Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 201/МА2023/00004

 

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, ерөнхий шүүгч З.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 138/ШШ2022/01054 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч *******д холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3 985 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч З.Энхцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *******тай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр малын наймаа хийж өөрийн үхэрнээс 15 үхэр зарахаар болсон. Бид 1 килограмм үхрийн махыг нь 9 500 төгрөгөөр бодож зарахаар тохиролцсон. Тухайн үед аймгийн төвд үхрийн махны бөөний ханш 10 000 төгрөг, Улаанбаатар хотод 11 000 төгрөг, аймгийн төвд жижиглэнгийн ханш 14 000 төгрөг байсан. Анхнаасаа 8 500 төгрөг гэдэг үнэ ерөөсөө яриагүй. Аймгаас мах ачих машин нь ирж махаа ачсан. Том машин ирсэн юм чинь ахиухан ачаад явья гээд дахиад 5 үхэр нэмж худалдаж авсан. Үхрүүдээ бойлж дуусах үед оройтсон учир нэг үхрээ буцаая гээд нийт 19 үхэр бойлсон. ******* нь өөрийн бойчид, гэдэс арилгагч нараараа янзлуулан махаа хиллэж худалдаж авсан. Нийт 4129 кг мах болсон. Бидний хооронд хийгдсэн наймаа нийт 39 225 500 төгрөг болсон. Манай гэрийн гадаа үхрүүдээ бойлж байхдаа урьдчилгаа гэж 30 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл мөнгөө очоод шилжүүлнэ гэхэд нь итгээд явуулсан. Олон хоног утасдуулж байж 5 000 000 төгрөгийг 4 дүгээр сарын 12-ны өдөр миний данс руу шилжүүлсэн. Үлдэгдэл 3 950 000 төгрөгөө авья гэхээр өвчтэй, туранхай мал өгсөн, мах чинь зарагдахгүй байна, үлдэгдэл мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Хэрвээ үнэхээр өвчтэй, туранхай мал байсан юм бол нядлуулахгүй байх, нядалсан бол авахгүй байж болох байсан. Мал нядлах явцыг ******* өөрөө харж байсан. 2021 онд товруу өвчин гарах үед тус өвчнөөр өвчилсөн малаа бүгдийг устгуулсан учраас өвчтэй мал байхгүй байсан. ******* нь аймагт биш Улаанбаатар хотод махаа зардаг. Малчнаас махаа худалдан аваад цаашаа зарж борлуулах хүртэлх эрсдлээ өөрөө хариуцах ёстой. Би эцсийн хэрэглэгч хүртэлх түүний алдагдал, ашигт оролцох ямар ч шаардлага байхгүй. Тухайн үед би бойчидтой яриагүй. ******* махаа авч явахын тулд өөрийнхөө ажлыг хийлгэх гэж тэр хүмүүстэй ярьсан байх. Байнга л бойчидтойгоо явдаг хүн. Би энэ хүний эрсдлийг хуваалцах талаар яриагүй, эрсдэл хүлээсэн ч гэж бодохгүй байна. Хавар мах үнэд ордог цаг, худалдан авсан үнээсээ багаар өгнө гэж байхгүй. Бүх нядалсан махаа аваад явсан байж дараа нь мах чинь ийм байна, тийм байна, мөнгийг чинь дутуу өгнө гэж яриад байгааг зөвшөөрөхгүй. Худалдсан махныхаа үлдэгдэл 3 950 000 төгрөгийг нэхэмжилнэ. гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тухайн үед Халхгол суманд ажлаар очсон байсан юм. Намайг очоод 2 хонож байхад ******* нь над руу утсаар яриад чамд өвөл өгнө гэж байсан 20 үхрээ одоо өгье гэсэн. Би одоо тарган байж чадах юмуу, өвөл өгсөн нь дээр юм биш үү гэхэд 800 үхэр дотроос тарга сайтай үхэр гарна шүү дээ, би чамд 270-300 кг жинтэй үхэр өгье гэсэн. Тэгээд би тэр өдөр нь машинаа дуудаад 3 дугаар сарын 31-ний өглөө 09 цагийн үед тэднийд очсон. Биднийг очиход хашаандаа 7-8 үхэр хашсан байсан бөгөөд бүгд туранхай байсан. ******* өөрийнх нь дансанд 30 000 000 төгрөг байршуулж байж үхрээ унагаана гэсэн. Би үхрээ унагаасны дараа харж байж мөнгөө хийе гэхэд тэгвэл би үхрээ унагаахгүй гэсэн. Ингээд үхэр унагаагүй байхдаа надаас 30 000 000 төгрөг авсан. Үхрээ унагаагаад өлгөөд эхлэхэд дандаа туранхай үхэр байсан. Би өөрийг нь дуудаад ийм үхэр өгөх юм бол 9 500 төгрөг хүрэхгүй шүү, хотод очоод 7000-8000 төгрөг болвол их юм гэхэд дараа нь тарган үхэр авчирна гэсэн. Дараагийн 5 үхэр нь тарган үхэр байсан. 3 дахь ээлжийн үхрүүдээ авчрахад дандаа туранхай үхрүүд байсан. Тэгээд би мөнгөө буцаая, хоёулаа наймаа тохирохгүй юм байна гэхэд тэр мөнгийг чинь би хүнд өгчихсөн, нэгэнт машин тэргээ дуудаад авчирсан юм чинь ав гэсэн. Тухайн үед ажилласан 2 үхрийг хэтэрхий туранхай юм байна, бас гэдэс нь ногоон байна гэж гэдэс арилгасан хүн маань хэлсэн. Тэгэхээр нь би танай мал өвчтэй юм уу гэхэд товруу хүрээд эдгэсэн, би ч бас гайхаж байна гэж өөрөө хэлсэн. Хоёулаа тохирох юм байгаа биз дээ, би ийм үхэр авч очоод зарахад үнэ хүрнэ гэж байхгүй шүү. 8 000-8 500 төгрөгт л зарж чадах байх гэж өөрт нь хэлсэн. Тэр үед ******* эхнэртэйгээ машиндаа ороод суучихсан. Би бичгэнд явахдаа танай мал шаардлага хангаж байгаа биз дээ гэхэд тиймээ, эмч нь мэдэж байгаа. Манайх өвчилсөн малнуудаа бүгдийг устгуулсан гэсэн. Намайг малын бичгэндээ яваад ирэхэд 5 үхэр унагаасан байсан. Дараагийн үхэрнүүд бүгд туранхай байхаар нь энэ болохгүй, чи бид хоёр тохирохгүй юм байна, мөнгөө буцаая гэхэд тохирноо нэгэнт чи машинаа авчирсан юм чинь аваад яв гэсэн. Би машины мөнгөө хуваана биз дээ гэхэд хуваана гэсэн. Мөн бойчдын мөнгийг мал унагасан айл нь өгдөг юм. Ингээд машины хөлс болон бойчдын мөнгийг өгнө гэж ******* надтай тохирсон. Ямар ч байсан энэ хүн үхэр унагаагүй байхдаа надаас 30 000 000 төгрөг авсан. Би Улаанбаатар хот руу мах борлуулдаг хүн рүү яриад нийт 19 үхэр унагаачихлаа зургийг нь хардаа гээд чатаар явуултал эгчээ би зарж чадахгүй, өөрөө дагаад ир гэсэн. Ер нь бол би махаа дагаж хот явах ёсгүй байсан. Орой нь би хоёулаа тооцоогоо нийлье гэхэд ******* гэртээ ороод орондоо орчихсон байсан. Би тооцоогоо ч нийлэхгүй, ийм туранхай үхэр авч чадахгүй, мөнгийг маань буцаагаад өгчих гэхэд чи нэгэнт л машинаа авч ирээд тохирсон юм чинь аваад яв, очиж зарчихаад дараагийн асуудлыг ярья гэсэн. Тэгээд би Улаанбаатар хот руу том машинаа дагаад явсан. Би явахдаа *******д хотод очоод утсаар ярина шүү, энэ үхэр чинь яаж зарагдахыг хараарай гэж хэлсэн. Хотод очоод залгахад утсыг маань огт аваагүй. Надтай хамт явсан махны ченж 4 хоног мах заралцсан. Тарган үхрийн мах нь 10 500 төгрөгөөр, бусад мах нь 8000-8500 төгрөгт зарагдсан ба дундажлаад 9 200 төгрөгөөр зарагдсан. Тарган 5 үхрийн мах нь хурдан зарагдсан. Үлдэгдэл туранхай 14 үхэр нь зарагдахгүй 4 хоног зогссон. Ингээд зарсан махны мөнгө нь цуварч орж ирсэн. Би 7 хоногийн дараа Дорнод аймагт ирээд Халхгол сум руу явсан. Би *******тэй утсаар яриад ...муу мах өгсөнөөс болж би бой болон машины зардал гээд шатаж дууслаа, хоёулаа уулзъя, би хохирлоо барагдуулмаар байна гэхэд тийм зүйл байхгүй, харин надад 3 950 000 төгрөг өгөөрэй гээд бид утсаар маргалдсан. Тэгээд би гэр рүү нь очиход хүү нь гарч ирээд *******г байхгүй гэсэн. ******* нь хуралд ч өөрөө ирэхгүй, ядаж эхнэрээ төлөөлүүлж болох байхад энэ асуудлыг мэдэхгүй хүнийг явуулчихаад надтай уулзахгүй байгаа юм. ...Би *******гээс 4129 килограмм махыг 1 килограммыг нь 8 500 төгрөгөөр тооцон авахад 35 054 000 төгрөг болсон. Үүнээс би 35 000 000 төгрөгийг төлсөн, 54 000 төгрөгийг жингийн хорогдолд тооцсон учир надад *******д төлөх төлбөр байхгүй. Харин би *******гээс өөрийнхөө хохирлыг гаргуулж авмаар байна. гэжээ.

 Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч  *******гаас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 950 000 /гурван сая есөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 150 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 78 150 төгрөгийг гаргуулан *******д олгож,... шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо: ... Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа үнэн бодит байдал болон гэрчийн мэдүүлэг нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй, зөрүүтэй мэдүүлгийг нягталж үзэлгүй хэт нэг талыг барьж, нэхэмжлэгчийн мэдүүлэг, түүний хүсэлтээр асуугдсан гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол өгч шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч ******* нь анхнаасаа намайг хуурч үнэн байдлыг далдлан тарган мах өгнө гэж хэлж 30 000 000 төгрөгийг урьдчилж өгөхгүй бол үхрээ унагахгүй гээд байсан. Энэ талаар надтай хамт явсан, нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа гэрч Бадарчин шүүхэд гэрчээр асуугдахдаа 5 үхэр нь сайн бусад 14 тооны үхэр нь туранхай муу, нэхэмжлэгч Баасанхүүгийн хэлсэн 270-300 кг хүрнэ гэсэн, махны гарц ямар байсан, Улаанбаатарт очоод хэрхэн зарагдсан талаар тодорхой хэлсэн байдаг.

Мөн гэрч *******, ******* нар 19 тооны үхэр нядалсан, 5 тооны үхэр тарган бусад нь туранхай гэдэс арилгахад гарын аясаар зумарч унаж байсан гэж тодорхой гэрчилдэг. Мах зарж өгсөн гэрч ******* Улаанбаатарт очсон махны талаар тодорхой мэдүүлсэн.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн үед огт байгаагүй хүн өөрөө тухайн үед байсан мэтээр бодит байдлыг худал мэдүүлсэн. Үнэн зүйлийг хэлсэн нь *******гийн үхэр малын халдварт өвчин товруу туссан байсан тодорхой тооны үхрийг устгуулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн.

Бид анхнаасаа 9 500 төгрөгөөр авах өгөх талаар тохироогүй, 20 тооны сайн чанарын мах гарах үхэр гэсэн тул урьдчилгаа болгоод 30 000 000 төгрөгийг хүнээс зээлж байгаад бүрдүүлээд өгсөн. Би тухайн үед өөр аймгаас мал цуглуулах ажилтай гэрч Бадарчин, түүний эхнэр Даваажаргал нартай Халхгол сумаар явж байсан. Баасанхүү намайг явж байна гэж мэдээд өнгөрсөн өвөл өгнө гэж ярьж байсан 20 тооны үхрээ одоо авчих надад мөнгөний хэрэг гараад байна, дандаа сайн үхэр өгнө гээд би хөдөө гэр лүү нь очсон. Урьдчилгаа гэж мөнгийг минь дансандаа хийчихээд муу малаа бойлсон авахгүй гэхэд унагачихсан. Аймгийн төвөөс бойчин, унаа дуудсан мөн өөрийнх нь ятгалгаар дараа нь тооцно гэсний дагуу ачиж явах болсон.

Би өөртөө ямар ч ашиггүй энэ хүний туранхай махыг өөрийн зардлаар зарж өгсөн болоод байна. Махны хорогдол хасаад 3,999 кг махыг кг бүрийг нь 9 200 төгрөгөөр дундажлан бодож бойчдын мөнгө 703 000 төгрөг, машины зардлын хувь зэргийг өөрөөсөө төлж хохирсон тул *******д мөнгө өгөх ёсгүй. Харин ч би өөрөө түүнээс бойчны мөнгө замын зардал зэргээ нэхэмжлэх ёстой болоод байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Соёлмаагийн хэлж ярьж байгаа нь бүгд худал байна. ...Энэ хүний хувьд мал махны наймаагаар дагнасан хүн. Ямар үхэр авах ёстой гэдгээ маш сайн мэдэж байгаа. ...Бүгд худал мэдүүлэг байна. гэв.  

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч *******гийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч *******, хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3 985 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр *******д 19 үхэр худалдсан. 1 килограмм махыг 9500 төгрөгөөр бодож нийт 4129 килограмм үхрийн махыг надаас худалдан авсан, ...худалдаж авсан үхрүүдээ бойлж байхдаа урьдчилгаа гэж 30 000 000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн, мөн 4 дүгээр сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 3 950 000 төгрөгөө авья гэхээр өвчтэй, туранхай мал өгсөн, мах чинь зарагдахгүй байна, үлдэгдэл мөнгийг чинь өгөхгүй гэж хэлсэн. Хэрвээ үнэхээр өвчтэй, туранхай мал байсан юм бол нядлуулахгүй байх, нядалсан бол авахгүй байж болох байсан. Мал нядлах явцыг ******* өөрөө харж байсан. 2021 онд товруу өвчин гарах үед тус өвчнөөр өвчилсөн малаа бүгдийг устгуулсан учраас өвчтэй мал байхгүй байсан. ...******* нь аймагт биш Улаанбаатар хотод махаа шахдаг. Малчнаас мах худалдан аваад цаашаа зарж борлуулах хүртэлх эрсдлээ өөрөө хариуцах ёстой. ... Бүх нядалсан махаа аваад явсан учир худалдсан махныхаа үлдэгдэл мөнгө 3 950 000 төгрөгийг нэхэмжилнэ. ...Тухайн үед аймгийн төвд үхрийн махны бөөний ханш 10 000 төгрөг, Улаанбаатар хотод 11 000 төгрөг, ... байсан. Анхнаасаа 8 500 төгрөг гэдэг үнэ ерөөсөө яриагүй. гэж,  

4. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ: ... 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр *******тэй ярьж тохиролцон 19 үхрийг худалдан авч, тэдний гадаа бойлоод нийт 4129 килограмм мах худалдан авсан. ******* нь 270-300 кг жинтэй үхрүүд өгнө гэсэн боловч 5-аас бусад нь туранхай үхрүүд байсан. Үхрээ унагахаас өмнө өөрийн дансанд 30 000 000 төгрөг шилжүүлж авсан. Үхрүүд нь туранхай болохоор наймаа тохирохгүй юм байна, наймаагаа буцаая гэхэд чи машин дуудаж ирүүлчихээд аваад яв, мөнгийг чинь хүнд шилжүүлчихсэн гээд өгөөгүй. ... Би явахдаа хоёулаа тохирох юм байгаа биз дээ, би ийм үхэр авч очоод зарахад үнэ хүрнэ гэж байхгүй шүү, 8 000-8 500 төгрөгт л зарах байх гэж өөрт нь хэлсэн. Тухайн үед машины хөлс болон бойчдын мөнгийг төлнө гэж ******* надтай тохирсон.  ... Тарган үхрийн мах нь 10 500 төгрөгөөр, бусад мах нь 8 000-8 500 төгрөгөөр зарагдсан ба дундажлаад 9 200 төгрөгт зарагдсан. Махаа зараад *******д 5 000 000 төгрөг шилжүүлсэн. ... Би *******гээс 4129 килограмм махыг 1 килограммыг нь 8 500 төгрөгөөр тооцон аваад зарахад 35 054 000 төгрөг болсон. Үүнээс би 35 000 000 төгрөгийг төлсөн. 54 000 төгрөгийг жингийн хорогдолд тооцсон учир надад *******д төлөх төлбөр байхгүй. Ямар ч ашиггүй наймаа хийж би хохирсон. Харин би *******гээс өөрийнхөө хохирлыг гаргуулж авмаар байна. гэж тус тус тайлбар гарган мэтгэлцжээ.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид нь 2022 оны 03 сарын 31-ний өдөр /Дорнод аймгийн Халх гол сум, Ялалт багт/ 19 үхэр худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, хариуцагч ******* нь 19 үхрийг нэхэмжлэгчийн гэрийн гадаа бойлж 4129 килограмм мах худалдан авсан, 2022 оны 3 сарын 31-ний өдөр *******гийн дансанд 30 000 000 төгрөг, 2022 оны 4 сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн, хариуцагч ******* нь дээрх махыг ачаад Улаанбаатар хотод очиж зарж борлуулсан үйл баримт тогтоогдсон байна. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

6. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч хэлэлцэн тохиролцсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******* нь 19 үхэр буюу 4129 килограмм үхрийн махыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч ******* нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх, худалдан авсан махаа хүлээн авах үүргийг тус тус хүлээжээ. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

7. Зохигчид худалдсан махны 1 кг-ын үнийг нэхэмжлэгч ******* 9 500 төгрөгөөр худалдсан, хариуцагч ******* нь 8 500 төгрөгөөр худалдаж авсан гэж маргасан ба талууд худалдсан эд хөрөнгө буюу махны чанарын талаар маргаснаас үнийн талаар маргаан үүсжээ.

8. Анхан шатны шүүхийн Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. гэж заасан. Зохигчид худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулсан учир хэмжээ, чанарын талаар тухайлбал хэдэн килограмм жинтэй үхэр худалдах, худалдан авахаар тохиролцсон гэдэг нь тодорхойгүй байна. Иймд Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-д Хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ. гэж заасны дагуу гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжгүй мал өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр *******, *******, В.*******, У.*******, Б.******* нарыг  гэрчээр асуусан бөгөөд гэрч *******ээс бусад нь хариуцагчийн худалдаж авсан үхрийн зарим нь туранхай үхэр байсан талаар мэдүүлжээ. /хх 23-24, 41-48/

10. Хариуцагч *******гийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нэхэмжлэгч *******гийн хариуцагчид худалдсан үхрийн махны зарим нь чанарын хувьд туранхай буюу доголдолтой байсан болох нь тогтоогдсон болов чиг хариуцагч буюу худалдан авагч ******* нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдсан махыг /эд хөрөнгө/ хүлээж авах үедээ туранхай буюу доголдолтой байсныг мэдсээр байж худалдан авч, борлуулсан байх тул хариуцагч нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байна. /Тухайлбал хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гээс худалдаж авсан үхрийн зарим нь туранхай, тохирсон кг жиндээ хүрэхгүй байсан гэсэн үндэслэлээр худалдаж авахаас татгалзах эрхтэй байсан болов чиг энэ эрхээ хэрэгжүүлээгүй байна./

11. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцсэн байна. Иймд хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

12. Хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 138/ШШ2022/01054 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

З.ЭНХЦЭЦЭГ