Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 107

 

                                         

 

 

 

 

                                         

 

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, шүүгч Л.О, С.С нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Иргэдийн төлөөлөгч: Ж.Ө

Нарийн бичгийн дарга: Б.О

Хохирогч С.О

Улсын яллагч: Т.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч: Д.Ө нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Өд холбогдох 1822002360096 тоот хэргийг 2018 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Мандалговь хотод 1976.12.11-нд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, тааруухан уншдаг гэх, мэргэжилгүй, ам бүл -1, эцэг, эхийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сум 5 дугаар баг Шандын 12-3 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЕ76121114/ Д.Өнь зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 7 сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Боржигоны 6-4 тоотод байрлах иргэн О.Сувд-Эрдэнийн гэрт бусадтай архидан согтуурч иргэн С.Оын хүзүүн тус газар нь хутгалсны улмаас С.Оын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:

  • Хохирогч С.О шүүхийн хэлэлцүүлэгт: Би тэр өдөр Б.Адъяасүрэн гэх Дэрэн сумын нэг найзтайгаа явж байсан. Б.Адъяасүрэн Д.Өыг таньдаг. Би танихгүй. Манай найз таньдаг айл байгаа гээд Боржигоны 4 тоотод очиж бид хэд архи уусан. Бид хэд хоёр өдөр хамт архи уусан. Би хэдэн үг хэлээд хоорондоо жоохон маргалдаад, нэг мэдсэн чинь намайг хутгалсан байсан. Би Б.Адъяасүрэнд энэ намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд юу болсныг сүүлдээ мэдээгүй, цус алдсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирсэн байсан. Одоо гомдол, санал байхгүй. Бие гайгүй болсон гэж мэдүүлэв.
  • Хохирогч С.О мөрдөн байцаалтанд өгсөн: Тухайн үед надтай хамт уусан О.Сувд-Эрдэнэ, Б.Адъяасүрэн, Өлзийжаргал бид нар хэн хэн нь нэлээд согтсон байсан. Тэгээд газар сууцгааж архи ууж байхад юунаас болсоныг нь мэдээгүй Д.Ө хажуудаа сууж байсан эхнэр Сувд-Эрдэнээ цохих шиг болсон. Тэгэхээр нь би эхнэрийг нь өмөөрч Д.Өд хандаж чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэсэн чинь Өлзийжаргал босоод ирсэн. Тэгэхээр нь би дагаад босох гэтэл Д.Ө хаанаас хутга авсаныг мэдэхгүй надаас түрүүлж боссон байсан болохоор намайг босч амжаагүй байхад миний хүзүүний ар хэсэгт нэг удаа хутгалсан. Тэгээд удалгүй эмнэлэг хүрээд ирсэн. Уг нь архи пиво ууж байх үед бидний хооронд ямар нэгэн маргалдсан, зодолдсон асуудал огт болоогүй, ямар шалтгаанаар хутгалсаныг бол мэдэхгүй. Гэнэт босоод л хутгалчихсан гэх мэдүүлэг /12-13/
  • Гэрч Б.Адъяасүрэнгийн: Тэгээд архи ууж байхад С.О, Д.Ө бид нар газар завилж сууж байхад Д.Ө хэвтээд байсан. Тэгэхэд С.О, Д.Өыг чи сүүжилдээд байх юм гээд байсан. Тэгтэл Д.Ө хаанаас хутга авсаныг мэдэхгүй босч ирээд С.Оын хүзүүний ар хэсэгт нь нэг удаа хутгалсан.  Тэгж байтал удалгүй эмнэлэг хүрээд ирсэн. Эмнэлэгт хэн мэдэгдсэнийг мэдэхгүй. Уг нь архи пиво ууж байх үед бидний хооронд ямар нэгэн маргалдсан зодолдсон асуудал огт болоогүй, ямар шалтгаанаар хутгалсаныг бол мэдэхгүй. Гэнэт л хутгалчихсан. С.Оыг хутгалах үед хажууд нь би байсан” гэх мэдүүлэг /хх-14-15/
  • Гэрч О.Сувд-Эрдэнийн:  тухайн үед хамт уусан Д.Эрдэнэжаргал, С.О, Б.Адъяасүрэн бид нар нэлээд согтсон байсан ба нэг мэдэхэд С.Оын хүзүүнээс цус гоожсон байсан. Яг хэн нь С.Оын биед гэмтэл учруулсаныг хараагүй. Би тухайн үед гэрээс гараад орж ирэхэд тийм байдалтай болсон байсан. Тэгж байтал хэн түргэн дуудсаныг мэдэхгүй удалгүй, түргэний эмч ирээд С.Оыг машинаараа аваад явсан. С.Оын биед гэмтэл учруулах үед хамт байсан Д.Эрдэнэжаргал, Б.Адъяасүрэн нар мэдэж байгаа байх. Д.Эрдэнэжаргал нь газар хэвтчихээд байхаар нь С.О хулдаасан дээр чирээд босч ирээд уугаач, битгий сүүжилдээд хэвтээд бай гэж байсан. Тэгэхэд нь би жаахан хэвтээтий гээд л байсан. Өөрөөр хоорондоо маргалдсан асуудал гараагүй. Би С.Оыг явахаар нь гэрийн хулдаасан дээр тунасан цусыг нь цэвэрлэсэн” гэх мэдүүлэг /хх-20-21/
  • Шинжээчийн 2018.07.19-ний өдрийн 180200239 тоот дүгнэлтэд: С.Оын биед хүзүүнд хатгагдсан шарх хүзүүний баруун талын гадна хураагуур судасны тасрал, цочмог цус алдалт, хүзүүний баруун урд болон баруун ар хэсэгт мэс заслын дараах шарх, шархны түвшин дэх булчин болон зөөлөн эдэд цус хурсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир, үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.            Амь насанд аюултай шинжээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх-23/
  • Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2018 оны 7 сарын 17-ноос 22-ны өдрийг хүртэл хугацаанд С.Оын нэр дээр хөтөлсөн өвчний түүхэнд: Хүзүүний венийн судасны урагдал боох цус тогтоох мэс засал хийж амь насыг нь аварсан. Мэс заслын дараахь онош: Хүзүүний венийн судасны урагдал цус алдалт” гэжээ. /хх-27-48/
  • Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг 2018 оны 7 сарын 17-ны өдрийн 12 цаг 25 минутад хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-2/ баримтууд хамаарч байна.

 

Дээрх баримт болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч Д.Өын үйлдлийн улмаас хохирогч С.Оын бие махбодид хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн 2018.07.19-ний өдрийн 180200239 тоот дүгнэлтээр тогтоогдсон ба энэхүү гэмтэл нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014..12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-ын 2-т “Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнссэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараахь шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.1 амь насад аюултай гэмтэл гэж, мөн журмын 3-т Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараахь гэмтлүүд хамаарна. Үүнд: 3.1.8. том судасны гэмтэл. Үүнд: гол судас болон гүрээ, суга, бугалга, ташаа, гуя, тахим эгэмний доорхи тараагуур судас, хураагуур судасны тасрал, урагдал, зүсэгдэлт түүнчлэн гэмтлийн гаралтай цүлхэн хамаарна” гэж тус тус заасан гэмтэлд хамаарч байна.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч С.О, гэрч Б.Адъяасүрэн, О.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлгийг судалж үзэхэд Д.Ө нь С.Оыг хутгалах үед О.Сувд-Эрдэнийн гэрт “Д.Эрдэнэжаргал, С.О, Б.Адъяасүрэн, О.Сувд-Эрдэнэ, хохирогч С.О, шүүгдэгч Д.Ө нар архидан согтуурцгаасан” гэх ба хохирогч С.О, гэрч Б.Адъяасүрэн нар “Д.Ө, С.О нарын хооронд ямар нэг маргаан, хэрүүл болоогүй. Д.Ө хаанаас хутга авсаныг мэдэхгүй, босч ирээд С.Оын хүзүүний ар хэсэгт нь нэг удаа хутгалсан” гэж мэдүүлжээ.

Дээр дурьдсан мэдүүлгүүд нь шүүгдэгч Д.Өын яллагдагчаар өгсөн ”…тэнд архи ууж байсан С.О нэлээд согтсон байдалтай намайг өдөөд янз бүрээр хэлээд байсан. Эхэндээ би тэр С.Оын хэлээд өдөөд байгааг нь тоогоогүй маргалдаж хэрэлдээгүй сууж байтал С.О намайг өдсөөр газар зүгээр суулгахгүй өдөөд миний гарнаас татаад хоёулаа гараад уулзая гараад зодолдоё гээд агсраад сүүлдээ намайг ална гээд гартаа хутга бариад газраас босоод ирэхээр нь би бас газраас босоод С.Оаас хутгыг нь булааж аваад хутгатай гараараа С.Оын толгойн дээрээс нь тонгойлгоод дээрээс нь доошоо тонгойлгож дараад хутгаа тэр гэртээ үлдээгээд гадагшаа гараад зугтаасан. Тэгээд Боржигоны 6-р гудамжаас баруун хойш яваад Шандын 12-3 тоотод байх гэрийнхээ зүүн урд талын жалганд жаахан унтаж байгаад сэрсэн чинь миний гар утас руу манай дүү баахан залгасан байсан. Би болсон талаар асуухад дүү надад та чинь хүнийг хутгалчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би хүн хутгалсан байна гэж сонссон. С.Оын биед хутгаар зүсэгдсэн, хутгалагдсан гэмтэл үүссэн бол миний хутгатай гараараа толгойн араас нь доошоо дарсан үйлдлээс болоод үүссэн байх боломжтой. Би тэр С.О гэдэг хүний биед санаатай гэмтэл учруулаагүй. Яагаад гэвэл С.О нь намайг ална гээд хутга бариад над руу дайрсан. Би С.Оаас хутгыг нь булааж аваад өөрийгөө хамгаалж үйлдлийг нь таслан зогсоогоод хутгатай гараараа доошоо толгойны араас нь доошоо дараад хутгаа гэртээ хаяад зугтаасан. Энэ асуудал О.Сувд-Эрдэнийн гэрийн хойд хэсэгт болж өнгөрсөн. Би тэр хүний биед санаатай гэмтэл учруулаагүй. Гэхдээ үүссэн гэмтэл нь миний үйлдлийн улмаас үүссэн байх боломжтой” гэх мэдүүлгийг /хх-85-86/ батлахгүй байна. Мөн энэхүү мэдүүлэгт дурьдсан үйл явдал нь тухайн үед хэргийн газарт байсан О.Сувд-Эрдэнэ, Б.Адъяасүрэн, хохирогч С.Оын хэлж мэдүүлсэн үйл явдлаас эрс зөрүүтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тхай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй. Иймд хуулийн шаардлага хангаж авсан хохирогч С.О, гэрч Б.Апъяасүрэн, О.Сувд-эрдэнэ нарын мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Ө нь 2018 оны 7 сарын 17-ны өдрийн 12 цагийн орчимд бусадтай архидан согтуурсан үедээ ямар ч шалтгаангүйгээр хохирогч С.Оын хүзүүн тус газарт нэг удаа хутгалж, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл учруулсан үйлдэл  нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, хохирогч С.О, гэрч Б.Адъяасүрэн, О.Сувд-Эрдэнэ нарын мэдүүлэг зэрэг баримтаар /хх-23,27-48, 12-13, 14-15, 20-21/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Өын энэхүү үйлдэл нь хүйтэн зэвсэг хэрэглэн  хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Өын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Оын биед “хүзүүнд хатгагдсан шарх, хүзүүний баруун талын гадна хураагуур судасны тасрал, цочмог цус алдалт” гэх буюу учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан бөгөөд яаралтай эмнэлгийн тусламж авч, мэс засал хийлгэсний улмаас амь нас аврагдсан болох нь шинжээчийн дүгнэлт, өвчний түүх, мэс заслын тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-23, 34-35, 27-48/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг буюу хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах гээд зайлшгүй бүх зардлыг шүүгдэгч Д.Ө хариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч С.О шаардах эрхтэй байна.

Хохирогч С.Оаас нийт 616543 төгрөгийн төлбөрийн баримт гаргаж өгсөн ба шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ “Миний бие 2018 оны 7 сарын 17 нд иргэн Өлзийжаргалд хутгалуулж, гэмтэл авч аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэнээр хүргэгдэн ирж хүзүүндээ хагалгаа хийлгэж, улмаар Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн. Миний бие Дундговь аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ор хоногийн эмчилгээний төлбөр 312500 төгрөг, Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт зураг авахуулах, эмчилгээ хийлгэсэн зардалд  600000 төгрөг, хэргийн газарт цагдаагаас үзлэг хийсний 8000 төгрөг бүгд 920500 төгрөгийг бүрэн барагдуулсан. Намайг хохиролгүй болгосон тул гомдолгүй болохыг шүүх бүрэлдэхүүнд мэдэгдэж байна. Миний бие аймгийн болон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэх шаардлагатай болохыг эмч, эмнэлэгийн байгууллагаас хэлсэн тул нэмэгдэж гарах зардлыг Д.Өаар хуулийн заалтаар гаргуулан авах болохыг албан ёсоор хүсэлт болгож байна” гэжээ.

Үүнээс үзэхэд хохирогчид бодитоор учирсан хохирол болох нийт 920500 төгрөгийг шүүхээс өмнөх шатанд шүүгдэгч Д.Ө төлж барагдуулсанд тооцох үндэслэлтэй байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан С.Оын эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэлээ.  

Шүүгдэгч Д.Ө нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Ө нь 12 жил хүртэл хугацаагаар хорих ялтай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нөхөн төлсөн, хохирогч “гомдолгүй” гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ө гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн цэнхэр эрээн хуванцар иштэй, 14 см урт шөвгөр үзүүртэй төмөр ажлын хэсэгтэй, нийт урт нь 24.5 см урттай хутгыг  устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна.      

Прокурорын 2018 оны 10 сарын 5-ны өдрийн 86 дугаартай яллах дүгнэлтийн “Тогтоох“ хэсэгт “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ.

Шүүгдэгч Д.Өыг 2018 оны 7 сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг Боржигоны 6-4 тоотод архидан согтуурч иргэн С.Оын эрүүл мэндэд зэвсэг хэрэглэн санаатай халдаж, хүзүү хэсэгт хутгаар дүрсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан” гэж мөн Д.Өыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар ял сонсгож байцаасан болох нь прокурорын 2018.08.22-ны өдрийн 1822002360096 дугаартай тогтоол /хх-82-83/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-85-86/ зэргээр тогтоогдож байх тул Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 10 сарын 5-ны өдрийн 86 дугаартай яллах дүгнэлтийн “Тогтоох“ хэсэгт “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэснийг техникийн шинжтэй алдаанд тооцлоо.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл,

36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 37.2, 38.1,

38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Д.Өхүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн 5.6 дугаар зүйл, Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Ө 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Өд оногдуулсан 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэргийн улмаас баривчлагдаж, цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчид 920500 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг тус тус дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч С.Оын иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч С.О нь өөрийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон шүүгдэгч Д.Өын оршин байгаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.
  7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Өд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  9. Прокурорын 2018 оны 10 сарын 5-ны өдрийн 86 дугаартай яллах дүгнэлтийн “Тогтоох“ хэсэгт “Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэснийг шүүх техникийн шинжтэй алдаанд тооцсоныг дурьдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                          Г.М

                                           ШҮҮГЧИД                                           Л.О

                                                                                                       С.С