| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0207/Э |
| Дугаар | 213 |
| Огноо | 2018-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 213
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Энхтуяа
Хохирогч М.Болдбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваасүрэн
Нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цахир овогт Жигжидсүрэнгийн Ганбаатарт холбогдох 1831000000212 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1975 оны 02 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 43 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 311 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цахир овогт Жигжидсүрэнгийн Ганбаатар /РД:МЬ75021915/
Шүүгдэгч Ж.Ганбаатар нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 3 дугаар хэсэг, 12-011 тоотод оршин суух иргэн Д.Мягмарын гэрт хамт архи ууж байсан М.Болдбаатартай маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-нд яллагдагчаар өгсөн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед танил М.Болдбаатартай зах дээр тааралдаж хамтдаа Салхитын аманд Хонгорын гэрт очиж түүний модны хөрөөг засаж өгсөн. Тэнд М.Болдбаатар бид 2 Хонгорын гаргаж өгсөн “Соёрхол” нэртэй 0,5 литрийн 2 шил архийг хувааж уусан. Хонгор өөрөө архи уугаагүй. Орой 20 цагийн үед Хонгорын машинаар Болдбаатар бид 2 ПСМК-д хүргүүлж, Мягмарын гэрт очсон. М.Болдбаатар ПСМК-ын дэлгүүрээс “Ерөөл” нэртэй 0,75 граммын нэг шил архи авч Мягмарын гэрт Мягмар, Нямхүү, Болдбаатар бид 4 хувааж ууж байхад гаднаас Батцэнгэл орж ирээд хамт уусан. Тэр үед Батцэнгэл архи уусан байдалтай орж ирсэн. Болдбаатар “Ерөөл” нэртэй 0,5 граммын нэг шил архи дахин авч Мягмарын гэрийн нэг өрөөнд Болдбаатар бид 2 хувааж уусан. Энэ үед Мягмар, Нямхүү, Батцэнгэл 3 унтсан байсан. Болдбаатар бид 2 нөгөө өрөөнд ойр зуурын юм ярьж суутал Батцэнгэл өрөөнд орж ирээд “хүн унтаж амарч байхад чанга, чанга яриад байх юм” гэхэд Болдбаатар “цаашаа бай” гэж хэлээд Батцэнгэлийг гараараа түлхтэл Батцэнгэл хойшоо унахад нь би Батцэнгэлийг өмөөрч “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд түүний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиж, арагшаа унахад нь нэг удаа өшиглөсөн. Ингээд Болдбаатар гарч явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р ху/,
2. Шүүгдэгч Ж.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 10 дугаар сарын 09-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Болдбаатарт шүдний эмчилгээ болон хиймэл шүд хийлгэхэд 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Маргааш нь Болдбаатар над руу утсаар шүдээ хийлгүүлсэн талаар ярьсан. Би өөрийн үйлдсэн гэм бурууг ойлгож байна. Энэ хэргийг үйлдсэн шалтгаан нь архи уусан үедээ өөрийн найзыгаа хүндэлж ойлгоогүйгээс боллоо гэж бодож байна. Иймд миний үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. ...гэх мэдүүлэг /хх-ийн 27-р ху/,
3.Шүүгдэгч Ж.Ганбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...Болдбаатар бид хоёр 2018 оны 09 дүгээр сарын 26-нд зах дээр таараад “Салхитын ам”-нд айлд очсон. Тэнд 2 шил архи уусан. Тэгээд орой 20 цагийн үед “ПСМК” руу Мягмарын гэрт очсон. Очиход Нямхүү Мягмар 2 байсан. Болдбаатар бид хоёр Мягмараас “танай хойд өрөөнд хоноод явъя” гэж хэлээд өрөөнд нь 1 шил архи ууж байтал Батцэнгэл орж ирээд “унтаж амармаар байна та хоёр чанга яриад байна” гэж хэлээд нь Болдоо руу дайраад байхаар нь би Болдоог өмөөрч Батцэнгэлтэй маргатал Болдоо Батцэнгэлийн талд орж над руу дайрахаар нь би Болдоогийн нүүрэн тус газарт нь нэг удаа өшиглөсөн. ...гэх мэдүүлэг,
4.Хохирогч М.Болдбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:... Ж.Ганбаатар бид хоёр өдөр 1 цагт зах дээр таараад “Салхитын ам”-нд айлд хөрөө янзалчихаад 1 шил архи уусан. Орой 20 цагт бид хоёрыг “ПСМК”-д Мягмарын гэрт хүргэж өгсөн. Тэнд Батцэнгэл Нямхүү нар байсан. Бид хоёр Мягмараас хойд өрөөнд нь хонох зөвшөөрөл аваад унтах гэж байтал Батцэнгэл өрөөнд орж ирээд “чимээгүй бай унтаж амармаар байна” гэж хэлсэн. Ж.Ганбаатар намайг өмөөрч Батцэнгэлтэй маргахаар нь би Батцэнгэлийн зөв юм байна гэж бодоод Ж.Ганбаатарын маргааныг болиулах гэтэл Ж.Ганбаатар намайг нэг өшиглөсөн. ...гэх мэдүүлэг,
5.Хохирогч М.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн: ... Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Ж.Ганбаатартай зах дээр тааралдсан. Тэгээд бид 2 хамтдаа салхитын аманд Ганбаатарын найзынд очиж хөрөөг нь тохируулж өгөөд тэнд 2 шил архи уусан. Тэгээд тэр айлын хүнээр орой 20 цагийн орчим ПСМК-д хүргүүлсэн. Тэнд бид 2 Мягмар гэх ахынд ороход тэднийд Мягмар ах нэг хүнтэй байсан. Би эхлээд дэлгүүрээс нэг шил архи авч бид 4 хувааж уусан. Тэр үед гаднаас нэг согтуу залуу орж ирсэн. Нэрийг нь Батцэнгэл гэж байсан. Тэгээд архи дуусахаар нь би Ганбаатартай хамт гарч дахин нэг шил архи авч ороход нөгөө 3 унтсан байсан. Ганбаатар бид 2 нөгөө өрөөнд нь орж авчирсан архиа уугаад ойр зуурын юм ярьж инээж суутал өрөөний хаалга онгойж Батцэнгэл орж ирээд “хүн унтаж байхад чанга, чанга яриад байх юм” гэхээр нь би “цаашаа бай” гээд түлхтэл Батцэнгэл хойшоо унасан. Тэр үед Ганбаатар босч ирээд Батцэнгэлийг өмөөрөөд “чи яаж байгаа юм бэ” гээд миний нүүрэн тус газар цохисон. Би арагшаа газар унахад Ганбаатар миний нүүр лүү өшиглөсөн. Тэгээд би сайн санахгүй байна. Тэр 2 , 2-уулаа намайг өшиглөөд байх шиг байсан. Тэгээд болихоор нь би гараад явсан. Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг /хх-ийн 4-р хуудас/,
6.Гэрч Д.Батцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн үед ПСМК-д Мягмар ахынд нилээн халамцуу ороход Нямхүү ах, Мягмар ах нар байсан. Нөгөө өрөөнд нь Болдоо, Ганбаатар нар байсан. Тэр 2 гаднаас 2 шил авчирсан ууж байсан. Тэр 2 шөнө чанга, чанга яриад байхаар нь өрөөнд нь ороод “болилдоо” гэсэн чинь Болдоо намайг нүүр лүү нэг удаа цохиод өшиглөөд унагаасан. Тэгэхэд Ганбаа босч ирээд Болдоог түлхэж унагаад нүүр лүү нь өшиглөх шиг болсон. Тэгээд Болдоо гараад явсан. Цагдаа нар ирээд биднийг эрүүлжүүлсэн. Миний биед гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
7.Хохирогч М.Болдбаатарын 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 15 цагийн орчим Ж.Ганбаатартай зах дээр тааралдсан. Тэгээд бид 2 хамтдаа салхитын аманд Ганбаатарын найзынд очиж хөрөөг нь тохируулж өгөөд тэнд 2 шил архи уусан. Тэгээд тэр айлын хүнээр орой 20 цагийн орчим ПСМК-д хүргүүлсэн. Тэнд бид 2 Мягмар гэх ахынд ороход тэднийд Мягмар ах нэг хүнтэй байсан. Би эхлээд дэлгүүрээс нэг шил архи авч бид 4 хувааж уусан. Тэр үед гаднаас нэг согтуу залуу орж ирсэн. Нэрийг нь Батцэнгэл гэж байсан. Тэгээд архи дуусахаар нь би Ганбаатартай хамт гарч дахин нэг шил архи авч ороход нөгөө 3 унтсан байсан. Ганбаатар бид 2 нөгөө өрөөнд нь орж авчирсан архиа уугаад ойр зуурын юм ярьж инээж суутал өрөөний хаалга онгойж Батцэнгэл орж ирээд “хүн унтаж байхад чанга, чанга яриад байх юм” гэхээр нь би “цаашаа бай” гээд түлхтэл Батцэнгэл хойшоо унасан. Тэр үед Ганбаатар босч ирээд Батцэнгэлийг өмөөрөөд “чи яаж байгаа юм бэ” гээд миний нүүрэн тус газар цохисон. Би арагшаа газар унахад Ганбаатар миний нүүр лүү өшиглөсөн. Ингээд би гарч яваад утсаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
8.Хохирогч М.Болдбаатарын 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн: ... Одоо миний бие эрүүл зүгээр болсон. Би 10 дугаар сарын 05-ны өдөр 10 цагийн үед Сүхбаатар сумын шар байрны 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг шүдний эмнэлэгт үзүүлэхэд “унасан шүдний оронд хиймэл шид хийж болно” гэж зөвлөгөө өгч хиймэд шүдний хэв авсан. Ганбаатар шүд хийлгэх мөнгө өгнө гэсэн. Тэгээд Ганбаатар 100.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,
9.Гэрч Д.Батцэнгэлийн 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн орой 23 цагийн үед өөрийн танил Мягмарын гэрт нилээн халамцуу очиход Мягмар, Нямхүү, Ганбаатар, Болдбаатар нар 0,75 граммын “Ерөөл” нэртэй архи ууж байсан. Надад ууж байсан архинаасаа өгсөн. Ингээд архиа ууж дуусгаад Мягмар, Нямхүү бид 3 унтаж амарсан. Нөгөө өрөөнд Болдбаатар, Ганбаатар нар үлдсэн. Шөнө цагийг нь санахгүй байна. Нөгөө өрөөнд чанга, чанга яриад яриад унтуулахгүй байхаар нь би босоод тэр 2-т “хүн унтаж амарч байхад боль л доо” гэсэн чинь Болдбаатар “чи цаашаа” гэж хэлээд гараараа намайг түлхэж унагаагаад нэг удаа хий өшиглөсөн. Тэгэхэд Ганбаа босч ирээд Болдоог түлхэж унагаад нүүр лүү нь өшиглөх шиг болсон. Тэгээд Болдоо гараад явсан. ...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,
10.Гэрч С.Ичинноровын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ж.Ганбаатар нь миний төрсөн хүү байгаа юм. Одоо эрхэлсэн тодорхой ажилгүй. Зан байдлын хувьд төлөв томоотой, ах дүү нартай тусархуу, ямар ч ажлыг голохгүй хийдэг, хүнтэй зөв харьцдаг, сүүлийн 2 жил архи уудаг болсон гэж хүнээс сонсдог болсон. Гэрээрээ архи уусан байдалтай ирдэггүй. Урьд өмнө нь ямар нэгэн хэрэг төвөгт орж байгаагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
11.Гэрч Ч.Нямхүүгийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 15 цагийн үед Мягмарын гэрт 0,75 граммын архитай орж 2-лаа хувааж уусан. Орой 20 цагийн үед Ганбаатар үл таних залуутай хамт 0,75 граммын нэг шил архитай орж ирээд хувааж уусан. Ингээд би Мягмарын гэрт унтсан. Шөнө цагийг нь мэдэхгүй байна, цагдаа нар намайг сэрээсэн. Тэр үед Ганбаатар хамт ирсэн залуугаа зодсон гэж сонссон. Би болсон асуудлын талаар үзэж хараагүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/,
12.Гэрч Д.Мягмарын 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр орой 20 цагийн үед Ганбаатар, түүний найз Болдбаатар 2 ирж, манай жижиг өрөөнд 0,75 граммын нэг шил архи хувааж уусан. Тэгэхэд манай гэрт хамт байдаг Батцэнгэл халамцуу орж ирээд бид нарын ууж байсан архинаас уусан. Ингээд манай гэрийн жижиг өрөөнд Ганбаатар, Болдбаатар үлдээд нөгөө өрөөнд Батцэнгэл, Нямхүү бид 3 унтсан. Маргааш өглөө нь босоход Нямхүү “шөнө танай гэрт бид нарын унтаж байх хооронд Ганбаатар, Болдбаатар, Батцэнгэл нар хоорондоо маргалдаж, цагдаа нар ирсэн” гэж ярьсан. Би зодооны талаар харсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
13.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 368 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. М.Болдбаатарын биед нэг шүдний хугарал, дух, зовхи, хацар, шанаанд цус хуралт, залгаралтын зөөлөн эдийн няралтай гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт, /хх-ийн 20-р ху/,
14.Шүүгдэгч Ж.Ганбаатарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 34-р ху/, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-р ху/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл, /хх-ийн 25-27-р ху/, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 19-р ху/, шүүгдэгч, хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 21-22-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Ганбаатарыг 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 3-р хэсэг 011 тоотод иргэн Д.Мягмарын гэрт хамт архидан согтуурч байсан М.Болдбаатартай маргалдан улмаар түүнийг зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхдээ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрүүлэх хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа
хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг сайн ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохиролгүй, болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, мөн битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-р зүйлийн 1,9, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цахир овогт Жигжидсүрэнгийн Ганбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Цахир овогт Жигжидсүрэнгийн Ганбаатарыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Ганбаатарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжээр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Ганбаатарт мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Ж.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч Ж.Ганбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН