Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00258

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00258

 

 

********гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02663 дугаар шийдвэртэй,

********гийн нэхэмжлэлтэй, *********-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 101,939,544 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, **********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.а. *********-ийн Хуулийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож

1.б. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх ажлын 252 өдрийн 101,939,544 төгрөгийг нэхэмжилж байгаа.

1.в. Мөн энэ хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү.

2016 онд *********-д хуульчаар томилогдон улмаар 2017 оны 04 дүгээр сард хуулийн хэлтсийн захирал болсон, ажиллах хугацаанд банкны бүтэц 3-4 удаа өөрчлөгдсөн бөгөөд энэ тохиолдол бүрт харьяалах дэд захирал нь солигдож байсан ч хуулийн хэлтэс сүүлийн 5 жилийн хугацаанд ажилласаар ирсэн, одоо ч ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаандаа *********-ийн одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг боловсруулах, батлуулах, Их хуралд өргөн мэдүүлэх зэрэг бүх ажилд нь оролцож явсан. Бодлого журмуудыг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр ажилласан. Энэ хугацаанд сахилгын зөрчил гаргаж байгаагүй, 2017-2018 онуудад шилдэг ажилтнаар шалгарч байсан.

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын шийдвэрээр намайг ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан аж ахуй нэгж байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэх үндэслэл заасан. Тухайн үед Хууль, тусгай активийн газар татан буугдсан гэдэг үндэслэлээр чөлөөлөгдсөн боловч хуулийн хэлтэс нь хууль, тусгай активын газрын харьяанд ажиллаж байсан.

Хууль,тусгай активын хэлтэс нь доороо хуулийн хэлтэс, тусгай активын хэлтэс гэсэн хоёр хэлтэстэй. Түүнээс өмнө бол тамгын газрын дор хуулийн хэлтэс ажиллаж байсан.

*********-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор зохион байгуулалтын хэлтсийг өөрчлөөд Хууль, тусгай активын газрыг татан буулгаад хуулийн хэлтсийг Хяналт, захиргаа удирдлагын газрын дэд захирлын харьяалалд оруулж, хуулийн хэлтэс хадгалагдаж үлдсэн, нэг захирлын орон тоо нь мөн хэвээр үлдсэн.

Төлөөлөн удирдах зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А76 дугаар тушаалаар *********-ийн зохион байгуулалт, бүтэц, чиг үүрэг, орон тоог шинэчлэн батлахдаа хуулийн хэлтсийн чиг үүрэг болон захирлын орон тоо хэвээр байна.

*********-ийн ТУЗ-ийн бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг өөрчлөгдсөний дагуу гүйцэтгэх захирал тухай бүрт чиг, үүрэг орон тоог шинэчлэн баталдаг. Иймд чиг үүрэг өөрчлөгдсөн гэх хариуцагч талын тайлбартай санал нийлэхгүй байна.

*********-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны А99 дүгээр тушаалын хавсралтаар баталсан газар, нэгжийн чиг үүргийг баталсан тушаалд уг чиг үүрэг дотор хуулийн хэлтсийн чиг үүрэг буюу эхний 10 чиг үүрэг нь хуучин хуулийн хэлтсийн чиг үүргээс ямар ч үг, цэг таслалын зөрүүгүй адил байдаг2021 онд баталсан тушаалаас зөрүүтэй нь 2 заалт л нэмэгдсэн. Энэ нь 11, 12 дахь чиг үүргүүд бөгөөд 11-т нь охин компаниудын үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлж ажиллах, 12-т нь төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, бэлтгэх, банкны үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан системийн чанарт өөрчлөлт оруулах ажлыг хийж, хэрэгжүүлэх чиглэлээр ТУЗ, гүйцэтгэх захирлын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэгт өөрийн газрын үндсэн чиг үүргийн дагуу тухай бүрт хамтарч ажиллах тухай гэсэн заалтуудыг нэмсэн. Энэ хоёр заалт нь нэмэгдсэн ч нэмэгдээгүй ч бай дээрх ажлын чиг үүргийг хуулийн хэлтэс нь хийсээр ирсэн.

Эхний үндсэн 10 чиг үүрэг буюу банкны эрх зүйн орчинг сайжруулах, хуулийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж боловсруулах, хуулийн эрсдэл гарахаас сэргийлэх, шаардлагатай тохиолдолд захирлуудын зөвлөл, ТУЗ-ийн ажиллагаанд оролцож хууль зүйн туслалцаа үзүүлэх, гэрээ баримт бичгийг хянах, санал өгөх зэрэг чиг үүргүүд нь хэвэндээ хадгалагдаж байгаа. *********-ийн гүйцэтгэх захирал Н.Мандуул шийдвэр гаргаж, намайг ажлаас чөлөөлөхдөө миний ажлаас халагдсаны тэтгэмжийг бүрэн олгоогүй. *********-тай 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээний 6.4-т ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 3 сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг заавал өгнө гэж заасан атал надад 2 сарын тэтгэмж олгосон. Мөн би тус банкинд ажиллаж байхдаа 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нууцын ажилтнаар томилогдон, ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажилласан. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т төрийн байгууллага бусад хуулийн этгээд нууц хамгаалах ажилтныг чөлөөлөх, өөр ажил албан тушаалд шилжүүлэх бол Тагнуулын байгууллагын саналыг авсан байна гэж заасан. Харин ажил олгогч болох ********* нь Тагнуулын байгууллагын саналыг аваагүй, хэлбэрийн зөрчил байгаа.

Би үндсэн цалин 4,600,000 төгрөг авдаг байсан. *********-ийн ажилчид нь төрийн албанд ажилласан, ажилласан жилийн ур чадварын нэмэгдэл авдаг. Тухайн үед мөрдөж байсан дүрмийн дагуу би цалин авч байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн цалин хөлс гэдэгт нь нэмэгдэл цалин, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл хөлс зэрэг бүгд багтаж байгаа.

*********-ийн удирдах болон бусад ажилчид, мөн зээлдэгч нар гэхчлэн 80 гаруй хүнд холбогдох хэрэг Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа. Гэхдээ гэм буруутай гэж тогтоогдсон зүйл байхгүй. Би хувьдаа ямар нэг алдаатай, ашиг сонирхлын зөрчил гаргахаар ажил хийсэн гэж үзэхгүй, ийм алдаа гаргасан гэх үйл баримт тогтоогдохгүй байгаа. Би ажиллаж байх хугацаандаа бүх шаардлагатай ажлуудаа хийгээд явж байсан.

*********-ийн хуулийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөр Нийгэм Хамгааллын Яамны сайдын 2005 оны 58 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тогтоолгох журамд зааснаар миний сүүлийн 3 сарын нийт цалин нь 25,484,907 төгрөг байгаа бөгөөд хугацаа нь 63 хоног буюу үүний дундаж 404,522 төгрөг болно гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч ********г 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гүйцэтгэх захирлын Б90 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-т заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн үндэслэлээр цуцалсан.

Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т *********-ийн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах эсэхийг Монгол улсын Засгийн газар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор *********-ийн дүрмийг шинэчлэн баталсан. Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна *********-ийн зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах эрх үүрэгтэй гэж заасны дагуу банкны Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор зохион байгуулалтын бүтцийг шинэчилсэн батлахдаа хэд хэдэн газар, хэлтсийг татан буулгасан үүнд хууль, тусгай активын газар багтсан. Хууль, тусгай активийн газар, хэлтсүүд нэгдмэл байсныг дээрх байдлаар татан буулгасан. *********-ийн бүтэц, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарын дагуу үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулахыг ТУЗ-ийн 21 дүгээр тогтоолоор гүйцэтгэх удирдлага Н.Мандуулд зөвшөөрсөн.

Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т ...гүйцэтгэх удирдлага нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна, 21.2-т гүйцэтгэх удирдлагыг гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ гэж тус тус заасны дагуу татан буугдсан хэлтсийн захирал болох ********г 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ тушаал нь хууль зөрчөөгүй.

Мөн нэхэмжлэгч нь ажлын байрны чиг үүрэг, орон тоо нь өөрчлөгдөөгүй гэж тайлбарладаг. ******** нь хууль, тусгай активын газрын хэлтсийн захирлаар ажиллаж байсан боловч уг газар, хэлтэс нь бүхэлдээ татан буугдсан. Газар нь хэлтсүүдээс бүрдэх бөгөөд энэ зарчмаар хууль, тусгай активийн газар, түүнийг бүрдүүлж байсан хэлтсүүд татан буугдсан. Үүний дараа Захиргаа, удирдлагын газрын хуулийн хэлтэс гэх шинэ хэлтэс үүсгэн байгуулагдсан.

Хууль, тусгай активын газрын хуулийн хэлтэс болон захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн чиг үүрэг нь өөр гэдгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А99 чиг үүрэг, орон тоо батлах тухай тушаалын 6.1-т заасан чиг үүрэг, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн тушаалын 7.1-т заасан чиг үүргүүдтэй харьцуулан үзвэл харагдана. Хууль, тусгай активын газрын хуулийн хэлтэс нь нийтдээ 10 чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулдаг байсан бол захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтэс нь нийтдээ 12 чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Хууль, тусгай активын газрын хуулийн хэлтсийн захирлын ажлын байрны 1 дүгээр зорилтын хүрээнд тус захирал нь 10 чиглэлээр чиг үүрэг хэрэгжүүлдэг байсан бол захиргаа удирдлагын газрын хуулийн хэлтсийн захирал нь 1 дүгээр зорилтын хүрээнд 12 чиг үүргийг хэрэгжүүлдэг. Харин 2 дугаар зорилтын хүрээнд 4,11,12-т заасан чиг үүргүүд нь өөр өөр байгаа.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2 сарын тэтгэмж олгосон нь хэлбэрийн алдаа гэж тайлбарласныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан байхад Монгол улсын Хөгжлийн банк ХХК-аас 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хууль зөрчөөгүй.

******** нь ажлын байрны тодорхойлолтоор нууцын ажилтны эрх үүргийг хүлээж байгаагүй учраас заавал Тагнуулын ерөнхий газраас албан бичиг авах шаардлагагүй байсан. Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагад ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үндсэн үүргээ биелүүлсний төлөөх цалин, нууцын ажилтныг хавсран ажилласны цалин буюу үндсэн цалингийн тодорхой хувийг тооцсон нэмэгдэл цалин, бусад нэмэгдэл цалинг авдаг байсан. Тэгэхээр хавсран ажилласан үүргийг гүйцэтгэсэн тохиолдолд олгодог болохоос гүйцэтгээгүй тохиолдолд уг өгсөн тооцооллын дагуу тооцох боломжгүй. Зөвхөн хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин хөлсний дагуу тооцоолох нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 1.1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********г хариуцагч *********-ийн хуулийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *********-аас нэхэмжлэгч ********гийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговорт 99,964,059.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож, нэхэмжлэлээс 1,975,484.42 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ********гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч *********-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч *********-аас улсын тэмдэгтийн хураамжид 657,770 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх нотлох баримтуудыг үнэлээгүй. Үүнд:

Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 16 дугаар тогтоол (Монгол Улсын Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтэц)-ын хавсралт, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоол (Монгол Улсын Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай)-ын хавсралтуудыг харьцуулан шинжлээгүй болно.

5.2 дугаар зүйлийн 2-т Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргана гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаар тогтоолоор дүрмийг шинэчлэн баталсан.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд зааснаас гадна...Хөгжлийн банкны зохион байгуулалтын бүтэц, жилийн төсөв, орон тооны дээд хязгаарыг батлах...эрх үүрэгтэй гэж заасны дагуу ТУЗ нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсан. Энэхүү ТУЗ-ын тогтоолоор хэд хэдэн газар хэлтсийг татан буугдсан, болон албан тушаалыг мөн нэмэгдүүлсэн.

Уг тогтоолын хавсралтуудаас Хууль, тусгай активын газар нь татан буугдсан нь харагдана. Газар нь хэлтсүүдээс бүрдэх бөгөөд тусгай активын хэлтэс, хуулийн хэлтэс нь газрын хамт татан буугдсан. ТУЗ-ийн 21 дүгээр тогтоолоор шинээр Захиргаа удирдлагын газрын захирлын хуулийн хэлтсийг байгуулсан.

4.2. Чиг үүрэг орон тоо баталсан тушаалыг харьцуулан шинжлээгүй.

Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А-99 дүгээр тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-76 дугаар Чиг үүрэг, орон тоо батлах тухай тушаалаар хэлтэс, газруудын чиг үүргийг баталсан. Энэхүү чиг үүргүүдийг харьцуулан харахад хуулийн хэлтсүүдийн чиг үүрэг өөр байдаг. Жишээлбэл 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А-76 дугаар тушаалд заасан хуулийн хэлтсийн чиг үүргийн 11-д Банкны охин компаниудын үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлж ажиллах 12-д Төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд бэлдэх, Банкны үйл ажиллагааг бүхэлд нь хамарсан, системийн чанартай өөрчлөлт оруулах ажлыг хэрэгжүүлэх чиглэлээр Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирлын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэгт өөрийн хамаарах газрын үндсэн чиг үүргийг тухай бүр хэрэгжүүлэх байдлаар оролцож ажиллана гэх шинэ чиг үүргүүд нэмэгдсэн бөгөөд чиг үүрэг нэмэгдсэн гэж үзэх үндэслэлтэй. Мөн ********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтөд Хууль тусгай активын газрын хуулийн хэлтсийн захирлаар ажиллуулахаар харилцан тохиоролцсон байдаг. Гэвч энэхүү газар нь татан буугдсан учир ХтХ-ийн 40.1.1-д заасан үндэслэл бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга: Хөгжлийн банк байгуулагдсанаас хойш хуулийн хэлтэс ажиллаж байна. Миний бие ажиллаж байх хугацаанд 2017 оноос хойш хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байх хугацаанд бүтэц, орон тоог 3 удаа өөрчлөн зохион байгуулсан. Энэ хугацаанд хуулийн хэлтсийн тодорхой нэр нь өөрчлөгдсөн бөгөөд хяналт, шалгалтын газрын харьяанд эсхүл хууль хяналтын газрын харьяанд шилжүүлэн өөрчилж байсан.

Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн болон тухайн нэгж татан буугдсан гэх 3 тохиолдлын аль нь биш байна. Хариуцагч талаас чиг үүрэг өөрчлөгдсөн гэх боловч хууль тусгай активын хуулийн хэлтэс нь тушаалд зааснаар 10 чиг үүрэгтэй байсан. Энэ нь үндсэн 10 чиг үүрэг байсан боловч 2 чиг үүрэг нэмсэн. Үүнд охин компанийн үйл ажиллагаанд хууль зүйн дэмжлэг үзүүлэх, системийн өөрчлөлт орсныг хэрэгжүүлэх болон ажлын хэсэгт өөрийн хамаарах газрын чиг үүргийн хүрээнд оролцоно гэж байдаг Шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1.      Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *********-д холбогдуулан,

2.а. *********-ийн Хуулийн хэлтсийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

2.б. Ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 101,939,544 төгрөг гаргуулах,

2.в. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгахаар шаардсаныг хариуцагч ********* эс зөвшөөрч тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

3.а. Ажилтан ******** нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс *********-д хууль, эрх зүйн хэлтсийн захирлаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б-91 дугаартай ажилд томилох тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар Хууль, тусгай активийн газрын хуулийн хэлтсийн захирлаар томилогдсон. Улмаар тус банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-91 тоот ********г ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн талаар талууд маргаагүй./1хх5-12/

Дээрх 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-91 тоот ********г ажлаас чөлөөлөх тухай тушаалд Монгол улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.6 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 13.7 дахь заалтыг тус тус үндэслэн банкны зохион байгуулалтын бүтэц шинэчлэгдэн батлагдаж, Хууль, тусгай активын газар татан буугдсан тул хууль, тусгай активын газрын хуулийн хэлтсийн захирал ********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр дуусгавар болгон ажлаас нь чөлөөлж, 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгохоор шийдвэрлэжээ.

3.б.Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах зохицуулалттай. Нэхэмжлэгч ******** нь ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. /хх165-171/

3.в. Монгол улсын Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 252 дугаартай тогтоолоор баталсан Дүрэм шинэчлэн батлах, Монгол улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын 1 дүгээр заалтад Монгол улсын Хөгжлийн банкны дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн батлахаар шийдвэрлэсэн. Дээрх тогтоолыг үндэслэн гарсан Монгол улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дугаартай тус банкны зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тогтоолын 1 дэх заалтаар зохион байгуулалтын бүтцийг болон орон тооны дээд хязгаарыг 127 хүнээр тогтоож, банкны зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталжээ./хх111/

Дээрх тогтоолоор банкны шинэчлэн баталсан зохион байгуулалтын бүтцэд захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын удирдлагад дотоод үйл ажиллагааны хэлтэс, хуулийн хэлтэс, мэдээллийн технологи, цахимжуулалтын хэлтэс тус тус харьяалахаар байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой нэгж, салбар, ажил, албан тушаалын орон тоо байхгүй болохыг ойлгох юм.

Ажил олгогч нь ажилтан ********тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэлээ баримтаар нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь дээрхи батлагдсан бүтэц орон тоо, ажлын байрны чиг үүрэг зэргээс үзэхэд Хуулийн хэлтэс нь Захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын удирдлагад харьяалагдан хуучин явуулж байсан чиг үүргээ хэрэгжүүлж байна.

 

4. Давж заалдах гомдлын талаар.

4.а Хариуцагч нь Чиг үүрэг, орон тоо баталсан тушаалыг харьцуулан үнэлээгүй гэх агуулгатай гомдол гаргажээ.

********* нь 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр А-76 дугаар Чиг үүрэг, орон тоо батлах тухай тушаал гаргасан. Уг тушаалын 1 дүгээр хавсралтын 7.2 хуулийн хэлтсийн чиг үүрэг, 2 дугаар хавсралтад хуулийн хэлтэс 7 орон тоотой, хэлтсийн захирал 1 гэсэн бүтэцтэй байна гэж зааснаас үзэхэд аж ахуйн нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хуулийн хэлтэс нь захиргаа, удирдлага хариуцсан дэд захирлын чиг үүрэгт харьяалагдсан гэх үндэслэлээр хуулийн хэлтсийг татан буулгасан, хэлтсийн захирлын орон тоо хасагдсан, тоог нь цөөрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

5. Иймд нэхэмжлэгч ********г *********-ийн хуулийн хэлтсийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь зөв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ********гийн дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэн, дэвтэрт нь зохих бичилтийг нөхөн хийхийг хариуцагч *********-д даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Харин 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б-91 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалд нэхэмжлэгч ********д 2 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгохоор тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч ******** нь 2 сарын тэтгэмжид нийт 16,000,000 төгрөг авсан гэж тайлбарлаж байх тул бүх хугацаанд урьд авч байсан хугацааны дундаж, цалин хөлстэй тэнцэх олговроос хасаж, 83,964,060 /99,964,059.58-16,000,000=83,964,060/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д олгох нь зүйтэй байжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2022/02663 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) гэж,

2 дахь заалтад 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) гэж, 99,964,059.58 гэснийг 83,964,060 гэж, 1,975,484 гэснийг 17,975,484 гэж,

3 дахь заалтад 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн гэснийг Хөдөлмөрийн тухай хуулийн (1999 он) гэж,

4 дэх заалтад 657,770 гэснийг 577,770 гэж, тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.16-д зааснаар хариуцагч ********* нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД