Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 142

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

            Иргэний нэхэмжлэгч: Ж.Д,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө,

Шүүгдэгч: Ц.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овгийн Цгийн Гт холбогдох эрүүгийн 1835001400101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1999 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 166 дугаартай тогтоолоор 1 жил 6 сар хорих ял, 1999 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 261 дүгээр тогтоолоор 2 жил хорих ял, 2001 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Ховд аймгийн сум дундын шүүхийн 19 дүгээр тогтоолоор 1 жил хорих ял, 2011 оны 3 дугаартай 25-ны өдрийн Увс аймгийн сум дундын шүүхийн 41 дүгээр тогтоолоор 4 сар баривчлах ял, 2014 оны 14 дүгээр тогтоолоор 6 сар баривчлах ял, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 54 дүгээр тогтоолоор 5 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдсэн, ам бүл-2, ахын хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн 03-04 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ОЭ76072474, Х овгийн Цгийн Г.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Яллагдагч Ц.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 09-63 тоотод байрлах С.Бын байнга амьдрах зориулалттай гэрт нэвтэрч хохирогч Б.Хгийн эзэмшлийн хурганы арьсан дээл хулгайлж 1.000.000 төгрөгний хохирол учруулсан,

2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 025 тоот хашаанд байх иргэн Б.Б гэрээс хохирогч Б.Б эзэмшлийн самсунг галакси жи-5 загварын гар утас хулгайлж 512.000 төгрөгний хохирол учруулсан,

Машин механизм ашиглаж, 2018 оны 3 дугаар сарын 30-наас 31-ний өдрүүдэд Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт 03-04 тоот хашаанд байх хохирогч Т.Дийн амбаараас /агуулах/ нийт 170 литр шатахууныг савтайг нь хулгайлж 404.200 төгрөгний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Гийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

  1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ц.Г нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр машин механизм ашиглаж, Увс Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 03-04 тоот хашаанд байх хохирогч Т.Дийн амбаараас 170 литр шатахууныг савтай нь хулгайлж 404.200 төгрөгийн хохирол, 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө Улаангом сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, 025 тоот хашаанд байх Б.Б гэрт ороод гарахдаа хохирогч Б.Б эзэмшлийн Самсунг галакси жи-5 загварын гар утас хулгайлж 512.000 төгрөгийн хохирол, мөн өдрөө тус сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 09-63 тоот хашаанд байх С.Б-ын гэрт нэвтэрч хохирогч Б.Хгийн эзэмшлийн хурганы арьсан дээл хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

1. Хохирогч Т.Д-ийн “Манай гэрт найз болох ОХУ-ын иргэн Олег гэх залуу Монгол руу шатахуун зөөж 2018 оны 03 сарын дундуур орж ирсэн. Тухайн үед манай нөхөр Г бид хоёр Олегоос 360 литр шатахуун худалдаж аваад цэнхэр 200 литрийн 1 савыг нь дүүргээд, нөгөө 200 литрийн цэнхэр саванд нь хагаслаж хийгээд Олегын машины банкнаас авахдаа хэмжиж байсан 25 литрийн 1 сав, 20 литрийн 1 сав, 10 литрийн 1 савыг тус бүрт дүүргээд амбаартай хийсэн байсан. 2018 оны 03 сарын 30-ны өдөр 12 цагийн орчим би өөрийн машинтай аймгийн төвд явж байхад миний дугаар луу 91639099 дугаарын утаснаас танихгүй хүн залгаад "шатахуун байгаа юу 110 орчим литр шатахуун авмаар байна" гэхээр нь би "шатахуун зарах тухайгаа хэлээд хэзээ ирж авах талаар асуухад" нөгөө хүн "одоо ингээд очиж авмаар байна” гэж хэлээд манай гэрийг заалгаж авсан. Би ...амбаарт байсан цэнхэр саванд байсан шатахуунаас нийт 115 литрийг 30 литрийн 1 сав, 25 литрийн 1 сав, 20 литрийн 3 саванд хийгээд бэлдээд амбаартаа тавьсан. Мөн тухайн амбаарт өмнө нь савласан 55 литр шатахуун байсан. Тэгээд би амбаараа цоожлоод нөгөө утсаар ярьсан хүнийг хүлээгээд 13 цаг болсон. Над руу ярьсан утсаар нь залгахад утсаа авахгүй байсан. ..Манай найз Я залгаад "Ундармал улаан сарнай" ресторанд хүрээд ир хоол идье гэхээр нь би гэрээсээ 18 цагийн орчим гарч Ундармал улаан сарнай ресторанд ирсэн. Учир нь тухайн өдөр миний төрсөн өдөр байсан тул манай найз Я, Тэгшээ нар намайг хоолонд оруулсан. Бид 3 Ундармал улаан сарнай ресторанаас гараад Их өргөө караокед сууж байгаад 00 цагийн орчим би гэртээ ганцаараа ирсэн. Маргааш нь 2018 оны 03 сарын 31-ний өглөө 09 цаг 30 минутын орчим би босоод амбаараа шалгахаар очиход манай амбаарын цоожийг цохиж мулталсан байдалтай цүүнд нь зүүгээд орхичихсон байсан. Би тухайн үед Г авсан байх гэж бодоод Гыг дуудаж харуулсан. ...Манай амбаарт шатахуун байдаг талаар манай нөхөр Г, түүний дүү Г, Г нар л мэднэ. Өөр хүмүүс мэдээд байдаггүй. 2018 оны 03 дугаар сарын 30-ны шөнөөс 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагийн хооронд 20 литрийн савтай 2 ширхэг, 10 литрийн савтай 1 ширхэг, 25 литрийн 2 ширхэг нийт 100 литр шатахуун алдсан. Мөн 03 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш 20 литрийн савтай шатахуун 1 ширхэг, 200 савтай шатахуунаас нийт 50 литр шатахуун тус тус хулгайд алдсан. Г 200 литрийн савтай шатахуунаас амбаарт байсан 25 литрийн 2 ширхэг хоосон саванд хийж авч явсан байсан. Би урьд нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 230 литр шатахуун хулгайд алдсан талаар мэдүүлсэн. Би хүмүүст өгсөн шатахуунаа тооцолгүй 230 литр шатахуун гэж мэдүүлэг өгсөн байсан. Г амбаарын цоожийг эвдэж орсон байсан. Гийн шатахуун авч явсан савнуудыг бол бүгдийг нь эргүүлж авсан. Миний хувьд Гөөс нэхэмжлэх зүйл байхгүй. Миний шатахууны хохирлыг барагдуулж өгөх чадвар Гт байхгүй. Авах ч юм байхгүй гэдгийг мэдэж байна. Харин энэ хүнд хуульд заасан ямар хариуцлага байдаг юм, тэр хариуцлагыг хүндрүүлж оногдуулж өгөхийг хүсэж байна. Төрсөн ах, эгч нарынхаа эд хөрөнгийг байнга хулгайлж бид нарын амьдралд хулгайн хар мөр үлдээж хохироож байна. Урьд нь ахынхаа эд зүйлийг хулгайлсан хэргээр шүүхээр шийтгүүлж байсан. Удаа дараа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж байсан. Сүүлдээ бид нар Гөөс айж сандарч гэртээ хүртэл тайван сууж амьдарч чадахгүй байна” /1-р хх-214-216 тал/,

гэрч У.Б “2018 оны 3 дугаар сарын 31-ний өглөө 08 цагийн үед би гэртээ эхнэр хүүхдүүдийн хамтаар унтаж амарч байхад Ц.Г нь ганцаараа манай гэрт орж ирээд Би хөдөө явах яаралтай ажил гарлаа. Би шатахуун зармаар байна гээд гуйгаад байхаар нь эхлээд 20 литрийн савтай 2 ширхэг, 10 литрийн савтай 1 ширхэг нийт 50 литр шатахуун аваад гараждаа хийсэн. Тухайн үед би түүнд надад одоо бэлэн мөнгө байхгүй чи 2 цагийн дараа ирж мөнгөө ав гэхэд Ц.Г Та ядаж таксины мөнгө өгөөч гэхээр би 10000 төгрөг өгөөд явуулсан. Ц.Гийг явсны дараа би гэртээ ороод байж байхад өдрийн 10 цагийн үед Ц.Г архи уусан согтуу ирж дахиад 25 литрийн савтай 25 литр шатахууныг өгсөн. Би Ц.Гөөс нийт 75 литр шатахууныг 1500 төгрөгөөр бодож авсан ба 112500 төгрөг өгөхөөр болж Ц.Гийг үдээс хойш ирж мөнгөө ав гэж хэлээд явуулсан. 2018 оны 03 дугаар сарын 31-ний өглөө 08 цагт ирэхдээ цагаан өнгийн суудлын автомашинтай ирсэн. Харин 10 цагийн үед ирэхдээ ногоон өнгийн жижиг суудлын автомашинтай ганцаараа ирсэн. Үдээс хойш ирж мөнгө авахдаа цагаан өнгийн жижиг суудлын автомашинтай ирж авсан. Надад зарсан шатахууныг нь би цааш нь зарчихсан. Харин надад өгсөн шатахууны савнууд нь бол надад байгаа” /1-р хх-ийн 217-219 тал/,

гэрч О.Э-ын “Би 2018 оны 03 сарын 31-ний өдөр 10 цагийн орчим Буянт хорооллын дунд байдаг такси зогсоол дээр байхад нэг үл таних залуу орж ирээд "юу байна аа хөгшин таксинд явж байна уу" гэж асуусан би "таксинд явж байна" гэж хэлэхэд нөгөө залуу "хашаанаас очоод шатахуун аваад Бгийн гэрт хүргээд өгье" гэж хэлсэн. Би эргээд Буянт хорооллын гахайн байр тийшээ явж байгаад улаан шар өнгийн дээврийн төмрөөр хийсэн хашааны хаалга нь дээр ирээд нөгөө залуу ганцаараа ороод 25 литрийн 2 баллонтой шатахуун барьж гарч ирээд багаажинд хийсэн. Тэгээд тэндээс хөдлөөд Бгийн гэр лүү явсан. Б гэрээрээ шатахуун зардаг бөгөөд би Бгээс өмнө нь шатахуун худалдаж авч байсан. Би замдаа явж байхдаа нөгөө залуутай шатахуунаа хэдэн төгрөгөөр зарж байгаа юм бэ гэж асуухад нөгөө залуу 1 литрийг нь 1500 төгрөгөөр зарж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хөдөө шатахуун явуулах гээд нэг савыг нь надад зарах юм уу гэж асуухад нөгөө залуу "хэнд зарсан ямар хамаа байх вэ авахгүй юу" гэж хэлсэн. Би Бгийн үүдэнд очиж зогсоход залуу ганцаараа эхэлж ороод удалгүй гарч ирээд 25 литрийн 1 баллонтой шатахуунаа багаажнаас аваад Бгийн хашаа руу орсон. Баллантой шатахуунаа тэр чигт нь савтай нь зараад гарч ирсэн. ...Би Ц.Г гэх залуугаас 25 л шатахууныг 1500 төгрөгөөр авсан. 25 л шатахууныг 1500 төгрөгөөр бодоход 37500 төгрөг болж би түүнд дэлгүүрээс 13400 төгрөгний архи, тамхи ундаа авч өгсөн. Үлдэгдэл мөнгийг үдээс хойш 16 цагийн үед өгөхөөр тохиролцоод Г буусан юм. Үдээс хойш 16 цагийн үед би гэртээ байхад Г хажуудаа хоёр танихгүй залуугийн хамтаар ирээд надаас мөнгөө нэхсэн юм. Би түүнд надад 10.000 төгрөг байна гээд өгөхөд Г дутуу мөнгөндөө үлдэгдэл шатахуунаа авна гээд 6,5 л шатахуун аваад явсан. Цагаан өнгийн суудлын 28-77 УВА улсын дугаартай автомашинтай ирээд явсан. Шатахуун хийж явсан баллон нь манай гэрт байсныг цагдаа нар хурааж авсан” /1-р хх-ийн 220-223 тал/,

гэрч Ш.Оийн “Би 2018 оны 03 сарын 31-ний өдөр гэртэй байж байхад 15-аас 17 цагийн хооронд миний таних Т гэх залуу миний утас руу залгаад "Бтай яриулчих, энд хямдхан шатахуун байна энийг авчихмаар байна" гэж хэлсэн. ...Б болон Т нар манай амбаар луу 25 литрийн 3 баллонтой шатахуун оруулж хийж өгсөн. Тухайн үед нийт 70 литр шатахуун гэж Т хэлж байсан. Т гэдэг нь манай бригадтай хамт алтанд явдаг залуу байгаа юм. Бүтэн нэрийг нь М гэдэг. Би шатахууны үнэ болох 100.000 төгрөгийг өөрийн гэрт орж Тд өгсөн. Т манай гэрээс гараад шатахуун авч ирсэн машиндаа суугаад яваад өгсөн” /1-р хх-ийн 226-227 тал/,

гэрч Ж.Гомбын “Би 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн үдийн хавьд гэртээ байж байхад Ц овогтой Г буюу Б гэх залуу согтуу ирээд ...6 литр шатахуун авчих гээд гуйгаад байхаар нь нэг литр шатахууныг 1500 төгрөгөөр бодож 9000 төгрөгөөр худалдаж авсан. Би Гт бэлэн мөнгө өгсөн” /1-р хх-ийн 241 тал/,

гэрч Ц.Бгийн “...Улаанаагийн хадам аавын гэрээс Б ах, Цог, Б, бид дөрөв гарч таксины төв зогсоолоос цагаан өнгийн такси бариад шууд хойшоо яваад 3 дугаар арван жилийн ард талын морин хууртай тойрог дээр Б ахыг буулгаад дараа нь Цогийг буулгаад 640 сургуулийн ард талд нэг айлд очсон. Тэгээд Б тэр хашаа руу ороод байж байгаад савтай 5-6 литр шатахуун аваад орж ирж таксинд суусан. Бид нар тэндээс явж Заяшикийн хашааны хойд гудамжинд байдаг дэлгүүрт очиж Б нөгөө шатахуунаа авч буугаад нэг шил архи аваад гараад ирсэн. Б бид хоёр такситайгаа цаашаа явж Заяшикийн хашааны үүдний ойролцоогоос Х гэх хүнийг авч машиндаа суулгаад Заяшикийн хашааны хойд талаар дээшээ явж байхад манай найз Т халуун савтай цай барьчихсан эмнэлэг явж байна гэж таарсан. Тэгэхээр нь би "бид нар дээшээ явж байна машинд суучих гэж хэлээд машинд суулгасан. Тэгээд цаашаа явж байхад Б "шатахуун авах хүн байдаг юм болов уу" гэж хэлсэн. Тэгтэл манай найз Т "манай бригад шатахуун авч магадгүй" гэж хэлэхэд Б "оо тэгвэл би шатахуун зарна" гэж хэлсэн. Тэгээд Т хамт алтанд явдаг Б руу залгаад яриад байх шиг байсан. Тэгээд нэг хашааны үүдэнд очиж зогсоод Б "хоёулаа манай гэр лүү ороод ирье" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би "би орохгүй чи өөрөө ор" гэж хэлээд машинд үлдсэн. Б ганцаараа хашаа руугаа орчихоод гарч ирээд Тг дагуулаад нөгөө хашаа руу орсон. Удалгүй Т 2 ширхэг баллонтой зүйл авч гарч ирээд машины багаажинд хийсэн. Б "та нар хашааны доод талд сайжруулсан зам дээр зогсож бай" гэж хэлээд хариу буцаад хашаа руу ороод өгсөн. Бид нар сайжруулсан зам дээр зогсож байхад Б нэг ширхэг баллонтой зүйл авч ирээд машины багааж руу хийчихсэн. Бид нар тухайн такситайгаа Бгийн гэрт очсон. Би машины ардаас баллонтой шатахууныг аваад хашаанд байсан амбаарын үүдэнд хүргэсэн. Т Б хоёр тэнд яриад үлдсэн. Би хариу буцаж гараад машиндаа суусан. Тэгээд удалгүй Б гартаа мөнгө барьчихсан гарч ирсэн. Б "би шатахуунаа 100.000 төгрөгөнд өгчихлөө" гэж хэлж байсан. ...Бгийн бүтэн нэр нь Г гэдэг болохыг сүүлд мэдсэн. Надад Ц.Г ямар учиртай шатахуун болохыг яриагүй. Би Т Г хоёрын яриаг сонсоход Г өөрийхөө шатахууныг зарж байгаа юм шиг л ярьж байсан” /1-р хх 228-229 тал/,

гэрч Б.М-ын “Би 3 сарын 31-ний өдөр 15-аас 16 цагийн орчим гэрээсээ ганцаараа гарч алхаж явахад Заяшикийн хашааны доохон талд цагаан өнгийн жижиг машинтай Х, Б, Б нар надтай таарсан. Б "бид нар доор нэг айлд оччихоод хариу буцаж явна чи суучих" гэж хэлсэн. Тэгээд би машинд суугаад гахайн байрны чиглэлд явж байхад Б "50 литр шатахуун зарчихмаар байна" гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би "Бор хавцал руу шатахуунаар, машинаар явдаг юм чинь би авчихъя хэдэн төгрөг гэж байгаа юм бэ" гэж асуухад Б "1 литр нь 1500 төгрөг гэж хэлээд зам зааж нэг хашааны гадна очиж зогсоод Б машинаас буугаад ганцаараа нэг хашаа руу ороод урагшаа нэг хашаа даваад урд талын хашаа руу орсон. Тэгээд удалгүй Б ганцаараа гарч ирж машины хажууд ирээд "надад 50 литр шатахуун байна. Хашаа давуулах гэсэн чинь даадаггүй. Чи гарч ирээд аваадхаач" гэж надад хэлсэн. Би Бг дагаж хашаа уу ороод хашааны наад талд зогсож байхад Б цаанаас нь давуулж надад цэнхэр өнгийн баллон, мөн шар өнгийн баллонтой дүүрэн шатахуунтай 2 баллон өгсөн. Би өргөж очоод машины багаажинд хийсэн. Тэгтэл Б "та нар доогуур тойроод манай хашааны үүдний сайжруулсан зам дээр байж бай" гэж таксины жолоочид хэлсэн. Бид нар доошоо эргэж гудамж тойроод сайжруулсан зам дээр зогсож байхад ногоон өнгийн дааман хаалгатай хашаанаас Б дахиад шар өнгийн дүүрэн шатахуунтай 1 ширхэг баллон гаргаж ирээд машины багаажинд хийсэн. Нийт 70 литр шатахуун болсон. ...Тэгээд Оийн гэрт явж очиж шатахуунаа амбаарт нь хийлгээд Оээс 100000 төгрөг авч Бд 100.000 төгрөг өгсөн. 25 литрийн хоёр ширхэг цагаан өнгийн савтай шатахуун, 20 литрийн нэг ширхэг цэнхэр савтай шатахуун авсан. Би Гөөс хулгайн шатахуун биш биз гэж асуухад миний шатахуун байгаа юм гэж хэлэхээр нь би түүнд итгэж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 230-233 тал/,

гэрч Д.Б “2018 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхээр байх би өдрийг сайн санахгүй байна. Би өөрийнхөө цагаан өнгийн 28-77 УВХ улсын дугаартай автомашинтай таксинд явах гээд Бэлбулаг таксины зогсоол дээр зогсож байхад зүс таних Б гэх залуу хажуудаа Б гэх залуугийн хамтаар таксинд явна гэж машинд суусан. Тэр хоёр Улаангом сумын 10 дугаар багийн нутаг 640 ахлах сургуулийн хажууд нэг айлд очсон. Тэр хоёр гарч ирэхдээ Б “би 25 литр шатахуун энэ хүнд зарсан чинь мөнгөө гүйцэд өгөөгүй тул үлдэгдэл 6 литр шатахуунаа авлаа” гэж хэлсэн. Тэгээд Улаангом сумын 12 дугаар багийн нутагт Заяшикын ар талд гэр хороолол дунд нэг хүнсний дэлгүүрт орж 6 литр шатахуунаа зарж нэг хайрцаг тамхи, нэг ширхэг 0,5 гр архи авч гарч ирсэн. Заяшикын арын ШТС-ын хажууд цай барьсан явган явсан нэг залуутай уулзаж тэр залуу эмнэлэг рүү явж байна гэхээр нь түүнийг суулгаад явж байхад Б гэх залуу “надад 50 литр шатахуун байна хямдхан зармаар байна” гэхэд эмнэлэг рүү цай авч явсан танихгүй залуу гар утсаар хүмүүс рүү ярьж байгаад шатахуун авахаар болоход Б шатахуунаа авна гээд Заяшикаас зүүн тийш явж нэг хашааны ар талд зогсоод ганцаараа нэг цэнхэр өнгийн хашааны хаалгаар ороод удалгүй гарч ирээд, шатахуун дамжилдаад авах хүн байна уу гэхэд нөгөө цай авч явсан залуу Б хоёр яваад хоёр баллон савтай шатахуун авч ирээд машинд хийчихээд Б “та нар эндээс хөдлөөд хашааны зүүн талд зогсож бай” гэхээр нь би машинаа хөдөлгөөд хашааны зүүн талд зогсож байхад Б хашааныхаа хаалгаар нэг савтай шатахуун авч ирээд машинд хийгээд шатахуун худалдаж авах айл руу явсан юм. Тэгээд хуучин модны үйлдвэрийн дээд талд нэг айлын гадна очиж зогсоод гурван савтай шатахуунаа буулгаж өгсөн. Тэгээд тэд нар бүгдээрээ машинд суугаад Цастогтох дэлгүүрийн үүдэнд бүгдээрээ бууж үлдсэн. Би тэд нараас таксины хөлс гэж 12000 төгрөг нэхэхэд 10000 төгрөг өгсөн. Би тоёота маркийн платц загварын 28-77 УВХ улсын дугаартай суудлын цагаан өнгийн автомашин эзэмшдэг. Энэ автомашин миний өөрийн нэр дээр бүртгэлтэй байна. Г шатахуун зарж байхдаа ахынхаа гэрээс шатахуун хулгайлж байгаа талаар юу ч хэлээгүй” /1-р хх-ийн 235-236 тал/,

гэрч З.Ггийн “2018 оны 03 сарын 31-ний өглөөний 4 цагийн үед Г гэх залуу би гэртээ унтаж байхад орж ирээд надад “танд таксинд явах машин байгаа юу? Би шатахуун хүргүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Би тухайн үед автомашинаа эвдчихсэн байсан тул машин явахгүй байна гэж би үнэнээ хэлсэн. Тэгээд Г манай гэрт газраар унтчихсан. Г архи уучихсан ба түүнээс архи болон хувцаснаас нь шатахуун үнэртэж манай эхнэр хүүхдүүд уурлаад байхаар нь би Гийг татаж босгоод Гт манай гэрийн зүүн талд гэр нь байдаг таксинд явдаг О гэх залууг зааж өгөөд бид хоёр өглөө 07 цагийн үед гэрт нь ороход О босчихсон гэртээ байсан. Тэгээд Г гэрт нь ороод От “ахын дүү чи манай гэрээс шатахуун аваад Б гэх айлд хүргээд өгөөч би чамд 5000 төгрөг өгнө” гэхэд О зөвшөөрч явсан. Тэгээд О, Г бид гурав хамтдаа Оын машинаар Гийн гэр лүү явж байгаад Ж гэх айлын амбаарын гадна зогсоод Г ганцаараа буугаад гурван савтай шатахуун авч ирээд машинд хийсэн. Уг амбаарын хаалга гадагшаа харсан балгас болсон дотроо эд зүйлгүй амбаар байдаг байсан. Г шатахуун Бд өгчихөөд гарч ирээд 10000 төгрөг авлаа дараа ирээд мөнгөө гүйцээж ав гэлээ гэж гарч ирээд От 5000 төгрөг хөлсний мөнгө гэж хэлээд өгөхөд О мөнгөө аваад ажилтай гээд салаад явсан” /1-р хх 239-240 тал/,

гэрч Ц.О-ын “Би 2018 оны 03 сарын 31-ний өглөө эрт 5 цагт босоод гэрийнхээ хашаан дотор 06 цагийн үед би өөрийнхөө автомашиныг цэвэрлээд зогсож байхад манай гэрийн баруун талд гэр нь байдаг З.Г ах хажуудаа нэг миний зүс таних залуугийн хамт орж ирээд зүс таних залуу нь өглөө эрт такси олдоггүй байна. Чи ахдаа яваад өгөөч гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч таксинд явсан. ...Манай гэрийн арын хорооллоор зүүн тийш явж байхад Ж гэдэг айлын хашааны гадна талд тоосгоор барьчихсан амбаар маягын хаалга цонх, дээвэргүй байшингийн хажууд зогс гэхээр нь би машинаа зогсооход нөгөө зүс таних залуу ганцаараа бууж нөгөө тоосгон амбаар маягийн байшин руу орж гурван савтай зүйл машины ард хийсэн. Би нөгөө залуугаас “Ха хүргэх юм гэж асуухад “шатахуун зардаг Б-гийн гэрт очно” гэхээр нь Б гэрийн хашааны гадна очиж зогсоход нөгөө залуу ганцаараа бууж савтай зүйлээ аваад хашаа руу орсон. Таксины хөлс гэж 5000 төгрөг авсан. Г надад шатахуун хулгайлж байна гэж хэлээгүй. Хэрэв шатахуун хулгайлж байна гэж хэлсэн бол хэзээ ч явахгүй байсан” /1-р хх-ийн 242 тал/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар цоож хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл, шатахуун нуусан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 173-211 тал/, шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18/28 тоот дүгнэлт /2-р хх-ийн 2-3 тал/, дизель түлшний зах зээлийн дундаж үнэ тодорхойлсон тодорхойлолт, автомашин үнэлсэн, хуванцар сав үнэлсэн тухай тайлан /1-р хх-ийн 248 тал, 2-р хх-ийн 12, 187 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь машин механизм ашиглаж, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хохирогч Т.Д /төрсөн ах Ц.Г/-ийн Увс аймаг, Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 03-04 тоот хашаанд байх амбаараас 170 литр шатахууныг савтай нь авч, хохирогч Т.Дд 404.200 төгрөгний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна.

 

2. Мөн хохирогч Б.Б “Би 2018 оны 4 сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд тус аймгийн Улаангом сум 2 дугаар баг 025 тоот хашаанд байх гэртээ сэрэхэд дуү Б "та гар утсаа өгч байгаач" гэсэн. Би "цаана чинь орон дээр байгаа шүү дээ" гэж хэлэхэд Б "байхгүй байна" гэж хэлээд миний алдагдсан гар утсанд байсан скайтелийн 91112392 гэсэн дугаар луу залгахад холбогдох боломжгүй байсан. ...Дүү бид хоёр гэр дотроос миний гар утсыг хайгаад олоогүй. Тэгээд ээж Чг ирэхийг хүлээгээд байж байтал аав Б гаднаас архи уучихсан байдалтай орж ирсэн. Аав Бээс миний гар утасыг харсан эсэхийг асуухад "чиний гар утасыг би Хгүй" гэж хэлсэн. Аав Бийг гэртээ ирээд удаагүй байтал ээж Ч гэртээ хүрч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг гар утас нь хар өнгийн их биетэй, ямар нэгэн дэлгэцийн түгжээгүй, шинээрээ байгаа зэрэг содон шинж тэмдэгтэй. ...Г нь 2018 оны 04 сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд нэг залуугийн хамтаар манай гэрт хүрч ирээд аав Бтэй архи хувааж уух үед нь Гийг анх харсан. 2018 оны 04 сарын 05-ны өглөө манай гэрт ирээд явсан Г гэх хүнийг би сэжиглэж байна” /1-р хх-ийн 134-136 тал/, иргэний нэхэмжлэгч Т.Бийн “Би тус аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 9-32 тоот хашаанд байрлах Сувд нэртэй найман нэрийн дэлгүүртээ 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд зогсож байтал гаднаас туранхай өндөр залуу орж ирээд "гар утас зармаар байна. Та худалдаж авах уу?" гэж асуугаад надад хар өнгийн гар утас үзүүлсэн. Тухайн гар утас нь өнгө үзэмж сайтай байхаар нь би "авъя. Ямар үнэ ханштай зарагддаг утас вэ? чи хэдэн төгрөгөөр зарах юм" гэж асуухад "энэ гар утас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгөөр зарагддаг юм. Танд би 50,000 /тавин мянга/ төгрөгөөр зарчихъя" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд тухайн залуугийн хэлсэн 50,000 /тавин мянга/ төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр залуу надаас 50000 /тавин мянга/ төгрөг авсныхаа дараагаар манай дэлгүүрээс 0.75 литрийн Тэргүүн нэртэй архи, 1.5 литрийн кола нэртэй ундааг 12,500 /арван хоёр мянга таван зуун/ төгрөгөөр худалдаж авчихаад гараад явсан. Тухайн залуугийн надад зарсан гар утас нь хулгайн эд зүйл болохыг нэг хоногийн өмнө буюу 2018 оны 04 сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагын ажилтан миний гар утас руу залгаж хэлэх үед анх мэдсэн юм. ...Би Ц.Гөөс 50.000 төгрөгний хохирлоо барагдуулж авсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол тэмцэл байхгүй” /1-р хх-ийн 138-140 тал/, гэрч Б.Б-ын “...Аав Бийг гэрт ирээд удаагүй байтал ээж Ч хүрч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний ах Буян-Эрдэний гар утас алга болсоны дараагаар ээж Ч гэртээ ирээд аавтай ярьж байхыг сонсоход манай гэрт 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө Г нэртэй хүн ирсэн сурагтай байсан. 2018 оны 3 сарын эхээр ах Буян-Эрдэнэ 514.000 төгрөгний лизингээр Жи Мобайлын салбараас худалдаж авсан Samsung Galaxy J5 загварын гар утас 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрээс хулгайлагдсан” /1-р хх-ийн 143-144 тал/, гэрч Б.Б “Би 2018 оны 04 сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд хүү Буян- Эрдэнийн хамтаар гэртээ байж байтал найз Дамдин, Гийн хамтаар Их Монгол нэртэй 0.75 литрийн шилтэй архи барьчихсан орж ирээд мэнд асуухаар нь би зөрүүлэн мэнд мэдээд цай аягалж өгсөн. Гийн авчирсан архийг найз Дамдин, Г бид гурав хувааж уусан. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 04 сарын 05-ны өдрийн 09 цагийн орчимд сэрээд байж байтал Г манайд гаднаас орж ирсэн. Гийг гаднаас орж ирэхэд эхнэр Ч цай аягалж өгөхөд Г юм дугаралгүй гэрээс гараад явсан. Г манай гэрээс гарч явсны дараагаар эхнэр Ч дүүгийнхээ хүүхдийг харахаар гэрээсээ гарч явсан. Тэгэхээр нь би манай гэрт байсан 0.5 литрийн савтай Тэргүүн нэртэй архины шилэнд үлдсэн байсан архийг аяганд хийж уучихаад гэрээсээ гарахад манай хашаан дотор Г зогсож байсан ба "хоёулаа нэг айл оччихоод хүрээд ирье" гэж хэлэхээр нь би Гийг дагаад хашаанаасаа гарахад эхнэр Ч хар зам руу явж байхаар Г бид эхнэр Чгийн араас явж очоод хар зам дээрээс такси барьсан. Уг таксигаар явж байгаад эхнэр Чг Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тэнгэр худалдааны төвийн үүдэнд хүргэж буулгачихаад Г бид хоёр цааш такситайгаа явсан. ...Намайг гэртээ харихад хүү Буян-Эрдэнэ "миний гар утас алга болчихсон байна. Та харсан уу?" гэж асуухад би Хгүй гэдгээ хэлсэн. Тэгээд байж байтал эхнэр Ч гэртээ хүрч ирээд "чи гэртээ янз бүрийн хүн дагуулж ирснээс болоод хүүхдийн гар утас хулгайлагдсан байна" гэж намайг загнаж байгаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” /1-р хх-ийн 147-148 тал/ гэх мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, иргэний нэхэмжлэгч Т.Бээс хулгайлагдсан гар утас хураан авсан, хохирогч Б.Бд хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн гар утасны зах зээлийн үнийг тодорхойлсон тодорхойлолт /1-р хх-ийн 126-132, 153 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Г нь Увс аймгийн Улаангом сумын 2 баг, 025 тоот хашаанд байх Б.Б гэрт 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө ороод гарахдаа хохирогч Б.Б эзэмшлийн “Самсунг Галакси Жи-5” гар утасыг авсан болох нь нотлогджээ.

 

3. Шүүгдэгч Ц.Г нь мөн өдрөө буюу 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр, 09-63 тоот хашаанд байх иргэн С.Бын гэрт нэвтэрч авдар дотор нь байсан хохирогч Б.Хгийн эзэмшлийн хурганы арьсан дээлийг авсан үйлдэл нь хохирогч Б.Хгийн “Миний төрсөн эгч С 2018 оны 1 дүгээр сарын эхээр надад хурганы арьсан дотортой дээл оёж өгсөн. Би уг дээлийг аймгийн төвд байхдаа гурван удаа өмссөн ба буцаад Тариалан суманд байх гэр лүүгээ явахдаа Улаангом сумын 4 дүгээр багийн 09-63 тоот хашаанд байх гэртээ авдарт хийж үлдээчихээд явсан. Тэгтэл 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 14 орчимд төрсөн эгч С “аймгийн төвд байх гэрт хулгайч орж миний чамд оёж өгсөн дээлийг хулгайлж авсан байна. Т цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна” гэж хэлсэн. Эгч Сгийн надад оёж өгсөн дээл нь ягаан өнгийн торгон гадаргуутай, улаан өнгийн имжээртэй, хурганы арьсан дотортой, суганы шилбэ хадагдаагүй зэрэг содон шинж тэмдэгтэй байсан. Уг дээл нь шинээрээ байгаа юм. ...Надад харуулсан дээл нь манай гэрээс хулгайлагдсан миний эзэмшлийн хурганы арьсан дотортой дээл мөн байна. Дээлээ хулгайд алдаад хариу бүрэн бүтэн хүлээж авсан. Миний дээлийг хулгайлсан гэх залууг би танихгүй. Аавын гэрийн хаалга цоожтой байсан ба хаалга, цоожийг эвдэлгүй цоожны тавыг мушгиж дарж байгаад орсон байсан. Цоожны тав төмөр нь нимгэн төмөр байдаг тул бид хариу тэгшлээд авчихсан. Миний хувьд Гөөс нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй” /1-р хх-ийн 11-15 тал/, иргэний нэхэмжлэгч Ж.Д-гийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 13 цагийн орчимд өөрийн хүнсний дэлгүүр дотор зогсож байтал 40 орчим насны, бор царайтай туранхайвтар биетэй, 170-аас 175 см орчим өндөртэй залуу гартаа тортой зүйл барьчихсан гаднаас орж ирээд “та надад тус болооч, би өнөөдрийн 15 цагийн автобусаар хот явах гэсэн зардал байхгүй байна, өөрийн эхнэрийн дээлийг зарах гэсэн юм. Та худалдаж аваач” гэж надад хэлэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ? би юу гэж хүний хуучин дээл худалдаж авч байдаг юм бэ? гэж хэлэхэд энэ залуу “энэ манай эхнэрийн дээл байгаа юм. Манай хүн өөрийнхөө энэ дээлийг огт өмсөөгүй, шинээрээ байгаа, яаралтай мөнгөний хэрэг гараад энэ дээлийг зарах гэсэн юм” гэж хэлээд торон доторх дээлээ надад гаргаж үзүүлэхэд ягаан өнгийн торгон гадаргуутай, хурганы арьсан дотортой шинэ дээл харагдсан. Тэгээд энэ дээлийг 200.000 төгрөгөөр худалдаад аваач гээд шаналгаад болохгүй болохоор нь би уг залууд бэлэн 200.000 төгрөг өгөөд худалдаж авсан. Өөрийнхөө гар утасны дугаарыг үлдээчих” гэж хэлэхэд нөгөө залуу Д.Б гэж өөрийгөө танилцуулаад 80760724 дугаартай гар утастай гэж хэлэхээр нь 80600724 гэсэн дугаар луу өөрийнхөө гар утаснаас залгаж үзэхэд холбогдох боломжгүй байхаар нь би “чиний гар утас яагаад холбогдохгүй байгаа юм бэ” гэж асуухад “би өнөөдөр Улаанбаатар хот руу явах гээд өөрийнхөө гар утсыг гэртээ цэнэглээд үлдээчихсан юм” гэж хэлэхээр нь би тухайн үедээ ямар нэгэн юм бодоогүй авчихсан юм. Хэрэв хулгайн зүйл гэж мэдсэн бол хэзээ ч авахгүй байсан. Би хувийн жаахан юм хийдэг, сарынхаа цалин хөлсөөр маань хохироож байгаад гомдолтой байна. Надад худал хэлж дээл зарсан Гөөс 200.000 төгрөгөө гаргуулж авмаар байна” /1-р хх-ийн 17-19 тал/, гэрч Б.С-гийн “...Би нөхөр Д-гийн хамтаар мал төллөх ажил эхэлсэнтэй холбогдуулан аав Баастад туслахаар 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Тариалан сумын Тарвагатай багийн нутаг өргөн ширэг нэртэй газар руу явсан. Намайг тэнд байх үед буюу 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цагийн орчимд дүү Т миний гар утас руу залгаад “намайг хичээлээсээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэж онгойлгоод авдар дотор байсан хурганы арьсан дотортой дээлийг хулгайлаад авчихсан байна” гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр буюу 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр аймгийн төвд хүрч ирээд аав Б-ын гэрт очиж үзэхэд тэдний гэрээс хурганы арьстай дотортой дээлээс өөр ямар нэгэн эд зүйл алга боллоогүй юм шиг байсан. Миний аав Б-ын гэрээс алдагдсан хурганы арьсан дотортой дээлийг би 2018 оны 1 дүгээр сарын эхээр төрсөн дүү Х-д оёож өгсөн юм” / 1-р хх-ийн 20-21 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Т-ын “Би 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 8 цагийн орчимд өөрийн амьдарч Улаангом сумын 4 дүгээр баг 09-63 тоот хашаанд байх гэрээсээ гараад сургууль руугаа явсан. Хичээл 13 цагийн орчим тараад гэр лүүгээ явсан. Намайг хашаандаа очиход манай хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ ороод алга болсон эд зүйл байгаа эсэхийг шалгахад авдар дотор байсан эгч Х-гийн дээл алга болсоныг мэдээд эгч С-гийн гар утас руу залгаад, ...цагдаагийн байгууллагын 7045102 дугаар утас руу залгаж дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар манай гэрт хүрч ирээд хэргийн газрын үзлэг хийсэн. Манай гэрийн авдар дотор байсан Хандсүрэн эгчийн хурганы арьсан дотортой дээл 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хулгайлагдсан” /1-р хх-ийн 22-23 тал/, насанд хүрээгүй гэрч Б.Б-гийн “...Би 09 цагийн орчимд гэрээсээ гараад ажил руугаа явсан. Намайг ажил дээрээ байж байтал буюу ойролцоогоор 14 цагийн орчимд дүү Т миний гар утас руу залгаад "манай гэрт хулгайч орсон байна. Х эгчийн авдар дотор байсан хурганы арьсан дотортой дээл алга болчихсон байна" гэж хэлэхээр нь би ажлаасаа чөлөө аваад гэртээ очиход дүү Т ганцаараа байсан ба юу болсон талаар асуухад "намайг хичээлээсээ ирэхэд хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь гэр доторх зүйлсээ шалгаж үзэхэд авдар дотор байсан Х эгчийн дээл алга болсон байна. Түүнээс өөрөөр ямар нэгэн зүйл алга болоогүй байна" гэж хэлэхээр нь би "Гэрийн цоож Ха байна. Эвдэлчихсэн байна уу?" гэж асуухад дүү Т "гэрийн цоож эвдрээгүй бүрэн бүтэн хаалганы цүүнд цоожлоотой байсан. Харин цоожны тав төмрийг гулзайлгаж хаалга онгойлгоод гэр лүү орсон юм шиг байна. Цагдаа нар манай гэрт хүрч ирээд хэргийн газрын үзлэг хийчихээд дөнгөж сая явлаа" гэж надад хэлсэн. Би гэрээсээ гарч явахдаа гэрийнхээ хаалгыг цоожилсон. Манай гэрийн цоожны тав төмөр нь нимгэн учир хүн гараараа татахад гулзайна. Мөн цоожны тав төмөр гулзайсан тохиолдолд манай гэрийн хаалга шууд онгойдог юм. Учир нь манай гэрийн хаалганы нэг талд нь цүү байдаггүй” /1-р хх-ийн 24-25 тал/ гэх мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, дээлэнд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурганы арьсан дотортой, торгон гадаргуутай эмэгтэй хүний дээлний зах зээлийн үнийг тогтоосон тодорхойлолт /1-р хх-ийн 3-9, 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.  

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ц.Гийн өгсөн “...2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 4-5 цагийн үед босоод Гийн шатахуун байдаг амбаарыг очиж үзэхэд амбаарын хаалга цоожтой байсан. Г ахын шатахуун зөөдөг автомашины кабинаас нарийн төмөр олж аваад цоожийг эвдэж амбаар руу орж 20 литр савтай 2 ширхэг, 10 литрийн савтай 1 ширхэг нийт 50 литр шатахууныг аваад Г ахын гэрээс урд 100 гаруй метрт байдаг Ж гэдэг айлын хашааны захад барьж байгаад орхисон барилга дотор аваачиж тавьсан. Тэгээд такси олохоор Г ахын гэрт очиход Г эхнэр, нэг хүүхдийн хамт унтаж байсан ба Г намайг дагуулаад машинтай залуугийн гэрт очиход хашаан дотор машинаа угаасан нэг залуу байхаар нь би тэр залууд “надад такси хэрэг болоод байна, 5000 төгрөг хөлсөнд өгье. Чи шатахуун зардаг Б гэрт хүргээд өг гэхэд тэр залуу зөвшөөрч Г бид 3 хамт явж, би нуусан 3 савтай шатахуунаа аваад Б гэрт очиж нэг литрийг нь 1500 төгрөгөөр зарсан. ...Д эгч гэрээсээ хүмүүстэй гарч жижиг машинтайгаа гараад явахаар би дахиж амбаараас 25 литр 2 савтай нийт 50 литр шатахууныг авч арын хашаанд оруулж тавьчихаад гудамжнаас ногоон өнгийн такси аваад 2 савтай шатахуунаа очиж авч, Б-ийн гэр лүү явж байхдаа таксины жолоочид 25 литр шатахууныг зарсан. Үдээс хойш нь Б, Х нартай гудамжинд тааралдаж хамт таксинд явж байгаад дахиж Г ахын гэрт очиж амбаараас нь том саванд байсан шатахуунаас гурван саванд 70 литр шатахуун савлаж аваад М Ж гэх залууд зарсан. Шатахуун авахдаа такси хөлсөлж явж байсан тул машин механизм ашигласан гэдэгтээ эргэлзэж байна. Би гурван удаагийн үйлдлээр нийт 170 литр шатахуун хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна. /2-р хх-ийн 26-27 тал/,  ...Би 2018 оны 4 сарын 05-ны өглөө 08 цаг өнгөрч байхад Б гэрт ирэхэд Б эхнэр хүүхдүүдийн хамтаар байсан. Би Б гэрт ороод сууж байхад тэд нар гэрээс гарч ороод юм хийгээд байх хойгуур нь гэрийн баруун талд дэвсгэр дээр байсан хар өнгийн корпустой гар утас байсныг хулгайлж авсан. Тэгээд би гэрээс гарахад Б эхнэртэйгээ гадагшаа гарна гээд гарч ирэхээр нь би тэр хоёртой хамт хашааны хаалгаар гараад такси бариад Тэнгэр бөөний төвийн хажууд Б эхнэрийг буулгаад Б бид хоёр Буянт хороололд байдаг Д-гийн гэрт очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би таксинаас буугаад үлдсэн. Б такситай зах руу орж бууна гээд явсан. Б гэрээс хулгайлж авсан гар утсаа би 640 ахлах сургуулийн хойд талд байдаг Сувд гэх дэлгүүрт ороод уг дэлгүүрийн эзэнд “манай дүүгийн гар утас юм, 300.000 төгрөгний утас танд 50.000 төгрөгөөр өгнө” гэж хэлээд зарсан. Дэлгүүрийн эзэн гайгүй утас байна гээд надад 50.000 төгрөг бэлнээр өгсөн. Би 50.000 төгрөгнөөсөө уг дэлгүүрээс Тэргүүн гэх архи нэг ширхэг, хоёр хайрцаг тамхи, ундаа зэрэг худалдаж авсан. /1-р хх-ийн 162-163 тал/, ...Мөн тухайн өдрөө 12 цагийн үед Улаангом сумын 4 дүгээр баг, 9-63 тоот хашаа руу ороход нэг гэр байсан ба хаалга нь цоожтой байсан. Цоожны тав нь нимгэн төмөр байсан тул тав төмрийг нь гулзаалгаж байгаад хаалгыг онгойлгож ороод гэрийн хойморт байх цоохор өнгийн модон авдарыг татаж үзэхэд хаалганд ямар нэгэн цоож байхгүй байсан, уг авдарын хаалгыг онгойлгож дотроос нь улаан ягаан өнгийн торгон гадартай хурганы арьсан дээл байсныг би хулгайлж авсан. Тэгээд Улаангом сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Болор нэртэй хүнсний дэлгүүрийн эзэн гэх эмэгтэйд 200000 /хоёр зуун мянган/ төгрөгөөр худалдсан. Би дэлгүүрийн эзэнд өөрийгөө Б гэдэг. Улаанбаатар хот руу яаралтай явах ажил гараад байна. Манай эхнэрийн хурганы арьсан шинэ дээл байгаа юм гэж хэлээд зарсан. Би архины мөнгө олох гэж л хулгай хийсэн юм. Би буруу зүйл хийсэн, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулах болно” /1-р хх-ийн 45-46 тал/ гэх мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудтай нийцэж байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

 

  1. Эрх зүйн дүгнэлтийн талаар:

 

Увс аймгийн Прокурорын Газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг шүүх хөнгөрүүлэн мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон зүйлчлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 

 

Учир нь прокуророос шүүгдэгч Ц.Гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 зааснаар зүйлчилж ирүүлсэн нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Гийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр бусдын орон байранд нэвтэрч, хурганы арьсан дээл хулгайлсан үйлдлийг зүйлчлээгүй атал түүний 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өглөө хохирогч Б.Б гар утас хулгайлсан үйлдлийг давхар зүйлчилсэн ирүүлсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж дүгнэхээргүй, үйлдэлд нь нийцээгүй байна.   

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд Увс аймгийн Прокурорын Газрын прокурорын 2018 оны 5 сарын 22-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 5/16 тоот тогтоол /1-р хх-ийн 168 тал/-оор шүүгдэгч Ц.Гийн иргэн С.Бын гэрт нэвтэрч, хохирогч Б.Хгийн хурганы арьсан дээл хулгайлж 1000.000 төгрөгний хохирол учруулсан гэх эрүүгийн 1835001400101 дугаартай хэрэгт түүний хохирогч Б.Б “Самсунг Галакси Жи 5” загварын гар утас хулгайлж, 512000 төгрөгний хохирол учруулсан гэх эрүүгийн 1835001390102 дугаартай хэргийг нэгтгэсэн, мөн прокурорын 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн “Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай” 5/17 тоот тогтоол /2-р хх-ийн 35 тал/-оор дээрх эрүүгийн 1835001400101 дугаартай хэрэгт шүүгдэгч Ц.Гийн машин механизм ашиглаж, хохирогч Т.Дийн амбаараас шатахуун хулгайлсан гэх эрүүгийн 1835001240116 дугаартай хэргийг нэгтгэн, нэг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болох нь тогтоогдсон.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Ц.Г нь өөрийн төрсөн ахын /хохирогч Т.Дийн/ Улаангом сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр 03-04 тоот хашаанд байх амбаараас 2018 оны 3 дугаар сарын 31-ний шөнө 4-5 цагийн үед 20 литрийн 2 ширхэг савтай, 10 литрийн 1 ширхэг савтай 50 литр шатахуун авч, гэрээсээ холгүй 150 метрт байх Ж гэх айлын хашаанд баригдаж дуусаагүй барилга дотор нууж байгаад бусдад зарсан, мөн өглөө нь 9-10 цагийн хооронд 25 литрийн 2 ширхэг савтай 50 литр шатахуун авч, гэрийнхээ арын хашаанд оруулж тавьж байгаад бусдад зарсан, дахиад үдээс хойш нь буюу 15-17 цагийн үед 25 литрийн 2 савтай, 20 литрийн 1 савтай буюу 70 литр шатахуун авч, бусдад зарж борлуулсан нь нотлогдож тогтоогдсон байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийн хашаанд байх амбаараас нийт 3 удаагийн үйлдлээр 170 литр шатахуун авч, түүнийгээ бусдад литр тутмыг нь 1500 төгрөгөөр зарж борлуулсан байх ба эхний 2 удаагийн үйлдэлд өөрөө явганаар тухайн шатахууныг зөөж өөр газар байрлуулж нууж байсан, дараагийн удаад 28-77 УВХ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашинтай ирж хэргийн газраас шатахууныг шууд авч явсан байна.

 

 Шүүгдэгч Ц.Гийн дээрх үйлдлийн улмаас хохирогч Т.Дд 404.200 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан Гэрэгэ Валюэшн ХХК-ийн дизель үнэлсэн тухай УВ/01/308 тоот, Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн хуванцар сав үнэлсэн тухай УВ/01/456 тоот тайлангаар тус тус тогтоогдсон бөгөөд бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг эзэнд мэдэгдэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан шууд санаатай, шунахай сэдэлттэй байх тул Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах”-д нэвтэрч үйлдсэн, мөн машин механизм ашиглаж үйлдсэн бол тус тус хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан.

Хохирогч Т.Дийн хашаанд байх амбаар нь цоожтой байсан бөгөөд тухайн амбаарт хохирогч өөрийн эд хөрөнгийг хадгалдаг байх тул амбаар нь тусгайлсан хамгаалсан байр, агуулахад хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Г нь тухайн амбаараас 3 дахь удаагаа шатахуун авахаар очихдоо иргэн Д.Б эзэмшлийн 28-77 УВЗ улсын дугаартай цагаан өнгийн суудлын автомашиныг хөлсөлж хүрсэн, улмаар хэргийн газраас авсан шатахуунаа тухайн тээврийн хэрэгсэлд ачиж яван бусдад зарж борлуулсан байх тул шүүгдэгчийг хулгайн гэмт үйлдлээ түргэсгэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Ц.Гийн 2018 оны 3 дугаар сарын 31-нд 3 удаагийн үйлдлээр 170 литр шатахуун хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар буюу хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч нь 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өглөө иргэн Б.Б гэрт ороод гарах хоорондоо гэрт байсан бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр нууцаар орны дэргэд байсан хохирогч Б.Б эзэмшлийн “Самсунг Галакси Жи-5” загварын гар утасыг авсан. Уг үйлдлийн улмаас хохирогчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан “бага хэмжээний хохирол”-оос их буюу 512.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн УВ/01/325 тоот үнэлгээгээр тогтоогджээ.  

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдэл бөгөөд бага хэмжээний хохирлоос их хохирол учирсан байх шаарддаг. Шүүгдэгч Ц.Гийн хохирогч Б.Б гар утсыг авч, 512.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Г нь мөн өдрөө иргэн С.Бын гэрт хууль бусаар буюу зохих зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, улмаар авдар дотор байсан хохирогч Б.Хгийн эзэмшлийн 1.000.000 төгрөгийн үнэ бүхий хурганы арьсан дээлийг авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үндсэн шинжийг болон хүн байнга амьдрах зориулалтттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэсэн хүндрүүлэх шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй. 

Ийнхүү шүүгдэгч Ц.Гийн холбогдсон хэргийг үйлдэл тус бүрээр салгаж зүйлчилбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 заасан гэмт хэргийн шинжүүдийг бий болгох боловч энэ нь үйлдэл тус бүрт ял оногдуулах, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болох тул тухайн зүйл ангийн хамгийн хүнд ялтай хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шүүх дүгнэж, шүүгдэгч Ц.Гийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. 

  1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Т.Дд 404.200 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч Т.Д нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Миний шатахууны хохирлыг барагдуулж өгөх чадвар Ц.Гт байхгүй тул нэхэмжлэх зүйлгүй. Харин энэ хүнд хуульд заасан ямар хариуцлага байдаг юм, тэр хариуцлагыг хүндрүүлж оногдуулж өгөхийг хүсэж байна. Төрсөн ах, эгч нарынхаа эд хөрөнгийг байнга хулгайлж бид нарын амьдралд хулгайн хар мөр үлдээж хохироож байгаад гомдолтой байна“ гэж мэдүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана” гэж зохицуулсан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хохирогч Т.Д, шүүгдэгч Ц.Г нарын мэдүүлгээр хохирогч Т.Дд 358.700 төгрөг /170 литр шатахууны үнэ/-ийн бодит хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулаагүй байх тул хохирогч Т.Д нь цаашид иргэний журмаар учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Б, Б.Х нарт учирсан хохирол, хор уршиг арилсан буюу хохирогч Б.Б нь өөрийн эзэмшлийн Самсунг Галакси Жи-5 загварын гар утасыг, хохирогч Б.Х нь өөрийн эзэмшлийн ягаан өнгийн торгон гадаргуутай, улаан өнгийн имжээртэй, хурганы арьсан дотортой дээлийг тус тус мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцаан авсан, иргэний нэхэмжлэгч Т.Б нь өөрт учирсан 50.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан байх тул эдгээр хохирогч, иргэний нэхэмжлэгчид шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж дүгнэв.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.Гөөс 200.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Дд олгох үндэслэлтэй байна. Учир нь иргэний нэхэмжлэгч Ж.Д нь шүүгдэгч Ц.Гөөс хулгайн эд зүйл болох хурганы арьсан дээлийг 200.000 төгрөгөөр худалдаж авсан байх ба мөрдөн байцаалтын шатанд уг дээлийг нь хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон, шүүгдэгч Ц.Г нь иргэний нэхэмжлэгч Ж.Дд учирсан 200.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байна.

 

Шүүгдэгч Ц.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Ц.Гийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай тооцож шийдвэрлэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Гийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Л, Ц.Г нарын мэдүүлэг, Увс аймгийн Улаангом сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэл тогтоол /1-р хх-ийн 67-123 тал, 2-р хх-ийн 63-64, 117-139 тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байх бөгөөд шүүгдэгч нь ам бүл 2, ахын хамт Увс аймгийн Улаангом сумын 12 дүгээр баг, 3-4 тоотод оршин суудаг, тодорхой ажил хөдөлмөр эрхэлдэггүй, өөрийн гэсэн гэр орон, эд хөрөнгө байхгүй, урьд ял шийтгэгдэж байсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Ц.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Ц.Гт ял оногдуулахад хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ц.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 4 сар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн зүйлийн 2-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл ...нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Ц.Г нь энэ гэмт хэргийг үйлдэж 494.900 төгрөгийн хөрөнгө орлого олсон байна. Тодруулбал, шүүгдэгч Ц.Г нь хохирогч Т.Дийн агуулахаас 170 литр шатахуун хулгайлж, У.Б-д 75 литр шатахууныг 1 литрийг 1500 төгрөгөөр тооцож 112.500 төгрөгөөр, О.Э-д 19 литр шатахууныг 23400 төгрөгөөр, Ж.Г-д 6 литр шатахууныг 9000 төгрөгөөр, Ш.О-т 70 литр шатахууныг 100.000 төгрөгөөр тус тус зарж, нийт 244.900 төгрөгийн, хохирогч Б.Б-ийн Самсунг Галакси Жи-5 загварын гар утасыг хулгайлж, иргэн Т.Б-д зарж 50.000 төгрөгийн, хохирогч Б.Х-гийн хурганы арьсан дотортой дээлийг хулгайлж, иргэн Ж.Дд зарж, 200.000 төгрөгийн, бүгд 494.900 төгрөгийн ашиг гэмт хэрэг үйлдэж олсон байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн 28-77 УВХ улсын дугаартай, цагаан өнгийн Тоуота platz загварын суудлын автомашиныг шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь нотлогдсон ба уг автомашин нь шүүгдэгч Ц.Гийн өмчлөлийн эд хөрөнгө биш, иргэн Д.Б өмчлөл, эзэмшлийнх болох нь тогтоогдсон.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг /2-р хх-ийн 12 талд буй автомашин үнэлсэн тайлангаар тогтоогдсон/, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг болох 494.900 төгрөгийг тус тус шүүгдэгч Ц.Гөөс гаргуулан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх нь дээрх хуулийн зорилгод нийцнэ.  

Мөн энэ хэрэгт ягаан өнгөтэй, ягаан будагны гадуур шар өнгийн будгаар будсан 9 см урттай, 4.5 см өргөнтэй цоож 1 ширхэгийг хураан авч, эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн бөгөөд тухайн цоож нь дахин ашиглагдах боломжгүй, хэвийн бус ажиллагаатай болох нь шинжээчийн 18/28 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.  

 

Хэргийн нэгдүгээр хавтасны 203-207 дахь талд авагдсан эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, тогтоол, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гэрэл зургийн үзүүлэлт бүхий нотлох баримтуудаар хэрэгт иргэн Д.Б-ийн эзэмшлийн 28-77 УВХ дугаартай, цагаан өнгийн Тоуота platz загварын суудлын автомашин, иргэн Ц.Гын эзэмшлийн 26-97 УВХ улсын дугаартай Hyundai Elantra загварын суудлын автомашин тус тус битүүмжилсэн болох нь тогтоогдсон бөгөөд эдгээр битүүмжлэгдсэн автомашин нь шүүгдэгчийн эд хөрөнгө биш байгаа тул прокурорын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/16, 5/17 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Г нь энэ хэрэгт 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн нийт 62 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж зааснаар түүний цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбогдуулан энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Прокурорын Газраас Ц.Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэг болгон зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Х овогт Цгийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар шүүгдэгч Х овогт Цгийн Гт 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар хорих ял шийтгэсүгэй.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Гт оногдуулсан 2 жил 4 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гөөс 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ж.Д /Увс аймгийн Улаангом сумын 9 баг, 13-16 тоотод оршин суух, ОВ64072008 дугаарын регистртэй/-д олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Д нь өөрт учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цоож 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, иргэн Д.Б-ийн эзэмшлийн 28-77 УВХ дугаартай, цагаан өнгийн Тоуота platz загварын суудлын автомашин, иргэн Ц.Гын эзэмшлийн 26-97 УВХ улсын дугаартай Hyundai Elantra загварын суудлын автомашин тус тус битүүмжилсэн прокурорын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/16, 5/17 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 28-77 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 494.900 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуу/ төгрөг, нийт 2.494.900 төгрөгийг шүүгдэгч Ц.Гөөс гаргуулж, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөд зарцуулах, илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 62 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА