Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2023/00019

 

 

 

             

 

   Н.Е-ы нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00989 дүгээр шийдвэртэй, тус аймгийн ***** багт оршин суух Н.Е-ы нэхэмжлэлтэй, хариуцагч **** үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох,

 

“2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,616,573 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, мөн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Тиянах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. Миний бие анх Баян-Өлгий аймгийн Т- сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад мөн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар намайг Т- сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн.

1.2. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан ба Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2022/0028 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, намайг Т- сумын Засаг даргаар эгүүлэн томилох тухай шийдвэр гарсан.

1.3. Үүний дараа 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Б/08 дугаар захирамжаар намайг Т- сумын Засаг даргаар эгүүлэн томилсон ба 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны миний цалин хөлсийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

1.4. Хөдөлмөр нийгмийн Хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар Дундаж цалин хөлс тодорхойлох журам батлагдсан байдаг. Тус журмын 2.1.1-д ...нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэжээ.

1.5. Иймд миний бие Т- сумын Засаг даргаар Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б\03 дугаар захирамжаар томилогдсон ба Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б\30 дугаар захирамжаар намайг Т- сумын Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаанд миний бие дараах байдлаар цалин хөлс авч байсан. Үүнд: 2021 оны 01 дүгээр сард 1299476 төгрөг, 2 дугаар сард 1387869 төгрөг, 3 дугаар сараас 2021 оны 7 дугаар сар хүртэл сар бүр 1367869 төгрөгийн цалин авч байсан. Нэхэмжлэгч Н.Е- миний ажлын нэг өдөрт авч байсан цалинг дараах байдлаар тооцов: 1367869:22 хоног=62176 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 35 хоног болж байгаа ба үүнээс 26 хоног нь ажлын өдөр байна. Тухайн 26 ажлын өдөрт миний авах ёстой цалин 1616573 төгрөг болж байна. (62176х26 хоног=1616573 төгрөг)

1.6. Иймд Н.Е- надад 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,616,573 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэсэн байна.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Төрийн албаны Зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04\1562 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлсэн Т- сумын Засаг дарга Н.Е-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх мэдэгдэл ирүүлсэн бөгөөд тус Төрийн албаны Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга миний бие 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б\30 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн юм.

2.2. Иймд нэхэмжлэгч Н.Е-ы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00989 дүгээр шийдвэрээр:

3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1616573 (нэг сая зургаан зуун арван зургаан мянга таван зуун далан гурван) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Е-д олгож, нэхэмжлэгч Н.Е-ы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад даалгаж,

3.2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 40815 (дөчин мянга найман зуун арван таван) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Төрийн албаны Зөвлөлийн 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 04/1562 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлсэн Т- сумын Засаг дарга Н. Е-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэх мэдэгдэл ирүүлсэн. Тус Төрийн албаны Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга миний бие 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн Б/30 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлсөн.

4.2. Иймд нэхэмжлэгч Н.Е-ы 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан цалин гаргуулах болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

4.3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчиж шийдвэрлэсэн байх тул Баян-Өлгий аймгаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00989 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч анхан шатны шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар нотлох баримт гаргаж өгөөгүй.

5.2. Нэхэмжлэгч талаас захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчээс ажлаас чөлөөлсөн гэж хариуцагч тал тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар нэхэмжлэгч захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн шийдвэрээр ажилтныг ажилд эгүүлэн тогтоосон байгаа. Дараа нь 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хоорондох хугацааны цалингаа нэхэмжилсэн.

5.3. Нэхэмжлэл дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

 

7. Нэхэмжлэгч Н.Е- нь хариуцагч тус аймгийн Засаг даргад холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 1,616,573 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.    

 

8. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалбал дараах үйл баримтууд  тогтоогдлоо:  

8.1. Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б нь 2021 оны 8 дугаар сарын сарын 12-ны өдрийн №Б/30 дугаартай “Т- сумын Засаг дарга Н.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжаар Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг болон хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн гэх үндэслэлээр Т- сумын Засаг дарга Н.Е-ыг 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлжээ.    

8.2. Нэхэмжлэгч Н.Е- энэхүү Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б-ны 2021 оны 8 дугаар сарын сарын 12-ны өдрийн №Б/30 дугаартай захирамжийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 110/ШШ2022/0028 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Б-ны 2021 оны 8 дугаар сарын сарын 12-ны өдрийн №Б/30 дугаартай “Т- сумын Засаг дарга Н.Е-ыг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгож, Н.Е-ыг Т- сумын Засаг даргаар эгүүлэн тогтоожээ.

8.3. Хариуцагчаас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 1682 дугаартай захирамжаар түүнийг гомдол гаргаагүйд тооцсон тул нэхэмжлэгчийн  эгүүлэн тогтоосон  Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 28 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.   

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж хуульчилсан бөгөөд ажил олгогч тус аймгийн Засаг дарга дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Н.Е-ыг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тус аймгийн Т- сумын Засаг даргаар эгүүлэн томилсон байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх хууль зүйн үндэслэлтэй.         

 

10. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.3.5 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговор олгохоор заасан тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2022 оны  6 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны 1,616,573 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагч ажилтанд нөхөн төлөх үүрэгтэй.  

 

11. Дээрх журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж заасан боловч нэхэмжлэгчээс 2022 оны  6 дугаар сарын 02-ны өдрөөс ажилд томилсон 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацааны цалин болох 1,616,573 төгрөгийг нэхэмжилсэн, хариуцагчаас тооцооллын тал дээр маргаагүй зэрэг нөхцөл байдлыг үнэлж, анхан шатны шүүх хууль хэрэглээний болон тооцооллын алдаа гаргаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

 

12. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүх нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн” гэх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00989 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.А-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

                                    ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

 

 

ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ