| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00088/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2018-08-20 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Д.Баянмөнх |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М даргалж, шүүгч З.Т, С.С нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Иргэдийн төлөөлөгч: Д.А
Нарийн бичгийн дарга: Б.О
Улсын яллагч: Д.Б
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б
Гэрч Д.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Д, Л.Д
Шүүгдэгч: Ч.Г нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Гт холбогдох 1722000440014 тоот хэргийг 2018 оны 6 сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 4 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 1-6 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй /РД:ЗЮ73042919/ Ч.Гнь хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч Д.Н нарын мэдүүлэг, шүүгдэгч Ч.Гын мэдүүлгийг сонсч, талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн Ш.Б нь 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд цээжин тус газартаа бусдад хутгалуулж, эмнэлгийн тусламж авсан боловч нас барж, амь нас нь хохирсон болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ч.Г нь Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, 9-р байрны 6 тоотод байрлах гэртээ бусадтай архидан согтуурч, 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 21 цагийн орчимд хохирогч Ш.Б цээжин тус газарт хутгалж алсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “… Би маш цочмог уурласан. Тухайн үед талийгаач хутга руу өндийх шиг болохоор нь өрсөөд хутгыг авсан. Талийгаач өөдөөс өндийгөөд босоод ирсэн. Энэ хооронд дүрэгдээд цус гарч эхлэхэд талийгаач хутгалчихлаа гэсэн” гэх мэдүүлэг,
- Гэрч Д.Нын шүүх хуралдаанд мэдүүлсэн “…Өдөр нэг хоёрын үед Ч.Г над руу залгасан. Ч.Г хоол унд хийсэн байсан. Тэрийг идчихээд тарсан. Талийгаач Тэмүүжин зочид буудалд өрөө авсан байсан. Орой найм есийн алдад Ч.Гынд очиж нэг шил архи уусан. Талийгаач, Ч.Г хоёр маргалдсан. Маргалдсан шалтгаан нь “Надад чи халамжид байхдаа протез авч өгсөнгүй” гээд байсан. “Эхнэр, хүүхэд чинь хааччихсан юм бэ” гэсэн асуудал яригдсан. Тэгээд бас эмэгтэй хүний утас асуугаад байсан. Маргалдаж эхэлсэн. Би гараад эдний коридор нарийхан юм байна лээ. Тэгээд гутлаа өмсөж байтал талийгаач энэ чинь намайг хутгалчихлаа шүү дээ гээд хажуугаар гараад явсан. Гараад очсон. Шатны хажууд сууж байсан. Ийм болчихлоо гээд хэлэх гээд очтол Ч.Гын хаалга нь түгжээтэй байсан. Тэгээд цагдаа, түргэн дуудсан” гэх мэдүүлэг,
- Ч.Гын согтуурлыг 2018 оны 8 сарын 30-ны 21 цаг 33 минутад шалгахад 3.33 хувийн согтолттой байсан тухай магадлагаа /хх-98/
- Шүүгдэгч Ч.Гын яллагдагчаар өгсөн “Би 2017.08.30-ны өдөр гэртээ байсан юм. Тэгээд би Н гэх найз руугаа утсаар яриад тамхи захисан юм. Н манай гэрт өдөр 13 цагийн үед Б, мөн хөдөөний гэмээр 2 хүн дагуулж ирсэн юм. Манай гэрт нэг шил 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архийг хувааж ууцгаасан. Архи ууж байх үед тэр Б гэх хүн нь над руу үг хаяад намайг утсаа авсангүй, хүний утасны дугаар өгсөнгүй гээд манай гэрт намайг зуурч аваад тохойгоороо ёвроод байсан юм. Би юундаа маргалдаад байгаа юм чи бид 2 маргах шаардлага байхгүй ш дээ гэж хэлсэн юм. Тэгээд бид 2 диван орон дээр зэрэгцээд суучихсан байтал Б над руу архи цацаад миний нүд рүү 2 удаа цохиод авсан юм. Миний нүдний шил хагарсан. Тэгээд би тэрнээс болоод уурлаад ширээн дээр байсан шар бордуу өнгөтэй иштэй хутгыг аваад Баттулгын гэдэсний хавьд нь хутгалчихсан юм. Би нэг удаа л хутгалсан юм. Баттулгын гэдэс хавиас нь цус дуслаад гоожсон, Баттулгыг Н манайхаас дагуулаад гадагшаа гарсан, эмнэлэг рүү авч явсан юм. Би гэртээ ганцаараа үлдсэн. Намайг удаагүй цагдаа нар ирээд аваад явсан юм. Би Б гэх хүнийг нас барсныг нь мэдээгүй” гэх мэдүүлэг /1-р х.х 91-92/
- Гэрч Д.Төмөртогтохын “… Орой би 18 цагийн үед …охиноо авах гээд гартал Ч.Г утсаар над руу залгасан, тэгээд намайг гэрт хүрээд ир гэхээр нь би гэрт нь ганцаараа очсон юм. Тэдний гэрт Н, Дашгарав, Б гэсэн гурван хүн ирчихсэн, дундаа нэг 0,75 л Улаанбаатар нэртэй архи тавьчихсан байсан. Тэр Б гэх хүн архи уух гээд сууж байсан. Би ардаа охиноо авах ажилтай байсан болохоор дөнгөж орж уулзаад архи ч амсаагүй гарсан юм. Тухайн үед цаг 20 цаг л өнгөрч байсан байхаа. Намайг Ч.Гынд ороход тэнд байсан хүмүүс хоорондоо маргалдаагүй зүгээр л сууж байсан. Б гэх хүн жаахан согтуу гэмээр буйдан орон дээр налаад сууж байсан. Намайг ороход хоорондоо маргалдсан зодолдсон асуудал байхгүй, зүгээр л юм яриад сууж байсан. Ч.Г нилээн согтуу байсан. Намайг суу гэхээр нь би хүүхэд утсаар яриад байна гэж хэлээд л гарсан. Тэрнээс хойш би дахиж Ч.Гынд ороогүй” гэх мэдүүлэг /1-р х.х 50-52/
Шүүгдэгч Ч.Гын дээрх үйлдэл нь “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Г нь шүүхэд “Би нэлээн согтолттой болж эхэлсэн. Д.Н үлдсэн байсан. Сүүлд нь “Эхнэр, хүүхэд чинь хааччихсан юм” гэхээр нь “Манай эхнэр, хүүхэд дүүгийнхээ хүүхдийн үсний найранд яваад одоогоор эзгүй байгаа” гэж ярьсан. Өмнө нь бас манайд нэг удаа ирэхэд нь манай эхнэр эзгүй байсан. “Танай эхнэр байгаа юм уу, салчихсан юм уу” гэхээр нь “Одоогоор салсан зүйл байхгүй” гэх зүйл ярьцгааж байсан. Манай эхнэр ихэр. Өмнө нь Гурвансайхан суманд малчин байсан. Талийгаачтай таньдаг найз нөхөд байсан. Талийгаач “Танай эхнэрийг танина. Өмнө нь ихрийг нь оролдож байсан. Одоо эхнэр чинь чамаас салсан бол эхнэрийг чинь оролдоно” гээд байсан. Гэр бүлийн зураг харчихаад “Танай охин чинь бас хөөрхөн юм байна” гэсэн ярианаас болж би цочмог уурласан” гэж; яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Тэгээд бид 2 диван орон дээр зэрэгцээд суучихсан байтал Б над руу архи цацаад миний нүд рүү 2 удаа цохиод авсан юм. Миний нүдний шил хагарсан. Тэгээд би тэрнээс болоод уурлаад ширээн дээр байсан шар бордуу өнгөтэй иштэй хутгыг аваад Баттулгын гэдэсний хавьд нь хутгалчихсан юм. Би нэг удаа л хутгалсан юм. Би тухайн үед архи уусан байсан. Тухайн үед өөрийн гэсэн ухаантай л байсан юм. Б гэх хүнтэй өс хонзонгийн асуудал байхгүй. Б гэх хүн миний нүдрүү 2 удаа гараараа цохисон юм. Миний нүдний шил хагарсан. Тэгээд миний нүд өвдөөд ухаан балартсан юм” гэж тус тус мэдүүлж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчилж ял сонсгосныг хүлээн зөвшөөрөөгүй болно.
Хохирогч Ш.Б хутгалагдах үед шүүгдэгч Ч.Г, хохирогч Ш.Б нар зочны өрөөнд, гэрч Д.Н үүдний коридорт байсан гэх ба гэрч Д.Н “намайг буйдан дээр сууж байх үед аяга таваг шидээгүй, талийгаач нэг хүүхний утас асууж байсан, мөн протез авч өгөөгүй гэж байсан, бид гурав зэрэг шахам босоод би гутал өмсөж байх хооронд хоёр гуравхан секунд л болсон байх. Талийгаач намайг хутгалчихлаа шүү дээ гээд хажуугаар өнгөрч гарч явсан” гэж мэдүүллээ.
Гэрч Д.Нын мэдүүлэг нь шүүгдэгч Ч.Гын “талийгаач манай эхнэрийн ихрийг оролдсон гэж байсан. Одоо эхнэрийг чинь ч оролдоно, охин чинь ч хөөрхөн юм байна гэхээр нь цочмог уурласан. Миний охин чинь дөнгөж 18 хүрэх гэж байгаа жоохон хүүхэд” гэх мэдүүлгийг батлахгүй байна.
Мөн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 10 сарын 24-ний өдрийн 929 дугаартай: “Ч.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна” гэх дүгнэлтээр /1-р х.х183-185/ Ч.Гын дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна.
Санаа сэтгэл гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ бусдыг санаатай алах гэмт хэргийн сэдэлт нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй шууд холбоотой байдаг бөгөөд тийм үед сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг бүрэн удирдаж, өөртөө хяналт тавих чадваргүй болдгоороо хүнийг санаатай алах гэмт хэргээс ялгагдана. Гэмт хэрэг үйлдэгдэх үед тийм нөхцөл байдал үүсээгүй болох нь гэрч Д.Нын шинэчлэн өгсөн мэдүүлэг, сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлт/1-р х.х-183-185/, шүүгдэгчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг /1-р х.х-91-92/ зэргээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “Ч.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд зааснаар өөрчлөн зүйлчлэх тухай” хүсэлт, иргэдийн төлөөлөгчийн “санаатай алсан гэж үзэхгүй” гэх дүгнэлтийг хүлээн авахгүй байхаар тогтлоо.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Б оршуулгын зардал, хохирогч Ш.Б тэтгэврийн зээлийг төлүүлэх тухай иргэний нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...-д хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ч.Г нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч Ш.Б хууль ёсны төлөөлөгч гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалтай холбогдон гарсан нийт 4992000 төгрөгийн төлбөрийн баримтыг 1-р хавтаст хэргийн 141-145 дугаар талд хавсаргасан байна. Эдгээр баримт нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй / огноогүй, балархай, тамга тэмдэггүй г.м/ баримтууд байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ш.Б болон талийгаач Ш.Б ар гэрээс гаргасан өргөдөлд “санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /1-р х.х-173/, хэргийн материалтай танилцаад “санал хүсэлт, алга” гэсэн /1-р х.х-165/ ба шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Ч.Гаас оршуулгын зардалд 4200000 төгрөг хүлээлгэж өгсөн. Ажил явдлын үеэр энэнээс их зардал гаргасан боловч нэмж нэхэмжлэхгүй” гэсэн тайлбар гаргасан тул шүүгдэгч Ч.Гыг оршуулгатай холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөнд тооцлоо.
Хэргийн 130 дугаар талд хавсаргасан тэтгэврийн зээлийн гэрээг судалж үзэхэд хохирогч Ш.Б нь 2017 оны 8 сарын 7-ны өдөр Төрийн банкнаас өмнөх зээлийн үлдэгдэл 4166517.6 төгрөг дээр нэмж 151700 төгрөг зээлж, нийт 4318217 төгрөгийг 24 сарын хугацаатайгаар жилийн 18 хувийн хүүтэйгээр зээлдэн авсан гэрээ байна Тухайн зээлийн гэрээний үндсэн зээлдэгч нь Ш.Б, хамтран зээлдэгч нь Б.Энхжаргал гэжээ. Хохирогч Ш.Б нь “Травм ампутация обеих кисть 7 пальци” оношоор хөдөлмөрийн чадвар алдалт 69 хувиар, хугацаагүй тогтоолгосон, тахир дутуугийн тэтгэвэр авдаг байсан нь түүний тэтгэврийн дэвтэр, амбулаторийн карт, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тогтооогдож байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхэд “Зээлийн гэрээний дагуу хамтран зээлдэгч нь манай бэр байсан тул банк төл гэсэн шаардлага тавьсан, Ч.Г нь 2017 оны 10 сараас хойш сар тутам 216000 төгрөг төлж байгаа” гэж тайлбарласан болно.
Дээрх гэрээ нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой буюу хохирогч Ш.Б тахир дутуугийн тэтгэврийг барьцаалан байгуулагдсан гэрээ бөгөөд үүрэг гүйцэтгэгч нь нас барсан тохиолдолд Иргэний хуулийн 240 дүгээр зүйлд зааснаар үүрэг дуусгавар болох ёстой. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарласнаар тухайн үүрэг дуусгавар болоогүй, өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэсэн нь ойлгомжгүй байна. Мөн дээрх зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасан “хохирогч нас барснаас учирсан гэм хорын нөхөн төлбөр”-т хамаарахгүй байна.
Иймд дээрх гэрээний төлбөрийг нэхэмжилж байгаа үндэслэл нь тодорхойгүй, баримт хангалтгүй байх тул холбогдох нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Г нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан эд хөрөнгийн хохирлыг өөрийн санаачилгаар, сайн дураараа нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эдгээр нөхцөл байдал болон Ч.Гын эрүүл мэнд, хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Ч.Гын санаатай үйлдлийн улмаас 41 настай Ш.Б амь нас хохирсон нь үнэн бодитой, илэрхий үйл баримт бөгөөд хүний амь нас хохирсноос үүдэн гарсан хор уршиг нь хэзээ ч сэргээгдэхгүй буюу нөхөн арилшгүй зүйл тул Ч.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн “шар өнгийн эрээн гэмээр иштэй, ишний бариул хэрэгт 2 ширхэг кноптой, 16 см урттай, ажлын хэсэг нь 9.5 см ба тухайн хутган дээр үзүүр хэсгээс 4.5 см цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ажлын хэсгийн төмөр дээр “HONG LI” гэсэн бичигтэй гадна тал нь хир болсон” хутгыг энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгуулагад шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Г нь 2017 оны 8 сарын 31-ний өдрөөс эхлэн 9 сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон хугацааг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцно.
Энэхүү шүүх хуралдаанаас шүүгдэгч Ч.Гт хорих ял биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ Г.М
ШҮҮГЧИД З.Т
С.С