Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 003

 

 

 

 

                           К.Хайролд  холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн  60 дугаар  шийтгэх тогтоолтой, К.Хайролд холбогдох эрүүгийн 201604000036 дугаартай хэргийг  шүүгдэгч К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын гомдлыг  үндэслэн, 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга М.Айдынгүл, шүүгдэгч К.Хайрол, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Сьезд,  хохирогч Е.Есилжайых, хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, прокурор М.Отгонжаргал нар оролцов.

 

Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, 1981 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 35 настай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй,  Шыбарайгыр жүзик овогт Күлмесханы Хайрол нь 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Береке” дэлгүүр болон Сыргалы дэлгүүрийн урд талын гурван замын уулзвар орчим Күлмисханы Хайрол, Есейн Есилжаыйх нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрэлдэж, маргалдан улмаар Е.Есилжайыхыг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх      “1. Шүүгдэгч Шыбарайгыр жүзик овогт Күлмесханы Хайролыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар К.Хайролыг 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч К.Хайролд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар К.Хайролоос 5755153 төгрөгийг гаргуулан хохирогч Е.Есилжайыхт олгож, 24107550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6915000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж”    шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Сьззд нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч К.Хайролд холбогдох 201604000036 дугаартай хэргийг хянан хэлэлцэн шийдвэрлэхэд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2, 318.2.1-т заасныг тус тус  ноцтой зөрчсөн гэж үзэж байна.   Өөрөөр   хэлбэл   шүүгдэгч К.Хайролд   холбогдох 201604000035 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа  дараах нэг талыг барьсан үйл ажиллагаа явуулсан гэж үзэж байна. Үүнд:

1. Өмгөөлөгч Я.Сьезд би 2016 оны 3 дугаар сарын 29-ны өдөр 18 тоотоор эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулсан тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Ж Өлзийтогтоход  “Ховд голын бетон гүүрийн дээр байрласан камерын дүрс бичлэг, тэд очсон гэж байгаа Өлгий сумын 1 дүгээр баг буюу хар замын хажууд байгаа "Ахбаян" , "Толхын" дэлгүүр, "Толхын" дэлгүүрийн урьд байрладаг "Ахдам" захын уулзварын камерын дүрс бичлэг, аймгийн төв эмийн сангийн урд байрлах 4 замын уулзварын дүрс бичлэг, хуучин Усны аж ахуйн урьд байгаа гурвалжин замын дүрс бичлэг, аймгийн Цагдаагийн газар болон "Кыран” хамгаалалтын албанд байгаа камерын дүрс бичлэг, аймгийн Холбооны газар болон хуучин аймгийн прокурорын газрын байрны камерын дүрс бичлэгүүдийг тус тус эд мөрийн баримтаар бэхжүүлж авах шаардлагатай байна. Хэрвээ дээр дурдсан газруудын камерын дүрс бичлэг нь арилсан байвал дүрс бичлэгийн хар дискийг сэргээх программыг ашиглаж санамжийг оруулж бэхжүүлж авах шаардлагатай байна. Дээр дурдсан газруудын камерын дүрс бичлэг нь мөрдөн байцаалтын ажиллагаанд ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь камерын дүрс бичлэгүүдийг нотлох баримтаар бэхжүүлж авснаар 2016 оны 02 дугаар сарын 03-наас 2016 оны 02 дугаар сарын 04-ний шилжих шөнө буюу оройн 19 цагаас өглөөний 04 цаг хүртэлх Е.Есилийн хаана очсон, ямар үйлдэл гаргасан, хэнтэй явж байсан, чухам тэр шөнө юу болсон вэ гэдэг нь нарийн тогтоогдох ёстой ..." гэсэн утга бүхий хүсэлт гаргасан боловч мөрдөн байцаагч Ш.Ержан хүлээн авахаас татгалзсан  юм.

 2. Өмгөөлөгчөөс   мөрдөн   байцаагчийн   шийдвэрийг   эс   зөвшөөрч дээрх 8 газрын байршлын хяналтын камерын бичлэгүүдийг эд мөрийн баримтаар хураан авах тухай хяналтын прокурор Х.Өренд 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 18 тоотоор гомдол гаргаснаар 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр "Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдлыг хүлээн авч, өмнө нь гаргасан шийдвэрийг хүчингүй болгох тухай" № 5\11 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангасан. Гэтэл мөрдөн байцаагчаас хяналтын прокурорын шийдвэрийг хүлээн аваад өмгөөлөгч Я.Сьезд надад “Таны хүсэлтэд дурдсан Өлгий сумын төвийн 8 байршилтай газрын хяналтын камерын бичлэг бүгд устгагдсан байна, хяналтын бичлэгийг дахин сэргээх боломжгүй" гэсэн хариу өгсөн. Ийнхүү тухайн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүднээс Өлгий сумын төв хэсгийн 8 байршлын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар хураан авах асуудлаар өмгөөлөгч, мөрдөн байцаагч, прокурорын хооронд сар гаруй маргаан үргэлжилсээр цаг хугацаа алдагдаж, Өлгий сумын төв хэсгийн 8 байршлын хяналтын камеруудын бичлэгүүд устсан. Энэ үед хэрэгт мөрдөн байцаалт явуулж байсан мөрдөн байцаагч Ш.Ержан, хяналтын прокурор Х.Өрен нар өөрчлөгдсөн байна.

3. 2016 оны 4 дүгээр сарын эцсээр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг   мөрдөн байцаагч А.Асылбек, хяналтын прокурор М.Отгонжаргал нар хариуцах болсон. Мөрдөн байцаагч А.Асылбек нь бусдад зодуулж   биедээ хөнгөн гэмтэл авсан   К.Хайролыг   өөрийн биеэр Улаанбаатар хотод очиж давтан шинжилгээ  хийлгүүлэх  тухай     шийдвэр   гаргасан.   Өмгөөлөгчөөс  мөрдөн байцаагчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулахаар хяналтын    прокурор М.Отгонжаргалд 2016  оны  4 дүгээр сарын 25-ны  өдөр 25 тоотоор хүсэлт гаргаснаар хяналтын прокурор    2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр "Байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан гомдлыг хүлээн авч, өмнө нь гаргасан шийдвэрийг   № 5\12 дугаар тогтоол гарган гомдлыг хангасан юм.

4. Өмгөөлөгч Я.Сьезд би    2016 оны 5 дугаар сарын  11-ний өдөр мөрдөн байцаагч А.Асылбект "...хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтүүд, хохирогч гэх Е.Есилжайыхын өвчний түүхийн зарим хэсгийг..." хуулбарлан авах тухай   хүсэлт гаргасныг хангаагүй   учраас  2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 28 тоотоор  хяналтын   прокурор   М.Отгонжаргалд   гомдол   гаргасан. Хяналтын прокурор    М.Отгонжаргал нь 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Байцаан    шийтгэх    ажиллагаанд    оролцогчдоос    гаргасан    хүсэлтийг хангахаас татгалзах тухай"  № 5\15 дугаар тогтоол гаргасан юм.

5.Өмгөөлөгч Я.Сьезд би яллагдагч К.Хайролд холбогдох эрүүгийн 201604000036 дугаартай  хавтаст хэрэгтэй танилцсаны үндсэн дээр    хяналтын прокурор М.Отгонжаргалд   2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 39 тоотоор 3 хэсэгтэй  9 зүйл бүхий хүсэлт гаргасан боловч тэрээр тухайн хүсэлтүүдийг гүйцэд судлан үзэлгүйгээр тэр өдөрт нь буюу 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр "Эрүүгийн  байцаан     шийтгэх     ажиллагаанд     оролцогчдоос     гаргасан хүсэлтийг   хангахаас   татгалзах  тухай"   №  5\21   дүгээр   тогтоол   үйлдэн хүсэлтийг хангахаас татгалзсан юм.

6. Өмгөөлөгч Я.Сьезд би доод шатны прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүхэд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 41 тоотоор   гомдол гаргасан боловч аймгийн прокурор 1 өдрийн дараа буюу 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр № 5\62 тоотоор гомдлыг хангахаас татгалзсан  юм.

7. Өмгөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймгийн прокурор Т.Батсүхийн шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 44 тоотоор Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд гомдол  гаргасан боловч К.Хайролд   холбогдох   эрүүгийн   хэргийг   шүүхэд шилжүүлжээ.

8.Баян-Өлгий аймгийн шүүх эмчийн болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр шүүгдэгч К.Хайролын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон, энэхүү гэмтлийг хохирогч гэх Е.Есилжайых учруулсан боловч мөрдөн байцаагч, прокурор асуудлыг нэг талыг барьж шалгаснаас болж, К.Хайролын биед хөнгөн гэмтэл учруулсан Е.Есилжайыхыг эрүүгийн хариуцлагад татаагүй юм.

 9. К.Хайролд холбогдох эрүүгийн 201604000036 дугаартай хэргийн 2 дугаар хавтаст хэргийн 480-500 дугаар талд авагдсан 20 хуудас бүхий бичгүүд, 3 дугаар хавтаст хэргийн 501-521 дүгээр талд авагдсан 20 хуудас бичгүүд нийт 40 орчим хуудас нотлох баримтуудын эх хувь нь байхгүй зөвхөн хуулбарууд авагдсан хуулийн хүчин төгөлдөр нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна. Уг нотлох баримтуудын хуулбарыг нотариатаар     баталгаажуулаагүй, эсхүл тухайн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарагдаагүй байна.

10. Е.Есилжайыхын   Баян-Өлгий   аймаг  дахь   Цагдаагийн   газарт гаргасан "... бусдад зодуулсан ..." гэх гомдолд тэрээр "...өөрөө газар унасан..." тухай    /х.х-ийн 9-12 дугаар хуудас/,    хохирогч Е.Есилжайыхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт    "...өөрөө газарт унасан."  /х.х-ийн  117 дугаар  хуудас/,  хэргийн   138 дугаар  талд  хохирогч   Е.Есилжайыхын   эхнэр   Р.Алмагүлийн   мэдүүлэг /х.х-ийн 138 дугаар хуудас/ , хохирогч гэх Е.Есилжайых газар унаж гэмтэл авсныг гэрч К.Хайратын мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /х.х-ийн 153 дугаар хуудас/,  гэрч К.Халелын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /х.х-ийн 155 дугаар хуудас/ тус тус хэрэгт авагдсан юм.                                                  

11.  Эд мөрийн баримтаар хураан авсан  гэх Цагдаагийн газрын К-27 гэсэн хяналтын камер нь хуульд зааснаар бэхжүүлж авсан нотлох баримт эсэх нь эргэлзээтэй байна.   К-27 гэсэн хяналтын камерын тухай улсын яллагчийн 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот яллах дүгнэлтэд "Цагдаагийн газрын хяналтын камер бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ...Цагдаагийн газрын "Сыргалы" гурван замын уулзварын К-27 хяналтын камерын 2016 оны 02 сарын 04-ний өдрийн 02 цаг 26 минутаас 02 цаг 34 минутын хоорондын бичлэгт үзлэг хийж тэмдэглэл үйлдэв.   ... Цагдаагийн газрын К-27 гэсэн хяналтын камерын  2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 цаг 26 минутаас 02 цаг 34 минутын хоорондын бичлэгийг СД дискэнд хуулж, үзлэгийн тэмдэглэлд хавсаргав" гэжээ.   Гэтэл тухайн бэхжүүлж авсан гэх дүрс бичлэг нь хуульд заасан журмаар бэхжүүлж авсан нотлох баримт эсэх нь эргэлзээтэй, ямар байрлалаас, ямар техник хэрэгслээр бэхжүүлж авсан, эвлүүлсэн   буюу   зохиосон   эсэх,   эсхүл   хуулж   авсан   эсэхийг   хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоох, тухайн эд мөрийн баримтаар бэхжүүлэн авсан дүрс бичлэгт хэн ямар төрлийн төгс үйлдэл хийсэн эсэх, иргэн Е.Есилжайыхын ямар үйлдэл хийж байсан эсэх, нүднээс цус гарсан эсэх,   нүдээ ямар нэгэн юмаар дарж байсан эсэхийг нарийвчлан тодорхой харагдах ёстой юм.   Анхан шатны шүүх хуралдааны  эд мөрийн баримт шинжлэх үед К-27 хяналтын камерт 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02 цаг 26 минутаас 02 цаг 34 минут хүртэл гэсэн цифр, тоо байхгүй байсан нь эргэлзээ төрүүлж байна.

12. Гэрч Х.Хумырбекээс 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр алчуур хурааж авсан тогтоол үйлдсэн /х.х-ийн 22 дугаар хуудас/  боловч уг алчуурыг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өөрөөр хэлбэл анх хурааж авснаас хойш 2 сарын дараа "Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах" тогтоол /х.х-ийн 102-р хуудас/, тухайн алчуурт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Гантуяагийн 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ДНХ-ийн шинжилгээ хийсэн №2710 дугаартай дүгнэлт, тухайн алчуурыг яллагдагч К.Хайролд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр танилцуулсан байдал, Цагдаагийн газрын "Сыргалы" гурван замын уулзварын К-27 хяналтын камерын бичлэгийг СД дискэнд хуулж, үзлэгийн тэмдэглэл хийсэн боловч /х.х-ийн 15 дугаар хуудас/, К-27 хяналтын камерын СД бичлэгийг 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өөрөөр хэлбэл 2 сар 5 хоногийн дараа "Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах" тогтоол үйлдсэн нь хохирогч Е.Есилжайыхын өмсөж явсан гэх цагаан өнгийн куртикыг 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хурааж авсан /х.х-ийн 77-79 дүгээр хуудас/, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 86.2, 132 дугаар зүйлийн 132.1, 133 дугаар зүйлийн 133.1, 138 дугаар зүйлийн 138.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.                      

13. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны шинэчилсэн хэлэлцүүлгийн үед гэрчийн мэдүүлэг өгсөн Х.Хумырбек, Х.Хосылбек, Ш.Бауыржан нар "Кыран" хамгаалалтын газрын захирал, хохирогч гэх Е.Есилжайыхын шууд удирдлага дор ажилладаг, түүнээс хараат ажилладаг, тус компанийн ажилтнууд учраас дээрх гэрч нарын мэдүүлгийг туйлын үнэн гэж үзэх үндэслэл муутай байна.

14. Улсын яллагчийн яллах дүгнэлтэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 36638803 төгрөгөөр тогтоожээ. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-т гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг нарийвчлан тогтоохгүйгээр барахгүй Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн   218 дугаар зүйлийн 218.4-т заасныг зөрчиж байна.

15. 2016  оны   02  дугаар сарын  05-ны өдрийн № 2048 дугаартай шинжээчийн   дүгнэлтэд "...Үзлэгт Биеийн ерөнхий байдал хөнгөн, ухаан санаа саруул, асуусан   асуултад   хариулна,   байрлал   идэвхтэй,   дагзны   булчингийн хөшингөгүй, хамар уруулын нугалаас 2 тал ижил, хэл голын шугамаар мөчдөд саа саажилгүй, хамар хурууны сорилд алдагдахгүй, өнгөц ба гүний мэдэрхүй хэвийн, шөрмөсний  рефлкем хэвийн,  тархины  12  хом  мэдрэл  голомтот өөрчлөлтгүй, Ромбергийн сорилд тэнцвэртэй ...", "... Баян-Өлгий аймгийн НЭ-н өвчтөн илгээх хуудсанд онош- баруун нүдний  эвэрлэгийн шарх, анхдагч цэгцэлгээ нүдний  алимд цусан хураа” гэжээ. 2016.02.05-ны өдрийн нүдний эмчийн үзлэгт баруун нүдний хараа-0, зүүн-1,0 баруун нүдний салстад анхдагч цэгцэлт хийсэн оёдолтой,  өмнөд камер битүү цустай, цааш шинжлэх боломжгүй ..",    3-т Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31-д зааснаар нэг нүд бүрэн хараагүй болсон нь хөдөлмөрийн чадварыг тогтмол 65% сарниулах хүнд гэмтэл болно" гэж  дурджээ.

 

Мөрдөн байцаагчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн "Шинжилгээ хийх шинжээч томилох тухай" 0032 дугаар тогтоолоор шинжээч Б.Ариунзулд 5 асуулт тавигдсан боловч шинжээч эмч Б.Ариунзүл нь 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан № 2048 дугаартай дүгнэлтэд мөрдөн байцаагчийн асуусан асуултын 2 дахь асуулт болох “Уг гэмтэл нь ямар хүчин зүйлийн, хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн вэ?, 3 дахь асуулт болох “Е.Есилжайыхын биед учирсан гэмтэл өөрийнх нь тайлбарлаж байгаа байдлаар учирсан байж болох уу?, /гэмтэл учруулсан багаж, гэмтэл учруулах үед довтлогчийн байсан зай, байрлал г.м/ асуултад хариу өгч чадаагүй байна. Шинжээч эмч Ц.Ганболд, Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 477 дугаартай шинжээчийн дүгнэлтийн тогтоох хэсэгт "1.2.3 Е.Есилжайыхын биед хийгдсэн тархины соронзон үелзүүрт томограмм \МRI\ болон тархины судасны ангиграм болон тархины цахилгаан бичлэгт тархины гэмтлийн гаралтай эмгэг өөрчлөлт үгүй байна. 4. Шинжээч эмч Б.Ариунзулын 2016.02.05-ны өдөр гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн чадварын хувьд өөрчлөлт орохгүй. 5. Баруун нүдэнд учирсан гэмтэл нь өшиглөх, цохих үйлчлэлийн аль, алинд нь үүснэ." гэжээ.  Энэхүү дүгнэлтэд хохирогч Е.Есилжайыхын /баруун нүдэнд учирсан гэмтлийн оношыг бичээгүй, шинжээч Б.Ариунзулын дүгнэлт нь үндэслэлтэй гэж ерөнхий байдлаар дүгнэлт хийж байгаа асуудалд гомдолтой байна. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.3-т заасныг зөрчиж байна. Анхан шатны шүүх улсын яллагчийн гаргасан саналын дагуу Улаанбаатар хотод оршин суух, шинжээч Ц.Ганболдыг онлайнаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оруулсан боловч хамт дүгнэлт гаргасан шинжээч нар Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарыг байцаагаагүй нь нэг талыг барьсан шийдвэр гаргах нэг үндэслэл болсон юм. Хохирогч гэх Е.Есилжхайыхын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "Шүух эмнэлгийн үзлэг хийсэн № 2048 дугаартай дүгнэлт"-тэй танилцаад Е.Есилжайыхын биед давтан бүрэлдэхүүнтэй шинжилгээ томилох шаардлагатай гэж үзэж байна. Учир нь Е.Есилжайыхын биед учирсан гэмтлийн зэргийг шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоосон боловч шинжээчийн дүгнэлтэд нарийн мэргэжлийн эмч нарын тавьсан үндсэн онош нь шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгагдаагүй орхигдуулжээ. Өөрөөр хэлбэл Е.Есилжайыхын биед учирсан гэх хүнд гэмтэл буюу баруун нүдний хөндийн нэвтэрсэн гэмтэл нь чухам гадны ямар хүчин зүйлийн улмаас үүссэн нөхцөл байдлыг шинжлэх ухааны хувьд дахин хөдөлбөргүй тогтоох ёстой гэж үзэж байна.   Е.Есилжайыхын биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гол онош нь нүдний хөндий рүү нэвтэрсэн шарх гэх ба хүний нүдний хөндий рүу чухам гадны ямар хүчин зүйлийн нөлөөгөөр ямар нэгэн зүйл орж, хамгийн дотор талын давхарга болох торлог давхарга хүртэл нэвтэрч, бага хэмжээтэй нүдэнд хатуу мохоо зүйл орох юм бол нүдний хөндийд хэр зэрэг том нүх үүсгэх нь хүн бүрд ойлгомжтой, нүдний хөндий рүү зөвхөн ир үзүүртэй зүйл бага хэмжээтэй нүх үүсгэж нүдний хөндий рүү нэвтэрч гэмтээдэг гэдэг нь ойлгомжтой юм. Е.Есилжхайыхын баруун нүдэнд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн  дүгнэлтийг үзэхэд тэрээр хэрвээ бусдад зодуулж цохиулсан, эсхүл өшиглүүлсэн байвал, өөрөөр хэлбэл хатуу мохоо зүйлээр түүний биед гэмтэл үүссэн байвал нүд нь бүхэлдээ цус харван маш их хэмжээгээр хавдаж, дээд ба доод зовхинд, нүүр, хацарт ямар нэгэн шарх хавдар, цус хуралтууд заавал үүссэн байх ёстой шүү дээ. Гэтэл Е.Есилжайыхын биед тийм гэмтлүүд нь одоогоор тогтоогдоогүй учраас дээрх нүдний хөндий рүү нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн хүчин нөлөөгөөр үүссэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Е.Есилжайыхын нүдний урьд хөндийд нэвтэрсэн шарх хэрвээ гутлаар өшиглөсний улмаас эсхүл гараар цохигдсоноос үүссэн шарх болон хавдар байвал цус хураалтын хэмжээ нь үлэмж том хэмжээтэй байх ба нүдний дээд ба доод зовхи, хацар нүүрний зарим хэсгийг бүхэлдээ хамарсан гэмтэлтэй байх ёстой. Е.Есилжайыхын гэмтлийн оношийн дэс дарааллыг  тогтоовол  эхлээд  нүдний  хөндийд  нэвтэрч----нүдний алим-----өмнөд ханыг  гэмтээж-— торлогийн давхарга ховхорч гэмтсэн-------баруун нүд хараагүй болжээ. Ингэхдээ түүний баруун нүдний хөндийд нэвтэрсэн зүйл нь ир үзүүртэй зүйл байгаа гэдэг нь тодорхой байна. Хэрвээ хатуу мохоо зүйл байвал дээрх шарх гэмтлийн хэмжээ нь том хэмжээтэй ба хавдар, цус хураалтын хэмжээ ч үлэмж том хэмжээтэй, нүдний дээд ба доод зовхи, хацар нүүрний зарим хэсгийг бүхэлдээ хамаарсан гэмтэлтэй байх ёстой юм. Хэрвээ түүний баруун нүдийг гараар цохисон байвал гарын хэмжээ нүдний хэмжээнээс хоёр дахин том учраас, хэрвээ гутлаар өшиглөсөн байвал гутлын хэмжээ гарын хэмжээнээс хоёр дахин том байх ёстой юм. Ингэхээр дээрх гэмтлүүд нь өөрөөр хэлбэл цус хураалт, хавдрын хэмжээ нь асар том хэмжээтэй байх ёстой. Гэтэл Е.Есилжайыхын нүдэнд үүссэн гэмтэл нь нүдний хүүхэн хараанд маш бага хэмжээтэй цэг үүсгэн нүдний хөндийд нэвтэрч торлог давхарга хүртэл дараалан нэвтэрсэн байгаа нь өвчний түүхэнд бичигдсэн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтээр тогтоогдож байгаа юм. Нүдний болорыг нүдний хараа бүхий хүмүүст мөртлөө хохирогч Е.Есилжайыхын баруун нүдэнд ямар шалтгаанаар болор хийх болсон зэргийг тодруулах шаардлага ч бий. Шинжээч Б.Ариунзулын дүгнэлтээр Е.Есилжайых нь хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдсан, түүнийг 3 шинжээч баталсан буюу цаашид хөдөлмөрийн чадварт өөрчлөлт орохгүй гэж баталсан мөртлөө хохирогчийн өмгөөлөгч нараас шүүх хуралдааны үед гаргаж өгсөн Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын дүгнэлтээр хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан гэж байна. Энэ мэтээр хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн баруун нүдэнд учирсан гэмтлийг нарийвчлан тогтоох шаардлага гарч байна.

Эцэст нь анхан шатны шүүх Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т  заасныг ноцтой зөрчиж, нэг талыг барьж хууль зүйн үндэслэл муутай шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна..

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 230 дугаар зүйлийн 230 1, 230.1.2, 230.1.3, 318 дугаар зүйлийн 318.1, 318.2. 318.1.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгон эрүүгийн 201604000036 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцаан өгөхийг хүсэж байна. Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч К.Хайролд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргавал шүүгдэгч К.Хайролд цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон урьд хувийн батлан даалтаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

 

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонжаргал би, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүугдэгч К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдолд дараах тайлбарыг гаргаж байна.

1.2016 оны 02 сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг "Береке" дэлгүүр болон "Сыргалы" дэлгүүрийн урд талын гурван замын уулзварын орчим Күлмесханы Хайрол, Есейн Есилжайых нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрэлдэж маргалдан улмаар К.Хайрол нь Е.Есилжайыхыг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдэлд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай^ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн билээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч К.Хайролыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Е.Есилжайыхтай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар түүнийг зодож бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр юм.

Харин шүүгдэгч К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдсан гомдолд дурдсан асуудлууд бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаанууд бүрэн хийгдсэн бөгөөд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий л нөхцөл байдлуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоосон байгаа. Өөрөөр хэлбэл давж заалдах гомдолд дурдсан хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаагаагүй, зайлшгүй хийвэл зохих шинжилгээг хийлгээгүй, хэрэгт ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг шаардан гаргуулж аваагүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл байхгүй юм.

Өмгөөлөгчийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцад гаргаж байсан гомдол хүсэлтүүдийг тухай бүрд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагч, прокуророос шийдвэрлэж байсан бөгөөд энэ талаар гаргаж байсан шийдвэрүүд хэрэгт хавсаргагдсан байгаа.

Мөн давж заалдах гомдолд дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлж, үнэлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтууд зөрчигдөөгүй. Тухайн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргасан байдаг.

К-27 камерын бичлэгийн хувьд бол үзлэгийг ЭБШХ-д заасан үндэслэл журмын дагуу мөрдөн байцаагч хийж улмаар тухайн бичлэгийг СД-нд хуулсан байгаа. Энэ камерын бичлэг дээрх хүмүүс бол хохирогч болон шүүгдэгч хоёр гэдэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч К.Хайролын өөрийнхөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаагаар нотлогдож байгаа. СД-нд хуулсан бичлэгийн цаг нь үзлэгийн цагаас зөрж байгаа асуудал бол серверийн цаг юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь хүний бие махбодид хүнд гэмтэл учирсан, хохирогч нэг нүдгүй болж бие эрхтэн эрүүл мэндээрээ хохирсон ядвал юм.

Харин 36636803 төгрөгийн хохирлын хувьд бол хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хохирол бөгөөд эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэл  гэдгийг өмгөөлөгч ялгаж чадахгүй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг үүсгэснээс эхлээд шүүхийн хэлэлцүүлэг хүртэлх шатанд гаргаж болно. Иргэний нэхэмжлэлийг хангах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэх эрхтэй байдаг.

Хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон 2 дүгнэлт байдаг ба энэ дүгнэлтүүдэд нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн дүгнэлт байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогчийн биед учирсан гэмтэлд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй, хохирогчийн нүдэнд дотогшоо нэвтэрсэн гэмтэл үүссэн, энэ гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх учиртай гэж маргаж гомдол гаргасан тул дахин магадлан шинжилгээ хийлгэхэд анхны шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна, хохирогчийн нүдэнд үүссэн гэмтэл нь хатуу мохоо буюу өшиглөх, цохих хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэж болно гэсэн дүгнэлт гарсан байгаа. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын маргаж байгаа энэ эргэлзээг тайлах үүднээс шинжээч эмч Ц.Ганболдыг шүүх хуралдаанд оруулж гаргасан дүгнэлтийг тайлбарлуулж байцаасан. Шинжээч ч мэргэжлийн хүний хувьд хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэх бүрэн боломжтой, хохирогчийн нүдэнд учирсан дотор гэмтэл нь гадаад орчинтой харьцсан учраас нэвтэрсэн гэж байгаа. Тэрнээс биш ямар нэгэн зүйлээр нэвт хатгасан гэж ойлгож болохгүй гэж тайлбарлаж өгсөн. Нүд бол эмзэг эрхтэн цохих буюу өшиглөхөд дотроосоо шахагдаад гэмтсэн гэж ойлгож болно гэдгийг ч хэлсэн. Мөн онош зөрсөн зүйл ч байхгүй байна. Шинжээчид дүгнэлт гаргахдаа нүдний нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгийн байгууллагын тавьсан онош болон хохирогчийг биеэр үзэж байж эдгээрийг үндэслэн дүгнэлт гаргасан байна. Энэ талаараа ч дүгнэлтдээ тусгасан байна.

Харин шинжээч Н.Туяа, Ш.Цэцэгмаа. Ц.Ганболд нар дүгнэлтээ санал нэгтэйгээр гаргасан тул шинжээч Н.Туяа, Ш.Цэцэгмаа нарыг заавал байцаах шаардлага байхгүй.

Хохирогч Е.Есилжайыхын биед гэмтлийн зэрэг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №2048, №477 дугаартай 2 удаагийн дүгнэлтүүдэд хохирогчийн нүдэнд учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, өшиглөх, цохих үйлчлэлийн аль алинд үүснэ гэсэн байдаг. Энэ 2 дүгнэлтэд ир үзүүртэй зүйлээр үүсэх боломжтой талаар ямар нэгэн дүгнэлт гараагүй. Тусгай мэдлэг бүхий этгээдийг хууль заасан үндэслэл журмын дагуу шинжээчээр томилж, шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулчихсан байхад өмгөөлөгч таамгаар өшиглөсөн бол хавдартай байх ёстой, ир үзүүртэй зүйлээр үүссэн нь тодорхой харагдаж байна гэж байгаа өөрийнхөн бодол болохоос бодит байдал биш. Нэгэнт дүгнэлт гарсан байхад бид үүнд эргэлзэх эргэлзээ байхгүй.

Хохирогч Е.Есилжайыхын нэг нүдийг сохолж хүнд гэмтэл учруулсан энэ гэмт хэргийг шүүгдэгч К.Хайрол үйлдсэн гэдэг нь нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй гарсан байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээх саналтай байна. Шүүгдэгч К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Сьезд нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 344 дүгээр зүйлийг удирдлага болгон тайлбар бичив.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг давж заалдах гомдолдоо: “Монголын хуульчдын холбооны гишүүн, Ховд аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчимэг би Баян-өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг шуудангаар ирүүлснийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардан авч эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шүүгдэгч К.Хайролд холбогдох эрүүгийн 201604000036 дугаартай хэргийг хянан хэлэлцээд шийдвэрлэхдээ Монгол Улсын эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчиж, К.Хайролын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Монгол Улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй.

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлд заасан хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох хүмүүсийг байцаалгүй орхигдуулж мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу явуулсан байхад шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа хэтэрхий нэг талыг барьж шүүгдэгч К.Хайролын гэм буруугийн асуудлыг нягтлан шалгалгүй орхигдуулж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна.

Хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгалгүйгээр орхигдуулснаас хохирогчийн биед учирсан гэмтэл хэдийд ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн нь нотлогдоогүй.

Хэрэгт ач холбогдол бүхий мэдүүлэг өгч болох гэрч /Хохирогчийн биеийг анх үзсэн эмч н.Жанбот/-оос мэдүүлэг авалгүй орхигдуулсан, мөн гэрч н.Хумырханы мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгч болох н.Рина гэдэг гэрч гарч ирсэн ба эдгээр гэрчүүдээс мэдүүлэг авалгүй орхигдуулсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 318 дугаар зүйлийн 318.2.1 дэх заалтыг ноцтой зөрчиж байгаа ба хохирогчийн нүдэнд ямар гэмтэл учирсны улмаас хараагүй болох хэмжээнд хүрсэн, эмнэлгийн тусламжийг цаг хугацаа алдалгүйгээр стандартын дагуу үзүүлж чадсан эсэхийг тогтоолгүй орхигдуулсан.

Хохирогч Е.Есилжайыхын биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээч эмч Б.Ариунзулын 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 2048 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээчдийн бүрэлдүүнтэй гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 477 дугаартай дүгнэлтүүд, Шүүх хуралдаанд онлайнаар оролцсон шинжээч эмч Ц.Ганболдын өгсөн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй, дээрх дүгнэлт мэдүүлгүүд хохирогч Е.Есилжайыхын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 134 дугаартай өвчний түүхэнд бичигдсэн үндсэн оноштой зөрүүтэй байгаа нь шүүхийн шинжилгээний албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байна.

Шинжээч эмч Н.Туяа, Ш.Цэцэгмаа, Ц.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 477 дугаартай шинжээчдийн дүгнэлтийн тогтоох хэсгийн 4 дэх заалтад "Шинжээч эмч Б.Ариунзулын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гаргасан дүгнэлтийн гэмтлийн зэрэг болон хөдөлмөрийн чадварын хувьд өөрчлөлт орохгүй" гэжээ. Хохирогч Е.Есилжайыхын шүүх хуралдааны үед гаргаж өгсөн баримтуудад "Хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоосон"-баримт байгаа ба шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон хувьтай тохирохгүй байгаа нь шинжээчдийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлж байна.

Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо нарийн мэргэжлийн эмч оролцуулаагүй, нарийн мэргэжлийн эмчийн тавьсан онош шинжээчдийн дүгнэлтэд бүрэн тусгагдаагүй нь шинжээчдийн дүгнэлт үндэстэй эсэхэд эргэлзээ төрж байна.

Шинжээчдийн гаргасан дүгнэлтүүд, шинжээч эмч Ц.Ганболдын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогчийн биеийг үзэж эмчилж байсан эмч нарын тавьсан онош нь эрс зөрүүтэй байгаа тул хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл болох баруун нүдний хөндийн нэвтэрсэн гэмтэл нь гадны ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болохыг нарийвчлан шалгаж шинжлэх ухааны үүднээс хөдөлбөргүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна.

2. Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа хэргийн газрын үзлэгийг бодит байдалд нийцүүлэн хийгээгүй, хохирогчийн болон шүүгдэгчийн явсан маршрут, цаг хугацааг шалгаж тогтоогоогүй, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоогоогүй.  Хохирогчид учирсан хохирлын хэмжээг тогтоогоогүй.

З.Мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байхад мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Шийтгэх тогтоолд гэрчүүдийн мэдүүлгийг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй, хэн гэдэг гэрчийн мэдүүлгийг үнэлсэн, хэн гэдэг гэрчийн мэдүүлгийг үнэлээгүйгээ бичээгүй нь шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн зарчмыг алдагдуулж байна.

4.Хохирогч Е.Есилжайыхын Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдолд өөрөө газарт унаад гэмтсэн гэж бичигдсэн байдаг ба эмнэлэгт хандах үедээ өөрөө газарт унаж гэмтсэн гэж мэдүүлсэн байдаг. Мөн өөрийн эхнэр Р.Алмагүлийг шөнийн 02 цагийн үед утсаар ярихад "Бид хоёр залуутай зодолдчихоод цагдаа дээр явж 6айна" гэж ярьж байснаас үзэхэд хохирогч шүүгдэгч К.Хайролоор зодуулж гэмтэл авсан гэдэг нь эргэлзээтэй байдаг.

5.Хэргийн гол нотлох баримт гэж үзэж байгаа Цагдаагийн газрын К-27 гэсэн камерын бичлэг нь хуульд зааснаар бэхжүүлж авсан нотлох баримт мөн эсэх нь эргэлзээтэй байна. К-27 камерт бичигдсэн дүрс нь нотлох баримтын шаардлага хангахгүй, хэдийд бичигдсэн нь ойлгомжгүй, 2016 оны 02 дугаар сарын 04-ний шөнийн 02 цаг 26 минутаас 02 цаг 34 минут хүртэл бичигдсэн дүрс гэдэг нь нотлогдохгүй байна.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Ялтан К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Съездийн Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолтой танилцаж үзээд дараах тайлбарыг гаргаж байна.

Өмгөөлөгч Я.Съезд давж заалдаж гаргасан гомдлын үндэслэлийг тайлбарлахдаа:

1. Ялтан   К.Хайрол,   хохирогч   Е.Есилжайых   нарын   явсан   маршрутыг тогтоохын тулд Өлгий  сумын нутаг дэвсгэрийн  8 цэгт байршилтай хяналтын камерын бичлэгийг хэрэгт хавсаргах шаардлагатай гэжээ.

Гэтэл 1-р ХХ-ийн 72 дугаар хуудаст авагдсан нотлох баримт болох 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн "камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл"-ээс үзэхэд К-13, К-14, К-17, К-21, К-33 зэрэг камеруудын 2016 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 18 цагаас 04-ний өдрийн 03 цаг хүртэлх бичлэгүүд бүрэн устсан болох нь нотлогдож байна. Эдгээр бичлэгүүдийг сэргээх боломжгүй болохыг Цагдаагийн газрын холбооны инженер Т.Ардакелди гэрчилсэн байдаг. Гэсэн хэдий ч гэрч С.Күлжаукар, М.Аманжол, Х.Хумырбек, Х.Хосылбек, Ш.Бауыржан болон шүүгдэгч, хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн тайлбар, мэдүүлэг болон тэдний шүүх хуралдааны үед шинэчилж өгсөн мэдүүлгээр дээрх маршрут бүрэн тогтоогдсон юм.

2.Байцаан   шийтгэх   ажиллагааны   үеэр   мөрдөн   байцаагч,   хяналтын прокурор, түүнчлэн дээд шатны прокурорт удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн гэжээ.

Хэргийн материалтай танилцаж үзэхэд мөрдөн байцаагч болон прокуророос байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдын эрхийг ноцтойгоор буюу илтэд зөрчсөн асуудал байхгүй.

3.Шүүгдэгч  К.Хайролын  биед хөнгөн   гэмтэл  учирсан.  Үүнийг хохирогч Е.Есилжайых учруулсан боловч мөрдөн байцаагч болон прокурор хэт нэг талыг барьж Е.Есилжайыхыг хариуцлагад татаагүй гэжээ.

Шүүгдэгч К.Хайролын биед учирсан гэмтлийг Е.Есилжайых яаж зодож үүсгэснийг ямар нотлох баримтаар хэрхэн тогтоосныг шүүгдэгч түүний өмгөөлөгчид нотолж чадаагүй. Түүний биед учирсан гэмтлийг Е.Есилжайых учруулсныг хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй байх тул Е.Есилжайыхт ашигтайгаар шийдвэрлэсэн хяналтын прокурорын "зарим сэжигтэн яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай'! 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 5/26 дугаар тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна.

4. 2-р Хавтаст хэргийн 480-500 дугаар хуудас, 3-р хавтаст хэргийн 501-521 дугаар    хуудаст    авагдсан    40     гаруй     хуудастай     баримтыг    нотариатаар гэрчлүүлээгүй,   эсхүл   тухайн   байгууллагын   архивын   ''хуулбар   үнэн"   тэмдэг дарагдаагүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэжээ.

Гэтэл эдгээр баримт материалуудыг мөрдөн байцаагч хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авахдаа тухайн байгууллагад өөрийн биеэр очиж байгаад бэхжүүлж авсан байдаг. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар эдгээр баримтуудыг заавал нотариатаар гэрчлүүлсэн байхыг шаарддаггүй.

5. Е.Есилжайых "...өөрөө газар унасан..." гэсэн тайлбар,  мэдүүлэг өгсөн байсан гэжээ.

Хохирогч Е.Есилжайых ялтан К.Хайрол нар сайн найзууд юм. Хохирогч Е.Есилжайых ялтан К.Хайролын өшиглөснөөс болж нүдэндээ ноцтой гэмтэл авсан гэдгийг мэдээгүй, хөмсөг орчмын газрын арьс задарсан гэж ойлгосон байдаг. Хохирогч Е.Есилжайых ялтан К.Хайролын төрсөн ах болох К.Хайратыг шүүхийн шинжилгээний албаны эмчээр ажилладаг гэдгийг мэддэг байсан ба оёдол тавиулахаар гэрт нь /бусдад мэдэгдэхгүй эмчлүүлэх зорилгоор/ очсон байдаг. Нэг үгээр хэлбэл найз К.Хайрол /ялтан/-ыг бодсондоо, түүнийг хамгаалах гэсэндээ тэгж хэлсэн байдаг. Нөгөө талаар хохирогч Е.Есилжайыхын дээрх маягаар худал хэлэх болсон шалтгаан нь гэрч С.Кулжаукартай цуг байхдаа болсон үйл явдалтай шууд холбоотой байсан юм. Гэхдээ хохирогч Е.Есилжайых дараа нь болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн болно.

6.  Эд мөрийн баримтаар авагдсан К-27 камерын бичлэг эргэлзээтэй байна гэжээ.

Өлгий сумын гудамжны камерын бичлэгийг хэрэг гарсны маргааш нь буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаагч хөндлөнгийн 2 гэрч оролцуулан цагдаагийн газрын хяналтын камерын нэгдсэн төвийн өрөөнд хуульд заасан үндэслэл журмын дагуу үзлэг хийж тэмдэглэл үйлдэн хуулж хэрэгт хавсаргасан байна. /1 дүгээр ХХ-15, 72 хуудас/ Энэхуү камерын бичлэгт үлдсэн дүрс нь хохирогч Е.Есилжайых, шүүгдэгч К.Хайрол нарын дүрс мөн эсэхэд өмгөөлөгчийн зүгээс эргэлзэхгүй байгаа /шүүгдэгч болон хохирогч нарын өөрсдийн мэдүүлгээр уг үйл явдал болсон гэх газрын байрлал, цаг хугацааны хувьд тохирч байх тул/ тул шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу бэхжүүлж авсан дүрс бичлэгт хэн ямар үйлдэл хийсэн нь тодорхой харагдаж байгаа бол Е.Есилжайыхын нүднээс цус гарч байсан эсэх нь нарийвчлан харагдах боломжгүй байх тул уг үйлдлээр бичлэгийг дурдаж хэлэх шаардлагагүй, тэгж хэлэх нь хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч К.Хайрол нь хохирогч Е.Есилжайыхыг хагас суугаа байхад нь очиж толгой руу нь өшиглөхөд зүүн хойшоогоо савж унаж байгаа, унасны дараа хэд хэдэн удаа хүчтэй дэвсэж байгаа нь хэрэг болсон газарт байрласан К-27 дугаар камерын бичлэгт бүрэн бичигдсэн байна.

7. Хохирогч Е.Есилжайыхын нүдэнд авсан гэмтлийн талаар гарсан шинжээч нарын   дүгнэлт   эргэлзээтэй,   онош   тодорхой   бус  байхад   шинжээчид  дүгнэлт гаргасан гэжээ.

Хохирогч Е.Есилжайыхын биед буюу нүдэнд үүссэн гэмтлийг тогтоосон ШШҮХ-ийн шинжээчийн 2 удаагийн /№2048, №477/ дүгнэлт ямар нэг эргэлзээгүй, зөрүүгүй байна. Анхны дүгнэлтэд "хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ" гэсэн бол дахин шинжилгээнд "гэмтэл нь өшиглөх, цохих үйлчлэлийн аль алинд үүснэ" гэж баталгаажуулсан байна. Энэ 2 дүгнэлтэд ир үзүүртэй зүйлээр үүсэх боломжтой талаар ямар нэгэн нэмэлт бичигдээгүй байх тул хуульчид бид таамгаар "хавдар том байх ёстой, ир үзүүртэй зүйлээр үүссэн нь тодорхой харагдаж байна, батлагдаж байна" гэж хувь хүний бодлоор дүгнэлт гаргаж болохгүй. Чухам иймээс л тусгай мэдлэг шаардлагатай болсон тул эмчийн шинжилгээний дүгнэлт гаргуулсан юм. Өөрөөр хэлбэл ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Ариунзул хохирогч Е.Есилжайыхыг биеэр үзэж дүгнэлт гаргасан бол дахин шинжилгээгээр мөн дээрх эмчийн онош болон 2016.02.06-ны өдөр УГСТЭ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмчийн үзлэгт бичсэн оношийг харгалзаж дүгнэлт гаргасан байдаг.

Эцэст нь хэлэхэд хохирогч Е.Есилжайых эрүүл мэндээрээ хохироод жил гаруй хугацаа болж байна.

Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Монгол Улсын Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл зөв, ялтнуудад оногдуулсан ял тэдгээрийн хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, эрүүгийн 201604000036 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж өгөхийг хүссэн ялтан К.Хайрол, түүний өмгөөлөгч Я.Съездийн гомдол үндэслэлгүй байх тул бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол бүхэлдээ үндэслэлгүй байх тул уг гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч А.Серикжан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглээгүй, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйчлэл зөв, ялтанд оногдуулсан ял тэдгээрийн хувийн байдалтай тохирсон тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Нургайып давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэдгийг дурдан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш бид иргэний журмаар хохирлоо нэхэмжлэхээр болж байгаа. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр бидний хохирлын зарим хэсэг нь хангагдаагүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Уг хэргийг шалгаж шийдвэрлэхдээ нэг талыг барьсан. Давж заалдах гомдолдоо тодорхой бичсэн байгаа. Анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү.” гэв.

                                                 

 ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнийн 02 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байдаг “Береке” дэлгүүр болон “Сыргалы” дэлгүүрийн урд талын гурван замын уулзвар орчим Күлмисханы Хайрол, Есейн Есилжаыйх нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрэлдэж, маргалдан улмаар шүүгдэгч Күлмесханы Хайрол нь Е.Есилжайыхыг зодож биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “1. Шүүгдэгч Шыбарайгыр жүзик овогт Күлмесханы Хайролыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар К.Хайролыг 6 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч К.Хайролд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй  эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар К.Хайролоос 5755153 төгрөгийг гаргуулан хохирогч Е.Есилжайыхт олгож, 24107550 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 6915000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж”    шийдвэрлэж, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болсон байна.

 Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Ялтан К.Хайрол түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн прокурорын газарт буцааж өгнө үү“ гэх гомдлын дагуу хэргийн нөхцөл байдлыг судалбал:

Ялтан К.Хайрол түүний өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгагдсан ба хохирогч Е.Есилжайхын биед учирсан гэмтэл нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2048 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 477 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Е.Есилжайхын 2016 оны 02 дугаар сарын 03-наас 2016 оны 02 дугаар сарын 04-нд шилжих шөнө буюу оройн 19 цагаас өглөөний 04 цаг хүртэл хаана очсон, хэнтэй явж байсан, чухам тэр шөнө юу болсон талаар ялтан болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг, К-27 хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, гэрч Х.Хумырбек, Х.Хосылбек, Ш.Бауыржан нар нь хохирогч Е.Есилжайыхын хамгаалалтын газарт ажилладаг боловч тэд нараас гэрчийн мэдүүлэг авахдаа хууль сануулж мэдүүлэг авсан, гэрч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж байх бөгөөд тэд нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хавтаст хэргийн 480-521-р талд авагдсан баримтуудын эх хувь байхгүй зөвхөн хуулбарууд авагдсан, нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэх боловч уг нотлох баримтуудад мөрдөн байцаагч хуулбар үнэн тамга дарж гарын үсэг зурж, баталгаажуулсан байна.

Хохирогч Е.Есилжайыхад учирсан хохирлыг хавтаст хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтын хүрээнд шийдвэрлэсэн байна гэж үзлээ.

 

Иймд ялтан болон түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Хайрол, өмгөөлөгч Я.Сьезд, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

                        ШҮҮГЧИД                                                       Б.ДАМБА

                                                                                                            Д.КӨБЕШ