Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/00464

 

С.Ачитын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дүгээр шийдвэр,        

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Ачитын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Минж проперти” ХХК-д холбогдох,

Орон сууцны талбайн зөрүү 5 469 500 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн гэрээний үүрэг зөрчсөний улмаас алданги 3 537 105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Тэрбиш, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Минж проперти” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээ байгуулж, 49,47 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг авсан. Гэвч мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэхэд 4,13 м.кв талбай дутуу байсан. “Минж проперти” ХХК-иас зөрүү мөнгөө шаардахад удирдлага байхгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн тодорхой хариу өгөхгүй, өнөөдрийг хүрч байна.Тиймээс “Минж проперти” ХХК-иас 5 369 000 төгрөг, талбай хэмжилтийн үнэ 89 000 төгрөг, нотариатаар баталгаажуулсны үнэ 11 500 төгрөг, нийт 5 469 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:Орон сууцны талбайн зөрүүтэй байдал нь далд доголдол биш, талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээ нь нэрний хувьд захиалгаар барих гэрээ гэсэн боловч гэрээ талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Орон сууцны талбай зөрүүтэй байдал байхгүй. Талбайн хэмжилтийг зөрүүтэй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хууль заасан гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Парк таун хотхоны 49 дүгээр байрны 911 тоот 49,47 м.кв талбай бүхий байрыг худалдан авахаар гэрээ байгуулж, уг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохироё, “Минж проперти” ХХК болон иргэн С.Ачит нарын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 63 тоот гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн болно. Иргэн С.Ачит нь гэрээнд заасан үүргээ зөрчиж 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 63 тоот Орон сууц худалдах-худалдан авах гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг 55 хоног хэтрүүлсэн бөгөөд гэрээний 6.2-т заасан үндэслэлээр алданги тооцох хуулийн үндэслэлтэй тул алданги болох 3 537 103 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Захиалагч нь орон сууцны үлдэгдэл төлбөр болох 70 хувийн төлбөрийг улсын комисс хүлээн авснаас хойш 1 сарын дотор “Минж проперти” ХХК-ийн дансанд төлөх үүрэгтэй. Гэтэл Улсын комисс нь тус 49 дүгээр байрыг 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан акт үйлдсэн байдаг. Энэ нь гэрээний хавсралт 1-д зааснаар үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууц 100 хувь ашиглалтад орсны дараа 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр түлхүүр хүлээн авахаар тохирсон боловч “Минж проперти” ХХК нь хугацаа 12 хоногоор хожимдуулж 05 дугаар сарын 13-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн нь тогтоогддог. Тэгэхээр гэрээний 4.7-д зааснаар 1 сарын дараа буюу 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн С.Ачит үлдэгдэл 70 хувийг төлөх үүрэг гүйцэтгэх хугацаа дуусдаг. Гэрээний 3.7-д ...төлбөр төлөх хугацааг 15 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд ...захиалагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй” гэж үзэж гэрээг дангаар цуцлах эрхтэй. Энэ нь захиалагчид олгосон боломжит хугацаа буюу 6 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 15 хоног гэж үзэхэд 6 дугаар сарын 28-ны өдрийн дотор үлдэгдэл 70 хувийг төлөх тул хугацаандаа буюу 6 дугаар сарын 24-ний өдөр төлсөн нь баримтаар тогтоогддог.Иймд алданги 3 537 105 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3, 353 дугаар зүйлийн 353.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Минж проперти” ХХК-иас нийт 5 469 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ачитад олгож, хариуцагч “Минж проперти” ХХК-ийн нэхэмжлэгч С.Ачитад холбогдуулан гаргасан 3 537 105 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Ачитаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 500 төгрөг, хариуцагч “Минж проперти” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71 544 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Минж проперти” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 102 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1371 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254.6, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Ачитаас хариуцагч “Минж проперти” ХХК-д холбогдуулан 5 469 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Минж проперти” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан “Минж проперти” ХХК улсын тэмдэгтийн хураамжид 102 462 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос гаргаж, буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 16 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна....Ажил гүйцэтгэх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 434.1, 343.2, 343.3-т заасан бөгөөд С.Ачит нь “Минж проперти” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж байсан бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр буюу орон сууц захиалгаар бариулах гэрээ хийснээс хойш 6 сарын дараа гарсан мөн С.Ачитын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ 2014 оны 6 дугаар сард гарсан. Ажил гүйцэтгэх гэрээ нь бэлэн болоогүй байгаа зүйлийг бий болгохын тулд байгуулагддаг гэрээ тул С.Ачит “Минж проперти” ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бүрэн агуулж байгаа юм.Худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”Иймд нэгэнт бий болсон орон сууцыг санал болгох, нөгөө тал нь тохирсон үнийг төлөх тохиролцоо нь худалдах-худалдан авах гэрээний төрөлд хамаарахаар байна. Гэтэл давж заалдах шатны шүүх худалдах худалдан авах гэрээ гэж үзэн Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь заалтуудыг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн 16 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Ачит нь хариуцагч “Минж проперти” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн үнийн зөрүү гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүйгээс гадна төлбөр төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүйгийн төлөө алданги гаргуулахаар нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх зохигчдын хоорондох эрх зүйн маргаан худалдах-худалдан авах гэрээний харилцаанаас үүссэн гэж үзжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны зүйл болж буй орон сууцны зориулалт бүхий барилга баригдаж эхэлсэн, ашиглалтад орсон хугацааг зохигчдын хооронд гэрээ байгуулагдсан үетэй харьцуулан судлаж, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна. Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг байна. Харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

Зохигчдын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээ нь “Орон сууц захиалгаар барих” нэртэй боловч гол нөхцөл болон үндсэн шинжээрээ худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээний зүйлийн доголдлын талаар худалдан авагч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т заасан шаардлага гаргах эрхтэй боловч тухайн доголдлыг мэдсэн буюу мэдэх боломжтой байхад эд хөрөнгийг хүлээн авсан бол  ийнхүү шаардлага гаргах эрхээ алдах тухай Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.-д заасан зохицуулалтыг зохигчдын хоорондох маргаанд давж заалдах шатны шүүх зөв тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба  хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН