Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 212/МА2023/00008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

            Х.Р-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Жархынгүл даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00837 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч ***** оршин суух Х.Р-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбар /*****/-т холбогдох,

“Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ержан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А /цахим сүлжээгээр/, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1.Нэхэмжлэгч Хайролын Р- нь Х банканд 2007 оноос эхлэн теллер, вип теллер, эдийн засагч, харилцааны менежерээр ажиллаж байгаад Х банкны Баян-Өлгий салбарын захирал Л.Ө-ын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 дугаар тушаалаар ажлаас халагдсан. Ийм байдлаар ажилтныг үндэслэлгүй ажлаас халж байгаа нь өнгөрсөн хугацаанд нэхэмжлэгч Х.Р-д ажил олгогчоос сахилгын шийтгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгуулсантай холбоотой гэж үзэж байна. Түүнийг ажлаас халах тушаалын үндэслэлд хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж байгаа боловч тухайн зөрчил хэмээн ажилтныг буруутгаж байгаа ажлууд нь өмнөх оны үйл явдлууд байсан ба хуульд заасан сахилгын хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байсан.

1.2. Сахилгын шийтгэл ногдуулах талаар мэдэгдэж, тайлбар авах хуудсанд бичсэн “Ажлын байрны давуу байдлыг ашиглан харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан” гэх нь үндэслэлгүй гүтгэлэг. Би ямар нэгэн харилцагчийн дансны мэдээллийг зөвшөөрөлгүйгээр лавлаагүй, мөнгө зээлэх хүсэлт гаргаагүй, харилцагчаас 65 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн гэх нь мөн ор үндэсгүй зүйл. Нөхөр болох Х.Е-нь бид хоёрын дундын дансанд орлогоо хийснийг харилцагчаас мөнгө зээлдэж санхүүгийн харилцаа үүсгэсэн хэмээн үндэслэлгүй буруутгаж байна. 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр өр, орлогын харьцаа хангагдахгүй зээлдэгч “Т” ХХК-д 300,0 сая төгрөгийн, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлдэгч Ш.Б-т 100,0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө, АБДЗээлийг олгосон гэж буруутгасан нь мөн үндэслэлгүй. Зээл олгох асуудлыг харилцааны менежер шийдвэрлэхгүй бөгөөд зээлийн хороо хуралдаж хамтын шийдвэр гаргаж олгох журамтай. 280,0 сая төгрөгийн амины сууц барих зээлийг зориулалтын бусаар ашигласан хэмээн бичсэн болохоос тухайн зээл нь зориулалтын дагуу ашиглагдсан. Иргэн өмнөх зээл дээр нэмж 100,0 сая төгрөгийн зээл авсны дараа санхүүгийн боломжийг судлан үзэж, зээлийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлж 48,2 сая төгрөгийн зээлээ буцаад төлсөн нь тухайн зээлдэгчийн эрхийн асуудал. Үүнийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэхгүй.

1.3. 149 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл судалж олгохдоо журам шаардлагыг биелүүлээгүй буюу зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй хэмээн буруутгасан нь үндэслэлгүй. Иргэн Х.Х-нь 100,0 сая төгрөгийг үйлчилгээний зориулалттай байр барихаар зээл авч барилгыг нь барьж дуусаагүй, гэрчилгээ аваагүй тул барьцаанд тавигдах боломжгүй байсан, Т.Х- нь том оврын тээврийн хэрэгслийг 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гадаадад тээвэрт явах зориулалтаар зээл гаргуулан худалдан авсан. Түүний тээврийн хэрэгслийг барьцаалан авч, банкны нэр дээр буулгах тохиолдолд тухайн зээлдэгч хил нэвтэрч чадахгүйд хүрнэ. Хэрэв хил гадаадад тээвэрт явдаг түүний тээврийн хэрэгслийг барьцаалбал зээлээ зориулалтаар нь ашиглах боломжгүйд хүрэх тул барьцаалах боломжгүй байсан.

1.4. Нэхэмжлэгч Х.Р-г ажлаас халсан тушаалд заасан зөрчлүүдийг гаргасан, дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээг аваагүй хэмээн буруутгаж байгаа боловч харилцааны менежерийн судалсан зээлийг олгохын өмнө хяналтын мэргэжилтэн, тооцооны төв хариуцсан менежер нь хяналт тавьж, тухайн зээлийг олгох эсэхийг шийдвэрлэх журамтай. Гэтэл Х банкны хяналт тавих эрх бүхий ажилтнууд ажил үүргийн хуваарилалтыг зөв хийж чадаагүйгээс болж гарсан эрсдэлийг дан ганц харилцааны менежер болох нэхэмжлэгч Х.Р- хариуцах ёсгүй.

1.5. Ажил олгогч нэхэмжлэгчийг зээлдэгч “Т” ХХК-нд олгосон зээлтэй холбоотой буруутгаж байгаа боловч хамтын шийдвэрээр олгосон зээлийн хувьд зөвхөн харилцааны менежер Х.Р-г буруутгаж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Нэхэмжлэлийн үндэслэлийн талаар бичгээр дэлгэрэнгүй тайлбарласан ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж байгаа. Иймд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Л.Ө-ын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Х.Р-г урьд эрхэлж байсан харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож өгнө үү.

 

2. Хариуцагч Х банкны Баян-Өлгий салбарын захирал Л.Ө-ын тайлбар, татгалзал:

2.1. Х банкны зүгээс салбар нэгжүүддээ дотоод аудитын шалгалтыг тогтмол хийдэг ба аудитыг Монгол улсын Банкны тухай хууль, Х банкнаас баталсан тушаал, заавар, дүрэм журмууд болон Дотоод аудитын Цогц бодлого, Х банкны Ерөнхий аудиторын баталсан хөтөлбөрийн хүрээнд хийж гүйцэтгэдэг.

2.2. Х.Р- нь ажлын байрны давуу байдлыг ашиглан Банкс программын эрхээр харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан, ажил хэргийн хүрээнд харилцагчтай тогтоосон харилцаа, банкны ажилтанд итгэх итгэлийг ашиглаж өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчаас 65.0 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн, мөн харилцагчид давуу байдал үзүүлж өр, орлогын харьцаа хангагдахгүй 2 зээлдэгчид 400.0 сая төгрөгийг эргэлтийн хөрөнгө, АБДЗ /ажлын байр дэмжих зээл/-ийг олгосон.

2.3. Зээлийн судалгааг хангалтгүй хийж гүйцэтгэснээс 4 зээлдэгчид олгосон нийт 280.0 сая төгрөгийн амины сууц барих зээл нь зориулалтын бус ашиглагдсан. Зээлийн судалгаа хангалтгүй хийж гүйцэтгэснээс 1 зээлдэгчид олгосон 100.0 сая төгрөгийн амины орон сууц барих зээлийн санхүүжилтээс 48.2 сая төгрөгийг зээлдэгч өмнөх зээлээ хаахад зарцуулж мөн адил зориулалтын бус ашиглагдсан.

2.4. Хоёр зээлдэгчид 149,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл судалж олгохдоо журам шаардлагыг биелүүлээгүй буюу зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй зэрэг гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн дотоод журам болон бусад холбогдох хууль, журмыг зөрчсөн нь Аудитын шалгалтаар илэрсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй тул Х.Р-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3.Хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.А нарын хариу тайлбар, татгалзал:

3.1.Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Хайролын Р- нь ажил гүйцэтгэхдээ дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчиж, ажил олгогчийн итгэлийг алдаж судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж, бага хүүтэй эх үүсвэрийг бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгааг хангалтгүй хийсэн, зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон. Дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээг аваагүй үйлдэл гаргаж ажил үүрэгтээ мөрдөж ажиллах банкны дотоод хэм хэмжээг зөрчиж, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ зөрчиж гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

3.2.Зээлдэгч Ш.Б-тэй холбоотой зөрчлийн талаар: Зээлдэгч Ш.Б-т 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 100 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг харилцааны менежер Х.Р- судлан Салбарын зээлийн хороогоор шийдвэрлүүлж олгосон байна. Зээлдэгчийн санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлого буюу холбоотой этгээдүүдийн хоорондын тооцоо, машины үнэ, махны үнэ, тоосгоны үнэ гэх мэт 105.7 сая төгрөгийн орлогыг оруулсан байна. Журмын дагуу санхүүгийн тооцоололд борлуулалтын бодит орлогыг оруулан тооцдог. Ийнхүү өр орлогын харьцааг тооцож энэ нь 70 хувь ба түүнээс доош байх тохиолдолд зээл олгох үндсэн шалгуураа хангах ёстой. Тухайн зээлийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 50 сая төгрөгийн Ажлын байр дэмжих 3 хувийн хөнгөлөлттэй зээл олгох байдлаар харилцааны менежер Х.Р- судлан дахин санхүүжүүлсэн байна. Зээлдэгчид зээл олгохын тулд түүний санхүүгийн чадварыг зөвөөр тодорхойлох ёстой байдаг. Үүний чухал үзүүлэлт нь зээлдэгчийн өнгөрсөн хугацааны өр орлогын харьцааг журмын дагуу зөвөөр тооцох ёстой. Ингэснээр зээл олгох хамгийн гол үндсэн шалгуур хангагдах юм. Гэтэл аудит хийх үед санхүүгийн бодит тооцооллыг хийж үзэхэд өр, орлогын харьцаа 494 хувь гарсан ба зээл олгох шалгуур хангахгүй байна. Энэхүү зээлдэгч Ш.Б-тэй холбоотой зөрчил нь хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр баримтжуулсан Зээл олгох үеийн өр орлогын харьцааг тооцоолсон баримт, санхүүгийн бус орлогыг оруулан тооцсон байгааг харуулсан хяналтын мэргэжилтэн М.И-ийн тайлбар бүхий зээлдэгч Ш.Б-ийн өр тооцоход ашигласан дансны 2019 оны 5 дугаар сарын 09-өөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хоорондох хуулга, Аудит хийх үеийн байдлаар дахин тооцоолол хийсэн аудитор Б.М-ийн хийсэн баримт, анхнаасаа тооцооллоо буруу бодож зээл олгосноос зээл төлөгдөх чадваргүй болж дахин санхүүжилт авсан боловч аудит хийх үеийн байдлаар зээлээ төлөх боломжгүй болж хугацаа хэтэрч банканд эрсдэл үүсгэснийг харуулсан зээлдэгч Ш.Б-ийн зээлийн хугацаа хэтрэлтийн талаарх мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.3. Зээлдэгч “Т” ХХК-тай холбоотой зөрчлийн талаар: Зээлдэгч “Т” ХХК-нд 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн хүүтэй 300 сая төгрөгийн Ажлын байрыг дэмжих зээлийг харилцааны менежер Х.Р- судалж Салбар зээлийн хорооны шийдвэрээр олгосон байна. “Т” ХХК-ийн 100 хувь эзэмшигч А.Н Баян-Өлгий аймагт М худалдааны төвд ноос ноолууран хувцасны худалдаа эрхэлдэг бизнестэй бөгөөд эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээл авсан байна. Зээлдэгчийн дансаар дамжсан борлуулалтын орлогыг цэвэршүүлж дахин тооцоолол хийхэд өр орлогын харьцаа хангагдаагүй. Аудит хийх өдрийн байдлаар 210.9 сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Аудит хийх үеийн байдлаар тооцооллыг тооцооны төв хариуцсан менежер А.Р-, хяналтын мэргэжилтэн М.И- нараар дахин хийлгэхэд 165 сая төгрөгийн зээл судлуулах боломжтой байсан. Гэтэл харилцааны менежер Х.Р-гийн судалснаар энэхүү хуулийн этгээдэд 300 сая төгрөгийн зээл олгосон. Ажлын байрыг дэмжих 3 хувийн зээл нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бизнесийг дэмжих зорилгоор тодорхой шаардлага хангасан тохиолдолд олгогдох ёстой хязгаарлагдмал эх үүсвэртэй зээл юм. Иймд энэхүү зээлийг хэн нэгэнд ашигтай байдлаар шийдүүлэх биш бодит судалгаа шинжилгээнд үндэслэн шаардлага хангасан зээлдэгчид нь олгох ёстой дүнгээр олгох ёстой. Гэтэл өр орлогын харьцаагаар 165 сая төгрөг авах боломжтой байхад бусад зээлдэгчийн боломжийг хааж 300 сая төгрөгийн зээл судлуулж зээлийн хороонд бодит бус өгч шийдвэрлүүлж зөрчил гаргасан. Энэ нь хариуцагчийн хүсэлтээр шүүхийн журмаар хийгдсэн үзлэгийг тэмдэглэлээр баталгаажсан зээл олгох үеийн өр орлогын харьцааг тооцоолсон баримт, аудит хийх үеийн байдлаар тооцооны төв хариуцсан менежер А.Р-, хяналтын мэргэжилтэн М.И- нарын хийсэн дахин тооцоолол, дахин тооцоолол хийсэн А.Р-, М.И- нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, “Т” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан харилцагчтай уулзалт хийхээр ажилласан боловч ноос ноолууран бүтээгдэхүүн худалдаа эрхлэлт зогссон байсныг харуулсан гэрэл зураг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.4. Зээлдэгч Б.М-эд олгосон зээлтэй зөрчлийн талаар: Б.М-эд 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр жилийн 15.6 хувийн хувьсах хүүтэй 100 сая төгрөгийн амины сууц барих зээлийг харилцааны менежер Х.Р- судалж Салбар зээлийн хорооны шийдвэрээр зээлдэгч Б.М- өөрийн эзэмшлийн газар дээрээ 180 сая төгрөгийн амины орон сууц, үйлчилгээний зориулалттай барилга барихаар 50 хувийг санхүүжилтээр барьсан бөгөөд үлдэх хувийг банкны санхүүжилтээр хийхээр зээл авсан байна. Зээлийн хорооны шаардлагын дагуу 48.2 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгогдохоос өмнө хаах эх үүсвэрийг зээлдэгч өөрийн дансанд байршуулсан тухай зээлийн саналд тусгасан байна. Гэсэн хэдий ч бизнесийн зээлийг хаах эх үүсвэрийг бусдаас зээлж, зээл гарсны дараа буцаан өгсөн нь дансны хуулгаар баталгаажиж байна. Амины орон сууц барих 100 сая төгрөгийн зээлийг зориулалтын дагуу буюу амины орон сууцаа барихад зарцуулах ёстой. Гэтэл зээлээ аваад өмнөх зээлээ хаахад бусдаас зээлсэн өрөө төлж зээлийг зориулалт бусаар ашигласан. Амины орон бууц барихаар авсан зээлээсээ өрөө төлсөн. Эргэлтийн хөрөнгийн зээл хаах эх үүсвэрийг зээлдэгч өөрийн дансанд байршуулсан гэдэг талаар харилцааны менежер Х.Р- зээлийн саналд тусгасан байна. Ингэхдээ тус эх үүсвэр нь өөрийн хөрөнгө үү, бусдаас зээлж байршуулсан уу гэдгийг шалгаж тогтоох, хянах ёстой байсан. Гэтэл судалгаагаа дутуу хийсэн, ажилдаа хариуцлагагүй хандсан, зээлийг зориулалт бусаар ашиглагдах нөхцөлийг бүрдүүлсэн, зээлийн хороог дутуу мэдээллээр хангасан. Энэхүү зөрчлөө арилгаагүй, зээл олгосны дараах хяналтаа зохих ёсоор хийгээгүй, аудит хийх өдрийн байдлаар энэхүү зөрчил хэвээр үргэлжилж байсан. Энэ нь харилцааны менежер Х.Р- Зээлийн хороонд Б.М-эд зээл олгуулахаар программд зээлийн санал оруулахдаа өөрийн эх үүсвэрээс өмнөх зээлээ Ха, 100 сая төгрөгийн бизнесийн зээл авна гэх байдлаар оруулсан санал, зээлийн хорооны Бизнесийн болон цалингийн зээлээ хаасны дараа олгох, зээлийн зориулалтыг хянах талаар дурдсан шийдвэр, Б.М-ийн дансны 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

3.5. Барьцааны гэрээтэй холбоотой: Харилцааны менежер Х.Р- нь 2 зээлдэгчид 149 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл судалж олгохдоо журам шаардлагыг биелүүлээгүй буюу зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй. Х.Х-д 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдөр жилийн 15.6 хувийн хүүтэй 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг харилцааны менежер Х.Р- судалж олгосон байна. Аудит хийх үеийн байдлаар зээлийг зориулалтын дагуу ашиглагдаагүй буюу үйлчилгээний зориулалттай барилга баригдаж дуусаагүй байна. Зээлийн хөрөнгөөр бий болсон хөрөнгийг барьцаалуулаагүй, тухайн зээлд барьцаалсан өөр хөрөнгө хэвээрээ ба барьцааны гэрээ байгуулаагүй байна. Энэхүү зээлийг олгосны дараах хяналтыг зохих ёсоор хийгээгүй, аудит хийх үеийн байдлаар зээлийн үйлчилгээний барилгаа барьж дуусаагүй, анх зээл авах үеийн байдал хэвээр байхад хариуцсан харилцааны менежерийн хувьд зохих хяналтыг тавиагүй, зээлийг зориулалтын дагуу ашиглахад хяналт тавиагүй, үйлчилгээний зориулалттай барилгыг барьцаалаагүй, зээлийн зөрчил үүссэн байхад зөрчлийг арилгах талаар арга хэмжээ авч ажиллаагүй байна. Энэ нь 2021 оны 5 дугаар сарын 13-ны барьцааны гэрээгээр нотлогдоно. Зээлдэгч Т.Х-д 2020 оны 12 дугаар 18-ны өдөр жилийн 19.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай 49 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг Х.Р- судалж олгосон. Зээлийн санхүүжилтээр том оврын тээврийн хэрэгсэл худалдан авсан боловч тээврийн хэрэгслийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байна. Тус зээл хүчин төгөлдөр бус барьцааны гэрээтэй байхад хяналтыг зохих ёсоор хийж зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй, эрсдэлтэй зээл олгосон зөрчил аудит хийх үеийн байдлаар хэвээр байсан. Энэ зөрчил нь 2020 оны 12 сарын 17-ны өдрийн барьцааны гэрээгээр нотлогдож байна.

3.6.Харилцааны менежер Х.Р- дараах хэм хэмжээнүүдийг зөрчиж зөрчил гаргасан:

3.6.1. Х банкны 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4-т Хөдөлмөрийн гэрээ, Контракт, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор, бүрэн, хангалттай түвшинд, ажлын цагийг ажилдаа бүрэн ашиглан, хичээл зүтгэлтэйгээр, шударгаар гүйцэтгэх, Банкны дотоодод мөрдөж буй эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөх гэж, 4.4.3-т Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан. хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах гэж, 4.4.15-т зээлийн бодлого журам зөрчин барьцаа хөрөнгөгүйгээр, зээл олгох, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, буруу, зориулалт бус ашиглахаар байхад зээл судалж зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, зээл олгох гэж, 4.4.17-т Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээл эрсдэх нөхцөлийг бүрд зээлийн гэрээ, барьцааны гэрээг зохих ёсоор хийгээгүй байх, үүнээс болж Банканд эрсдэл үүсгэсэн эсхүл хохирол учруулах, зээл олгосны дараах хяналт тавих үүргийг хэрэгжүүлээгүй, зээл зориулалт бусаар ашиглагдсан, олгогдсон зээлийн хув бүрдүүлбэр дутуу, хуурамч, бодит байдалд нийцээгүй зэрэг зөрчлийг арилгах, аваагүй гэж, 4.4.18-д Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, үнэн байдлаас зөрүүтэй, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах гэж, 4.4.21-т Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө, зөвлөмж нь хууль тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа, гээг хийсвэрээр хийх, ажил үүргээ гүйцэтгэхдээ хараат бус байдлаар ажиллахгүй байх гэж тус тус заасныг зөрчсөн.

3.6.2. 2022 оны Х банкны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.6-д Хөдөлмөрийн гэрээ, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор, бүрэн, хангалттай түвшинд, ажлын цагийг ажилдаа бүрэн ашиглан, хичээл зүтгэлтэйгээр, шударгаар гүйцэтгэх, Банкны дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх гэж, 4.2.17-д Банкны дотоодод мөрдөж байгаа ажил үүрэгтэйгээ шууд хамааралтай болон заавал танилцах ёстой ажил олгогчийн баталж мөрдүүлж байгаа аливаа дүрэм журам, эрх зүйн акт зэрэг дотоод хэм хэмжээтэй танилцах, нэмэлт өөрчлөлт орсон шинэчлэгдсэн, хүчингүй болсон зэрэг тохиолдолд энэ тухай мэдээлэлтэй тухай бүр танилцах, дагаж мөрдөх гэж, 4.4.4-д Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан (шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт үүгээр хязгаарлагдахгүй) аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж, 4.4.16-д Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ Зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хууран мэхлэх, үнэн байдлаас зөрүүтэй, худал, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах гэж, 4.4.19-д Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө зөвлөмж нь хууль тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа шинжилгээг хийсвэрээр хийх, ажил үүргээ гүйцэтгэхдээ хараат бус байдлаар ажиллахгүй байх, бусдын аливаа нөлөөнд автах гэж тус тус заасныг зөрчсөн.

3.6.3. Ёс зүйн дүрмийн 5.1.1-т Хууль тогтоомжийг дээдлэх зарчмын дагуу ажилтан нь өөрийн ажил үүргээ гүйцэтгэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн холбогдох байгууллагаас гаргасан бодлого, журам, дүрэм, заавар, гэрээг зээлийн агуулга, зорилгод нийцүүлэн ажиллах бөгөөд аливаа шударга бус, илтэй, ёс суртахуунгүй үйлдлээс татгалзана гэж, 5.2.1-т Үүрэгт ажлаа зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмын дагуу ажилтан нь Монгол Улсын хууль тогтоомж тэдгээрт нийцүүлэн гаргасан Банкны эрх зүйн акт, Хөдөлмөрийн гэрээ, Контрактаар хүлээсэн ажил үүргээ өөрийн мэдлэг, ур чадвараа дайчлан мэргэжлийн өндөр түвшинд, үнэнч шударгаар биелүүлж ажиллана гэж, 5.9.1-т -Харилцагчдад Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар гагцхүү үнэн зөв, бодит мэдээллийг өгөх үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн байна.

3.6.4.Зээлийн бодлогын 2.1.9-д Зээлийн үйл ажиллагаанд оролцож буй гүйцэтгэх удирдлага, зээлийн хорооны гишүүд, нарийн бичиг, зээлийн ажилтан, дэмжих ажилтнууд нь энэхүү бодлого, зээлийн үйл ажиллагааны журам, бүтээгдэхүүний журам болон тэдгээртэй холбоотой бусад баримт бичгүүдийг мөрдөж ажиллана гэж, 2.2.5.1-д Монгол Улсын хууль, зохицуулагч байгууллагын эрх зүйн актууд, банкны зээлийн бодлого, журам, заавар, шийдвэр, тушаал, санамж бичгийг дагаж мөрдөх, тэдгээрийг зөрчих байдлаар банканд болон бусдад хохирол учруулахгүй байх, 2.2.5.6-д Албан тушаалын давуу байдал, олгогдсон эрхийг ашиглах, урвуулан ашиглах замаар өөрт болон бусад этгээдэд материаллаг, материаллаг бус давуу байдал бий болгохгүй байх, 2.2.5.10-д Гүйцэтгэж буй ажил үүргээ санаатай болон санамсаргүйгээр буруу, дутуу хийхгүй байх, 2.2.5.11-т Алдаа зөрчил гаргахгүй байх, гаргасан тохиолдолд нуун дарагдуулахгүй байх, шууд удирдлагад даруй мэдэгдэж холбогдох арга хэмжээг авч ажиллах, алдаа зөрчлийг арилгах, учирсан хохирлыг барагдуулах бөгөөд холбогдох нотлох баримтуудыг хувийн хэрэгт хавсаргах үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн.

3.6.5.Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4-т Зээлийн ажилтан нь зээл хүсэгчийн эрэлт хэрэгцээ, бизнесийн болон санхүүгийн байдлыг энэхүү журмыг чиглэлээ болгон судлах бөгөөд дараах зарчмыг баримтлан зээл судлах, олгох, төлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд: 2.4.1-т Зээлийн ажилтан болон Зээлийн хөрөнгийн нөхцөл байдлын талаар хангалттай мэдээлэл цуглуулж, шаардлагатай тохиолдолд тухайн хэрэгжүүлэх төслийн бизнес төлөвлөгөөг судлан зээл эргэн төлөгдөх нь найдвартай гэдэгт итгэлтэй байх, 2.4.2-т Зээл хүсэгчийн бизнесийн болон санхүүгийн чадвар, зээл төлөх боломжийг бодитой тодорхойлохын тулд бэлэн мөнгөний урсгалыг судлан шинжилж, зээлийн эргэн төлөлтийн урсгалтай нь уялдуулан хийх, 2.4.3-т зээл олгосноос төлөгдөж дуусах хүртэлх бүхий л үйл ажиллагааг зээлийн ажилтан, эсхүл хяналт тавих эрх бүхий ажилтан, тэдгээрийн шууд удирдлага хариуцах ба олгосон зээлийн ашиглалт, зээл төлөх орлогод хяналт тавих замаар зээлийг цаг хугацаанд нь төлүүлэх,5.1.3-т “Шинээр бий болох хөрөнгийг нэмж барьцаалж болох бөгөөд дараах байдлаар барьцаа хөрөнгийн ЭТХувь тооцож, харьцаа хангуулна.” Үүнд: 5.1.3.1-т “Зээлийн олголт хийхээс өмнө шинээр бий болох хөрөнгийг барьцаалах бол холбогдох журмын дагуу ЭТХувь тооцож, харьцаануудыг хангуулна” гэж, 5.1.3.2-т “Зээл олгосны дараа шинээр бий болох хөрөнгийг барьцаалах бол ЭТХувийг 0 хувиар тооцно” гэж, 9.4.1-т “Хэрэглээний зээлийн хувьд татварын байгууллагаас баталгаажуулсан орлого нотлох баримт эсхүл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банкны дансаар дамжуулан үйл ажиллагааны орлого олсныг нотлох баримтад үндэслэн холбогдох татвар болон шимтгэлийг хассан цэвэр мөнгөн орлогоор тооцно” гэж, 9.4.3-т “Хэрэглээний зээлээс бусад зээлийн хувьд сүүлийн 6-12 сарын хугацааны баримтаар баталгаажсан орлогыг судалгаанд ашиглах ба сарын орлого нь сүүлийн 6-12 сарын орлогын дунджаар тооцоолсон дүн байна” гэж, 9.4.4-т “Орлогыг тодорхойлохдоо аудит, татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан, шаардлагатай тохиолдолд дотоод тайлан, орлого зарлага, үр ашгийн тооцоогоо хөтөлсөн гар тэмдэглэл/баримт, бараа бүтээгдэхүүн, түүхий эд материалын үлдэгдлийн жагсаалт, авлага өглөгийн баримт, дансны хуулга, кассын тайлан гэх мэт баримтад үндэслэн сүүлийн 6-36 сарын хугацааны орлого, үр ашгийг тогтоож, зээл төлөх чадварыг тодорхойлно” гэж, 9.8.1-т “Зээл хүсэгчийн зээлээ эргүүлэн төлөх чадварыг илэрхийлж буй зээлийн судалгааны гол үзүүлэлт нь өр, орлогын харьцаа байна” гэж, 9.8.2.1-т “Өр, орлогын харьцаа нь Зээлийн бүтээгдэхүүний журам, Зээлийн бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий нөхцөлд заасан шаардлагыг хангасан тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн судална, Зээлийн бүтээгдэхүүний ерөнхий нөхцөлд 70 хувь байна” гэж тус тус заасныг зөрчсөн.

3.6.6.Бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журмын 5.2.9-т “Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд уг зээлийн санхүүжилтээр бий болсон, бий болох хөрөнгийг нэмж барьцаална” гэж, 11.3-т “Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд зээл олгосноос хойш 3 сар дотор багтаан явцын хяналтыг хийх ба зээлийн зориулалт бүрэн хангагдах хүртэл газар дээрх хяналтыг үргэлжлүүлэн хийж, баталгаажуулан ажиллана гэж тус тус заасныг зөрчсөн.

3.6.7.Ажлын байрны тодорхойлолтын 2.1-т “Монгол Улсын хууль тогтоомж, Х Банкны бодлого, журам, тушаал эрх зүйн актыг ажил үүрэгтээ хэрэгжүүлэн ажиллах, хэрэгжилтэд хяналт тавих гэж, 2.2-д Х Банкны зээлийн бодлого, үйл ажиллагааны журам, бусад холбогдох журмыг чанд мөрдөн ажиллах” гэж заасныг тус тус зөрчсөн.

3.6.8.Ажилтантай байгуулсан 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.9-т “Х Банкны ёс зүйн дүрэм, Х Банкны Хөдөлмөрийн дотоод журам болон банкны бусад эрх зүйн хэм хэмжээг ажил үүргээ гүйцэтгэх болон банкийг төлөөлөн мөрдөх, эдгээр эрх зүйн актад ажилтанд үүрэг болгосон, хориглосон зүйл заалтыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчиж 5.7.3-т “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан буюу шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, банкны өмч хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бусдын бизнесийг дэмжсэн гэх мэт аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан эсхүл гэмт хэргийн шинж чанартай үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж, 5.7.15-т “Зээлийн бодлого журам зөрчин зээлийн гэрээ байгуулалгүйгээр, барьцаа хөрөнгөгүйгээр, батлан даагчгүйгээр зээл олгох, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, буруу, зориулалт бус ашиглахаар байхад зээл судалж зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх” гэж, 5.7.17-д “Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээл эрсдэх нөхцөлийг бүрдүүлэх, зээлийн гэрээ, барьцааны гэрээг зохих ёсоор хийгээгүй байх, үүнээс болж Банканд эрсдэл үүсгэсэн эсхүл хохирол учруулах, зээл олгосны дараах хяналт тавих үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зээл зориулалт бусаар ашиглагдсан, олгогдсон зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, хуурамч, бодит байдалд нийцээгүй зэрэг зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй” гэж, 3.7.18-д “Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хууран мэхлэх, үнэн байдлаас зөрүүтэй, худал, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах” гэж, 5.7.21-т “Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө, зөвлөмж нь хууль, тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа, шинжилгээг хийсвэрээр хийх” гэж тус тус заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.

3.6.9. 2022 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.12-т “Х Банкны ёс зүйн дүрэм, "Х Банкны Хөдөлмөрийн дотоод журам болон банкны бусад дотоод хэм хэмжээг ажил үүргээ гүйцэтгэх болон банкийг төлөөлөн ажиллахдаа мөрдөх, эдгээр хэм хэмжээнд заасан үүргийг биелүүлэх, хориглосон зүйл заалтыг зөрчихгүй байх” гэж заасныг зөрчиж 5.7.4-т “Ажил олгогчоос хүлээлгэсэн итгэл, хангамж, эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, Ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан буюу шан харамж авсан, хувьдаа үйлчилгээ хийлгэсэн, хөрөнгийг хувьдаа завшсан, хэрэглэсэн буюу бусдад зориуд завшуулсан, хэрэглүүлсэн, банкны өмч хөрөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан, хувийн сонирхлоор бизнесийг дэмжсэн гэх мэт аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэж, 5.7.20-д “Зээлийн хүү, шимтгэл, нөхцөлийг дур мэдэн өөрчлөх, харилцагчийг ашиглан хувьдаа авах, зээл олгох, хувийн өр авлагаа барагдуулах зорилгоор зээл олгох, зээл чөлөөлөх, аа болон бусад этгээдээс хүүтэй мөнгө зээлэх байдлаар зээл чөлөөлөх, зээл олгохоор зуулах, зээлийн бодлого журам зөрчин зээлийн гэрээ байгуулалгүйгээр, барьцаа хөрөнгөгүйгээр, батлан даагчгүйгээр зээл олгох, зээлийн хувийн хэргийн бүрдэл дутуу, буруу, зориулалт бус ашиглахаар байхад зээл судалж зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлэх, зээл олгох, зээл олгуулахаар шаардах, нөлөөлөх, эрхийн хэмжээг хэтрүүлэн зээл олгох, гэр бүл, төрөл садан, ашиг сонирхлын зөрчилтэй, нэгдмэл сонирхолтой этгээдийн зээлийг судлах, шийдвэр гаргах, шийдвэр гаргалтад оролцох” гэж, 5.7.22-т “Зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй хийх, зээл эрсдэх нөхцөлийг бүрдүүлэх, зээлийн гэрээ, барьцааны гэрээг зохих ёсоор хийгээгүй байх, үүнээс болж Банканд эрсдэл үүсгэсэн эсхүл хохирол учруулах, зээл олгосны дараах хяналт тавих үүргийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, зээл зориулалт бусаар ашиглагдсан, олгогдсон зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, хуурамч, бодит байдалд нийцээгүй зэрэг зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй” гэж, 5.7.23-т “Дээд шатны хороо, удирдах ажилтнаар батлуулахаар шийдвэрлүүлэхээр хүргүүлж байгаа асуудал, холбогдох материалын үнэн бодит байдлыг хариуцах ажилтан энэ үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, хууран мэхлэх, үнэн байдлаас зөрүүтэй, худал, дутуу баримт материал хүргүүлэх, танилцуулах, үүний улмаас банкны ашиг сонирхолд харш шийдвэр гарах” гэж, 5.7.26 “Ажилтны ажил үүргийн хүрээнд гаргасан аливаа дүгнэлт, санал, зөвлөгөө, зөвлөмж нь хууль, тогтоомж, банкны бодлого, дүрэм журамд нийцээгүй байх, санхүүгийн судалгаа, шинжилгээг хийсвэрээр хийх” гэж тус тус заасан ноцтой зөрчлүүдийг гаргасан.

3.7.Иймд Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 дугаартай тушаал нь үндэслэлтэй гарсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00837 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсгийн 158.2.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Р-г Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

 5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Шүүгч шийдвэрээ гаргахдаа хэргийн нотлох баримттай бүрэн танилцаагүй, үнэлээгүй, зөрчлийн үйл баримтыг ойлгоогүй, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, үндэслэлгүй, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ба үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

5.2. Шүүгч шийдвэрийнхээ үндэслэл болгосон тайлбар үндэслэлээ 11 дэх хуудаснаас эхэлсэн ба шийдвэрийн гол үндэслэлээ ажилтны гаргасан зөрчил нь ажилтны дан ганц буруу биш хяналтын мэргэжилтэн, зээлийн хорооны ч бас буруутай үйл ажиллагаа байгаа ба эдгээр дээд шатны хяналт хийх ажилтан болон хороо нь тус зээлийн зөрчлийг хянаж шийдвэрээ гаргах ёстой байсан байна. Иймээс Х.Р- нь буруугүй гэдэг байдлаар дүгнэлтээ гаргасан байгаа нь огт үндэслэлгүй. Учир нь: Харилцааны менежер бол харилцагчтай шууд харилцаж зээлийн судалгааг хангалттай сайн, үнэн зөв, бодит байдлаар хийж, өр орлогын харилцааг хангаж байгааг журмын дагуу зохих ёсоор үнэн зөвөөр тодорхойлон зээл төлөх чадварыг бодитоор тодорхойлон материалаа бүрдүүлэн өгч зээлийн хороонд танилцуулан шийдвэрлүүлэх үүрэгтэй. Зээлийн хороо болон дээд шатны албан тушаалтнаар батлуулах, хэрэгжүүлэхээр илгээж байгаа аливаа баримт материал, санал нь үнэн бодит байх ёстой бөгөөд түүнийг хариуцсан ажилтан бүрэн хариуцах үүрэгтэй байдаг. Мөн түүнчлэн зээлийн хорооны үүрэг, харилцааны менежерийн үүрэг нь өөр өөр бөгөөд тус бүрийн хариуцсан чиг үүргийн хүрээнд ажиллана. Харилцааны менежерийн судалсан бүх материалыг нэг бүрчлэн дахин эхнээс нь хянаж, шалгаж дахин нягтлах байдлаар ажиллах буюу зээлийн хороо, хяналтын мэргэжилтэн зэрэг ажилтнууд давхар дахин дахин зээлийн судалгааг хийх боломж байхгүй. Зээлийн хороо бол ирүүлсэн материалын хүрээнд анхан шатны хяналтыг хийсэн үнэн бодит байдлыг хариуцан ажиллах харилцааны менежерийн ирүүлсэн материалыг үнэн бодит бүрэн дүүрэн гэж үзэж шийдвэрээ гаргадаг. Зээлийн үйл ажиллагааны журмын ... дэх заалтад Харилцааны менежер нь зээлийн судалгааг бүрэн хийж, өр орлогын харьцааг хангаж зээлээ эргэн төлөх боломжтой гэдэгт итгэлтэй байх ёстой” гэсэн зохицуулалт байдаг. Энэхүү заалтаас харахад харилцааны менежер нь өөрийн хариуцсан судалгааг бүрэн бодитой, журмын дагуу хийж, үнэн бодит байдлыг хариуцах үүрэгтэй гэдгийг харуулж байна.

5.3. Шүүгчийн шийдвэрийн 9.2 дахь хэсэгт заасан зээлдэгч Б.М-эд олгосон зээлтэй холбоотой зөрчил гаргасан нь тогтоогдож байна гэж үндэслэлтэй дүгнэсэн байна. Гэтэл 9.3 дээр энэхүү зөрчил нь дан ганц Х.Р-гийн буруутай үйлдэл биш байна гэх байдлаар дүгнэсэн нь хоорондоо зөрчилтэй дүгнэлт болсон.

5.4. Шүүхийн шийдвэрийн 11-т заасан үндэслэл бүхэлдээ энэхүү хэрэгт хамааралгүй үйлдэл дээр дүгнэлт хийсэн. Х.Р-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаалд харилцагчтай санхүүгийн харилцаа үүсгэсэн 65 сая төгрөгтэй холбоотой зөрчлийн талаар огт дурдаагүй ба тэр талаар Банк ямар нэгэн баримт бүрдүүлэн өгөөгүй. Иймээс шүүх хэргийн баримттай бүрэн дүүрэн танилцаагүй, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай байдлаар нь нэг бүрчлэн нягтлан шалгалгүйгээр шийдвэрээ гаргасан гэж дүгнэж байна.

5.5. Харилцааны менежер гэдэг албан тушаал дээр ажиллаж байгаа ажилтан нь “Х Банк” ХХК-н үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг дотоод журам заавраас гадна Монгол улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй этгээд.  Гэтэл харилцагчтай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан барьцааны гэрээнүүдийг байгуулахдаа дараах хуульд зөрчсөн алдаа гаргасан. Барьцааны гэрээний 2.2.1 дэх заалтад заасан барьцаа хөрөнгийн тодорхойлолт хэсгийг бөглөхдөө Барьцааны зүйлийн нэрийг дутуу бичсэн, тоо хэмжээ хэсэгт огт мэдээлэл байхгүй, Улсын бүртгэлийн дугаар, сериал дугаар хэсэгт сериал - өмчлөх эрхийг бүртгэсэн байгууллагын нэр, огноо хэсэгт огт мэдээлэл бөглөөгүй алдаа гаргаснаараа Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 “Барьцааны гэрээг Иргэний хуулийн нийтлэг журам, энэ хуулийг баримтлан бичгээр байгуулах бөгөөд түүнд дараах зүйлийг тусгана” мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 “барьцааны зүйлийн тодорхойлолт, түүний нэг бүрийн үнэ, эсхүл төрлийн шинжээр тодорхойлогдох байдал”-ын талаар барьцааны гэрээнд тодорхой тусгасан байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул тус барьцааны гэрээ хүчин төгөлдөр бусад тооцогдох хууль зүйн бодит эрсдэлийг үүсгэсэн. Барьцааны гэрээний 2.2.2 дахь заалтад банканд барьцаалуулсан ирээдүйд бий болох барьцаа хөрөнгийн тодорхойлолт хэсгийг бөглөхдөө дараах алдаануудыг гаргасан. Барьцааны зүйлийн нэр хэсэгт бизнесийн орлого гэснээс өөр мэдээллийг оруулаагүй, барьцааны зүйлийн чанар байдал, тоо хэмжээ, барьцаалуулагчийн өмчлөлд шилжих хугацаа, барьцааны зүйлийн үнэ хэсэгт огт мэдээлэл бичээгүй ингэснээр автомашин гэмтэж устсан тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгө болох бизнесийн орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болох эрсдэлийг банканд бий болгосон. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулахдаа Х банкны Бизнесийн зээлийн бүтээгдэхүүний журмын 5.2.9-т “Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд уг зээлийн санхүүжилтээр бий болсон/ бий болох хөрөнгийг нэмж барьцаалах”-аар заасан. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 “Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ” гэж заасан бөгөөд барьцааны гэрээнд хөрөнгө оруулалтын зээлээр бий болох үл хөдлөх эд хөрөнгө нь банкны барьцаа болох хөрөнгийг барьцаалах шаардах эрх үүсгэн үүсгэсэн заалтыг барьцаанд гэрээнд /хариуцсан хуулийн зөвлөхдөө хандаж оруулуулах үүрэгтэй/ оруулаагүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно" гэж заасны дагуу урьдчилсан тэмдэглэгээ хийлгэх шаардах эрхийг хэрэгжүүлэх талаар заалтыг барьцааны гэрээнд /хариуцсан хуулийн зөвлөхдөө хандаж оруулуулах үүрэгтэй/ оруулаагүй. Аудитын шалгалт хийгдэх үеийн байдлаар зээлийн хөрөнгөөр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө нь дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулах боломжтой хэмжээнд баригдсан байдалтай байсан. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10-т “Барьж дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг хоёр болон түүнээс олон этгээд хөрөнгө оруулан, эсхүл захиалгаар барьж байгаа бол хөрөнгө оруулагч, захиалагч нарын мэдүүлгээр уг үл хөдлөх эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхтэй өмчлөгчдийн дундын өмчлөлд, эсхүл дундаа хэсгээр өмчлөгч нарын тус тусын өмчлөлд энэ хуулийн 10.6-д заасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ”, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Барьж дуусаагүй барилгын эрх эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн тохиолдолд уг барилгад хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээд /захиалагч/ нь урьдчилсан тэмдэглэл хийлгэж болно” гэж заасны дагуу зээлдэгч барьцаалуулагчаас банкнаас авсан зээлээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгийн дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулах, уг хөрөнгөнд Х банкны барьцаа хөрөнгө болох талаар урьдчилсан тэмдэглэгээ хийлгэхээр зээлдэгчид албан тоот, шаардлага өгөөгүй зэрэг хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол улсын хуулийг зөрчсөн хуулийн заалтууд болон холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өгөөд байхад тэдгээр баримтуудыг үнэлээгүй.

5.6. Шүүгчийн шийдвэрийн 16 дахь хэсэгт заасан үндэслэл нь хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон. Учир нь: Х Банкны аудитын шалгалт 2022 оны 3 сарын 20-ны өдөр гарсан. Х.Р- нь аудитын хугацаанд болон дараа нь өвчтэй байсан ба энэ талаарх нотлох баримтыг өгсөн. Эмнэлгийн магадалгаанд зааснаар Х.Р- нь өвчтэй /баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн/ байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 123.6-т зааснаар ажилтан өвчтэй байх энэ хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухай зохицуулсан байдаг. Гэтэл шүүгч нотлох баримтыг бүрэн судалж үзээгүйгээс болж шийдвэрээ үндэслэлгүй гаргасан. Сахилгын зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр ажилтны Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа 1. Зөрчил тогтоогдсон байх, 2. зөрчил болохыг ажил олгогч дотоодын дүрэм журамдаа тодорхойлсон байх, З.ноцтой зөрчил бол хөдөлмөрийн гэрээнд дурдсан байх, 4. зөрчил гаргасан болон илрүүлсэн хуулийн хөөн хэлэлцэх хугацаандаа байхыг хууль шаарддаг. 5. Эрх бүхий ажилтан гаргасан байх. Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргахдаа хуульд нийцсэн байхын тулд Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, гэрээний аль үндэслэлээр цуцалж байгаа тухай үндэслэх хэсэгтээ тодорхой зааж, агуулга хэсэгт гаргасан зөрчлийг, ажилтан гаргасан үйлдэл эс үйлдэхүйгээрээ зөрчсөн хэм хэмжээг тодорхой зааж ажил хүлээлцэх хугацаа зэргийг тусган эрх бүхий этгээд гаргасан байх ёстой. Х Банкны Салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 тоот “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал дээрх үндэслэл, шаардлагыг бүрэн хангасан байна. Мөн Баян-Өлгий салбарын захирал Л.Ө нь Хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаал гаргах эрх бүхий этгээд мөн байна. Хариуцагч Х Банкнаас гаргаж өгсөн гүйцэтгэх захирлын 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 01/339 тоот “Эрх хэмжээ олгох тушаал”, Хавтаст хэргийн 75 дугаар хуудас “Эрх хэмжээ олгох хүснэгт”, Салбарын захиралд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

5.7. Иймд Х.Р-гийн гаргасан зөрчил бүрийг гаргасан байдал, нотлох баримтаар нотлогдож байгаа байдал, уг зөрчлийн агуулга шинж чанарыг хянан үзэж, Х Банкны Баян-Өлгий салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, Х.Р-гийн гаргасан үйлдэл нь ноцтой зөрчил тул хэргийг бүхэлд нь хянан үзэж, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00837 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Х.Р-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

6.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Миний эхнэр Х банканд ажилладаг гэж миний дансыг шалгаж, миний орлогын баримтыг үндэслээд энэ талаар аудитын тайлан дээр бичиж эхнэрийг маань ажлаас халсан. Гэхдээ би дансандаа орлогыг өөрөө хийсэн талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Гарын үсэгтэй, миний утасны дугаартай орлого хийсэн баримт байгаа. Гэтэл миний дансны орлогыг үндэслээд Х.Р-г ажлаас халсан.

6.2. Анхан шатны шүүхэд хэрэг хэлэлцэхээс өмнө хариуцагч талаас өөрсдөө маш олон зүйлд үзлэг хийлгэсэн. Таван зээлдэгч нарын зээлд нь үзлэг хийлгэсэн, гэрч асуулгасан. Гэрчүүдийн мэдүүлгээр Х.Р- эдийн засагчаар ажиллаж ганцаараа зээл олгох асуудлыг шийдэх хүн биш гэдгийг тайлбарласан. Хяналтын мэргэжилтэн, тооцооны төвийн менежер, ЛОС программд нууц санал өгдөг зээлийн хорооны мэргэжилтнүүд шийдвэр гаргасан болох нь ЛОС программд харагдаж байсан. Хамгийн сүүлд гаргасан зөрчил гэж тайлбарлаж байгаа судалгааг харахад 2022 оны 5 дугаар сард иргэнд гаргасан зээлийг зөрчил гэж үзсэн байна. Гэтэл зөрчилд тооцож байгаа зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн зөрчил байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна. 

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Р-гийн Х банкны Баян-Өлгий салбарт холбогдуулан гаргасан “Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны харилцааны менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, ажлаас буруу халсан маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч Х.Р-гийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, ажил олгогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  

10. Хариуцагч буюу ажил олгогчийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 5180/53 дугаартай тушаалаар Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын Төв тооцооны төвийн харилцааны менежер Х.Р- нь  (1) ажил үүргээ гүйцэтгэхдээ дагаж мөрдөх дүрэм журмыг зөрчиж зээлийн судалгаа шинжилгээг хангалтгүй, хийсвэрээр хийж, санхүүгийн тооцоололд борлуулалтын бус орлогыг оруулсан, өр орлогын харьцааг буруу хангуулж зээлийн хороог бодит бус мэдээллээр хангасан, (2) ажлын байрыг дэмжих зээлийн шаардлагыг зөрчиж өр орлогын харьцааг хангуулалгүй зөрчиж бага хүүтэй эх үүсвэрийг бодит бус дүнгээр олгосон, зээлийн судалгааг хангалтгүй хийсэн, (3) зээлийн санхүүжилтээр бий болсон хөрөнгийг барьцаалаагүй, барьцаа хөрөнгөгүй, хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу зээл олгосон, дээрх зөрчлүүдээ арилгах арга хэмжээг аваагүй зэрэг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан ба уг тушаалыг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргажээ.

 

11. Ажил олгогч тушаалын үндэслэлдээ Х банкны 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.4, 4.4.3, 4.4.15, 4.4.17, 4.4.18, 4.4.21, 2022 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.2.6, 4.2.17, 4.4.4, 4.2.4, 4.4.16, 4.4.19, Ёс зүйн дүрмийн 5.1.1, 5.2.1,5.9.2, Зээлийн бодлогын 2.1.9, 2.2.5.1, 2.2.5.6, 2.2.5.10, 2.2.5.11, Зээлийн үйл ажиллагааны журмын 2.4.1, 2.4.2, 2.4.3, 5.1.3, ажлын байрны тодорхойлолтын 2.1, 2.2, ажилтантай байгуулсан 2017 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.9 дэх заалтыг зөрчиж 5.7.3,5.7.15, 5.7.17, 5.7.18, 5.7.12, заасан ноцтой зөрчлийг гаргаж, 2022 оны Хөдөлмөрийн гэрээний 3.2.12 дахь заалтыг зөрчиж 5.7.4, 5.7.20, 5.7.22, 5.7.23, 5.7.23, 5.7.26 дахь заалтуудыг тус тус баримталсан байна.

 

12. Анхан шатны шүүхээс ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан үндэслэл тус бүрд нэг бүрчлэн дүгнэлт хийхдээ:

12.1. “...уг зээл Ш.Б-ийн урьд нь бизнесийн зориулалтаар авсан зээлээс үлдсэн зээл байсан ба анх гаргахдаа салбар зээлийн хороогоор хэлэлцэгдэж, тэдний зөвшөөрлөөр олгогдсон зээл байсан, харин уг зээлээс үлдсэн 50,0 сая төгрөгийг Х.Р-гаас Х банкны LOS программаар судалж олгохдоо өр, орлогын харьцааг 65%-аар тооцож, Тооцооны төвийн эрхлэгчээр хянуулж, эрхлэгчийн зөвшөөрлийн дагуу Ажлын байр дэмжих зээлийн нөхцөлд шилжүүлсэн болох нь шүүхээс тус банкны LOS программд үзлэг хийсэн тэмдэглэл мөн түүний гаргасан өр, орлогын харьцаа нь үнэ зөв эсэхийг нягтлах, зээл олгох асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох Салбар зээлийн хороо болон Тооцооны төвийн эрхлэгч нар хянаж зээл олгох эсэхийг шийдвэрлэгдэг болох нь шүүхэд хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан М.И-, А.Р- нарын гэрчийн мэдүүлэг мөн тус банкны дээрх журмуудад зааснаар нотлогдож байна.” гэж,,

12.2.“...тус шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Х банкны LOS программд үзлэг хийхэд харилцааны менежерээр ажиллаж байсан Х.Р- нь “Т” ХХК-д Ажлын байр дэмжих зээлийг Х банкны LOS программаар судалж олгох үед өр, орлогын харьцааг хэдээр тооцож байсан эсэхийг хариуцагч байгууллагын төлөөлөгчөөс харуулж чадаагүй...”, “...Хариуцагч талын хүсэлтээр шүүхэд гэрчээр асуугдсан М.И-, А.Р- нарын ...Х.Р-гийн судалсан зээлийн өр, орлогын харьцаа буруу тооцогдсон, хангагдахгүй байвал салбарын зээлийн хорооноос тухайн зээлийг олгохоос татгалзах эрхтэй. Манайх бол шат дараалсан хяналтаар хянагддаг. Тухайн үед “Т” ХХК-нийг зээлийг салбарын зээлийн хороонд орохоос өмнө, ахлах, тухайн тооцооны төвийн захирлаар нь хянагдаж, дахин хяналтын мэргэжилтнээр хянагдаад салбарын зээлийн хороонд орох ёстой. Салбарын зээлийн хороонд орсны дараа эрх бүхий албан тушаалтнууд өөрсдийн саналаа өгөх ёстой. Харилцааны менежерийн судалсан судалгаа, гаргасан тооцооллоо хянагддаг. Зээлийн хороо хуралдаад зээлийг олгоно гэвэл олгоно, олгохгүй гэвэл олгохгүй. Зээлийн хорооноос тухайн зээл нь цаашид эрсдэх магадлалтай, судалгааг дутуу хийсэн, барьцаа хөрөнгийг зээлийн үнээс дээгүүр үнэлсэн гэх зэрэг шалтгаанууд байвал гаргахгүй. Өр орлогын харьцааг зээл олгохоос өмнө шалгана гэх мэдүүлэг болон зээлдэгч “Т” ХХК-д 300,0 сая төгрөгийн ажлын байрыг дэмжих зээлийг харилцааны менежер Х.Р- нь LOS программаар судалж Салбарын зээлийн хороонд 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр танилцуулсан ба салбарын зээлийн хороо нь 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож тухайн зээлийг олгохыг тус тус зөвшөөрсөн санал өгсөн..”, “...зээлдэгч “Т” ХХК-д 300,0 сая төгрөгийн АБДЗээлийг харилцааны менежер Х.Р- нь LOS программаар судалж тухайн зээлийг олгох эсэхийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Салбар зээлийн хороо хуралдаж Төв банкнаас шинжээчээр О.Я, тус банкны салбарын орлогч захирал, зээлийн багц хариуцсан менежер, хяналтын менежер, тооцооны төв хариуцсан менежер гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр тухайн зээлийг олгохыг зөвшөөрч шийдвэрлэсэн нь тус шүүхээс Х банкны LOS программд үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Х.Р- нь харилцагчид давуу байдал үзүүлж, өр орлогын харьцаа хангадахгүй 2 зээлдэгчид 400,0 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгө, АБДЗээлийг олгосон байна гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.” гэж,

12.3. “...зээлдэгч Б.М- нь бизнес болон цалингийн зээлийн үлдэгдлээ хүнээс зээлдэж авч төлсөн болох нь түүний Х банкны дансны хуулгаар нотлогдож байгаа...”, “...зээлийн ажилтан буюу харилцааны менежер болон зээлийн хороо нь адил үүрэгтэй байхаар журамласан байх ба Б.М-эд орон сууц барих зориулалтаар олгох зээлийг зээлийн хорооноос шийдвэрлэхдээ зээлдэгч Б.М- нь бизнес болон цалингийн зээлээ хаасны дараа олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн үед зээлдэгч Б.М- нь бизнес болон цалингийн зээлээ журмаар хаасан эсэхэд мөн адил зээлийн хороо нь хяналт тавих үүрэгтэй байх тул түүнд дан ганц зээлийн ажилтан буюу харилцааны менежер Х.Р- буруутай байна гэж дүгнэх үндэслэлгүй...” гэж,

12.4.”... Хэрвээ харилцааны менежерийн зээлдэгч Х.Х-, Т.Х- нарт олгохоор судалсан хөрөнгө оруулалтын зээлийн хувийн хэргийн бүрдүүлбэр дутуу, зээл нь зориулалтын бусаар ашиглагдсан, барьцаа хөрөнгөгүй бол дээрх журамд зааснаар хянаж тухайн зээлийг олгох эсэхийг шийдвэрлэх эрх бүхий этгээд болох салбар нэгжийн Захирлаас тухайн зээлийг олгохоос татгалзаагүй мөн журмын 11.3 дахь заалтад Хөрөнгө оруулалтын зээлийн хувьд зээл олгосноос хойш 3 сарын дотор багтаан явцын хяналтыг хийх ба зээлийн зориулалт бүрэн хангагдах хүртэл газар дээрх хяналтыг үргэлжлүүлэн хийж, баталгаажуулан ажиллана гэж зааснаар зээлдэгч Х.Х-нь үйлчилгээний барилгаа барьж дуусах хүртэл хяналт тавьж ажиллаж улмаар дууссаны дараа тухайн хөрөнгийг барьцаалж ажиллахаар журамласан байх тул харилцааны менежер нь зээлийг зориулалтын дагуу ашигласан эсэхэд хяналт тавиагүй, үйлчилгээний зориулалтай барилгыг барьцаалаагүй гэх хариуцагчийн тайлбар нь үндэслэлгүй...” гэж зөрчил тус бүрийн үйл баримт болон хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байх бөгөөд түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын үндэслэл бүрд заасанчлан буруутгах, үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

 

13. Түүнчлэн анхан шатны шүүх “Х.Р-гийн үйлдсэн зөрчлүүдээс сүүлд үйлдэгдсэн буюу 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр үйлдсэн хөдөлмөрийн сахилгын зөрчлийг ажил олгогч 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр илрүүлсэн боловч 2 сар, 11 хоногийн дараа буюу 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл ногдуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх заалтад илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заасныг зөрчсөн” гэж дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан зөв тайлбарлаж хэрэглэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх шаардлагыг бүрэн хангасан байна.

 

14. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын “Шүүхийн шийдвэрийн 11-т заасан үндэслэл бүхэлдээ энэхүү хэрэгт хамааралгүй үйлдэл дээр дүгнэлт хийсэн” гэх гомдлын үндэслэлийн тухайд:

Ажил олгогч буюу Х банкны Баян-Өлгий салбарын захирлаас 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хариу тайлбар хүргүүлэхдээ “...Х.Р- нь ажлын байрны давуу байдлыг ашиглан Банкс программын эрхээр харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан, ажил хэргийн хүрээнд харилцагчтай тогтоосон харилцаа, банкны ажилтанд итгэх итгэлийг ашиглаж өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчаас 65.0 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн” гэх хариу тайлбар, ажил олгогчийн тушаалдаа үндэслэл болгосон Х банкны 2016 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.3 “.... эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан....”, мөн тус банкны 2022 оны Хөдөлмөрийн дотоод журмын 4.4.4 “...“.... эрхэлсэн ажлын давуу тал, ажлын байр, албан тушаалын эрх мэдэл, ажлын байрны тодорхойлолтоор олгосон эрхийг хувийн ашиг сонирхолд ашиглах, бусдад ашиглуулсан....”, тус банкны зээлийн бодлогын 2.2.5.6 “албан тушаалын давуу байдал, олгогдсон эрхийг ашиглах, урвуулан ашиглах замаар өөрт болон бусад этгээдэд материаллаг, материаллаг бус давуу байдал бий болгохгүй байх” гэх заалтууд, уг заалтыг дэмжин хариу тайлбартаа үндэслэл болгон тайлбарлаж байсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг харьцуулан дүгнэхэд  анхан шатны шүүхээс “Х.Р- нь ажлын байрны давуу байдлыг ашиглан Банкс программын эрхээр харилцагчийн нууцад хамаарах дансны мэдээллийг лавлаж харилцагчид мөнгө зээлэх хүсэлтийг гаргасан, ажил хэргийн хүрээнд харилцагчтай тогтоосон харилцаа, банкны ажилтанд итгэх итгэлийг ашиглаж өөрт үүссэн санхүүгийн хэрэгцээгээ хангах зорилгоор харилцагчаас 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 65.0 сая төгрөг зээлж санхүүгийн харилцаа үүсгэсэн” гэх сахилгын зөрчлийн талаар дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

            15. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад үндэслэн маргааны үйл баримтад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 130/ШШ2022/00837 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

ШҮҮГЧ                                                           Д.КӨБЕШ