Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 64

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М  даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Т.Түвшинбаатар

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Лхам

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э-д холбогдох 1822001130043  тоот хэргийг 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, хянан  хэлэлцэв.

           

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 6 сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, 31 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3-р баг, Уул гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЗЮ86062635/ Төгрөг овгийн Л-н Э  

 

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 3 сард Дундговь аймгийн Хулд  сумын төв Улаанжирэмийн 4-р гудамжны 2 тоотод оршин суух Д.Ягийн модон байшингаас автомашины 2 ширхэг дугуйг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 120000  төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                              ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

 

1. Шүүгдэгч Л.Э  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Он сараа санахгүй байна. Хэрэг гардаг өдрийн өмнөх өдөр би Я-н нөхөр Т гэдэг хүнээс машины дугуй байна уу, байвал надад өгөхгүй юу гэж гуйхад  байгаа, байхгүй гэж хэлээд тоглоод байгаа юм шиг байсан. Би тэр хүнтэй уулзах гээд гэрт нь очтол гэртээ байхгүй байсан. Маргааш нь ахиад очсон чинь гэр нь хүнгүй, байшингийнх нь цоож зүүлттэй байхаар нь байшинд нь ортол дугуй байхаар нь авсан. Тэр дугуйг машиндаа тавиад үзсэн чинь таарахгүй байсан. Дараа нь өгөх гээд  машины дугуйг   өөр машинд орхисон байсан. Тэгээд жоншинд явсан учраас өгч чадаагүй байсан. Би уг нь буцаагаад өгнө гэж байсан боловч мотоцикль эвдрээд, маргааш нь жоншинд яваад чадаагүй...”гэв.

 

2. Яллагдагч Л.Э-ын “...Би 2018 оны 3 сарын 20-ны өдөр Хулд сумын төв баруун лагерт Г ахтай уулзаж дугуй гуйх гэж очсон чинь гэрт нь хүн байхгүй, гэрийн ард байрлах модон байшингийн цоож нь зүүлттэй, түгжээгүй байхаар  нь цоожийг нь аваад байшинд ортол үүдэнд нь 5 нүхтэй обудтай хоёр дугуй байхаар нь машинд таарах байх гэж бодоод хоёр дугуйг нь аваад гадаа гарсан. Мотоцикль дээр ачаад машин тавьсан газар болох Хулд сумын зүүн лагерь руу явж байхад мотоцикль явахгүй болохоор нь Будхүү гэдэг айлын гадаа явдаггүй машины хажууд 2 дугуйг нь орхисон. Маргааш өглөө нь нэг дугуйг нь машиндаа тавих гэсэн боловч миний машинд тэр дугуй таараагүй.  Тэгэхээр нь би айлын гадаа машиндаа хийж орхиод яваад өгсөн. Миний машинаа тавьсан газар Нямтөгс гэдэг хүний хашаа байгаа юм. Тухайн үед тэр хашаанд хүн байгаагүй. Үлдсэн нэг дугуйг Будхүү ахын хашаанд явдаггүй машины дотор хийгээд орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/

 

      3.Хохирогч Д.Я-гийн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гэртээ байхад гэнэт байшинд байгаа дугуйнууд санаанд ороод байшиндаа үзтэл байшингийн хаалганы үүдэн хэсэгт обудтай хоёр ширхэг давхарлаастай байсан дугуй алга болсон байхаар нь нөхөр Г-саа хоёр дугуй алга болсон байна, чи мэдсэн үү гэж асуухад мэдээгүй гэхээр нь хүн хулгайлсан байна гэж бодсон. Манай байшингийн хаалганы цоож нь хар төмөр тольтой, цагаан өнгийн хятад цоож юм. Эвдэрсэн цоожтой, гараараа татахаар шууд онгойдог юм. Э миний хоёр дугуйг эзэнд нь мэдэгдэлгүй байшинд орж авсан байсан. Авсан хоёр дугуйгаа хоёр өөр хашаанд, хоёр өөр машинд нуусан байсан”...гэх мэдүүлэг /хх-ний 23-24/

 

       4. Гэрч П.Г-н “...Я 2018 оны 4 сарын 1-ний өдөр Өмнөговь аймгаас ирээд  2018 оны 4 сарын 4-ний өдөр дугуйгаа санаад байшинд үзтэл алга болсон байна гэж надад хэлэхээр нь би үзтэл дугуй алга болсон байсан. Би 2018 оны 3 сарын 18-ны өдөр буюу цэргийн баяраар зуны байшингаасаа куртик авах гээд орох үед хоёр дугуй байж байгаа харагдсан. Тэр өдрөөс хойш байшин руу ороогүй байсан. Байшингийн хаалга нь модон, хаалга дарсан төмөр тольтой, цагаан өнгийн хятад цоожоор даруулж цоожилдог. Цуурга нь төмрөөр гогцоо болгож хийсэн, цоожийг нь гараараа доош нь татвал мултраад онгойчихдог. Заримдаа татахаар онгойхгүй, түлхүүрээр онгойдог юм. Дандаа уг цоожоор цоожилдог байсан. Цоожгүй өдөр гэж байхгүй”... гэх мэдүүлэг /хх-ний 29-30/

 

 5. Гэрч Б.Ө-н “...2018 оны 4 сарын эхээр жоншин дээр байхад хэсгийн төлөөлөгч манай хашаанд байдаг, явдаггүй шар өнгийн машинаас машины дугуй аваад явсан байсан. Тэр дугуйг Э гэдэг залуу хийсэн байсан байна лээ.  Машинд дугуй хийсэн гэж Э бид нарт юм хэлээгүй. 2018 оны 3 сард гэрт хүнгүй байхад Э тэр дугуйг манай хашаанд байдаг явдаггүй машинд хийсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49/

 

  6. Гэрч Б.М-н: “...Эд гэрийн гадаа байсан машинд дугуй тавьсан талаар би мэдэхгүй. Намайг хөдөөнөөс сумын төвд 2018 оны 4 сард ирсэн байхад гадаа байсан Эрболдын машинаас хэсгийн төлөөлөгч Батбаяр ирж дугуй аваад явсан...” гэх мэдүүлэг  /хх-ийн 46/

 

7. Дундговь аймгийн Хулд  сумын үнэ тогтоох комиссын эд зүйлд үнэлгээ хийх тухай 2 дугаартай акт /хх-ийн 34/, Дундговь аймгийн Сайнцагаан сумын үнэ тогтоох комиссын эд зүйлд үнэлгээ хийх тухай 53 дугаартай акт /хх-ийн 51/,

 

8. Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 7-14/

 

9. Хэрэгт цугларсан бусад  бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  үндэслэл  журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Л.Э нь 2018 оны 3 сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Хулд  сумын төв Улаанжирэмийн 4-р гудамжны 2 тоотод оршин суух Д.Я-гийн модон байшингаас эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр автомашины 2 ширхэг обудтай дугуйг тээврийн хэрэгсэл ашиглан авсан, уг обудтай 2 ширхэг дугуй нь 120.000 төгрөгийн  үнэтэй болох нь тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг бага хэмжээний хохирол гэнэ гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Э нь бусдад 120 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Эрүүгийн  хуулийн 17.1 дүгээр зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол  учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэж заажээ. Хуулийн “тайлбар” хэсэг нь тухайн хуулийн бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд хуультай адил хүчин төгөлдөр байна.

Шүүгдэгч Л.Эын хулгайн үйлдлийн улмаас бусдад учруулсан хохирлын хэмжээ нь бага хэмжээнд хамаарч байгаа боловч энэ гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэнээрээ Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

Иймд шүүгдэгч Л.Эыг  агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдсон, шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа,  бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэрэгт хамаарч байгаа тул  хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна.

         Мөн шүүгдэгч  Л.Э-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзан шүүхээс оногдуулсан хорих  ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр  шийдвэрлэв.

         Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хулгайлсан эд зүйлээ биетээр нь хүлээлгэн өгсөн /хх-ийн 20/ тул бусдад төлөх төлбөргүйг тус тус  дурдах нь зүйтэй байна.

        Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг өөрийн эзэмшлийн гэх улсын дугааргүй, улаан өнгийн Даюун маркийн /арал №*L7GPCKLY4E4065763*, мотор №DY162FMJ-2*D6008640*/, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий  мотоцикль  ашиглаж  үйлдсэн  болох нь шүүгдэгч Л.Э-ын мэдүүлгээр  нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, дахь хэсэгт зааснаар хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч Л.Э-д урьд нь хувийн баталгаа гаргах таслан  сэргийлэх арга хэмжээ авсан  бөгөөд  хорих  ял оногдуулж байгаа  тул таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж энэ  өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч Т овгийн Л-н Э-г агуулах саванд нэвтэрч, машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.3, мөн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид хулгайлсан эд зүйлээ биетээр нь хүлээлгэж өгсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан улаан өнгийн, улсын дугааргүй, 100.000 төгрөгийн үнэлгээ бүхий Даюун маркийн /арал №*L7GPCKLY4E4065763*, мотор №DY162FMJ-2*D6008640*/ мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан  авсан  буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш  14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн  өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын  яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Г.МӨНХБАТ