| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 139/2018/00080/Э |
| Дугаар | 91 |
| Огноо | 2018-09-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.О даргалж
Нарийн бичгийн дарга Б.О
Улсын яллагч Д.Б
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Л
Өсвөр насны шүүгдэгч Н.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Н нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 1822002230093 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 9 дүгээр ангид суралцдаг гэх, ам бүл 4, ээж, хоёр дүүгийн хамт, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг, Мандалын 12 дугаар гудамжны 31 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, гавъя шагналгүй гэх, /регистрийн дугаар ЗК02212511/ Түмэд овогт Н.Б.
Яллах дүгнэлтэнд дурдсанаар шүүгдэгч Н.Б 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 19 дүгээр гудамжны 14 тоотод Д.Өтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь алгадах, түлхэж унагаах зэрэг үйлдлээр эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргих гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Өсвөр насны шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд мэдүүлэг өгөөгүй ба яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр би гэртээ байж байгаад 16 цагийн үед Мандалын 19 дүгээр гудамжны 14 тоотод найз У.Уын гэрт очоод Д.Ө гэдэг охинтой үл ялих зүйлээс болж маргалдсан. Би Д.Ө гэдэг охиныг “идэж байгаа боорцогноосоо хар” гэж хэлсэн чинь уурлаад намайг гэр дотор туулгаад барьж аваад хувцасны энгэрээс заамдаж аваад үсдсэн. Миний уур хүрээд тэр охиныг бас үсдэж аваад алгадаад газар түлхэж унагасан. Би Д.Ө гэдэг охины биед халдаж гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 50/
Насанд хүрээгүй хохирогч Д.Өг өсвөр насны яллагдагч Н.Бтэй нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд: “...Д.Ө мэдүүлэхдээ 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр би Мандалын 11 дүгээр гудамжны 23 тоотод байх гэрээсээ 11 цагийн үед найзуудтайгаа уулзахаар гарч явсан. Мандалын 19 дүгээр гудамжны 14 тоотод очоод найзууд болох У.З, У.У, Н.Б нартай гар бөмбөг тоглосон. Тэгээд намайг боорцог идэж байхад У.З, Н.Б нар намайг хар гэж хэлээд байсан. Мөн Н.Б өөрийнхөө гар утсаар миний фэсбүүкрүү ороод байхаар нь уур хүрээд гартаа урт модон иштэй хогийн шүүр бариад Н.Б гэр дотор хөөсөн. Тэгээд гэрийн зүүн хойд хэсэгт барьж аваад Н.Б толгойных нь үснээс зулгаасан. Тэгтэл Н.Б зөрүүлээд миний гэзэгнээс зулгаасан. Н.Б миний баруун хацарт нэг удаа алгадсан. Тэгсэн У.У бид хоёрыг боль гэж хэлж байсан. Би Н.Б тавиад гэрийн зүүн хойд хэсэгт сандал дээр суусан. Н.Б гэрийн баруун хэсэгт байсан орон дээр очиж суусан. Тэгээд би Н.Б битгий доромжлоод байгаарай гэж хэлээд гэрийн баруун хэсэгт байх орны хажууд барьж аваад орруу түлхээд хувцасных нь энгэрээс заамдаж орон дээр нухсан. Тэгтэл тэр орон дээр У.Згийн жаахан хүүхэд хэвтэж байна гэж хэлээд Н.Б намайг түлхсэн. Би ардаа байсан сандалд арагш годройтож унасан. Нэг их хүчтэй унаагүй нэг гараараа газар тулж унасан. Би газар байсан огурцины шил аваад Н.Брүү шидсэн чинь У.З шидсэн шилний урдуур нь ороод гараа цохиулсан. Дараа нь би газраас босоод гэрийн зүүн урд байсан гал тогооны шкабнаас хутга гаргаж ирээд зогсож байсан чинь У.З миний гарнаас хутгыг аваад байсан газарт нь буцаагаад хийсэн. Би гэрээс гараад гэрийн гадаа жаахан сууж байгаад гэрлүүгээ явсан. Н.Б миний бөөррүү өшиглөж, толгойруу цохиогүй, тухайн үед Н.Бд их гомдсон байсан болохоор шоглоё гэж бодоод ингэж мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч У.Уын: “...2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр гэртээ төрсөн дүүтэйгээ болон түүний найз нартай хамт байж байтал 14 цагийн үед манайд Д.Ө гэдэг охин ирсэн. Дараа нь манай найз Н.Б ирсэн. Н.Б бид нарын инээдийг хүргэх гээд хэдүүлээ хот явж биеэ үнэлэгч болъё гээд тоглоод ярьсан. Тэгж байтал Д.Ө гэдэг охин боорцог идэж байснаа бид нараас би цагаан байна уу гэж асуугаад байсан. Н.Б Д.Өг чи наад идэж байгаа боорцогноосоо хар юм байна шүү дээ гэж хэлсэн. Тэгтэл Д.Ө эхлээд инээж байснаа сүүлдээ уурлаад хуц гэж Н.Бд хэлээд гартаа хогийн шүүр бариад гэр дотор гэр тойруулж хөөгөөд тэгээд Н.Б гэрийн баруун орон дээр унасан. Д.Ө уурласаар гэрийн баруун орон дээр цохиж аваад ноцолдоод байсан. Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон чинь Д.Ө намайг өөрөөсөө холдуулаад Н.Бтэй ноцолдоод байсан. Д.Ө Н.Б газар унагаагаад дээрээс нь заамдаж авах гээд байсан. Тэгтэл Н.Б Д.Өг дээрээсээ түлхсэн чинь Д.Ө ардаа байсан сандалд бүдрээд арагшаа унасан. Д.Ө яая гэж хэлээд гартаа огурцины шил бариад Н.Брүү шидсэн чинь манай дүү У.З дундуур нь ороод тэр шидсэн шилийг нь бариад авсан. Тэр үед Д.Ө уурлаад би та нарыг бүгдийг чинь ална шүү гэж хэлээд манай гал тогооны шүүгээнээс хутга аваад гартаа барьсан байсан. Би Д.Өгийн гартаа барьж байсан хутгыг нь булааж аваад буцаагаад байсан газарт нь хийгээд уйлж байсан дүүгийн хүүхдийг аваад гэрээс гарсан. Гэрт Д.Ө уурлаж байж байгаад манай гэрээс гараад гэрлүүгээ явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/
Насанд хүрээгүй гэрч У.Згийн: “.....2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр би гэртээ найз, ах нарын хамт байж байсан чинь манай гэрт Д.Ө гэдэг хүүхэд ирсэн. Дараа нь манай ахын найз Н.Б ирсэн. Тэгээд бид нар гэрт байж байсан чинь манай гэрт ирсэн Д.Ө боорцог идэж байгаад өөрийгөө надаас цагаан байна уу гэж асуугаад байсан. Би чи хар байна гэж хэлэхэд Д.Ө уурлаагүй. Дараа нь Н.Б Д.Өг хар байна гэж тоглож хэлсэн. Тэгсэн Д.Ө уурлаад гартаа хогийн шүүр барьж аваад Н.Б гэр дотор хөөгөөд байсан. Тэгээд Н.Б барьж аваад заамдаад орон дээр дарж унагаад ноцолдоод байсан. Н.Б Д.Өг өөрөөсөө цааш түлхсэн чинь Д.Өгийн ард сандал байсан ба тэр сандалд бүдрээд арагшаа унасан. Тэгээд Д.Ө газар байсан огурцины хоосон шилийг гартаа бариад Н.Брүү шидэхээр нь би тэр шидсэн шилнийх нь дундуур орсон чинь шил нь намайг оноод газарт унасан. Д.Ө газраас босож ирээд гэрийн баруун орон дээр сууж байсан Н.Б заамдаж аваад байж байтал гаднаас манай ах У.У орж ирээд Н.Б, Д.Ө хоёрыг салгах гээд дундуур нь ортол Д.Ө У.Уыг цаашаа чи гэж хэлээд түлхсэн. Тэгээд тэр хоёрыг У.У салгасан. Тэгтэл Д.Ө гэрийн зүүн урд байсан гал тогооны шүүгээнээс хар иштэй хутга гаргаж ирээд гартаа бариад эхэндээ Н.Б ална гэж хэлээд сүүлдээ та нарыг бүгдийг чинь ална шүү гэж хэлээд зогсоод байсан. Би Д.Өг хутгаа тавь хүн алав гэж хэлсэн. Д.Ө Н.Бд хандаж чи миний фэйсбүүк хаягаар орж намайг найз залуугаас минь салгалаа гэж хэлсэн. У.У Д.Өгийн гартаа барьж байсан хутгыг нь авсан. Д.Ө манай гэрээс гараад гэрийн гадаа уйлж байгаад явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 15/
- Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 180200230 дугаартай дүгнэлтэд
“1. Д.Өгийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, зүүн чамархай, баруун эгэмний зулгаралт, баруун эгэм, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.Б 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 19 дүгээр гудамжны 14 тоотод иргэн Д.Өтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь алгадах, түлхэж унагаах зэрэг үйлдлээр эрх чөлөөнд халдсаны улмаас эрүүл мэндэд нь тархи доргих гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл; 2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 19 дүгээр гудамжны 14 тоотод хохирогч Д.Ө Н.Б миний хаягаар фэйсбүүкт орсон, намайг хар царайтай байна гэж хэллээ гэх шалтгаанаар модон иштэй шүүр барин, гэр дотор түүний араас хөөж, барьж аван толгойтой үснээс нь зулгаахад Н.Б Д.Өгийн гэзэгнээс зулгаан, баруун хацарт нэг удаа алгадсан байна. Хэсэг хугацааны дараа гэрийн баруун хэсэгт байсан орон дээр сууж байсан Н.Б Д.Ө битгий доромжлоод байгаарай гэж хэлээд орруу түлхэн хувцасны энгэрээс нь заамдаж ноцолдоход Н.Б орон дээр жаахан хүүхэд байна гэж хэлэн Д.Өг түлхэхэд ардаа байсан сандалд тээглэж унасан байна. Улмаар Д.Ө газарт байсан огурцины шилийг авч Н.Брүү шидэхэд гэрч У.З дундуур нь орж гараа цохиулсаны дараа Д.Ө газраас босч гал тогооны шүүгээнээс хутга гаргахад гэрч У.У хутгыг авч шүүгээнд буцаан хийсэн үйл баримт тогтоогджээ.
Тодруулбал уг хэрэг маргааны шалтгаан, эхлэл болон үйл явцын талаар ямар нэг зөрүүтэй баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд болсон үйл баримтын талаар шүүгдэгч Н.Б гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...тухайн үед надаас холгүйхэн 5 сартай жаахан хүүхэд унтаж байсан, тэр унтаж байгаа жаахан хүүхдийн дээр нь би уначих гээд байхаар нь Д.Өд хандаж унтаж байгаа хүүхэд даруулчих гээд байна гэж хэлээд Д.Өг газарт хэвтэж байхдаа дээрээсээ түлхэхэд хуванцар сандалд тээглээд унасан. Түүнийг нэг удаа алгадсан, өөр биед нь халдаагүй” гэж мэдүүлж байх ба хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалбал Д.Ө Цагдаагийн газарт гаргасан өргөдөлдөө ” Н.Бд зодуулсны улмаас толгой хавдсан, бие хөхөрсөн, нүүр маажсан, уруул цохигдсон, бөөррүү өшиглөсөн, хэл амаар доромжилсон” гэж /хх-ийн 3/, хохирогчоор мэдүүлэхдээ “2018 оны 7 дугаар сарын 5-ны өдөр би Мандалын 11 дүгээр гудамжны 23 тоотод байх гэрээсээ 11 цагийн үед найзуудтайгаа уулзахаар гарч явсан. Мандалын 19 дүгээр гудамжны 14 тоотод очоод найзууд болох У.З, У.У, Н.Б нартай гар бөмбөг тоглосон. Тэгээд намайг боорцог идэж байхад У.З, Н.Б нар намайг хар гэж хэлээд байсан. Мөн Н.Б өөрийнхөө гар утсаар миний фэсбүүк рүү ороод байсан. Миний уур хүрээд би гартаа урт модон иштэй хогийн шүүр бариад Н.Б гэр дотор хөөсөн. Тэгээд барьж аваад Н.Б толгойных нь үснээс зулгаасан. Тэгтэл Н.Б зөрүүлээд миний гэзэгнээс зулгааж, баруун хацарт нэг удаа алгадсан. Тэгсэн У.У бид хоёрыг боль гэж хэлж байсан. Би Н.Б тавиад гэрийн зүүн хойд хэсэгт сандал дээр суусан. Н.Б гэрийн баруун хэсэгт байсан орон дээр очиж суусан. Тэгээд би Н.Б битгий доромжлоод байгаарай гэж хэлээд гэрийн баруун хэсэгт байх орны хажууд барьж аваад орруу түлхээд хувцасных нь энгэрээс заамдаж орон дээр нухсан. Тэгтэл тэр орон дээр У.Згийн жаахан хүүхэд хэвтэж байна гэж хэлээд Н.Б намайг түлхсэн. Би ардаа байсан сандалд арагш годройтож унасан. Нэг их хүчтэй унаагүй нэг гараараа газар тулж унасан. Би газар байсан огурцины шил аваад Н.Брүү шидсэн чинь У.З шидсэн шилний урдуур нь ороод гараа цохиулсан. Дараа нь би газраас босоод гэрийн зүүн урд байсан гал тогооны шкабнаас хутга гаргаж ирээд зогсож байсан чинь У.З миний гарнаас хутгыг аваад байсан газарт нь буцаагаад хийсэн. Би гэрээс гараад гэрийн гадаа жаахан сууж байгаад гэрлүүгээ явсан... ” гэж /хх-ийн 16-18/ мэдүүлсэн, тухайн цаг хугацаанд байсан У.У, У.З нарын гэрчээр өгсөн “Н.Б Д.Өг өшиглөж, цохиогүй, Д.Ө Н.Б заамдаад нүүрлүү нь цохиод байсан, тэгэхэд Н.Б уурлаад Д.Өгийн баруун хацарт алгадсан. Н.Б газарт хэвтэж байхдаа Д.Өг дээрээсээ холдуулах гэж түлхэхэд Д.Ө арагшаа сандалд тээглэж унасан. Д.Ө эхлээд Н.Брүү дайрч давшилсан” гэх /хх-ийн 14-15/ мэдүүлгээс тус тус үзэхэд шүүгдэгч Н.Б хохирогч Д.Өгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх шууд буюу шууд бус субъектив санаа зорилго байсан эсэх нь эргэлзээтэй байна.
Шүүгдэгч Д.Ө Н.Б заамдан үсдэхэд Н.Б уурлаад Д.Өгийн баруун хацарт алгадсан, мөн өөрийнх нь дээр байсан Д.Өд хандаж орон дээр жаахан хүүхэд хэвтэж байна гэж хэлээд Н.Б түлхэх хариу үйлдэл хийх явцдаа Д.Өгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх үйлдэл нь хохирогч Д.Өгийн “би ардаа байсан сандалд арагш годройтож унасан. Нэг их хүчтэй унаагүй нэг гараараа газар тулж унасан. Н.Б миний бөөррүү өшиглөж, толгойруу цохиогүй, тухайн үед Н.Бд их гомдсон байсан болохоор шоглоё гэж бодоод ингэж мэдүүлэг өгсөн. Миний толгой энэ асуудал болохоос урьд өмнө нь өвддөг байсан. Шүүх эмчид үзүүлэх үед толгой чинь өвдөж байна уу гэхээр нь өвдөж байна гэж хэлчихсэн юм, миний бие зүгээр байгаа, Н.Бд гомдсондоо тийм мэдүүлэг өгсөн” /хх-ийн 16-18/ гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Улсын яллагч яллах дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Г.Б үйлдсэн гэмт хэрэг хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 16,17-р тал/, гэрч У.У, У.З нарын мэдүүлэг /хх-ийн 14,15-р тал/ шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/ -ээр тогтоогдож байна гэж байгаа хэдий ч эдгээр хохирогч, гэрч нар тухайн үед ямар байдалтай байсныг гэрчилсэн мэдүүлэг өгсөн байх ба шинжээчийн дүгнэлтэд Д.Өгийн биед тархи доргилт, баруун зүүн хацар, зүүн чамархай, баруун эгэмний зулгаралт, баруун эгэм, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо гэснийг хэрэгт авагдсан бусад нотлох баримттай харьцуулан судлахад хохирогч Д.Ө Н.Брүү уурлан хогийн шүүр барин довтлож, заамдан авч үсдэн нүүрлүү нь цохисон, орон дээр дарж унан ноцолдон улмаар түүнрүү шил аван шидсэн төдийгүй хутга барин авирласан зэргээс үзэхэд энэ гэмт хэргийг шүүгдэгч Н.Б үйлдсэн гэдэгт эргэлзээ төрүүлж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Б Д.Өгийн нүүрэн тус газарт нь алгадах, түлхэж унагаах зэрэг үйлдлээр эрх чөлөөнд халдсаны улмаас түүний эрүүл мэндэд нь тархи доргих гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хохирогчид учирсан гэмтэл шүүгдэгчийн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй, шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан зарчмыг удирдлага болгон хэргийг хэрэгсэхгүй болгож, Н.Б гэм буруугүйд тооцон цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
ХОЁР: Бусад асуудлын талаар:
Насанд хүрээгүй хохирогч Д.Ө тус аймгийн Цагдаагийн газарт болон шүүхэд гаргасан хүсэлтдээ “ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, би Н.Бтэй эвлэрсэн учраас хэргийг хааж өгнө үү” /хх-ийн 51/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түмэд овогт Н.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг гэм буруугүйд тооцож, цагаатгасугай.
2. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагаатгагдсан Н.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулсанаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.О