Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 105

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Г.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Б, Д.Д

Шүүгдэгч: Д.Г, С.С нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г, С.С нарт холбогдох 1822002090109 тоот хэргийг 2018 оны 10 сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

            1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Адаацаг суманд 1976.07.10-нд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 5 дугаар баг “Замын гашуун” гэх газарт нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗА76071019/ Д.Г;

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд 1994.05.09-нд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р баг “Хаяагийн говь” гэх газарт нутаглах, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗП94050910/ Мд овогт С.С нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүгдэгч Д.Г, С.С нар нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 6-р багийн нутаг дэвсгэр “Хаяагийн говь” гэх газарт нутаглах иргэн С.Энхбаярын гэрт 2018 оны 6 сарын 22-ны өдрийн 11 цагийн орчимд  архидан согтуурч, маргалдан зодолдсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

-  Хохирогч Д.Гын: Тэгээд шууд бид гурав Энхбаяр гэдэг айлд очоод архи пиво уусан. Тэгээд уугаад сууж байгаад би Сайнбаярт хандан ахын дүү гараад Энхбаярт өгөх нэг шил архи машинаас аваад ирээч гэсэн. Тэгсэн Сайнбаяр миний өөдөөс залуу хүний зарц биш гээд хэрүүл хийхээр нь би Сайнбаярыг чи хэзээ ийм болсон юм гайгүй л байдаг биз дээ гэсэн чинь л Сайнбаяр чамайг ална наашаа хүрээд ир гээд цамцны ханцуйнаас татаад миний цамцыг урсан. Тэгээд чамтай зодолдоно гээд дайраад байхаар нь би чамтай би зодолдохгүй ээ гэж хэлсэн чинь намайг барьж аваад данхраадсан байсан мотоцикль руу түлхээд Сайнбаяр бид хоёр мотоцикль дээр хамт унасан. Тэгээд би ерөөсөө дэмий нэг нэгэндээ гай болно гээд газар суугаад өгсөн чинь Сайнбаяр миний цээж рүү гараараа цохиод эрхий хуруугаараа баруун нүдийг маань хүчтэй дарсан. Тэгэхээр нь би биеэ хамгаалахын тулд эсэргүүцээд гараараа нэг удаа цохьсон чинь Сайнбаяраас цус гоожоод эхэлсэн. Би хаана нь цохьсоноо мэдээгүй. Миний нүд харж болохгүй, Сайнбаяр хуруугаараа нүд рүү дарсан байсан. Тэгээд Сайнбаяр босоод явсан. Тэгэхээр нь би одоо больё, наад цус нөжөө цэвэрлэ гээд би босоод байшингийн хажууд очоод сууж байтал Сайнбаяр буцаж ирээд чи муу босоод ир чамайг ална гээд миний цээжний баруун хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгшбаяр, Энхбаяр хоёр салгаад Сайнбаярыг хоёр гарнаас нь татаад авсан. Тэгээд Сайнбаяр эргэж над руу дайраад муу муухай үгээр доромжлоод байхаар нь байшингийн урд сул байсан банз аваад Сайнбаяр луу шидсэн чинь толгой руу нь оносон. Тэгээд Сайнбаяр машинаа унаад та нарыг бүгдийг чинь дайрч ална гээд байшин тойроод давхиж байгаад “дүүгээ авчирч байгаад та нарыг ална” гээд гэрлүүгээ машинаа унаад давхиад явсан. Сайнбаяраас нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-19-20/

-  Хохирогч С.Сын: Ганбат намайг гадаа машинаас архи аваад ир гэж хэлэхээр нь үгүй би авчирч чадахгүй гэж хэлсэн чинь намайг Ганбат нүүр лүү нэг удаа цохьсон. Тэгээд л хэрүүл маргаан болсон.   Тухайн үед Ганбатын гарт чулуу байсныг хараагүй, миний зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан болохоор л гартаа чулуу барьж байгаад цохьсон гэж бодсон. Одоо нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-15-16/

- Гэрч М.Тэгшбаярын : ... С.Энхбаярын гэрт очоод нэг шил архи, нэг том савтай пиво ууж дуусаад би байшингийн сүүдэрт согтоод жаахан унтсан байсан. Тэгээд гадаа шороо тавиад, бороо ороод сэрэхэд Д.Г, С.С хоёр хоорондоо маргалдаад нэг нэгнээсээ барилцсан зууралдсан байдалтай, С.Сын зүүн хөмсөгний дээд хэсгээс цус гарсан байдалтай Д.Г руу С.С нь дайраад байхаар нь Энхбаяр бид хоёр Сайнбаярын хоёр гарнаас нь бариад Ганбатаас салгасан. Тэгээд тэр хугацаанд Д.Г нь С.Сын толгойруу нь банзаар нэг удаа цохьсон… гэх мэдүүлэг /хх-28-29/

- Гэрч С.Энхбаярын: … С.С, Д.Г, М.Тэгшбаяр бид хэд хамт гэрийн гадна байшингийн сүүдэрт архиа ууж дуусчихаад байж байхад Д.Г нь машинд миний нэг шил архи байгаа тэрийг аваад ир гээд С.Ст хэлсэн чинь С.С би чиний зарц юм уу гээд С.С Д.Г хоёр нэг нэгийгээ тоглоод ч байгаа юм шиг,  хэрэлдээд ч байгаа ч юм шиг байсан. Тэгээд гэнэт Д.Г С.Сын нүүр лүү цохьсон. Тэгсэн чинь Д.Г С.С босоод хоорондоо ноцолдоод эхэлсэн С.С нь Д.Гыг доороо гаргаад дэвсэх гэхээр нь М.Тэгшбаяр бид хоёр С.Сын хоёр гарнаас нь татаж болиулаад С.Сыг суулгаад юунаас болсон юм гээд асуугаад сууж байхад Д.Г байшингийн хажууд мод байсаныг аваад С.Сын толгой руу нь нэг удаа цохьсон. Тэгээд дахиад маргалдаж зодолдох гээд байхаар нь болиулаад С.Сыг явуулсан. Ер нь бүгд л их согтуу байсан гэхдээ би ухаанаа алдатлаа согтуу байгаагүй Д.Г, М.Тэгшбаяр, С.С нар манайд ирэхдээ согтуу ирсэн. Би тэр үед эрүүл байсан. Д.Г нь С.Сын толгой руу нь чулуугаар цохиж байхыг хараагүй.  Харин намайг харж байхад модоор толгой руу нь цохисон. Д.Г С.С хоёр анх маргалдаад ноцолдоод Д.Гыг С.С дээр нь гараад дэвсэх гээд байхаар нь л С.Сын хоёр гарнаас нь барьж салгаад суулгасан. Тэр үед С.Сыг сууж байхад нь Д.Г толгой руу нь модоор цохисон” гэжээ /хх-30/

- Гэрч П.Дулмаагийн “2018 оны 6 сарын 22-ны өдөр 14 цагийн үед би Эрдэнэдалай сумаас хөдөө гэртээ очсон чинь манай гэрт Д.Г, М.Тэгшбаяр, тэгээд манай нөхөр С.Энхбаяр гурав сууж байсан. Тэгээд би гэрт орсон чинь Д.Гын нүүр ам нь нэл цус болчихсон,  мөн цамцных нь энгэр, заам нь урагдсан жигтэйхэн муухай царайтай юм сууж байсан. Мөн М.Тэгшбаярын цамц урагдсан. Мөн манай нөхрийн цамц урагдсан байхаар нь та гурав чинь юу болов гэж асуухад Санзайгийн хүү Сайнбаяртай муудаад Д.Г С.Сын толгойг нь хагалаад тэгээд С.Ст би зодуулчихлаа гээд Д.Г сууж байсан. М.Тэгшбаяр манай нөхөр хоёр салгах гэж байгаад цамцаа уруулсан гэж ярьж байсан…гэх мэдүүлэг /хх-33/

- Гэрч Э.Насандэлгэрийн /сумын эмч/ “би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 23 цагын үед С.С нь анх эмнэлэг дээр хүнд зодуулсан гэж ирээд би биед нь үзлэг хийхэд зүүн талын хөмсөгний дээд талд 1 см гүн 3 см урттай зүсэгдсэн шархтай, толгойн баруун хэсэгт дагзны дээд талд 1,3 см гүн, 4 см урт зүсэгдсэн шархтай, цээжний урд хэсэгт, баруун талын эгэм орчимоор эмзэглэлтэй, баруун талын гар өргөхөд бэхшээлтэй хөндүүр хөдөлгөж чадахгүй, амьсгал авахад цээжээр хөндүүрлэсэн байдалтай байсан. Би С.Сыг биед нь үзлэг хийгээд толгойн зүсэгдсэн шарх тус бүрт 3, 3 нийт 6 оёдол тавьсан, өвчин намдаах тариа хийж зөвлөгөө өгч эм бичиж явуулсан” гэжээ /хх-25/ 

- Шинжээчийн 2018.06.27-ны өдрийн 180200221 тоот: С.Сын биед зүүн хөмсөг, дагзанд шарх, баруун зүүн хацар, хүзүүнд зургаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-38/

- Шинжээчийн 2018.09.07-ны өдрийн 180200281 тоот: Нэмэлтээр ирүүлсэн материалаар С.Сын биед хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хөмсөг, дагзанд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-69/

- Шинжээчийн 2018.06.27-ны өдрийн 180200220 тоот дүгнэлтэд “Д.Гын биед баруун нүдний алимны цус хуралт, цээжний баруун хэсэг, өвчүүний дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-66/ баримтууд  хамаарч байна.

Дээрх баримт болон хохирол төлбөрийн талаарх, мөн шүүгдэгч нарын хувийн байдлыг нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч Д.Г, С.С нар  зодолдсоны улмаас С.Сын биед  “зүүн хөмсөг, дагзанд шарх, баруун зүүн хацар, хүзүүнд зургаралт, зүүн дээд зовхинд цус хуралт гэмтэл, хамар ясны хугарал, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хөмсөг, дагзанд шарх” гэмтэл,  Д.Гын биед “баруун нүдний алимны цус хуралт, цээжний баруун хэсэг, өвчүүний дээд хэсэгт зулгаралт” гэмтэл учирсан болох нь хохирогч Д.Г, С.С нарын мэдүүлэг /хх-15-16, 19-20/, гэрч М.Тэгшбаяр, С.Энхбаяр нарын мэдүүлэг /хх-28-29, 30/, шинжээчийн дүгнэлтүүд /хх-33, 66, 69/ зэрэг баримтуудаар  нотлогдож  байна.

Шүүгдэгч Д.Г, С.С нарын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд  Д.Г, С.С нар хамтран хонон өнжин архидан согтуурсан явдал болон өөрсдийнх нь  танхай зан байдал  нөлөөлсөн байна.

Иймд шүүх шүүгдэгч Д.Г, С.С нарыг үл ялиг зүйлээр шалтаглан зодолдож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзлээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Дээрхи хуулийн заалтаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Д.Г, С.С нар хариуцан арилгах үүрэгтэй, өөрийнхөө эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хэн алинаасаа шаардах эрхтэй байна.

Хохирогч Д.Г нь шүүхэд “эмнэлэгт үзүүлэх боломж, цаг зав гараагүй” гэж мэдүүлсэн ба С.Саас хохирол, төлбөр нэхэмжлээгүй байна.

Хохирогч С.С нь 2018 оны 7 сарын 2-ны өдөр Ньюсигначе ХХК–нд “ухархайн хугарал засах” мэс засал хийлгэсэн ба нийт 2681800 төгрөгийн баримт бүрдүүлж, хэрэгт хавсаргуулжээ.

Хэрэг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө шүүгдэгч Д.Гаас хохирогч С.Ст 2 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн шалтгаанаар С.С нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10-т “Иргэний нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж, мөн зүйлийн 13-т “Шүүхэд эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэлээс татгалзах тухай хүсэлтийг шүүх зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө гаргаж болох ба хүсэлтийг шүүх хангана” гэж тус тус заасан тул шүүх С.Сын хүсэлтийг хангаж, холбогдох иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Г, С.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хэн алиных нь зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч Д.Г гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан Д.Г, С.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас Д.Г, С.С нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд зүйл хурааж, битүүмжлээгүйг тогтоолын тогтоох хэсэгт дурьдахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамтай хэрэгт хамаарч байна.

Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 95 дугаар яллах дүгнэлтэд /хх-112-114/ яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаархи саналаа бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-т заасныг зөрчсөн байгааг анхааруулах нь зүйтэй.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

    1. Шүүгдэгч Д.Г, С.С нарыг тус бүр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Г, С.С нарт тус бүр 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

    3. Энэ хэргийн улмаас Д.Г, С.С нар нь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, Д.Гаас С.Ст 2 сая төгрөг хүлээлгэн өгсөн, Д.Гаас төлбөр нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай. 

    4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 13-т заасныг баримтлан С.Сын иргэний нэхэмжлэлээс татгалзсан тухай хүсэлтийг хангаж, С.Сын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

     5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Г, С.С нар нь эрүүл мэндэд учирсан гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн харъяа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.      

     6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

     7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г, С.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

       

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.С