Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 70

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ

Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн С.Э холбогдох 1822001270056 тоот хэргийг 2018 оны 7 сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1985.01.20-нд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, зоотехникч мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Зоогийн 8-12 тоотод оршин суудаг, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, /РД:З31/ Зуут овогт С.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

            Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1/ Холбогдсон хэргийн талаар:

 

Прокурорын 2018 оны 6 сарын 29-ний өдрийн 68 дугаартай яллах дүгнэлтэд “Яллагдагч С.Э нь 2018 оны 4 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 16 дугаар гудамжны 2 тоотод Ц.Б шилбэн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасугай” гэжээ. /хх-94-95/

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараахь баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Хохирогч Ц.Б: 2018 оны 4 дүгээр сарын 10 өдөр би найз С.Эмгээгийн гэрт 10 цагийн үед очиж уулзсан юм. Гэрт нь Банжига /Батжаргал/ С.Э нар дэлгүүрээс 2 шил Онги архи авсан. Тэрийг бид гурав хувааж уугаад Ш.Батжаргал тасраад унтаад өгсөн. Бид хоёр гар утсаа тавьж байгаад мөрийтэй хөзөр тоглосон. Тэгээд би хожигдоод би өнөөдөртөө өгч чадахгүй нь маргааш өгье гэж хэлсэн. Тэгтэл С.Э мөрий унжлаа гээд шүд рүү цохисон. Миний хиймэл шүд хугараад унаад өгсөн. Би цохиулчихаад 00 ороод сууж байсан чинь хутга барьж ирээд баруун хөлний доод талын булчин хэсэгт 2 удаа хутгалчихаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-14-15/

- Гэрч Ш.Батжаргалын : 2018 оны 4 дүгээр сарын 10 өдөр би С.Э Боржигоны 16-2 тоотод байх гэрт нь хамт хоносон. Гэрт 1 шил архи байсан. Гаднаас Ц.Базарваань, Бат-Очир орж ирээд 3 шил архи уусан. Ц.Базарваань гэрт бид хоёртой хамт үлдсэн. Би сэрээд хоол хийх гээд бэлдэж байсан чинь Ц.Базарваань унтаж байгаад гэнэт босч ирээд бандиудыг ална гээд хэлсэн. Бид хоёр Ц.Базарваанийг тоогоогүй тэгж л байдаг юм гэсэн. Тэгтэл Ц.Базарваань дээр байсан бурхан тахил унагаасан чинь С.Э уурлаад байсан. Ц.Базарваань гадагшаа гарсан чинь араас нь С.Э гараад явсан. Удалгүй С.Э буцаад ороод ирсэн. Тэгээд бид хоёр унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-18-19/

- Гэрч Б.Отгонбаярын: 2018 оны 04 дүгээр сарын 10 өдөр гэртээ байж байсан чинь 8062**** гэх өөрийнхөө утсаар хүнд хутгалуулчихсан, ирж ав гэж хэлсэн. Би машинтайгаа зүүн цагаан дэлгүүрийн довжоон дээр ганцаараа сууж байсан. Баруун талын шилбэ хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан. Тэгээд нэгдсэн эмнэлэг рүү шууд хүргэж анхан шатны тусламж авсан. С.Э гэх хүнд хутгалуулсан талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-21/

- Согтуурал шалгасан магадлагаанд: 2018 оны 4 сарын 10-ны 14 цагт С.Э 3.43 хувь, Ш.Батжаргал 3.32 хувийн согтолттой гэжээ /хх-32/

- Яаралтай тусламжийн хуудсанд: 2018.04.10-ны өдөр 13 цаг 40 минут. Баруун шилбэний дотор талд булчин дээр 2 газар хатгагдсан шархтай. Цус урсан гарна. Ds: Баруун шилбэний зөөлөн эдийн ил шарх гэжээ. /хх-36-37/

- Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн өвчний түүхэнд “Баруун шилбэний хатгагдсан шарх” оношоор 4 хоног хэвтэж эмчлүүлсэн гэжээ. /хх-40-44/

-Шинжээчийн 2018.04.16-ны өдрийн 180200143 тоот дүгнэлтэд: Хэсэг газрын үзлэгт: Баруун шилбэний дотор дунд хэсэгт босоо байрлалтай 3,5 см-т 4 оёдол, 4,5 см-т 5 оёдол тавьсан шархтай. Шархны хажууд 0,5х0,3 см улаан хүрэн өнгийн тав тогтсон зураасан зулгаралттай. Дүгнэлт: Ц.Базарваанийн биед баруун шилбэнд хатгагдсан шарх, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрхи гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэжээ /хх-23/

- Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлсэн төлбөр 312000 төгрөг гэсэн баримт зэрэг хамаарч байна.

 

Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

Шүүгдэгч С.Энь 2018 оны 4 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны 16-2 тоотод бусадтай архидан согтуурч, улмаар иргэн Ц.Базарваанийн шилбэн тус газар нь хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн өөрийнх нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн “.. би айлгах санаатай мах хэрчиж байсан хутгаараа Ц.Базарваанийг “00”-д сууж байхад нь хөл рүү нь 2 удаа хатгасан” гэх мэдүүлэг болон хохирогч Ц.Базарваанийн мэдүүлэг /хх-14-15/, шүүх эмнэлгийн шинжээчийн 180200143 тоот дүгнэлт /хх-23/, яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /36-37, 40-44/ зэрэг баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгч С.Энь “нүүрэн тус газарт нь цохиогүй, хиймэл шүдийг нь хугалаагүй” гэж мэдүүлсэн нь хохирогчийн “…С.Эмөрий унжлаа гээд шүд рүү цохисон. Миний хиймэл шүд хугараад унаад өгсөн” гэх мэдүүлгээр няцаагдаж байгаа болно.

Шүүгдэгч С.Энь “мөрий унжлаа” гэж  үл ялиг зүйлээр шалтаглан Ц.Базарваанийг хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бурэн агуулсан нь шүүхийн хэлэлцүүлгээр судалсан баримтаар тогтоогдож байх тул С.Эмгээг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

2/ Хохирол, төлбөрийн талаар:

Хохирогч Ц.Базарваанийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн 180200143 тоот дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр /хх-14-15/ тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч С.Эхариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ц.Базарваань шаардах эрхтэй байна.

Хэргээс үзэхэд хохирогч Ц.Базарваань нь “хэвтэн эмчлүүлсэн-312000 төгрөг, эмнэлгийн төлбөрийн хураамж– 60600 төгрөг, хиймэл шүдний үнэ-30000 төгрөг, нийт 402600 төгрөг нэхэмжилж байна” гэжээ. /хх-81/ Хохирогчид учирсан эд хөрөнгийн хохирол нь төлбөрт үйлчилгээний 000655 тоот тасалбар /хх-35/, төлбөрийн баримт /хх-45/, үнэлгээчний 2018.06.05-ны өдрийн 65 дугаартай дүгнэлт /хх-30/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.Энь “8 сарын дундуур ажил хийж байгаад хохирлыг нөхөн төлнө” гэсэн нь баримтаар тогтоогдохгүй, С.Энь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул хохирогчид шууд учирсан хохирол болох 402600 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.  

 

3/ Шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Шүүгдэгч С.Эөмнө нь 2 удаа ял шийтгүүлж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар /хх -51-76/ тогтоогдож байна. Үүнд:

  1. Дундговь аймгийн Сум дундын шүүхийн 2003.07.01-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар;
  2. Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2010.03.09-ний өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор  Өршөөл үзүүлэх тухай /2006 оны/ 6.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үйлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж биечлэн эдэлж байжээ.

Шүүгдэгч С.Энь 2011.09.19-нд суллагдаж гараад Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан “хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй тохиолдолд ялгүй болно” гэж заасны дагуу ялгүй болох хугацаа тоологдож байгаад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгох” байдлаар өршөөлд хамрагджээ. Иймд шүүгдэгч С.Энь ялгүй болох хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй, ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг нь өршөөн хэрэгсэхгүй болгосон тул С.Энь ялгүй болсон байна.

Дээрх өршөөлийг үзүүлэхэд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10.5-д зааснаар шүүхээс ямар нэг шийдвэр гаргах шаардлагагүй байна. Харин мөн заалтад “ялтны хувийн хэрэг, ял шийтгэлийн тухай тэмдэглэл /бүртгэл/-д өршөөл үзүүлсэн тухай зохих тэмдэглэгээг хийнэ” гэсэн тул энэхүү шийтгэх тогтоолын хувийг ЦЕГ-ын Мэдээлэл судалгааны төвд хүргүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгч С.Энь “надад торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан боловч эрхэлсэн тодорхой ажилгүй, торгох ялыг биелүүлэх бодит боломжтой эсэх нь баримтаар тогтоогдохгүй байна. Мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг “эгчээрээ цалингийн зээл авахуулж төлнө” гэж байгаа нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж байна.

Шүүгдэгч С.Энь хутга хэрэглэн бусдын эрүүл мэндийг хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох ба эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч С.Энь ялгүй болсон, нийтэд аюултай арга буюу зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг нь харгалзан улсын яллагчийн санал болгосончлон  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж шийтгэл эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутга нь шүүгдэгч С.Эмгээгийн эхийн ахуйн хэрэглээний хутга байх ба уг хутгыг нэхэмжлээгүй тул устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

     1. Шүүгдэгч Зуут овогт Содномын Эмгээг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Зуут овогт Содномын Эмгээд 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

     3. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг шүүгдэгч С.Э анхааруулсугай.

     4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Эмгээгээс 402600 /дөрвөн зуун хоёр мянга зургаан/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Цэндсүрэнгийн Базарвааньд олгосугай. 

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.

      6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Э урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт хутгыг  Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт, шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, төлбөрт бичигдсэн гүйцэтгэх хуудсыг шийтгэх тогтоолын хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд тус тус хүргүүлж, баримтыг С.Э холбогдох эрүүгийн 1822001270056 тоот хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.

    

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.СЭРЖМЯДАГ