Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 103

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Шүүгчийн туслах Н.Б

Улсын яллагч: Т.Т

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д

Шүүгдэгч: Ж.Х нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Хт холбогдох 1822001890100 тоот хэргийг 2018 оны 10 сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймаг Ханбогд суманд 1991.09.22-нд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг, эхийн хамт Өмнөговь аймаг Ханбогд сумын 2 дугаар баг Дөрөлжийн 12-01 тоотод оршин суух, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, /РД:КЙ91092215/ Ж.Х  нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлгийг шинжлэн судлахад хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан байна.

 

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

               Шүүгдэгч Ж.Х нь 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 15 цагийн орчимд  Тоёота кроун маркийн 42-73 УБО улсын дугаартай, сувдан цагаан өнгөтэй автомашиныг жолоодон Улаанбаатар хотыг чиглэн явж байгаад Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас  Дундговь аймгийн Хулд сум руу чиглэсэн авто замын Хулд сумаас урагш 49 км-т орших цэг дээр Хово маркийн 23-71 УБЗ улсын дугаартай, цагаан өнгөтэй хүнд даацын авто машиныг гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж улмаар эсрэг урсгалаар Өмнөговь аймгийг чиглэн явж байсан Э.Батдоржийн жолоодон явж байсан Тоёота приус маркийн 10-35 ДГО улсын дугаартай, хар хөх өнгийн автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Э.Батдоржийн амь нас хохирсон, зорчигч Э.Ганбаяр, Л.Хишигжаргал нар болон Ж.Хын өөрийнх нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараах баримтаар тогтоогдож байна. Үүнд:

            - Гэрч Т.Отгонбаатарын /Цогт-Овоо сумын эмч/ “2018.06.05-ны өдөр 17 цагийн үед Цогт-Овоо сумаас хойш 30 гаруй км-т машин онхолдсон байна гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлаганд Цэцэг-Эрдэнэ, Жаргал эмч нарын хамтаар явсан. Хулд сумын нутаг дэвсгэрт мөргөлдсөн 2 машин дээр очсон. Очиход Э.Батдорж гэх хүн нас барсан байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-59/;

            - Нас барсны 09 дугаартай гэрчилгээнд: 1952 оны 8 сарын 26-нд Мандал-Овоо газарт төрсөн Цогт-Овоо сумын Замын шандад оршин сууж байсан Эрэндориг овогтой Батдорж 66 настайдаа 2018 оны 6 сарын 5-ны өдөр авто ослоор нас барсныг бүртгэж гэрчилгээ олгов гэжээ. /1-р х.х-226/;

Шинжээчийн 2018.06.21-ний өдрийн 180100038 тоот дүгнэлтэд “Э.Батдоржийн цогцост гавал тархи, цээж, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтэл: их тархины баруун чамархай хэсгийн аалзан хальсан доорхи цус хуралт, нурууны 10-р нугаламын их биеийн хөндлөн хугарал, хугарлын түвшиндэх нугасны бүрэн бус тасрал, баруун 1-р хавирга суганы дунд шугамаар 2, 3, 4, 5, 6, 7, 8-р хавирга өвчүү орчмын шугамаар, 5, 6-р хавирга нуруу орчмын шугамаар, зүүн талдаа 2, 3-р хавирга суганы дунд шугамаар 4,5,6,7,8,9-р хавирга өвчүү орчмын шугамаар, 5-6-р хавирга суганы дунд шугамаар шууд бус хугарал, баруун дунд чөмөгт ясны ил, зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, хугарлын түвшин дэх сул цус 1200 мл, тархины хаван, цус эргэлтийн хямрал, хамар, хүн хонхор, зүүн эгэмний урд, хэвлий, баруун шуу, сарвуу, өвдөг, шилбэ, шагайнд зулгарсан; цээж, зүүн шуу, хэвлий, шилбэ, гуянд цус хурсан. Баруун зүүн дунд чөмөг хугарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, хүний хүчнээс давсан хүчээр үүссэн байна. Э.Батдорж нь 0(1) бүлгийн цустай байсан байна. Талийгаачийн цусанд 0.5 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын  зэрэгт хамаарахгүй. Шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Э.Батдорж нь гавал тархи, цээж, хэвлий, мөчдийн хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна” гэжээ /1-р х.х-114-115/;

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-18-25, 118-125/;

- Шинжээчийн 2018.06.07-ны өдрийн 180200197 тоот дүгнэлтэд “Э.Ганбаярын биед баруун мөрний мултрал, зөөлөн эдийн няцрал, баруун бугалганд зулгаралт, баруун хөмсөгний дээд хэсэг, хамрын баруун хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-р х.х-91-93/;

- Шинжээчийн 2018.06.08-ны өдрийн 180200200 тоот дүгнэлтэд “Л.Хишигжаргалын биед баруун мөр, бугалганд зулгаралт, баруун шилбэ баруун зүүн өвдөгт цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /1-р х.х-103-105/;

- Шинжээчийн 2018.06.07-ны өдрийн 180200196 тоот дүгнэлтэд “Ж.Хын биед баруун шууны шарх, зүүн бугалга, баруун, зүүн, духны баруун хэсэгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-р х.х-109-111/;

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-3/;

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн нутаг Хулд сумаас урагш 49 км зайд, Хулд сум Цогт-Овоо сумын хоорондох засмал зам дээр байх ба хэргийн газарт хар хөх өнгийн приус-10 маркийн 10-35 ДГО улсын дугаартай автомашиныг ертөнцийн зүгээр баруун урагш харсан байлаа. Уг машины баруун гар талын жолооч талын урд хэсэг нь чихэгдсэн, жолоочийн хаалга нь салбарч эвдэрсэн, арын багааж нь хумирч чихэгдсэн, баруун гар талын хажуу хэсгийн машины будаг бүхэлдээ зурагдсан, тос масло мэт зүйл засмал замын зорчих хэсэг дээр асгарсан байна. Жолоочийн талын хаалга нь онгорхой байв. Тоуота кроун маркийн цагаан өнгийн 42-73 УБА улсын дугаартай автомашин засмал замын ертөнцийн зүгээр баруун талд, ертөнцийн зүгээр зүүн тийш харсан, зорчих хэсгийн баруун талын хөвөөн дээр байв. Уг автомашины баруун гар талын урд хэсгийн их гэрэл, буфер доторхи эд анги нь эвдэрсэн, салхины шил баруун гар талын 2 хаалганы шил хагарсан байна. Машины баруун гар талын урд хэсгээр мөргөлдсөн гэхээр гэмтсэн, эвдэрсэн эд ангиуд дээр хар хөх өнгийн будаг наалдсан байна. Тоёота Кроун маркийн машинаас ямар нэгэн тос масло гоожоогүй байна. Засмал замын Дундговь аймгаас Өмнөговь аймаг орох замын чиглэлийн зорчих хэсэг дээр Тоёота Приус маркийн автомашины хойд буфер байсан газрыг 8-ын тоогоор, аваарийн дугуй байсан газрыг 10 тоогоор, арын шил байсан газрыг 9 тоогоор тэмдэглэв. Засмал замын ертөнцийн зүгээр баруун талд хөвөө доод хэсэгт толгойны баруун зүгт харсан биеийн байрлалаар дээш харсан, эрэгтэй хүний цогцос байсан. Цогцос байсан газрыг Б үсгээр тэмдэглэв. Тоёота кроун маркийн машин нь Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд засмал замын урдаас хойш явах чиглэлд явсан гэх, Тоёота приус маркийн автомашин нь хойноос урагш чиглэлд явсан гэх, хэргийн газарт засмал замын хойноос урагш явах зорчих хэсэг дээр урдаас хойш явах зорчих хэсгээс хойноос урагш явах, зорчих хэсэг рүү орсон тээврийн хэрэгслийн шарвалтын мөр байх ба уг мөрний төгсгөл хэсэгт засмал амын гадаргуу, спалт ухагдаж цөмөрсөн байх ба уг цөмөрхийний ойр орчимд 2 машины эд ангийн эвдэрхийнүүд цацарч бутарсан, тос масло мэт зүйл засмал замын зорчих хэсэг дээр асгарсан байх тул уг засмал замын цөмөрхий ухагдсан хэсгийг анх мөргөлдсөн цэгээр тогтоох А үсгээр тэмдэглэв...” гэжээ /1-р х.х-4/;

- Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-6-11/;

- Хэрэг ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг /1-р х.х-12-13/;

- Гэрч Ц.Жамъяндоржийн “…2018.06.05-ны өдөр гэрийнхээ зүүн дор хонио эргүүлчихээд худаг руу дагуулаад мал гарч ирж байгаа эсэхийг хараад сууж байтал засмал 4-5 том контейнер, чиргүүлтэй машин урдаас хойш буюу Цогт-Овоогоос Хулд сумын чиглэлд явж байсан. Тэр машинуудын араас жижиг суудлын машин явж байсан. Тэр цагаан машин мөн Цогт-Овоогоос Хулд сум орох чиглэлд явж байсан. Тэр цагаан машин өмнөө явсан нэг том машиныг гүйцэж түрүүлээд дараагийн том машиныг гүйцэж түрүүлэхээр хойноос нь урагш чиглэлийн эсрэг урсгал руу орж том машинтай зэрэгцэх үед Хулд сумаас Цогт-Овоо явах чиглэлд хойноос урагш  эгнээгээрээ явсан хар хөх өнгийн жижиг суудлын машин өөдөөс нь гарч ирсэн. Тэгээд тэр хоёр машин мөргөлдсөн. Мөргөлдөх үед жижиг хар хөх машин газраас хөндийрч бөгс, ар хэсгээрээ нөгөө урсгалд явж байсан том машин ачааны шалаанз гэхээр чиргүүлийн ар хэсгийг шүргэх шиг болсон. Тэгээд тэр хар хөх машин засмал зам дээр унасан. Нөгөө цагаан машин засмал замын ертөнцийн зүгээр баруун тал руу бөгсөөрөө савж зогссон. Дараа нь засмал замаар явж байсан машинууд зогсож байгаа харагдсан. Би ослын газар дээр өөрөө очоогүй. Тэр хоёр машин хоёулаа баруун гар талынхаа урд хэсгээр мөргөлдөж байгаа харагдсан. Хар хөх өнгийн машин өөрийнхөө эгнээгээр явж байсан. Харин цагаан өнгийн машин өмнөх машинаа гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эсрэг урсгал руу орчихсон явсан. 2 машин ямар хурдтай явсныг мэдээгүй. Шүргүүлсэн том машин зогсолтгүй явсан. Болсон асуудлыг мэдээгүй байх. Осол болсон газар нь Хулд сумын Олдох багийн Олгой худаг гэх газраас 2 км-ийн зайд хойш засмал зам дээр болсон” гэх мэдүүлэг  /1-р х.х-55/;

- Гэрч Х.Өлзийхуягийн “Би 2018.06.05-ны …Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас Дундговь аймгийн Хулд сум орох засмал замаар явж байгаад араас ирж явсан машинтайгаа жолоочтойгоо уулзахаар замаас гарч зогсоод эргээд хартал засмал зам дээр 2 машин мөргөлдчихсөн байсан. Миний араас явж байсан Хово маркийн машин осол гарсан газрын хажууд зогсчихсон байсан. Би тэрийг хараад жолооч Буянтөр дээр очиход Буянтөр өөрийнхөө машины хажууд зогсож байсан. Би түүнээс юу болсныг асуухад 2 хүн Приус маркийн машиныг босгох гэж байхаар нь туслах гээд зогсчихлоо гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Бид тэндээс хөдлөөд цааш явж Хулд сумын төвөөс урагш 20 км-т байх ажилладаггүй цайны газар дээр биднийг хүлээж байсан. Урд явсан машиныхаа жолоочтой уулзахаар зогсоод машинаа шалгаж явтал миний жолоодож явсан машины зөв талын буюу зүүн гар талын хамгийн арын дугуй болон чиргүүлийн булан хэсэгт машин шүргэсэн гэхээр мөр үүссэн байсан. Тэрийг харчихаад нөгөө осол санаанд орж буцаад осол болсон газар луу явсан. Миний машины чиргүүлийн зөв талын хамгийн арын  дугуйны покрышканы гадна хэсэгт зурагдсан, ямар нэгэн зүй шүргэсэн гэхээр мөр үүссэн байсан. Мөн зөв талын арын чиргүүлийн доод буланд зурагдсан мөр гарсан. Хар хөх өнгийн гэхээр зураасууд үүссэн. Зөв талын чиргүүлийн хавтасны нугасанд төмөр хавчуулагдсан байсан. Чиргүүлийн зөв талын арын гэрэл муруйж шаврын хаалт муруйсан. Хавтасны цоожлогч төмөрний бариул мурийсан байсан. Би осол болохыг хараагүй, осол болсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р х.х-49-51/;

- Гэрч Б.Буяндүүрэнгийн “Би МАК ХХК-нд жолооч хийдэг юм. 2018.06.05-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Гөлтгөний уурхайгаас гөлтгөнө аваад Дундговь аймаг руу явж байсан юм. Замдаа Дундговь аймгийн Хулд сумын нутагт засмал зам дээр явж байтал зам дээр цагаан өнгийн кроун маркийн машин, приус маркийн машинтай мөргөлдчихсөн байсан. Приус маркийн машин засмал зам дээр жолоочийн талаараа хажуулдсан, Кроун маркийн машин нь засмал замын баруун талд байсан. 2 залуу Приус маркийн машиныг босгох гээд дийлэхгүй байгаа болохоор нь би бууж туслаад машиныг нь босголцсон. Би тэр 2 залуугаас дотор нь хүн байгаа юм уу гэж асуухад байгаа гээд жолооч талын хаалгыг нээж нэг эрэгтэй хүнийг гаргасан. Тэр машинд өөр хүн байгаагүй. Кроун маркийн машинд нэг хүүхэд уйлж байгаа сонсогдсон. Нэг эмэгтэй хүн, эрэгтэй хүн байсан. Би машиныхаа хажууд зогсож байтал миний урд явсан манай компанийн жолооч Өлзийхуяг яав гээд ирэхээр нь болсон асуудлыг хэлсэн. 2018.06.05-ны өдөр манай компанийн дөрвөн машин Дорноговь аймаг руу хөдөлсөн. Би хамгийн сүүлд нь явж байсан юм. Тэгээд тэндээс хөдлөөд нэг эзэнгүй цайны газар дээр очиж урд явсан жолооч нартайгаа уулзахад Өлзийхуягийн зөв талын арын дугуй чиргүүл хэсэгт машин шүргэсэн гэхээр мөр үүссэн байсан. Тэгэхээр нь буцаж очихгүй бол болохгүй гээд буцаж явсан” гэх мэдүүлэг /1-р х.х-52-54/;

- Жолооч Х.Өлзийхуягийн жолоодож явсан Хово маркийн 23-71 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлд: Уг автомашин нь 22 дугуйтай, 23-71 УБЧ гэсэн чиргүүлийн дугаартай, машины зүүн гар талын хамгийн арын дугуйны покрышканы гадна бөөр хэсэгт нь ямар нэгэн зүйлтэй шүргэлдсэн гэхээр үрэгдсэн мөр үүссэн, уг дугуйны арын шаврын хаалт гагнаасаараа булгарсан байхгүй, арын гэрэл, чиргүүлийн улсын дугаар бүхий төмөр урдаас арагш чиглэлд мурийсан, чиргүүлийн зүүн гар талын арын нугасны будаг нь зурагдаж халзарсан, цэнхэр өнгийн зураас үүссэн. Чиргүүлийн зүүн гар талын арын түгжээ нээх төмөр арагш мурийсан, нугас хэсэгт нь нимгэн төмөр үрчийж хавчуулагдсан байв. Уг машины нийт урт 17 м, газрын гадаргуугаас чиргүүлийн ирмэг хүртэл 155см , чиргүүлийн өргөн 2.65м, чиргүүлийн урт 13 м, дугуйны өндөр 115 см байв. Автомашины нугасанд хавчуулагдсан төмрийг хураан өгөв гэжээ. /1-р х.х-14/;

- Үзлэг хийсэн гэрэл зураг /1-р х.х-15-17/;

- Хово маркийн 23-71 УБЗ улсын дугаартай цагаан өнгийн автомашинд үзлэг хийж хураан авсан төмрөнд хийсэн үзлэгт:  …төмөр нь хунирсан, үрчийсэн мөнгөлөг өнгийн булан хэсэгтээ хар хөх өнгийн будагтай, нэг талын ирмэг нь урагдсан байдалтай 10 см урттай, 6 см өргөнтэй мөнгөлөг өнгийн металь байв гэх  /1-р х.х-37/ баримтууд хамаарч байна.

Шүүгдэгч Ж.Хын жолоодож явсан Т.Кроун маркийн 42-73 УБО улсын дугаартай автомашин, амь хохирогч Э.Батдоржийн жолоодож явсан Т.Приус маркийн 10-35 ДГО улсын дугаартай автомашинд зам тээврийн осол гарахад нөлөөлөхүйц эвдрэл, гэмтэл, техникийн зөрчил байгаагүй нь техникийн шинжээчийн 2018.08.17-ны өдрийн “42-73 УБО улсын дугаартай Тоёота кроун маркийн авто машин нь хамгийн сүүлд 2017.04.26-нд Улаанбаатар хот БГД-т техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Ослын улмаас урд буфер  хэмхэрч салж ойчсон, нүүр хагарсан, баруун гар талын их гэрэл дохионы гэрлийн хамт хагарч бутарч ойчсон, копут баруун урд талаасаа хойш чихэгдэж урагдсан, салхины шил хагарсан, баруун урд талын крыло урагдаж цөмөрсөн, баруун гар талын хойд цонх хагарсан, баруун гар талын урд гар хойш мурийсан, дугуйны хий гарсан, амортизатор мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтлүүд нь осол болсны дараа үүссэн байх талтай ба эвдрэлүүдийг солих шаардлагатай. Дээрх эвдрэл гэмтэл осол болоход нөлөөлөөгүй. Ослоос өмнө болон хойно тоормос, тэнхлэг тохиргоо, гэрэл болон бусад эд анги нь бүрэн бүрэн хэвийн ажиллагаатай байсан эсхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /1-р х.х-145/, техникийн шинжээчийн 2018.08.17-ны өдрийн “10-35 ДГО улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машин нь хамгийн сүүлд 2018.06.04-нд Дорноговь аймагт техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Ослын улмаас урд буфер хэмхэрч салж ойчсон, нүүр хагарсан, урд их гэрлүүд дохионы гэрлийн хамт бүгд хагарч бутарч ойчсон, копут баруун урд талаасаа хойш чихэгдэж урагдсан, салхины шил хагарсан, баруун урд талын крыло хойш чихэгдэж урагдаж цөмөрсөн, амортизатор мурийж, урд тэнхлэг тохиргоо алдагдсан, өндгөн тулгуур мултарсан, баруун гар талын хойд хормой дотогш чихэгдсэн арын гэрлүүд бүгд хагарсан, арын багаж сөхөгдөж урагдсан, арын шил хагарсан, зүүн хойд хэсэг тэр чигээрээ дотогш чихэгдэж урагдсан, салон хэмхэрсэн зэрэг эвдрэл гэмтлүүд илэрлээ. Дээрх эвдрэл гэмтлүүд нь осол болсны дараа үүссэн ба тухайн эвдрэлүүдийг сэргээн засварлах боломжгүй. Хөдлөх болон агрегатын гадна болон дотор эвдрэлийг тогтоох боломжгүй. Дээрх эвдрэл гэмтэл осол болоход нөлөөлөөгүй. Ослоос өмнө болон хойно тоормос, тэнхлэг тохиргоо, гэрэл болон бусад эд анги нь бүрэн бүрэн хэвийн ажиллагаатай байсан эсэхийг тогтоох боломжгүй” гэх дүгнэлтээр /1-р х.х-149/ тус тус тогтоогдож байна.

Харин шинжээчийн 2018.06.09-ний өдрийн 32 тоот: Т.Кроун маркийн 42-73 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Х нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн байна. Т.Приус маркийн 10-35 ДГО улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Э.Батдорж нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна. Хово маркын 23-71 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Өлзийхуяг нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна.” гэх дүгнэлтээр /1-р х.х-81/ болон гэрч Ц.Жамъяндоржийн мэдүүлгээр 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 15 цагийн орчимд  Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас  Дундговь аймгийн Хулд сум руу чиглэсэн авто замын   Хулд сумаас урагш 49 км-т орших цэг дээр гарсан зам тээврийн осолд шүүгдэгч Ж.Х буруутай болох нь нотлогдож байна.

Шүүгдэгч Ж.Х нь гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийхэд хүрэлцэхүйц зай байгаа эсэхийг болон өөдөөс яваа тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж тооцоололгүйгээр гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийж, эсрэг урсгал руу орсны улмаас өөдөөс ирж явсан амь хохирогч Э.Батдоржийн автомашинтай мөргөлдөн зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй” гэх заалт; Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх; б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх гэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Шүүгдэгч Ж.Х нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас  иргэн Э.Батдоржийн амь нас хохирсон нь дээр дурьдсан баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас зорчигч Э.Ганбаяр, Л.Хишигжаргал нар болон Ж.Хын өөрийнх нь бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 2018.06.07-ны өдрийн 180200197 тоот дүгнэлт, мөн шинжээчийн 2018.06.08-ны өдрийн 180200200 тоот дүгнэлт, мөн шинжээчийн 2018.06.07-ны өдрийн 180200196 тоот дүгнэлт /1-р х.х 91-93, 103-105, 109-111/-ээр тус тус тогтоогдож байна.

Зам тээврийн ослын улмаас Ж.Ганбаяр, Л.Хишигжаргал нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй байна.

 

     2/ Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

               Шүүгдэгч Ж.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас Э.Батдоржийн амь нас хохирсон, Э.Батдоржийн жолоодож явсан автомашинд учирсан шууд хохирол нь 2742000 төгрөг болж байгаа, шууд бус зардал нь 815000 төгрөг болох ба иргэн Э.Ганбаяр, Л.Хишгжаргал нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд болон хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

               Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эвдэрч, устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4-т “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

               Хуулийн дээрх заалтаар өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг шүүгдэгч Ж.Х нь хариуцан арилгах үүрэгтэй, мөн өөрийн эзэмшлийн автомашиныг  шилжүүлэн өгсөн Тоёота Кроун маркийн 42-73 УБО улсын дугаартай автомашины жинхэнэ эзэмшигч Ж.Хын төрсөн эгч гэх Ж.Наранхүү  бусдад учирсан гэм хорыг арилгах хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болох нь; түүнчлэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С хохирогч нас барснаас учирсан гэм хор болон эд хөрөнгөд учирсан хохирлыг Ж.Х, Ж.Наранхүү нараас нэхэмжлэх эрхтэй болох нь тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд : 2018 оны 6 сарын 5-ны өдөр болсон хэрэг. Тэр үед би Дорноговь аймагт ажлаар явж байсан. Үдээс хойш 15 цагийн үед манай бага дүү над руу утсаар яриад аав замдаа явж байгаад олдохгүй байна гэнэ, аваарт орсон юм шиг байна гэж хэл өгсөн. Тэгээд ах, дүү нартаа тарааж хэлээд тэр хооронд сургийг нь сонссон. 16 цаг 30 минутын үед осол болсон байна, газар дээрээ нас барсан байна гэсэн мэдээ бид нарт ирсэн. Тэнд нь алтан хайрцгийг нь нээлгээд маргааш нь Улаанбаатар хот ороод Өмнөговь аймагт очсон. Ажил явдал нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд болсон.  Дорноговь аймагт 40 жил амьдарсан хүн. Алтан хайрцган дээр нутагт нь оршуул гэсэн байсан учраас бид нар нутагт нь ажил явдлыг нь өнгөрөөсөн. Аав маань 14 хүүхдийн том. Одоо 85 настай ээж нь байдаг. Ах, дүү олон учраас ажил явдал болдгоороо болоод өнгөрсөн. Хашбазарын аав Жаргал гэж хүн хүүхдүүдтэйгээ 2 удаа ирж уулзсан. Эмгэнэл илэрхийлж 1 сая төгрөг, өөр юмнуудтай, сүү, ус, жүүс гээд чадлаараа сэтгэл гаргаад бариад ирсэн байсан. Тэр үед уулзалдаад өнгөрсөн. Тэрнээс хойш уулзаагүй байж байгаад 9 сарын дундуур анх удаа Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэс дээр ирж нүүрээрээ уулзалдацгаасан. Хашбазарыг ч гэсэн тэр үед харсан. Бид хэдийн хооронд үл ойлголцол гараагүй, уулзаад буруутай гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Манай зүгээс тодорхой хэмжээгээр хохирлын хувийг нэхэмжлэх баримт гаргаж өгсөн. Зарим зүйл дээр албан ёсны баримтуудыг ажил явдлын үеэр газар дээр нь шатаах ёстой гээд манай эгч нар шатаасан байсан. Хэрэгт өгсөн баримтууд дандаа миний зүгээс авсан юмны бэлэн баримтууд байгаа. Бусад баримтуудыг чадахаараа бүрдүүлсэн. Бодит гэж би бодож байгаа. Илүү нарийн зүйлийг бид нар оруулж чадаагүй. Буяны ажилд зарцуулсан мөнгөө базаж оруулж чадаагүй. Дараа нь зөндөө зүйл дутуу байсан. Нөгөө талаас миний данс руу 15 сая төгрөг хийсэн. Өнөөдөр ирэхэд 15 сая төгрөг бэлнээр нэмж өгсөн. Нийт 30 сая төгрөг өгсөн. Миний зүгээс нөгөө тал хэргээ 100 хувь хүлээгээд, уучлалт гуйж байгаа учраас өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзсэн учраас анхнаасаа өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцсон. Энэ хэрэг санаатай биш болохоор хэцүү юм байна билээ. Эхлээд уур хүрч, гомдож байсан. Бүх хүн гомдолтой гэж байсан. Энэ хүмүүс өөрсдөө ирээд сэтгэл санаа гаргаж байсан. Чадалтай ч гэсэн ирэхгүй, сэтгэлгүй хүмүүс зөндөө байдаг. Тийм хүмүүсийг бодоход энэ хүмүүс сэтгэл гаргаж ирсэн. Хоёр ч удаа ажил явдал дээр ирээд удаан сууж манай ах, дүү нартай ярьж байсан. Дээр нь үнэхээрийн хохирол төлбөрийг чинь чадах хэмжээгээрээ барагдуулахыг хүсч байна гээд хүсэлтээ илэрхийлсэн. Хүний амь мөнгөөр хэмжигдэхгүй ч гэсэн ирж байгаа хохирол, оршуулгын зардал, нөхөн төлбөр гэж өгч байгаа мөнгийг алдаа гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг нөхөж олгож байгаа гэж би үзэж байна. Энэ хүүхдийн хувьд гэвэл миний зүгээс ямар дэмжлэг байна, дэмжлэг байдаг бол энэ хүүхдэд хорих ял юм уу, хүнд хэцүү ялаас мулталж өгөөч гэж хүсч байна. Дөнгөж 21 настай залуу хүн. Эхнэр, хүүхэдгүй,  амьдралдаа дөнгөж орж байгаа хүүхэд. Дээр нь аав, ээж нь настай хүмүүс өнөөдрийг хүртэл нойр хоолгүй хоносон байх. Цаашид хэн хэн нь урт удаан амьдрах учраас энэ хүүхдийг хоригдчих юм бол миний сэтгэл өвдөөд тайван байж чадахгүй. Тийм учраас энэ хүүхдэд өгөх ял нь хөнгөн байгаасай гэж би хүсч байна. Би өөрөө гурван охинтой, гурван охины араас сая хүүтэй болсон. Хүний хүүг хүнд хэцүү зүйлд ороосой гэж бодохгүй байна гэж мэдүүллээ.

               Хэргээс үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С “зардлын ерөнхий тойм” гэх баримтаар 28394876 төгрөгийн тооцоо гаргасан /1-р х.х-170-171/, нийт 8970962 төгрөгийн баримт /1-р х.х 172-225/, Нет Капитал гэх байгууллагын  “Б.Өнөрбаян, Э.Батдорж нар нь 3600000 төгрөгийн зээл авсан ба 2018.07.321-ний өдрөөр тасалбар болгон тооцоход нийт 3481793.18 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна” гэх тодорхойлолт /1-р х.х-219/, мөн байгууллагын “2018.08.23-ны өдрийн а/10 тоот “Б.Ганцэцэг, Д.Мөнхтөр нар нь зээлийн төлбөрийг бүрэн барагдуулж барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн нь үнэн болно” гэх тодорхойлолтыг /1-р х.х-228/ гарган өгч, хэрэгт хавсаргуулжээ.

               Хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.Батдоржийн жолоодож явсан Тоёота Приус-10 маркийн 1035 ДГО улсын дугаартай хар хөх өнгийн автомашины зах зээлийн үнэ 5 сая төгрөг, тухайн автомашинд учирсан шууд хохирол нь 2742000 төгрөг болж байгаа, шууд бус зардал буюу засуулах ажлын хөлс бусад зардал  815000 төгрөг болох нь тогтоогдож байна. /1-р х.х-156/

               Шүүгдэгч Ж.Хын зүгээс оршуулгын үеэр 1 сая төгрөг бэлнээр, шүүх хуралдаанаас өмнө 15 сая төгрөг бэлнээр, 15 сая төгрөг дансаар шилжүүлснийг хүлээн авсан гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн ба энэ шалтгаанаар иргэний нэхэмжлэлээсээ татгалзлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-т “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж, мөн зүйлийн 13-т “Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж тус тус заасан байна.

Мөн Ж.Хын гаргасан зам тээврийн ослын улмаас Э.Ганбаяр, Л.Хишигжаргал нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, ялагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэх заалтыг зөрчиж, эдгээр иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, эрх үүргийг тайлбарлаагүй нь буруу байна.

Хэргээс үзэхэд Л.Хишигжаргал гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Миний баруун гарын хөл, гар өвдөж байна. Зүүн гарын булчин суларсан, толгойгоороо юм мөргөөд жаахан өвдөж байна. Баруун гарын мөр булчин хэсэг зулгарсан шархтай. Би хотод очоод дахин нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлнэ. Миний зүгээс гомдол санал алга. Харин эмчилгээний зардал мөнгөө бүрэн төлүүлнэ” гэсэн /1-р х.х-65/, Э.Ганбаяр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ”Ослын улмаас миний баруун гарын мөр мултарсан, баруун гарын тохой хэсэгт шалбарсан. Миний биеийн байдал одоогоор гайгүй байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэжээ /1-р х.х-71/

Гэрч Л.Хишигжаргал, Э.Ганбаяр нар нь шүүгдэгч Ж.Хаас эрүүл мэндэд учирсан гэм хорын төлбөрийг төлүүлэх шаардлага гаргаагүй, баримт гаргаж өгөөгүй, эдгээр иргэдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна.

Эдгээр нөхцөл байдлыг судлан үзээд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэлийг бүрэн биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, аль нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон байдал тогтоогдоогүй ба иргэн Л.Хишигжаргал, Э.Ганбаяр нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож ирүүлээгүй нь холбогдох хуулийг зөрчсөн боловч “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэхээс татгалзаж байгаа асуудал биш тул шаардлагатай гэж үзвэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.С, иргэн Л.Хишигжаргал, Э.Ганбаяр нар нь нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор өөрсдийн оршин байгаа газрын, эсхүл шүүгдэгч Ж.Х, автомашины жинхэнэ эзэмшигч Ж.Наранхүү нарын оршин байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байна.

                

                 3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Х шүүхэд биеийн байцаалтаа мэдүүлэхдээ “урьд ял шийтгүүлж байгаагүй” гэж мэдүүлсэн болно. Хэргийн 243-244 дүгээр талд авагдсан Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 сарын 23-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолоор 17 настай Ж.Хыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 сарын хугацаагаар хойшлуулж байжээ. Шүүхээс шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд Ж.Х нь гэмт хэрэг шинээр үйлдээгүй нь ял шалгах хуудсаар /1-р х.х-241/ тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар Ж.Х нь ялгүй болсон байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Хт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргалаа.

Шүүгдэгч Ж.Хт ял оногдуулахдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ялгүй болсон, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “аль болох хөнгөн ял оногдуулж өгөөч” гэсэн хүсэлт саналыг  харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ж.Х нь зам тээврийн осол гаргах үедээ эрүүл байсан нь шинжээчийн 2018 оны 7 сарын 2-ны өдрийн 6905 тоот “Ж.Х 27 нас гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлтээр /1-р х.х 85-86/; зам тээврийн осол гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлөгүй болох нь шинжээчийн 2018.06.21-ний өдрийн 180100038 тоот “Талийгаачийн цусанд 0.5 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /1-р х.х -115/, шинжээчийн 2018.08.30-ны өдрийн 8847 тоот “Ороомог бүхий ургамал, хөвөн мэт зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэх дүгнэлтээр /1-р х.х 133-134/ тус тус тогтоогдсон болно.Иймд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүйд тооцлоо.

Шүүгдэгч Ж.Хын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа ба дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх арга хэмжээ тогтоохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулахаар заасан тул  мөн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял заавал оногдуулж, биечлэн эдлүүлэх үндэслэлтэй байна.

 

4/ Бусад асуудлын талаар:

 

а/ Шүүгдэгч Ж.Хын үйлдсэн гэмт хэргийн улмаас Ж.Наранхүүгийн эзэмшлийн 42-73 УБО улсын дугаартай Тоёота Кроун маркийн авто машины  урд буфер  хэмхэрч салж ойчсон, нүүр хагарсан, баруун гар талын их гэрэл дохионы гэрлийн хамт хагарч бутарч ойчсон, копут баруун урд талаасаа хойш чихэгдэж урагдсан, салхины шил хагарсан, баруун урд талын крыло урагдаж цөмөрсөн, баруун гар талын хойд цонх хагарсан, баруун гар талын урд гар хойш мурийсан, дугуйны хий гарсан, амортизатор мурийсан зэрэг эвдрэл гэмтлүүд” Нэт капитал финанс корпораци ББСБ-ын эзэмшлийн  10-35 ДГО улсын дугаартай Тоёота Приус маркийн авто машинд “урд буфер хэмхэрч салж ойчсон, нүүр хагарсан, урд их гэрлүүд дохионы гэрлийн хамт бүгд хагарч бутарч ойчсон, копут баруун урд талаасаа хойш чихэгдэж урагдсан, салхины шил хагарсан, баруун урд талын крыло хойш чихэгдэж урагдаж цөмөрсөн, амортизатор мурийж, урд тэнхлэг тохиргоо алдагдсан, өндгөн тулгуур мултарсан, баруун гар талын хойд хормой дотогш чихэгдсэн арын гэрлүүд бүгд хагарсан, арын багаж сөхөгдөж урагдсан, арын шил хагарсан, зүүн хойд хэсэг тэр чигээрээ дотогш чихэгдэж урагдсан, салон хэмхэрсэн зэрэг эвдрэл гэмтлүүд” учирсан болох нь техникийн шинжээчийн дүгнэлтээр /1-р х.х-149/  тус тус тогтоогдсон  болно.

Дээрх автомашинд учирсан хохирлын хэмжээнд дүгнэлт гаргасан хөрөнгийн үнэлгээний шинжээчийн төлбөрт нийт 289000 төгрөгийг Ж.Х төлсөн нь баримтаар /1-р х.х-152, 155/ тогтоогдсон, харин цогцос шинжилсэн болон техникийн шинжээчийн хөлсөнд хэдэн төгрөг төлсөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна.

Энэ шүүх хуралдаанаар Ж.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба Ж.Х нь баримтаар тогтоогдсон төлбөрийг санаачлагаараа төлсөн, баримтаар тогтоогдоогүй зардлыг хэн нэгэн нэхэмжлээгүй байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлсөнд тооцов.

б/ Хохирогч Э.Батдоржийн жолоодож явсан Тоёота приус маркийн автомашин болон Ж.Хын жолоодож явсан Тоёота кроун маркийн автомашины аваарийн дэрнээс цус мэт зүйлээр бохирлогдсон биологийн мөр бүхий хэсгүүдийг хайчилж авсан ба уг хэсгүүд дээрээс O/I/ бүлгийн цус илэрсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х.х-5, 129/ зэрэг баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч Э.Батдоржийн жолоодож явсан Тоёота приус маркийн автомашинд байсан гэх тамхи мэт шахмал зүйлийг С.Сгаас хураан авч шинжилгээ хийсэн ба уг зүйлээс мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй, С.Сд буцаан өгсөн болох нь эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл шинжээчийн дүгнэлтээр /1-р х.х 29-31, 38, 133-134/ тогтоогдож байна.

Дээр дурьдсан аваарийн дэрний хэсгүүдийг шүүхэд хэрэгтэй хамт ирүүлээгүй ба хэнд, хэзээ буцаан өгсөн эсэх, эсхүл устгасан эсэх нь баримтаар тогтоогдохгүй, шүүхээс өмнөх шатанд эд мөрийн баримтыг буцаан өгсөн үндэслэл нь тодорхойгүй, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна.

в/ Шүүгдэгч Ж.Хт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүний жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад; “хунирсан, үрчийсэн, мөнгөлөг өнгийн булан хэсэгтээ хар хөх өнгийн будагтай, 1 талын ирмэг нь урагдсан байдалтай 10 см урттай 6 см өргөнтэй мөнгөлөг өнгийн” метал төмрийн хэлтэрхийг нэхэмжлээгүй тул устгуулахаар Шүүхийн тамгын газарт; хэрэг учралын газарт хийсэн үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.2, 21.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

г/ Зам тээврийн осолд орсон Тоёота Кроун маркийн 42-73 УБО улсын дугаартай автомашин, Тоёота Приус маркийн 10-35 ДГО улсын дугаартай автомашинд техникийн болон хөрөнгийн үнэлгээний шинжээч нарт үзүүлж, дүгнэлт гаргуулсан гэх ба одоо эдгээр автомашин Цагдаагийн газрын журмын хашаанд байгаа гэх тайлбарыг улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар гаргасан боловч энэ талаар баримт хэрэгт хавсаргагдаагүй байна. Энэхүү ажиллагаа нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон шинжилгээний объектыг шинжээчид хүргүүлэх тухай заавар журмыг зөрчсөн байна. Шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, эсхүл уг алдааг залруулахаар хэргийг мөрдөн байцаалтад буцаах боломжгүй байна.

Иймд дээр дурьдсан автомашинуудыг эзэмшигч нарт нь буцаан олгохыг тухайн автомашиныг хадгалж байгаа гэх байгууллагад даалгахаар шийдвэрлэв.

Цаашид мөрдөгч, прокурор нар анхаарах нь зүйтэй.

                

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Ж.Х Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Э.Батдоржийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Жаргалын Хашбазарын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ж.Х- Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан мөн  хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Э.Хашбазарт шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт /Ханбогд сумын цагдаагийн хэсэг/ урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Ж.Хт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг тоолсугай. 

6. Энэ хэргийн улмаас шүүгдэгч Ж.Хт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчид нийт 31 /гучин нэгэн сая/ төгрөг хүлээлгэн өгсөн гэж хохирогч хүлээн зөвшөөрсөн, аваарийн дэрний тасархай, тамхи мэт шахмал зүйл шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Ж.Наранхүүгийн эзэмшлийн гэх Тоёота Кроун маркийн 42-73 УБО улсын дугаартай автомашиныг шүүгдэгч Ж.Хт, Нэт капитал финанс корпораци ББСБ-ын эзэмшлийн гэх Тоёота Приус маркийн 10-35 ДГО улсын дугаартай автомашиныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сд эгүүлэн өгч, баримтыг Ж.Хт холбогдох 182200180100 тоот хэрэгт хавсаргуулахаар ирүүлэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Ж.Хын эзэмшлийн 703333 дугаартай жолооны үнэмлэхийг энэхүү шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудасны хамт Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, төмрийн хэлтэрхийг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

9. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн дүрс дууны бичлэг бүхий CD-ийг шүүгдэгч Ж.Хт холбогдох эрүүгийн хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хадгалсугай. 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13, 10 дахь заалтыг журамлан мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хохирогч нас барснаас учирсан болон эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрийг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Сгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч С.С гэм хорын төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлж шүүгдэгч Ж.Х, автомашины хууль ёсны эзэмшигч Ж.Наранхүү нарын болон өөрийн оршин байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ                                    С.С