| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2018/00056/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2018-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: А.Мягмардорж
Улсын яллагч: Т.Төмөртулга
Шүүгдэгч:Б.Хнарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Х холбогдох 1822001740074 тоот хэргийг 2018 оны 6 сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Өндөршил суманд 1972.05.01-нд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа барилгын туслах ажилчин хийдэг гэх, ам бүл-1, Дундговь аймгийн Өндөршил сум 1-р баг, одоо Сайнцагаан сумын 9-р баг Мандалын 11-14 тоотод оршин суудаг гэх, 3 удаагийн ял шийтгэлтэй, /РД:ЗЙ72050110/ Халх овогт Б.Хнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримт болон шүүгдэгчийн мэдүүлгийг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Хнь 2018 оны 5 сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 23 цагийн орчимд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин” зочид буудалд иргэн Ц.Отгонбаатарыг хутгалж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Ц.Отгонбаатарын: Би 2018.05.13-ны өдөр “Ариунболор” ХХК-ныхаа хашааны хогийг цэвэрлэж дуусаад байж байтал надтай хамт ажилладаг байсан Б.Хгэх залуу надтай ирж уулзаад танд пиво авч өгье гээд Б.Хөөрөө дэлгүүр ороод 20 цагийн үед 2 том савтай пиво авчирсан. Тэгээд бид 2 пиво ууж суухдаа ажил төрөл, амьдралаа ярьж байгаад би Б.Х хандаж Мандал гэр хороололд өөрийнхөө эзэмшил газар дээр блокоор хашаа барина, Н.Батдэлгэр дарга надад цалингийнхаа оронд блок өгнө гэсэн гэж хэлсэн. Тэгэхэд Б.Хнадад хандаж, чиний цалинг өгөхгүй байж чамд юун блок өгдөг юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Х уурлаад тэгвэл би даргатай очиж уулзана гэж хэлээд гэрээс нь гараад Тэмүүжин зочид буудалд очоод буудлыг 5 номерын өрөөнд ороод байж байтал Б.Хараас явган хүрч ирээд миний байсан өрөөнд ирээд намайг барьж байсан хутгаараа зүүн дал, цээж болон баруун гар хэсэгт хутгалсан. Миний биед гэмтэл учруулахад бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-12-13/
- Гэрч Г.Дэлгэржаргалын “...2018.05.13-ны өдөр ажлаа хийж байтал 22 цагийн үед манай ажилчин Ц.Отгонбаатар ах нэлээд халамцуу орж ирээд буудлын 5 номерын өрөөнд орсон. Тэгээд удалгүй 20-30 минутын дараа манайд ажилладаг байсан Б.Хгэх хүн араас нь мөн архи уусан бололтой халамцуу орж ирээд Ц.Отгонбаатарыг асуухад нь Ц.Отгонбаатарын орсон өрөөг зааж өгсөн. Тэгээд би цэвэрлэгээ хийж байгаад нэг харахад цохих шиг л болсон. Тэгтэл Ц.Отгонбаатарын цээж, ар нуруу хэсэгт нь хутгалчихсан байсан. Тэгээд би цагдаа, түргэн дуудсан” гэх мэдүүлэг /хх-18/
- Гэрч Н.Батдэлгэрийн “ 2018.05.13-ны орой 23 цаг өнгөрч байхад манай үйлчлүүлэгч Г.Дэлгэржаргал манайд орж ирээд Ц.Отгонбаатар ахыг хүн хутгалчихлаа гэсээр орж ирсэн. Тэгээд би доод давхартаа байх 5 номерын өрөөнд ороход орны даавуу нил цус болсон. Манай ажилчин Ц.Отгонбаатарыг манай ажилчин Б.Хнуруу, цээж, гар гээд хэд хэдэн газар хутгалсан байсан” гэх мэдүүлэг /хх-19/
- Шинжээчийн 2018.05.14-ний өдрийн 180200176 тоот дүгнэлтэд: Ц.Отгонбаатарын биед хэвлий, тохой, нуруунд хатгагдаж зүсэгдсэн шарх, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн тус бүрдээ нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-22/
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-6/
- Өвчний түүх /хх-27-33/
Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн тул шүүх нотлох баримтаар үнэлж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.
Шүүгдэгч Б.Хнь 2018 оны 5 сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэмүүжин” зочид буудалд иргэн Ц.Отгонбаатарыг хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь шүүгдэгчийн өөрийнх нь хэргээ хүлээн мэдүүлсэн “2018.05.13-ны өдрийн 16 цагийн үед би өрөөндөө нэг 0.33 литрийн архи уучихаад, найз Ц.Отгонбаатарыг ажлаас нь буухаар 2 том пиво уусан. Захирал Н.Батдэлгэр Ц.Отгонбаатарт Мандал хороололд газар өгнө гэсэн зүйл ярьсан. Тэгээд бид хоёр газраас болж маргаан хийсэн. Манай хүн захирлыг өмөөрөөд маргаан үүсгэсэн. Захирал машин, мотоцикль өгөөд буцаагаад авчихдаг болохоор наад газрыг чинь өгөхгүй байх гэж хэлсэн. Тэгээд маргалдаж байгаад гэрээс гарсан. Би гэрээс гарахдаа хутга аваад гарсан. Бид хоёр маргалдаж явж байгаад манай найз түрүүлээд Тэмүүжин буудлын 5 номерын өрөөнд орсон байсан. Би араас нь бие засчихаад 5 номерт ороод найзыгаа хутгалж хөнгөн гэмтэл учруулсан. Тэгэхэд 23 цаг болж байсан” гэх мэдүүлэг болон хохирогч Ц.Отгонбаатарын мэдүүлэг /хх-12-13/, шүүх эмнэлгийн шинжээчийн 180200176 тоот дүгнэлт /хх-22/ зэрэг баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Хнь танхайн сэдэлтээр буюу үл ялиг зүйлээр шалтаглан хүнийг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мөндөд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурьдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Хатанбаатарын “... Ц.Отгонбаатар миний нүүр лүү хэд хэд цохьчихоод гарахаар нь уур хүрээд араас нь очиж хутгалсан” гэж мэдүүлж байгаа нь нотлогдохгүй байгаа болно.
2/ Хохирол, төлбөрийн талаар:
Хохирогч Ц.Отгонбаатарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн 180200176 тоот дүгнэлт, хохирогчийн мэдүүлгээр /хх-12-13/ тогтоогдож байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар өөрийн санаатай үйлдлийн улмаас бусдад учирсан гэм хорыг шүүгдэгч Б.Ххариуцан арилгах үүрэгтэй, өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг хохирогч Ц.Отгонбаатар шаардах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохирогч Ц.Отгонбаатар нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэргийн материалтай танилцаад “гомдол санал байхгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн, хохирогчийн эмчилгээний зардал 312500 төгрөгийг Н.Батдэлгэр гэгч хүн төлж барагдуулсан баримт авагджээ. /хх-71, 61/
Иймд хохирогч, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэл, баримт гаргаагүйн улмаас шүүхээс ямар нэгэн дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүй тул хохирогч Ц.Отгонбаатар нь энэ гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлж өөрийн харъяа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт заах байдлаар шийдвэрлэлээ.
3/ Шүүгдэгчийн хувийн байдал, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Б.Хөмнө нь 3 удаа ял шийтгүүлж байсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, ял шалгах хуудсаар /хх -49-54/ тогтоогдож байна. Үүнд:
Шүүх шүүгдэгч Б.Хатанбаатарын өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа хэрэг 2017 оны 7 сарын 1-нээс хойш үйлдэгдсэн байдал, мөн 2017 оны 7 сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд /2015 оны/ “ялтай байдал” гэсэн ухагдахуун, ойлголт байхгүй болсон, мөн Эрүүгийн хуулийн /2015 оны/ 1.9 дүгээр зүйлийн 2-т “”…гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” зарчим, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэх заалтыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзлээ.
Тодруулбал: Шүүх шүүгдэгч Б.Хсанаатай хүнд гэмт хэрэгт нэг удаа, санаатай хөнгөн гэмт хэрэгт 2 удаа шийтгүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд зааснаар ялтайд тооцогдож байсныг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсонгүй.
Харин шүүгдэгч Б.Хнь 2017 оны 10 сарын 23-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлээд засарч хүмүүжээгүй, удаа дараа хүйтэн зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг үйлдэж байгаа байдал, прокуророос санал болгосон торгох ялыг биелүүлэх боломжтой эсэхийг нотлох баримтгүй, тогтмол орлогогүй, гэмт хэрэг үйлдэж бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорыг нөхөн төлж арилгаагүй зэрэг байдлыг нь харгалзан прокурорын санал болгосон торгох ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг хүн нэхэмжлээгүй тул устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Халх овогт Баатарын Хатанбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Халх овогт Баатарын Хатанбаатарт 280 /хоёр зуун наян/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих журамтайг шүүгдэгч Б.Х анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Хнь цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогчийн эмчилгээний зардалд 312500 төгрөг төлөгдсөн, хохирогч гомдолгүй гэсэн, иргэний нэхэмжлэл гаргаагүй, гэмт хэрэг үйлдсэн хутгыг нэхэмжилсэн хүнгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан хохирогч Ц.Отгонбаатар нь эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Хатанбаатарын харъяа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг заасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн хутгыг устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт /дарга А.Лхагвасүрэн/ шилжүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудсыг шийтгэх тогтоолын хамт Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд, хутгыг Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт тус тус хүргүүлж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Н.Бат-Эрдэнэд даалгасугай.
8. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ