Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00246

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00246

 

 

**********гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02459 дугаар шийдвэртэй,

**********гийн нэхэмжлэлтэй, ***************т холбогдох,

Гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ********** нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ***************тай автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулж, өөрийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр импортолж гаалиар оруулж ирсэн суудлын зориулалттай, ZVW301359284 арлын дугаартай хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдаж, тухайн өдрөө түүнд автомашиныг шилжүүлэн өгсөн. *************** нь автомашины үнийг төлөхгүй хохироож байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж, автомашины үнэ 15,500,000 төгрөгийг ***************аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Тус тээврийн хэрэгслийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Шинэ-22 авто захаас автомашин үзэж яваад Ж.Өлзийхүү гэх хүнтэй уулзан худалдаж авахаар тохирсон. Худалдаж авахдаа Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багт байрлах өөрийн өмчлөлийн 6,000 м.кв газраар солихоор харилцан тохиролцсон улмаар тэр өдрөө машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Улмаар 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр тус тээврийн хэрэгслийг "Тайгын булаг авто ХХК-д барьцаалан зээл авсан. Гэтэл түүнээс 2 хоногийн дараа машин худалдсан Ж.Өлзийхүү гэх залуу утсаар залган япон захирлууд ирэх гэж байна таны машиныг түр тооллогод оруулаад буцаагаад авчраад өгье гэж хэлээд машиныг аваад явсан. Түүнээс хойш би Ж.Өлзийхүү гэх залуутай холбогдох гээд чадахгүй өдийг хүрлээ.Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***************аас 15,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар **********гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***************аас 235,450 /хоёр зуун гучин таван мянга дөрвөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********д олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Тухайн автотээврийн хэрэгслийг Ж.Өлзийхүү гэх хүнээс 6,000 м.кв газраар арилжиж авсан, **********тэй гэрээ байгуулаагүй. Ж.Өлзийхүү ********** эгчийн машин гээд над руу шилжүүлж өгсөн. Тээврийн хэрэгсэл фидуцийн гэрээгээр Тайгын булаг авто ХХК-нд шилжсэн. Гэхдээ Тайгын булаг авто ХХК-нд өр төлбөрөө барагдуулсан. Нэхэмжлэгч нь заавал мөнгөө авна гээд байх юм. Дээрх 6,000 м.кв газрыг ***************аас **********д шилжүүлж, өгөх хүсэлтэй байна. ********** нь 2 жил тухайн тээврийн хэрэгслийг эдэлж хэрэглэсэн атлаа эргээд 15,000,000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ нь ***************, ********** нарын хооронд байгуулагдсан. Ж.Өлзийхүү энэ хэрэгт хамааралгүй, зөвхөн автомашиныг худалдахад туслалцаа үзүүлдэг байсан. Талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдаагүй. Энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. *************** нь автомашиныг худалдан авах үедээ газар сонирхох уу гэж санал тавьсан. Ж.Өлзийхүү газрыг үзээд харилцан тохиролцоонд хүрээгүй. Автомашиныг авч явж, Тайгын булаг авто ХХК-д барьцаанд тавьж, мөнгөө авч явсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

1. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч ***************т холбогдуулан худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн автомашины үнэд 15,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, автомашиныг Төв аймгийн Алтанбулаг сумын 2-р багт байрлах 6,000 мк.в газраар солихоор тохиролцсон, газар өгнө гэж маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. ********** нь ***************тай 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, өөрийн эзэмшлийн, ZVW301359284 арлын дугаартай, хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг 15,500,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцжээ./1хх5/

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй.

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

Худалдагч ********** нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн автомашин худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагч ***************ын өмчлөлд ZVW30-1359284 арлын дугаартай, хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн байна.

2.б. *************** нь **********гээс худалдаж авсан автомашинаа Тайгын булаг авто ХХК-ийн өмчлөлд фидуцийн гэрээгээр шилжүүлж, зээл авсан болох нь Тайгын булаг авто ХХК болон *************** нарын хооронд байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 26-ний өдрийн 01901836 дугаар зээлийн гэрээ, 01901836 дугаар фидуцийн гэрээ, зохигчийн тайлбараар тогтоогдсон../хх19-22/

2.в. Мөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн автомашин худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлд автомашины үнэ 15,500,000 төгрөгийг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр төлж дуусгана гэж, төлбөр тооцоо дууссан гэж бичигдсэн. /хх 5/

Талууд автомашины үнийг 15,500,000 төгрөгөөр тохиролцсон талаар маргаагүй.

 

3. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

3.а. Хариуцагч *************** нь гэрээний зүйл болох автомашины үнийг Төв аймгийн Алтанбулаг сумын 2 багт байрлах өөрийн өмчлөлийн 6,000 м.кв газраар арилжиж төлөхөөр тохиролцсон, автомашиныг буцаагаад авсан гэж тайлбарласан боловч бусдад газраа шилжүүлэх тухай өргөдлийг гаргаж байсан гэх баримт газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Төв аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 07/817 дугаар албан бичгээр тогтоогдож байна. /хх 54/

Мөн гэрч Ж.Өлзийхүү шүүх хуралдаанд **********гийн машиныг би хүмүүст үзүүлж байхад *************** ирж үзээд авахаар сонирхсон, *************** нь машины үнэд анх газар өгье гэсэн санал гаргаад бид газрыг очиж үзээд авах боломжгүй гэдгээ хэлсэн. *************** автомашины үнэ 15,500,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний загвараар гэрээг байгуулсан бөгөөд төлбөр тооцоо дууссан гэх үг бичээтэй байсныг засварлаагүй байна гэж мэдүүлжээ.

3.б. Тайгын булаг авто ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 22/2-038 дугаар албан бичгээр тухайн байгууллага нь 09-48 УБА улсын дугаартай, ZVW301359284 арлын дугаартай, хар өнгөтэй, Toyota Prius маркийн автомашиныг хураан авч, иргэн Т. Батмягмарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч **********г автомашинаа буцаан авсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх 55/

 

4. Хариуцагч Т. Батмягмар нь арилжааны гэрээ байгуулсан тул 15,500,000 төгрөг биш харин газраар үнийг төлнө гэх агуулгатай давж заалдах гомдол гаргасан. Хэргийн баримтыг харьцуулан судлахад хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна. Хариуцагч *************** нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу татгалзлаа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй гэж анхан шатны шүүхээс дүгнэснийг буруутгахгүй, гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02459 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД