Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00245

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00245

 

 

***********ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03932 дугаар шийдвэртэй,

***********, ***************, ********** нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгөд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч ***********, ***************, ********** нар нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн дахин үнэлгээ хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3318 дугаар шийдвэрээр Ж.Батболд, Н.Хажидмаа нараас 232,979,745 төгрөгийг гаргуулж Богд банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.1. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 5 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасны дагуу үнэлгээ тогтоож, төлбөр төлөгч нарт үнэлгээг танилцуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр явуулахдаа барьцаа эд хөрөнгийн өмчлөгч нарт дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг огт танилцуулаагүй, мэдэгдээгүй.

1.2. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ***********ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцыг 77,003,900 төгрөг, ***************ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг 80,350,000 төгрөг, Ж.Отгонсүхийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү2201021927 дугаарт бүртгэлтэй газар, Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 59,881,500 төгрөгөөр 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээ тогтоосон. Үнэлгээ тогтоосноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2 жилийн өмнө тогтоосон үнэлгээгээр дуудлага худалдаанд оруулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 5/30 дугаар тогтоол, мөн өдрийн 4-145/8989 мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн байна.

1.3. Гэтэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ***********ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22010008479 дугаарт бүртгэгдсэн 3 өрөө орон сууцны үнэлгээ 103,540,000 төгрөг,

***************ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц 134,410,000 төгрөг,

Ж.Отгонсүхийн өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн газар, Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн дэлгүүрийн зориулалттай барилга 206,640,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй болох нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар нотлогдоно.

Үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан дээрх үл хөдлөх эд хөрөнгийн тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бөгөөд анхны үнэлгээг тогтоосноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тул дахин үнэлгээ тогтоолгох шаардлага гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3318 дугаартай шийдвэрээр Ж.Болдбаатар, Н.Хажидмаа нараас 232,979,745 төгрөгийг гаргуулж Богд банк ХХК-д гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаанд төлбөрөө төлөхийг төлбөр төлөгч нарт удаа дараа мэдэгдсэн боловч биелэгдээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан, эрхийн улсын бүртгэлийн Ү2201033135, Г2201021927, Г2206017506, Ү2201008479, Ү2205053142, Ү2205065000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураах, битүүмжлэх ажиллагаа хийж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр 4/248, 4/251, 4/2454, 4/250, 4/247 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоож төлбөр төлөгч Ж.Батболд, Д.Хажидмаа, үүргийн гүйцэтгэл хангуулах барьцаа эд хөрөнгийн өмчлөгч болох ***********, ***************, Ж.Отгонсүх нарт 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4/17576, 4/17577, 4/17579, 4/17578, 41580 тоот дугаартай хөрөнгийн үнэлгээний мэдэгдлийг өгч тайлантай танилцуулсан.

Төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт зааснаар мэдэгдэл өгсөн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг танилцуулан, төлбөр төлөгч нараас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгийн албадан дуудлага худалдааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох **********ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай, ***********ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай, ***************ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах тухай ***********, **********, *************** нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийн өнөөгийн зах зээлийн ханш, 2 жилийн өмнөх үнэлгээгээ хоёрын хооронд өөрчлөлт орсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт заасны дагуу үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон.

4.2. Шүүх нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т заасныг буруу тайлбарласан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасан. Шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас тайлбар, татгалзал гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч ***********, ***************, ********** нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон бөгөөд анхны үнэлгээг тогтоосноос хойш 2 жилийн хугацаа өнгөрсөн тул дахин үнэлгээ тогтоолгохыг даалгах шаардлага гаргасныг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талууд хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн тул тухайн асуудлаар хөрөнгийн албадан дуудлага худалдааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй гэж маргажээ./

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2019/03318 дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Батболд, Б.Хажидмаа нараас 231,663,478.69 төгрөг гаргуулж Богд банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ./1хх23-25/

2.б. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 333 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна./1хх65/

2.в. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг харилцан тохиролцож тогтоох ажиллагааг хийхэд талууд үнийн талаар харилцан тохиролцоогүй байна./1хх93-99/

2.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/248, 4/245, 4/246, 4/247 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор Сэлэнгэ-Эстимэйт ХХК, Хөрөнгө-Эстимэйт ХХК, Мөнх-Оргил трейд ХХК-ийг тус тус шинжээчээр томилсон.

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь **********ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай барилгыг 59,881,500 төгрөгөөр, үнэлсэн./1хх113-118/

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь ***********ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 77,003,900 төгрөгөөр үнэлсэн./1хх123-127/

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь ***************ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80,350,000 төгрөгөөр үнэлжээ./1хх128-131/

2.д.Төлбөр төлөгч Ж.Батболд, Б.Хажидмаа нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаж, улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2020/02522 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2199 дугаар магадлалаар тус шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон байна./1хх167-174/

2.е. Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ***************ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 134,410,000 төгрөг болохыг тогтоосон./1хх194-227/

Мөн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 535 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар ***********ын өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 103,540,000 төгрөг болохыг тогтоосон./1хх247-2хх20/

Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 536 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар **********ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 206,640,000 төгрөг болохыг тус тус тогтоосон байна./1хх218-246/

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн.

3.б. Шүүх нэхэмжлэгч нар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд биш гэж үзсэн нь буруу гэж нэхэмжлэгч талаас гомдол гаргажээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасан. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоос гадна мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгож болох юм. Түүнчлэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй.

Дээрх материаллаг хуулийн заалтууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах,чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болохоор заасан. Өмнө нь төлбөр төлөгч, төлбөр авагч нар хөрөнгийн үнэлгээний асуудлаар шүүхэд хандсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2 дахь хэсэгт заасан хүн, хуулийн этгээд хууль бусаар хэрэгжүүлсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргахад саад болохгүй, мөн хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй юм.

Анхан шатны шүүхээс хөрөнгийн үнэлгээний тайлангаар өмчлөгч буюу барьцаалуулагч нарын хөрөнгийн үнэд үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон болохыг хариуцагч талаас няцаагаагүй талаар дүгнэсэн атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д заасныг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар дахин үнэлгээ тогтоох эсэх нь зөвхөн төлбөр төлөгч, төлбөр авагч нарт хамаарах, тэдний хүсэлтээр хийх ажиллагаа гэсэн агуулгаар тайлбарласан нь үндэслэлгүй болжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дахь хэсэгт зааснаар үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэх үндэслэлтэй тохиолдолд талуудын хүсэлтээр шийдвэр гүйцэтгэгч анхны үнэлгээг тогтоосноос 6 сараас багагүй хугацааны дараа дахин үнэлгээ тогтоолгож болохоор заасан.

Шинжээч Сэлэнгэ-Эстимэйт ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, 30 м.кв талбай бүхий дэлгүүрийн зориулалттай барилгыг 59,881,500 төгрөгөөр үнэлсэн. Тус үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв нь 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 536 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар зах зээлийн үнэ цэнийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 206,640,000 төгрөгөөр үнэлжээ. /59,881,500%3=19,960,500/ гуравны нэг 19,960,500 төгрөг, /206,640,000-59,881,500=146,758,500 төгрөгийн зөрүү,

Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК нь ***********ын өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 77,003,900 төгрөгөөр, тус үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 103,540,000 төгрөгөөр үнэлжээ. /77,003,900%3=25,667,967/ гуравны нэг 25,667,967 төгрөг, /103,540,000-77,003,900=26,536,100/ 26,536,100 төгрөгийн зөрүү,

Шинжээч Мөнх-Оргил трейд ХХК нь ***************ийн өмчлөлийн, Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 80,350,000 төгрөгөөр, тус үл хөдлөх эд хөрөнгийг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар 134,410,000 төгрөгөөр үнэлжээ./80,350,000%3=26,783,333/ гуравны нэг 26,783,333 төгрөг, /134,410,000-80,350,000=54,060,000/ 54,060,000 төгрөгийн зөрүү үүссэн байх тул үнэ ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан тогтоосон хөрөнгийн үнэлгээнд анх тогтоосон үнийн гуравны нэгээс багагүй хэмжээний өөрчлөлт орсон гэж үзэхээр байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нараас анхан шатны шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид нийт 210,600 төгрөг төлсөн байхад шүүх 70,200 төгрөг төлсөн мэтээр шийдвэрийн тогтоох хэсэгт бичсэнийг мөн залруулах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв..

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 102/ШШ2022/03932 шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар **********ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Г-2201021927 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-дүгээр гудамжны 2 тоот 568 м.кв газар, улсын бүртгэлийн Ү-2201033135 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 39-р гудамжны 2 тоот 54 м.кв талбай бүхий хувийн сууц, Ү-2201033135 дугаарт бүртгэлтэй 30 м.кв дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***********ын өмчлөлийн,улсын бүртгэлийн Ү-2201008479 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 4-30 дугаар байрны 1 тоот 41.2 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***************ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2205053142 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж, 43-р байрны 118 тоот 50.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоолгохыг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***********, ***************, ********** нарт тус тус олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч ***********аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД