Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0066

 

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2019/0066

   Улаанбаатар хот

 

 

“Ф А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч Ш.С, хариуцагч Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах гомдлоор, “Ф А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ф А” ХХК-ийн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, тус яамны Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3292 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-н өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Ф А” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгаж шийдвэрлэжээ.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо:

1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /хуудас10/ “... Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай тендерийн баримт бичгүүдийг гаргуулан авч хянан хэлэлцээд, захиалагч хууль зөрчсөн нь баттай тогтоогдсон тохиолдолд дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-55.3.3-д заасан шийдвэрийг гаргахтай ёстой байжээ” гэжээ. Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3292 дугаар маргаан бүхий захиргааны акт нь дээр дурдсан хууль зүйн үндэслэлийн хүрээнд гарсан. Маргаан бүхий захиргааны актад “...тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг үүгээр мэдэгдэж байна” гэж заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.2 дахь заалтыг үндэслэл болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу дахин үнэлгээ хийх шийдвэрийг хүргүүлсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /хуудас 9/ "Ф А" ХХК-ийн ирүүлсэн тендерт тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.3-ын "в"-д заасан /гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизмын жагсаалтад заасан бульдозер, теодолитийн мэдээлэл ирүүлээгүй/ мэдээлэл байхгүй гэж дурдсан боловч тухайн үндэслэлд шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Захиалагч тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.3-ын "в"-д тендерт оролцогч гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, машин механизмуудын мэдээллийг ирүүлэх /хүснэгтээр харуулсан жагсаалт/-ийг шаардсан байсан. "Ф А" ХХК нь тухайн жагсаалтад заасан бульдозер, теодолитийн мэдээллийг ирүүлээгүй байхад тендерийн үнэлгээний хороо "Ф А" ХХК-ийг шалгаруулсан нь Сангийн сайдын 2012 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 194 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Тендерийн үнэлгээний заавар"-ын 5 дугаар хэсгийн 5.2-т "Тендерийн баримт бичигт заасан нөхцөл, үнэлгээний аргын дагуу тендерийг үнэлнэ" гэж заасантай нийцэхгүй байсан.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /хуудас 11/ "... 2015, 2016, 2017 он" гэж шаардлага тавигдсан байна. Харин өөр этгээдтэй түншлэлийн гишүүн болж хийж гүйцэтгэсэн болон дуусаагүй ажилтай холбоотой гэрээ, холбогдох мэдээллийг ирүүлнэ гэж тусгайлан шаардаагүй байна" гэжээ. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.2 (д)-д "... дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлнэ" гэж тодорхой заасан байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад буруу үнэлэлт өгсөн гэж үзэж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 2/4540 дугаар албан бичгээр тухайн тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацааг сунгуулах тухай хүсэлт ирүүлсэн тул маргаан бүхий захиргааны актаар хуулийн 29.4 дэх хэсэгт заасныг үндэслэн тендерийн хүчинтэй байх хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хугацаа сунгаж шийдвэрлэсэн хэсэгт мөн үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу тендерт оролцогчдоос тендерийн баталгаа ирүүлэхийг шаарддаг. Мөн зүйлийн 20.6 дахь хэсэгт" захиалагч "хамгийн сайн" үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой гэрээ байгуулсны дараа тендерийн баталгааг хүчингүй болгоно" гэж заасан байна. Тендерийн баталгааны хугацаа дууссан бол хуулийн дагуу гэрээ байгуулахаас татгалзах үндэслэл болдог. Шүүхээс "Ф А" ХХК-ийн тендерийн баталгаа цуцлагдсан эсэхийг нягталж шийдвэр гаргаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3292 дугаар албан бичиг, Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, “Ф А” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгасугай” гэж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгчээс “...Ф А” ХХК-ийн хувьд НХААГ-17/0189 тоот тендерт огт хамааралгүй этгээд тул уг тендерийн талаар тендерийн баримт бичигт мэдүүлэх шаардлага байхгүй гэж үзсэн. ...Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас зарласан тендерийн талаарх баримтыг хавсарган өгснийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хууль бус.” хэмээн маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/22 дугаар тушаалаар байгуулагдсан Үнэлгээний хороо БСШУСЯ/201801269 дугаар бүхий XIII.1.1.39 640 суудалтай сургуулийн барилгын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт зарлахад 6 компани тендер ирүүлснээс хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр “Ф А” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч, тендерт оролцсон “Г д” ХХК, “Х ч” ХХК-ууд Сангийн яаманд гомдол гаргасан байх бөгөөд Сангийн яамнаас тендерийн материалыг хянаад нэхэмжлэгч “Ф А” ХХК-ийн ирүүлсэн тендерт ТӨХ-ийн 5.3-ын “в”-д заасан “гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизмын жагсаалтад заасан бульдозер, теодолитийн мэдээлэл” байхгүй, мөн ТӨХ-ийн 5.2-ын “д”-д заасан “... дуусаагүй ажлын тухайд тайлбарыг захиалагчийн тодорхойлолтын хамт ирүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг тус яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3292 дугаар албан бичгээр мэдэгдсэн үйл баримт тогтоогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7-д зааснаар хариуцагч Монгол Улсын Сангийн яам нь тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд түүний дагуу Сангийн яам нь тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг хүлээн авч, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар тендерийн материалд болон гомдолд хавсаргаж ирүүлсэн холбогдох  баримтад үндэслэн хянаж үзэхэд нэхэмжлэгч “Ф А” ХХК болон “Б М б” ХХК-ийн түншлэл 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай “Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд барих цэцэрлэгийн барилгын ажил”-ыг гүйцэтгэх НХААГ-17/0185 тоот 1.4 тэрбум төгрөгийн гэрээг байгуулсан нь баримтаар нотлогдсон, мөн тендерийн баримт бичигт гэрээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай машин механизмын жагсаалтад бульдозер байхгүй, хэмжүүр хяналт шалгалтын багаж хэрэгсэл жагсаалтад теоделитийн талаарх мэдээлэл оруулаагүй зөрчил илэрсэн нь нотлогдсон тул тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер нь ТӨХ-ийн 5.2-ын “д”, 5.3-ын “в”-д заасан шаардлага хангаагүй болохыг хариуцагч Сангийн яам хуульд заасан эрхийн дагуу тогтоосон, энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх ба тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны албан бичгийн дагуу тендерийг дахин үнэлж шаардлагад нийцсэн тендер ирээгүй гэж үзэж, дахин тендер зарласан нь үндэслэлтэй.

Гэтэл анхан шатны шүүх “хариуцагч Сангийн яам нь гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулан авч гомдолд дурдсан үндэслэл бүрийг нягтлан шалган, захиалагч болон тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн эсэхийг хянан шалгаж тогтоогоогүй байж шийдвэрлэсэн нь “Ф А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасантай нийцээгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллагуудын шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох журамд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0843 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7, 55

 дугаар зүйлийн 55.2, 55.3, 55.3.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ф А” ХХК-ийн “Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6-1/3292 дугаар албан бичиг, тендерийн Үнэлгээний хорооны 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Ф А” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ