| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 312/2026/00153/И |
| Дугаар | 312/ШШ2026/02284 |
| Огноо | 2026-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 312/ШШ2026/02284
2026 07 06 312/ШШ2026/02284
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ****** тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:**********, утас:***********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг ********* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:***********, утас:*********/-д холбогдох,
“110,000,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Э.******* миний бие нөхрийнхөө арван жилийн ангийн хүүхдийнх нь эхнэр болох Ц.*******тай нөхрөөрөө дамжуулан танилцаж улмаар бид гэр бүлийн найз нөхөд болж 4, 5 жил найзалсан. Энэ хугацаанд Ц.******* анх 2020 оны 07 дугаар сарын 14-нд манай бэр эгч болох ******* эгчид мөнгө хэрэг болоод байна 2,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй олоод өгөөч гэж гуйсны үндсэнд би анх мөнгө зээлсэн. Ингээд хэлсэн ярьсан хугацаандаа үндсэн мөнгө болон хүүгээ өгч байсан болохоор нь би итгээд дараа дараагийн удаа мөнгө зээлсэн. Надаас мөнгө зээлэхдээ найз нь юм хийгээд байнаа гэж хэлээд өөрөө авдаг, мөн эгч зээлж байна, ээж зээлж байна, дүү маань авч байна, манай багш авч байна гэх мэтээр зээлж авдаг байсан. Өөр хүмүүст мөнгө зээлж олж өгч байгаа гэж надад тайлбарлаж хэлж байгаа ч би дансаараа авъя гээд би дансаараа авч байгаа юм чинь би тооцоог нь хийнэ гэдэг байсан. Улмаар ингэж явсаар маш олон удаа цувуулан мөнгө зээлж авсан бөгөөд хамгийн сүүлийнх нь 2023 оны 06 дугаар сарын 23-нд 500,000 төгрөг авсан бөгөөд ингээд цувуулан нийт 73,700,000 төгрөгийн зээлийг надад одоог хүртэл эргүүлж өгөөгүй. Би 2024 оны 06 дугаар сард шүүхэд өгнө мөнгөө өг гэж холбогдоход надад үндсэн мөнгөө л өгчихье хоёулаа эвлэрье гэж хэлж байсан. Мөнгөө нэхэхээр нөхөртөө хэлж болохгүй байна, удахгүй мөнгөө хийнэ, 10 хоногийн дотор шилжүүлнэ, дуусгана гэх мэт шалтаг хэлсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд би ч гэр бүлийн найз нөхөд тул итгээд авсан юм чинь өгчих байх гэж найдаж хүлээсээр өдийг хүрч байгаа тул арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Надаас зээлсэн мөнгөнөөс үндсэн зээл гэж төлөлт хийгээгүй хүү гэж тодорхой хэмжээний мөнгө хийдэг байсан ч буцаагаад ахиулж зээлдэг байсан. Сүүлдээ би авсан мөнгөө өгөөгүй байж нэмж мөнгө зээлье гээд байхаар нь надад мөнгө олдохгүй байна гээд хэлхээр манай. гэрт ирж суучхаад явдаггүй, мөнгө авахаас нааш манай гэрээс гарахгүй улаан цайн гуйгаад суугаад байдаг байсан эсвэл дуудлага мессеж бичих зэргээр мөнгө олоод өг гээд зүгээр байлгадаггүй байсан. Сүүлд мөнгөө нэхэхэд хүнээр дарамтлуулж, над руу нэг хүн утсаар яриад чамайг орцонд чи араас чинь хутгалж ална гэх мэтээр заналхийлж байсан ч удаа байгаа. Надаас анх зээлэхдээ сарын 8 хувийн хүүтэй зээлж байсан, сүүлдээ 10 хувийн хүүтэй зээлдэг болсон, энэ хүүг өөрөө санал болгож хүлээн зөвшөөрч зээл авсан, хүний мөнгийг хэрэгтэй үедээ аваад буцааж өгөхгүй хэдэн жил хохироож байгаа тул би хүүгээ нэхэмжилнэ. Иймд Ц.*******гаас үндсэн зээл 73,700,000 төгрөг, хүү 36,300,000 төгрөг, нийт 110,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* нар шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “…Нэхэмжлэгч хариуцагч бид харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр дараах байдлаар эвлэрч байна. 1. Нэхэмжлэгч би нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөг болгож бууруулан, хариуцагч 30,000,000 төгрөгийг 2026 оны 11 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 01 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 02 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 03 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тохиролцов. 2. Дээрх мөнгөнд *******эс Ариун-Эрдэнэ рүү шилжүүлсэн 7,840,000 төгрөг, төрсөн дүү Ц.Баяржаргалын өмнөөс зээл төлсөн 1,578,000 төгрөг, будааны мөнгө 235,600 төгрөг, *******ийн 5,843,000 төгрөг, Диагностик бумтан ХХК руу шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг тус тус оруулан тооцсон. Энэхүү нийт 20,463,000 төгрөгийн талаар нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэл гаргах, маргаан үүсгэхгүй болно. 3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 110,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан 110,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 80,000,000 төгрөгөөс татгалзаж, 30,000,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Ц.******* нь 30,000,000 төгрөгийг 2026 оны 11 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 01 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 02 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 03 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрч, эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 30,000,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөг болгон бууруулж, хариуцагч Ц.******* нь 30,000,000 төгрөгийг 2026 оны 11 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2026 оны 12 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 01 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 02 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөг, 2027 оны 03 сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Нандин-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 707,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******гаас 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ шүүгчийн захирамжид зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ