| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00084/Э |
| Дугаар | 98 |
| Огноо | 2018-10-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч шүүгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.О
Улсын яллагч: Т.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Эт холбогдох 1822002650103 тоот хэргийг 2018 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1984.08.31-нд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй гэх, бичиг үсэг мэдэхгүй гэх, малчин, ам бүл-2, эхийн хамт Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р баг “Баян булагт” оршин суудаг гэх, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй гэх, /РД:ЗК84083116/ С.Энь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгчийн мэдүүлэг болон талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судлахад эдгээр баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Прокурорын 2018 оны 10 сарын 5-ны өдрийн 87 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч С.Э нь 2018 оны 8 сарын 11-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ацын хөтөл” гэх газарт иргэн П.Тыг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасугай” гэжээ. /хх-59-60, 64/
Шүүгдэгч С.Э нь 2018 оны 8 сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р баг “Ацын Хөтөл” гэх газарт “ахынхаа өшөөг авна” гэх шалтаг хэлэн, иргэн П.Тыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч П.Ты: Би 2018 оны 08 сарын 11-ний орой 19 цагийн орчим гэрээсээ гараад Бага газрын чулууны уул руу өөрийн эзэмшлийн мотоциклоо унаад Ацын хөтөл гэх газрын орчим явж байхад араас маш хурдтай мотоцикль гүйцээд ирэхээр нь би зогсоод харж байтал манай саахалт айлын С.Э ирээд миний хажууд ирж огцом тоормозлоод намайг мотоцикльтой цуг түлхээд унагаасан. Би мотоциклио босгоход С.Э миний мотоциклийн түлхүүрийг булааж аваад, түлхүүрний оосроор миний нүүр лүү 2-3 удаа ороолгоод намайг түлхэж унагаагаад нүүр ам руу цохиж зодож эхэлсэн. Зодож байхдаа “чамайг ална аа, би чамаас ахынхаа өшөөг авна” гэж ярьж байсан. Мөн зодож байхдаа миний хувцаснаас зулгааж, миний өмсөж явсан малгай, дуран, бичиг баримт зэргийг шидсэн. Би босож зугтах гэсэн боловч чадалгүй дахин зодуулсан. Мөн миний хүзүүнээс барьж байгаад газар мөргүүлсэн. Намайг мөн архи авч өг гэж нэхээд байсан. Намайг зодож байх үедээ газраас шороо аваад намайг ид гээд ам руу хийсэн. Би зодуулж байгаад ухаан балартаад цаашид юу болоон талаар сайн санахгүй байна гэх мэдүүлэг /хх-5-6/
- Гэрч Д.Алтантуяагийн: 2018 оны 8 дугаар сарын 11-ний орой манайх хурганы хашаа хүнээс авсан юм. Тэгээд манай нөхөр хашаагаа буулгаад, хоолоо идчихээд ажилдаа явлаа гэж хэлсэн. Нилээн харуй бүрий болж байсан. Тэгтэл аавын дуу гарсан уу даа гэж хүү Лхамлүндэв хэлсэн. Манай хүү мотоциклийн гэрэл тусгахад хадны тэнд хоёр хүн сууж байсан. Тэгэхээр нь очтол манай нөхөр П.Ты нүүр амнаас цус гарсан, нүүр ам нь хавдсан байдалтай сууж байсан. Хажууд нь С.Э гэх залуу байж байсан. Тэгээд С.Эаас чи яагаад зодож байгаа юм бэ гэж асуутал би зодоогүй гэж хэлсэн. Би хэн зодсон юм бэ гэж асуутал хэн мэддэг юм бэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүүтэйгээ мотоцикльд сундалж гэрлүү очиж Дэлгэрцогт сумын хэсгийн цагдаагийн дугаарыг авсан. Гэрийн гадаа байсан машинаа асаагаад очтол С.Э байхгүй. Манай нөхөр ганцаараа байж байсан. Тэгээд би мотоцикль чинь хаана байгаа юм бэ гэж асуутал би сайн мэдэхгүй байна гээд баруун зүг рүү заасан. Миний бие хачин болоод байна гэхээр нь машин руу өргөж оруулсан. Гэрийн гадаа оруулах гэсэн чинь ухаан алдаад унасан. Би шууд цагдаа, эмнэлэг дуудсан. С.Э гэх хүн зодсон гэсэн. С.Э нь Л.Ганзориг, Б.Авгаансодов, Нармандах гэх хүмүүст Бат ахыг зодсон талаараа хэлсэн байсан гэх мэдүүлэг /хх-10-12/
- Гэрч Л.Ганзоригийн: Би 2018 оны 8 сарын 11-ний өдөр 14 цагийн үед би Бага газрын чулууны ууланд байдаг танил болох П.Т гэдэг хүний гэрт нь очсон юм. Тэднийх хүнээс хашаа худалдаж аваад буулгаж байхаар нь туслаад буулгалцсан юм. Удалгүй хоол идээд 16 цаг өнгөрч байхад П.Т ах баруун зүг рүү ажилдаа явлаа гээд гараад явсан юм. Би ч гэсэн удалгүй тэдний гэрээс гарч яваад гэртээ харьсан. Маргааш өглөө нь би 6 цагийн орчим гэрээсээ гараад С.Эын гэрээр ороход С.Э гэртээ унтаж байсан ба намайг ороход сэрсэн. Өчигдөр хаагуур юу хийсэн талаар нь асуухад С.Э “Өчигдөр би Содовтой хамт архи уугаад салж явж байгаад П.Т ахыг зодсон байна" гэж хэлэхээр би гайхаад тэдний гэрээс гарч яваад П.Т ахын гэрт нь очиход П.Т ах гэрийнхээ зүүн орон дээр нүүр ам нь хавдсан байдалтай хэвтэж байсан. П.Т ахаас юу болсон талаар нь асуухад С.Э намайг өчигдөр зодчихпоо гэж ярьж байсан. Өөр юу болсон талаар би мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-14/
- Гэрч Б.Агваансодовын: …Би архи их уусан болохоор 19 цагийн орчимд унтаад өгсөн юм. С.Э хэзээ явсан талаар мэдэхгүй. Өглөө сэрэхэд П.Ты эхнэр Д.Алтантуяа утасдаад ирж уулз гэхээр нь эхнэртэйгээ хамт очсон. Д.Алтантуяа намайг “яагаад П.Тыг зодож байгаа юм бэ” гэхээр нь би зодоогүй ээ хамт архи уусан гэж хэлээд С.Эыг дуудахад С.Э ирээд намайг хамааралгүй гэдгийг хэлээд өөрөө П.Тыг зодсон талаараа хэлээд би эхнэртэйгээ гэртээ харьсан гэх мэдүүлэг /хх-18/
- Шинжээчийн 2018.08.14-ний өдрийн 180200256 тоот дүгнэлтэд: П.Ты биед баруун доод үүдэн 2-р шүд зүүн доод үүдэн 1-р шүдны сулрал, дух, хүзүү хоолойн урд дунд хэсэг, далны баруун дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд зовхи баруун зүүн хацар, доод уруулын дотор салст, баруун эрүү, хүзүү хоолойн урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх-20/
Шүүгдэгч С.Э “П.Т гэдэг хүнтэй тааралдаад “та хоёр хүүхдийн мөнгө өгөхгүй юм уу” гэхэд үгүй, өгөхгүй гэхээр нь миний уур хүрээд ганц удаа цохьсон юм. Тэгээд бид хоёр хэрэлдэж байгаад П.Ты эхнэр нь ирээд П.Т ахыг гэр лүүгээ аваад явсан. Би ч гэсэн салаад гэр лүүгээ явсан. Тухайн үед бид хоёр муудалцаад П.Т ах миний дээлнээс хоёр гараараа барьчихаад тавихгүй зууралдаад байсан юм. Би П.Т ахаа больёо гээд гарыг нь тавиулаад цааш мотоцикль руугаа явж байхад П.Т миний араас чулуу шидээд миний гуяны хэсэгт оносон юм. Би эргэж харах үед дахин чулуу шидэж миний зүүн чамархай хэсэгт оносон. Би ч цааш яваад өгсөн” гэж мэдүүлсэн ба шүүх эмнэлгийн шинжээчийн 2018.08.14-ний өдрийн 180200257 дугаартай “С.Эын биед зүүн чамархайд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт гарчээ. /хх-22/
Хохирогч энэ талаар “Би С.Э луу чулуу шидээгүй. Би зодохоор нь ноцолдох үед ямар нэгэн гэмтэл учирсан байж болзошгүй” гэж мэдүүлжээ. /хх-6/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан, хохирогч П.Ты мэдүүлгийг хуульд заасан шаардлагыг хангаж авсан, мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн бие махбодид “баруун доод үүдэн 2-р шүд зүүн доод үүдэн 1-р шүдны сулрал, дух, хүзүү хоолойн урд дунд хэсэг, далны баруун дээд хэсэгт зулгаралт, баруун нүдний алимны салст, баруун нүдний дээд зовхи баруун зүүн хацар, доод уруулын дотор салст, баруун эрүү, хүзүү хоолойн урд дунд хэсэгт цус хуралт гэмтэл” учирсан болох нь тогтоогдсон байна. Иймд шүүгдэгчийн “П.Тыг ганц удаа цохьсон, алгадсан” гэх мэдүүлгийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Хохирогч П.Т нь шүүгдэгч С.Эт зодуулж байх үедээ шүүгдэгч С.Эын бие махбодид гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан аргагүй хамгаалалт хийх эрхийнхээ дагуу хийсэн үйлдэлд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн” гэсэн байдал баримтаар нотлогдохгүй байна.
Мөн тухайн үед шүүгдэгч С.Эын бие махбодид учирсан “зүүн чамархайд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл“-д гэмтлийн зэрэг тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
Дээрх дурьдсан нөхцөл байдал баримтаар шүүгдэгч С.Э нь 2018 оны 8 сарын 11-ний өдрийн 19 цаг орчимд “ахынхаа өшөөг авна” гэх өс хонзонгийн сэдлээр хохирогч П.Тыг зодож, улмаар түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь нотлогдож байх тул С.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
2/ Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч П.Ты бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 180200256 тоот дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр /хх-4-5, 6/ тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч С.Э хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч П.Т шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч П.Т нь “одоогоор бие хаа гайгүй тул нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид залуу хүн хянуур, анхааралтай яваасай гэж захимаар байна. Надад гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт гаргасан ба хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт байхгүй” гэсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Надад санал гомдол байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй, энэ талаараа бичиг өгсөн байгаа. Дахин ийм зүйл гаргахгүй байх талаас нь сайн хэлж өгөөрэй” гэжээ. /хх-45, 50, 6-9/
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл, баримт гаргаагүйн улмаас шүүхээс иргэний нэхэмжлэлийн талаар ямар нэгэн дүгнэлт хийх боломжгүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон тул хохирогч нь шаардлагатай гэж үзвэл өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж, шүүгдэгчийн харъяа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заахаар шийдвэрлэв.
3/ Шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч С.Э нь Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 5 сарын 26-ны өдрийн 48 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 2 жил 5 сарын хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзагдаж байсан нь шийтгэх тогтоол, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-52-57, 32-33/ тогтоогдож байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар 2018 оны 7 сарын 2-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэх тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “хорих ялыг нь тэнссэн хүний хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” өршөөлд С.Эын хянан харгалзах хугацаа хамаарч байна.
Иймд шүүгдэгч С.Э ялгүй болсон байна.
Хэргээс үзэхэд хохирогчийн бие махбодид “Духны баруун дээд хэсэгт 4,0х1,0см хар хүрэн өнгийн тав тогтсон, хүзүү хоолойн урд дунд хэсэгт 2,5х0,7см 1,5х0,7см 1,0x1,0см 0,5х0,5см улаан хүрэн өнгийн тав тогтсон, далны баруун дээд хэсэгт 2,0х1,5см улаан хүрэн өнгийн зулгаралтуудтай, баруун нүдний алимны салст 4-8, 9-12 цагийн чиглэл улаан өнгийн цус хуралттай, баруун нүдний дээд зовхи 9,0х0,5см баруун хацар нилэнхүйдээ 12,0x11,0см улаан ягаан өнгийн зүүн хацарт 9,0х4,0см улаан ягаан өнгийн баруун эрүүний доод хэсэгт 4.0х30х см улаан ягаан өнгийн хүзүү хоолойн урд дунд хэсэгт 9.0х4.0 см улаан ягаан цус хуралтуудтай, доод баруун 2 зүүн 1-р шүд бага зэрэг хөдөлсөн дотор салстад 1.0х1.0 см улаан өнгийн цус хуралт” зэрэг гэмтэл үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр /хх-20/ тогтоогдож байна.
Хэдийгээр хохирогчийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь дээрх баримтаар тогтоогдож байгаа ч шүүх шүүгдэгч С.Эын хүнийг ухаан алдаж унатал нь боох, цохих зэргээр бие махбодид нь олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл учруулах байдлаар илтэд хүний амь насанд аюултай довтолгоо хийснийг Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо
Шүүгдэгч С.Э нь хохирогч П.Тыг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөг боловч гэмт хэрэг үйлдээд бусдад учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй, учруулсан гэм хороо арилгаагүй байна.
Эдгээр нөхцөл байдал болон шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал тодорхойгүй байдлыг харгалзан үзэхэд улсын яллагчаас санал болгож буй 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь Эрүүгийн хулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн…-ий үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.
Шүүх шүүгдэгч С.Эт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ С.С