Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00232

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/00232

 

 

 

 

 

2023 01 23 210/МА2023/00232

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Батзориг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03391 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *************д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бат-Өлзий, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хатанбүүвэй, хариуцагчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* нь *************гаас түүнд зээлдүүлсэн мөнгө, түүний хүү зэрэг авлагад тооцон 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 8 дугаар гудамжны 156 тоот хаягтай, улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбай бүхий 2 өрөө хувийн сууц, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн 222222 дугаарт бүртгэлтэй 421 м.кв өмчлөгдсөн газар зэргийг шилжүүлж авсан. ******* нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр *************д 15,000,000 төгрөгийг 1 сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Ингээд 2 сар өнгөрч талууд хүүг бодож тооцоо нийлээд 18,000,000 төгрөгийг өгөх тооцоо гарч шаардлага тавихад би уг мөнгөө одоо өгч чадахгүй учир хашаа байшин, газраа өөрийн чинь нэр дээр өрөндөө тооцоод шилжүүлж өгье. Гэхдээ 1 сарын дотор надад мөнгө орж ирэх учраас сарын дараа бүх мөнгөнүүдээ өгөөд хашаа байшин, газраа буцаан авч болох уу гэх саналыг нэхэмжлэгч зөвшөөрч худалдах, худалдан авах гэрээ байгуулаад шилжүүлж авсан. Үүний дараа нэмээд 3,000,000 төгрөг зээлдүүлээч, би н.Алтансувд гэх найзтайгаа Архангай аймгаас цагаан идээ авч ирж борлуулах ажил байна гэсэн тул 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. ************* нь *******д 18,000,000 төгрөгийн өрөндөө хашаа, газраа шилжүүлж өгье, гэвч би одоогоор мөнгөгүй тул гэрээ байгуулсан хураамжийг та өөрөө төлчих гэж хэлээд худалдах, худалдан авах гэрээний борлуулалтын төлбөрийг *******гаар төлүүлсэн байдаг. Нийт 18,000,000 төгрөгийн төлбөрийн үүрэгтээ тооцож хувийн сууц, хашаа, газрыг 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ газраа 2,500,000 төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийг 2,500,000 төгрөгөөр тооцоод худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн. Учир нь ************* нь борлуулалтын орлогын 2 хувийг төлөх чадвар байхгүй тул үнийн дүнг багасгаад 2,500,000 төгрөгөөр бодож гэрээ байгуулахаар харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ хийж шилжүүлсэн. *************д дээрх өмч газрыг чөлөөлж өг гэдэг шаардлагыг урьд өмнө удаа дараа тавьж байсан боловч үл ойшоож өнөөг хүрсэн. Иймд дээрх өмчлөгдсөн газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, гарахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: ************* нь *******гаас зайлшгүй мөнгөний хэрэгцээ гараад 6,500,000 төгрөг, дахин 7,200,000 төгрөг тус тус зээлж авсан. Үүний дараа ******* надаас мөнгө зээлсэн юм чинь хашаа байшингаа миний нэр дээр шилжүүлээд өгчих би зээл авах гэсэн юм. Чиний нэр дээр зээл гарахгүй тэгээд ч хоёулаа бие биеэ танихгүй хүмүүс биш би ч бас чамд итгээд мөнгө зээлсэн юм чинь, би хашаа байшинг чинь зарж үрэхгүй надаас зээлсэн мөнгөө төлөөд буцаагаад хашаа байшингаа авчихгүй юу гэж хэлсэн. *******гаас мөнгө зээлчихсэн мөн таньдаг болохоор зөвшөөрөөд *******гийн нэр дээр А дүүрэг 7-р хороо Хувьсгалчдын А-8-р гудамж 156 тоот хаягт байрлах 62 м2 талбай бүхий хоёр өрөө хувийн сууц мөн тус хаягт байрлах 421 м2 талбайтай газрын гэрчилгээг тус тус шилжүүлсэн. Тухайн үед түр амьдарна шүү гэж хэлж байгаагүй мөн би гурван сар түр амьдарч байя гэж гуйж байгаагүй. Тухайн үед хашаа байшингийн гэрчилгээ шилжүүлэхдээ буцааж өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авах болохоор үнийн дүнд нь төдийлөн анхаарал хандуулаагүй зээлсэн мөнгөө төлчихөд болно гэж итгээд хэлцэл байгуулсан. Иймд А дүүрэг 7-р хороо Хувьсгалчдын А-8-р гудамж 156 тоот хаягт өөрийн ээж, хүүхэд, өнчин дөрвөн дүүгийн хамт амьдардаг тул зээлсэн 13,700,000 төгрөгөө төлөөд хашаа, байшингаа буцааж авах хүсэлтэй байна гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн агуулга: Талуудын нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, тус гэрээгээр ******* нь *************д 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн. ************* нь дээрх гэрээний хугацаанд зээлийг төлж чадаагүй учир талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр дахин зээлийн гэрээ байгуулагдаж, ******* нь *************д 18,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 5 хувийн хүүтэйгээр олгохоор тусгагдсан байна. Гэвч энэ гэрээгээр мөнгө буюу эд хөрөнгө *******гаас *************д шилжээгүй, харин өмнөх зээлийн гэрээ буюу 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлдүүлсэн 15,000,000 төгрөгийн хүү, алдангийг нийлүүлж 18,000,000 төгрөг гэх дүнг гаргаж ******* нь *************д зээлдүүлсэн мэтээр зээлийн гэрээ байгуулж, уг зээлийн гэрээг дагалдаж 2015.07.24-ний өдөр Барьцааны гэрээ-г байгуулж, *************гийн өмчлөлийн Нийслэлийн А дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбайтай Хувийн сууц, тус хаягт байрлах 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатайгаар байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад буюу 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *******, ************* нар нь үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл гэх баримтыг үйлдэж, тус хэлцэлд талуудын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул гэрээг дуусгавар болсонд тооцов, үүрэг гүйцэтгүүлэгч тал, үүрэг гүйцэтгэгч талын үүргийн гүйцэтгэлийн барьцаанд бариулсан 111111 дугаартай /62 м.кв/, 222222 /421 м.кв/ дугаартай хувийн сууц, газрыг барьцаанаас чөлөөлөхийг зөвшөөрч байна" гэх агуулгыг тусгасан байна.

Дээр дурдсан үүрэг дуусгавар болсон тухай хэлцэл үйлдэгдсэний маргааш нь буюу 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, Газар худалдах, худалдан авах гэрээ-г тус тус байгуулж Улсын бүртгэлийн 111111 дугаартай, Нийслэлийн А дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай, 62 м.кв талбайтай Хувийн сууц, Улсын бүртгэлийн 222222 дугаартай, Нийслэлийн А дүүргийн 7-р хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус бүр 2,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар газар болон хувийн сууцны өмчлөх эрх *******гийн өмчлөлд шилжсэн.

Дээрх хувийн сууц болон газар худалдах, худалдан авах гэрээ нь анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн хэлцэл юм. Тодруулбал, ******* нь банк эрх бүхий этгээдээс зээл авахын тулд *************гийн өмчлөлийн хувийн сууц, газрыг хууль бус худалдах, худалдан авах гэрээ байгуулан өөрийн нэр дээр шилжүүлэн авч улмаар банк санхүүгийн байгууллагаас зээл авч, *************гаас шилжүүлэн авсан хувийн сууц, газрыг зээлийн барьцаанд бариулсан байдаг. 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг байгуулахаас өмнө ******* нь *************д зээл авахад барьцаа хөрөнгө дутаж байгаа тухай хэлж, хувийн сууц, газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн өгөхийг хүсэж, зээлийг төлж дуусгасны дараа хувийн сууц газрыг буцаан шилжүүлэн өгнө" гэх зүйлийг хэлж, санал тавьсныг ************* зөвшөөрч хууль бус худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгүүдийг *******д шилжүүлсэн байдаг.

Дээрх үйл баримтыг талууд баталгаажуулж 2015 оны 10 дугаар сарын 19 -ний өдөр Хэлцэл гэх баримтыг үйлдсэн. *******, ************* нар нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулахдаа эрх зүйн үр дагавар үүсгэхийг хүсээгүй, ************* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үнэн санаанаасаа *******д шилжүүлээгүй, харин зөвхөн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг *******д дүр үзүүлэн шилжүүлж, улмаар ******* нь зээл авахдаа барьцаа болгон ашиглахаар гэрээ байгуулсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Нийслэлийн А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 111111 дугаартай, 62 м.кв талбайтай хувийн сууц болон мөн хаягт байрлах улсын бүртгэлийн 222222 дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Хашаа, газраа худалдан борлуулах, өрөндөө тооцож шилжүүлэх хүсэл зориг байгаагүй гэдэг нь худал. ******* нь зээл авахын тулд барьцаанд тавихаар шилжүүлсэн асуудал огт байхгүй. ******* нь насаараа төмөр замд ажиллаж байсан, амьдралын хувьд төмөр замын 3 өрөө байртай, хувийн автомашин, гарааш, аж ахуйн компанитай бололцооны амьдралтай хүн байгаа юм. Иймд хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Тухайн орон сууц, газрыг өрөндөө тооцож шилжүүлсэн боловч нэхэмжлэгч нь 1 сардаа багтаагаад 18,000,000 төгрөг болон 3,000,000 төгрөгөө төлчих юм бол 21,000,000 төгрөгт хувийн сууц, газрыг буцаагаад шилжүүлж өгч болно гэдэг талаар хэлж байсан. Мөн, хэрвээ зээлээ 1 сарын хугацаандаа төлж чадахгүй бол та нар хашаа, газраа чөлөөлж өгөөрэй, та нарт зориулж худалдах, худалдан авах гэрээний үнийг зориуд багаар бичлээ, гэрээг үүрэг дуусгавар болгосон хэлцлээр дуусгавар болгоод өрөндөө тооцож авч байгаа шүү гэдгийг нэхэмжлэгч хэлж байсан.

Сөрөг нэхэмжлэл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргасан гэж үзэхээр байна. Үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээ 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдаж хүчин төгөлдөр болсон. 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр сөрөг нэхэмжлэл гаргах хүртэл 7 жил өнгөрсөн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заажээ. Сөрөг нэхэмжлэл гаргагч ************* нь энэ талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, одоо энэ талаар шаардах үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн 222222 дугаартай, 421 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн 111111 дугаартай, 62 м.кв талбайтай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч *************гийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг нэхэмжлэгч *******д даалгаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 219,800 /54,950*4/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 219,800 төгрөг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий болж чадаагүй байна гэж үзэж байна.

6.а. 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр иргэн *******, ************* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь бичгээр байгуулах, нотариатаар гэрчлэгдэх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх хууль зүйн шаардлагыг хангасан тул хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна.

6.б. *************гийн хүсэлтээр түүнд ******* 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөгийн 10 хувийн хүүтэй зээлдүүлдэг. ************* гэрээгээр тохирсон хүүг төлөөгүй тул ******* авах ёстой 2 сарын хүүг үндсэн зээл рүү шилжүүлж тооцон 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 18,000,000 төгрөг зээлдүүлсэн гэрээг *************тай шинэчлэн байгуулж ************* газар үл хөдлөх хөрөнгөө барьцаалж бүртгүүлдэг.

2019 оны 09 дүгээр сарыг 20-ны өдөр ************* бусадтай хамтарч Архангайгаас цагаан идээний бизнес эрхлэх боллоо. Газар үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авъя гэтэл барьцаанд бүртгэлтэй, нөгөө талаар зээлийн хугацаа хэтрүүлсэн муу түүхтэй тул гарахгүй. Ийм учраас миний хашаа, газар, үл хөдлөх хөрөнгийг худалдаж нэр дээрээ шилжүүлж ав. Нэмж 3,000,000 төгрөг өг гэх хүсэл зориг илэрхийлэхэд ******* түүнийг хүлээн авч талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарыг 24-ний өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Талууд энэ хүсэл зоригоо хэрэгжүүлэхийн тулд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр *************д зээлдүүлж шилжүүлсэн мөнгөтэй холбоотой үүргийг дуусгавар болгосон хэлцэл хийж уг хэлцлийг бүртгүүлж барьцаа хөрөнгийг чөлөөлүүлсэн байдаг. ******* хэлэлцэж тохирсны дагуу үл хөдлөх хөрөнгө болох газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авмагц дээрх хөрөнгийг барьцаалж банкнаас 3,000,000 төгрөг зээлж аваад *************д өгсөн үйл баримт дээр талууд маргадаггүй. Тэрчлэн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр талууд уулзаж хэлцэл гэх баримт үйлдэхдээ Б тал буюу ************* нь А тал буюу *******гаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлж авснаар, 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр уг мөнгө хүүтэйгээ 18,000,000 төгрөг болж хүүг бууруулж 5% хүүтэй болгон гэрээг шинэчилсэн. Хугацаа дуусаагүй байхад 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр харилцан тохирсны үндсэн дээр газар үл хөдлөх эд хөрөнгийг дээрх ор төлбөрт тооцож худалдсан болохыг баталгаажуулсан нь хэрэгт авагдсан.

Хариуцагч тал А талын буюу *******гийн үйл ажиллагааны үед зээл авахын тулд газар үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Энэ хэлцэл нь дүр үзүүлсэн хэлцэл гэж хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргадаг боловч энэ шаардлага нь нотлох баримтаар нотлогдоогүй. ******* зөвхөн хэлэлцэж тохирсны дагуу худалдан авсан хөрөнгийн үнийг төлөх гэж өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн хөрөнгөө барьцаалж 3,000,000 төгрөг аваад төлбөртөө тооцож *************д шилжүүлж өгсөн байдаг. Тэгээд энэ 3,000,000 төгрөгийн зээл ******* өөрөө банкид төлж банктай байгуулсан зээлийн эрх зүйн харилцаагаа дуусгасан байдаг. Нөгөө талаар хариуцагч тал 2015 оны 09 дүгээр сарыг 24-ний үл хөдлөх эд хөрөнгө газар худалдах, худалдан авах гэрээ буюу хэлцлийг 7 жилийн дараа хучин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь гаргаж байгаа хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэл нь талуудын хоорондох 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө, газар худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбогдож тайлбарлагдаж байгаа. Ийм учраас энэ хэлцэл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хэлцэл юм. Уг хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргаж байгаа явдал юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж тодорхой заасан. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад харилцсан тооцогдохгүй сөрөг нэхэмжлэл гаргасан нь шүүх үүнийг хүлээн авч хянасан зэрэг нь үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 18-д хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бус гэж тайлбарласан нь дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 заалтыг буруу тайлбарласан гэж үзэж байна.

Иймд давж заалдах гомдлыг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: 2015 онд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх болон газар худалдах, худалдан авах гэрээ гэрээний зорилго нь *************гаас *******д үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг хүлээлгэн өгөх байгаагүй. Энэ нь хэлцлээр нотлогдож байгаа. ************* нь 18,800,000 төгрөг төлж, үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авах хүсэлтэй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэхээр заасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг 10 жилээр тогтоосон. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж тайлбарлаж байна. Уг хугацаа нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахтай холбоотой байна. Харин хэлцэл анхнаасаа хүчин төгөлдөр бус, түүнээс гарах үр дагаврыг арилгуулахаар шаардсан тул нарийвчилсан тусгай хугацаа тогтоогоогүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан хугацаа үйлчилнэ. Талуудын хоорондын хэлцлээр худалдах, худалдан авах зорилгогүй байсан гэдэг нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *************д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувийн сууц, газрын өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3.а. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* нь *************д 15,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн байна. 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулж 18,000,000 төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй байхаар тохиролцож, эдгээр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагчийн өмчлөлийн А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ.

3.б. 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн үүрэг дуусгавар болох тухай хэлцэлд талуудын 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул уг гэрээг дуусгавар болсонд тооцов гээд үүрэг гүйцэтгүүлэгч ******* барьцааны зүйл болох газар, хувийн сууцыг барьцаанаас чөлөөлүүлэхийг зөвшөөрч байна гэх агуулгаар тусгагджээ.

3.в. Талууд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулсан байна. Тус гэрээний дагуу ************* нь өөрийн өмчлөлийн А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай 421 м.кв гэр бүлийн хэрэгцээний газар болон 62 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус бүрийг 2,500,000 төгрөгөөр үнэлэн *******д өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгүүлж 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

3.г. Талууд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэл гэх баримтад ...************* /А тал/ миний бие******* /Б тал/-гаас 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15,000,000 төгрөг 10 хувийн хүүтэй авсан. 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүүтэйгээ нийлээд 18 сая төгрөг болсон. Үүнийг харилцан тохирсны үндсэн дээр хүүг бууруулж 5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлийн гэрээ дуусгавар болоогүй байхад А талд өгөх 19 сая 800 мянган төгрөгийн үлдэгдэл үлдсэн байхад А талтай харилцан тохирсны үндсэн дээр 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн хашаа байшин үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээ хийж А талын үйл ажиллагаан дээр зээл авахын тулд шилжүүлсэн болно. гэж дурджээ.

3.д. Анхан шатны шүүх талуудын байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээний дагуу бодит үр дагавар үүсэж, хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө шилжсэн байхад Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлж хийсэн гэж дүгнэж, хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь буруу.

3.е. Дүр үзүүлсэн хэлцлээс үр дагавар үүсдэггүй, харин өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцлээс хууль зүйн үр дагавар үүсэж болно.

Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэл гэх нэртэй баримтаар 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээ нь барьцааны гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан болох нь тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг харьцуулан дүгнэхэд талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээ нь барьцааны гэрээг халхавчлах зорилгоор байгуулагдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар халхавчилсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох нь хуульд нийцнэ.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар *************гийн өмчлөлийн А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг хариуцагч *************гийн нэр дээр шилжүүлэхийг *******д даалгах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *************гийн хууль бус эзэмшлээс А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчид а-8 гудамж, 156 тоот хаягт байршилтай газар болон хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй.

4. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагч сөрөг нэхэмжлэлийн дагуу шаардах эрхгүй гэх агуулгатай нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шаардлага бус, харин хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, түүний үр дагаврыг шийдвэрлүүлэх агуулгатай байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн хүчин төгөлдөр байдалтай холбоотой шаардлагад тоолох тусгай хугацааг хуулиар тодорхойлоогүй тул тус шаардлагын хувьд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчилнэ. Хэлцэл хийсэн 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс хойш тооцвол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй байна.

5. Нэхэмжлэгч тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлээс хариуцагчийг албадан чөлөөлүүлэхтэй холбоотой шаардлага гаргахад хариуцагчийн зүгээс тухайн хөрөнгийг буцаан гаргуулахтай холбоотой талуудын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, түүний үр дагавар өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар шаардсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар харилцан тооцогдоно.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. А дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2022/03391 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт тус тус зааснаар талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулагдсан хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ, мөн газар худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, А дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А 8 дугаар гудамжны 156 тоот хаягтай, улсын бүртгэлийн 111111 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбай бүхий 2 өрөө хувийн сууц, мөн хаягт байрлалтай улсын бүртгэлийн 222222 дугаарт бүртгэлтэй 421 м.кв өмчлөгдсөн газрыг хариуцагч *************гийн нэр дээр бүртгүүлэхийг нэхэмжлэгч *******д даалгасугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

С.ЭНХБАЯР