Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00255

 

 

 

 

 

 

 

2023 01 27 210/МА2023/00255

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02821 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** од холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 19,395,701 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагчийн өмгөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээгээр 11,500,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл 36 сарын хугацаатайгаар, сарын 2,9%-ийн хүүтэй, хувийн хэрэглээний зориулалттайгаар зээлсэн. Мөн зээлдэгч *** нь манай байгууллагатай *** дугаартай фидуцийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэгдсэн Toyota Pruis маркийн, мөнгөлөг өнгөтэй, *** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Зээлдэгч нь зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан ч зээлийн гэрээнд заасны дагуу зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зөрчсөөр өнөөдрийг хүрсэн. Фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг *** нь хүнд залилуулж алдсан гэсэн хариу өгсөн. Иймд манай байгууллагаас фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг олж хураан үнэлгээ тогтоолгох боломжгүй, хаана байгаа, чанар байдал нь ямар болсон талаар мэдэх боломжгүй байна. Зээлдэгч *** нь 2022 оны 07 сарын 26-ны өдрийн байдлаар *** дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөр 9,700,916.60 төгрөг, хүүгийн төлбөр 9,671,129.96 төгрөг, нэмэгдсэн хүү 23,654.81 төгрөг, нийт 19,395,701.37 төгрөгийг "*** " ХХК-д төлөх тооцоотой байна. "*** " ХХК нь 2018 оны 11 сарын 28-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлтийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч *** оос шаардах эрхтэй. Манай байгууллагын зүгээс зээлдэгчээс удаа дараа үүргээ гүйцэтгэхийг шаардсан боловч одоог хүртэл зээлээ төлөөгүй, энэ хугацаанд хариуцагчийн зүгээс зээл авахдаа бүрдүүлсэн материалууд хуурамч, автомашин хаана байгааг мэдэхгүй гэх зүйл ярьсан тул бид цагдаагийн байгууллагад шалгуулахаар хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоол гарсан. Хавтаст хэрэгт нийгмийн даатгалын хуулбар, баталгаажуулаагүй банкны дансны хуулга авагдсан ба хариуцагчийн гаргаж өгсөн уг дансны хуулгыг шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй. *** той зээлийн гэрээ байгуулж зээл олгосон, зээлийн төлбөрөө төлөөгүй тул зээлийн гэрээний үүргийг хуульд заасан журмын дагуу шаардаж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: *** бэлэн болон бэлэн бусаар ямар ч мөнгө аваагүй. Хэн мөнгө зээлж, автомашин авч унасныг *** ХХК сайн мэднэ. Автомашин авч буй хүмүүс *** гэх эмэгтэйгээр зуучлуулж, бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж, гарын үсгийг *** оор зуруулсан нь тогтоогдсон ба ***т эрүү үүсгэн шалгагдаж, автомашин зээлээр авсан 2 хүнийг эрэн сурвалжилсан боловч олдоогүй, *** гэдэг эмэгтэйг л олсон. Автомашин авахад бүрдүүлсэн бичиг баримтад гарын үсэг зуруулахдаа *** од архи өгч coгтоож, 100,000 төгрөг өгсөн байдаг. Тухайн үед автомашиныг зуучилсан *** ыг *** ХХК-ийн 2 ажилтантай биечлэн уулзуулсан ба автомашиныг авсан жинхэнэ эзэмшигч Соната-7 маркийн автомашин унаж явсан, зээлээр авсан автомашиныг *** унаад явснаас хойш дахин автомашиныг хараагүй, хэнтэй нь ч уулзаагүй, тааралдаагүй. Гэнэт *** ХХК-аас *** ыг дуудаж, зээлийн төлөлтийг 6 сар төлөөд дахиж төлөлт хийгдээгүй байна гэж хэлсэн. Энэ 6 сарын төлөлтийг автомашин авч унасан хүмүүс төлж байгаад хаясан байсан. Энэ талаар *** огт мэдэхгүй, мөн өөрөө төлбөр төлж байгаагүй, хэдэн төгрөгийг, хэзээ төлөхийг ч мэдэхгүй, согтуу байсан. Харин *** ХХК-ийн 2 ажилтан зээл авахад бүрдүүлсэн баримтыг үзүүлсэн, *** оор гарын үсэг зуруулахдаа бүрдүүлсэн баримтууд бүгд хуурамч байсныг нэхэмжлэгч сайн мэднэ. Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн асуудал эрүүгийн хэргээр шалгагдаж дуусаагүй, эзэн холбогдогчийг эрэн сурвалжилж байгаа тул хуулийн дагуу шийдэж өгнө үү. Автомашиныг хэн авч унаж, хэн төлөлт хийснийг олж тогтоож, хариуцах ёстой этгээдээр төлбөрийг төлүүлж, *** од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Төрөлхийн сонсголгүй хүнээр гарын үсэг зуруулаад, зээл төлүүлэх нь үндэслэлгүй, хийгдсэн хэлцэл нь хүчингүй тул хуулийн дагуу асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, *** оос 19,395,701 төгрөг гаргуулж, *** ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 254,930 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагчаас 254,930 төгрөг гаргуулж, *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.а. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Хариуцагч *** нь нэхэмжлэгч *** ХХК-тай 2018 оны 11 сарын 28-ны өдөр *** дугаартай зээлийн гэрээ хийж, 11,500,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл 36 сарын хугацаатайгаар, сарын 2,9%, жилийн 34,8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд мөн өдөр *** дугаартай үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулж, 2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус маркийн, мөнгөлөг өнгөтэй, *** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн болох нь тогтоогдсон, нэхэмжлэгч *** ХХК-тай хариуцагч *** зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулсан, *** ын *** тоот дансанд 11,442,500 төгрөгийг 2018 оны 11 сарын 28-ны өдөр шилжүүлж, зээлийн мөнгөн хөрөнгийг 36 сарын хугацаатайгаар, зээлдэгчид олгосон учир *** оос тус гэрээний үүргийг шаардах эрхтэй байна, Гэрээний үндсэн зээлээс 1,799,083,40 төгрөг, хүүнд 2,992,883,03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 533,57 төгрөг, нийлээд 4,792,500 төгрөг төлөгдсөн гэж үзэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 9,700,916.60 төгрөг, хүүгийн үлдэгдэл 9,671,129.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,654.81 төгрөг, нийт 19,395,701.37 төгрөгийг хариуцагч *** оос гаргуулж, нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэв гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч *** нь ***т хуурамч бичиг баримт бүрдүүлэн зээл авсан асуудлаар шалгагдаж, мөнгө болон автомашиныг авсан жинхэнэ эздийг эрэн сурвалжлуулахаар хайсны үр дүнд зээл авах үйл ажиллагаанд зуучилсан гэх *** ыг хайж олоод *** ХХК-ийн ажилтан болон цагдаа нартай уулзуулсан.

Үйл явдлын тухайд 2018 оны 11 сарын 28-ны өдөр *** согтуу байсан, *** нь *** ыг *** ХХК руу дагуулж очоод цаас авчирч, гарын үсэг зуруулахад *** тай хамт машины жинхэнэ эзэмшигч" гэх эмэгтэй, эрэгтэй хоёр хүн байсан. Энэ 2 хүн *** ын танил бөгөөд бичиг баримттай хүн олоод ир гээд явуулсныг нь *** өөрөө цагдаагийн байгууллагад хэлсэн. *** автомашины эзэмшигч гэх эрэгтэй, эмэгтэй хоёртой 10 дугаар хорооллын цайны газарт сууж байхад үл таних өөр нэг хүн автомашиныг авчирч өгсөн ба үүний дараа *** ын данс руу 11,442,500 төгрөгийг шилжүүлсэн. *** уг мөнгийг тэр дор нь өөр этгээд рүү шилжүүлсэн ба тухайг шилжүүлсэн данс нь *** гэх хүний *** тоот данс байсныг сүүлд мэдсэн. Автомашины эзэд урьдчилгаа 5,000,000 төгрөгийг төлсөн, мөн зээлийн төлөлтийг 6 сарын хугацаанд үргэлжлүүлэн төлөөд дахиж төлөлт хийгээгүйг сүүлд *** од хэлсэн. *** ыг ажил хөдөлмөр эрхэлдэггүй байхад ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн хуурамч тодорхойлолтыг гаргаж өгсөн нь эрүүгийн гэмт хэрэг юм. *** ХХК-аас зээл авахад хуурамч бичиг баримтуудыг *** болон машины жинхэнэ эзэмшигч *** , түүний эхнэр *** нар бүрдүүлснийг *** шалгаж тогтоосон ба зээлийн эргэн төлөлт хийж байсан баримтууд эрүүгийн хэрэгт авагдсан. Мөн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн 1097 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

4.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч тал машиныг хэн авч унаад, төлөлт хийснийг олж тогтоож, жинхэнэ эзнээр нь төлбөрийг төлүүлж өгнө үү гэж маргаж буй татгалзалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж, тухайн этгээдэд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй гэсэн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6, 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээ байгуулж, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээ болон барьцаанд байсан автомашиныг тус тусад нь шийдвэрлүүл гэж байгаа нь хуулийг ноцтой зөрчиж байна. Автомашиныг бусдад шилжүүлэхдээ хууль бус, хуурамч баримтаар хийсэн үү гэдгийг зайлшгүй тогтоох, *** , *** , *** , *** нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулах шаардлагатай гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: *** ын *** дугаартай Хаан банкны дансанд мөнгийг шилжүүлсэн тул зээл бодитоор олгогдсон. Энэ мөнгийг *** өөрийн холбоо хамааралтай *** гэх хүн рүү шилжүүлж залилуулсан гэдэг. Зээлдэгч байгууллага нь нэгэнт зээлийн гэрээ байгуулж, зээлийн үүргээ биелүүлж, мөнгийг шилжүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй. *** , *** нар Тоёота Приус маркийн автомашиныг худалдан авч, тухайн автомашиныг манай байгууллагын нэр дээр барьцаалж фидуцийн гэрээгээр шилжүүлсэн боловч уг автомашин одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.Зээлийг автомашин худалдан авах зориулалтаар авч, тухайн мөнгөөр автомашин авч залилуулсан. Зээлийн эргэн төлөлт төлөгдөхгүй байх хугацаанд *** той очиж уулзахад түүний эх ...манай хүүхэд ийм компанид ажилладаггүй, энэ материалууд чинь хуурамч байна... гэж хэлсэн тул нэхэмжлэгч талаас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Цагдаагийн байгууллага энэ баримтыг хуурамч эсэх талаар шалгаагүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хаасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 9,700,917 төгрөг, зээлийн хүү 9,671,130 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,654 төгрөг, нийт 19,395,701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...нэхэмжлэгчээс бэлэн болон бэлэн бусаар мөнгө огт аваагүй, *** гэх эмэгтэйгээр зуучлуулж бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж *** оор гарын үсэг зуруулсан, энэ тухай зээлийн эдийн засагч мэдэж байсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 29-30/

 

3.   Хэрэгт талуудын байгуулсан 2018 оны 11 сарын 28-ны өдрийн *** тоот Зээлийн гэрээ авагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч *** ХХК нь 11,500,000 төгрөгийг 30 хоногийн 2.9 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *** нь уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүүгийн хамтаар буцаан төлөх, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 12-13/

Дээрх зээлийн гэрээг талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж байгуулжээ.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

 

4.   Зээлдүүлэгч *** ХХК нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр 11,442,500 төгрөгийг зээлдэгч *** ын эзэмшлийн Хаан банк дахь *** тоот дансанд шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан Шилжүүлгийн мэдээлэл гэсэн баримтаар нотлогдож байна. /хх 16/

Нэгэнт зээлдүүлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгчид шилжүүлэн өгсөн тохиолдолд зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг өөрөө авч ашигласан эсэх нь ач холбогдолгүй бөгөөд зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 451.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээнэ.

Иймд хариуцагч талын гаргасан ...нэхэмжлэгчээс бэлэн болон бэлэн бусаар мөнгө огт аваагүй... гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

5.   Хэргийн 44-р талд авагдсан Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 07 сарын 07-ны өдрийн Хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 1097 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн *** дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаасан байна. /хх 44/

Дээрх прокурорын тогтоолоор хариуцагчийн татгалзалд дурдагдсан ...хуурамч бичиг баримт бүрдүүлж *** гэх эмэгтэй *** оор зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан... гэх үйл баримт нотлогдохгүй. Учир нь уг үйл баримтыг прокурорын байгууллага бус харин шүүх тогтоодог болно.

Түүнчлэн, *** , *** нарын хоорондын асуудал, тэдгээрийн бичиг баримт хуурамчаар бүрдүүлсэн, ямар зорилгоор зээлийн гэрээнд гарын үсэг зурсан эсэх асуудал нь нэхэмжлэгч *** ХХК-д хамааралгүй юм.

Гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн талыг буруутгах боломжгүй, гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн тал нөгөө талаас гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/02821 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 05-ны өдөр урьдчилан төлсөн 254,930 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР