Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/00256

 

 

 

 

 

 

 

2023 01 27 210/МА2023/00256

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03441 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч *** ХХК-д холбогдох, 7 ширхэг орон сууцны үнэ 509,935,200 төгрөг, бетон зуурмагийн үнэ 2,814,800 төгрөг, алданги 256,375,000 төгрөг, нийт 769,125,000 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагчийн өмгөөлөгч *** , гуравдагч этгээд *** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , гуравдагч этгээд *** ХХК-ийн төлөөлөгч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай компани *** ХХК-тай 2020 оны 09 сарын 04-ний өдөр *** дугаартай арилжааны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу *** тоот хаягт байршилтай 144 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагчийн өмчлөлд буюу хариуцагчийн заасан гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээсний дагуу 2020 оны 09 сарын 07-ны өдөр *** ХХК санал болгосны дагуу иргэн *** той үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн хамт шилжүүлэн өгсөн. Тус гэрээгээр *** ХХК нь дээр дурдсан эд хөрөнгийн оронд Хан-Уул дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *** *** м.кв талбайтай орон сууцуудыг 1 м.кв-ыг 1,790,000 төгрөгөөр тооцон нийт 509,935,200 төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4-р улиралд ашиглалтад оруулж, 2021 оны 1-р улиралд нэхэмжлэгчийн өмчлөлд буюу нэхэмжлэгчийн заасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлэх өгөх үүргийг хүлээсэн. *** ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцуудыг хүлээлгэн өгөөгүй, гэрээгээ зөрчсөн тул гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг 2021 оны 11 сарын 18-ны өдөр албан бичгээр хүргүүлсэн. Манай компанийн зүгээс *** ХХК-аас гэрээний дагуу шилжүүлэн авах 7 ширхэг орон сууцыг гуравдагч этгээдүүдэд бараа бүтээгдэхүүний төлбөрт тооцон шилжүүлж, худалдан борлуулсан. Гэтэл *** ХХК нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр арилжааны гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн. Манай компанийн зүгээс гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн гэрээний 1.7-д заасны дагуу манай компанийн зүгээс 5,935,200 төгрөгийн зөрүү төлбөрт тооцон бетон зуурмаг нийлүүлэх ёстойгоос 8,750,000 төгрөгийн бетон зуурмаг нийлүүлж, 2,814,800 төгрөгийн бетон зуурмаг илүү нийлүүлсэн байна. Иймд орон сууцны үнэ 509,935,200 төгрөг, бетон зуурмагийн үнэ 2,814,800 төгрөг, алданги 256,375,000, нийт 769,125,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Манай компани *** ХХК-тай 2020 оны 09 сарын 04-ний өдөр 20/85 тоот арилжааны гэрээ байгуулж, уг гэрээний дагуу *** тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрээний төлбөрт тооцон арилжихаар харилцан тохиролцсон. Үүний дагуу бид үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд болох *** ХХК-ийн захирал *** гийн өмчлөлд шилжүүлэх санал гаргаснаар 2020 оны 09 сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж тус өдрөө эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн байдаг. Нэхэмжлэлд дурдсанаар *** ХХК нь гэрээнд заагдсан 7 ширхэг орон сууцыг гуравдагч этгээдүүдэд бараа бүтээгдэхүүний төлбөрт тооцон шилжүүлэх, худалдан борлуулах хэлцлийг хийсэн байна. Манай компани 2020 оны 10 сарын 21-ний өдөр, 2021 оны 08 сарын 03-ны өдөр, 2021 оны 08 сарын 12-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг *** ХХК-ийн хүсэлтийн дагуу нэр бүхий хоёр иргэнтэй байгуулсан. Манай компани арилжааны гэрээний зүйл болох үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлын доголдолтой гэж үзэж арилжааны гэрэг цуцалсан, энэ тухай мэдэгдлийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр хүргүүлсэн. *** ХХК-ийн захирал *** нь 2021 оны 11 сарын 11-ний өдөр ирүүлсэн албан шаардлагадаа тус үл хөдлөх эд хөрөнгийг 504,000,000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэн авахаас татгалзсан бөгөөд бидний хооронд байгуулсан гэрээний дагуу манай компани тус үнийн дүнгээр эд хөрөнгийг хариуцлага хүлээх нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Манай компани *** ХХК-тай байгуулсан гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг биет байдлын доголдолтой гэж үзэн арилжааны гэрээг цуцалсан бөгөөд үүнтэй холбогдуулан орон сууц захиалгын гурван ширхэг гэрээг мөн адил цуцалсанд тооцож энэ тухай албан мэдэгдлийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр хүргүүлж байсан. *** ХХК-ийн шилжүүлсэн дээрх эд хөрөнгө нь гэрээнд заасан 144 м.кв талбайн хэмжээнд хүрэхгүй /132.14 м.кв талбайтай/, гэрчилгээнд заасны дагуу үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй, СӨХ-тэй талбайн хэмжээний талаар маргаантай, нийтийн эзэмшлийн аваарын шат, нийтийн эзэмшлийн 00 өрөө, ААН-дийн цахилгааны щитийг хаасан, цахилгааны нэгдсэн монтаж байхгүй, агааржуулалтын систем байхгүй, дэд бүтэц байхгүй /телефон утас, интернэт, кабелийн оролтын суваг/, холбоо дохиоллын систем байхгүй зэрэг биет байдлын доголдолтой байсан. Иймд гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авахыг *** ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Манай компани уг үл хөдлөх эд хөрөнгийг *** ХХК-тай 2019 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 08 сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. Улмаар гэрээний дагуу 2020 оны 09 сарын 07-ны өдөр иргэн *** д шилжүүлэн өгсөн. *** ХХК нь 2020 онд арилжааны гэрээ байгуулахдаа манай компанид өгөх ёстой орон сууцны 1 м.кв-ыг 1,790,000 төгрөгөөр тохирсон байсан. Гэтэл 2021 он гарснаар орон сууцны үнэ өссөнтэй холбоотойгоор гэрээнд заасан үнээр орон сууцуудыг манай компанид өгөхгүй гэсэн санаа зорилгоор сөрөг нэхэмжлэл гарган бизнесийн ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. *** ХХК нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар гомдлын шаардлага гаргах эрхгүй байна. *** ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авснаас хойш 1 жил гаруй хугацааны дараа арилжааны гэрээг цуцлах талаар гэнэт мэдэгдсэн нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна. Иймд *** ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.   Гуравдагч этгээд *** ХХК тайлбартаа: Манай компани *** ХХК-тай 2019 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан *** тоот бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 08 сарын 30-ны өдөр уг байрыг бартерт тооцон шилжүүлэн өгсөн. Тухайн үед уг байрыг доголдолтой гэдгийг мэдээгүй бөгөөд *** ХХК нь *** ХХК-ийг 09 сард шүүхэд өгч, м.кв-ын зөрүү төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн. Бид 2022 оны 10 сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 сарын 24-ний өдрийн 02366 дугаар захирамжаар 44,510,000 төгрөгийн хэмжээнд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болсон ба уг эвлэрлийг гэрээ хэрэгт авагдсан гэжээ.

 

6.   Гуравдагч этгээд *** ХХК тайлбартаа: Манай компани *** ХХК-тай 2020 оны 09 сарын 07-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 504,000,000 төгрөгийн төлбөрт *** тоот хагт байршилтай 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг *** ХХК-ийн үүсгэн байгуулагч БНСУ-ын иргэн *** оос үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан. Гэтэл гуравдагч этгээд *** СӨХ-ны зүгээс 2021 оны 11 сарын 25-ны өдөр *** ХХК-аас шилжүүлж авсан үл хөдлөх хөрөнгөтэй холбоотойгоор танай компани 3 давхрын нийтийн эзэмшлийн талбайг хаасан, 00-ийн өрөө, аваарын гарц, байгууллагуудын цахилгааны щит, залгаж салгадаг цахилгаан үүсгүүрийг хаасан байна гэсэн гомдол гаргасан. Үүний улмаас манай компани *** ХХК-д шаардлага хүргүүлж 504,000,000 төгрөгийн төлбөрийг буцаах болсон тухайгаа мэдэгдэж шаардлага хүргүүлсэн. *** ХХК нь *** ХХК-аас эд хөрөнгийн эрхийн болон, эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэнтэй холбогдуулан арилжааны гэрээний дагуу шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг *** ХХК дэмжиж байна. Бид уг үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн үзэмжээр ашиглах, эзэмших боломжгүй нөхцөл байдал үүссэнээс санхүүгийн хувьд алдагдалд орсон гэжээ.

 

7.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205 дугаар зүйлийн 205.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** ХХК-д холбогдуулан 769,125,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, *** ХХК болон *** ХХК нарын хооронд 2020 оны 09 сарын 04-ний өдөр *** дугаар арилжааны гэрээгээр шилжүүлсэн *** тоот хаягт байршилтай, 144 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч *** ХХК-д буцаан шилжүүлэн өгөхийг *** ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,155,180 төгрөгийг, хариуцагч *** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,677,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

8.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

8.а. Талуудын 2020 оны 09 сарын 04-ний өдөр 20/85г дугаартай арилжааны гэрээ байгуулж, нэхэмжлэгч талаас өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 09 сарын 07-ны өдөр хариуцагчийн саналын дагуу гуравдагч этгээд *** гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгсөн. Арилжааны гэрээний 1.5-д хариуцагч нь ...заасан хөрөнгийг 2020 оны 4-р улиралд бүрэн ашиглалтад оруулж, 2021 оны 1-р улиралд багтаан нэхэмжлэгч талын өмчлөлд буюу нэхэмжлэгч талын заасан гуравдагч этгээдийн нэр дээр шилжүүлэн өгнө... гэж тохирсон. Хариуцагч гэрээнд заасан хугацаанд орон сууцуудыг хүлээлгэн өгөөгүй гэрээгээ зөрчсөн тул гэрээний үүргийг биелүүлэх тухай албан шаардлагыг 2021 оны 11 сарын 18-ны өдөр 21/352 тоот албан бичгээр хүргүүлсэн. Гэтэл *** ХХК нь 2021 оны 11 сарын 29-ний өдөр 21/76 дугаартай арилжааны гэрээг цуцлах тухай мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд гэрээ цуцлагдсантай холбогдуулан дээр дурдсан орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож байгаагаа мэдэгдсэн.

8.б. Манай компанийн зүгээс *** ХХК-аас гэрээний дагуу шилжүүлэн авах 7 ширхэг орон сууцыг гуравдагч этгээдүүдэд бараа бүтээгдэхүүний төлбөрт тооцон шилжүүлэх, худалдан борлуулсан бөгөөд манай компаниас явуулсан хүсэлтийн дагуу 2020 оны 10 сарын 21-ний өдрийн *** тоот, 2021 оны 08 сарын 03-ны өдрийн *** тоот, 2021 оны 08 сарын 12-ны өдрийн *** тоот орон сууц захиалгын гэрээг гуравдагч этгээдүүдтэй байгуулж, бусдын төлбөрийг барагдуулсан тул гуравдагч этгээдүүдийн зүгээс гэрээ цуцалсантай холбоотой төлбөр нэхэмжлэх асуудлууд үүссэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2, 274.3, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцсэн, мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд болох арилжааны гэрээ, талуудын хооронд явуулсан албан бичгүүдийг хуульд заасны дагуу үнэлээгүй.

8.в. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Талуудын хооронд үүсэн маргааны хувьд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй боловч мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг 2020 оны 09 сарын 07-ны өдөр шилжүүлэн авснаас хойш 2021 оны 11 сарын 29-ний өдрийн албан бичгээр гэрээ цуцлах талаар анх мэдэгдсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй. Мөн Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагч нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдах талаар хуульчилсан бөгөөд 255.1.1-д заасан тохиолдолд гомдлын шаардлага гаргах эрхгүй байна.

Улсын Дээд шүүхийн 2016 оны 09 сарын 05-ны өдрийн 03 тоот зөвлөмжийн 1-д ...орон сууцны талбайн хэмжээг тодорхой тусгасан байх нь хүлээн авах үедээ хэмжилт хийлгэх замаар доголдлыг мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алдана. Орон сууцны талбайг баримжаагаар биш хэмжих бололцоотой тул... талбайн хэмжээг эд хөрөнгө хүлээн авах үед мэдэх боломжтой гэж дурдсан байдаг. Мөн зөвлөмжийн 2-т ...гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах үндэслэлийг хуулиар шууд зохицуулсан байх тул Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан зарчмын үүднээс талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах талаар гэрээгээр тохиролцож болох боловч энэ тохиролцоо нь хуулийн зохицуулалтад нийцсэн байх ёстой... гэжээ. Гэрээ байгуулах үед нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн өгөх боломжтой байсан тул гэрээнээс татгалзах, болон цуцлах үндэслэлийг зааж оруулаагүй юм. Харин орон сууц худалдах, худалдан авах гэрээний маргаанд орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байх тохиолдол элбэг байгаа тул талуудын хооронд байгуулсан арилжааны гэрээгээр м.кв зөрүүтэй байдлыг доголдолтой гэж үзэхгүй байхаар тохирсон бөгөөд гэрээний 2.3, 3.3-т тус тус тохирсныг талбайн хэмжээ дутуу байх нь эд хөрөнгийн доголдол гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр дээр дурдсан Иргэний хуулийн зохицуулалт болон гэрээгээр тохирсон талуудын гэрээний чөлөөт байдлыг ноцтойгоор зөрчсөн, мөн гэрээний зүйл заалтад үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна.

8.г. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4 дэх хэсэгт зааснаас үзэхэд талбайн хэмжээ зөрүүтэй, бага байх нь эд хөрөнгийн доголдолтой гэж үзэхгүй, хэрэв зөрүүтэй тохиолдолд нөгөө талдаа мөнгөн хэлбэрээр төлөхөөр гэрээгээр тохирсон нь дээр дурдсан Иргэний хууль тогтоомжид нийцсэн байх тул сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

9.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. *** ХХК нь доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул гэрээгээ зохих ёсоор биелүүлээгүй, гэрээнд заасан чанарын шаардлага хангасан хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Учир нь гуравдагч этгээд *** ХХК-аас биет байдлын болон эрхийн зөрчилтэй хөрөнгө шилжүүлсэн талаар мэдмэгц нэн даруй манай компанид мэдэгдэж эрхээ хэрэгжүүлсэн бөгөөд буцаах хүсэлт, саналыг манай компанид илэрхийлсэн байдаг. Ийнхүү доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, дуусгавар болгохоо манай компани 2021 оны 11 сарын 29-ний өдрийн албан бичгээр мэдэгдэж, хүсэл зоригоо илэрхийлсэн. Ийнхүү гэрээг хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-ийн дагуу цуцалж, дуусгавар болгосон бол Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний дагуу хүлээсэн үүргүүд дуусгавар болж, талууд өгсөн авснаа буцаах солилцооны үүргийн харилцаа үүснэ. Тиймээс хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу өгсөн авснаа буцаах үүрэгтэй байна. Иймд гэрээг цуцлах, татгалзсанаар арилжааны гэрээ буюу худалдах, худалдан авах гэрээний үүргийн харилцаа дуусгавар болох тул уг үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрхүүд мөн дуусгавар болсон учраас *** ХХК-аас гэрээний дагуу 7 орон сууцны төлбөрийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн, *** ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг *** ХХК-тай 2019 оны 04 сарын 13-ны өдөр байгуулсан Бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээний дагуу 2019 оны 08 сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан байх бөгөөд манай компанид буюу бидний санал болгосон гуравдагч этгээд *** ХХК-д 2020 оны 09 сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Энэ хугацаанд уг үл хөдлөх хөрөнгийн доголдлын талаар мэдээгүй байх боломжгүй бөгөөд доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гомдлын шаардлага гаргах хугацааны тухайд нэхэмжлэгч *** ХХК нь үл хөдлөх хөрөнгийг тухайн үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал буюу доголдлыг нуун дарагдуулсан гэж үзэж байгаа тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар доголдлын талаар мэдэх боломжтой байсан хугацаа хамаарахгүй юм. Мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн тайлбарлаж буй Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1, 254 дүгээр зүйлийн 254.6 дахь заалт хамааралгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар *** ХХК нь шилжүүлж авсан өмчлөлийн үйлчилгээний оффисыг ашиглахаар хана буюу тусгаарлалт барьснаар тухайн зориулалтаар ашиглагдах боломжгүйг мэдэж манай компанид нэн даруй мэдэгдсэн ба манайхаас *** ХХК-д гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухайгаа мэдэгдсэнээс үзвэл эрх зөрчигдсөн тухай буюу доголдлыг мэдсэн үеэс гомдлын шаардлага гаргах хугацаа тоологдон, үүний дараагаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна. *** ХХК нь тухайн үл хөдлөх хөрөнгийг 2020 оны 09 сарын 07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж шилжүүлж авсан бөгөөд өөрийн эзэмшил, өмчлөлийн хэсэг болгохоор нийтийн эзэмшлийн талбайгаас тусгаарлалт, ханыг тухайн үед эдийн засгийн нөхцөл байдлаас, Ковид-19 цар тахлын улмаас тухайн барилгад тусгаарлалт хана хийх боломжгүй байсан тул энэ нөхцөл байдал нь гэнэтийн давагдашгүй хүчин зүйлд болон хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна. Мөн дээр дурдсан үндэслэлээр орон сууцны төлбөрт нэхэмжилсэн алдангийг төлөх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчээс бетон зуурмагийн үнэ 2,814,800 төгрөг дээр алданги нэмж нэхэмжилсэн байх бөгөөд манай компанид бетон зуурмаг нийлүүлээгүй, нийлүүлсэн талаар ямар ч баримт нотолгоо байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

10.   Гуравдагч этгээд *** ХХК-ийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна гэжээ.

 

11.   Гуравдагч этгээд *** ХХК-аас шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч *** ХХК-д холбогдуулан гэрээний дагуу шилжүүлэн авах ёстой 7 ширхэг орон сууцны үнэ 509,935,200 төгрөг, бетон зуурмагийн үнэ 2,814,800 төгрөг, алданги 256,375,000 төгрөг, нийт 769,125,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч *** ХХК дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, арилжааны гэрээний дагуу шилжүүлэн өгсөн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө буцаан авахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *** ХХК нь нэхэмжлэгч талын тайлбарыг, харин *** ХХК нь хариуцагч талын тайлбарыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

3.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

3.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийнхээ удиртгал хэсэгт ...гэрээний үүрэгт шилжүүлэн өгсөн орон сууцны үнэ 512,750,000 төгрөг ... нийт 770,663,250 төгрөг гаргуулах тухай... гэж, үндэслэх хэсгийн 2-т ...шилжүүлэн өгсөн хөрөнгийн үнийг ... шаардаж байна гэж тус тус томьёолжээ. Гэтэл нэхэмжлэгч *** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт ...гэрээний дагуу авах ёстой 7 ширхэг орон сууцны үнэ болох 509,935,000 төгрөг ... нийт 769,125,000 төгрөгийг гаргуулах гэж тодорхойлсон нь шүүхийн томьёолсноос зөрүүтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал, тодорхойлох, үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, эсхүл гэрээний дагуу авах ёстой 7 ширхэг орон сууцны үнэ-ийн алийг нь шаардаж байгаа нь ойлгомжгүй байдлаар тусгагджээ.

3.б. Нэхэмжлэгч *** ХХК нь нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа ...*** ХХК-аас ирүүлсэн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэж тайлбарлан, маргасан байна.

Нэхэмжлэгч нь *** ХХК-тай байгуулсан арилжааны гэрээг цуцлаагүй, эсхүл гэрээнээс татгалзаагүй тохиолдолд чухам ямар үндэслэлээр гэрээний дагуу авах ёстой 7 ширхэг орон сууцны үнэ 509,395,000 төгрөгийг гаргуулах-аар шаардаж байгааг тодруулах нь зүйтэй. Учир нь, нэхэмжлэгч *** ХХК нь арилжааны гэрээний дагуу авах ёстой 7 ширхэг орон сууцны үнэ 509,395,000 төгрөг, эсхүл эдгээр 7 ширхэг орон сууц /биет байдлаар/-ын аль нэгийг нь шаардах боломжтой.

3.в. Хариуцагч *** ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг буцаан авахыг даалгах гэж тодорхойлжээ.

Гэтэл анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг *** ХХК-д шилжүүлэн өгөхийг *** ХХК-д даалгаж буюу сөрөг нэхэмжлэл гаргасан талд өөрт нь даалгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

3.г. Хариуцагч нь ...гэрээг цуцалж байгаа тухай мэдэгдлийг 2021 оны 11 сарын 29-ний өдөр албан бичгээр *** ХХК-д мэдэгдсэн... гэж тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ дурдсан атлаа сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа ...гэрээнээс татгалзаж, ... гэж тодорхойлсон нь зөрүүтэй байна.

Түүнчлэн, гэрээнээс татгалзаж, ... гэсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага мөн эсэх, эсхүл сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл эсэхийг тодорхой болгох шаардлагатай.

 

4.   Талуудын хооронд 2020 оны 09 сарын 04-ний өдөр байгуулагдсан Арилжааны гэрээ-ний зүйл болох *** орон сууцыг *** ХХК-д тус тус *** ХХК арилжсан, худалдсан тухай гэрээнүүд хэрэгт авагдсан байна.

Энэ тохиолдолд *** ХХК болон *** ХХК нарын хооронд 2020 оны 09 сарын 04-ний өдөр байгуулагдсан Арилжааны гэрээ-тэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэж гарах шүүхийн шийдвэр дээр дурдсан иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөх эсэхийг шүүхээс тодруулах шаардлагатай.

5.   Хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээгээр Арилжааны гэрээ-ний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь иргэн *** гийн өмчлөлд бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

Хэдийгээр *** ХХК, захирал *** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцон тайлбар гарган мэтгэлцсэн байх боловч Иргэний хуулийн гуравдугаар бүлэгт заасан иргэн, дөрөвдүгээр бүлэгт заасан хуулийн этгээд нь эрх зүйн хувьд өөр өөр ойлголт юм.

 

6.   Дээрх нөхцөл байдлуудыг тодруулж, мэтгэлцүүлэхгүйгээр зохигчдын хооронд үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 21-ний өдрийн 183/ШШ2022/03441 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *** ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 12 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 4,155,180 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР