| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0200/Э |
| Дугаар | 207 |
| Огноо | 2018-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 207
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд
Хохирогч К.Алтанбагана
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Пүрэвийн Үнэнбадрахад холбогдох 1831001790149 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1978 оны 10 дугаар сарын 21-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сэлэнгэ аймаг Хүдэр сумын Баянцагаан 2 дугаар баг, Хайрханы 6-7 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаангууд овогт Пүрэвийн Үнэнбадрах. /РД:МП78102171/
Шүүгдэгч П.Үнэнбадрах нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутагт орших өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр болох К.Алтанбаганыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч П.Үнэнбадрахын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 18-нд яллагдагчаар өгсөн: ...Гэр орны асуудлаас болж маргалддаг. Сүүлийн үед намайг хөдөө байдаг айлын эхнэртээ харддаг болсон. Би ч гэсэн эхнэрийгээ сүүлийн үед харддаг болсон. Яагаад гэвэл урьд байдаг эзэнгүй гэр лүүгээ байнга явдаг, гар утаснаасаа салахаа больсон, гар утасныхаа нууц кодыг сольсон болохоор хардах болсон. ...2018 оны 05 дугаар сарын 30-ны шөнө гарынхаа алга хэсгээр 3 удаа алгадсан. 2-3 удаа өшиглөсөн. Түүнээс өөр цохиж зодоогүй. Тэр үед манай эхнэр шөнийн 02 цагт гэртээ ирэхэд байхгүй байсан. 2 хүүхэд гэртээ хоёулхнаа унтаж байсан. Тэгээд миний уур жаахан хүрсэн юм. .Би эмчилгээний зардал гэж эхнэрийн нар дээр байдаг дансанд 50.000 төгрөг шилжүүлж өгсөн. Дахиад “эмчилгээнд явуулая, зардал гаргаж өгье” гэхэд уурлаад “хэрэггүй” гээд байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-50-р ху/,
2.Шүүгдэгч П.Үнэнбадрахын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 5 дугаар сарын 30-нд алтны уурхайд ажил хийх гээд явж байгаад замаараа хөдөө айл руу очсон чинь нэг шил архи задалж өгсөн. Тэр архинаас нь уучихаад сумын төв ороод цааш гэр рүү очтол манай эхнэр гэртээ байгаагүй, харин хүүхдүүд минь унтаж байсан. Эхнэрийнхээ гар утас руу 2 удаа залгахад эхний дуудлагыг минь авахгүйгээр 2 дахь дуудлагыг минь авсан. Гэрээс гарч эхнэрээ харахад гэрийн хойноос хашаа давж гарч ирсэн. Би эхнэрээсээ “хаанаас ирж байгаа юм бэ” гэж асуутал надад хариулахгүй хэрүүл хийгээд байхаар нь би эхнэрээ цохиж алгадахад манай эхнэр эгчийнхээ гэр рүү очсон байсан тул эхнэрээ гэртээ аваачих гээд уучлалт гуйсан боловч ах нь над руу хутга барьж дайрахаар нь би эргээд гэртээ ирсэн. Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсандаа ихэд гэмшин байна. Би дахиж эхнэртээ гар хүрж эхнэрээ зодохгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгуулийн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
3. Хохирогч К.Алтанбаганын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 05 дугаар сарын 30-нд манай нөхөр “хөдөө алтны уурхай руу явчихаад ирье” гээд явсан юм. Манай нөхөр архи их уудаг тул санаа минь зовоод гарч нойл орчихоод гэртээ орж байтал манай нөхөр орж ирээд намайг “хаашаа яваад ирсэн юм бэ” гэж асуугаад хариу хэлэхийн зөрүүгүй намайг зодсон. Манай нөхөр намайг зодохдоо дандаа миний толгой руу цохидог. Нөхөртэйгээ маргаж хэрэлдчихээд би ээжийнхээ гэр рүү ордог. Тэр өдөр би гэрээсээ гарч нөхрөөсөө зугтахдаа явганаар маш их ядарч ухаан алдахын өмнө эгчийнхээ гэрт очсон. Толгойны зураг авахуулахад хэрэг болох төлбөрийг нэхэмжилж байна.. Манай нөхөр намайг их дээрэлхдэг. Хэрүүл маргаан их гардаг. Анх суухад гайгүй байсан. Сүүлд их архи уудаг болсон.Одоогоор бид хоёр тусдаа амьдарч байгаа. Одоо хоёр хүүхэд маань эцэг дээрээ амьдарч байгаа. Гомдолтой байна. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч К.Алтанбаганын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: ...Манай нөхөр болох Үнэнбадрах нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “уул руу юманд яваад ирье” гээд морьтойгоо явсан. Тэгсэн чинь шөнийн 24 цаг 30 минутын үед согтуу ирээд “чи гадаа юу хийгээд, хэнтэй хамт байгаад унтаагүй юм” гээд хэрүүл хийгээд байхаар нь би “бие засчихаад унтах гэж байна” гэсэн чинь учир зуггүй толгой тархи руу цохиод байсан. Намайг үүр цайтал зодсон. Миний гар утсыг авч нуугаад гадагшаа яриулахгүй зодсон. Тэгээд би зугатаагаад эгчийнхээ гэр рүү гуйваад гүйгээд очсон. Араас ирээд манай эгчийн гэрт дахин зодох гээд дайраад байсан. Манай ах эгч нар салгасан. Намайг гараараа нүүрэн тус газар болон баруун, зүүн шанаа руу, улаан нүүр лүү цохиод байсан. Үсдэж чирээд байсан. Хэдэн удаа гэдгийг бол тоолоогүй, газар унагаад ажлын хагас түрүүтэй гутлаар бөөр, нуруу, хэвлий хэсгээр, баруун, зүүн хөлийн бүдүүн гуяар болон шилбэ рүү өшиглөөд байсан. Юмаар бол цохиогүй. Одоо толгой өвдөнө,толгойн оройн хэсэг хавдсан, баруун, зүүн гар өвдөнө, хоёр хөл хөхөрч хавдсан, хэвлий хэсгээр өвдөх зовиуртай байна. Зүгээр байгаад зодуулсандаа гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 10-р ху/,
5.Гэрч Д.Мөнхбатын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өгсөн: ...2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Үнэнбадрах нь эхнэрээ зодсон. Түүнээс өмнө гэр бүлээ зодож хүчирхийлэл үйлдээд арга хэмжээ авагдаж байгаагүй. Одоо л эхнэр нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний хувьд түүнийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхыг хараагүй. Морь маланд дуртай, хүнийг хөгшин залуу гэхгүй найзалж нөхөрлөдөг, тус дэм болоод явдаг хүн байгаа юм. Найз нөхөд олонтой юм шиг харагддаг. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 23-24-р ху/,
6.Гэрч Д.Энхбаярын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай гэрийнхэн тэр өдрийн шөнийн 04 цагийн үед амарч байхад гаднаас манай эхнэрийн төрсөн дүү болох Алтанбагана орж ирээд зуухны үүдэнд сандал дээр “толгой өвдөөд байна” гээд сууж байхад нь гаднаас түүний нөхөр болох Бадрах орж ирээд эхнэртэйгээ хэрэлдээд “чи муу яахаараа хүүхэд хаяад хашаа тойроод зугатаагаад явдаг юм бэ” гээд зодох гээд дайраад байхаар нь дундуур нь ороод салгах гээд “чи битгий чанга дуугараад бай, манай охин унтаж байна” гээд “гэрээс гар” гээд цээжээрээ түлхээд гаргасан. ...Хүмүүс мэддэггүй болохоос гэр орондоо их дээрэлхүү,хэг ёг гэсэн ааш зантай, архи уудаг, хүмүүс нэг их сайнаар хэлдэггүй. Эхнэрийн дүү Алтанбаганын бие толгойгоо даахгүй өвчтэй, биеийн баруун талын хэсэг нь мөрнөөсөө доош хөх няц болсон, цээжин дээрээ хоёр том хөхрөлттэй, тархи, нуруу нь хавдсан байсан. зэрэг зовиуртай байсан. Одоо бие нь бүрэн эдгэрээгүй байгаа. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-27-р ху/,
7.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 238 тоотшинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. К.Аптанбаганийн биед зовхи, бугалга, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 42-р ху/,
8.Шүүгдэгч П.Үнэнбадрахын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 60-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 63-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 47-48-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 49-50-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, /хх-ийн 41-р ху/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 238 тоот дүгнэлт, /хх-ийн 42-р ху/, хохирогчийн эмчид үзүүлсэн тухай эмчийн тодорхойлолт, /хх-ийн 43-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 44-45-р ху/, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, /хх-ийн 64-73-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.Үнэнбадрахыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутагт орших өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр болох К.Алтанбаганыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 238 тоот дүгнэлт, хохирогчийн эмчид үзүүлсэн тухай эмчийн тодорхойлолт, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэргээр шүүгдэгч П.Үнэнбадрахыг 2018 оны 05 дугаар сарын 31-ний шөнө согтуугаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 2 дугаар багийн нутагт орших өөрийн гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр болох К.Алтанбаганыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч П.Үнэнбадрах нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Үнэнбадрах, хохирогч К.Алтанбагана нар нь одоо тус тусдаа амьдарч байгаа, хоёр хүүхэд нь эцэг П.Үнэнбадрахын асрамжинд байгаа зэрэг нь хохирогч К.Алтанбаганын мэдүүлгээр нотлогдож байгаа тул шүүгдэгчийг торгох ял сонгож шийтгэх боломжтой байна. Мөн хохирогч К.Алтанбаганыг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээр цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цагаангууд овогт Пүрэвийн Үнэнбадрахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Цагаангууд овогт Пүрэвийн Үнэнбадрахыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Үнэнбадрахын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 /дөрвөн зуун тавь нэгжээр торгох ялыг 3 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Үнэнбадрахад мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч П.Үнэнбадрах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Хохирогч К.Алтанбаганыг гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээр цаашид эмчилгээ хийлгэвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
7.Шүүгдэгч П.Үнэнбадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор тогтоолын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН