| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 139/2018/00041/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2018-06-29 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нарийн бичгийн дарга Т.Т
Улсын яллагч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л, Х.О, Д.Ц
Хохирогч Ц.Ж
Иргэний нэхэмжлэгч З.Н,
Гэрч Б.Н, Х.Г, Б.Д,
Шүүгдэгч С.Г, Б.А, Ц.С, Ж.Д, Н.О, Л.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г, Б.А, Ц.С, Ж.Д, Н.О, Л.Ц нарт холбогдох 1722000530034 тоот хэргийг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 5 сарын 28-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Хулд сумын 3-р баг, Ширээ нурам гэх газар нутаглах урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, Ч овогт С-н Г /РД:ЗМ81052818
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 сарын 23-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 18-11 тоотод оршин суух, урд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б-н А /РД:НФ90102311/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 1 сарын 16-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-р баг, Боржигоны 5-8 тоотод оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан, З овгийн Ц-н С /РД:ЗГ9011618/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 6 сарын 6-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автотехнологич мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дундговь аймгийн Хулд сумын 3-р багт оршин суух, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан М овгийн Ж-н Д /РД:ЗМ88060612/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 сарын 3-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 3-1 тоотод оршин суух хаягтай, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан Х овогт Н-н О /РД:ЗМ77120318/
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 10 сарын 12-ны өдөр төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүүгийн хамт Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 1-р баг, Муу хонд гэх газар нутаглах Д овгийн Л-н Ц /РД:ЗЕ01301210/
Шүүгдэгч С.Г, Б.А, Ц.С, Ж.Д Н.О нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн,
Шүүгдэгч Ж.Д, С.Г, Н.О, Л.Ц нар нь бүлэглэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутаг “Цагаан толгой” гэх газарт 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр тус сумын хэсгийн цагдаагийн албаны хэрэгцээнд хэрэглэдэг 63-01 ДУА улсын дугаартай приус маркийн автомашины цонх, зүүн хойд гэрэл, борооны хаалт, багажны бариул, хойд гупер зэрэг эд зүйлийг чулуугаар цохиж хагалсны улмаас нийт 445000 төгрөгийн хохирол учруулж, эд хөрөнгө устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Л.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Суман дээр байхад Сайндорж дуудсан. Тэгээд би чулуун дээр очсон. Очтол нэг машин ирээд Цагаантолгой руу зугтаагаад гарсан. Овоо руу гаргахгүй гэж чулуу шидсэн. Хэн хэн шидсэнийг нь хараагүй. Бүгд шидсэн гэж ярьцгааж байсан. Тэгсэн машин эргээд явсан. Овоолгоны хажууд Г, Д нар сууж байсан. Овоон дээрээс буухад О-н ард сундалсан. Тэгэхэд Г, Д хоёр түрүүлээд явсан. Бид хоёр машинд ойртож очоогүй. Тэгэхэд чулуу шидээгүй” гэв.
2.Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...9 сарын 2-нд Дэлгэрцогтын чулуун дээр очсон. Гурван хар гэдэг газар очсон. Очоод байж байтал мотоцикль ирсэн. Мотоцикль ирэхэд би хүлээгээд ард нь хөндий зогсож байсан. Тэгээд Цагаан овоо руу энэ хэдийг гарахаар нь дагаад гарсан. Цагаан овоон дээр очоод би чулуу шидээгүй. Тэгээд бүгдээрээ буухаар нь буусан. Ямар машин юу юм бол гэж очсон. Би машин үзнэ гэж түрүүлж очоод буцсан. Таниж мэдсэн зүйл байхгүй...” гэв.
3.Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 9 сарын 2-нд Дэлгэрцогт сумын Гурван хар гэх газар чулуу түүх гэж 22 цагийн үед очсон. Тэгэхэд гэрэл гараад мотоцикль ирж байсан. Юун хүн юм бол гээд очиход 2 хүн мотоциклиосоо буучихсан зогсож байсан. Юун хүн бэ гэхэд дуугарахгүй даллаад байхаар нь зугтаад цагаан дээр гарсан. Тэгтэл нэг машин ирсэн. Овооны хормойд зөвхөн их гэрлээ асаачихаад зогсоод байсан. Тэгэхээр нь юун машин юм бол гэж хоорондоо ярилцаж байсан. Машинаас ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй, зөвхөн их гэрэл нь асаалттай байсан. Тэнд цагдаа байсан гэдгийг огт мэдээгүй. Тэгээд цагаанаас бүгдээрээ буусан. Юун хүн юм бол гэж мэдэх гэж буусан. С бид хоёр араас нь бууж байтал мотоциклийн обуд хагараад ард нь үлдсэн. Тэгээд цаашаа юу болсныг мэдэхгүй ...” гэв.
4.Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 9 сарын 2-нд 15 цагийн үед Дэлгэрцогт сум руу чулуу түүхээр явсан. А, О, Г, Д бид нар явсан. Очоод ухаж байгаад 9 цагийн үед би Ц руу ярьсан. Тэгтэл нэг мотоциклийн гэрэл гарсан. Тэгэхээр нь О, , А бид нар очсон. Тэгсэн 2-лаа багтай, дээлтэй хүн байсан. Мотоциклиосоо буусан даллаад байсан. Тэгэхээр нь зугтаад цагаан дээр гарсан. Тэгтэл машин ирсэн. Тэгээд ямар хүмүүс байна үзье гэж буугаад миний мотоциклийн обуд хагараад үлдсэн...” гэв.
5.Шүүгдэгч Ж.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...9 сарын 2-нд Дэлгэрцогт сумын Гурван хар гэх газар чулуу түүх гэж очсон. Тэгтэл машин ирэхээр нь
цагаан овоо руу гарсан. Овоон дээрээс чулуу шидсэн зүйл байхгүй. Сүүлд нь араас нь хөөхөд нэг чулуу шидсэн. Тэгэхэд машин зогсоогүй чигээрээ явсан...” гэв.
6.Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 9 сарын 2-нд орой 9 цагийн үед Гурван хар гэх газар чулуу түүж байсан. Тэгэхэд С, Ц-г дуудсан. Цэвэгдорж дүүтэйгээ мотоцикльтой ирчихээд дүүгээ буцаагаад миний араар сундлаад явсан. Доор нэг мотоцикльтой хүн байхаар нь очтол багтай 2 хүн байсан. Юм дуугараагүй, даллаад байсан. Тэгэхээр нь эргээд баруун талын Цагаан толгой дээр гарсан. Тэгтэл машин ирсэн. Ямар машин байдаг юм бол гээд араас нь буугаад очсон. Би овоон дээрээс чулуу шидээгүй. Араас нь туулгаж яваад гүйцэлгүй буцсан. С, А хоёрын дугуй хагарахаар нь эргэж очсон. Туулгаж байхад Цэвэгдорж 2 удаа чулуу шидсэн. ...” гэв.
7.Хохирогч Ц.Ж-гийн “Би 2017.09.02-ны өдөр постон дээр байж байгаад хойд дээр гэрэл гараад байна гээд Г, Д хоёр мотоцикльтой явсан. Тэгээд тэр хоёрыг хаана байгаа юм бол гээд араас нь хэсгийн цагдаагийн приус 20 машинтай Н, Н нартай гурвуулаа явсан. Тэгээд гэрэл гарахаар нь очтол овоон дээр хүмүүс байсан. Овооны хормойд машинаа зогсоогоод буугаад хэд алхтал овоон дээрээс чулуу шидэж байсан. Шидсэн чулуу нь өнхрөөд ирж байсан. Мөн чулуу шидэх чимээ гарч байсан. Тэгэхээр нь эргэж машиндаа ороод хөдөлсөн. Тэгтэл араас мотоцикльтой хөөгөөд чулуу шидээд байсан. Машиныг нэлээд олон чулуу онох чимээ сонсогдож байсан. Нэг мотоцикльтой хүн нь жолооч талаар орж ирээд чулуу шидэж цонх хагалсан. Цонх хуулгатай байсан болохоор бутарч унаагүй. Тэр үед машин дээр маяак байсан боловч утас нь мааслаад ажиллахгүй байсан. Би цагдаа байна гэж хэлээгүй. Овооны хажууд машинаасаа буухад гараад ир, үзье гээд чулуу шидэхээр нь буугаад ир гэж хэлсэн...” гэв.
8.Гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “8 сарын 15-аас 9 сарын 15 хүртэл чулуу ухдаг Цагаантолгой гэх газрын бүс нутагт сумаас пост ажиллуулсан. 9 сарын 2-ны өдөр Шүүхийн шийдвэрийн 2 залуу ирсэн байсан. Орой хойно гэрэл гараад байхаар нь Шүүхийн шийдвэрийн 2 залуу түрүүлээд явсан. Орлогч дарга Н, Ж цагдаа бид гурав постны гэрт байж байтал гэрэл хөдөлгөөнд ороод ирэхээр нь нөгөө хоёрыгоо юу болж байгаа юм бол, чулуу түүж байгаа хүмүүс байна, хяналт шалгалтаа хийе гээд араас нь явсан. Цагаантолгойн тэнд очтол дээр нь 4-6 духны гэрэл харагдсан. Ойртож очоод Ж цагдаа машинаасаа буутал чулуу шидсэн. Ж цагдаа машиндаа орж ирээд жоохон хөдлөөд зогстол бороо орж байгаа юм шиг чулуу шидээд байсан. Тэгэхээр нь ер нь болохгүй юм байна гээд зугтаасан. Ж цагдаа машин бариад, орлогч хажуу талынх нь суудалд би ар талд нь сууж явсан. Тэгээд би эргээд хартал мотоциклийн гэрлүүд ойртоод байсан. Нэг нь гүйцэж ирээд цонх хагалсан. Хоёр мотоциклийн гэрэл их ойртож ирсэн. Тэгээд бид хэд цаашаа зугатаагаад ойролцоогоор 500 м газар хөөсөн гэж бодож байна. Гэрлээ өөдөөс тусгаад бид нарт юу ч харагдахгүй байсан. Гэрэл нь нь хөдлөөд чулуу аваад шидэж байгаа нь мэдрэгдэж байсан. Тухайн үед машинд маяак байсан боловч асаагаагүй байсан.Тухайн нөхцөл байдалд өөрсдийгөө танилцуулах боломж байгаагүй. Өөдөөс чулуу шидээд байхад би байцаагч гээд буух хүн байхгүй байх...” гэв.
9.Гэрч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Г бид хоёр газрын даргын өгсөн үүргийн дагуу Дэлгэрцогт сумын постон дээр үүрэг гүйцэтгэж байсан. Байгалийн өнгөт чулуу олборлож байгааг таслан зогсоох гэж аймаг даяар байгууллага болгоноос хоёр хүн гаргасан юм байна лээ. Тэр хуваарийн дагуу манайхаас жолооч Г бид хоёр гарсан. Тухайн өдрийн 20 цагийн үед бид нарын байрлаж байсан гэрээс хойно овоон дээр гэрэл гараад байхаар нь Г бид 2 мотоцикльтой явсан. Наанаас нь мотоцикльтой явж байтал овоон дээрээс нэг мотоцикльтой хүн бууж ирсэн ба араас нь нэг мотоцикль бууж ирсэн. Тэгтэл араас нь ирсэн хүн наадах чинь цагдаа байна гэж хашгираад хоёул нийлээд цаашаа давхисан. Бид хоёрын ойролцоо 100 м дотор ирэхээр нь нааш ир, юм асууя гэхэд буцаад явсан. Яг тулж ирээгүй. Араас ирсэн нь сундлаатай байсан. Бид хоёр дээр ирэхдээ хоёр мотоцикль гэрэлгүй ирээд бид хоёр луу гэрлээ тусгачихаад буцаад явсан. Бид 2 овоон дээр хараад байж байхад өөр овоон дээр гарсан. Тэр овоо нь бид хоёроос нилээн хол зайтай байсан. Мотоцикльтой хөөж явахдаа “П...куудаа зогсооч” гээд хашгираад байсан. Сүүлд нь энэ хүмүүс мөн үү гэж зураг үзүүлэхэд Г энэ хүн гэж таньсан. Ямар ч байсан гурван мотоциклийн гэрэл гарахыг харсан...” гэв.
10. Гэрч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Постны гэрээс хойшоо мотоцикльтой явсан. Тэгэхэд би гэрлээ унтраасан байсан ба өөдөөс гэрлээ унтраасан, нүүр амаа багласан хүн ирсэн. Тэр хүн нэлээн ойрхон багцаагаар 4-5 м ойртож ирсэн, араас нь сундлаатай мотоцикль ирсэн. Уулзая гэхэд зайтай байгаад байсан. Араас ирсэн мотоцикльтой хүн наадах чинь цагдаа байна, зугтаагаарай гээд нэг их чанга биш хэлсэн. Тэгээд бүгдээрээ баруун тийш яваад овоон дээр гарсан. Тэгэхээр нь бид хоёр ухаж байсан овоон дээр нь очсон. Мотоцикльтой хүмүүс гэрэлгүй яваад Цагаан толгой дээр гарсан. Цагдаагийн машин очиход гэрэлд нь харагдаж байсан... Араас нь хөөгөөд байгаа бололтой яваад байсан. Бид хоёроос нилээн зайтай байсан. Араас нь явж байгаад мотоцикль нь таг түг гээд дуугарсан. Чулуу байвал аваад шидээч гэх яриа сонсогдож байсан...” гэв.
11. Иргэний нэхэмжлэгч З.Н-ын “Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй машин байгаа юм. Иргэдийн хурлын тогтоолын дагуу хэсгийн цагдаад эзэмшүүлдэг. Хэрэг болохоос өмнө манай хэсгийн цагдаа ээлжийн амралтаараа өөр газар амрах болсон учраас хурлын даргад машинаа хүлээлгэн өгсөн. Ингээд Ж цагдаад хурлын дарга хүлээлгэн өгсөн. Цонх, арын гэрэл, усны хаялга, багажны бариул, гупер зэрэг эд зүйл нь гэмтсэн. Учирсан хохирол 445.000 төгрөгийг нэхэмжилнэ” гэв.
12. Гэрч З.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017.09.02-ны өдрийн 22 цагаас 23 цагийн үед Г, Д нар мотоцикльтой, би Дэлгэрцогт сумын Цагдаагийн хэсгийн приус 20 маркийн 63-01 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Ж Н нартай хамт явсан. Мотоцикльтой явсан хоёр маань хэдэн мотоцикльтой хүний араас явсан. Араас нь бид хэд машинтай дөхөж очсон. Тэгтэл толгойдоо гэрэл зүүсэн мотоцикльтой хүмүүс овоон дээрээс буугаад ирсэн. Тэр хүмүүс 3 мотоцикльтой байх шиг байсан. Ж ганцаараа машинаас буугаад очтол өөдөөс нь тэр хүмүүс шууд чулуу шидээд, буугаад ир зодолдох уу гээд байсан. Ж машинд гүйж орж ирээд машинаа асаагаад бид зүүн тийшээ зугтаасан. Машины хоёр талаар 3 мотоцикльтой хүмүүс орж ирээд хоёр талаас чулуу шидээд байсан. Тийм байдалтай 2-3 км газар туулгасан. Машины жолооч талын цонх хагарсан, нөгөө хүмүүс яваад өгсөн. Бид буугаад машинаа үзэхэд жолоочийн талын шил, машины хойд талын тормозны 1 гэрэл хагарсан, нөгөө гэрэл нь цуурсан байсан. Жолооч талын усны хаялага, буруу талын хойд талын усны хаялага, багажны бариул хагарсан, хойд гупер зурагдсан зэрэг гэмтэл учирсан байсан. Тухайн машин дээд талдаа улаан цэнхэрээр асдаг тусгай гэрэлтэй машин байсан. Эргүүлд явж байсан учраас гэрлээ асаагаагүй байсан. Ж цагдаагийн дүрэмт хувцастай байсан, цагдаа ямар нэг шаардлага тавих боломж өгөөгүй шууд чулуу шидсэн. Машинд явж байсан хүмүүс биедээ гэмтэл аваагүй. 3 мотоцикльтой 5-6 хүн байсан байх. Өөдөөс хурц гэрэл тусаад байсан учраас харж амжаагүй. Харин Д, Г нар чулуунд байнга явдаг С гэх залуу байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг
13. 2017.09.05-ны өдрийн Тоёота приус 20 маркийн 63-01 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “.....Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байлаа, машины жолоочийн талын цонх хагарсан, хойд талын тормосны нэг гэрэл хагарсан, нөгөө нь цуурсан, жолооч талын усны хаялага, зөв талын хойд талын усны хаялага хагарсан, багажны бариул хагарсан, хойд гупер зурагдсан зэрэг гэмтлүүдтэй байлаа....” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-5-8/
14. 2017.09.21-ний өдрийн Ашид билгүүн ХХК-ний “приус 20 маркийн 63-01 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэмтлийн засахад 445000 төгрөг засахад шаардлагатай” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /1-р хх-41-42/
15. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-139-144/
16. Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2-р хх-11-13/ зэргийг шинжлэн судлав.
17. Хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хэргийн тухайд:
Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Шүүгдэгч Н.О, Ж.Д, С.Г, Ц.С, Б.А нарыг бүлэглэн чулууг зэвсгийн чанартай хэрэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2017 оны 9 дүгээр сарын 2-ны оройн 22 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2-р багийн нутаг дэвсгэр Цагаантолгой гэх газар тус сумын цагдаагийн хэсгийн машинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Ц.Ж-ийн өөдөөс чулуу шидсэн үйл явдал болсон болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хохирогч Ц.Ж, гэрч Б.Н, З.Нын гэрчээр өгсөн мэдүүлэг, З.Н-ын иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Л.Ц овоон дээрээс 1 удаа чулуу шидсэн гэж, бусад шүүгдэгч нар чулуу шидээгүй, хэн чулуу шидсэнийг хараагүй гэж тус тус мэдүүлж байх боловч энэ нь дээрх хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тухайн үйл явдал болсон гэх 2017 оны 9 дүгээр сарын 2-ны оройн 22 цагийн орчимд байгалийн гэрэлгүй, харанхуй байсан, Дэлгэрцогт сумын хэсгийн цагдаагийн автомашин нь тусгай дуут дохиогоор /маяак/ тоноглогдсон боловч тухайн үед ашиглаагүй, эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч өөрийгөө цагдаагийн алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа талаар танилцуулаагүй нөхцөл байдал тогтоогдлоо.
Иймд шүүгдэгч нарын “...гадаа харанхуй байсан, нэг машин ирээд их гэрлээ тусгаад байсан, хэн гэдгийг нь мэдээгүй...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Улсын яллагч “шүүгдэгч нар нь гэрч Г, Д нарыг мотоцикльтой байхад нь цагдаа гэж зугтаасан учраас машинтай хүмүүсийг цагдаагийн алба хаагч гэдгийг мэдэж байсан. Үүнийг нотлохын тулд мөрдөн байцаалтын шатанд 2 удаа туршилт хийснээр нотлогдож байгаа...” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Эргүүлийн постонд үүрэг гүйцэтгэж байсан гэрч Д, Г нарыг мотоцикльтой явж байхад шүүгдэгч нар нь таарсан, цагдаа байна гээд зугтаасан болох нь гэрч Д, Х.Г нарын мэдүүлгээр нотлогдож байх боловч энэ нь шүүгдэгч нар машинтай цагдаагийн алба хаагч эргүүлийн үүрэг гүйцэтгэж явааг мэдсэн гэдгийг нотлох баримт болохгүй юм.
Мөрдөн байцаалтын шатанд хэрэг учрал болсон гэх газарт 2018 оны 2 сарын 14-ний өдөр туршилт хийсэн /хх-ний 11-12/ бөгөөд уг туршилтын тэмдэглэлд “машинаас хүн бууж байгаа нь харагдах боловч хэн болох нь танигдахгүй, хувцас нь хар бараан харагдаж байлаа” гэж тэмдэглэжээ.
Мөн 2018 оны 3 сарын 3-ны өдөр хийсэн туршилт хийжээ. /хх-ийн 59-60/ Уг туршилтаар мотоциклийг зогсоож байгаад гэрлийг нь тусган тодорхой зайд зогсож байгаа машины номер болон түүний дээр байгаа маяак харагдаж байгаа эсэхийг туршихад харагдаж байсан болох нь тогтоогджээ.
Гэвч мөрдөн байцаалтын шатанд туршилт хийж байгаа гол зорилго нь тухайн болсон үйл явдлыг сэргээн дүрслэх зорилготой байдаг бөгөөд энэхүү туршилтыг тухайн үйл явдал болсон нөхцлөөс өөр байдлаар явуулсан байна. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болох үед Дэлгэрцогт сумын цагдаагийн хэсгийн автомашин нь шороон замаар 50-60 км/ц хурдтай явсан, араас нь хөөж байгаа мотоцикль шороон замаар хөөсөн болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог бөгөөд шороон замаар яваа тээврийн хэрэгслийн дугуйн эргэлтийн улмаас хэр хэмжээний тоосжилт үүсч, ардаа яваа тээврийн хэрэгслийн жолоочийн үзэгдэх орчныг хэр хэмжээгээр бууруулж байгааг тогтоогоогүй байна. Мөн туршилтанд оролцуулсан тээврийн хэрэгсэл дээр байрлуулсан тусгай дуут дохио /маяак/ нь Дэлгэрцогт сумын цагдаагийн хэсгийн автомашины дээр байрлуулсан тусгай дуут дохионоос хэмжээний хувьд харьцангуй том, овор хэмжээний хувьд зөрүүтэй болох нь хэргийн ......-рт авагдсан гэрэл зургаар тогтоогдож байх тул уг туршилт хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нар нь цагдаагийн машин, цагдаагийн алба хаагч гэдгийг мэдсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй, эргэлзээ төрүүлж байх тул шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар:
Яллах дүгнэлтэнд дурдсанаар: Шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, өсвөр насны шүүгдэгч Л.Ц нарыг бүлэглэн Дэлгэрцогт сумын хэсгийн цагдаагийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 63-01 ДУА улсын дугаартай автомашиныг санаатайгээр эвдэлж 445.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Хавтаст хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2017 оны 9 дүгээр сарын 2-ны оройн 22 цагийн орчим Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутаг дэвсгэр Цагаантолгой гэх газар эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагч Ц.Ж-гийн жолоодож явсан Дэлгэрцогт сумын цагдаагийн хэсгийн эзэмшлийн 63-01 ДУА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг мотоцикльтой хүмүүс туулгаж, чулуугаар шидсэний улмаас уг тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы цонх, 2 хаалганы шилний усны хаялга, зөв талын арын гэрэл, багажны бариул зэрэг эд зүйл хагарч, ар талын гупер гэмтсэн үйл явдал болсон болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ж, гэрч Б.Н, З.Нын гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Дэлгэрцогт сумын цагдаагийн хэсгийн автомашинд 2 мотоцикль ойртон ирсэн талаар гэрч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлдэг бөгөөд шүүгдэгч С.Г, Н.О нар мотоцикль жолоодож явсан, шүүгдэгч Ж.Д, Л.Ц нар чулуу шидсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн явцад өсвөр насны шүүгдэгч Л.Ц нь мотоциклийн ард сундалж яваад чулуу шидээгүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт түүнийг 2 удаа чулуу шидсэн талаар мотоцикль жолоодож явсан Н.О тодорхой мэдүүлсэн, шүүгдэгч Н.О нь тээврийн хэрэгсэлд ойртоогүй гэж мэдүүлж байх боловч түүний мэдүүлэг нь гэрч Б.Н-гийн 2 мотоцикль ойртон ирсэн гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Шүүгдэгч Ж.Д нь нэг удаа чулуу шидсэн гэдэг боловч араас нь шидсэн чулуу уг тээврийн хэрэгслийг олон удаа оносон талаар хохирогч Ц.Ж, гэрч Б.Н нар тодорхой мэдүүлдэг бөгөөд энэ нь уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.О, С.Г нар нь мотоцикль жолоодон, шүүгдэгч Ж.Д, Л.Ц нарыг сундалан Тоёота приус 20 маркийн автомашины араас туулган тодорхой зайд ойртсоны улмаас чулуу шидэж тээврийн хэрэгслийн эд ангид гэмтэл учруулах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн үйлдэл нь энэ гэмт хэргийг үйлдэхэд бүлэглэн оролцсон гэж үзэх үндэслэл болно.
Иймд шүүгдэгч Н.О, Л.Ц, С.Г, Ж.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзлээ.
Гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Б.А, Ц.С нар нь бүлэглэн цагдаагийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эсэргүүцсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул шүүгдэгч нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.А, Ц.С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон тул тэднийг цагаатгав.
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Л.Ц нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Л.Ц нь анх удаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болох ба шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл болж байна.
Хэрэг учрал болох өдөр буюу 2017 оны 09 сарын 02-ны өдөр насанд хүрээгүй шүүгдэгч Л.Ц нь 15 нас 10 сар 20 хоногийн настай байсан болох нь 1-р хавтаст хэргийн 162-р хуудсанд авагдсан төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д нарт улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.Г нь Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 4 сарын 29-ний өдрийн 4 дугаартай тогтоолоор 5 жил хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь 1-р хавтаст хэргийн 82-р хуудсанд байх шийтгэх тогтоолын хуулбараар,
Шүүгдэгч Ж.Д нь Өмнөговь аймгийн Сум дундын шүүхийн 2008 оны 3 сарын 5-ны өдрийн 18 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хорих ялаар шийтгэгдэж байсан болох нь 1-р хавтаст хэргийн 170-174-р хуудсанд байх шийтгэх тогтоолын хуулбараар,
Шүүгдэгч Н.О нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн хянан харгалзагдаж байсан болох нь 1-р хавтаст хэргийн 201-207-р хуудсанд байгаа шийтгэх тогтоолын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Өмгөөлөгч Х.О “...Н.О-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэхгүйгээр түүнд оногдуулсан торгох болон хорих оногдуулж тэнссэнийг тус тусад нь эдлүүлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Н.О-ийн холбогдсон энэ гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол гарахаас өмнө үйлдэгдсэн боловч шүүхээс тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлж байна.
Иймд түүнд энэхүү шийтгэх тогтоолоор болон Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.О-д 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчиллөө.
Мөн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл болоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг дүйцүүлэн хасч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.О нь Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 сарын 25-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзагдсан хугацаанд дахин гэмт хэрэгт ял шийтгүүлж байх тул түүнд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д, Б.А, Ц.С нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.А, Ц.С нарыг цагаатгасугай.
2. Шүүгдэгч Ч овогт С-н Г, М овгийн Ж-ын Д, Х овогт Н-н О, Д овгийн Л-н Ц нарыг бүлэглэн эд хөрөнгө устгах гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О, С.Г, Ж.Д нарт тус бүрт нь 450 нэгжээр буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Л.Ц-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Цийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эх С, эцэг Б.Л нарт даалгасугай.
5. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Х овогт Н-н О-д 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
6. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар ялтан Н.О-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг дүйцүүлэн хасч тээврийн хэрэгсэл болоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял болгон өөрчилсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2.1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.О-д оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах, 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
8. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
9. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г, Ж.Д нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын дотор төлөхөөр тогтоосугай.
10. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г, Ж.Д нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.
11. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ц.С, Ж.Д, С.Г, Л.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.
13. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ