Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00194

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00194

 

 

 

 

 

 

 

2023 01 20 210/МА2023/00194

 

 

******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04845 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *********д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 68,845,640 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, үндэслэлгүй хөрөнгөжсөн 13,360,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, өмгөөлөгч Б.Энхчимэг, О.Цолмон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ****** нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр *********д 41,518,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай сарын 2 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцож, зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу ****** нь 41,518,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн. Хариуцагч *********аас гэрээний хугацаанд нийт 13,360,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.7-д гүйцэтгээгүй үүргийг үндсэн төлбөрөөс өдрийн 0,2 хувиар алданги тооцохоор заасан. Иргэний хуульд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлж болдоггүй тул хариуцагчаас алдангид нийт 20,759,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Би хариуцагчаас эмчилгээний зардал мөнгөний хэрэгцээ маш их байна, бага багаар ч хамаагүй төлөөд өгөөч гэж гуйж байсан. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хариуцагч *********аас зээлийн гэрээний үүрэгт 41,518,000 төгрөг, хүүд 6,568,640 төгрөг, алдангид 20,759,000 төгрөг, нийт 68,845,640 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3.4-т ...Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө... гэж заасан. ****** нь гэрээний зүйл болох 41,518,000 төгрөгийг *********д шилжүүлэн өгөөгүй. Зээлийн гэрээний 6.1 дэх хэсэгт ...Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно... гэж заасан. Иймд зээл, хүү, алданги нийт 68,845,640 төгрөгийг нэхэмжлэх ямар ч үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ-ний 3.4-т Зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө ... , мөн уг гэрээний 6.1-т ...Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үүргээ бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно... гэж тус тус заасан. ****** нь *********д гэрээний зүйл болох мөнгийг огт шилжүүлээгүй тул талуудын хооронд зээлийн гэрээний үүрэг үүсээгүй. Тиймээс ********* нь ******д тус зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн нийт 13,360,000 төгрөгөө түүнээс буцаан шаардах эрхтэй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн ********* нь ******д шилжүүлсэн нийт 13,360,000 төгрөгөө түүнээс шаардан буцаан нэхэмжилж байна гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хариуцагч бэлнээр мөнгө олгоогүй гэж маргаж байх боловч 5 удаагийн үйлдлээр хийсэн гүйлгээ нь маш ойлгомжтой буюу гүйлгээний утга нь *********аас, уучлаарай, *********аас зээл гэж шилжүүлсэн байдаг. Энэхүү төлөлтүүд нь 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж байсан үйлдэл юм. Гэтэл энэ мөнгөө авъя гээд байгааг нь нэхэмжлэгчийн зүгээс гайхаж байна. Энэ мөнгөө авсан, чат дээр би өр төлбөртэй байсан гэсэн текстүүд байдаг. Шүүхэд илтэд худал тайлбар мэдүүлэг өгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэж байх бөгөөд уг заалтад гурван нөхцөл байдаг бөгөөд аль үндэслэлийг үндэслэж байгаа гэдэг нь тодорхой бус байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т тус тус заасныг баримтлан хариуцагч *********аас зээлийн гэрээний үүрэгт нийт 68,845,640 /жаран найман сая найман зуун дөчин таван мянга зургаан зуун дөч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******д олгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *********ын нэхэмжлэгч ******д холбогдуулан гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөн 13,360,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 502,180 төгрөг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********аас улсын тэмдэгтийн хураамжид 502,180 /таван зуун хоёр мянга нэг зуун ная/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2022/19190 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалт, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/24778 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 2 дахь заалт нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ******гийн нэхэмжлэлтэй *********д холбогдох иргэний хэргийн маргааны зүйл бол "2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ бодитоор байгуулагдсан эсэх буюу нэхэмжлэгч ****** нь зээлийн гэрээний дагуу *********д 41,518,000 төгрөгийг олгосон эсэх тухай асуудал" байсан. Талуудын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зээлийн хэмжээ: 41,518,000 төгрөг, 3.4 дах хэсэгт зээл олгох хэлбэр, хугацаа: бэлнээр 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлдэгчид хүлээлгэн өгнө. 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Зээлдүүлэгч зээлдэгчид гэрээний зүйлийг шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцож, талууд хүлээсэн үүргийг бодитойгоор биелүүлсэн нөхцөлд дуусгавар болно мөн Монгол Улсын Иргэний хулийн 282 дугаар зүйлийн 282.4 дах хэсэгт ".. Мөнгө буюу эд хөрөнгийн зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.." гэж тус тус заасан. Нэхэмжлэгч ****** гэрээнд заасан 41,518,000 төгрөгийн хариуцагч *********д огт олгоогүй тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу тус гэрээ бодитоор байгуулагдаагүй. Гэтэл шүүх шийдвэр гаргахдаа "талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний тохиролцооны агуулга, зээлийн гэрээ байгуулагдах нийтлэг нөхцөлийг анхаарч үзээгүй"-н зэрэгцээ "тус хэргийн маргааны зүйл болсон зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдлыг тогтоохдоо зохигчийн тайлбар, хэргийн бусад баримтыг буруу үнэлсэн..." зэрэг алдааг гаргасан.

Тодруулбал, шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дах хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч ****** нь хариуцагч *********д гэрээ байгуулагдсан өдөр мөнгийг шилжүүлсэн гэж дүгнэхдээ "******" хаягаас "Zoloo Jargal" гэсэн хаягтай харьцсан фейсбүүк чат, "******" хаягаас "З*********" гэсэн хаягтай харьцсан телеграмм чатны хэсгүүдийг тус тус үндэслэсэн байх боловч энэхүү фейсбүүк болон телеграмм чатад ******гаас 41,518,000 төгрөгийг *********д олгосон эсэх, тийм бол хэзээ, хаана, ямар хэлбэрээр олгосон эсэх буюу мөнгийг бодитоор түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн болохыг нотолсон аливаа үйл баримт байгаагүй, мөнгө хүлээлгэж өгөөгүй тул байх ч боломжгүй.

Түүнчлэн, №1111111 дугаар бүхий шийдвэрийг үндэслэх хэсгийн "36"-д хариуцагч *********ын 5084136233 тоот Хаан банкны данснаас нэхэмжлэгч ******гийн 5003935140 Хаан банкны дансанд 5 удаагийн гүйлгээгээр нийт 13,360,000 төгрөг шилжүүлсэн талаар дурдсан байх бөгөөд хариуцагч талаас шүүх хуралдааны байсан, хэрэгт авагдсан "******" хаягаас "**********" гэсэн хаягтай харьцсан фейсбүүк чат, "******" хаягаас "*********" гэсэн хаягтай харьцсан телеграмм чатад дурдагдаад буй "Алтаа" гэдэг нь **********болох талаар тайлбарладаг.

Хариуцагч нь хариу тайлбараа нэхэмжлэгч ****** зээлийн гэрээний дагуу 41,518,000 төгрөгийг олгоогүй үндэслэлээр *********, ****** нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492.1.1-д зааснаар 13,360,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон тул ********* болон **********нарын хооронд 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээг хэрэгт ач холбогдолгүй гэж хариуцагч талаас ойлгосон. Шүүх 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны үеэр гаргасан хариуцагчийн тайлбарт дурдагдаад буй ********* болон **********нарын хооронд зээлийн гэрээний харилцаа байсан эсэх нь хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой гэж үзсэн бол нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх эрх хэмжээнийхээ хүрээнд нөхцөл байдлын талаар тодруулах, холбогдох зээлийн гэрээ, **********ийн хүсэлттэй холбоотой нотлох баримтуудыг зохигчдоос гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах арга хэмжээг авах нь зүйтэй байсан. Гэтэл шүүх нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах ажиллагаатай холбоотой эрх, хэмжээгээ хэрэгжүүлэлгүйгээр "..хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд **********гэгч этгээдтэй зээлийн гэрээний харилцаа үүсгэсэн байсан ба **********т төлөх зээлээ **********ийн хүссэнээр ******гийн данс руу мөнгийг шилжүүлсэн гэх агуулга бүхий тайлбар гаргаж, байх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна." гэж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байгаа болно.

Дээр дурдсанчлан зохигчдын хооронд "Зээлийн гэрээ байгуулагдаагүй" байхад зээл авсан мэтээр шүүх дүгнэж, ингэж буруу дүгнэхдээ хүртэл үүрэг гүйцэтгэх дарааллыг буруу тодорхойлсон байгаа нь анхан шатны шүүх хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний алдааг гаргаж, үндэслэлгүй шийдвэр гаргасныг харуулж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаж зохих шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: **********нь *********тай зээлийн гэрээ байгуулсан гэх байдлаар хариуцагч тал тайлбарласан. Нэхэмжлэгчийн зүгээс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан. Тухайн хугацаанд **********т мөнгө шилжүүлсэн талаарх баримт огт дурдагдаагүй. Анхан шатны шүүх хуралдаан хэлэлцэх хүртэл буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч талаас **********гэх хүнтэй гэрээ байгуулж, түүний үргэлжлэл гэх байдлаар тайлбарыг гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хариуцагчийн зүгээс **********тэй зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарласан. **********тэй зээлийн гэрээ байгуулсныг үндэслэж, ******тай гэрээ байгуулсан гэх үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Тухайн 41,518,000 төгрөгийг бэлнээр олгосон гэх үйл баримт байхгүй тул шилжүүлсэн 13,360,000 төгрөгөө буцааж авъя гэж маргасан. Гэрээнд бэлнээр мөнгө шилжүүлнэ гэж заасны дагуу мөнгийг шилжүүлсэн. Мөнгийг шилжүүлсэнтэй холбоотой баримт байхгүй бөгөөд хариуцагч талаас бичиг баримт эсхүл мөнгө өгсөн зураг шаардсан. Гэтэл анхан шатны шүүх өнгөрсөн хугацаанд болсон үйл баримтыг тогтоосон. Нэхэмжлэгч талд мөнгө өгсөн гэх баримт байхгүй боловч мөнгө өгснөөс хойших үйл явдал болон гэрээ байдаг. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэрээ болон түүний дагуу төлсөн мөнгөн төлбөрийг гүйлгээний утгаар нь тодорхойлж шилжүүлсэн үнийн дүн болон мессенжерээр бичсэн чат зэрэг нь хэрэгт авагдсан. Гэтэл хариуцагч нэхэмжлэгч талаас өгсөн гэх үйл баримт болон тооцоо нийлсэн актыг шаардсан. Тухайн үед мөнгийг өгөхдөө баримт үйлдсэн зүйл байхгүй бөгөөд хуулийн зохицуулалт байхгүй. Нэхэмжлэгч талаас бодитойгоор тухайн мөнгийг шилжүүлж, зээлийн харилцаа явагдсан. Хариуцагч нь хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд **********тэй гэрээ байгуулсан тохиолдолд хариу тайлбар болон нотлох баримтаа гаргаж өгөх байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд **********ийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй бөгөөд нотлох баримт байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *********д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 41,518,000 төгрөг, зээлийн хүү 6,568,640 төгрөг, алданги 20,759,000 төгрөг, нийт 68,845,640 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч ******г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж 13,360,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.а. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс үзэхэд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 2 жилийн хугацаатай, 41,518,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр зээлэхээр талууд харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх.3/ Зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу 41,518,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

3.б. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд бичгийн хэлцэл нь талууд гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, харин гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцдог.

Зээлдүүлэгч ****** нь зээлийн гэрээний дагуу 41,518,000 төгрөгийг зээлдэгч *********д шилжүүлсэн, түүнийгээ буцаан шаардах эрхтэй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.. Гэтэл анхан шатны шүүх уг мөнгийг аваагүй гэдгээ хариуцагч нотлоогүй гэж дүгнэн нотолгооны үүргийг буруу хуваарилсан байна.

Хариуцагч нь ...өмнөх зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг нэгтгэж зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарласан, мөн зээлийн гэрээний 3.4-д мөнгийг бэлнээр өгнө гэж ирээдүй цагт тохиролцсон байхад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж шууд дүгнэх боломжгүй. Мөнгөн хөрөнгө бодитоор шилжсэн эсэх үйл баримтыг тодруулах шаардлагатай байжээ.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр талуудын хооронд харилцсан фэйсбүүк чатад үзлэг хийжээ.

Уг үзлэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хийсэн байх боловч тухайн үзлэгийн тэмдэглэлд хэргийн 66-72 дугаар талд авагдсан баримтуудтай тулгаж үзэв гэж бичсэн нь мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.5 дахь хэсэгт ...ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ. гэж заасныг зөрчсөн алдааг давж заалдах шатны шүүх залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

Үзлэгийн явцад ямар агуулгатай захидал харилцаа явагдсан талаар нөхцөл байдлыг сэргээн тогтоож үзлэгийн тэмдэглэлд энэ талаар тусгах үүрэгтэй.

5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, улмаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2022/04845 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 568,980 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР