Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 82

 

 

 

                     

 

 

 

 

 

 

 

 

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч С.С даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.О

Улсын яллагч: Т.Т

Улсын өмгөөлөгч Г.Л

Шүүгдэгч: Т.Б нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Бад холбогдох 1822000840037 тоот хэргийг 2018 оны 6 сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1970.07.21-нд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй гэх, хувиараа барилгын туслах ажилчин хийдэг гэх, ам бүл-1, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг 6-1 тоотод оршин суух, урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЛ70072118/ Харчин овогт Төмөрбатын Т.Б нь орон байранд нэвтэрч хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Прокурорын 2018 оны 6 сарын 22-ны өдрийн 60 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч Т.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Арвижихын 11-4 тоотод оршин суух М.Эийн монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч Нокиа маркийн гар утас хулгайлж, 34.000 /гучин дөрвөн мянган/ төгрөгийн хохирол, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг, Мандалын 1 дүгээр гудамжны 20 тоотод оршин суух Б.Дын гэрээс эрэгтэй хүний цув, эмэгтэй хүний түрийтэй гутал, эрэгтэй, эмэгтэй хүний хос цамц, пүүз, гутал зэрэг эд зүйлс хулгайлж, 760.000 /долоон зуун жаран мянган/ төгрөгийн хохирол,2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Арвижихын 5 дугаар гудамжны 06 тоотод оршин суух Т.Тын гэрээс 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг үндсэн хул, эмэгтэй хүний бүс зэрэг эд зүйл хулгайлж, 1.470.000 /нэг сая дөрвөн зуун далан мянган/ төгрөгийн хохирол тус тус учруулж бусдад нийт 2.264.000 /хоёр сая хоёр зуун жаран дөрвөн мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-236-240/

           

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Т.Бын биед нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-2-14,106-118, 153-170/;

- Хохирогч М.Эийн: 2018.03.13-ны өдрийн 16 цаг 30 минутанд Арвижихын 11-4 тоотод байх гэрээ түгжээд гарч яваад Арвижихын 9-1 тоотод ороод гэртээ буцаад ортол урдаас үл таних залуу гарч ирсэн. Тэр залуу гэрийн цоож эвдэж ороод гэрээс гарч байсан. Тэгэхээр чи юу хулгайлж байгаа юм бэ гаргаж өг гээд курткыг нь булааж авахад эргэж курткаа булааж аваад зугтасан. Тэгээд би гэртээ ороод эд зүйл алга болсон байна уу гээд шалгахад толины урд талд байсан Нокиа маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд би гэрээс гараад гутлын мөрөөр нь хөөхөд Нэмэхбаяр гэдэг хүүхэний баруун талын хашааны айлд ороод баруун тийшээ явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай гэрлүү нэвтэрч орж гар утас хулгайлсан учраас гомдолтой, гэрийн цоож эвдсэн байсан ” гэх мэдүүлэг  /хх-23-24/;

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /хх-16-18/;

- Хохирогч Б.Дын: 2018.04.12-ны 12 цаг өнгөрөөгөөд Мандалын 1-20 тоотод байх гэрээсээ яваад 15 цаг гээд ирэхэд манай хашаанд байдаг зарах гэж байсан бараагаа хийсэн байсан гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэр лүү очиход цүүг нь мушгисан цоож байхгүй байсан. Тэгээд уг гэрлүү ортол хамгийн түрүүнд харахад гэрийн баруун хойно өлгөөтэй байсан эрэгтэй саарал өнгийн хагас урт цув байхгүй байсан. Тэгээд хувцаснууд эд зүйлээ шалгахад шар өнгийн, цагаан өнгийн шигтгээтэй сандаалны өрөөсөн, хар өнгийн эмэгтэй түрийтэй элгэн гутал, ширээн дээр байсан цүнхтэй хувцас, уг цүнхэн дотор байсан эрэгтэй эмэгтэй хар шар өнгийн алаг хос цамц, нэг ширхэг эмэгтэй хар цамц, 3 ширхэг эмэгтэй намхан ултай ботинк, 2 ширхэг эрээн өнгийн цагаан үдээстэй пүүз, гэрийн зүүн хойно байсан хар өнгийн ширээстэй куртка алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-121/;

- Хохирогч Т.Тын: Би 2018.04.26-ны 18 цагийн үед Арвижихын 5-6 тоотод байх гэрээсээ эхнэрийн хамт хөдөө явсан. Тэгээд хөдөө хоночихоод 2018.04.27-ны 18 цагийн үед гэртээ ирэхэд хаалга онгорхой, хаалганы цүүг мулталсан байсан. Гэрт ороход авдар онгорхой, дотор нь байсан зарим эд зүйлийг гаргасан байсан. Тэгээд авдар дотор байсан эд зүйлээ шалгахад 7 ширхэг мөнген аяга, 1 ширхэг үндсэн хул алга болсон байсан гэх мэдүүлэг /хх-176/;

- Шинжээчийн дүгнэлт /хх39-40, 126-127, 191-195/;

- Гэрч Т. Үйзансайгийн /Т.Бын төрсөн эгч/: “… 2018 оны 5 сарын эхээр би гэрийнхээ жижиг өрөөний эд зүйлсийг үзэж байхад дээл болон гудасны завсараас 2 ширхэг мөнгөн аяга байхаар нь цагдаад мэдэгдсэн”, “...цагдаагийн албан хаагч орж ирэхэд цүнхтэй эд зүйл орны толгойд байсан. Тэр үед Т.Б орон дээр унтаж байсан. Дотор нь гутал, пүүз байсан. Хаанаас авсныг нь мэдэхгүй гэх мэдүүлгүүд  /хх-26-29, 122/;

- Гэрч Б.Түмэндэлгэрийн: 2018.04.26-нд 18 цагт нөхрийн хамт хөдөө явсан. Тэгээд 2018.04.27-нд 18 цагийн үед гэртээ ирэхэд цоожтой байсан хаалга онгорхой авдар ухсан байдалтай байсан. Хаалганы цүүг мулталсан байсан. Манай гэрт байсан 5 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг үндсэн хул аяга алдсан. Мөн сувдан бүс алга болсон байсан. Алга болсон өдөр 7 аяга гэж бодож байсан. Сүүлд нь хүүхдүүдээс асуухад 2 аягыг хөдөө авч явсан байсан. Би 2 мөнгөн аяга 1 хул аягаа хүлээн авсан. 1 шигтгээтэй хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг зузаан мөнгө орсон дунд гарын аяга 1 ширхэгийг 164000 гэсэн үнэ бичигдсэн аяга алга байна” гэх мэдүүлэг /хх-180-182/;

- Эд зүйл хураан авч үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх8-15, 111-118, 159-172/ зэрэг баримт хамаарч байна.

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн болон бусад байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, ач холбогдолтой, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 3 сарын 13-ны өдөр, 4 сарын 12, 27-ны өдөр буюу 3 удаагийн үйлдлээр, бусдын орон байр, гэрт нь цоожийг эвдлэн орох аргаар нэвтэрч эд зүйл  хулгайлан хохирогч М.Эт 34000 төгрөгийн хохирол, хохирогч Б.Дт 760000 төгрөгийн хохирол, хохирогч Т.Тд 2070000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч үзлэг хийсэн, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байх тул Т.Быг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Бын хулгайлсан эд зүйлээс дунд гарын мөнгөн аяганаас хэмжээгээр бага мөнгөн аяганаас бусад эд зүйлийг өмчлөгч нарт нь буцаан олгосон байна. Уг аягыг 180000 төгрөгөөр үнэлсэн, мөн Т.Бын эвдэлсэн цоожийг 5000 төгрөгөөр үнэлсэн байх тул Т.Баас нийт 190000 төгөрг гаргуулж, хохирогч нарт аяга, цоожны төлбөрт олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б нь 1993.10.25-наас хойш 2017.07.19-нийг хүртэл хугацаанд нийт 7-н удаа, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан нь ял шийтгэлийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын хуулбараар /хх64-90/ тогтоогдож байна.

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015.11.05-ны өдрийн 29 дугаартай захирамжаар Т.Бын эдлээгүй үлдсэн 1 жил 26 хоногийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж сулласан, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.07.19-ний өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4-н сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, Т.Бын цагдан хоригдсон 137 хоногийг баривчлах ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, сулласан байна. /хх82-90/

 Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 7 сарын 1-нээс хойш үйлдсэн үйлдэлдээ  анх удаа  шийтгүүлж байгаа, мөн 2015 оны Эрүүгийн хуульд “ялтай байдал, ялгүйд тооцох” тухай ойлголт байхгүй болсон байна. Иймд Т.Бын удаа дараа шийтгүүлсэн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд нөлөөлөхгүй.

Харин 2018 оны 3 сарын 13-наас 4 сарын 27-ны хооронд 3-н удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн /2015 оны/ 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүгдэгч Т.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Т.Быг 2018 оны 5 сарын 2-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хорьсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.

Гэмт хэрэг үйлдэх явцдаа эвдэлсэн цоож, цүү, төмөр боолтыг нэхэмжилсэн хүнгүй тул устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, гэмт хэрэг үйлдэхдээ өмсөж явсан гутлыг цаашид ашиглах боломжгүй, Т.Б өөрөө авна гэсэн тул түүнд эгүүлэн олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар

зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.7, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Шүүгдэгч Харчин овогт Төмөрбатын Т.Быг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч Харчин овогт Төмөрбатын Т.Бад Эрүүгийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Бын цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  4. Энэхүү хэргийн улмаас Т.Бын хувийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч М.Э, Б.Д нарт эд хөрөнгийг биетээр нь бүрэн буцааж өгсөн, хохирогч Т.Тд 4 ширхэг аяга, бүс, үндсэн хулыг буцааж өгсөн, хохирогч    М.Э, Б.Д нар нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Харчин овогт Төмөрбатын Т.Б 190000 /нэг зуун ерэн мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч  Т.Тд 180000 /нэг зуун наян мянган/ төгрөгийг,  хохирогч М.Э, Б.Д нарт тус бүр 5000 /таван мянган/ төгрөгийг олгосугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хэрэгт хураагдаж ирсэн 2 ширхэг гутлыг шүүгдэгч Т.Бад  эгүүлэн олгож, эвдэрхий мөнгөлөг өнгийн никель цоож, хар өнгийн цоож, цүү, түлхүүрийн хамт устгуулахаар Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.
  7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
  8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ үргэлжлүүлсүгэй.
  9. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2 ширхэг гутлыг шүүгдэгч Т.Бад буцаан олгож, 2 ширхэг цоожийг түүлхүүр, цүүний хамт Дундговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт хүлээлгэн өгч, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.    

                          

 

 

                         ДАРГАЛАГЧ                                    С.С