Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00136

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/00136

 

******

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03273 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******

нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ****** холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1630, 1942 дугааруудтай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, Б.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ган-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Иргэн ********* нь өөрийн эрхэлдэг бизнес үйл ажиллагаа өргөжүүлэхээр зээл авахад зээлийн барьцаанд тавих үл хөдлөх эд хөрөнгө шаардлагатай талаар хэлж хэрэв зээл бүтсэн тохиолдолд 100,000,000 төгрөгийг бага хүүтэйгээр зээлдүүлье гэж харилцан тохиролцож 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгө түр хугацаагаар эзэмшүүлэн банк санхүүгийн байгууллагад зээлд барьцаалах тухай гэрээг байгуулсан. Гэтэл ********* нь талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөрчиж оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд бус өөр этгээдийн буюу хариуцагч ********ын өмчлөлд шилжүүлж бидэнд үлэмж их хэмжээний хохирол учруулсан. *******ХХК-ийн гүйцэтгэх захирал ***********-оос олгосон итгэмжлэлийн хүрээнд тус компанийн өмчлөлийн оффиссын зориулалттай, зах зээлийн ханшаар 536,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ****** шилжүүлсэн боловч энэхүү үл хөдлөх эд хөрөнгө нь 400,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд хүрэхгүй гэсэн учраас өөрийн найз *********тай уулзаж учир байдлаа хэлэхэд ********* нь өөрийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээний дагуу ****** шилжүүлж өгч түүнээс 400,000,000 төгрөгийг 2.9 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийн үнийн дүнгийн тухайд оффиссын зориулалттай, зах зээлийн ханшаар 536,000,000 төгрөгийн үнэ бүхий *******ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг 100,000,000 төгрөгөөр, үйлчилгээний зориулалттай *********ын өмчлөлийн 390,000,000 төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг 60,000,000 төгрөгөөр тус тус тооцож үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч ********ын нэр дээр шилжүүлж зээл авсан. Иймд улсын бүртгэлийн 222222 дугаартай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Яармаг, /17110/ Наадамчдын зам гудамж, 307 байрны 203, 204 тоотод байрлах, 131.76 м.кв талбай бүхий оффиссын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1942 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн улсын бүртгэлийн 111111 дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Токио гудамж, 8 байрны 101 тоотод байрлах, 141,7 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1630 дугаар Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасны дагуу өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бус байна гэж тайлбарлаж байна. Өөр хэлцлийг халхавчлах гэх агуулга нь өөр ямар нэгэн хэлцэл байхыг шаардана. Гэвч ******** болон ********-ийн хийсэн хэлцлийн цаана өөр хэлцэл байхгүй байгаа. Г.Цэрэндулам, ********* нар нь миний өмчлөлийн зүйлийг худалдсан гэх агуулгаар маргалдаад байгаа. Хавтас хэрэгт авагдсан итгэмжлэлээс харахад дээрх хөрөнгийг худалдах, бэлэглэх, арилжих, түрээслэх эрхтэйг тусгасан байна. Энэ тохиолдолд худалдан авагч тал ****** ямар нэгэн зөрчил байна гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн орон сууцны мөнгийг огт аваагүй гэж тайлбарлалаа. Энэ тухайд гэвэл хавтас хэрэгт авагдсан итгэмжлэл дээр худалдагч этгээд төлбөрийг нь хүлээж авах эрхтэй гэж заасан. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буйгаар бол тухайн мөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр гэх агуулгаар ********-ийн данс руу орсон байна.Тэгэхлээр нэгдүгээрт энэ хэлцэл нь өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдээгүй. Хоёрдугаарт эрхийн зөрчилгүй итгэмжлэлийн үндсэн дээр тухайн эд хөрөнгийг худалдаж байгаа тохиолдолд тус хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5-д заасныг баримтлан *******ХХК, *********, ********* нарын нэхэмжлэлтэй ****** холбогдох 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1972 дугаартай *******ХХК, ******** нарын хооронд байгуулагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармаг Наадамчдын Зам гудамж 307 байр 203, 204 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг, 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 1630 дугаартай *********, ******** нарын хооронд байгуулагдсан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токио гудамж 8 байр 101 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармаг Наадамчдын гудамж 307 байр 203, 204 тоотод байрлах, 131.76 м.кв талбайтай, 000814134 гэрчилгээтэй, 222222 улсын бүртгэлийн дугаартай офиссын зориулалтай орон сууцны өмчлөх эрхийг *******ХХК-ийн нэр дээр, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токио гудамж 8 байр 101 тоотод байрлах, 141.7 м.кв талбайтай, Д-000832469 гэрчилгээтэй, 111111 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалтай орон сууцны өмчлөх эрхийг *********ын нэр дээр сэргээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХХК, *********, ********* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,928,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********оос улсын тэмдэгтийн хураамжид 4,928,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******ХХК, *********, ********* нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 4-т "2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн "****" ХХК, "*******" ХХК нарын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ", 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн "Үл хөдлөх хөрөнгө түр хугацаагаар эзэмшүүлэн банк санхүүгийн байгууллагад зээлд барьцаалах тухай " гэрээ, ... зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна." гээд " 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1942 дугаартай... Yл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах" тухай, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1630 дугаартай ... Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах тухай гэрээ нь дүр үзүүлсэн болох нь тогтоогдож байх тул..." гэсэн байна.

Хавтаст хэрэгт авагдсан, дээр дурдсан баримтуудыг тухайн үед үйлдэгдсэн эсэх, ийм баримтууд байгаа эсэхийг хариуцагч мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан. Мөн "****" ХХК, "*******" ХХК нарын хооронд байгуулагдсан "Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ" нь хуульд заасан шаардлага хангаагүй буюу хүчин төгөлдөр бус гэрээ болно.

Анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Мондорра риалти групп ХХК-д бичгээр өгсөн ********-ийн тайлбар, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн төлбөр төлөх, үл хөдлөх хөрөнгө суллаж гэрчилгээ шилжүүлэг авах хэлцэл, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/20/69 дугаартай зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тал бүрээс нь бусад баримттай бодитой харьцуулан үзэлгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж заасан байхад 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Өндөр сэнтийт трейд ХХК, Ц.Урантуул нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар барьж худалдах худалдан авах гэрээ, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн "Үл хөдлөх хөрөнгө түр хугацаагаар эзэмшүүлэн банк санхүүгийн байгууллагад зээлд барьцаалах тухай" гэрээ, ********-ийн фейсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэл, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 183/ШШ2021/01707 дугаар шийдвэр, ********-ийн Хаан банк ХХК-ийн дансны хуулга, н.Цэрэндолгорын гар утсан дээр бичигдсэн бичлэгийг сиди-д буулгасныг цаасан дээр буулгасантай үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгааг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэх боломжгүй.

Бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах болон төлбөрийг хүлээн авах эрхтэй байхаар дурдсан итгэмжлэлтэй иргэн тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах санал гаргасан. Түүнийг нь иргэн ******** худалдан авсан.

4.б. ********-ийн Хаан банк ХХК-ийн 5233122188 тоот дансанд 400,000,000 төгрөгийг шилжин орж ирснийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсны үнэд ********ыг 400,000,000 төгрөг шилжүүлсэн байна гэж үзэх боломжгүй" гэсэн байна. Нэхэмжлэгч нар 400,000,000 төгрөгийг ********оос хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

4.в. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон. Худалдах худалдан авах гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөх эрхийг шилжүүлэн авсныг дур үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өггө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн талаас давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ******* Нэст финанс ББСБ, Ви Эс Ти Финанс ББСБ-тай хамааралтай. Өөрөөр хэлбэл, Банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Банк бус санхүүгийн байгууллагын тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд дедукцийн гэрээ хийх боломжгүй. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгөд дедукцийн гэрээ байгуулж, зээл олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гарсан. Анх 400,000,000 төгрөг байсан яагаад 517,000,000 төгрөг болсон гэдэг нь зээлийн гэрээний хүү, алданги нэмэгдэж 400,000,000 төгрөг, 517,000,000 төгрөг болсон. 517,000,000 төгрөгийг хүлээн авснаар үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж өгөхөө амлаж байна гэж хэрэгт авагдсан *******ын гараар бичсэн баримтад шүүхийн шинжилгээний дүгнэлт гарч, *******ын гарын үсэг мөн байна гэж гарсан. Гэтэл хариуцагч тал худалдаж авсан гэж тайлбарладаг. 2 үл хөдлөх эд хөрөнгө худалдаж авсан гэрээнээс үзэхэд нэг гэрээ нь 100,000,000 төгрөг, нөгөө гэрээ нь 60,000,000 төгрөгийн гэрээ байхад 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Эдгээр ноцтой алдаанууд байгаа учраас хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ****** нар нь хариуцагч ****** холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1630, 1942 дугааруудтай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Нэхэмжлэгч *******ХХК болон хариуцагч ******** нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1942 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын Зам гудамж 307 байр 203, 204 тоотод байрлах, 131.76 м.кв талбайтай оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг ********ын өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч ******** нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 100,000,000 төгрөгийг төлөх,

Нэхэмжлэгч ********* болон хариуцагч ******** нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1630 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ байгуулагдаж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Токио гудамж 8 байр 101 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ********ын өмчлөлд шилжүүлэх, хариуцагч ******** нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 60,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцжээ.

3.б. Хариуцагч ********оос нэхэмжлэгч ********-ийн Хаан банк ХХК-ийн 5233122188 тоот дансанд 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Байр, үл хөдлөх эд хөрөнгийн үнэ гэх гүйлгээний утгатайгаар 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь ********-ийн Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдов. Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токио гудамж 8 байр 101 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын Зам гудамж 307 байр 203, 204 тоотод байрлах, 131.76 м.кв талбайтай оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг ********ын өмчлөлд шилжүүлсэн байна. /хх. 140/

3.в. Талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1630 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1942 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ тус тус байгуулсан байх боловч талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нь бусдын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх зорилготой байсан, харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ********ын өмчлөлд шилжсэн хөрөнгийг барьцаалах хүсэл зоригтой байсан болох нь гэрч Т.Сайнжаргалын мэдүүлэг, ********* болон ******** нарын хооронд хийгдсэн Төлбөр төлөх, үл хөдлөх эд хөрөнгө суллаж, гэрчилгээ шилжүүлж авах хэлцэл зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /1 хх. 94, 221-222/

Хариуцагч ******** нь 517,000,000 төгрөгийн төлбөр хүлээн авснаар үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөхөө амлаж байна гэх агуулгатай бичгийн баримтад гарын үсэг зурсан байгаагаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүсэж, үл хөдлөх хөрөнгийг ****** шилжүүлэх хүсэл зориг байгаагүй болохыг илэрхийлж байна.

3.г. Анхан шатны шүүх талуудын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1630 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1942 дугаартай Худалдах, худалдан авах гэрээ /Үл хөдлөх эд хөрөнгө/ тус тус байгуулсан гэрээний дагуу бодит үр дагавар үүсэж, хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн байхад дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон дүгнэлтийг залруулах боломжтой.

Дүр үзүүлсэн хэлцэл нь хэлбэрийн төдий байгуулж, уг хэлцлээс үр дагавар үүсдэггүй, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсэж болно.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь барьцааны гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар халхавчилсан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь хуульд нийцнэ.

3.д Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг арилгахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь зөв боловч хариуцагчийн ********ын шилжүүлсэн 400,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ********-ийн өмчлөлд үлдээж, үр дагаврыг харилцан арилгаагүй алдааг залруулах нь зүйтэй.

Хариуцагч тал нэхэмжлэгчээс 400,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч нэхэмжлэлийн шаардлага өөрөө хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх тухай тул ийнхүү хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзсэнээс үүсэх үр дагаврыг шүүх сөрөг шаардлага байгаа эсэхээс үл хамааран шийдвэрлэх учиртай болно.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг Наадамчдын Зам гудамж 307 байр 203, 204 тоотод байрлах, 131.76 м.кв талбайтай оффисын зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ********ын өмчлөлөөс нэхэмжлэгч *******ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхийг, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо Токио гудамж 8 байр 101 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ********ын өмчлөлөөс нэхэмжлэгч *********ын өмчлөлд шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхийг хариуцагч ****** даалгаж, нэхэмжлэгч *********эс 400,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч ****** олгох нь хуульд нийцнэ.

4. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2022/03273 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан *******ХХК болон ******** нарын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1972 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, *********, ******** нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1630 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Яармаг Наадамчдын гудамж 307 байр 203, 204 тоотод байрлах, 131.76 м.кв талбайтай, 000814134 гэрчилгээтэй, 222222 улсын бүртгэлийн дугаартай офиссын зориулалтай орон сууцны өмчлөх эрхийг *******ХХК-ийн нэр дээр, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Токио гудамж 8 байр 101 тоотод байрлах, 141.7 м.кв талбайтай, Д-000832469 гэрчилгээтэй, 111111 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалтай орон сууцны өмчлөх эрхийг *********ын нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч ****** даалгаж, нэхэмжлэгч *********эс 400,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч ****** олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,166,030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

С.ЭНХБАЯР