| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0055/Э |
| Дугаар | 61 |
| Огноо | 2018-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., 17.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 61
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав
Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: Т.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овогт Т.А-т холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, фермер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт Увс аймгийн Сагил сумын 3-р багт оршин суух, гавъяа шагналгүй, РД:....., Т ургийн овогтой Т.А.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.У-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
- 2018 оны 1 дүгээр сарын 07-нд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 15-02 тоотод байрлах Ж.Т-ын гэрээс 2.400.000 төгрөгийн үнэ бүхий булган шуба хулгайлсан,
- 2018 оны 1 дүгээр сарын 12-нд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Г” хүнсний дэлгүүрээс 38.700 төгрөгийн эд зүйл илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Т.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар.
1. Шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Т.А нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.У-ийг зодсон болох нь хохирогч Б.У-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Т.А-тай хурим найраа хийж тусдаа гарсан юм. А бид хоёр одоогоор Сагил сумын 3-р баг “Өндөр мод” гэх нэртэй газарт мал маллаж амьдардаг. Бид хоёр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж амжаагүй байгаа. 2017 оны 12-р сарын 10-ны өдөр нөхөр бид хоёр Сагил сумаас аймгийн төвд орж ирсэн юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 11-ний 20:00 цагийн үед А бид хоёр Улаангом сумын 10 дугаар баг Тээврийн хороонд байх манай хамаатны ах болох Бын гэрт очсон юм. А, Б нар нь 2.5 литрийн “Сэрүүн” нэртэй 2 сав пиво хувааж уусан. Тэгээд 23:00 цагийн үед А бид хоёр Б-ын гэрээс гараад Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байдаг “Б” үсчин гоо сайхны газар луу А-ын найзтай уулзахаар очсон. А бид хоёр “Бадмаараг” үсчинд очиход уг үсчин гоо сайхны газарт А-ын найз Б ганцаараа байсан юм. Тэр үед А согтуу байсан бөгөөд надад “Чи манай аав, ээж хоёрт яах гэж худлаа яриад байгаа юм бэ? Би чамайг дээрэлхсэн зүйл байхгүй” гэж хэлээд агсам тавьж эхэлсэн юм. А намайг манай найз болох Алтанбаяр гэх залуутай холбоотой байдаг гэж хардаад байдаг бөгөөд энэ шалтгааны улмаас бид хоёр 3 удаа хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан юм. Тэгээд А нь үсчин дотор надад агсам тавьж байгаад намайг заамдаж аваад гараараа миний нүүр, толгой, хоёр гар луу цохисон. Мөн миний гэдэс рүү хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм. Тэгээд А, Б бид гурав А-ын танил гэх айлд очиход тухайн айлд миний танихгүй 4 хүн байсан бөгөөд уг айлд байсан 4 хүн болон А, Б нар нь 2.5 литрийн “Боргио” гэх нэртэй пиво 1 ширхэг, 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архийг хувааж уусан. Би уг архинаас уугаагүй юм. Тэгээд 2017 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 02:00 цагийн үед тэр айлаас А, Б бид гурав гарсан. Тухайн айлаас гараад явж байтал А дахин хоёр гараараа миний толгой руу хэд хэдэн удаа цохиод хөл, гэдэс рүү өшиглөсөн бөгөөд тэр үед миний баруун нүд хөхөрч, хамар хэсгээр хавагнаж, толгой өвдөөд байсан юм. Тухайн үед А бид хоёрын хажууд Б байсан бөгөөд бид гурав тэндээсээ алхаад “Хүслэн” гэх зочид буудалд очсон. Бид гурав тэндээ нэг өрөө аваад орсон ба А тэнд архи уух гээд намайг “Буудал ажлуулж байгаа эгчээс аяга аваад ир” гэж хэлэхээр нь би буудал ажиллуулж байсан эгчээс аяга авахаар зогсож байхдаа тэр эгчид “Эгчээ намайг манай нөхөр зодоод байна” гэж хэлсэн. Тэгж байтал А хүрч ирээд намайг дагуулаад өрөө рүү ороод надад “Чи яах гэж худал хэлээд байгаа юм бэ” гэж хэлээд дахин миний нүүр лүү гараараа цохисон тул би өрөөнөөс гүйж гараад буудал ажиллуулж байгаа эгч дээр очоод цагдаад дуудлага өгсөн юм. А бид хоёр урьд өмнө нь гурван удаа хэрэлдэж маргалдаж байсан бөгөөд тухайн үед намайг зодож цохиж байгаагүй юм. А бид хоёр тусдаа гарч хамт амьдраад 2 сар болж байгаа. Одоо миний толгой, гэдэс өвдөж байна. Мөн миний хамар, зүүн нүд хөхөрсан байсан. А нь намайг зодож миний биед гэмтэл учруулсан явдалд би гомдолтой байна. Эмчилгээний зардалд 500.000 төгрөг гарсныг төлж барагдуулаагүй байгаа ” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06, 7-8-р тал/,
гэрч Д.Б-ы мөрдөн байцаалтанд өгсөн “Намайг 2017 оны 12-р сарын 11-ний өдөр 22:50 цагийн үед би Улаангом сумын 03 дугаар багт байх “Жэтс” клубд үсчдийн шинэ жилийн арга хэмжээнд оролцож байтал над руу манай найз А-ын эхнэр У залгаад “Хаана байна, гарах болж байна уу, би очих гэж байна” гэж хэлсэн. Тэгээд удалгүй 23:00 цагийн үед У, А хоёр “Жэтс” клубын гадна ирж бид гурав тэндээсээ алхаад Хөдөлмөрийн дээд сургуулийн урд талд байх миний ажилладаг “Б” үсчин гоо сайхны газар луу явсан юм. Тухайн үед А согтуу байсан бөгөөд У архи уугаагүй эрүүл байсан. Тэгээд би өөрийн ажилладаг үсчний газрынхаа хувцас солих жижиг өрөө рүү ороод хувцсаа сольж байхад У, А хоёр хоорондоо хэрэлдээд эхэлсэн бөгөөд А нь Ут “Чи худал хэлээд, өөр хүнтэй ярьж мессэж бичсэн биз дээ. Манай ах, дүү нарт худал хэлж намайг буруутгадаг биз дээ. Би чамайг зодож чадна” гэж хэлээд агсам тавиад байх шиг байсан. Тэгэхээр нь би хувцсаа сольчихоод өрөөнөөс гарахад А нь гараараа Уийн толгой, гар луу нь цохиод, гэдэс бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд байсан юм. Тэгэхээр нь би дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэгээд байж байтал надтай хамт ажилладаг үсчин Д орж ирээд хувцасаа солиод гарсан бөгөөд Д эгч гарахдаа А, У бид гуравт “Та нар манайд хүрээд ирээрэй” гэж хэлээд явсан юм. Тэр үед А уурлахаа болиод бид гурав хэсэг хугацааны дараа Улаангом сумын 9 дүгээр багт байх Д-гийн гэрт очиход Д эгч нөхөр, бага насны 2 хүүхдийнхээ хамт, мөн гоо сайханч М нар байсан юм. Бид гурав 0.5 литрийн “Улаанбаатар” нэртэй 1 шил архи авч очсон бөгөөд уг архийг задлаад тойруулаад эхэлж байтал М эгч “Нөхөр дуудаад байна” гэж хэлээд яваад өгсөн юм. Тэгээд уг архийг бид нар хувааж ууж байтал У гэнэт уйлаад байсан юм. Тэгтэл Д эгчийн нөхөр “Та нар манай гэрт яагаад уйлаад байгаа юм. Айлд орж ирчихээд уйлаад байж болохгүй ш дээ” гэж хэлсэн. Тэгээд А, У бид гурав тэр айлд байж байгаад 02:00 цагийн үед гараад хашааны гадна явж байтал А нь У-т “Чи яагаад айлд ирээд уйлаад байгаа юм” гэж хэлээд гараараа Уийн толгой, нүүр лүү нь хэд хэдэн удаа цохисон. Мөн гэдэс рүү нь өшиглөөд байсан тул би дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэр үед У-ийн зүүн нүд, хамар хэсэг нь хавагнасан. Тэгээд бид гурав тэндээсээ алхаад “Хүслэн” гэх нэртэй зочид буудалд очоод буудлын нэг өрөөнд орсон юм. Уг өрөөнд ороод байж байтал А нь У-т “Чи архи уух аяга олоод ир” гэж хэлэхэд У гараад явсан. Удалгүй араас нь А гарч яваад Уийг дагуулаад өрөөнд орж ирээд А Ут “Чи яах гэж худал хэлээд байгаа юм бэ” гэж хэлээд нүүр лүү нь гараараа цохиод байсан юм. Тэгтэл У гүйж гараад буудал ажиллуулж байгаа хүнд хэлээд цагдаад дуудлага өгсөн байсан. А, У бид гурав найзууд бөгөөд найзлаад 3 жил болж байгаа юм. А У-ийн толгой, нүүр, гар, хөл рүү гараараа цохиж, хөлөөрөө гэдэс рүү нь хэд хэдэн удаа өшиглөж зодсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10-р тал/,
гэрч Ц.Л-ийн мөрдөн байцаалтанд өгсөн “2017 оны 12 дугаар сарын 11-ний шөнө 02:20 цагийн үед А гэх залуу, Б гэх эмэгтэй болон өөр нэг эмэгтэйгийн хамт ирээд миний ажилладаг “Хүслэн” буудалд өрөө авсан юм. Удалгүй А-тай хамт явсан эмэгтэй нь гарч ирээд надад “Эгчээ А намайг зодоод байна. Би яаж зугатаах вэ?” гэж хэлээд байж байтал А орж ирээд тэр охиныг дагуулаад өрөө рүүгээ явсан. Тухайн үед А хаалганы гадна чагнаад зогсож байсан юм байна лээ. Тэгтэл удалгүй минут ч болоогүй байтал нөгөө охин гүйж гарч ирээд “Эгчээ намайг аваарай” гэж хэлээд миний өрөөнд орж ирэхээр нь би түүнийг өөрийнхөө араар оруулахад А араас нь гүйж гарч ирээд тэр охиныг зодоод, өшиглөөд байсан. Тэгэхээр нь би тэднийг салгаад тэр охиноос дугаар авч ар гэрийн хүмүүсийг нь дуудахад 2 эрэгтэй, 2 эмэгтэй хүмүүс ирээд цагдаад дуудлага өгсөн юм. Тухайн үед А тэр охины толгой руу нь цохиод, хөл рүү нь өшиглөөд байсан. Мөн миний араар ороход нь хөөгөөд цохиод байсан юм. Анх тэр охин буудалд орж ирэхэд түүний биед ил харагдах бэртэл, гэмтэл ажиглагдаагүй. Сүүлд миний хажууд тэр охиныг зодоход нүд нь хөхөрч, хамар нь гэмтэж, хөл нь хөхөрсөн байсан. Надад хөлөө гаргаж үзүүлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-р тал/,
гэрч Д.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 12 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Сагил суманд гэртээ амарч байтал шөнө 02:30 цагийн орчимд миний дүүгийн нөхөр болох Н гэх хүн над руу утасдаад “Уийг нөхөр нь буудалд авч ороод зодчихсон байна. Та нар орж ирэх боломж байна уу” гэж хэлсэн тул би нөхрийн хамт тэр шөнө Улаангом суманд ирсэн юм. Биднийг ирэхэд У, А нарыг цагдаагийн газар дээр авч ирсэн байсан. А бид нарт “Би архи уугаад ухаан мэдрэлээ алдчихсан байна. Намайг уучлаарай” гэж хэлээд байсан бөгөөд өөр зүйл яриагүй.. Тухайн үед Уийн хамар яс хугарсан, зүүн нүдний орчимд хавдаж хөхөрсөн, доод уруул дотор талын завьж шалбарсан, зүүн хөл нь хөндүүрлэж өвдөж байсан. Ер нь нүүрнийх нь зүүн талаар маш их хавдартай, зүүн хөл нь энд тэнд хөхөрсөн байдалтай байсан ба “Толгой өвдөж байна” гэж хэлж байсан. Тархи нь доргисон гэж эмч хэлж байсан. Охин маань одоог хүртэл толгой болон бие нь өвдөж толгой эргэж, нүд нь харанхуйлж гэрт хэвтрийн байдалтай байгаа юм. У нь Атай 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж хурим найраа хийсэн боловч бид тэр хоёрын гэрлэлтийг албан ёсоор батлуулаагүй байсан юм. Энэ хугацаанд А нь миний охин Уийг элдэв янзаар хэл амаар доромжилж байсан гэж сонссон. Харин зодож цохиж байгаагүй юм байна лээ. Аынх манайхаас хол байдаг тул байнга очиж байгаагүй тул сайн мэдэхгүй байна. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгээд арай гайгүй болсон боловч үе үе хийж буй үйлдэл, хэлсэн зүйлээ мартчихаад байдаг болчихсон. Энэ хугацаанд А болон түүний ар гэрийнхний зүгээс бидэнтэй ирж уулзаагүй, эмчилгээний төлбөрийг барагдуулаагүй өдийг хүрсэн. Уулзах нь битгий хэл биеийг нь асууж утсаар ярьсан удаа ч байхгүй байна. Миний хувьд эрүүл саруул, өвчин хуучгүй хүүхдээ Ат эхнэр болгож өгөөд удаагүй байтал уг хэрэг гарч одоо охин маань өвчин эмгэгтэй болж, эрүүл мэндээрээ хохироод үлдэж байгаад гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р тал/,
шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тухайн үед пиво уугаад согтсон байсан бөгөөд эхлээд хардалтын улмаас Уийг зодсон. Дараа нь Уийг айлд уйлаад байсан тул гадна гаргаад зодсон. Сүүлд зочид буудалд очоод У буудлын ажилтанд худал хэлэхээр нь түүнийг дахин зодсон юм. Би “Жетс” баарны гадна Б-ыг хүлээж байтал хоёр залуу ирсэн бөгөөд нэг нь А гэх У рүү залгаад байдаг залуу байсан тул би түүнтэй маргалдаад зодолдож байтал хүмүүс салгасан юм. Надад зодуулаад У-ийн зүүн нүд хавдсан байсан. Би тухайн үед пиво уусан согтуу байсан бөгөөд У-ийг цохих үед хажууд Б, зочид буудлын ажилтан хоёр байсан. Манай эхнэр У нь А гэх залуутай утсаар холбогдоод харилцаатай байсныг би утаснаас нь санаандгүй мэдчихсэн юм. Энэ асуудлаас болж өмнө нь У бид хоёрын хооронд хааяа маргаан гардаг байсан боловч би У-ийг зодож байгаагүй. Би одоогоор Ут учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа бөгөөд бэлэн төгрөг байхгүй учраас 500.000 төгрөг гэхгүй мал өгье гэсэн боловч заавал бэлэн мөнгө авна гээд байгаа цаашид хохирлыг төлж барагдуулах болно. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэх мэдүүлэг,
Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 11 дугаартай: “Үзүүлэгч Б.У-ийн биед тухайн үед тархины доргилт, хамар яс хугарсан, доод уруулын дотор талын салст шалбарсан, зүүн нүдний эргэн тойрон, баруун бугалга, зүүн мөр, зүүн шилбэ, өвдөгний орчим хар хөхөрсөн зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.А-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.У-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт “А-т зодуулсны улмаас эмчилгээний төлбөрт 500.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд Аын зүгээс хохирол барагдуулсан зүйл байхгүй. Эмчилгээний төлбөрөө нэхэмжилж байна. Би гомдолтой байна ” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримт авагдаагүй байх тул шүүх тооцож гаргуулах боломжгүй байна. Иймд хохирогч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
2. Шүүгдэгч Т.А-ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 1 дүгээр сарын 07-нд Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн 15-02 тоотод байрлах Ж.Т-ын гэрээс Ч.О-ийн булган шуба хулгайлсан болох нь хохирогч Ч.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Мэс заслын тасагт ээлжийн сувилагчаар ээлжинд хоноод 09 цаг 30 минутын үед гэртээ ирсэн. Гэрт нөхөр Т, хүү Г нар унтаж байсан. Би гал түлж байтал Г босож ирээд зогсож байгаад “Ээжээ таны өлгөөтэй байсан шуба яасан юм бэ?” гэж би “Гэрт хоносон та нар мэддэг юм байгаа биз дээ. Авдарт хийгээгүй юм уу?” гэхэд Г “Авдарт хийгээгүй. Өлгөөтэй байсан шүү дээ” гэхээр нь авдар болон хувцасны шкафанд харахад байгаагүй. Би Тыг сэрээгээд “Миний шуба алга. Гэрт хэн хоносон юм бэ?” гэж асуухад “А ирж хоносон. Тэр л аваад явсан байна. Би гэрийг нь мэднэ” гэж хэлээд гараад явсан. Манай нөхөр Т тэр өдөр А-ыг хайж яваад нийгэмлэг спорт заалны хажууд байдаг дэлгүүрээс гарч ирээд тааралдахдаа шубыг урдаас нь шидчихээд зугатаасан байсан. Аын аав ирээд таксины мөнгө болох 40.000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 174-175-р тал/,
Гэрч Ч.Я-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Т.А 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өглөө 08.00 цагийн үед манайд ирэхдээ хар өнгийн булган шуба авч ирсэн бөгөөд уг шубыг хүнээс барьцаанд авсан гэж хэлсэн бөгөөд явахдаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 177-р тал/,
Гэрч Ж.Т-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын 06-ны шөнө Т.А гэдэг залуу манай гэрт 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво авч ирснийг хувааж уугаад унтаж амарсан юм. 2018 оны 1 дүгээр сарын 07-ны өглөө 07.30 цагийн үед А Т.А босчихсон тогоотой шөл халаагаад сууж байсан. Би хүү Г-ийг өвөртлөөд хэвтэж байгаад унтчихсан байсан. 09.30 цагийн үед эхнэр Ч.О ирж сэрээхэд эхнэрийн булган шуба хулгайд алдагдсаныг мэдсэн. Тэгээд би Аын очдог айлуудаар хайгаад Я-ийн гэрт очихоор явж байтал “Залуус өргөө” байрны 1 давхарын дэлгүүрийн гадна тааралдаад үг, хэлгүй миний урдаас гялгар ууттай шуба шидчихээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 178, 179-р тал/,
Гэрч Ю.П-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын эхээр гэртээ байж байтал манай хүргэн Т-ын найз А гэдэг залуу миний 99453136 дугаартай утас руу залгаад “Надад нэг булган шуба байна. танд 150.000 төгрөгөөр өгье” гэхээр нь “Аваад ир сонирхоё” гэхэд удалгүй 16.00 цагийн үед ганцаараа ирээд “Таксины мөнгө байвал өгөөч” би 1000 төгрөг өгсөнийг гаргаж өгөөд орж ирсэн. Гялгар ууттай шуба авч ирсэнийг гаргаж үзэхэд эмэгтэй хүний уртавтар, шинэвтэр, 2-3 л өмссөн юм шиг хар өнгийн үнэтэй шуба байсан. Би өмсөж үзэхэд надад томдож байсан. Ааас ямар учиртай шуба болохыг нь асуухад “Би найзындаа хоносон юм. Тэгтэл нөхөр нь миний утас, түрийвчийг авчихсан. Тэгэхээр нь би барьцаанд эхнэрийнхэн шубыг авчихсан” гэж хэлэхээр нь “Эхнэр нь юу гэж байна?” гэхэд “Эхнэр нь юу ч ярихгүй байна. Нөхөр нь хүний юм авчихсан болохоор юу гэдэг юм” гэж хэлсэн. Би Ааас “Тэр хүнийхээ дугаарыг өгчих би ярьж чиний утас, түрийвчийг авч өгье. Хүний үнэтэй хувцасыг буцааж өгөөрэй” гэж хэлэхэд “Би тэр хүмүүстэй орой 5 цагт мөнгө бэлэн болго гэж ярьсан байгаа” гэж хэлсэн. А манай баруун талын орон дээр хэвтэж байгаад унтчихсан байхаар нь би 18.00 цагийн үед “Миний дүү босоорой. Нөгөө цаг чинь зөрчихлөө” гээд босгосон. А босоод утсаа гаргаж ирээд хүнтэй ярьж байгаад “Аваад ир гэж байна” гэж хэлээд таксины мөнгө байна уу гэхэд нь би “Надад мөнгө байхгүй” гээд өгөөгүй. А шубаа аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 180-181-р тал/,
Шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 1 дүгээр сарын 06-ны шөнө Ж.Тынд хоноод өглөө 07.30 цагийн үед босоод гал түлж, хоол халааж идэхэд Т хүүхдийнхээ хамт унтаж байсан болохоор гялгар уутанд хийж өлгөсөн байсан шубыг аваад гараад явчихсан юм. Тухайн үед мөнгөгүй байсан бас эхнэрээ зодоод цагдаад дуудагдаж байсан болохоор шоронд явах нь тодорхой гэж бодоод хулгайлсан. Тэр өдрийн 19.00 цагийн үед Ттой тааралдахаар нь шубыг нь урдаас нь шидчихээд зугатаагаад явчихсан юм” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Т.А нь хохирогч Ч.О-ийн булган шубыг хулгайлж 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан болох “Гэрэгэ Валюэшн” ХХК-ий 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн УВ/01/224 дугаартай дүгнэлт /хх-ийн 184-р тал/-ээр тогтоогдсон байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос давсан байх тул түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч Т.А-ыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.О нь мөрдөн байцаалтын шатанд “Шубаа буцааж авсан болохоор нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
3. Шүүгдэгч Т.А-ыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл:
Шүүгдэгч Т.А нь 2018 оны 1 дүгээр сарын 12-нд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гурван-Эрдэнэ” хүнсний дэлгүүрээс эд зүйл дээрэмдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би ООТМ” ХХК-ий захирлаар ажилладаг бөгөөд манай компаний “Г” дэлгүүрээс 0.75 литрийн “Соёрхол” архи 1 шил, 0.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво 2 лааз, давхар утлагатай “Баялаг” хиам 1 кг, “Вест” тамхи 2 хайрцаг, 2 литрийн савлагаатай “Кока кола” ундаа 1 ширхэг зэргийг хүн авч зугатаасан гэж намайг Улаанбаатар хотод явтал 2018 оны 1 дүгээр сарын 12-нд худалдагч О надад утсаар хэлсэн. Дээрх зүйлсийн үнэ 37.900 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэх хохирол, гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141-р тал/,
Гэрч Г.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын 12-ны орой 21 цаг 30 минутын үед миний ажилладаг “Г” дэлгүүрт үл таних залуу орж ирээд 2 ширхэг 100 төгрөгийн үнэтэй тор авахаар нь би “Сагс аваад хийчихээрэй” гэж хэлэхэд “Торонд хийж байгаад тооцоогоо хийгээд гарчихья” гэж хэлээд лануун дундуур ороод 0.75 литрийн “Соёрхол” архи 1 шил, 0.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво 2 лааз, давхар утлагатай “Баялаг” хиам 1 кг, “Вест” тамхи 2 хайрцаг, 2 литрийн савлагаатай “Кока кола” ундаа 1 ширхэгийг авч ирээд үнийг бодуулаад торондоо хийж аваад зугатаачихсан. Авч зугатаасан зүйлийн үнэ нь 37.900 төгрөг болж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 142-р тал/,
Шүүгдэгч Т.А-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 1 дүгээр сарын 12-ны орой Б гэдэг найзындаа очихоор явж байгаад ойр зуурын зүйл аваад очьё гэж бодоод нефьтийн байрны залгаа “Г” дэлгүүр орж 2 ширхэг хөх өнгийн тор аваад 0.75 литрийн “Соёрхол” архи 1 шил, 0.5 литрийн савлагаатай “Нийслэл” пиво 2 лааз, давхар утлагатай “Баялаг” хиам 1 кг, “Вест” тамхи 2 хайрцаг, 2 литрийн савлагаатай “Кока кола” ундаа 1 ширхэгийг аваад үнийг нь бодуулахад 37.900 төгрөг болсон. Надад 24.000 төгрөг байсан бөгөөд миний мөнгө хүрээгүй. Тэгэхээр нь худалдагчид нь “Дахин нэг ширхэг парлиатент тамхи авья” гэж хэлээд худалдагч цааш нь эргэх хооронд торонд хийсэн байсан зүйлээ аваад мөнгийг нь төлөхгүй гараад зугатаачихсан. Би дэлгүүрээс авсан зүйлийнхээ үнийг төлж барагдуулсан. Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. Дахин ийм хэрэг үйлдэхгүй гэж амлаж байна” гэх мэдүүдгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.А нь “Г” дэлгүүрээс дээрх эд зүйлийг илээр, хэн нэгэнд хүч хэрэглэхгүйгээр, үнийг нь төлөхгүйгээр авч зугатаасан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”-ыг дээрэмдэх гэмт хэрэг гэж тодорхойлсон байгаатай тохирч байгаа тул түүнийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.А-ын дээрэмдсэн эд зүйлс нь хохирогч 38.700 төгрөгийн хохирол учруулсан болох “Гэрэгэ Валюэшн” ХХК-ий 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн УВ/01/212 дугаартай дүгнэлт /хх-ийн 154-р тал/-ээр тогтоогдсон байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О нь мөрдөн байцаалтын шатанд “Хохирлоо бүрэн төлүүлж авсан. Одоо нэхэмжлэх хохирол байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
II. Шүүгдэгч Т.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Т.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд зүйлийн хулгайлах, бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.А-ын хувийн зан байдал болон амьдралынх нь талаар гэрч Л.Төмөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “А нь миний ууган хүү бөгөөд багаасаа хөдөө өссөн. Дунд сургуульд суралцаж 9-р ангиасаа “Улаангом коллеж”-д орж фермер мэргэжил эзэмшсэн боловч одоогоор ажил төрөл эрхлэхгүй байгаа. Саяхан буюу 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эхнэр авч тусдаа гарч хурим найраа хийсэн бөгөөд эхнэр Утэйгээ албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байгаа юм. Хүү маань сэргэлэн цовоо, ажил төрөлд сайн, шаламгай хүүхэд бөгөөд найз нөхөд олонтой. Улаангом коллеж төгссөнөөс хойш хөдөө гэртээ тогтохгүй, аймгийн төв рүү тэмүүлээд байдаг болсон . Өнгөрсөн хавар Улаангомд хэрэгт холбогдоод шүүхээс тэнсэн ял шийтгэгдсэн юм. Ар гэрийн амьдралын хувьд дутагдах гачигдах зүйл байхгүй. Эхнэр авч найр хурим хийсэн тул өмч тасалж өгсөн. А 200 гаруй малтай бөгөөд албан ёсоор гэрлэлт батлуулаагүй тул миний нэр дээр тоологддог. Хувьдаа иж бүрэн тавилгатай гэртэй, гэр нь хөдөө байдаг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/ хэрэгт авагджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан, санаатай гэмт хэргүүд тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүхээс шүүгдэгч Т.А-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Т.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах буюу хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдал болон хувийн байдал, улсын яллагчийн саналыг тус тус харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно”, 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж болно”, 2.2-т “нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлэн нэмж нэгтгэнэ” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг хэмжээг тогтооно.
Шүүгдэгч Б.А-т Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар 1 жил 3 сар хорих ялаар шийтгэж, хорих ялыг тэнсэж, 1 жил хянан харгалзах хугацааа тогтоож шийдвэрлэснийг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заасныг баримтлан дээрхи шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгааг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Г” дэлгүүрийн камерт бичигдэж үлдсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг , 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т овогтой Т.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, бусдын эд зүйлийг хулгайлах, бусдын эд зүйлийг дээрэмдэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2, 2.2, 2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсанр 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 30 хоног хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцон 60 хоног хорих ялыг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 /зургаа/ сар ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 9 /ес/ сар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4-д заасныг баримтлан шүүгдэгч Т.А-т оногдуулсан 9 /ес/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий диск /CD/ 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Шүүгдэгч Т.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ