| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 101/2021/03273/И |
| Дугаар | 210/МА2023/00141 |
| Огноо | 2023-01-13 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2023/00141
| 2023 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 210/МА2023/00141 |
2023 01 13 210/МА2023/00141
********ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04195 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: ********ын нэхэмжлэлтэй
Нэхэмжлэлийн шаардлага: 147,862,282.28 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ********, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, Ц.Батзаяа, хариуцагчийн өмгөөлөгч С.Чинзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь хариуцагч *****тэй 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 дугаартай түрээсийн гэрээгээр 1670 УБ улсын дугаартай атлас маркийн экскаваторыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын 15,000,000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/09 дугаартай түрээсийн гэрээгээр 8171 УБ улсын дугаартай хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын 20,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэх, нэхэмжлэгч өөрийн машинч жолоочийг гаргаж өгч, цалинг өгч байхаар тохиролцсон. Дээрх 02/09 тоот гэрээний хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тохиролцон хугацаагүйгээр сунгаж, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зуны түрээсийн үнэ буюу 1 сарын түрээсийг 35,000,000 төгрөгөөр тооцохоор болсон. Гэрээний дагуу түрээсийн төлбөрийг тооцвол, нийт 460,714,285.4 төгрөг болж байгаа ба хариуцагч нь 266,750,000 төгрөг төлсөн. Төлбөр төлөгдөхгүй байгаа, өндөр дүнтэй байна гэх нөхцөл байдлаас шалтгаалан ***** бид 2 хэд хэдэн удаа уулзаж, түүний тавьсан саналын дагуу 2019 оны 05 дугаар сараас түрээсийн төлбөрийг ажилласан цагаар тооцож бууруулахаар ярилцаж, тооцоо хийсэн. Уг саналын дагуу хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторын зуны улирлын 1 сарын түрээс 35,000,000 төгрөгийг 1 сард ажиллах цаг 560 цаг байх, 1 цагийн ажиллах хөлс 62,525 төгрөг гэж тооцох, хүйтний улирал буюу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл нийт ажиллах цагийг 420 цаг болгон бууруулж, 1 цагийн ажлын хөлсийг 52,380.95 төгрөгөөр тооцохоор тус тус тохиролцсон бөгөөд хариуцагчаас гаргаж өгсөн хэрэгт авагдсан ********** андууд ЗБН-ийн ажлын цагийн бүртгэлд бүртгэгдсэн операторуудын ажилласан цагийн бүртгэлээр түрээсийн төлбөрийг тооцоход төлөх төлбөр 281,077,236.12 төгрөг болсон.
Дээрх түрээсийн төлбөр дээр атлас маркийн экскаваторын төлбөр 75,714,285.4 төгрөгийг нэмж, 2 экскаваторын нийт түрээсийн төлбөр төлбөр 356,791,521.52 төгрөг болсон. Хариуцагч нь үүнээс 266,750,000 төгрөгийг төлсөн ба одоо 90,041,521.52 төгрөгийн үлдэгдэлтэй. Цагаар тохиролцож бууруулсан төлбөрийн тооцоолол:
а. 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 тоот гэрээ, 1670 УБ улсын дугаартай атлас маркийн экскаватор, түрээсийн хугацаа 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, ажилласан цаг 4 сар, төлөх төлбөр 60,000,000 төгрөг; түрээсийн хугацаа нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс мөн оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, ажилласан цаг 220 цаг, 1 цагийн 71,428.57 төгрөг, төлөх төлбөр 15,714,285.4 төгрөг.
б. 2018 оны 12 дугаар сарын 15-ны 02/09 тоот гэрээ, 8171 УБ улсын дугаартай хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаватор, түрээсийн хугацаа 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс мөн оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1 сарын 20,000,000 төгрөг, төлөх төлбөр 40,000,000 төгрөг; түрээсийн хугацаа 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, ажилласан цаг 2095.1 цаг, 1 сарын 520 цаг, 1 цагийн 62,525 төгрөг, төлөх төлбөр 130,996,127.5 төгрөг; түрээсийн хугацаа 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл, ажилласан цаг 1719.2 цаг, 1 сарын 420 цаг, 1 цагийн 52,380.95 төгрөг, төлөх төлбөр 90,053,329.24 төгрөг; ажилласан цаг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 360.5 цаг, 1 өдрийн 10 цаг, 1 цагийн 55,555.56 төгрөг, төлөх төлбөр 20,027,779.38 төгрөг.
Талуудын түрээсийн гэрээний 2.4 дэх заалтад гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үлдэгдэл төлбөрийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөхөөр заасан ба хариуцагчийн хамгийн сүүлд төлбөр төлсөн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш үлдэгдэл төлбөрт алданги тооцоход гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 45,020,760.76 төгрөг төлөхөөр байна. Мөн хариуцагчаас түрээсийн төлбөр 35,000,000 төгрөгт тооцож шилжүүлсэн автомашиныг зарж, 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр автомашины мөнгөнөөс үлдсэн 11,500,000 төгрөгийг түр зээлчих, дараагийн төлбөртөө нэмж төлнө гэсний дагуу түүнд зээлдүүлсэн, экскаваторын сэлбэгийн үнэ 1,300,000 төгрөгийг мөн түүнд зээлдүүлсэн ба буцаан төлнө гэсэн боловч төлөөгүй. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заагдсан гэрээнүүдийн шинжийг агуулсан холимог гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан, мөн хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн нь нотлогдож байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 дугаартай түрээсийн гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/09 дугаартай түрээсийн гэрээний дагуу төлөх төлбөр 90,041,521.52 төгрөг, алданги 45,020,760.76 төгрөг, зээл 12,800,000 төгрөг, нийт 147,862,282.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ... Би фэйсбүүкээс экскаватор түрээсэлнэ гэсэн зарын дагуу ********тай холбогдож ярьсан, 2 экскаваторыг очиж үзсэн. 2018 оны 12 дугаар сард атлас маркийн экскаваторыг Дорнод аймгийн Баяндун сум руу ачуулсан ба өвлийн цагийн хуваарийн дагуу сарын 15,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр би гадаад явах гээд нисэх буудал дээр байж байхад ******** гэрээнд гарын үсэг зурж өгөөч, би банкнаас зээл авах гэсэн юм, түрээсийн орлогоо баталгаажуулахад гэрээ шаардлагатай байна гээд ирж гарын үсэг зуруулсан. Бид анх амаар тохирч экскаваторыг хөлсөөр ажиллуулсан, ******** өөрөө экскаваторын операторыг ажиллуулсан. ******** нь атлас маркийн экскаваторыг 2019 оны 01-04 дүгээр сар дуустал ажиллуулна, 2019 оны 05 дугаар сараас ажлын улирал эхэлнэ, тэр үед арай үнэтэй түрээсэлнэ гэж надад хэлсэн. Би ********ын экскаватороос гадна Билгүүн гэдэг хүний экскаваторыг түрээсэлж байхад ********ын зүгээс та Билгүүний экскаваторыг явуулчих, тэр экскаватор байнга эвдэрч гэмтээд таны ажлыг явуулахгүй байна, миний робэкс маркийн экскаваторыг түрээслэ, хямдхан түрээсэлнэ гэсэн санал тавьсан. Тухайн үед ********ын экскаватор Сайн ломбарданд байсныг би 2019 оны 05 дугаар сард 37,000,000 төгрөг шилжүүлэн ломбардаас чөлөөлж Дорнод аймгийн Баяндун сум руу ажилд явуулсан. Бид зуны цагийн хуваариар 10 дугаар сарыг дуустал сарын 28 хоног буюу 560 цагийг 35,000,000 төгрөгөөр тооцохоор тохирсон. 2019 оны 11 дүгээр сараас өвлийн цагийн хуваарийн дагуу сарын 15,000,000 төгрөгөөр үргэлжлүүлээд ажиллуулъя, цаг тооцохгүй, гидрийн шингэн, шланкны эвдрэл элэгдлийг тооцохгүй гэдэг байдлаар тохиролцсон. Би ********т нийт 321,800,000 төгрөгийг 4 дансаар шилжүүлсэн, энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байгаа эсэх нь эргэлзээтэй, ганц нэг сэлбэгийн асуудал байгаа байх, тэрийг хасаад тооцож болно. ******** нь атлас маркийн экскаваторын төлбөр тооцоо дууссан гэрээний зүйл заалтыг барьж надаас алданги нэхэмжилж байна. Атлас маркийн экскаватор 2019 оны 01 дүгээр сард ирээд 04 дүгээр сард буцааж авсан. Робэкс маркийн экскаваторыг ажилд авахаасаа өмнө урьдчилаад мөнгийг төлөөд ломбардаас чөлөөлөөд ажиллуулсан. 2020 оны 05 дугаар сард бас ********ын зүгээс та миний экскаваторыг аваад ажиллуул, би экскаватороо ломбардад тавьчихсан, сар болгон хүү төлөх хэцүү байна, та түрээслэ гээд би дахиад 30,000,000 төгрөг төлөөд атлас маркийн экскаваторыг Сайн ломбардаас авч өгч байсан. Хоёулаа 11 дүгээр сар хүртэл хамтарч ажиллаад олсон ашгаа хуваая, хамгийн багадаа сарын 15,000,000 төгрөгөөр тооцъё, нийт 100,000,000 төгрөг өгье гэж тохирсон. Төлбөр тооцоо хийх болохоороо өөртөө ашигтай байдлаар сарын 420 цаг 22,000,000 төгрөг гэж тайлбарлаж, ярилцаагүй тохироогүй асуудлыг гаргаж ирж байна. Ажилласан цагийн бүртгэлийг би хийгээгүй, манай уурхайн дарга, ажилчид хөтөлж, ********ын оператортой цагаа тулгаж, харилцан хүлээлцэж хийсэн. Экскаваторууд нь хийх ёстой ажлаа цаг тухайд нь хийж чадахгүй эвдэрнэ, сэлбэг хэрэгсэл авч өгдөггүй, маш их хугацаа алдчихаад, дууссан гэрээний зүйл заалт баримталж хүү, алданги нэхээд байгаа нь зохимжгүй, ёс суртахуунгүй, намайг мөнгө өгөөгүй юм шиг яриад байна. Авсан мөнгөө дансны хуулгаасаа хараад үнэн зөв тооцоо гаргаж чадахгүй, буруу тооцоо гаргаж нэхэмжилж байна. Би өгөх ёстой мөнгөө давуулж өгсөн, хийх ёстой ажлаа хийсэн, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэж хийх ёстой ажлаа чанартай гүйцэтгэж чадаагүй. Би ********т чи өөртөө ашигтай байдлаар тооцоо гаргаад үз, би чамайг хохироогоод яах вэ, хэн хэндээ хэрэгтэйгээр тохиролцоно биз дээ гэдэг саналыг хэлж байсан, яриад байгаа 420 цаг гэдэг нь ********ын өөрийнх нь санал болохоос эцсийн байдлаар ярилцаж тохиролцоод шийдсэн асуудал байхгүй. Түүний операторт өгсөн мөнгийг та өөрөө өгөх ёстой мөнгө өгсөн гэж хэлээд байна, надад хамааралгүй хүнд би цалин өгөөд яах вэ, миний ажилтан биш, ******** өөрөө өг гээд өгүүлдэг байсан.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын үндэслэл: ... Түрээсийн гэрээнд юу түрээслэж байгаа талаар тусгагдаагүй, мөн гар бичмэлийг гэрээ гэж үзэхгүй, засвартай байх тул хүчин төгөлдөр бусад тооцох нь зүйтэй. Нэхэмжлэгч тооцооллоо хийж чадаагүй, хариуцагчийн зүгээс 321,800,000 төгрөг төлсөн. 2 экскаваторыг манай нөхөрлөлийн уурхайд ашигласан, нөхөрлөлөөс 38,250,000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****гээс 9,547,125 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 138,315,157.28 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,055,212 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлсөн 198 төгрөг, хариуцагч *****гээс 167,704 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********т олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.а. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 40,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй талаар.
Шүүхээс талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 дугаартай гэрээ, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/09 дугаартай гэрээг тус тус хүсэл зоригоо илэрхийлж бичгээр үйлдэж, гарын үсгээ зурж баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцсэн, тохиролцоог анх амаар хийж хожим бичгээр баталгаажуулсан нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцсэн байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 7 дугаар талын 11б хэсэгт хьюндай робэкс 2900 LС маркийн экскаваторыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хугацаанд түрээслүүлсэн гэх байдлаа нэхэмжлэгч нотлох баримтаар нотлоогүй буюу зохигч тус бүрээс гаргасан цагийн тооцоонд нэхэмжлэгчийн 2 экскаватор зэрэг ажиллаж байсан гэх байдал тусгагдаагүй тул экскаваторыг 2019 оны 05 дугаар сард хүлээж авсан гэж үзэхээр байна гэж буруу дүгнэж 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөр 40,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь огт үндэслэлгүй.
Зохигчид шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбар, шүүх хуралдааны явцад гаргасан тайлбарууддаа талууд анх түрээсийн гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөрийг бүтэн сараар хүйтний улиралд 20,000,000 төгрөг, 15,000,000 төгрөгөөр, дулааны улиралд 35,000,000 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон ба түрээсийн харилцааны явцад ажилласан цагаар хөлсийг тооцохоор амаар тохиролцож цагийн бүртгэл хөтөлж эхэлсэн тухай тайлбарладаг буюу түрээсийн төлбөр зуны хуваариар 35,000,000 төгрөгөөр төлөгдөж эхлэх үед хариуцагч талаас төлбөр өндөр байгаа тул ажилласан цагаар төлбөрийг тооцох талаас санал гаргаж төлбөрийн маргаан үүссэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02/09 дугаартай гэрээний ар хэсэгт /хэргийн 1 дэх хавтас, 6-7 дахь тал/ хьюндай робэкс 2900 LС маркийн экскаваторыг одоогийн ажиллаж байгаа Дорнод аймгийн Баяндун сумын улзын голд байрлалтай Баян дун андууд улз гол нөхөрлөлийн жоншны уурхайд ажиллах хугацааг сунгаж, гэрээг 2 талаас хянан нэмэлтээр дахин хийсэн талаарх тохиролцоо байх ба уг тохиролцоогоор 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зуны үнийн ханшаар сарын түрээсийг 35,000,000 төгрөгөөр тооцохоор тохиролцон, гэрээг хугацаагүй сунгасан байгаа нь 2019 оны 05 сараас өмнө Хьюндай робэкс 2900 LС маркийн экскаваторыг түрээсэлж ажиллуулж байсныг хангалттай нотлож байна.
Мөн талуудын хооронд төлбөр шилжүүлсэн дансны хуулгаар 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд хариуцагчаас нэхэмжлэгчид 95,000,000 төгрөг төлсөн байгаа нь анхан шатны шүүхийн дүгнэлтийг эргэлзээгүй үгүйсгэж байгаа бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Одхүү нь Хьюндай робэкс 2900 LС маркийн экскаваторын түрээсийн урьдчилгаа төлбөрийг өөрийн Хаан банкны 5405258365 дугаартай данснаас 18,800,000 төгрөгийг экскаваторын түрээс урьдчилгаа гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн байгаагаар нотлож байна.
Нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулж, нэмэгдүүлэхдээ 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгчээс тодруулж, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд ажилласан цагийг тооцож 2095.1 цаг ажилласан нь хэрэгт авагдсан цагийн тооцооны хуудас, цагийн бүртгэлийн дэвтэр зэргээр нотлогддог.
Гэтэл шүүхээс нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй буюу 2019 оны 09 дүгээр сарын ажилласан 117 цагийг хасаж 1978.1 цаг гэж буруу дүгнэсэн байна.
2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 09 сарын 25-ны өдрийг хүртэлх өдрүүдэд нэхэмжлэгч талын опериатарууд засварын ажилтай гэж бүртгэгдсэн бөгөөд уг хугацаанд хариуцагч талын өмчлөлийн экскаваторын эргэх тоног төхөөрөмж эвдэрсэнтэй холбоотой Одхүүгийн ажилтан Мягмартай хамт засварын ажил гүйцэтгэхэд экскаватороор өргөж, туслаж ажилласан. Энэ талаар нэхэмжлэгчээс шүүх хуралдааны явцад тайлбарладаг бөгөөд Улз баян дун андууд нөхөрлөлийн ажилласан цагийн бүртгэлд тусгасан оппериатор н.Мягмар, н.Жаргалсайхан, н.Наранжавхлан нарын бүртгэлээр нотлогддог.
5.б. Мөн нэхэмжлэгчийн зүгээс уг хугацаанд ажилласан цагийг нийт 1719.2 цаг гэж тооцсон бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгчээс тодруулж, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд энэ дүнг гаргасан байтал нотлох баримтыг буруу үнэлж ажилласан цагийн 1556.9 цаг гэж үндэслэлгүй тооцсон.
Шүүхээс 2020 оны 01 дүгээр сард 161 цаг ажилласныг 143 цагаар тооцсон байх ба ажилласан цагийн бүртгэлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 24,25-ны өдөр тус тус 9 цаг ажилласан цагийг нэмж тооцохоор болсныг хасаж тооцсон нь буруу байна.
Мөн 2020 оны 03 дугаар сарын 01-04 хүртэл, 18-20 хүртэл, 28-ны өдрийн түлшгүй зогссон цагийн тооцоог нэмээгүй 165 цаг гэж буруу тооцсон байх ба нийт ажилласан цаг нь 193 цаг байгаа бөгөөд мөн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад талуудаас тодруулж хүлээн зөвшөөрсөн дүн болно.
2020 оны 05 дугаар сард 112 цаг ажилласан цагийн тооцоо буюу 2020 оны 05 дугаар сарын 11-20 хүртэл өдрийн 8 цагаар ажилласан, 23-нд 8 цаг, 24-нд 4 цаг, 25-26-нд тус тус 9 цаг ажилласан тооцоог гаргаж өгсөн, цагийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэнийг мөн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад талуудаас тодруулж хүлээн зөвшөөрсөн дүн байтал уг тооцоог үндэслэлгүй хассан.
Иймд ажилласан цагийг 2019 оны 05 сарын 01-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 31- ний өдрийг хүртэлх хугацаанд 2095.1 цаг, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 1719.2 цаг гэж тус тус тооцож төлбөрийг бодох нь зүйтэй байна.
5.в. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр талын 12, 13 хэсэгт хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргасан 35,742,064.78 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлага, үйл баримттай маргаагүй гэж дүгнэсэн атлаа уг үйл баримт, тохиролцооны дагуу тооцсон тооцооллын дагуу нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүй нь буруу байна.
Мөн талуудын хооронд байгуулсан 2019 оны 02/09 тоот гэрээг дуусгавар болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг гэрээг талууд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хугацаагүйгээр сунгаж, ажил дуусах хугацааг тохиролцон, зөвшилцөж шийдвэрлэхээр түрээс сунгах тухай гэрээнд тусгасан.
Хэрэгт гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар үйл баримт, нотлох баримт огт дурдагдаагүй бөгөөд 2019 оны 02/09 тоот гэрээний дагуу хьюндай робекс 2900 LC маркийн экскаватор нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарыг дуустал тасралтгүй хариуцагчийн хамаарал бүхий уурхайд ажиллаж байсан үйл баримт талуудын тайлбар, гэрээ, дансны хуулга зэргээр бүрэн нотлогддог.
5.г. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10 дугаар талын 18в хэсэгт талууд 2 экскаваторыг 6 сарын хугацаанд 100,000,000 төгрөгөөр түрээслэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж буруу дүгнэсэн байх бөгөөд 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэл ажилласан хьюндай робекс 2900 LС маркийн экскаваторыг ажиллуулахтай холбоотой тохиролцоог Атлас маркийн экскаваторын тохиролцоотой нэгтгэн буруу дүгнэж, Атлас маркийн экскаваторын ажилласан хугацааны түрээсийн төлбөр 15,714,285.4 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон атлаа үндэслэл, үйл баримтыг тайлбарлаагүй, буруу дүгнэсэн.
Хариуцагчаас Атлас маркийн экскаваторын 2020 оны 06, 07 дугаар сард нийт 220 цаг ажилласныг хүлээн зөвшөөрч, няцаагаагүй бөгөөд мөн талуудын дурдсан шүүх хуралдааны явцад хийсэн тооцоогоор тооцоо нийлсэн, хүлээн зөвшөөрсөн маргаангүй үйл баримт болно.
Иймд 2020 оны 06, 07 сард Атлас маркийн экскаваторыг түрээслэж ажиллуулсан төлбөр 15,714,285.4 төгрөгийг тооцоонд оруулж төлөх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс хариуцагчийн төлбөл зохих дүнг 277,750,000 төгрөг гэж дүгнэсэн нь буруу бөгөөд нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж, үнэн бодитой, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй гэж үзэхээр байна.
5.д. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9 дүгээр талын 14-т талуудын хооронд байгуулсан 2019 оны 01/09 тоот, 2019 оны 02/09 тоот гэрээг тус тус дуусгавар болсон, амаар тохиролцсон нь гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь буруу бөгөөд 2019 оны 02/09 тоот гэрээг талууд хугацаагүй сунгасан талаар гомдолд дурдсан.
Хариуцагчийн дансны хуулгаар 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сар хүргэл нийт 273,204,220.83 төгрөгийг төлсөн байх ба төлбөл зохих төлбөрийн зөрүү нь 83,587,300,69 төгрөг байна. Уг төлбөрөөс Атлас маркийн экскаваторт хамааралтай хэсэг нь 15,714,285.4 төгрөг бөгөөд үлдэх 67,803,015 төгрөг нь 2019 оны 02/09 тоот гэрээтэй хамааралтай төлбөр болно. Иймд уг дүнгээс 33,901,507.05 төгрөгийн алданги тооцох бүрэн үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 11,500,000 төгрөг, сэлбэгийн төлбөр 1,300,000 төгрөгийг хариуцагч хүлээж авснаа үгүйсгэдэггүй, энэ талаарх нотлох баримт, үйл баримтыг няцаагаагүй байтал шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Хариуцагч нь түрээсийн төлбөрийн тооцооллыг хийхдээ автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож төлбөр төлсөн гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс мөн төлбөрийн тооцооллыг хийхдээ хариуцагчаас төлсөн төлбөрийн дүнд автомашиныг 35,000,000 төгрөгөөр тооцож оруулдаг. Иймд түүнд автомашиныг худалдаж шилжүүлсэн 11,500,000 төгрөг нь дансны хуулга, 1,300,000 төгрөгөөр сэлбэг зээлээр худалдаж авч өгсөн нь төлбөрийн баримтаар тус тус нотлогддог тул буцаан гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн шаардлагаас 138,315,157.28 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож 138,315,157.28 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
6. Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Шүүх хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Талууд цагийн тооцоог нягталж, ойлголцолд хүрсэн. Тус тооцоог дахин нягтлахад тодорхой хэмжээний зөрүү гарч байсан. Шүүх хуралдааны явцад тооцооллыг гаргаж нэг мөр ойлголцолд хүрсэн. Шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаас үзвэл шүүхээс олон асуудлыг тодруулсан байгаа нь харагдана. Гэрээг байгуулсан эсэх асуудлаар яагаад маргаж байгаа талаар тодруулахад гэрчээс бодитой хийгдсэн гэрээ гэж мэдэхгүй, банкнаас зээл авах гэсэн тул түрээсийн гэрээнд гарын үсэг зурж өгөхийг хүссэн, компанийн тамга байхгүй тул гарын үсэг зурсан гэдгээ мэдүүлсэн. 2019 оны 05 дугаар сард дахин 2 гэрээнд гарын үсэг нөхөж зурсан талаараа тайлбарласан. Дүр үзүүлсэн хэлцэл хийж, банкнаас зээл авсан үйл баримт нотлох баримтаар тогтоогдож байгаа. Шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч ажлын хөлс нэхэмжилсэн. Ажлын хөлсийг нэхэмжлэгч өөрөө төлөх байсан атал ************ы цалин хөлсийг удаа дараа *****гээр төлүүлж байсан. Мөн 2 экскаваторыг ломбардаас чөлөөлж, түрээсийн үйл ажиллагааны урьдчилгаа төлбөрт суутгаж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ажил гүйцэтгэж байх үед сул зогсолт, эвдрэл олон гарсан. Тухайн үед *****гээс ********тай холбогдож, сэлбэг явуулж байсан. Өөрийн танилын автомашиныг ********т өгч, нэхэмжлэгчээс 11,300,000 төгрөгийн төлбөрийг буцаан өгсөн. Мөнгө зээлсэн зүйлгүй. Мөнгө зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүнийг нотлох баримт байхгүй. Сэлбэг зээлээр худалдан авч өгсөн гэж тайлбарлаж байх боловч үүнтэй холбоотой баримт байхгүй. Ажлын хөлстэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч зээлтэй холбоотой нэхэмжлэл гаргаагүй. Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа дурдсан. Нэхэмжлэлийн шаардлагад албан ёсоор дурдагдаагүй зүйлсийг нэхэмжилсэн тул шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.
2019 оны 2-4 дүгээр сар хүртэлх хугацаанд зөвхөн атлас маркийн экскаватор ажиллаж байсан. Үүний дараа хьюндай робэкс маркийн экскаваторыг ломбардаас чөлөөлж, тээвэрлэж байсан. Энэ талаар гэрч мэдүүлсэн. хьюндай робэкс маркийн экскаваторыг ажиллуулж байхдаа нилээдгүй хэмжээний төгрөг зарцуулж, хариуцагчаас өгч байсан. Шүүх дүр үзүүлэн хийсэн хэлцлийг үндэслэн 40,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр нэхэмжилсэн талаар үндэслэлтэй дүгнэсэн. Илүү төлөлт хийгдэж байсан тул тооцоо нийлэхээр удаа дараа шаардсан боловч нэхэмжлэгч талаас хариу өгч байгаагүй. Цагийн тооцоо, бүртгэл зэрэг байдаг. Хоёр экскаватор зэрэг ажиллаж байсан тохиолдол байхгүй. Уг нэхэмжлэлийн шаардлагаа бүр сүүлд гаргасан. Болсон үйл явдал тодорхой байхад бодит нөхцөл байдлыг гуйвуулж нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч нийт 321,800,000 төгрөгийг төлсөн. Үүнээс нэхэмжлэгчийн данс руу орсон мөнгийг тооцвол 266,680,000 төгрөг байдаг. Харин гуравдагч этгээдийн зүгээс төлсөн 38,500,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэн. Шүүх нэг бүрчлэн үнэлж, тогтоосон. Хариуцагчид 55,050,000 төгрөгийг нэхэмжлэх эрх үлдсэн. Сөрөг нэхэмжлэл гаргах эсэхийг шүүх хуралдааны дараа шийдвэрлэхээр ярилцсан байсан. Мөн шүүх алданги нэхэмжлэх эрхгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *****д холбогдуулан техник түрээслүүлсний төлбөр 70,060,632666 төгрөг, алданги 35,030,316.33 төгрөг, зээл 11,500,000 төгрөг, сэлбэгийн үнэ 1,300,000 төгрөг, нийт 117,890,948.99 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 147,862,282.28 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 2хх 190-193/
3. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01/09 дугаартай Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 1670 УБ улсын дугаартай атлас маркийн экскаваторыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 сарын 15,000,000 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 02/09 дугаартай түрээсийн гэрээгээр 8171 УБ улсын дугаартай хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 1 сарын 20,000,000 төгрөгөөр тус тус түрээслүүлэх, нэхэмжлэгч өөрийн машинч жолоочийг гаргаж өгч, цалинг өгч байхаар тохиролцсон бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн огноо бүхий түрээс сунгах тухай бичгийн баримт үйлдсэн байна. /1хх 6 ар тал/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчөөгүй гэж зөв дүгнэжээ.
4. Зохигч 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 01/09 дугаар түрээсийн гэрээгээр 1670 УБ улсын дугаартай, атлас маркийн экскаваторыг, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн огноо бүхий 02/09 дугаар түрээсийн гэрээгээр 8171 УБ улсын дугаартай, хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг түрээсэлсэн үйл баримтад маргаагүй. Харин 2 төрлийн экскаваторыг түрээсэлсэн хугацаа, мото цагийн тооцоолол маргааны зүйл болжээ.
4.а. Нэхэмжлэгчийн атлас маркийн экскаваторын түрээсийн төлбөрт 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд 60,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч маргаагүй.
4.б. Нэхэмжлэгч хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторын түрээсийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 40,000,000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Учир нь нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд түрээсийн гэрээний зүйл болох экскаваторыг шилжүүлэн өгсөн талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Нэхэмжлэгч нь ...хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг ачуулсан автомашины баримт болон уг экскаваторыг зээлээс чөлөөлсөн баримтаар тогтоогдоно гэж тайлбарлах боловч уг баримт нь*********** гол нөхөрлөлийн жоншны уурхайд ажилласан цагийн бүртгэл, болон хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч нь хьюндай робэкс 2900 LC-3 маркийн экскаваторыг 2019 оны 05 дугаар сард хүлээн авсан гэж үзнэ. /1хх 93-97, 2хх 96-101/ Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
4.в. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,500,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч нь автомашины үнэ 35,000,000 төгрөгөөс 23,500,000 төгрөг нь экскаваторын түрээсийн төлбөрт тооцож, үлдэх 11,500,000 төгрөгийн автомашиныг үнийн зөрүүнд тооцож бусдад шилжүүлсэн гэж маргасан.
Нэхэмжлэгч нь автомашины үнийг 35,000,000 төгрөгөөр тооцон авч, түрээсийн төлбөрт 23,500,000 төгрөгийг тооцсон үйл баримтад маргаагүй. Харин, нэхэмжлэгч нь 11,500,000 төгрөгийг зээл гэж тайлбарлах боловч, автомашины үнийн зөрүүнд шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөн сэлбэгийн үнэ 1,300,000 төгрөг нь талуудын хоорондын тооцоонд тусгагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлгүй.
4.г. Харин анхан шатны шүүх 2 экскаваторын түрээсийн төлбөрийг тооцохдоо алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.
Талуудын 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь радиатор, шланк, молдок, аккумлятор, гагнуур, засвар, мөн 0 гэсэн тооцоог хариуцах, хариуцагч нь түлш, шалгалт гэснийг хариуцах, нэг өдрийг 20 цаг гэж тооцох гэх тайлбар, нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан мото цагийн тооцоолол, гэрээ зэргийг харьцуулан үзээд 2 экскаваторын ашиглалтын дундаж төлбөрийг тооцсон болно.
Атлас маркийн экскаваторын 2020 оны 06 дугаар сард 84 цаг, 2020 оны 07 дугаар сард 136 цаг, нийт 220 цаг, нэг сарын түрээсийг 15,000,000 төгрөгөөр, нэг сард бодох цаг нь түрээсийн гэрээний 2.8 дахь заалтад ажлын 27-28 хоног гэж зааснаар 1 сард 560 цаг, нэг цагийн түрээс 26,786 төгрөг (15,000,000/560), нийт 5,892,920 төгрөг (220*26,786) гэж тооцсон анхан шатны шүүхийн тооцоолол зөв боловч уг тооцооллыг нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнд оруулан тооцоогүй алдаа гаргасан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Мото цагийн тооцооллыг нэгтгэвэл, хьюндай робэкс 2900 LC-3 экскаваторыг 2019 оны 05 дугаар сараас мөн оны 10 дугаар сар хүртэл 1,925.1 цаг ажиллуулсан төлбөр 120,318,750 төгрөг, 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сар хүртэл 1,556.5 цаг ажиллуулсны төлбөр 74,118,973.5 төгрөг, 2020 оны 6, 7 дугаар сард 360.5 цаг ажиллуулсны төлбөр 20,027,779.38 төгрөг, Атлас маркийн экскаваторыг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд ажиллуулсны төлбөр 60,000,000 төгрөг, 2020 оны 6, 7 дугаар сард 220 цаг ажиллуулсны төлбөр 5,892,920 төгрөг, нийт 280,358,422.5 төгрөг болж байна.
Хариуцагчаас нэхэмжлэгчид 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 244,750,000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5029535245 тоот, Худалдаа хөгжлийн банк дахь 406098429 тоот, гуравдагч этгээдийн Худалдаа хөгжлийн банк дахь 462009295 тоот, хариуцагчийн Хаан банк дахь 5405258365 тоот, Худалдаа хөгжлийн банк дахь 422001846, 462001487 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. /1хх 89-92, 2хх 35-88, 102-143, 196-250, 3хх 1-32/
Мөн хариуцагч автомашины үнээс түрээсийн төлбөрт 23,500,000 төгрөг төлснийг нэмж нийт 268,250,000 төгрөг төлсөн гэж үзэх тул уг төлбөрийг нийт төлөх түрээсийн 280,358,422.5 төгрөгөөс хасаж тооцоход хариуцагч нь 2 экскаваторын түрээсийн төлбөрт 12,108,422.5 төгрөг төлөхөөр байна.
4.д. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн алдангитай холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Талуудын түрээсийн гэрээний 2.4 дэх заалтад заасан хугацаанд төлбөр олгогдоогүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдөр бүр гэрээнд заасан төлбөрийн 0.5 хувиар тооцож түрээсээр авагч тал төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагад нийцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 12,108,422.5 төгрөгийн 50 хувиар алданги тооцох үндэслэлтэй.
Иймд түрээсийн төлбөр 12,108,422.5 төгрөг, алданги 6,054,211 төгрөг, нийт 18,162,633 төгрөгийг хариуцагч *****гээс гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 129,699,649.28 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04195 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг 9,547,125 төгрөг гэснийг 18,162,633 төгрөг гэж, 138,315,157.28 төгрөг гэснийг 129,699,649.28 төгрөг гэж өөрчилж,
2 дахь заалтын 167,704 төгрөг гэснийг 248,763 төгрөг гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 850,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР