Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1009

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Э.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01340 1035 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Э.С, Монгол Улсын иргэн, .... өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эх, дөрвөн хүүхдийн хамт, ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ...., урьд ял шийтгүүлж байгаагүй.  

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Э.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойргийн орчим гудамжинд илээр, хүч хэрэглэхгүйгээр Ж.Д-ын эзэмшлийн “Хуйвэй П-9” загварын гар утсыг нь “гар утсаар чинь ээжтэйгээ яриадахъя” гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авч бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Э.С нь 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны тойрог орчмын гудамжинд “гар утсаар чинь ээжтэйгээ яриад өгье” гэж хэлээд Ж.Д-ын “Huawei P9” загварын гар утсыг авчихаад зугтаасан буюу бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч явж, бусдад 450,000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 1. Шүүгдэгч Э.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хийсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна. Тиймээс надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Ж.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "..2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ... С “ээжтэйгээ утсаар ярих гэсэн юм” гэж хэлээд миний гар утсыг авсан. Тэгээд утсаар яриад цааш явж байсан бөгөөд би хүмүүстэй архи уугаад зогсож байтал нэг мэдэхэд С алга болчихсон байсан. Би хамт байсан хүмүүстэйгээ нийлж хайгаад олдоогүй. Тэгэхээр нь тэр хавиар байдаг барьцаалан зээлдүүлэх газар болон дэлгүүрээр хайж явсан боловч олдохгүй болохоор нь би цагдаагийн хэлтэс орж өргөдөл өгсөн юм. Би С-ыг бага байхаас нь мэднэ. Бид шар хаданд хөршүүд байсан юм. Гэхдээ сүүлийн 5 жил тааралдаагүй байсан бөгөөд тухайн өдөр тааралдсан юм. Би тухайн гар утсаа 800,000 төгрөгөөр лизингээр авч байсан. Би гомдолтой байна. Гар утсаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13-16 дугаар хуудас),

“...Бид баянхошууны тойргийн хойд талд байрлах ”Мөндөөхэй” цэцэрлэгийн арын гудамжны үзүүрт архи ууж байсан юм. Бид гудамжны үзүүрт шахуу зогсож байсан бөгөөд С утсаар ярихдаа биднээс бага багаар холдоод байсан. Тэгээд төв зам руу гудамж эргээд явахыг нь би харсан, гэтэл хэсэг хугацааны дараа эргээд хартал алга болчихсон юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-18 дугаар хуудас),

“...2018 оны 3 дугаар сарын 12-ны өглөө 11 цагт гэрээсээ гараад амарч байсан болохоор тойргийн дэлгүүр орж 1 шил архи авсан бөгөөд архиа аваад гэр лүүгээ явах гэж байгаад багын найз С, түүний хоёр найзтай таарсан юм. Тэр гурав “архинаасаа өгөөч шартаж үхлээ” гэж гуйсан. Тэгээд би өгөхөөр болж дэлгүүрийн хойд гудамж руу орсон. Тэгтэл өөр нэг залуу ирсэн. Тэр залуугийн ах нь өмнө нь надтай хамт ажиллаж байсан юм билээ. Бидэн дээр ирсэн залуу бид хоёр архи уугаагүй байсан болохоор дахин нэг шил архи нэмж авсан. Бид архиа ууж байхад С миний утсаар ярих гээд надаас утас авсан боловч утсаар яриад биднээс бага багаар холдоод алга болсон юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-21 дүгээр хуудас);

3. Гэрч Б.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны тойрог орчим явж байгаад танил Д, С, Мөнхөө, О нартай тааралдсан юм. Тэгтэл С, Д-тай уулзаж шартаж үхлээ гэж хэлсэн чинь Д дэлгүүр орж 0.5 литрийн шилтэй Хараа нэртэй архи, нэг ундаатай аваад бид тойргийн хойно байдаг гудамж руу орж архиа хувааж уусан. Тэгээд Д дэлгүүрээс дахин 0.75 литрийн шилтэй Хараа архи, ундаатай аваад С, Д, О, М бид тав тойргийн хойно байрлах гудамжиндаа буцаж ороод, авсан архиа дөнгөж задлаад эхэлж байтал С, Д хоёр багадаа найзалж байснаа дурсаж яриад уулзаагүй удсан байна гэж байсан. Тэгээд С “гар утсаа өгч байгаач, ээжтэйгээ яриад өгье” гэж хэлээд Д-ын хар өнгийн гэртэй мэдрэгчтэй гар утсыг нь аваад хүнтэй ярьж байх шиг байсан. Би хэнтэй ярьж байсныг нь сайн мэдээгүй. Биднийг архиа ууж байх хооронд С, Д-ын гар утсаар ярьж байгаад биднээс бага багаар холдож, хашааны булан тойрох гэтэл хажуунаас О “хөөе, С чи Д-ын гар утсыг өгөөч ээ” гэж хэлэхэд С хашааны булан тойроод алга болчихоор нь би араас нь очиж хартал С хар ирчээрээ гудамж уруудаад гүйж байгаад булан тойроод алга болчихсон. Тэгэхээр нь би Д-д “С гар утсыг чинь аваад явчихлаа“ гэхэд Д “бид хоёр нэг нутгийн хүмүүс, би С-ыг сайн мэднэ, арай ч миний гар утсыг аваад алга болчихгүй байх” гэхээр нь би тайвшираад архиа үргэлжлүүлж уусан юм. Тэгээд бид архиа хувааж ууж дуусчихаад байж байтал Д “С гар утас аваад алга болчихлоо” гээд бид тойрог орчмоор С-г хайж нэлээн удаан явсан боловч С олдоогүй. Тэгээд Д “би С-ыг цагдаад өгнө” гээд үлдсэн. Харин би гэр лүүгээ харьсан юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114-115 дугаар хуудас);

4. Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай охин С 2018 онь 3 дугаар сард надтай огт утсаар яриагүй, “Д-ын гар утсаар гуйж ярьж байна” гэж хэлээгүй. Харин сүүлд нь С над руу танихгүй дугаараас залгаж “ээж би Д-ын гар утсыг нь алга болгосныхоо өрөнд үхэр өгөхөөр боллоо, та нэг үхэр Д-д өгчих” гэж хэлэхээр нь би өөдөөс нь уурлаад “надад хүнд өгөх үхэр байхгүй” гэж хэлээд утсаа салгасан юм. ...Манай охин С “Д-ын гар утсыг аваад Баянхошууны тойрог орчимд 30,000 төгрөгөөр танихгүй, машинтай хүнд зарсан” гэж хэлж байсан. Тэр одоо Баянхошууны хавиар дэмий тэнээд л явж байгаа байх, яг хаана байгааг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 105-106 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Э.С-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би “гар утсаа өгч байгаач, ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж хэлээд Д-ын гар утсыг авсан юм. Тэгээд зогсож байсан газартаа утсаар ярьж байгаад, 40-50 алхамын зайгаар бага багаар холдож булан тойроод зугтаад гүйсэн юм. Тэгээд би Баянхошууны тойргийн ойролцоо rap утсыг нь зам дээр зогсож байсан машинтай, настай ахад “гap утас авах уу” гэж асуугаад “авъя” гэхээр нь 30,000 төгрөгөөр зарчихсан. Тэр ах “манай хүүхэд утасгүй болчихсон байсан юм” гээд надад 30,000 төгрөг бэлнээр өгөөд хөдлөөд явчихсан юм. Би тэр ахыг урьд өмнө танихгүй. Одоо зааж өгч чадахгүй. Дахин харвал танихгүй байх, ямар машин байсан гэдгийг нь ч санахгүй байна. Би 30,000 төгрөгийг нь архи уугаад үрчихсэн. Би Д-д учруулсан хохирлоо барагдуулаагүй байгаа, Д-тай уулзаад төлж барагдуулах талаар ярьсан. Би хүүхдийнхээ мөнгийг авахаар төлнө гэж ярилцсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 112-113 дугаар хуудас);

6. Шүүгдэгч Э.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 38 дугаар хуудас), урьд нь ял шийтгүүлж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42 дугаар хуудас);

7. “Тэнцвэр эстимэйт” ХХК-аас гаргасан “Huawei P9 загварын гар утсыг 450,000 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт (хх-ийн 31-32 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтооход хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ж.Д-д 450,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын үнэлгээний тайлангаар эргэлзээгүй нотлогдсон байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг 450,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэргийн шинжид хамаарч буйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.С нь “гар утсаа түр өгч байгаач, ээжтэйгээ ярьчихаад өгье” гэж хэлээд хохирогч Ж.Д-ын гар утсыг авсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан шинжийг, хохирогч Ж.Д нь түүнд гар утсаа авч явах зөвшөөрөл өгөөгүй байхад шүүгдэгч Б.С дур мэдэн авч явсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан шинжийг тус тус хангах бөгөөд гэрч Б.З нь “...С Д-ын гар утсаар ярьж байхдаа биднээс бага багаар холдож, хашааны булан тойрох үед нь хажуунаас О “хөөе, С чи Д-ын гар утсыг өгөөч ээ” гэж хэлэхэд С хашааны булан тойрчихоор нь би араас нь очиж хартал гудамж уруудаж гүйгээд алга болсон...” талаар мэдүүлсэн (хх-ийн 114-115) байгаагаас үзвэл шүүгдэгч Б.С нь бусдын эд хөрөнгийг илээр авч явсан гэж үзнэ.

Түүнчлэн, хохирогч Ж.Д өөрийн өмч хөрөнгө болох “Huawei P9” загварын гар утсаа захиран зарцуулах эрхтэйгээр бусдад шилжүүлээгүй буюу тухайн эд зүйлийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр шүүгдэгч Э.С-д өгөөгүй байх тул шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн шинжгүй, мөн хохирогч Ж.Д нь “Huawei P9” загварын гар утсаа тодорхой хугацаагаар ашиглах, эсхүл хадгалуулах зэргээр шүүгдэгчид итгэмжлэн хариуцуулж өгч явуулаагүй байх тул “Хөрөнгө завших” гэмт хэрэгт хамаарахгүй болно.

Шүүгдэгч Э.С-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал шунахайн сэдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч явсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.С-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Д нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 450,000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд энэ хохирол нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул шүүгдэгч Э.С-с 450,000 төгрөг гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.С нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй бөгөөд гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Тэрээр энэ хэрэгт нийт 41 хоног цагдан хоригдсон тул эдлэх ялд нь оруулан тооцох, түүнээс хохирол төлбөр болох 450,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.Д-д олгуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт: “...Энэ шүүх хуралдаанд шүүгдэгч Э.С-ын хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч Э.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Мөн бага насны дөрвөн хүүхэдтэйг нь харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.С-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү...” гэв.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүгдэгч Э.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон түүний “дөрвөн хүүхэдтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй” хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгах зорилгод нийцсэн бөгөөд түүнийг нийгэмшүүлэх, засан хүмүүжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоож албадлагын арга хэмжээг сонгон хэрэглэх нь зохистой байна.

Энэхүү албадлагын арга хэмжээгээр хүлээлгэсэн “гэмт хэргийн хор уршиг арилгах” үүргийг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах хууль зүйн үр дагавартай тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуульд зааснаар төлбөр гаргуулж шийдвэрлэх нь давхардал болох тул шүүгдэгч Э.С нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах үүргээ биелүүлээгүйн улмаас шүүх түүнд ял оногдуулахаар бол Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар хохирол төлбөр гаргуулахаар зааж, шийдвэр гүйцэтгэх байгууллагад гүйцэтгэх хуудас хүргүүлэх нь зүйтэй.

Энэ хэргийн хувьд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг нь шүүгдэгч Э.С хохирогч Ж.Д-д учирсан хохирол болох 450,000 төгрөгийг хоёр сарын хугацаанд сайн дураараа гаргаж өгөх явдал болохыг үүгээр тодорхойлов.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 39 (гучин ес) хоног цагдан хоригдсон байгааг, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Э.С-ыг “дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.С-д мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоосугай.

4.Шүүгдэгч Э.С нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.С нь энэ хэрэгт нийт 39 хоног цагдан хоригдсон, тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Э.С-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Э.С-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

.     

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА