Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,

            Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгч: Ш.С, Б.Э, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Шын С, Ш овогт Бын Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Сын Б нарт холбогдох 1835000040030 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, ээж, ах, эгч нарын хамт Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЗ94072318, Ш овогт Б-ын Э.

             Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Наранбулаг суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, төрийн банканд жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЗ95070619, М овогт Ш-ын С.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаангом сум 10 дугаар баг 09-06 тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагуй, улсаас авсан гавьяа шагналгүй, РД:ОЮ89032538, Ш овогт С-ын Б.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Ш.С, Б.Э нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, С.Б нь 2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ш.С-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараахь нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзээд дүгнэвэл:

Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт С.Б-ы хохирогч болон шүүгдэгчээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-ны шөнө 00 цагийн орчимд миний дүү Э над руу утасдаж нөхөр нь болох С согтуу агсам тавиад түүнийг зодоод байна гэж хэлсэн. Утасны цаанаас С дуудаа дууд гээд орилж байхыг сонссон тул би түүнийг согтуу агсам тавьж байгаа юм байна гэж бодоод гэрт нь очиход С нэг залуугийн хамт согтуу байсан бөгөөд тэдний гэрт Э болон миний сургуулийн насны 3 дүү байсан. Би гэрт ороход Сын найз гэх танихгүй залуу урдаас тосож ирээд энэ хэн юм бэ гэж хэлсэн. Би түүнд чамд хамаагүй гэж хэлэхэд намайг өдөх гээд урд тулаад ирэхэд нь С түүнийг салгаж аваад гэрийн зүүн талын орон дээр суулгасан. Би Стай баруун орон дээр суугаад юу болсон талаар ярилцахад нүүрс хийснээс болж маргалдсан гэж ярьж байсан. Тэгэхээр нь нэг нэгнээ ойлгож болдоггүй юм уу гэж хэлэхэд С над руу хандаж өндийж босож ирээд чамаас айхгүй шүү ална шүү, дүүг чинь ална гэх зэргээр хэлээд гэр дотор холхиод босож суугаад янз бүр болоод байсан. Тухайн үед С их согтсон бололтой байсан. Би Сыг юм ойлгох тэнхэлгүй болчихсон байна гэж бодоод Э болон бусад хүүхдүүдийг хувцасаа өмс намайг дагаад яв маргааш учираа ол гэж хэлэхэд С чамайг гуйж энд байлгаагүй шүү зайлаарай пизда ахын чинь нүдэн дээр ална шүү гэж хэлээд босоход нь би Сыг баруун шанаа орчимд нэг удаа цохиж суулгасан.  Тэгтэл хажуугаас Э нь намайг араас тэвэрч мушгиад ор шүүгээ хоёрын зааг дээр унагаад дарж байгаад миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгтэл С гүйж ирээд миний нүүр лүү гараараа цохиод байсан. Тэр хооронд би ухаан балартсан байсан. Нэг сэрэхэд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр оёдол тавиулж байсан. Миний баруун нүд хавдсан байсан, мөн хамар хугарсан, хавдсан. Духны баруун хэсэгт язарсан үүссэн байсанд 3 оёдол тавьсан, зүүн шанааны дээд хэсгээр 2-3 газар шалбарсан байсан. С-ыг цохиход баруун нүд нь улайсан байсан. Сүүлд сонсоход хамар нь хугарсан гэж байсан” /хх-ийн 5-7, 59-60 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт Ш.С-ын хохирогч болон шүүгдэгчээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-ны орой ажил тараад найз Этэй уулзаж түүнийг дагуулж гэртээ очих замдаа дэлгүүрээс 2,5 литрийн пиво 3 ширхэгийг авсан юм. Түүнийгээ гэрт очиж найзтайгаа хувааж уусан. Тухайн үед манайд бид хоёроос гадна эхнэр болон түүний сургуулийн насны 3 дүү байсан. Би Э-ыг нүүрс түлээ хийгээч гэр орон хөрчихлөө гэж хэлэхэд чи хийчих гээд байсан. Би гарч бүхэл нүүрс оруулж өгөөд зууханд хагалаад хийчих гэтэл эхнэр маань чадахгүй, нүүрс нүд рүү цацраад байдаг юм гэсэн. Би хагалтал эхнэр чи гэрээр нэг нүүрс цацаад байна гэсэн түүнээс болж бид хоёр маргалдаад би эхнэрийн толгой руу 2-3 удаа түлхсэн юм. Э тухайн үед над руу уурлаж чи намайг зодлоо би чамайг ахдаа хэлнэ гээд утсаар ах Быгаа дуудсан. Б орж ирэнгүүтээ миний найз Эийн нүүр лүү нэг удаа хальт цохисон юм. Би хүргэн ахыг барьж аваад заамдалцаж авснаа учираа олж ярилцахаар баруун талын орон дээр суугаад ярилцсан. Тухайн үед Б нь Э бид хоёрыг загнаад амьдарч чадахгүй юм бол салахгүй юу гэж загнаад та нар одоо босож хувцасаа өмсөөд дагаад яв гэж хэлсэн. Би тэр хооронд Эт “би чамайг гуйж энд байлгаагүй шүү. Чи одоо зайлаарай пизда” гэж хэлээд өндийтөл Б хажуугаас намайг зодох гэж байна гэж буруу ойлгосон бололтой шууд зэрэгцэж сууж байгаад миний баруун нүд орчимд савж нэг удаа цохисон. Би цохиулаад нүд харанхуйлаад газарт суугаад нүүрээ дарж байгаад гайгүй болоод өндийхөд Э нь Быг баруун талын орон дээд дарчихсан байсан. Би босож ирээд Быг татаж босгоод шалан дээр унагаж байгаад дээрээс нь толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр хооронд Э бид хоёрын дундуур орж салгах гэж оролдож байсан. Нэг мэдэхэд Э цагдаа, эмнэлэг дуудчихсан байсан. Би салчихаад хартал Б ухаан алдчихсан нүүр нь цус болчихсон доошоо хараад хэвтэж байсан. Миний баруун нүд хавдаж улаасан, хамар хугарсан байсан. Бы нүүр, толгой цус болчихсон байсан хаанаас нь цус гарсныг мэдэхгүй. Эмч ирээд эмнэлэг рүү авч явсан юм. Цагдаа нар Э бид хоёрыг цагдаагийн газарт авч ирж эрүүлжүүлсэн юм”  /хх-ийн 8-10, 53-54 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Б.Э-ийн шүүгдэгчээр өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 25-ны орой найзындаа очиж 2,5 литрийн 3 ширхэг пиво уугаад сууж байтал С эхнэртэйгээ нүүрс хийхээс болж маргалдаад эхнэрээ толгой руу нь түлхэж унагаад хөл рүү нь өшиглөсөн. Тэгэхээр нь би Сыг татаж болиулсан юм. Энэ талаар Э ах руугаа утасдаж хэлээд гаднаас Б гэх залуу орж ирсэн юм. Тэр залуу орж ирэнгүүтээ над руу хүрч ирээд миний зүүн нүд рүү хальт цохисон. Тэгтэл С тэр залууг барьж аваад болиулаад тэр заамдалцаж аваад маргалдаж байгаад эвлэрч баруун орон дээр очиж суугаад ярилцаж байсан. Би зүүн орон дээр сууж байтал Б гэх тэр залуу уурлаад Эыг болон тэднийд байсан хүүхдүүдийг та нар хувцасаа өмс амьдарч чадахгүй юм бол хая надтай хамт яв гэж загнаад нөгөө хүүхдүүд нь айгаад хувцасаа өмсөж байтал С эхнэр лүүгээ чамайг гуйж энд байлгаагүй шүү зайлаарай гэж хэлээд өндийхөд нь Б Сын нүүр лүү гараараа цохисон юм. С нүүрээ дараад доошоо суусан. Би тэр хооронд Б руу гүйж очоод баруун орон дээр гэдрэг дарж унагаад Чи миний найзыг цохидог хэн юм бэ гэж хэлээд түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл С хажуугаас Быг гараараа цохиод байсан.” /хх-ийн 47-48 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Э-ын өгсөн: “...Том бүхэл нүүрс байсан тул нөхөр маань нүүрс хийхээр болж гэр дотроо нүүрсээ хагалахад нь гэрээр тарж бутраад байхаар нь би нөхөртөө тэр талаар хэлтэл чи миний найзыг хүн гэж тоохгүй байна гэж хэлээд уурлаад түүнээс болж бид хоёр маргалдахад С намайг зодсон юм. Тэгэхээр нь би төрсөн ах Быг утсаар хоёр ч удаа дуудсан. Ах маань шөнийн 00 цаг өнгөрч байхад манайд орж ирээд над руу ойртоход Э урдаас босоод энэ хэн бэ гэж хэлээд тулж очсон. Тэгэхэд ах чамд хамаагүй гэж хэлээд гараараа түлхэхэд С дундуур орж Эийг түлхэж орон дээр суулгаад Бтай маргалдаж баруун орон дээр очиж суусан. Тэгээд Б ах юунаас болсон талаар асуугаад бид хоёрт зөвлөж хэлээд сууж байтал С агсраад намайг янз бүрээр хэлээд Б ахад хандаж чамаас айхгүй шүү гэж хэлээд байхаар нь Б ах намайг охиноо хувцасла явъя гэж хэлсэн. Тэгтэл С чамайг гуйж энд байлгаагүй шүү зайлаарай, пизда ална шүү гэж хэлээд өндийхөд нь Б ах түүнийг татаж буцааж суулгасан. Тэгтэл С дахин ална шүү гээд босох гэхэд нь Б ах түүний нүүр лүү нэг удаа цохисон. С нүүрээ дараад суутал Сын найз Э нь найзыгаа өмөөрч босож ирээд чи миний найзыг зоддог хэн бэ, гөлөг гэж хэлээд ахыг маань орон дээр дарж унагаад дээрээс толгой руу гараараа цохиод байсан. Би Эийг салгах гэж оролдож байтал С босож ирээд найзыгаа татаж холдуулаад Б ахыг татаж газарт унагаад толгой руу нь гараараа цохиод байсан. Э бас хажуугаас нь толгой руу нь цохиж байсан. Би сүүлдээ цагдаа эмнэлэг дуудаад та нар хүн аллаа гэж орилоход тэд нар зодохоо зогсоохгүй байсан...” /хх-ийн 11-13 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч С.А-ын өгсөн: “...Нүүрс хийхээс болж эгчтэй маргалдаад С уурлаад чи хийчихэж болдоггүй юм уу пизда гэж хэлээд эгчийн толгой руу гараараа цохиж хөл рүү болон толгой руу нь өшиглөсөн тул Э эгч Б ахыг дуудсан бөгөөд Б ах ирээд Стай юм яриад сууж байсан. Би зодоон болох үед гэрийн гадна байсан тул яг зодож байхыг нь хараагүй...” /хх-ийн 14 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч С.О-ын өгсөн: “...Э нүүрс цацраад байна гэхэд С уурлаад чи хийчихэж болдоггүй юм уу пизда гэж хэлээд эгчийн толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Дахин шүүр аваад цохисон, мөн хөл рүү нь өшиглөсөн юм. Э гараад зугатах гэтэл Э түүнд би чамайг цохиулахгүй гэж хэлчихээд зодоход нь салгахгүй хараад суугаад байсан. Э эгч утсаар Б ахыг дуудсан бөгөөд Б ах орж ирээд Сыг загнаад тэр хоёр баруун орон дээр суугаад ярилцаж байснаа Б ах бид нарыг хувцасаа өмс явъя гэж хэлсэн тул бид нар хувцасаа өмсөж байтал С энэ пизда их даварч байгаа юм. Ахын чинь нүдэн дээр чамайг ална гэж хэлээд Э эгчийг зодохоор боссон. Тэгэхэд нь Б ах түүний нүүр лүү нэг удаа алгадсан. С нүүрээ дараад доошоо суучихсан. Тэгтэл хажуугаас Э гэх залуу Б ахын хоёр гарыг ард бариад орон дээр унагаад миний найзыг зодлоо гэж хэлээд Б ахын толгой руу дээрээс нь гараараа цохиод байсан. Э эгч Эийг татаж салгатал С босож ирээд Быг ална гэж хэлээд шалан дээр унагаад дээрээс нь дарж байгаад гараараа толгой руу нь олон удаа цохисон. Э хажуугаас хүрч ирээд Бы нүүр лүү өшиглөөд Б ахын хоёр гарыг нь барьж байтал С хажуугаас нь толгой руу цохиод байсан юм. Э эгч гарч цагдаа дуудсан. Би Сын хажуугаас зүүгдэж салгасан. Тэгээд хартал Б ах ухаангүй байсан. Тэгж байтал гаднаас хүргэн ах Г хүрч ирсэн. Араас нь цагдаа, эмнэлэгийн хүмүүс ирж Б ахыг эмнэлэг рүү авч явсан юм. С Э эгчийг зодсон тул Б ах дуудагдаж ирсэн. Тэгээд ярилцаж байтал С Эыг ахын чинь нүдэн дээр ална гэж хэлээд зодох гэж босоход нь Б Сын нүүр лүү нэг удаа алгадсан. Э эгчийн хөл нь шилбэ орчимоороо хөхөрч хавдсан байсан. Б ахын хамар нь муруйсан, нүүр толгойноос цус ихээр гоожиж байсан. Салгахад ухаан алдчихсан байсан. Бусад хүмүүст гэмтэл гэхээр зүйл учраагүй байсан...” /хх-ийн 15 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Гийн өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 26-ны 01 цаг болж байх үед би гэртээ амарч байтал эхнэр лүү түүний дүү Э утасдаж нөхөр нь зодсон бөгөөд Б гэх ах нь салгах гэж очтол түүнийг бас зодсон талаар хэлсэн юм. Тиймээс би Эын гэрт очиход Б нүүр толгой нь нэлэнхүйдээ цус болчихсон шалан дээр ухаангүй хэвтэж байсан. Тэдний гэрт С, нэг найзын хамт байсан удалгүй эмнэлэгийн түргэн тусламжийн машин ирсэн тул Быг эмнэлэгт хүргэсэн юм. Э болон тэдний гэрт байдаг хүүхдүүд надад болсон явдлыг хэлсэн бөгөөд С, найзтайгаа хамт Быг зодсон гэж хэлсэн юм. Намайг ороход зодоон дуусчихсан байсан” /хх-ийн 16 тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.О-ийн өгсөн: “Би тэр шөнө гэртээ унтаж байтал над руу дүү охин Э 00:20 цаг орчимд утасдаад Миний нөхөр С согтуу намайг зодохоор нь Б ахыг дуудтал С нь Б ахыг зодчихлоо, Б ах ухаан алдчихсан байна. Ухаан орохгүй байна гэж хэлсэн тул нөхөр Гийн хамт тэдний гэр ойрхон байдаг тул очиход гэрт С, найз гэх танихгүй залуугийн хамт, Э болон 3 дүүгийн хамт байсан ба Б гэрийн баруун талд шүүгээний өмнө шалан дээр ухаан алдаад уначихсан, доошоо хараад хэвтэж байсан бөгөөд түүний нүүр толгойноос цус ихээр гарсан байсан. Э над руу утсаар ярих үед би цагдаа, эмнэлэг дууд гэж хэлсэн бөгөөд биднийг гэрт нь очиход цагдаа, эмнэлэгт дуудлага өгчихсөн байсан тул удалгүй цагдаа эмнэлэгийн хүмүүс ирж Быг эмнэлэгт хүргэсэн юм. Б ухаангүй байсаар эмнэлэгт очиж ухаан орсон юм” гэх /хх-ийн 17-18 тал/ мэдүүлгүүд болон Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 43, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47, 48, 49 тоот шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар 2017 оны 12 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу Ш.Сын гэрт шүүгдэгч С.Б нь хохирогч Ш.Сыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Ш.С, Б.Э нар нь бүлэглэн хохирогч С.Быг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тус тус нотлогдон тогтоогдсон байна.  

 

            Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг судлахад шүүгдэгч Ш.С, гэрч С.Э нар нэг гэр бүлийн хүмүүс буюу эхнэр, нөхөр байх ба шүүгдэгч Ш.С эхнэр С.Этай галдаа нүүрс хийхээс болж маргалдаж, эхнэрийнхээ толгой тус газар гараараа 3-4 удаа, шүүрээр нэг удаа цохисон, мөн хөл шилбэ орчимд нь өшиглөж зодсоны улмаас С.Э нь өөрийн төрсөн ах С.Баас тусламж гуйж дуудсан байна. Дээрх шалтгааны улмаас шүүгдэгч С.Б нь шүүгдэгч Ш.Сын гэрт ирсэн боловч тэдгээр нь үл ойлголцон улмаар бие биенийхээ Үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхэд халджээ.

 

Шүүгдэгч С.Бы хохирогч Ш.Сын баруун шанаа орчимд нэг удаа цохисон үйлдлийн улмаас хохирогч Ш.Сын биед хамар ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд улайлт гэмтэл учирсан, энэ гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь хэргийн 31 дэх талд авагдсан шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 48 дугаар дүгнэлтээр тогтоогдсон. 

 

Хэрэгт авагдсан гэрч Эын “...Тэгтэл С чамайг гуйж энд байлгаагүй шүү зайлаарай, пизда ална шүү гэж хэлээд өндийхөд нь Б ах түүнийг татаж буцааж суулгасан. Тэгтэл С дахин ална шүү гээд босох гэхэд нь Б ах түүний нүүр лүү нэг удаа цохисон...” гэх, насанд хүрээгүй гэрч С.Оын “...С энэ пизда их даварч байгаа юм. Ахын чинь нүдэн дээр чамайг ална гэж хэлээд Э эгчийг зодохоор боссон. Тэгэхэд нь Б ах түүний нүүр лүү нэг удаа алгадсан” гэх мэдүүлгүүд нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт С.Бы шүүгдэгч, хохирогчоор мэдүүлсэн “...Тухайн орой С.Э манай нөхөр агсам согтуу тавиад байна гэж эхлээд ярихад нь би тэгж байгаад унтчих байх гэж бодоод очоогүй, дахин яриад байхаар нь очсон. Би Стай ярилцаад сууж байтал С чамаас айхгүй гэж хэлсэн. Би хүн айлгах гэж ирээгүй, би та хоёрыг эвлэрүүлэх гэж ирсэн. Би хүн айлгаад яваад байдаг хүн биш гэж хэлэхэд дүүг чинь чиний нүдэн дээр цохиж ална, чамаас ч айхгүй чамайг ч ална гээд босоод буцаад суусан. Дахиад манай дүү Э-ыг ална гээд гараа далайгаад босохоор би дүүгээ харсаар байж зодуулалтай биш гэж бодоод цохисон” гэх, Ш.Сын хохирогч, шүүгдэгчээр мэдүүлсэн “...Эхлээд Б уруу нэг удаа ална шүү, та нараас айхгүй шүү гэж хэлсэн. Хоёр дахь удаад нь Э руу уурлаад ална шүү гээд гараа далайгаад босоход Б урдаас цохисон” гэх мэдүүлэгтэй нийцэж байх бөгөөд хэргийн дээрх үйл баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч С.Бы хохирогч Ш.Сыг цохисон үйлдэл нь хохирогч Ш.Сын хууль бус халдлага эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед буюу өөрийн төрсөн дүү рүү чиглэсэн хууль бус халдлагыг гаргуулахгүй байх зорилгоор хийгдсэн байна.

 

Хэдийгээр шүүгдэгч С.Бы идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Ш.Сын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх боловч энэ нь өөрийн болон ойр дотны хүн болох төрсөн дүү С.Э-ын амь нас, эрүүл мэндийг хамгаалж хийсэн үйлдэл байх тул шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж яллах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. 

 

  Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-ыг тодорхойлсон бөгөөд тус бүлгийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” байхаар, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон бол шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч С.Бы үйлдлийг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж дүгнэн, түүнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Харин хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч С.О-ын “...С нүүрээ дараад доошоо суучихсан. Тэгтэл хажуугаас Э гэх залуу Б ахын хоёр гарыг ард бариад орон дээр унагаад миний найзыг зодлоо гэж хэлээд Б ахын толгой руу дээрээс нь гараараа цохиод байсан. Э эгч Эийг татаж салгатал С босож ирээд Быг ална гэж хэлээд шалан дээр унагаад дээрээс нь дарж байгаад гараараа толгой руу нь олон удаа цохисон. Э хажуугаас хүрч ирээд Бы нүүр лүү өшиглөөд Б ахын хоёр гарыг нь барьж байтал С хажуугаас нь толгой руу цохиод байсан” гэх, гэрч С.Эын “...Тэгтэл С дахин ална шүү гээд босох гэхэд нь Б ах түүний нүүр лүү нэг удаа цохисон. С нүүрээ дараад суутал Сын найз Э нь найзыгаа өмөөрч босож ирээд чи миний найзыг зоддог хэн бэ, гөлөг гэж хэлээд ахыг маань орон дээр дарж унагаад дээрээс толгой руу гараараа цохиод байсан. Би Эийг салгах гэж оролдож байтал С босож ирээд найзыгаа татаж холдуулаад Б ахыг татаж газарт унагаад толгой руу нь гараараа цохиод байсан. Э бас хажуугаас нь толгой руу нь цохиж байсан. Би сүүлдээ цагдаа эмнэлэг дуудаад та нар хүн аллаа гэж орилоход тэд нар зодохоо зогсоохгүй байсан” гэх, хохирогч С.Бы “...С чамайг гуйж энд байлгаагүй шүү зайлаарай пизда ахын чинь нүдэн дээр ална шүү гэж хэлээд босоход нь би Сыг баруун шанаа орчимд нэг удаа цохиж суулгасан. Тэгтэл хажуугаас Э нь намайг араас тэвэрч мушгиад ор шүүгээ хоёрын зааг дээр унагаад дарж байгаад миний нүүр лүү 2 удаа цохисон. Тэгтэл С гүйж ирээд миний нүүр лүү гараараа цохиод байсан” гэх, шүүгдэгч Б.Эийн “...С нүүрээ дараад доошоо суусан. Би тэр хооронд Б руу гүйж очоод баруун орон дээр гэдрэг дарж унагаад Чи миний найзыг цохидог хэн юм бэ гэж хэлээд түүний нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгтэл С хажуугаас Быг гараараа цохиод байсан” гэх, шүүгдэгч Ш.Сын “...Би цохиулаад нүд харанхуйлаад газарт суугаад нүүрээ дарж байгаад гайгүй болоод өндийхөд Э нь Быг баруун талын орон дээд дарчихсан байсан. Би босож ирээд Быг татаж босгоод шалан дээр унагаж байгаад дээрээс нь толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохисон” гэх мэдүүлэг, нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ш.С, Б.Э нарын хохирогч С.Быг зодсон үйлдэл нь С.Бы Ш.Сыг цохисон үйлдэл төгссөний дараа хохирогчийн эрүүл мэндэд шууд халдах санаатай хийгдсэн байх ба үйлдлээрээ нэгдэж гэмт хэрэгт бүлэглэн оролцсон байна.

 

 Шүүгдэгч Ш.С, Б.Э нарын хохирогч С.Быг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаар дүгнэлтэд “Үзүүлэгч С.Бы биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, духанд язарсан шарх, дух, баруун, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, дээд уруулын салстад цус хуралт, духанд зулгаралт, зүүн чамархайд зөөлөн эдийн гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой шинээр үүссэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлтээр тогтоогдсон.

 

            Иймд прокуророос шүүгдэгч Ш.С, Б.Э нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилгүй байх тул тэдгээрийг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Э, Ш.С нар нь бүлэглэн хохирогч С.Бы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Ж.С, Б.А, Ц.Б, Б.Б нарын мэдүүлэг, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-22, 78, 89 тал/-аар шүүгдэгч Ш.С нь Төрийн банкинд жолоочоор ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаангом сумын 10 дугаар багт оршин суудаг, шүүгдэгч Б.Э нь хөдөө мал маллаж амьдардаг, ам бүл 6, ээж, ах, эгч, дүү нарын хамт Наранбулаг сумын 4 дүгээр багт оршин суудаг, хэн хэн нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй болох нь шүүгдэгч Ш.С, Б.Э нарын хувийн байдлыг тогтоосон нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хохирогч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт “би эмчилгээний зардалд 400.000 төгрөг зарцуулсан, энэ зардалаа нэхэмжилнэ” гэсэн боловч хэрэгт нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримт авагдаагүй, цаашид гаргаж өгөх хохирлын баримт байхгүй гэж хохирогч мэдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу хохирогч С.Бы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Ш.С, Б.Э нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба тэдгээрийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүгдэгч нарт оногдуулах нь зохистой гэж дүгнэлээ. 

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ш.С, Б.Э нарт хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

             Шүүгдэгч Ш.С, Б.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт байхгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8-д заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Сын Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Быг цагаатгасугай.

2. Шүүгдэгч М овогт Шын С, Ш овогт Бын Э нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С, Б.Э нарыг 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянга/ төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С, Б.Э нар торгох ялыг хуулинд заасан хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүлжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч С.Бы шүүгдэгч нараас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БОЛОРТУЯА