн зөвшөөрөхгүй гэдэг тайлбарыг дэмжиж байна. Байрны 32,000,000 төгрөгийг сая ч гэсэн компаниас өгөөд байгаа юм уу? Б.*******аас өгөөд байгаа юм уу? гэж асуухад Актив групп ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч нь Б.******* мөн юм гэсэн баримт хэрэгт байхгүй. У.Үүрдмөнхийн хамтран эзэмшдэг данснаас гараад байгаа. Магадгүй Актив групп ХХК-аас дараа нь нэхэмжлэх эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ өнөөдрийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдал зөрчигдсөн учраас нэхэмжлэлийн шаардлага гаргаж орж ирээд байгаа нь Б.******* мөн үү? гэдгийг зайлшгүй харж үзэх шаардлагатай. Иргэний хуульд зааснаар цорын ганц хувьцаа эзэмшигч учраас Б.******* ч байсан ялгаа байхгүй гэж хандаж болохгүй. Яагаад гэхээр Иргэний хуулийн ерөнхий ангийн 15.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамж буюу иргэн өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар насанд хүрснээр буюу 18 наснаас бий болно. 25.1.Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ гээд заагаад өгсөн. Иргэн, хуулийн этгээд статусаараа тусдаа учраас энэ асуудлыг зайлшгүй хөндөх шаардлагатай. Магадгүй Актив групп ХХК-аас нэхэмжлээд ороод ирэх юм бол О.******* төлөхгүй гэх үндэслэл байхгүй. Гэхдээ өнөөдрийн шүүхийн шийдвэрээр Б.*******д өгөөд байгаа нь Б.******* авах эрхтэй этгээд биш учраас гэсэн татгалзсан тайлбарыг гаргаад байгааг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хэрэгт авагдсан баримтууд, гар утасны чатанд үзлэг хийсэн баримтуудаас харахад дандаа Б.******* захирлаа удахгүй өгнө, танд хурдан өгөхийг хичээнэ манай гэр бүл гэдэг агуулга байгаа. Агуулгаас нь харахаар өгнө гэдэг агуулга байгаа боловч эцсийн дүндээ компанийн хөрөнгийг буцаагаад өгнө гэдэг асуудал яригдаж байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б.*******аас Д.*******т олгосон итгэмжлэл, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөнгө хүлээн авсан баримт, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн кассын зарлагын ордер, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн О.*******аас Б.*******д гаргасан өргөдөл, Б.******* захиралд гэсэн өргөдөл, гар утаснаас хуулбарласан мессежнүүд, Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, О.*******ын Актив групп ХХК-нд гаргасан өргөдөл хуулбар, 2025 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн Б.*******аас Д.*******т олгосон итгэмжлэл, зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн еранхий захиралын 2015.06.25-ны өдрийн Б/685 дугаартай О.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Голомт банкны дансны хуулга, иргэний оршин суугаа газрын хаягын бүртгэлийн лавлагаа, 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдрийн О.*******аас Х.*******д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 сарын 29-ний өдрийн ЕГ0125/2196 дугаартай шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар хариуцагчийн хүсэлтээр бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******аас 127,192,050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай зээлэх, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн 0.15 хувийн алданги төлөхөөр тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авч, мөнгө хүлээн авсан баримтыг үйлдсэн, зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар батлуулсан, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэмж 16,000,000 төгрөгийг зээлж, бэлнээр авч нийт 26,000,000 төгрөг болсон. Үүнээс 3,000,000 төгрөгийг төлж зээлийн үлдэгдэл 23,000,000 төгрөг болсон. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Токиогийн гудамж, 55А-505 тоот орон сууцыг худалдаж авахдаа урьдчилгаанд нэмж 32,997,000 төгрөгийг өгч зээлийн хэмжээ 55,997,000 төгрөг болсон. О.******* нь дээрх 55,997,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бөөнөөр нь төлж барагдуулах, хугацаа хэтэрсэн сар тутамд 5 хувийн хүү төлөх тухай хүсэлтийг Б.*******д бичгээр гаргаж өгч, үүнээс хойш 2021.11.14-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2021.12.22-нд 2,500,000 төгрөгийг, 2022.01.31-ний өдөр 3,000,000 төгрөгийг, нийт 8,000,000 төгрөгийг төлж, үлдэх 47,997,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Б.******* нь О.*******тай түүний Эркэ Садо гэх фэйсбүүк мессэнжер хаягаар холбогдож зээлсэн мөнгийг өгөхийг шаардахад 2021 оны 11 сараас эхлээд сар бүр 5,000,000 төгрөгөөр төлнө гэж байсан боловч төлөөгүй. Иймд О.*******аас бичгээр гаргасан хүсэлтийн дагуу сарын 5 хувийн хүүг дээрх дүнгээс 2022 оны 02 сараас эхэлж тооцоход 1 сарын 2,399,850 төгрөгийн хүү, нийт 33 сарын хүү 79,195,050 төгрөг үндсэн зээлийн үлдэгдэл 47,997,000 төгрөг, нийт 127,192,050 төгрөгийг хариуцагч О.*******аас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарласан.
3. Хариуцагч О.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.******* нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…10,000,000, 16,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй, компанид хөрөнгө оруулалт хийсэн, байрны урьдчилгаа төлбөрт 32,997,000 төгрөгийг Б.******* нь зээлийн гэрээгээр шилжүүлээгүй, “Скайсис Солюшнс” ХХК-д үр бүтээл гарган ажиллуулах, тогтвортой ажиллуулах зорилготой өгсөн, зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, 5 хувийн алданги төлнө гэж бичээгүй, 32,997,000 төгрөгийг Б.******* нэхэмжлэх эрхгүй, 8 жилийн дараа нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргасан.
4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
5. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О.******* нар нь 2015 оны 12 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэл сарын 1,5 хувийн хүүтэй зээлийн гэрээг байгуулж, нотариатаар батлуулсан, мөн 2015 оны 12 сарын 30-ны өдөр мөнгө хүлээн авсан баримтаар 2015 оны 12 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийг О.******* хүлээн авсан үнэн болно гэсэн баримтыг үйлджээ. /хх5-6, 60х/
5.1. Хариуцагч О.******* нь 2016 оны 12 сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.*******д өргөдөл гаргасан байх бөгөөд өргөдөлдөө “...10,000,000 төгрөгийг 2015 оны 12 сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд зээлээр авсан, зээлийн барьцаа хөрөнгө болох Эрдэнэт хотод байрлах хашаа байшинг худалдан борлуулах замаар зээлээ төлөх бодолтой байсан боловч гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж тохиролцсоны эцэст төрсөн ээж Ж.Отгонтуяагийн нэр дээр бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг худалдан борлуулах замаар зээлээ төлөхөөр шийдвэрлэв. Ж.Отгонтуяа нь одоогоор Япон улсад байгаа 2017.01.18-нд ирнэ, ирсний дараагаар барьцаа хөрөнгийг 2 өрөө орон сууцаар солиод нэмж 16,000,000 төгрөг зээлэх хүсэлтэй байна. Ингээд нийт 26,000,000 төгрөгийн зээлийг 2017.02.25-ны дотор барагдуулана...” гэжээ. Зохигч 2016 оны 12 сарын 09-ний өдөр кассын зарлагын ордер гэсэн баримтанд Б.******* О.*******ад зээл нэмж авав 16,000,000 төгрөг гэсэн баримтыг үйлдсэн байна. /хх7-8, 61х/
5.2. Хариуцагч О.******* нь “...манай гэр бүлийг дэмжих зорилгоор орон сууцны 30 хувийн урьдчилгааг буцалтгүй тусламжаар олгож байна. Групийн зүгээс надад маш их итгэл хүлээлгэн хамтран ажиллаж байгаа тул...өөрийн зүгээс мэдлэг, чадвар, арга туршлагыг дайчлан Скайсис солюшнс ХХК-г удирдан зохион байгуулж хөл дээр нь босгох цаашлаад Актив групп ХХК-тай 20 жилийн турш тогтвор суурьшилтай хамтран ажиллахаа хариуцлагатайгаар амлаж байна...орон сууцны 30%-ийн урьдчилгааг барилгын захиалагч Б.Нүрзэдийн Төрийн банкны 106200176145 тоот дансанд тушааж өгнө үү” гэсэн өргөдлийг “Актив групп” ХХК-нд гаргасан байна. Нэхэмжлэгч Б.******* нь Хаан банкны хугацаагүй хадгаламжийн данснаасаа “О.******* 55-А-56 тоот урьдчилгаа актив группс” гэсэн утгатайгаар 2016 оны 03 сарын 10-ны өдөр 32,993,100 төгрөгийн зарлагыг гаргажээ. /хх36, 62х/
5.3. Мөн хариуцагч О.******* нь нэхэмжлэгч Б.*******д “...Скайсис солюшнс ХХК-нд хөрөнгө оруулах зорилгоор зээлсэн 23,000,000 төгрөг болон надад байрны урьдчилгаанд өгсөн 32,997,000 нийлээд 55,997,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний дотор бөөнөөр нь төлж барагдуулахаа амлаж байна. Хугацаа хоцорсон сар тутамд 5 хувь алданги төлнө... ” гэсэн бичгийг бичиж өгч байсан байна.
6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.4 “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.
7. Зохигчийн тайлбар болон дээрх баримтуудаар талуудын хооронд бичгээр 2015 оны 12 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөгийн, 2016 оны 12 сарын 09-ний өдөр 16,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээгээр зээлдүүлэгч Б.******* нь нийт 26,000,000 төгрөгийг О.*******ын өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч О.******* нь 26,000,000 төгрөгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээсэн, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн байна.
8. Хариуцагч талаас “26,000,000 төгрөгийг зээлээгүй, бэлнээр аваагүй, Б.*******ын байгуулсан Скайсис солюшнс ХХК-д хөрөнгө оруулалт гэж хийсэн, Б.******* нь надаас мөнгө зээлээд компанид хөрөнгө оруулчих, компани амжилттай болсны дараа мөнгөнийхөө асуудлыг шийдэцгээе гэдэг байдлаар баримтыг үйлдсэн...” гэж маргаж байгаа боловч дээрх нотлох баримтуудаар О.******* нь 26,000,000 төгрөгийг зээлсэн болох нь тогтоогдсон, зээлж авсан мөнгөө юунд зарцуулах нь түүний эрх бөгөөд хариуцагч О.******* нь зээлийн гэрээний дагуу хугацаандаа 26,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй, нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч О.*******аас мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.
9. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд 10,000,000 төгрөгийг сарын 1.5 хувийн хүүтэй, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай зээлсэн, зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0.15 хувиар алданги төлөхөөр тохиролцсон тул гэрээний дагуу, хүү, алдангийг гаргуулж өгнө үү гэх ба нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа энэхүү гэрээний дагуу хүү, алдангийг нэхэмжлээгүй, харин хариуцагч О.*******ын “...Хугацаа хоцорсон сар тутамд 5 хувь алданги төлнө...” гэж бичиж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжилсэн тул шүүх шийдвэрлэх үндэслэлгүй.
10. Хариуцагч О.*******ын “...Б.******* нь компанид тогтвор суурьшилтай ажиллах шаардлага тавьсан тул Б.******* нь уг агуулгаар баримт үйлдэн өөртөө авсан. Миний бие Б.*******ын гаргасан санал болон түүнтэй хэлэлцэж, тохиролцсондоо ихээхэн итгэж, найдаж өөрийгөө бүрэн дайчилж, хүчин чармайлт гарган ажиллаж байсан боловч энэ 4 жилийн хугацаанд хамтарч ажиллахад маш бэрх, хэлэлцэж ярьснаасаа байнга буцдаг, маш их дарамттай, үргэлж өр зээлэнд оруулж байсан тул 2019 онд ажлаасаа гарсан...” гэсэн, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгчийн тайлбарласнаар О.******* энэ компанид гүйцэтгэх захирал хийгээд, санхүү, нягтлантайгаа холбогдоод удирдаж явж байгаад удаан хугацаанд хамтран ажиллана гэдэг энэ амлалтаа биелүүлээгүй гараад явчихсан. Компани нь өөрөө Айди чиглэлийн компани. Тэгэхээр Айди чиглэлийн компаний айди инженер нь байхгүй болохоор энэ компанийн үйл ажиллагаа явах боломжгүй, энэ компанийн үйл ажиллагаа зогссон... Актив групп ХХК нь нэг хувцаа эзэмшигчтэй, Б.*******ын компани...” гэсэн тайлбарууд, хэрэгт авагдсан хариуцагч О.*******ын Актив групп ХХК-нд гаргасан өргөдөл, Б.*******ын Хаан банкны хугацаагүй хадгаламжийн дансны хуулгаас үзэхэд Б.******* нь Актив групп ХХК-ийн захирал байх бөгөөд хариуцагч О.*******ыг Скайсис солюшнс ХХК-г удирдан зохион байгуулж, Актив групп ХХК-тай 20 жилийн турш тогтвор суурьшилтай хамтран ажиллах нөхцөлтэйгээр түүнийг дэмжих зорилгоор орон сууц худалдан авахад нь орон сууцны 30 хувийн урьдчилгааг буцалтгүй тусламжаар олгохоор тохиролцож, 2016 оны 03 сарын 10-ны өдөр өөрийн Хаан банкны хугацаагүй хадгаламжийн 5009759337 тоот данснаас 32,993,100 төгрөгийг хариуцагч О.*******ын хүсэлтийн дагуу шилжүүлсэн байх тул талуудын хооронд тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
11. Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д “тусгай зориулалттай бэлэглэлийн гэрээг тодорхойлсон байх бөгөөд хуульд зааснаар ямар нэгэн болзол хангасан, эсхүл тодорхой зорилгод хүрсэн нөхцөлд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор талууд тохиролцож болно” гэж заажээ.
12. Хариуцагч О.*******ын “...Б.******* нь компанид тогтвор суурьшилтай ажиллах шаардлага тавьсан тул Б.******* нь уг агуулгаар баримт үйлдэн өөртөө авсан...” гэсэн тайлбараар зохигчийн хооронд бичгээр бэлэглэлийн гэрээ хийгдсэн байна.
13. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.*******ыг Скайсис солюшнс ХХК-г амжилттай удирдан зохион байгуулж, Актив групп ХХК-тай 20 жилийн турш тогтвор суурьшилтай хамтран ажиллах нөхцөлтэйгээр 32,993,100 төгрөгийг бэлэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хариуцагч О.******* нь уг нөхцөлийг хангасан тохиолдолд Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.1-д зааснаар бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болохоор байна. Гэтэл хариуцагч О.******* нь гэрээний нөхцөлөө биелүүлээгүй 2019 онд ажлаасаа гарсан байх тул нэхэмжлэгч буюу бэлэглэгч Б.******* Иргэний хуулийн 279 дүгээр зүйлийн 279.3-т зааснаар гэрээнээс татгалзаж, бэлэглэлийн зүйлийг шаардах эрхтэй гэж үзнэ.
14. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь “хариуцагч О.*******ын “...Скайсис солюшнс ХХК-нд хөрөнгө оруулах зорилгоор зээлсэн 23,000,000 төгрөг болон надад байрны урьдчилгаанд өгсөн 32,997,000 нийлээд 55,997,000 төгрөгийг 2021 оны 12 сарын 31-ний дотор бөөнөөр нь төлж барагдуулахаа амлаж байна... хугацаа хоцорсон сар тутамд 5 хувь алданги төлнө” гэсэн бичгийг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдсан гэж хүү нэхэмжилсэн нь үндэслэлгүй.
15. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь ... буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч Б.******* нь 32,993,100 төгрөгийг хариуцагчаас шаардах, хариуцагч О.******* нь бэлэглэлийн зүйл болох мөнгөн хөрөнгийг буцааж өгөх үүрэгтэй байна.
16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Актив групп ХХК-нд орон сууцны 30 хувийг төлөх хүсэлтийг гаргасан, Б.*******ын 32,993,100 төгрөгийг шилжүүлсэн гэсэн дансны хамтран эзэмшигч Ц.Үүрмөнх гэж хүн байна... Б.******* нэхэмжлэх эрхгүй гэж маргасан боловч хариуцагч О.*******ын нэхэмжлэгч Б.*******д хандаж гаргасан өргөдөл, тэдний хооронд харилцсан чат мессэжээр О.******* нь Б.*******аас мөнгийг авсан, түүнд өгөх ёстой гэдгээ хүлээн зөвшөөрсөн, Ц.Үүрмөнх нь О.*******аас шаардаж байгаагүй, Б.******* шаардаж байсан, мөн Б.******* нь өөрийн эзэмшдэг хугацаагүй хадгаламжийн данснаас тухайн мөнгөний гүйлгээг хийсэн байх тул Б.******* нь О.*******аас нэхэмжилснийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв.
17. Талууд хөөн хэлэлцэх хугацааны хувьд маргадаг боловч хариуцагч 2021 оны 12 сарын 31-ний дотор төлнө гэсэн баримтыг үйлдсэн, мөн 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 22-нд 2,500,000 төгрөгийг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн ба энэ талаар зохигч маргаагүй. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, мөн 79 дүгээр зүйлийн 79.3-т зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс шинээр эхлэн тоологдох бөгөөд нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд ханджээ. Эдгээрээс хариуцагч, түүний төлөөлөгчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар үндэслэлгүй гэж үзнэ.
18. Нэхэмжлэгч талаас 3,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2,500,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-нд 2,500,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөг, нийт 11,000,000 төгрөгийг хариуцагч О.******* өгсөн талаар талууд маргаагүй. Иймд хариуцагч О.*******аас 47,993,100 төгрөг /26,000,000+32,993,100-11,000,000/-ийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,198,950 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
19. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 47,993,100 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 397,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.2, 279 дүгээр зүйлийн 279.1-т зааснаар хариуцагч О.*******аас 47,993,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 79,198,950 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 793,911 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.*******аас 397,916 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ