Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 212/МА2023/00018

 

 

 

 

 

                             

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00929 дүгээр шийдвэртэй, **** оршин суух Х.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч **** оршин суух А.Е-т холбогдох, 

 

“Ажлын хөлс 15.000.000 төгрөг, алданги 7.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч А.Е-, хариуцагчийн өмгөөлөгч К.Жархынбек /цахим сүлжээгээр/ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:

1.1. А.Е- нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр надтай Ц- сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир ус, халаалтын угсралт, дээврийн ажлыг гүйцэтгэх ажлыг 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 3 сарын дотор хийж гүйцэтгэхээр тохиролцон ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээг нотариатаар баталгаажуулсан.

1.2. Гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25 сая төгрөгөөр тохирсон. Би тохиролцсон ёсоор ажлаа хугацаандаа эхэлж гэрээнд заасан хийж гүйцэтгэх ажлуудаа бүрэн хийж дуусгасан. Бид 2018 оны 12 дугаар сарын сүүлээр ажлаа хийж дуусгаад хотоос ирсэн барилгын инженер Д.Р- гэх хүнд хүлээлгэж өгөөд бид аймаг руу буцсан.

1.3. Энэ хугацаанд ажлын хөлсний урьдчилгаанд 3 сая төгрөг, түүний дараа 7 сая төгрөг, бүгд 10 сая төгрөгийг А.Е- надад өгсөн, одоо 15 сая төгрөг надад өгөх ёстой. Бид хийж гүйцэтгэх ажлуудаа 2018 оны 12 дугаар сард дуусгаад ажлын хөлсний тооцоогоо хийхийг шаардсан боловч элдэв шалтаг хэлж, хугацааг сунжруулаад одоо хүртэл өгөөгүй.

1.4. Би энэ гэрээнээс ямар ч ашиг олоогүй, ашиг олох байтугай маш их хохирол амссан. Бид энэ ажлыг 3 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд олон залуучуудыг аваачиж ажиллуулсан. Анх А.Е-тай тохиролцохдоо бид нарт хоолны мах өгнө гэж тохиролцсон боловч ямар ч мах өгөөгүй. Ц- сум аймгийн төвөөс алс хол байдаг, тэнд 3 сар байрлаж ажиллана гэдэг маш хэцүү байсан. Дээврийн ажил буюу 2,700,000 төгрөгийн ажлыг С.Е- хийж гүйцэтгэсэн байгаа. Иймд одоо А.Е-аас 12,300,000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Би тухайн үед ажилласан ажилчдын цалинг өгөхийн тулд хадгаламж зээлийн хоршооноос 3 сая төгрөгийн зээл аваад ажилчдын цалинг өгсөн байсан.

1.5. А.Е- бид хоёрын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний 2.2-т ажлыг дуусгаж хүлээлгэх хугацааг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоож миний хувьд гэрээнд заасан хугацаанд ажлаа дуусгасан. Мөн гэрээний 3.4-т захиалагч нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч, хөлсийг саадгүй төлөх үүрэгтэй байхаар тохиролцсон боловч А.Е- нь гэрээний үүргээ зөрчиж, ажил дууссан 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд 602 хоног /2018 онд 12 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 7 хоног, 2019 онд 365 хоног, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл 230 хоног/-ийн хугацаа хэтрүүлсэн.

1.6. Мөн гэрээний 6.1-т ... захиалагч ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авч хөлсийг төлөөгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги төлөхөөр тохиролцсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр зохицуулсан. А.Е-ын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хугацаа хэтрүүлсэн 602 хоногт 0.5 хувиар алданги тооцвол 45.150.000 /602 хоног х 0.5 =301 хувь, 15000000 х 301% =41150000/ төгрөг болохоор байна. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар заасан тул 15000000 төгрөгийн 50 хувь 7500000 төгрөгийн алданги нэхэмжлэх үндэслэлтэй байна.

1.7. 2018 оноос хойш маш их хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл миний мөнгийг төлж өгөхгүй намайг хохироож байна. Иймд хариуцагч А.Е-аас ажлын хөлс 12,300,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:  

2.1. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Тува бага сургуулийн дотуур байрны барилгын ажлыг ТИКА төслийн хүрээндЭ” ХХК хийж гүйцэтгэхээр болсон. Улмаар уг барилгын ажлыг С.Ё захиралтай, Д.Р- менежертэйУ” ХХК дамжуулан хийж гүйцэтгэхээр болсон. Дараа нь би С.Ё, Д.Р- нартай тухайн барилгын ажлыг 85 сая төгрөгөөр хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Улмаар ажил гүйцэтгэх явцад тодорхой шалтгааны улмаас барилгын ажил удааширсан тул би С.Ё, Д.Р- нарт энэ ажлыг би цаашид хийж гүйцэтгэж чадахгүй, өөр хүнээр гүйцэтгүүлээд аваарай гэж татгалзаж саналаа тавьсан.

2.2. Үүний дагуу С.Ё, Д.Р- нар нь үлдэгдэл ажлыг С.Ё-гийн дүү болох Х.Б-гийн бригадаар хийлгүүлэхээр болж өөрсдөө тохиролцсон. Х.Б- нар нь уг гэрээг байгуулахаас өмнө тухайн барилгын талбай дээр очиж танилцаж ирсэн. Үлдэгдэл ажлыг нь 25 сая төгрөгөөр хийхээр байна гэж хоёр тал өөрсдөө тохиролцсон. Тэгээд С.Ё, Д.Р- нарт Х.Б- 25 сая төгрөгөөр гэрээ хийе гэж байна, ирж гэрээгээ хийгээрэй гэхэд Д.Р-, С.Ё нар нь чи Баян-Өлгий аймагт байгаа юм чинь гэрээг чи хийчих, тэгтээ тэргүй бид мөнгийг чамаар дамжуулж шилжүүлэх учраас гэрээг чи хийчих гэсний дагуу би Х.Б-тай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж нотариатаар баталгаажуулж, урьдчилгаа 3 сая төгрөгийг өгсөн бөгөөд гэрээ хийгдсэн шүү гэдгийг Р- нарт мэдэгдсэн.

2.3. Гэрээнд зааснаар 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажлаа эхлэх ёстой байсан ба Д.Р- нар нь миний хэлснийг үл ойшоож 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн Х.Б-гийн дансанд мөнгө шилжүүлж эхэлсэн байдаг. Одоо бодохдоо Д.Р- нар нь гэрээ байгуулахдаа намайг ашигласан юм шиг байна.

2.4. Дараа нь би 10 дугаар сарын 20-ны үед аймгийн төвд Х.Б-тай тааралдаж ажил төрөл нь юу болж байна гэж асуухад Х.Б- надад Д.Р- нараас 2,500,000 төгрөгийн цалин аваад хүнсээ цуглуулаад явж байна гэж хэлсэн. Тэр үед нь би уурлаад мөнгө төгрөг надаар дамжих ёстой, тэгж тохиролцсон шүү дээ гэж хэлсэн. Тэр үед Х.Б- бид хоёр тэр дор нь С.Ё руу залгаж та нар нэгэнт надаар дамжуулахгүй хоорондоо мөнгө төгрөгөө шилжүүлж байгаа юм байна, тэгвэл Х.Б- бид хоёрын хооронд байгуулсан тэр гэрээ хүчингүй болсон шүү, өөрсдөө хоорондоо ажил төрлөө зохицуулж, тооцоогоо хийгээрэй гэдгийг хэлээд тохиролцсон.

2.5. Түүнээс хойш Х.Б- нар надаас нэг ч төгрөг нэхэж байгаагүй, нэг ч ажил хүлээлцэж байгаагүй. Дараа нь 12 дугаар сарын дундуур тэд ажлаа дутуу үлдээж дуусгахгүй яваад өгсөн асуудал гарсан. Д.Р- нар нь К.М гэх хүнтэй засал чимэглэлийн ажлыг 800,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тохиролцож хийлгүүлсэн байсан.

2.6. Уг барилга ашиглалтад ороод 2 жилийн хугацаа болж байгаа, анх гэрээ байгуулсан ”У” ХХК нь цалин хөлсний үлдэгдэл төлбөртэй талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандсан албан бичиг хэрэгт авагдсан.

2.7. Нэхэмжлэгч Х.Б- энэ төлбөр тооцооны мөнгийг Д.Р-гаас авах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00929 дүгээр шийдвэрээр:  

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Е-аас ажлын хөлсний үлдэгдэл 12,300,000 /арван хоёр сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 10,200,000 /арван сая хоёр зуун мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367900 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Е-аас 211750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-д олгож шийдвэрлэжээ.  

 

4. Хариуцагч А.Е-ын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүтэй байдал, гэрч Д.Р-гийн худал мэдүүлэг өгсөн болохыг тогтоосон байдал болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй болон Х.Б- болон Д.Р- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн баримтуудыг огт үнэлэхгүйгээр нэхэмжлэлийн зарим хэсэг буюу 12,300,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, энэхүү гомдлыг гаргаж байна.

4.2. Нотлох баримтуудыг буруу үнэлсэн талаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлийг үзвэл нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангахдаа гэрч Х.М, Т.А, И.А, К.М нарын мэдүүлгийг үндэслэл болгосон байх ба шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл надад ажил хүлээлгэж өгөөгүй, гэрээ хэрэгжээгүй болох нь дараах байдлаар нотлогдож байна. Гэрч Х.М-ын “Х.Б- бид нар ажлыг Р-д хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч Т.А-ын “хариуцсан Р- гэдэг хүнд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг, гэрч К.М-ын “Х.Б- манай компаниас 3 сая төгрөгөөс өөр мөнгө аваагүй. Гэхдээ Ё, Р- нар нь үлдсэн мөнгийг А.Е-ад өгөлгүй шууд Х.Б-д шилжүүлсэн байсан, барилгыг улсын комисс хүлээж аваагүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Р-гийн “Би бодитоор А.Е-аас мөнгө ирээд би Х.Б-д шилжүүлж байсан зүйл байхгүй гэх мэдүүлэг/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.10.04-ний өдрийн 1504 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тогтоолд заасан/ Дээрх гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл Х.Б- бид хоёрын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжээгүй, Д.Р- болон Х.Б- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, улмаар Д.Р-гаас төлбөр төлж байсан болох нь тогтоогдож байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон гэрчүүдийн “Х.Б-гийн захиалгаар ажил гүйцэтгэсэн” гэх мэдүүлэг нь зөвхөн ажил гүйцэтгэсэн болохыг нотолж байгаа боловч тухайн ажлыг хэнд гүйцэтгэж өгсөн, Х.Б- нь хэнтэй ямар харилцаатай байсан болохыг нотлохгүй, энэ талаар гэрчүүдийн мэдүүлэг өгөөгүй болно.

4.3. Анхан шатны шүүх Д.Р- болон Х.Б- нарын хооронд үүссэн харилцааны талаар огт үнэлэлт өгөхгүйгээр зөвхөн 2018 оны 9 сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу надад үүрэг үүссэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийн зарим хэсгийг үнэлж, надад ашигтай хэсгийг үнэлэхгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгаагүй нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй болохыг нотолж байна. Анхан шатны шүүх Гэрчүүдийн мэдүүлгээс зөвхөн Х.Б- нь ажил гүйцэтгэсэн гэх мэдүүлгийг үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

4.4. Гэрч Д.Р- нь шүүхэд худал мэдүүлэг өгсөн болох нь Улсын ерөнхий прокурорын газрын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1/1084 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар тогтоогдсон. Уг нотлох баримт нь Х.Б-, А.Е- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг бүхэлдээ няцаах нотлох баримт биш гэж анхан шатны шүүх үзсэн нь үндэслэлгүй бөгөөд Х.Б-гийн нэхэмжлэлийн гол үндэслэл болсон Д.Р-гийн мэдүүлэг худал болох нь, Х.Б- болон Д.Р- нарын хооронд ажил хүлээлцсэн, ажлын хөлсийг төлж байсан үйл баримтыг нотолж байхад уг баримтыг заавал нотлох баримтаар үнэлэх ёстой. Х.Б- болон Д.Р- нар нь хамтран надаас үндэслэлгүйгээр ажлын хөлс гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд үүнтэй холбоотой үнэлэлт дүгнэлтийг шүүх огт өгөхгүй байна.

4.5. Ажлын хөлс төлөх үүрэг үүсээгүй талаар: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-тАжил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 346 дугаар зүйлийн 346.2-тАжлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнөгэж тус тус заасны дагуу надад ажлын үр дүнгээ хүлээлгэж өгсөн тохиолдолд ажлын хөлсийг төлөх үүрэг үүснэ. Гэтэл анхан шатны шүүх надад хүлээлгэж өгөөгүй ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343.1, 346.2-т заасныг тус тус зөрчиж байгаа ба хууль бус шийдвэр юм.

4.6. 2018 оны 9 сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т урьдчилгаа 3,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсний ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна гэж заасан ба ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ огт хэрэгжээгүй. Хэрэв Х.Б- нь ажлыг гэрээний дагуу гүйцэтгэж байсан бол тухай бүрд нь гүйцэтгэлээ хүлээлгэж өгөөд төлбөрөө шаардах байсан ба өмнө нь огт ажил хүлээлгэж өгөх талаар хэлээгүй, мэдэгдээгүй, шүүхэд гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй худал юм.

4.7. Анхан шатны шүүх “2018 оны 9 сарын 20-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 2.4-т урьдчилгаа 3,000,000 төгрөгийг төлнө. Үлдэгдэл хөлсний ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед төлж байна гэж заасныг огт үнэлээгүй ба үлдэгдэл хөлсний ажлыг гүйцэтгэлээр санхүүжилт орж ирсэн үед буюу ажлыг хүлээлгэж өгсний дараа төлөх хугацаа тохирсныг огт анхаараагүй ба зөвхөн X.Б-гийн тайлбарыг үндэслэл болгож шийдвэр гаргасан байна. Надаас ажил хүлээлгэж өгөх талаар мэдэгдээгүй, ажил хүлээлгэж өгөх талаар утсаар ярихад БНХАУ руу явсан байсан гэж худал тайлбар гаргасан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022.09.19-ний өдрийн 2-484260 дугаар лавлагаагаар нотлогдсон. Зөвхөн Д.Р-гаас төлбөр хүлээж авч байсан баримт болон ажлыг Д.Р-д хүлээлгэж өгсөн талаарх гэрчүүдийн мэдүүлгийг огт үнэлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг ноцтойгоор зөрчсөн. Х.Б- нь надад ажил хүлээлгэж өгье гэхэд байгаагүй, гэрээгээр тохирсон ажлыг бүрэн хийсэн гэж худал тайлбар гаргаж ирсэн нь баримтуудаар нотлогдсон байхад түүний худал тайлбар гаргаж байгааг шүүх огт анхаараагүй.

4.8. Д.Р- болон Х.Б- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, 13,208,000 төгрөгийн ажлын хөлсийг авсан талаар: Д.Р- болон Х.Б- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсэж, ажил гүйцэтгэх гэрээ бүрэн хэрэгжсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд: Гэрчүүдийн ажлыг Р-д хүлээлгэж өгсөн гэх мэдүүлэг, гэрч Р-гийн “10,400,000 төгрөгийг Х.Б-д өгүүлсэн, Х.Б- заслын ажлыг хийсэн, хэнд хүлээлгэж өгснийг мэдэхгүй, 7,000,000 төгрөгийг шилжүүлж өгч байсан. Үлдэгдэл мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлж өгч байсан гэх мэдүүлэг, 2018.11.15-ны өдрийн 7,000,000 төгрөгийг Х.Б-гийн дансанд цалин болгож шилжүүлсэн баримт, К.М-ын дутуу ажлыг 800,000 төгрөгөөр хийсэн гэх мэдүүлэг, нотолгоо, Х.Б-гийн хийх ёстой ажлыг хийсэн Е- нь Д.Р-гаас 2,7 сая, А.Е-аас 1,880,000 төгрөгийг авсан болох нь дансны хуулга болон гэрчийн мэдүүлэг, фейсбүүк хуудсанд хийсэн үзлэгээр тус тус тогтоогдсон.

4.9. Х.Б- нь ******* тоот дансаар 7,000,000 төгрөгийг Д.Р-гаас шилжүүлэн авсан нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2021.10.04-ний өдрийн 1504 дугаартай хэрэг бүртгэлийн хэргийг хаах тогтоолоор тогтоогдсон. Д.Р-гаас анх авсан 7,000,000 төгрөгөөс тусдаа дансаар авсан. Эдгээр баримтуудыг харьцуулан үнэлэх ажлыг анхан шатны шүүх огт хийгээгүй. Тиймээс ажлын хөлсөө бүрэн авсан тул надаас ажлын хөлс шаардах эрхгүй. Дээрх нотлох баримтуудаас үзвэл Х.Б- нь 13,208,000 төгрөгийг хүлээж авсан нь нотлогдож байгаа ба Х.Б- болон Д.Р- нар шүүхэд зориуд худал мэдүүлэг өгч, надаас үндэслэлгүйгээр төлбөр гаргуулахаар ажиллаж байна.

4.10. Х.Б- нь ажил гүйцэтгэсэн, Д.Р- нь ажлыг хүлээж авсан, төлбөр төлсөн баримтуудаас үзэхэд тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэнийг бүрэн нотолж байгаа ба шүүх эдгээр баримтуудыг үнэлэхгүйгээр зөвхөн Х.Б- бид хоёрын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасныг зөрчсөн.

4.11. Иймд дээрх үндэслэлээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00929 дугаар шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан. Х.Б- гэрээнд зааснаар барилгын ажлын гадна, дотрын засал, чимэглэл, сантехник, цэвэр, бохир ус, халаалт, угсралт, дээврийн ажлыг хийхээр тохиролцсон байсан. Эдгээр ажлаас  дээврийн ажлыг хийгээгүй, бусад ажлыг хийсэн. Ажлын хөлсний урьдчилгаа гэж эхэндээ 3 сая төгрөг өгсөн нь үнэн. Тэнд бид маргахгүй.

5.2. Дараа нь Д.Р-гийн данснаас 7 сая төгрөг шилжүүлж өгсөн. Дээврийн ажлыг 2,700,000 төгрөгөөр С.Е- гэдэг хүн хийсэн. К.М мэдүүлэг өгөхдөө 12 дугаар сарын 05-нд Х.Б- нар ажлаа дуусгаад явсан гэж мэдүүлсэн. Үлдсэн ажлыг К.М 880,000 төгрөгөөр хийлгэсэн. 7 сая төгрөг гэдэг нь өмнө нь Д.Р-гаас Х.Б-д шилжүүлсэн мөнгө. Д.Р- мэдүүлэг өгөхдөө тэр 7 сая төгрөгийг А.Е- надад шилжүүлсэн байсан. Тэгээд би Х.Б-д шилжүүлсэн байсан” гэж худлаа мэдүүлэг өгснөөс болсон. Тэрнээс биш Д.Р- А.Е- хоёр тус тусдаа 7 сая төгрөг өгсөн асуудал биш. Нэг л 7 сая төгрөг байгаа.

5.3. Мөн гэрч Мурат, А нарын мэдүүлэг байгаа. А.Е- тайлбарлахдаа бид гэрээ байгуулсан гэхдээ гэрээ хэрэгжээгүй гэж тайлбарлаж байна. Тэгвэл гэрээг цуцалсан, гэрээнээс татгалзсан, эсвэл гэрээний биелэлтийг Д.Р-д шилжүүлсэн талаар хавтаст хэрэгт нотлох баримт байхгүй. Х.Б-гийн ******* тоот дансанд 3,000,000 төгрөг шилжүүлсэн гэж хариуцагч талаас хэлсэн боловч Х.Б-д дээрх хаан банкны данс байхгүй гэдэг нь тогтоогдсон. Хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, Х.Б-гийн А.Е-ад холбогдуулан гаргасан “Ажил гүйцэтгэх гэрээний дагуу 22.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул  хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч А.Е-ад холбогдуулан ажил гүйцэтгэх  гэрээний дагуу ажлын хөлс 15,000,000 төгрөг алданги 7,500,000 төгрөг, нийт 22.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “А.Е-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, уг гэрээгээр би Баян-Өлгий аймгийн Ц- сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг 3 сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25,000,000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг хүлээсэн” гэж тайлбарлаж, хариуцагч А.Е-ад нь “Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн гэх ажлаа надад хүлээлгэж өгөөгүй, ажлаа бүрэн гүйцэтгэж дуусаагүй, ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаад хүлээлгэж өгсний дараа ажлын хөлсийг нэхэмжлэх эрх үүсэх тул ажлын хөлсийг нэхэмжлэх эрхгүй, гэрээ хэрэгжээгүй тул Х.Б- нь Д.Р-гаас нэхэмжлэх ёстой. Д.Р-гаар дамжиж надаас ямар нэгэн төлбөр тооцоо Х.Б-д хийгдээгүй болно” гэж эс зөвшөөрч маргажээ.

 

9. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад, нэхэмжлэгч Х.Б- хариуцагч А.Е- нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг 3 сарын хугацаанд буюу 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хооронд гүйцэтгэх, захиалагч нь гэрээгээр гүйцэтгэх ажлын нийт хөлсийг 25,000,000 төгрөгөөр тооцож төлөх үүргийг тус тус хүлээж, талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.   

 

10. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу “Ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт “Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө” гэж заажээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч А.Е- нь гэрээ байгуулсан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Х.Б-д 3,000,000 төгрөгийг ажлын хөлсний урьдчилгаа болгож төлсөн, мөн 2018 оны 11 дүгэр сарын 15-ны өдөр Д.Р-гаар дамжуулан Х.Б-гийн дансанд 7000000 төгрөгийг цалин гэж шилжүүлсэн нь зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

11. Нэхэмжлэгч Х.Б-, хариуцагч А.Е- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээнд Х.Б- нь Баян-Өлгий аймгийн Ц- сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон боловч ажил тус бүрийн үнийг тухайлан тохиролцоогүй байх ба Х.Е-ы үйлдсэн баримтаар дээврийн ажлыг 2,700,000 төгрөгөөр тохиролцож гүйцэтгэсэн талаар тодорхойлсон байх тул уг мөнгийг ажлын үнийн дүнгээс хасаж тооцож, хариуцагчийн дутуу төлсөн ажлын хөлсийг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх хууль зүйн болон баримт бүхий бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

12. Хариуцагч А.Е- нь Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-д зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлсэн эсэх талаар баримтаар нотлоогүй, мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар захиалагч гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах үүргээ биелүүлээгүй бол түүнийг тухайн ажлын үр дүнг хүлээн авсан гэж тооцно гэж заасан байх тул хариуцагч А.Е-ыг Баян-Өлгий аймгийн Ц- сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлын гадна, дотор засал чимэглэл, сантехник, цэвэр бохир усны, халаалтын угсралт, дээврийн ажлын үр дүнг хүлээж авсан гэж үзэх үндэслэлтэйгээс гадна гүйцэтгэгч Х.Б-г гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу, зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь хариуцагч А.Е- нь ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дуусаж,  Баян-Өлгий аймгийн Ц- сумын Тува сургуулийн дотуур байрны барилгын ажлыг хүлээж авах үед БНХАУ-д биш Монгол Улсад байсан нь Хил хамгаалах ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 2-46/4260 дугаартай тодорхойлолт, түүний хавсралт, болон гадаад паспортын хуулгаар тогтоогдсон ба энэ нь түүнийг гүйцэтгэсэн ажлыг хүлээж авсан, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар хүлээж аваагүй гэх үндэслэлүүдийг тогтоохгүй болно. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц- суманд ирж тухайн барилгын ажлын үр дүнг хүлээж аваагүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

 

13. Хариуцагчаас  хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Д.Р-гаас А.Е-ад цахим сүлжээгээр илгээсэн баримтад Х.Б-д 3,100,000 төгрөгийг цалин, 300,000 төгрөгийг сантехникийн хүмүүст, 120,000 төгрөгийг хоолны мөнгө, 200,000 төгрөгийг дулааны худаг ухалт, 250,000 төгрөгийг цахилгаан нүх ухах, булах, 45000 төгрөгийг цахилгаан нүх ухахад туслах зэрэгт тус тус төлсөн гэж бичигдсэн боловч энэ нь нэхэмжлэгч Х.Б-, хариуцагч А.Е- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон ажлын хөлс мөн эсэхийг хариуцагч нотолж чадаагүй болно. Учир нь хариуцагч А.Е-ын  “Д.Р-гаар дамжиж надаас ямар нэгэн төлбөр тооцоо Х.Б-д хийгдээгүй болно” гэх тайлбараас үзэхэд 3,100,000 төгрөгийг цалин, 300,000 төгрөгийг сантехникийн хүмүүст, 120,000 төгрөгийг хоолны мөнгө, 200,000 төгрөгийг дулааны худаг ухалт, 250,000 төгрөгийг цахилгаан нүх ухах булах, 45,000 төгрөгийг цахилгаан нүх ухахад туслах зэрэг төлсөн гэх тооцоонууд нь А.Е-ын өмнөөс Д.Р-гаас Х.Б-д төлсөн төлбөр гэдэг нь нотлогдоогүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

14. Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх ба хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ. Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Б-, хариуцагч А.Е- нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнд хэчнээн хувиар алданги төлөх талаар тохиролцоогүй, тодорхой тогтоогоогүй байх тул шүүх алдангийн хувь хэмжээ тогтоож гаргуулах боломжгүй гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

15. Хариуцагчийн “...анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлгийг буруу үнэлсэн, ажлын хөлс төлөх үүрэг үүсээгүй, надад хүлээлгэж өгөөгүй ажлын хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2-т заасныг зөрчиж, Д.Р- болон Х.Б- нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, Д.Р-гаас  Х.Б- нь 13.208.000 төгрөгийн ажлын хөлс авсан байхад нэхэмжлэлийг хангагдсан гомдолтой...” гэх давж заалдах гомдлын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзвэл, анхан шатны шүүх зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэж, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчөөгүй учраас давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Х.Б- нь Д.Р-гаас 7,000,000 төгрөгийг ******* тоот дансаар тусдаа авсан, 7,000,000 төгрөгийг нийт 2 удаа авсан гэх хариуцагчийн тайлбар нь нотлох баримтад тулгуурлаагүй, уг данс нь хэний данс болох нь тодорхойгүй, 2 удаа 7 сая төгрөг шилжүүлсэн нь бодитой тогтоогдоогүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндэслэлтэй, зөв дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

16. Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211750 төгрөгийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2022/00929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Е-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 211.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧ                                                                        М.НЯАМБАЯР

 

                       

                                   ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ