Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 17 өдөр

Дугаар 94

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                      

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.О даргалж,

Нарийн бичгийн дарга Б.О

Улсын яллагч Г.Х

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанаар

 

   Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алдар овгийн О.Мд холбогдох эрүүгийн 1822002100092 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

    Монгол Улсын иргэн, 1994 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, Угтаалын 5 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, малчин, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, Регистрийн дугаар ВЗ 94032012, Алдар овгийн О.М.

 

     Яллах дүгнэлтэд дурдсанаар шүүгдэгч О.М нь 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, Угтаалын 5 дугаар гудамжны 1 тоотод иргэн О.Г маргалдаж түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол санаатай  учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Нэг. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай эсэх талаар:

- Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн ба яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр манайд О.Г, С.Н нар ирээд архи, пиво ууж байгаад О.Г манай гэрт хоносон. Тэгээд унтах гэж байхдаа хөлөө жийх гэж байгаад манай хүүхдийг хөлөөрөө нүүррүү нь цохихоор нь О.Гт хандан чи хүүхэд цохичихлоо гэхэд за юун сүртэй юм гэхээр нь миний уур хүрээд О.Гийн хоёр суганы доогуур нь нэг, нэг өшиглөсөн. Тэгтэл О.Г миний хавирга эвгүй болчихлоо гээд ёолоод суугаад байхаар нь манай эхнэр түргэн дуудсан” гэжээ /хх-ийн 28-29/,

 

- Хохирогч О.Гийн: “2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэрээсээ хүргэн С.Нгийн хамт Эрдэнэдалай сумын төвд бензин авах гэж ирээд О.М гэх айлд ирж цай уусан. Хамт ирсэн С.Н гараад 0,75 граммын архи нэгийг, нэг том савтай пиво авчираад С.Н, О.М нарын хамт хувааж уусан Тэгээд орой С.Нгийн хамт бааранд орж архи, пиво уусан. Баар хаасны дараа О.Мгийн гэрт ирж хоносон. Өглөө С.Н гадагшаа гарч явж байгаад ирэхдээ О.Мгийн гэрт намайг байж байхад 0,75 граммын архи хоёрыг, том савтай пиво хоёрыг авчирч С.Н, О.М нарын хамт ууж байхад Ч.И гэх хүн ирээд хамт уусан. Тэгээд Ч.И, С.Н нар согтоод унтаад өгсөн. Тэр үед би бас унтах гээд О.Мгийн гэр дотор зүүн талд газар зүүрмэглээд хэвтэж байсан. Тэгтэл О.Мгийн жаахан хүүхэд миний хөл дээгүүр мөлхөөд гарч байсаныг нь мэдээгүй хөлөө жийх гэж байгаад хүүхэд цохичихсон байх. Хүүхэд уйлсан чинь О.М хүүхэд цохичихлоо гэж хэлэхээр нь юун сүртэй юм гэж хэлэхэд наад хүүхэд чинь жаахан хүүхэд сүртэй байхдаа яадаг юм гээд миний хоёр суганы доод хэсэгрүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тухайн үед миний хавирга эвгүй болоод өвдөөд байхаар нь О.Мгийн эхнэрийг эмнэлэгрүү яриад өгөөч гээд эмч дуудуулсан. Тэгээд эмнэлэг дээр ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 5/

 

          - Гэрч С.Нгийн: “Би 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хөдөө гэрээсээ О.Гийн хамт гарч, Эрдэнэдалай сумын төвд О.Мгийнд ирсэн. Би тэднийд цай уучихаад гарч яваад 2,5 литрийн том савтай пиво нэг, 0.75 граммын архи нэгийг аваад О.Мгийн гэрт нь О.Г, О.М нартай хамт уусан. Тэгээд жаахан унтаж байгаад гадагшаа гараад О.Гийн хамт бааранд орж архи, пиво уусан. Баар хаах үед баарнаас гараад О.Мгийн гэрт очиж амарсан. Маргааш өглөө нь буюу 2018 оны 6 дугаар сарын 23-ны өдөр би гадагшаа гарч 2,5 литрийн пиво хоёрыг, 0.75 граммын архийг О.М, О.Г, Ч.И нарын хамт уучихаад согтоод унтаад өгсөн. Унтаж байгаад сэрэхэд О.Г хавиргаа дараад өвдөөд байна гээд байхаар нь асуусан чинь О.М өшиглөсөн гэж хэлсэн. Удалгүй түргэний машин ирээд авч явсан. О.М О.Гийг өшиглөж байхыг би хараагүй, унтаж байсан. Бид хэдийг архи, пиво ууж байхад үед О.Г О.М хоёр хоорондоо маргалдаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

                                                                                            

        - Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 180200222 дугаартай дүгнэлтэд:

         “О.Г биед зүүн 4, 5, баруун 10-р хавирганы ясны хугарал, баруун нүдний дээд зовхи, зүүн бугалганд цус хурсан зөөлөн эдийн гэмтэл, дух, зовхи, хамрын нуруунд зулгарсан гэмтэл тогтоогдлоо.

          Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

 

          Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах учир Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 -т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

 

 

   Дээрх гэмтлүүд нь бусдад зодуулсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна” /хх-ийн 21/ гэжээ.

 

 

- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 17/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэг болно.

Хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар шүүгдэгч О.М гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх ба шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч О.М Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7 дугаар баг, Угтаалын 5 дугаар гудамжны 1 тоотод иргэн О.Г маргалдаж түүнийг зодсоны улмаас эрүүл мэндэд  нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч О.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

 

Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг

 

Хохирогч О.Г шүүхэд “О.М 500000 төгрөгийн хохирол  барагдуулсан, бид эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч О.М тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн  хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч О.М гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр  зүйлийн 1-д заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

         Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

               

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Алдар овгийн О.Мг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар О.Мг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  3. Шүүгдэгч О.Мг торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч О.Мд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

  5. Шүүгдэгч О.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлүүлсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

 

   6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

        

 

 

                                                                                                                                     

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Л.О