Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00247

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/00247

 

 

**********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04829 дугаар шийдвэртэй,

**********-ийн нэхэмжлэлтэй, *********, ***************, ******** нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 92,929,751 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. ЗГВСС200113011-1 тоот зээлийн гэрээ, ЗБ/ВСС200113011-1-1, ЗБ/ВСС200113011-1-2, ЗБ/ВСС200113011-1-3 тоот зээлийн нэмэлт гэрээний үүрэгт 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээл 76,809,239 төгрөг,

1.б. Хүү 15,881,420 төгрөг,

1.в. Нэмэгдүүлсэн хүү 208,591

1.г. Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан зардал 30,500 төгрөг нийт 92,929,751.43 төгрөгийг гаргуулна.

1.д. -Зээлдэгч гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд ЗБ/ВСС200113011-1-1, ЗБ/ВСС200113011-1-2, ЗБ/ВСС200113011-1-3 тоот барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд ***************гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204104400 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2761 тоот хаягт байршилтай 144 кв.м тайлбай бүхий хувийн сууцын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, -Г-2204030289 дугаарт бүртгэгдсэн 689 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

1.е ********ийн өмчлөлийн Ү-2206053534 дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамж, 129 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай хоёр өрөө сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Зээлдэгч ********* нь Худалдаа хөгжлийн банктай 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ЗГВСС200113011-1 тоот зээлийн гэрээ, ЗБ/ВСС200113011-1-1, ЗБ/ВСС200113011-1-2, ЗБ/ВСС200113011-1-3 тоот үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулан 78,800,000 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 3 жилийн хугацаатай зохих хүүгийн хамт эгүүлэн төлөхөөр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл авсан.

Зээлдэгч ********* нь барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлд ***************гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204104400 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2761 тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай хувийн сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, Г-2204030289 дугаарт бүртгэгдсэн 689 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ********ийн өмчлөлийн Ү-2206053534 дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамж, 129 тоот хаягт байршилтай 48 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш нийт 487 хоног зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 4/4172 тоот мэдэгдлээр мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах 14 хоногийн хугацааг олгосон боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар Худалдаа хөгжлийн банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас өмнө цуцлуулах үндэслэлтэй болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ********* зээл авсан, мөнгө авсан гэдэгт маргаагүй. Гадаадаас бараа бүтээгдэхүүн нь орж ирсэн боловч тэр нь гацсан байгаа тул **********-д зээлээ хойшлуулаач гэх хүсэлтийг өгч байсан. ********* зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн 50 хувийг зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Хариуцагч нь 84,854,246 төгрөгийг төлж барагдуулах саналтай байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 8,075,505 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зээлийн гэрээг цуцлах үндэслэл байхгүй, ********** нь Ковид цар тахлыг харгалзаж үзэхгүй байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Мэнгэт овогт Батсүхийн Ууганбаяр (рд:ЙР85090112)-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 76,809,239.97 төгрөг, зээлийн хүү 15,881,420.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 208,591.43 төгрөг нийт 92,899,251.43 төгрөг нотариатын зардал 30,500 төгрөг нийт 92,929,751.43 төгрөгийг гаргуулж **********-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч ***************гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204104400 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2761 тоот хаягт байршилтай, 144 м.кв тайлбай, хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2761 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204030289 дугаарт бүртгэгдсэн, 689 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч ********ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053534 дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамж, 48 дугаар байрны 129 тоот хаягт байршилтай 47 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 629,618.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрээс нэмэгдүүлсэн хүү 208,591 төгрөг гаргуулсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ковид-19 цар тахалын улмаас тогтоосон хорио цээр нь санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөнтэй холбогдуулан нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нэмэгдүүлсэн хүүг 100 хувь хасаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан бол зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй тул давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

1.Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *********, ***************, ******** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 92,929,751.43 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардсаныг хариуцагч нар 84,854,246 төгрөгийг төлж барагдуулах саналтай байгаа. Ковид цар тахлын нөхцөл байдалтай байсан тул 8,075,505 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүйгэж маргажээ.

 

2. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

2.а. Зээлдэгч ********** болон зээлдүүлэгч ********* нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ/BCC200113011-1 дугаартай зээлийн гэрээ байгуулан 78,800,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх, зээлийг хугацаанд төлөөгүй тохиолдолд  үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн нь зохигчийн тайлбар, зээлийн хүсэлт, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл, хүүгийн тооцоолол хүснэгт зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх12, 17-20/

Талууд зээлийн гэрээ хүчин төгөлдөр эсэх, зээлдүүлэгчээс шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг зээлдэгч өмчлөлдөө шилжүүлэн авсан зэрэгт маргаагүй. /хх64/

2.б. Талууд харилцан тохиролцож зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ЗНГ/ВСС200112011-1-1, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ЗНГ/ВСС200112011-1-2, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэмэлт гэрээг байгуулж, зээлийн хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн тогтоосонд хариуцагч ********* маргаагүй байна.

Талуудын байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ЗНГ/BCC200113011-1-3 тоот зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 54 сар гэж өөрчилж, зээлдэгчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу үндсэн зээлийн төлбөрийг 151 хоног хойшлуулж, хавсралт-1-д заасны дагуу төлбөрийн хуваарийг шинэчлэн тохиролцов. Хэрэв зээлдэгч зээлийн төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн урьдчилан төлөх тохиолдолд төлбөр төлөх өдрөөр хойшлуулсан үндсэн зээлийн хуримтлагдсан хүүг төлүүлсний дараа үлдэх зээлийн үндсэн төлбөрт төлүүлнэ гэж тусгасан, талууд зөвшөөрч гарын үсэг зурсан байна./хх/

Зээлдэгч зээлийн эргэн төлөх үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зөрчсөн талаар талууд маргаагүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүлйийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй талаар зөв дүгнэсэн.

2.в. Хариуцагч *************** нь 2019 оны 10 дугаар сарын 24 өдөр, хариуцагч ******** нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус тус өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, буцаан авах, зээл авах, захиран зарцуулах, гэрээнд холбогдох баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг итгэмжлэлээр хариуцагч *********т олгожээ. /хх36-38/

Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангах арга болгож үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны ЗБ/ВСС200113011-1-1, ЗБ/ВСС200113011-1-2, ЗБ/ВСС200113011-1-3 тоот гэрээг зохигчид байгуулан хариуцагч ***************гийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204104400 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2761 тоот хаягт байршилтай, 144 м.кв талбайтай хувийн сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 5 дугаар хэсэг, 91 дүгээр гудамж, 2761 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2204030289 дугаарт бүртгэгдсэн, 689 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, хариуцагч ********ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206053534 дугаар бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, С.Шаравын гудамж, 48 дугаар байрны 129 тоот хаягт байршилтай 47 м.кв талбайтай хоёр өрөө сууцыг барьцаалсан барьцааны гэрээг тус тус байгуулжээ. /хх21-27, 39-41/

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах, мөн хуулийн 156.2 дах хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дах хэсэгт зааснаар гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлэх заалтуудыг гэрээний талууд баримталсан, гэрээ хүчин төгөлдөр байна. Зээлдэгч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул  үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй.

***************, ******** нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар анхан шатны шүүхээс шийдвэрлэснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй./хх/

 

3. Давж заалдах гомдлын талаар.

3.а. Хариуцагч нарын өмгөөлөгч Ковид 19 цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуй нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгаатай холбогдуулан нэмэгдүүлсэн хүү болох 208,591.43 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч тал өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, Ковид 19 цар тахлын нөхцөл байдал хариуцагчийн үүргээ биелүүлэхэд хэрхэн сөргөөр нөлөөлсөн талаарх баримт авагдаагүй, гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримталсан нь учир дутагдалтай болжээ. Нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг зохицуулсан заалт болох 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах нь зүйтэй байна. Нэхэмжлэгч нь хэтэрсэн хугацааны хүү шаардаагүй, гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан байх тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлах шаардлагагүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04829 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 452.1 гэснийг 452.2 гэж, 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг хасч, 92,929,751.43 гэснийг 92,929,751 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *********ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

Ш.ОЮУНХАНД