| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0205/Э |
| Дугаар | 211 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 211
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч М.Энхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт Гүржавын Нарантуяад холбогдох 1831001850155 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 1967 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, хүүхэд, ээжийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар баг, Техникчдийн 7-55 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Тугчин овогт Гүржавын Нарантуяа /РД:ТЕ67110904/
Шүүгдэгч Г.Нарантуяа нь согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт орших өөрийн гэртээ иргэн Р.Баатархүүтэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт иргэн Б.Тунгалагийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Г.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 30-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн үед гэрийнхээ хашаанд хогоо цэвэрлээд машиндаа ачиж байхад Аръяа гэдэг эмэгтэй миний гар утас руу залгаад “манай гэрт хүрээд ир, ээж бид 2 мах чанасан байна, би сэтгэл санаагаар унасан байна, манай хүүхэд намайг согтуу машин унаад байна гээд машин аваад явсан, ийш тийшээ явж болохгүй юм, би архи уумаар байна” гэж яриад байсан. Тэгээд би машин дээрээ хогоо ачиж дуусаад тэдний гэр лүү очсон. Аръяа гарч ирээд нэг шуудай хог миний машин дээр тавьсан. Намайг мах идээд сууж байхад Аръяа ээжийнхээ виза картыг аваад дэлгүүр яваад ирэхдээ нэг 0,75 литрийн “Хараа” архи аваад ирсэн. Түүнийг нь бид 3 хувааж уугаад бид 2 тээврийн хэрэгсэлтэйгээ гараад хогоо асгах гээд явж байхад гудамжны үзүүр дээр Тунгалаг таарсан. Аръяа “манай ангийн хүүхэд байна, суулгачих, авч яваад хогоо асгуулъя” гээд олзуурхаад байсан. Тунгалаг 20.000 төгрөг гаргаж ирээд “замаараа нэг шил архи авъя” гэж хэлсэн. Бид нар хөдлөөд явж байгаад Аръяа “Мөнхтуяа эгчийн гэрт очъё” гэхээр нь тэднийх рүү эргээд очиход Тунгалаг авч явсан архиа аваад буусан. Тунгалаг архиа задлаад түүнээс Мөнхтуяа эгч, Аръяа нар нэг их уугаагүй. Бид 2 ихэнхийг нь уугаад хогоо асгахаар явах болоход Аръяа “би үлдлээ” гээд үлдсэн. Тунгаа явахдаа тал шил архиа аваад гарсан. Замдаа явахдаа “уух уу” гэхээр нь “одоо болно” гэсэн чинь “чи уух дургүй байгаа юм уу” гээд над руу агсраад байсан. Би зам дээр зогсоод түүнийг түлхэж буулгаад урдаас агсраад байхаар нь ганц хоёр удаа цохичихоод тэнд үлдээгээд орхиод явсан. Тэгээд хогоо буулгалгүй, гэрийнхээ гадаа машинаа оруулаад унтаад өгсөн. Би түүнийг баруун гараараа нүүрэн тус газар нь 2 удаа цохиход газар унаж харагдсан. Дахиад босоод ирэхээр нь нүүр лүү нь нэг удаа цохиод явсан. Өөр юмаар бол цохиогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 82-р ху/,
2. Шүүгдэгч Г.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 30-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэртээ ээжийгээ хараад байж байхад манай найз Баатархүү өдрийн 12 цагийн үед миний гар утас руу залгаад “миний найз завтай бол Ерөө сумын голын эрэг дээр хүрээд ир, бид нар баяр тэмдэглээд ганц шил архи уугаад сууж байна” гэж ярихаар нь “найз нь жаахан ажилтай байна” гэсэн чинь дахин дахин залгаад байсан. Би Баатархүүг явъя гээд машиндаа суулгаад аваад явсан. Гэртээ авчирч ирэхэд 19 цаг өнгөрч байсан. Оруулаад том өрөөний орон дээр хэвтүүлээд гараад гадаа амбаартаа хоол хийж байгаад ороод ирсэн чинь манай өвчтэй ээжийн хажууд суучихсан түүнийг уйлуулсан байсан. Яагаад байгаа юм бэ гэсэн чинь “намайг Гүржавын Нарантуяа гуай дуугуй бай” гэхээр нь би “чи яагаад миний үхсэн эцгийн нэрээр дуудаад байгаа юм бэ” гэсэн чинь “чи банзал, янхан авгай” гээд орилоод байхаар нь нүүрэн тус газар нь нэг хоёр удаа цохиод тэгээд гаргаад явуулсан. Би түүнийг баруун гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 88-89-р ху/,
3.Шүүгдэгч Г.Нарантуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 31-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Бид 2 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ миний хувьд ухаанаа алдтал согтоогүй байсан. Болсон бүх асуудлыг сайн мэдэж байна. Тунгалаг нилээн согтсон агсраад байсныг бодоход өөрийн гэсэн өөрийн гэсэн ухаантай байсан. Миний хувьд бол хааяа архи уудаг, дандаа уугаад байдаггүй. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж бусадтай таарамжгүй харьцаа, үүсгэж гэмт хэрэг үйлдэх болсон. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 84-р ху/,
4.Шүүгдэгч Г.Нарантуяагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 04-нд би Р.Баатархүүтэй согтуу таараад цаашаа банкинд мөнгө тушаах гэж байтал миний гар утас руу Р.Баатархүү залгаад “хүрээд ир” гэхээр нь байгаа газарт нь очсон чинь хэдэн хүмүүс архи ууж байхаар нь хамт ууцгаасан. Дараа нь Б.Тунгалагтай дахин согтуу таараад гэртээ авчираад хоол хийж өгч хамт архи ууж маргаж улмаар тийм зүйл болсон. Өөрийн хийсэн энэ үйлдлүүддээ маш их гэмшиж байна. Р.Баатархүү, Б.Тунгалаг нарт учруулсан хохирлынхоо заримыг төлж барагдуулсан. Үлдэн хохирлыг төлж барагдуулахаар илэрхийлж байна. ...гэх мэдүүлэг,
5.Хохирогч Б.Тунгалагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гэрээсзг гараад явж байсан чинь манай гудамжны үзүүрт, Бурхантай уулын доод хэсэгт Нарантуяа тээврийн хэрэгсэл жолоодсон, машин дээрээ хог ачсан, хажууд нь манай ангийн Аръяа гэдэг хүүхэн хамт явж байснаа миний хажууд ирээд зогссон чинь Аръяа “ангижав суу” гээд машиндаа намайг суулгасан. Тэндээс хөдлөөд хогийн цэг рүү явах замдаа би “дэлгүүр ороод ирье” гэхэд тэр хоёр зөвшөөрөөд би “Линда” дэлгүүрийн гадаа зогсоогоод өөрөө буугаад дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн хараа архи, 1 томундаатай аваад бид хогийн цэг рүү явсан. Тэгээд гүүр гараад Мөнхтуяа эгчийн гадаа очоод гэрт нь орохдоо би 1 шил архи бариад орсон. Би нөгөө 1 шил архиа задлаад Нарантуяа, Аръяа нартай хуваагаад талыг нь уусан. Аръяа “би энд үлдлээ” гээд үлдсэн. Тэгээд гарахдаа би тал шил архиа аваад гарсан. Замдаа Нараатай “хуваагаад ууя” гэсэн чинь “чиний наад архинаас чинь уухгүй” гэж хэлж байсан. Тэгээд “миний машинаас буу” гээд зогсоод намайг машинаасаа түлхэж буулгасан. Тэгээд тойрч ирснээ миний урдаас нүүр рүү цохиод авахад би ар дагзаараа газар унасан Түүнээс хойш юу болсон талаар сайн санахгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 19-20-р ху/,
6.Хохирогч Р.Баатархүүгийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өгсөн: ... 2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр Заяа гэдэг хүнтэй гол дээр архи уугаад сууж байгаад найз Нарантуяаг “хүрээд ир” гэж дуудсан. Түүнийг ирэхэд бид нар ууж байсан архинаасаа хуваагаад хамт уусан. Түүнийг дууссаны дараагаар Заяа нэг шил архинд явсан. Ирэхдээ 0.75 литрийн “Ерөөл” архи нэг шилийг аваад ирсэн. Тэгээд бид нар түүнийг ууж дуусгаад явахаар болоход би Нарантуяагийн машинд суугаад гэрт нь очсон. Тэдний гэрт ороход Нарантуяа “би хоол хийе, чи унтаж бай” гэхээр нь том өрөөнийх нь орон дээр гараад унтсан. Нэг сэрсэн чинь “чи яахаараа миний гар утсыг авдаг пизда вэ” гээд намайг орноос татаж буулгаад зодоод байсан. Би түүнтэй зууралдаж байгаад арай гэж салаад гарч гүйгээд урд айлынх нь хашааны цоорхойгоор яваад ортол баахан хүмүүс байхаар нь би тэр хүмүүсээс зугатаад ар талынх нь айлын хашаагаар дамжаад Ганбаа гэдэг айлын хашаагаар ороход тэднийхэн бүгдээрээ байсан. Тэгээд тэндээс надад сумын цагдаагийн албанд хандаад Мөнхбат цагдааг дуудаад эмнэлэгт хүргүүлж, эмнэлэгийн анхны тусламж авсан. ...миний хоёр нүд хөхөрч хавдсан одоо болтол эдгэхгүй байгаа, зүүн нүдний доод яс өвдөнө, тархи хөдөлсөн, хамрын яс хугарсан, толгой тархи байнга эргэж өвдөнө зэрэг зовиур байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/,
7.Гэрч Я.Аръяагийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нараа эгч Тунгаа бид 3 Мөнхтуяа эгчийн гэр лүү очоод Тунгаа авсан архиа аваад орсон. Тэнд задлахад Мөнхтуяа эгч бид хоёр уугаагүй, “ядраад байна” гээд би тэднийг газар дрожин дээр хэвтээд өгсөн. Нараа эгч Тунгаа хоёр хувааж уугаад бараагүй. Тал архиа аваад “хогоо асгая” гэхээр нь Мөнхтуяа эгчийн гэрээс 2 том хүрз аваад гарсан чинь Нараа эгч гэнэт “өнөөдөр хог асгахаа болилоо” гэсэн. Тэгээд тэр хоёр машиндаа суугаад тамхи татаад хөдөлсөн. Би “энд үлдлээ” гээд Мөнхтуяа эгчийн гэрт үлдсэн. Тэгсэн чинь өнөөдөр Тунгаа эмнэлэгт “хүнд зодуулаад бие нь муу хэвтэрт байна” гэхээр нь очсон. Бид 3 хооронд муудалцаж, зодолдсон асуудал болоогүй. Мөнхтуяа эгчийн гэрт ороод мөн муудалцаж зодолдоогүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-32-р ху/,
8.Гэрч С.Мөнхтуяагийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 15 цаг өнгөрөөгөөд үхэрт гараад саах гэж байхад манай гадаа хог ачсан цэнхэр портертой Нарантуяа, Тунгалаг, Аръяа нар ирсэн. “Хог асгах гэсэн юм хүрз өгөөч” гэсэн. Би гараад хүрзэндээ яваад буцаад гэртээ орж ирсэн чинь эрэгтэй нь /Тунгалаг/ 1 шил архи барьчихсан сууж байсан. Би гараад малынхаа хашаа руу яваад буцаад ирэхэд тэр гурав гадаа гараад зогсож байсан. “Нараа хүрз авахгүй юм уу” гэхэд “больё” гээд тэр хоёр машинаа асаагаад хашааны зүүн талаар тойроод яваад өгсөн. Аръяа болохоор “миний дотор муухай оргиод бөөлжих гээд байна” гээд манайд хоноод үүрээр 05 цагийн үед харьсан. Манай гэрт тэр 3 хоорондоо бараг юм яриагүй байж байгаад хоёр нь машинтайгаа явцгаасан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 37-38-р ху/,
9.Гэрч Н.Алтанцэцэгийн 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөө голын гүүрний хажууд байдаг хадмындаа байж байгаад 17 цаг өнгөрч байхад машин зам дээр гараад ирсэн чинь Нараа эгч машинтайгаа гараад ирсэн. Тэгэхээр нь би бүхээгт нь суугаад гэртээ хүргүүлсэн. Нараа эгч намайг буулгачихаад хашаандаа машинтайгаа орсон. Нараа эгч нилээн согтуу байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 39-40-р ху/,
10. Гэрч Н.Даваанямын 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Тасагт байдаг гэрээсээ 17 цаг өнгөрч байхад өөрийнхөө тээврийн хэрэгсэлээр явж байхад гүүр рүү салдаг зам дээр хоёр усны тохойн цаана цэнхэр машинтай Нарантуяа гэдэг хүн хөдлөөд бургасны ёроолд байсан шаварлуу машинаа оруулсан. Би хажуугаар нь өнгөрөөд төврүү явсан. Төвд гадуур ажил хөөцөлдөж яваад 18 цаг 30 минутын үед буцаад гүүр гараад гэр рүүгээ явж байхад эхлээд гүүрний цаана Нарантуяа машинтайгаа зам онохгүй хэрээд явж байхаар нь би түүнээс болгоомжпоод холуур яваад гүүр гараад явж байхад зам дээр замын голд нэг хүн цус нөж болсон хэвтэж байхаар нь хэсгийн төлөөлөгч рүү утсаар мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р ху/,
11. Гэрч Л.Болормаагийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Г.Нарантуяа одоогоор ямар нэгэн эрхэлсэн ажилгүй. Хэвтрийн өвчтэй эхээ сахиад гэртээ байдаг. Нөхөр нь “Болд төмөр Ерөө гол” компанид ажилладаг. Охин нь мөн уг компаний төмөр замд ажиллаж байгаа. Нилээн задгай яриа хөөрөөтэй, хүнд тусархуу, цагаан цайлган зантай, ажилсаг, хааяа архи уудаг, уусан үедээ агсам тавьж байхыг харж байгаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-р ху/,
12. Гэрч Т.Заяагийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 04-ны өдөр гол дээр очоод авч очсон нэг шил архи задлаад уугаад сууж байхад Нарантуяа эгч ирээд бид нар хуваагаад уусан. Дараа нь би дэлгүүр яваад 0.75 литрийн “Хараа” архи 2 шилийг авчирсан. Тэгээд түүнийг бид нар дахин хуваан уугаад дууссаны дараа Нарантуяа эгч Баатархүү эгчийг аваад гэррүүгээ явлаа гээд яваад өгсөн. Тэр хоёр голын эрэг дээр архи уугаад сууж байхдаа хоорондоо муудалцаагүй, сүүлийн нэг шил архинаас Баатархүү эгч бараг уугаагүй. Тэр хоёр бол ухаанаа алдтал бол согтоогүй, өөрийн гэсэн ухаантай явсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/,
13. Гэрч Т.Эрдэнэцэцэгийн 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад манай хашааны гадаа, манай гэрийн урд руу гэр нь байдаг Баатархүү гэдэг эмэгтэй “хүнд зодуулчихлаа” гээд зогсож байсан. Нүүр ам нь хүн танигдахын аргагүй болсон байсан. Хэнд зодуулсан талаар нь асуухад “Нарантуяад зодуулсан” гэж хэлсэн. Баатархүү согтуу байсан. Нарантуяа утасны цаанаас согтуу яриад байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/,
14.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Б.Тунгалагийн биед тархины доргилт, доод эрүү ясны зөрөөтэй хугарал, баруун сэртэнгийн хугарал, ухархайн гадна, дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, гайморын хөндийд шингэн хуралдсан, зүүн чамархайн ард хэсэгт язарсан шарх, хамрын хянга нурууны мурийлт, эрүү, хүзүү цээжинд улаан хүрэн цус хуралт зулгаралтын зөөлөн эдийн нязралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 51-р ху/,
15.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 239 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Р.Баатархүүгийн биед хамар ясны хугарал, зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зовхи бугалга, гуя, шилбэнд цус хуралтын зөөлөн эдийн няралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг удаан түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 71-р ху/,
16.Шүүгдэгч Г.Нарантуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 95,107-р ху/, яаралтай тусламжийн хуудас, /хх-ийн 06-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 11-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 12-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 13-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, /хх-ийн 52-53-р ху/, яллагдагчаар татах тогтоол, /хх 78-80,86-87-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх 81-84,88-91-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 54-55,72-73-р ху/, хохирогчийн өвчний түүх /хх-ийн 57-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, /хх-ийн 94-р ху/, хохирлын талаарх баримтууд /хх-ийн 117-11,121-118-123-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нарантуяаг согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт орших өөрийн гэртээ иргэн Р.Баатархүүтэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт иргэн Б.Тунгалагийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчболон хохирогч нарын хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан яаралтай тусламжийн хуудас, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, хохирогчийн өвчний түүх, хохирлын талаарх баримтууд, зэрэг нотлох баримтыг шинжлэн судлаад Г.Нарантуяаг согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багт орших өөрийн гэртээ иргэн Р.Баатархүүтэй маргалдаж улмаар эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, мөн согтуугаар 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт иргэн Б.Тунгалагийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Нарантуяа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, болон хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Хохирогч нарын нэхэмжилсэн нэхэмжлэлээснийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, мөн гаргагдахгүй болсон зарим нэг баримт болон давхардуулсан мөн гэмт хэрэг гараагүй байхад хэрэглэсэн гэх баримтуудыг хасч тооцсон болно. Мөн хохирогч Б.Тунгалагтбанкаар дамжуулан өгсөн 450.000 төгрөгийг хасч тооцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.4-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Тугчин овогт Гүржавын Нарантуяаг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тугчин овогт Гүржавын Нарантуяаг 500 /таван зуу/ нэгжээр, мөн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжээр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8-р зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нарантуяад оногдуулсан ялын хөнгөн ялыг нь хүндэд нь нэмж нэгтгэн бүгд 950 /есөн зуун тавин/ нэгжээр торгож шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Г.Нарантуяагийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 950 /есөн зуун тавин/ нэгжээр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Нарантуяад мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Г.Нарантуяа нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурьдсугай.
7.Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Г.Нарантуяагаас 725.700 төгрөг гаргуулан хохирогч Р.Баатархүүд 446.200 төгрөг, хохирогч Б.Тунгалагт 279.500 төгрөг тус тус олгосугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.Нарантуяад хохирогч нарт төлөх хохирлын төлбөрөө 2018 оны 12-р сарын 01-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Нарантуяад мэдэгдсүгэй.
10.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нарантуяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН